Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2021/01331

 

 

 

 

 

 

 

 

 

2021 11 03 001/ХТ2021/01331

 

 

 

Ноён Адмирал ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2021/00910 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 811 дүгээр магадлалтай,

 

*******-ийн нэхэмжлэлтэй

*******-д холбогдох

 

16,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч *******гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь 2021.02.05-ны өдөр шүүхэд хандаж, *******-аас 16,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа 6,000,000 төгрөгийн зээл авсан, эрүүл мэндийн шалтгаанаар мөнгийг хүүтэй нь буцаан төлж чадаагүй, зээлийн гэрээний үүргийг хангуулах баталгаа болгосон автомашиныг бусдад худалдсан байна. Уг автомашин 33,000,000 төгрөгийн үнэтэй тул зээлийн үүргийг хасч, үнийн зөрүүд 16,000,000 төгрөг гаргуулна уу гэсэн байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч ...зээлийн төлбөрт фидуцийн гэрээний зүйл болох автомашиныг бодитойгоор шилжүүлэн авч зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгосон тул үнийн зөрүү төлөх эрх зүйн үндэслэлгүй, автомашиныг зээлийн гүйцэтгэвэл зохих төлбөрийн хэмжээнд дүйцүүлэн худалдсан гэж маргажээ.

 

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2021/00910 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх заалтыг баримтлан хариуцагч *******-аас 16.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 237,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо ...талуудын хооронд барьцаалан зээлдэх журмаар зээл олгох зээлийн гэрээний харилцаа, мөн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээ байгуулагдсан, ..зээлийн гэрээний хугацаа дуусахад ******* нь зээлээ төлөөгүй учир ******* автомашиныг 2019 оны 11 дүгээр сард хураан авч,... үндсэн зээл, зээлийн хүү, алдангийг тооцож, бодитой гаргуулан авснаар фидуцийн гэрээ дуусгавар болж үүргийн гүйцэтгэл хангагдсан,... гэсэн дүгнэлт хийсэн байна.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 811 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2021/00910 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч *******-аас 16,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ноён Адмирал ХХК-д олгосугай гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 237,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 237,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ноён Адмирал ХХК-д олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа ...анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, төлбөр төлөөгүй талаар зөв дүгнэсэн, харин үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэх /фидуци/ гэрээний талаар хийсэн дүгнэлт хууль зөрчсөн. Барьцаалан зээлдүүлэх газар хөдлөх эд хөрөнгө барьцаалах эрхтэй байтал өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус. Автомашиныг бусдад худалдсан тул үнийг гаргуулах ба зээлийн үүрэгт нэхэмжлэгчийн төлөх 13,320,000 төгрөг суутгаж 33,000,000 төгрөгөөр автомашин худалдан авсан тухай баримтыг баримтыг үндэслэж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 16,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгч ******* хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.3-т тус тус заасны дагуу энэхүү гомдлыг дараах үндэслэлээр хяналтын журмаар гаргаж байна. Үүнд:

4.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийн тухайд:

а/ ...Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан 2018.08.15-ны өдрийн Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээг хүчин төгөлдөр байгуулагдсан гэж дүгнэсэн тул Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно гэж заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан.

Давж заалдах шатны шүүх Иргэниий хуулийн 235 дугаар зүйлээр зохицуулсан фидуцийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хэмээн дүгнэсэн.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсгийг баримтлан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шиидвэрлэсэн боловч давж заалдах шатны шүүх хариуцагч компанийг Иргэний хуульд заасан фидуцийн гэрээг байгуулах эрхгүй хэмээн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Улсын Дээд шүүхийн 2018.12.28-ны өдрийн 02 дугаар зөвлөмжид нийцээгүй ба магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Учир нь Улсын Дээд шүүхийн 2018.12.28-ны өдрийн 02 дугаар Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулсан зарим үндэслэлийн талаар зөвлөмжид гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний эрх үүргээ хэрэгжүүлсэн эсэх талаар зохигчид маргаж байгаа эсэхийг тодруулах нь гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх урьдчилсан нөхцөлийн нэг юм хэмээн дурдсан байдаг.

Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь 2018.08.15-ны өдөр байгуулагдсан Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

Харин ч тус гэрээг хүчин төгөлдөр гэрээ хэмээн дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу тээврийн хэрэгслийг худалдан борлуулсны зөрүү төлбөрт 16,000,000 төгрөг тохиролцсон эсэх талаар маргаж, мэтгэлцсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хүрээнээс хальж, талуудын маргаагүй үйл баримтад дүгнэлт хийх замаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон.

б/ Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээ нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудын нэг төрөл юм. Өөрөөр хэлбэл, зохигчид зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хуульд заасан аргаас мөн зүйлийн 6 дахь хэсэгт заасан аргыг сонгож, мөн хуулийн 235.1-д заасны дагуу фидуцийн гэрээг байгуулсан ба Иргэний хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцүүлэн гэрээ байгуулсан. Нөгөөтэйгүүр давж заалдах шатны шүүх хариуцагчийг Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4-т заасны дагуу барьцааны зүйлийг өмчлөх эрхгүй хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4-т Энэ хуулийн 84.3-т зааснаас бусад эд юмс хөдлөх эд хөрөнгөд хамаарна гэж заасны дагуу 51-00 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь хөдлөх эд хөрөнгөд хамаарах ба эзэмшигчийн бүртгэл нь эд хөрөнгийн эрхэд хамаарах тул Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасны дагуу фидуцийн гэрээг байгуулах хууль зүйн үндэслэлтэй юм. Хариуцагчийн зүгээс зээлийн гэрээний хугацаанд тээврийн хэрэгслийг өмчлөх буюу ямар нэгэн байдлаар захиран зарцуулаагүй ба зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөнөөс хойш 540 хоногийн дараа зээлдэгчид мэдэгдсэний үндсэн дээр, түүний зөвшөөрлөөр тухайн тээврийн хэрэгслийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулсан.

4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлийн тухайд:

а/ *******-ийн нэхэмжлэлтэй хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх ёстой атал давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хэргийг бүхэлд нь хянах үүргээ эс биелүүлсэн. Учир нь тус маргааны нэхэмжлэгч нь ******* буюу хуулийн этгээд атал шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлд хуулийн этгээдийн тамга дарагдаагүй бөгөөд нэхэмжлэгч ******* гэх хуулийн этгээдийн хүсэл зоригийн илэрхийллийг баталгаажуулах хуулийн этгээдийн тамга нэхэмжлэлд дарагдаагүй атал шүүх хэргийг хянан хэлэлцсэнээрээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн зөрчилд тооцогдох юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэл нь бүрдүүлбэрийн шаардлага хангаагүй бөгөөд нэхэмжлэлийг ******* гаргасан гэж үзэж, 16,000,000 төгрөгийг тус компанид олгох хууль зүйн үндэслэлгүй.

