Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 00711

 

        Б.М-ийн нэхэмжлэлтэй,

       иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/00107 дугаар шийдвэртэй, Б.М-ийн нэхэмжлэлтэй, “Б” УТУГ, Монголын ардын уламжлалт урлагийг хөгжүүлэх “И” ТББ, Ц.П нарт холбогдох

Засварын зардалд 26 800 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хариуцагч Монголын ардын уламжлалт урлагийг хөгжүүлэх “И” ТББ-ын төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б, хариуцагч Монголын ардын уламжлалт урлагийг хөгжүүлэх “И” ТББ-ын төлөөлөгч Ц.П, “Б” УТУГ-ын өмгөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2010 онд Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргаар ажиллаж байсан Ц.П нь Нийслэлийн бодлогоор Монголын уламжлалт ёс заншил, соёл, сургалт сурталчилгааны Богд хаан-2 төв байгуулж, Монголын түүхэн дурсгалт байшин, соёлын биет өвийн нэг болох Богд хааны Номын өрөөний 178 м.кв байшинг сэргээн засварлах ажлын хүрээнд та өөрийн хөрөнгөөр засварын ажлыг гүйцэтгэж өгөөч, Нийслэлийн төсөв зардлыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр дээрх байшинг сэргээн засварлах бодлого баримталж байгаа юм гэсэн хүсэлт гаргасан. Тухайн үед Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ц.П нь Монголын ардын уламжлалт урлагийг хөгжүүлэх “И” гэх ТББ байгуулчихсан өөрөө тэргүүнээр нь ажилладаг, гүйцэтгэх захирлаар нь Ч.Б гэх хүн ажилладаг ба Нийслэлийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 464 дүгээр захирамжаар 664 м.кв газрыг Түүх соёлын дурсгалт газрын зориулалтаар эзэмшдэг, 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Нийслэлийн газрын албатай газар эзэмшүүлэх гэрээ байгуулан ажиллаж байсан ба Түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хамгаалалтыг хариуцах зорилгоор өмчлөгчийг төлөөлж Нийслэлийн өмчийн харилцааны газар, хамгаалагчийг төлөөлж “И” гэх ТББ-ын хооронд түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг эзэмшүүлэх гэрээ байгуулсан. Ц.П-ийн дээр дурдсан хүсэлтийн дагуу миний бие соёлын ажилтны хувьд Соёлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.4 дэх хэсэгт заасан соёлын талаарх иргэний үүргээ биелүүлэх зорилгоор Ц.П-тэй ямар нэг гэрээг бичгээр хийлгүйгээр итгэлцлийн үндсэн дээр хүсэлтийг нь хүлээн авч, тус байгууламжийн гаднах болон доторх хэсгийн засварыг хийж гүйцэтгэсэн бөгөөд засварын зардалд нийт 26 800 000 төгрөгийг зарцуулсан. Энэхүү засварын зардлыг үнэн зөв, бодит үндэслэлтэй болохыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, прокурорын газарт Ц.П шалгагдах үед “Х” ХХК-иар шинжээчийн дүгнэлт гаргуулж тогтоосон. Дээрх засварын зардал 2010-2012 онд эргэн төлөгдөх байсан ч тухайн үед тодорхойгүй шалтгааны улмаас шийдвэрлэгдээгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд би холбогдох зардлаа эгүүлэн авах хүсэлтээ тухайн үеийн Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Б.Б, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Б зэрэг албан тушаалтнуудад гаргаж байсан.

          Ц.П-д холбогдуулж цагдаад өргөдөл гаргасан ба Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 65 дугаар тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 408 дугаар тогтоолоор Богдын зуны ордон, мужааны байрыг Удирдлагын академийн үндсэн хөрөнгийн блансанд бүртгэлтэй байсныг Боловсрол соёл шинжлэх ухааны яаманд шилжүүлсэн. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр дахин Засгийн газрын тогтоол гарч дээрх тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулж Богдын зуны ордон, Богдын торгон цэргийн байр, Дондогдуламын сэрүүн лавринг Удирдлагын академийн блансаас Б-д блансаас блансанд шилжүүлсэн.

  Иймд одоогийн Б-н өмчид бүртгэлтэй Богд хааны номын өргөөг сэргээн засварлахад өөрийн хөрөнгөөр зарцуулсан 26 800 000 төгрөгийг Б, иргэн Ц.П, “И” ТББ-иас гаргуулж өгнө үү гэжээ.