б/ Мөн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаас хальж буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж маргааныг шийдвэрлэсний улмаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1, 6.4, 26.4-т тус тус заасан хариуцагч байгууллагын эрх ноцтой зөрчигдсөн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс харилцан тохиролцсон гэх үндэслэлээр 16,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд хандаж гаргасан болохоос биш Иргэний хуулийн 56.1.1-д заасны дагуу гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, Иргэний хуулийн 492.1.1, 56.5-д заасныг үндэслэн 16,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд хандаж гаргаагүй тул харилцан тохиролцсон гэх шаардлагын хүрээнд тайлбар болон холбогдох баримтуудыг гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хүрээнд нэхэмжлэгчийн зээл, хүүгийн тооцоолол, фидуцийн зүйлийг худалдан борлуулсантай холбоотой баримтуудыг хариуцагчийн зүгээс шүүхэд гаргаж өгөөгүй болно. Учир нь нотлох баримт нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад хамааралтай байх ёстой. Хэрэв нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 492.1.1-д заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан, эсхүл давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж нэхэмжлэлийн үндэслэл, Шаардлагыг дураараа тогтоохыг нь мэдсэн бол хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн зээл, хүүгийн тооцоолол, фидуцийн зүйлийг худалдан борлуулсантай холбоотой баримтуудыг хариуцагчийн зүгээс шүүхэд гаргаж өгөх бүрэн боломжтой байсан. Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөний улмаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа /цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэх/ нь..., эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана, 6 дугаар зүйлийн 6.4-т Зохигч ...нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно, 26 дугаар зүйлийн 26.4-т Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрх эдэлнэ гэж заасан эрхүүд зөрчигдсөн бөгөөд уг зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлж, 16,000,000 төгрөгийн төлбөр төлөх үр дагаварт хүргээд байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан. Гэвч давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 492.1.1-д заасныг үндэслэн хариуцагчаас 16,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн ба нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжүүлсэн шийдвэр гаргасан. Тухайлбал, хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх тохиолдолд хариуцагч нь фидуцийн гэрээний зүйлийг 14,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмжээ нь уг үнийн дүнгээр тодорхойлогдох учиртай. Өөрөөр хэлбэл хариуцагчийн олж авсан зүйл нь 14,000,000 төгрөг юм. Гэвч давж заалдах шатны шүүх зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн хариуцагчийг 33,000,000 төгрөгийн хөрөнгө олж авсан мэтээр тайлбарлаж, шүүх тухайн хэрэгт хөндлөнгийн байх зарчмыг зөрчсөн. Учир нь тээврийн хэрэгслийг ХХАГ байгуулагдсан байдаг боловч дээрх төлбөрийг нэхэмжлэгчийн зүгээс гуравдагч этгээдэд төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй ба нотлогддоггүй тул тухайн тээврийн хэрэгслийн үнэлгээг 33,000,000 төгрөгөөр тогтоох боломжгүй. Хариуцагч нь фидуцийн гэрээнд заасан 51-00 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 14,000,000 төгрөгөөр худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулсан бөгөөд хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэх тохиолдолд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмжээг баримтын хүрээнд тогтоох ёстой. Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1, 235 дугаар зүйл, 286 дугаар зүйлийн 286.1, 286.4-т тус тус заасан зохицуулалт нь 2002 оноос эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн зохицуулалтууд юм. ******* болон барьцаалан зээлдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бусад хуулийн этгээдүүдийн хувьд дээрх зохицуулалтуудын хүрээнд 2002 оноос хойш фидуцийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж ирсэн бөгөөд шүүхийн зүгээс фидуцийн гэрээг хүчин төгөлдөр хэмээн дүгнэж ирсэн. Гэвч 2002 онд батлагдаж хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн дээрх зохицуулалтуудад нэмэлт, өөрчлөлт ороогүй, хүчингүй болоогүй байхад давж заалдах шатны шүүх гэнэтхэн барьцаалан зээлдүүлэх газар нь Иргэний хуулийн 286.1, 286.4-т зааснаар мөн хуулийн 231.1, 235.1-д заасан фидуцийн гэрээ байгуулах эрхгүй хэмээн дүгнэж, шүүх эрх мэдлийг бус хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлж, Үндсэн хууль зөрчөөд байна. Нөгөөтэйгүүр одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Иргэний хуульд заасны дагуу барьцаалан зээлдүүлэх газар нь фидуцийн гэрээ байгуулах эрхгүй байсан бол өмнө нь шүүх ямар үндэслэлээр барьцаалан зээлдүүлэх газрыг фидуцийн гэрээ байгуулах эрхтэй хэмээн дүгнэж маргааныг шийдвэрлэж байсан бэ. Шүүхийн зүгээс практик тогтоох зорилгоор иргэд, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих эрхгүй бөгөөд зөвхөн УИХ-аас хууль батлагдсан хүчин төгөлдөр хуулийн хүрээнд маргааныг шййдвэрлэх учиртай. Хэрэв шүүхийн практик тогтоох тохиолдолд зөвхөн Улсын Дээд шүүх хууль тайлбарласан тогтоол гаргах бүрэн эрхтэй бөгөөд энэ эрхийн хүрээнд хуулийг хэрхэн нэг мөр ойлгох талаар тайлбар гаргах учиртай юм. Гэтэл Улсын Дээд шүүхээс Иргэний хуулийн дээрх зохицуулалтыг тайлбарласан албан ёсны тогтоол, зөвлөмж хараахан гараагүй атал 2002 оноос эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй дээрх зохицуулалтуудыг шат шатны шүүх өөрийн үзэмжээр тайлбарлан хэрэглэж байх ба үүний улмаас зээлдэгч болон барьцаалан зээлдүүлэх газрын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж эхлээд байна. Мөн дээрх хуулийн зохицуулалтыг хэрхэн тайлбарлан хэрэглэхээс шалтгаалан *******-аас иргэдтэй байгуулсан олон мянган фидуцийн гэрээг хэрхэн шийдвэрлэх, гэрээний талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн хамгаалах нь ойлгомжгүй болж үлдээд байх ба Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэж заасан үндсэн эрх зөрчигдөж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 173 дугаар зүйлийн 173.5-д заасны дагуу энэхүү гомдлыг хяналтын журмаар хэлэлцүүлж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Дээрх байдлаар хариуцагчийн төлөөлөгч ******* гомдолдоо анхан болон давж заалдах шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэсэн байх ба хяналтын шатны шүүх гомдлоос ...анхан болон давж заалдах шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэж шийдвэрлэсэн гэсэн үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт хамаарч байна гэж үзэж 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 001/ШХТ2021/00430 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн болно.

ХЯНАВАЛ:

 

1. Хариуцагчийн төлөөлөгч *******гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ...зээлийн үүргийг хангуулахаар автомашиныг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн, эрүүл мэндийн шалтгаанаар зээлээ төлж чадаагүйгээс бусдад худалдаж зөрүү мөнгөө авахыг хүсч энэ талаар хүсэлт гаргасан, гэтэл хариуцагч ...үнийн зөрүү өгөхгүй байгаа тул гаргуулах гэж тодорхойлсноос үзвэл хариуцагчийн автомашиныг бодитоор шилжүүлэн авснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдсан гэж үзнэ, энэ тохиолдолд зөрүү мөнгө өгөх тухай эрх зүйн ойлголт байхгүй гэсэнд маргасан байна. Талуудын хооронд үүссэн маргаан нь тэдний хооронд байгуулагдсан гэрээнээс үүдэлтэй байх бөгөөд шүүх эдгээр гэрээний талаар зайлшгүй дүгнэлт хийх шаардлагатай болно.

 

3. Хэргийн баримтаас үзвэл, нэхэмжлэгч ******* болон хариуцагч *******-ийн хооронд 2018.08.15-ны өдөр 6,000,000 төгрөгийг, 30 хоногт 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлэхээр тохиролцсон болон зээлийн үүргийг хангуулахаар нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэлтэй Форд Экспедишн маркийн 51-00 УНЧ улсын дугаартай автомашиныг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээ тус тус бичгийн хэлбэрээр байгуулагдсан, автомашины улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан талаар зохигч маргаагүй байна.

 

4. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан ...зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө...шилжүүлэх, зээлдэгч нь тохирсон хугацаанд мөнгийг буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн зээлийн гэрээ, мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх буюу үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч нь үндсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээсэн фидуцийн гэрээ байгуулагдсан талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

5. Гэрээ байгуулагдсан боловч тухайн гэрээ агуулга болон хэлбэрийн хувьд хуульд заасан шаардлагыг хангасан эсэх буюу гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргасан эсэхээс үл хамаарч шүүх дүгнэлт хийнэ.