      Хариуцагч ”Бй” УТҮГ-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Богд хааны торгон цэргийн байр 2010 онд буюу иргэн Б.М-ийн засвар хийх үед Удирдлагын академийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, төрийн өмчийн барилга байсан. Тухайн үед мөрдөж байсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар төрийн байгууллага нь өөрт олгогдсон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн зориулалтын дагуу эзэмшиж ашиглах үүрэгтэй. 2010 онд Удирдлагын академиас өөрийн балансанд бүртгэлтэй барилгад өөр хуулийн этгээд засвар үйлчилгээ хийх үед дээрх хуулийн дагуу арга хэмжээ авах ёстой байсан. Өөрөөр хэлбэл, Удирдлагын академи буюу үндсэн эзэмшигч эс бөгөөс Төрийн өмчийн хорооноос  үүрэг даалгавар авалгүй, эрх үүргийн харилцаа үүсгэлгүй Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргаар ажиллаж байсан Ц.П албан тушаалаа ашиглан шийдвэр гаргаснаар иргэн Б.М-ийг хохироосон байна. Мөн Удирдлагын академийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй түүхэн барилгуудад хайхрамжгүй хандсанаас орхигдож бусдын дураараа авирласан үйлдэл хийх нөхцөлийг бүрдүүлсэн. Аливаа түүхэн дурсгалт барилга байшинг Соёлын өвд бүртгэхдээ түүний түүх, соёл шинжлэх ухааны ач холбогдлыг нь харгалзан үздэг. Засварын ажлыг сэргээн засварлах зураг төсөвгүй хийсэн нь тухайн үед мөрдөж байсан Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасан “Түүх соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах ажлыг соёл, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон мэргэжлийн байгууллага, иргэн судалгаа шинжилгээний үндсэн дээр боловсруулсан сэргээн засварлах зураг төсөл, төсвийн дагуу гэрээгээр гүйцэтгэнэ” гэж заасныг зөрчсөн байна. Богд хааны торгон цэргийн байр нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 157 дугаар тогтоолоор Богд хааны ордон музейд балансаас балансад шилжсэн. Нэхэмжлэлд дурдсан үйл явдал энэ шийдвэрээс цаг хугацааны хувьд өмнө боловч иргэн Б.М-тэй энэ барилгын асуудлаар ямар нэгэн эрх, үүрэг байхгүй, гэрээ хэлцэл байгуулж үүрэг хүлээгээгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд тухайн үеийн эзэмшигч Удирдлагын академи, хэлцэл хийсэн иргэн Ц.П нар хариуцах ёстой гэж үзэж байна гэжээ.

       Хариуцагч Монголын ардын уламжлалт урлагийг хөгжүүлэх “И” ТББ болон иргэн Ц.П нар шүүхэд гаргасан тайлбартаа: 2005-2013 оны хооронд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын даргаар ажилласан бөгөөд 2002 онд ардын урлагаа, уламжлалт өв соёлоо хадгалж хамгаалах “И” ТББ-г зорилго нэгт нөхдүүдтэйгээ байгуулж, төрийн соёлын бодлогыг хэрэгжүүлж Монгол Улсын Засгийн газрын Морин хуур-уртын дуу үндэсний хөтөлбөр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор мэргэжлийн морин хуурчдын уралдаан зохион байгуулах, морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх зарлигийг гаргуулах, улс орон даяар манлайлан санаачлан хэрэгжүүлэх ажлыг амжилттай зохион байгуулж ирсэн. 2007 оноос тус ТББ-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Т, Д.Б нарын идэвхи зүтгэл санаачилгаар Удирдлагын академийн баланст бүртгэлтэй төрийн өмч болох Богд хааны сэрүүн ордон, Номын өргөөг устаж үгүй болох аюулаас хамгаалж авч үлдэх үүднээс тухайн үед тэнд амьдарч байсан айлуудад газар, гэр, хашаа барьж өгөх зэргээр нийгмийн асуудлыг шийдвэрлэж, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2007 оны 197 дугаар тогтоолоор албан ёсны хамгаалагч байгууллага болж өнөөдрийг хүртэл хамгаалж ирсэн.

          Төрөөс соёлын өвийг хамгаалах хөрөнгө, мөнгө хомс, манай газар 5 мэргэжилтэнтэй нийслэлийн соёлын салбарыг бүрэн хариуцдаг тул хүн хүч дутмаг байсан үед төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэлийн хүрээнд ТББ-ын хүчийг ашиглан Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 148, 357, 464 тоот захирамж гаргуулан кадастр хийлгэн Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгуулж хамгаалалтын бүс тогтоолгон хашаа барьж манаачтай болгож устаж үрэгдэх аюулаас хуулийн дагуу хамгаалж чадсан. Энэ үед манай газрын харьяа байгууллага Хан-Уул дүүргийн Соёлын ордны захирлаар томилогдсон Б.М дээрх обьектыг сонирхон Ардын урлагийн сургалт судалгааны төв болгон сэргээн засах, төрийн соёлын бодлогыг хэрэгжүүлэхэд дэмтэй, хүүхэд залуучуудад соёл ёс заншлаа дээдлэн суралцдаг газар болгох гэж байгааг мэдээд 2009-2010 онд тэрээр, би хөрөнгө оруулж засаад үйл ажиллагаанаасаа оруулсан хөрөнгөө эхний ээлжинд гаргаж авья гэсэн саналыг удаа дараа тавьж байсан юм. Ингээд иргэн Б.М-ийн тавьсан саналыг дэмжиж, зураг төсөв хийлгэж холбогдох байгууллагаар батлуулах, санхүүгийн хяналтан дор хөрөнгө оруулж засварлаж болох юм хэмээн санал солилцож байх хооронд шууд дур мэдэж засвар эхэлсэн байсан болно. Энэ үед миний бие соёлын өв хариуцсан мэргэжилтэн М.О-ийг явуулж газар дээр нь шалгуулж зураг авахуулан баримтжуулж ажлыг нь зогсоох оролдлого хийсэн боловч тойроод айлын хаусууд шахаж барьсан, тоос шороо бужигнасан, барилгын материалууд буулгасан нөхцөл хүнд байсан тул Б.М-ийг дуудан ирүүлж ажил дураараа эхэлснийг нь хэлж зэмлэсэн боловч би зургаа хийлгэж байгаа гэхээс өөр үг хэлж чадахгүй дүлэгнэж байгаад явсан. Хаврын улирал, шороо тоос, орчны нөхцөл байдал хүнд байсан тул оруулсан хөрөнгийг нь аудит хийлгэж тогтоохоос өөр аргагүй байдалд хүрч ажил үргэлжилсээр тухайн байшингийн ханыг хөнгөн блокоор өрж, шалыг цутгаснаар ажил зогссон. 

   Ингээд 2011-2013 онуудад Б.М дулаан бохирын асуудлыг шийдүүлэхээр судалж байна, хөөцөлдөж байна, айлуудтай тохиролцож байна гэсээр цаг хугацаа өнгөрөөсөн ба 2013 оны 10-11 дүгээр сард миний бие БНХАУ-д эмчлүүлж ажиллаж байгаад ирэхэд зогсоо зайгүй мессеж бичиж, одоо дулаан бохирын асуудлыг шийдэх гэж байна, оршин суугчид шугам хоолойг янзлахад 1 тэрбум төгрөг нэхэж байна, яаралтай уулзмаар байна гэснээр миний бие очиж Номын өргөөний хажуу байрныхан болон Нийслэлийн дулааны газрын хүмүүстэй хамтран уулзсан. Тэгэхэд байрны оршин суугчид энэ М гэдэг хүн үлгэр шиг юм яриад алга болсон, бид мөнгө нэхсэн юм байхгүй, манай байрны худаг руу бохироо хаяж болно гэсэн, дулааны байгууллагынхан ч 15 саяд бүх ажил багтана гэсэн, гадаа хүйтэрлээ хавар дулаан орохоор хийлгэнэ гээд Б.М тэр хүмүүстэй үлдсэн. ...Үүнээс хойш 2014 онд миний бие Хөх хотод эмчилгээнд явж байгаад ирэхэд Б.М хаягдсан байсан соёлын өвийг хөрөнгө оруулж зассан, Нийслэлийн музейд өгч оруулсан хөрөнгөө авна гэж Нийслэлийн 375 жилийн ой угтсан төлөвлөгөөнд тусгуулсан. Бид ойн комисст ТББ-д албан тоот хүргүүлж Б.М засвар хийсэн боловч хэдэн төгрөг оруулсныг мэдэхгүй, хууль ёсны хамгаалагч байгууллага нь “И” ТББ байгаа гээд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамж зэрэг хууль ёсны бичиг баримтыг хавсарган төрийн өмчийг орон нутгийн өмчид шилжүүлж болохгүй тухай мэдэгдсэн. Хот ч хууль бус үйлдэл байна гээд Б.М-т албан ёсоор мэдэгдэж дээрх хууль бус үйлдэл зогссон. Үүнээс хойш Б.М ССАЖ-ын сайд Ц.О-д хүсэлт гаргахдаа: Нийслэлийн Соёл урлагын газрын дарга Ц.П нь Нийслэлийн бодлогоор Богдхаан-1, Богдхаан-2 төв байгуулна, мөн Нийслэлээс эргэн төлөх нөхцөлтэйгээр засвар хийлгэсэн гэх мэтээр хүмүүсийг төөрөгдүүлэх, миний биеийг гүтгэх үйл ажиллагаа эхэлсэн. Б.М нь удирдах ажил хийж байгаа хүний хувьд Нийслэлийн бодлогоор болон эргэн төлөгдөх санхүүжүүлэх бүх ажил Нийслэлийн Засаг даргын нийгэм эдийн засгийн зорилт болон хэвлэгдэж нийслэлийн харъяа байгууллагуудад ном болон хэвлэгдэн тараагддагийг мэдэх юм. Энэ үйл ажиллагаа үргэлжилж байх хооронд ССАЖЯам татан буугдаж соёлын өвтэй холбоотой цогц асуудлыг шийдэх сайдын тушаалаар байгуулагдсан комисс БСШУЯам дээр байгуулагдаж Б.М болон миний бие комиссын хуралд тайлбар өгсөн. Энэ үед Б.М-ийг төрийн өмчид зөвшөөрөлгүй засвар хийсэн нь хууль бус үйл ажиллагаа болсон байна гэж яригдснаас хойш 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаж байцаагч н.Б-т өгсөн байцаалтандаа дээрх байшинг Ц.П өмчилж авсан, хувийн өмчиндөө хууран мэхэлж хөрөнгө оруулуулсан, 2010 онд засвар хийж дууссан гэх зэргээр урдны гүжир гүтгэлгүүдээ улам лавшруулж миний нэр төрд бүдүүлгээр халдаж эхэлсэн. Намайг 2010 оноос хойш хууран мэхэлж мөнгө өгөхгүй байгаа гэх боловч 2010-2013 онд хууль зөрчин засварын ажлаа үргэлжлүүлсээр байсан нь баримтаар нотлогдож байна. Мөн хувийн өмчилсөн газар, хувийн өмчдөө хөрөнгө оруулсан гэх мэт гүтгэсэн нь тухайн үед ч төрийн өмчид байсан, одоо ч байсаар байгаа, дээрх өвийг устаж үгүй болохоос баттай хамгаалсан нь төр засгийн шийдвэрээр батлагдана. 