 

Гэрээ хүчин төгөлдөр бол талууд гэрээний үүргийн гүйцэтгэлийг харилцан шаардах эрхтэй бөгөөд зээлийн гэрээний тухайд уг гэрээг хүчин төгөлдөр, улмаар хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******-аас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж шүүх үзсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

а/Хариуцагч нь зээлийн үйл ажиллагааг тогтмол эрхэлдэг хуулийн этгээд буюу барьцаалан зээлдүүлэх газар болохыг талууд маргаагүй ба зээлийн үйл ажиллагаа эрхлэх аливаа аж ахуйн нэгж нь хуульд зааснаар эрх бүхий этгээдийн зөвшөөрөлтэйгээр тухайн үйл ажиллагааг явуулдаг байна.

 

Харин барьцаалан зээлдүүлэх газар нь тухайн үйл ажиллагаа явуулахдаа хаанаас, хэрхэн зөвшөөрөл авахыг хуульд тусгайлан заагаагүй, гагцхүү Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017.10.19-ны өдрийн 35 дугаар тогтоолоор баталж, 2018.01.01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөж байгаа барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ MNS 5274:2017 Монгол улсын стандартад энэхүү төрлийн үйл ажиллагаа эрхлэхдээ тухайн орон нутгийн эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авахыг зохицуулжээ.

 

*******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд зээлийн үйл ажиллагаа явуулах чиглэлээр гэж бүртгэгдсэн, компанийн эрх зүйн байдлын талаар нэхэмжлэгч маргаагүй байх тул хариуцагчийг зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.

 

б/ Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх бусад, тухайлбал, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-56.1.10-т заасан үндэслэл тогтоогдоогүй, талуудын хэн аль нь гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар Иргэний хуулийн 58, 59 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шаардлага гаргаж маргаагүй тул гэрээ хүчин төгөлдөр байна.

 

5.2 Зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг шилжүүлэх үүргээ ******* биелүүлсэн, зээлийн хүү болон үндсэн зээлийн төлбөрийг сар тутамд хэсэгчлэн төлөх үүргээ ******* биелүүлээгүй үүрэг зөрчигдсөн үйл баримтын талаар шүүх шийдвэр, магадлалдаа тодорхой дүгнэлт хийжээ.

 

6. Зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хоёр шатны шүүх өөр өөр дүгнэлт өгсөн, тухайлбал анхан шатны шүүх гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх хүчин төгөлдөр бус гэсэн байна.

 

Анхан шатны шүүх эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхдээ зээл олгож буй *******-ийн эрх зүйн байдал, эрхлэх үйл ажиллагааны хүрээний талаар анхаарч дүгнэлт өгөөгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Харин давж заалдах шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

6.1 а/ Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжуудад үндэслэн зээлийн үйл ажиллагааны буюу зээлдүүлэгчийн эрх зүйн байдлыг авч үзвэл Иргэний хуульд зээлийн харилцааг хоёр төрөл хэсэгт хувааж, Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс хэрэгжүүлж байгаа зээлийн харилцааг ажил гүйцэтгэх туслалцаа үзүүлэхтэй холбогдсон гэрээний үүрэгт, бусад зээлийн харилцааг /барьцаалан зээлдүүлэх газраас олгож байгаа зээл хамаарна/ бусдын өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үүрэгт тус тус хамааруулж зохицуулсан ба эдгээр нь эрх зүйн зохицуулалтаараа ялгаатай болно.

 

Түүнчлэн зээлийн үйл ажиллагааг тогтмол эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл авах, түүнийг эргүүлэн төлөхтэй холбогдсон харилцааг Иргэний хууль болон тухайн эрх бүхий этгээдийн эрх зүйн байдалтай холбоотой өөр өөрийн нарийвчилсан хуулиар зохицуулдаг.

 

Барьцаалан зээлдүүлэх газрын эрх зүйн байдал болон зээл олгох, буцаан төлүүлэх, үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагааг зохицуулах илүү нарийвчилсан хууль байхгүй учир тухайн төрлийн зээлийн харилцааг зохицуулах хэм хэмжээ нь Иргэний хууль байна.

 

б/ Түүнчлэн Иргэний хууль, бусад нарийвчилсан хуулиудаас үзэхэд зээлийн гэрээний талууд зээлийг буцаан төлөх нөхцөлийг хүүтэй болон хүүгүй, тодорхой хугацаатай болон хугацаагүй, гэрээний зүйл нь мөнгө эсхүл төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байхаар, мөн зээл нь зориулалттай, баталгаатай байх зэрэг зээлийн харилцааны үндсэн зарчмуудыг тусгаж өгчээ.

 

6.2 Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох харилцааны талаар Иргэний хуулийн 286 дугаар зүйлд зааснаас үзвэл тус газар нь зээл олгохдоо зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчийн хөдлөх эд хөрөнгийг барьцаалах, зээлдэгч нь зээлсэн мөнгө, түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулдаг зээлийн гэрээний онцлог төрөл байна.

 

Дээр дурдсанаар барьцаалан зээлдүүлэх газар нь бусад зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс тухайлбал банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос олгох зээлээс ялгаатай зөвхөн хөдлөх эд хөрөнгөөр барьцаалагдсан зээл олгох үйл ажиллагаа, тодруулбал, барьцаалан зээлдүүлэх газрын үүргийн гүйцэтгэлийг хангуулах аргыг хөдлөх эд хөрөнгийн барьцаа гэж тухайлан зохицуулжээ.

 

Мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах арга, журмыг Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш 10 хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно гэж зааснаас үзэхэд барьцааны зүйлээр зээлийн төлбөрийг хангуулахдаа дуудлага худалдааны хамгийн хялбар нөхцөл, аргыг сонгож хуульчилсан байна.

 

6.3 Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1-д үүргийн гүйцэтгэлийг хангах аргад анз, ...барьцаа, ...эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ болон хуульд заасан бусад арга байж болохыг заажээ.

 

а/ Иргэний хуулийн 153 дугаар зүйлд зааснаар барьцаа нь үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхийг тодорхойлж буй үүргийн гүйцэтгэлийг хангах арга юм.

 

Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана. Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчид зохих төлбөр хийснээр барьцаалагчийн шаардлагыг хангасан гэж үзэж барьцааны гэрээ дуусгавар болдог.

 

б/ Харин Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ нь үүрэг хүлээгч нь хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч нь үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно.

 

6.4 Дээр дурдсанаар барьцаа болон фидуцийн гэрээний эрх зүйн зохицуулалт нь өөр өөрийн онцлог, үр дагавартай байна.

 

6.5 Нэхэмжлэгч ******* нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй гэрээний хугацаа 2019.08.10-ны өдрөөр дуусгавар болсон байх бөгөөд хариуцагч ******* нь автомашиныг 2019 оны 11 дүгээр сард эзэмшилдээ авсан нь тогтоогджээ.

 

******* нь зээлийн үйл ажиллагааг тогтмол эрхэлдэг аж ахуйн нэгжийн хувьд хууль болон стандартаар тогтоосон журмыг дагаж мөрдөх үүрэгтэй ба зээлийн үүргийг хангуулахаар хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулж болохыг, улмаар төлбөр төлөгдөөгүй бол барьцааны зүйлийг худалдан борлуулж эхлэх хугацаа, аргыг түүнчлэн үнийн зөрүү гарвал мөнгийг өгөх боломжийг хуулиар тодорхой зохицуулсан атал өөр буюу хөдлөх эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлэх /фидуци/ аргыг хэрэглэж, улмаар төлбөр төлөгдөөгүй үүрэг зөрчигдсөнөөр гэрээний зүйл буюу автомашиныг бодитой шилжүүлж авч зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлвэл, эрх зүйн өөр өөр үр дагавартай үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга буюу хөдлөх эд хөрөнгийн барьцаа болон хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авах /фидуци/ аль ч аргыг барьцаалан зээлдүүлэх газар хэрэглэж болно гэж хууль тогтоогчийн үзэл баримтлалаас өөрөөр хуулийг дэлгэрүүлж тайлбарлах нь зүйд нийцэхгүй.

 

Иймд талуудын хооронд фидуцийн гэрээ байгуулагдсан, улмаар автомашиныг гэрээний дагуу бодитоор шилжүүлэн авснаар зээлийн болон фидуцийн гэрээний үүрэг дуусгавар болсон, нэхэмжлэгч маргах эрхгүй гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж үзэв.

 

7. Хариуцагч талаас, автомашиныг хураан авсны дараа хожим нь 2020.11.05-ны өдөр Г.Батжаргалд 14,000,000 төгрөгөөр худалдсан тухай баримтыг хэрэгт гаргаж, зээлийн гэрээгээр хүлээсэн нийт үүргийн хэмжээ нь автомашиныг худалдсан үнэтэй дүйцсэн гэх агуулгатай тайлбар гаргасан байна.

 

Талууд зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах аргыг хөдлөх эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэж гэрээ байгуулсан боловч хариуцагч ******* нь зээлийн үүргийг хангуулахаар гэрээний зүйл болсон автомашиныг бодитоор шилжүүлж авахгүйгээр, бусдад худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн бол түүнийг буруутгах нь өрөөсгөл болно.

 

Харин хэргийн баримтаар хариуцагч нь автомашиныг 2020.11.05-ны өдөр Г.Батжаргалд худалдахдаа нэхэмжлэгчид мэдэгдсэн, улмаар тухайн худалдсан үнэ нь автомашины бодит үнэд нийцсэн гэх үндэслэл нотлогдоогүй байна.

 

Барьцаалан зээлдэх газар барьцааны зүйлийг комиссын болон дуудлага худалдаагаар худалдан борлуулахад баримталдаг нэг нөхцөлд барьцаалуулагч барьцааны зүйлийг худалдахын өмнө түүний үнэлгээг шинжээчээр тогтоолгохыг шаардаж болохыг Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.5, 159 дүгээр зүйлийн 159.2-т заасан, нэхэмжлэгч нь авсан зээл, уг зээлийн дагуу гүйцэтгэвэл зохих нийт үүрэг нь автомашины үнэтэй илтэд зөрүүтэй гэж маргаж байгаа тохиолдолд хариуцагч нь үнэлүүлэх ажиллагааг хийх ёстой байна. Дээрх үндэслэлээр хариуцагчийг автомашиныг барьцааны журмаар худалдсан гэж үзэх, уг худалдааны орлогоос нэхэмжлэгчид төлөх зөрүү гаргаагүй гэж дүгнэх үндэслэлгүй юм.

 

8. Эдгээрээс дүгнэхэд нэхэмжлэгч нь хариуцагчаас эд хөрөнгөө буюу автомашинаа буцаан гаргуулахаар шаардах эрхтэй бөгөөд гагцхүү автомашин нь бусдад худалдагдсан тул үнийг гаргуулах нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцнэ. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгчийн автомашины үнийг 33,000,000 төгрөг гэж үзсэнийг буруутгах боломжгүй. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих үндсэн зээл 6,000,000 төгрөг, зээлийн хүү 2,880,000 төгрөг, алданги 4,440,000 төгрөг, нийт 13,320,000 төгрөгийг автомаины үнээс хасч тооцохыг зөвшөөрсөн, түүний шаардсан хэмжээгээр буюу 16,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж олгохоор шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

 

9. Үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийн талаар талууд гэрээндээ тохиролцсон, шүүх алдангийг гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцсон байх бөгөөд алдангийн хувьд энэ нь талуудын хооронд үүссэн маргааны зүйл биш учир хяналтын шатны шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.

 

Дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1

дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 811 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагч *******-ийн /төлөөлөгч *******/ хяналтын журмаар гомдол гаргахдаа 2021.06.25-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид 237,950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Х.СОНИНБАЯР