          Дээрх Номын өргөө 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 408 дугаар тогтоолоор Удирдлагын академийн балансаас Боловсрол соёл шинжлэх ухааны яамны балансад шилжсэн болно. Боловсрол соёл шинжлэх ухааны яамны Соёлын өвийн хэлтсийн дарга н.Урантөгсийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 10/10719 албан тоот, Монгол Улсын Засгийн газрын 408 дугаар тогтоолоор батлагдаж байна. Б.М дээрх асуудлыг хариуцан хамгаалагч байгууллагатай хамтран зохих байгууллагад албан ёсоор тавьсан бол аль хэдийн шийдэгдэх байсан. Бид Боловсрол соёл шинжлэх ухааны яаманд болсон ажлын хэсгийн хурал дээр Б.М нь тухайн үедээ зөвшөөрөл аваагүй ч соёлын өвийг сэргээж зассан тул оруулсан хөрөнгийг нь олгож өгөх тухай санал хэлж байсан. 2016 онд шат шатны прокурорын тогтоол гарч намайг болон “И" ТББ-ыг холбогдолгүй болохыг тогтоосон байтал дахин миний нэр төр, алдар гавьяа, цаг зав, эрүүл мэнд, ажил төрлийг алдагдуулж санаатайгаар гүтгэн гутаан доромжилж буйд гомдолтой байна гэжээ.

       Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б” УТҮГ, Монголын орчин үеийн урлагийг хөгжүүлэх И ТББ нараас 26 800 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.М-т олгож, Ц.П-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаарзүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 291 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б УТҮГ, Монголын орчин үеийн урлагийг хөгжүүлэх И ТББ нараас улсын тэмдэгтийн хураамжид 291 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.М-т олгож шийдвэрлэжээ.

   Монголын ардын уламжлалт урлагийг хөгжүүлэх “И” ТББ-ын төлөөлөгч Ц.П давж заалдах гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/00107 дугаар шийдвэрийн үндэслэлд “И” ТББ болон Б.М нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан байх ба уг ажлын үр дүнг “И” ТББ-д хүлээлгэн өгч одоо уг барилга байгууламж нь Б-н эзэмшилд ашиглагдаж байна” гэжээ. Иргэн Б.М тухайн байшинд 2010 оноос дур мэдэн засвар хийж эхэлснээс хойш бидэнд хүлээлгэж өгөх нь битгий хэл ханыг нь өрж хаалга хийж цоожлон өөрөө эзэмшиж байсан бөгөөд одоо Б ашиглах боломжгүй, хүлээлгэж өгсөн тухай бид мэдэхгүй байна. Тухайн байшинд хэдэн төгрөгийн засвар хийсэн талаар мөрдөн байцаалтын шатанд бид санаачилга гарган тодруулах оролдлогыг хийж байсан болно. Гэтэл шүүхийн шийдвэрт ашиглах боломжгүй байшинг ашиглаж байгаа, хүлээлгэж өгөөгүй байшинг хүлээлгэж өгсөн мэтээр дурдаж байгаад бид эргэлзэж, дээрх акт баримтуудыг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэж хардаж байна.

       Шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт заасны дагуу иргэн Б.М-ийн дур мэдэн засвар хийсэн тухайн байшин “И” ТББ-ын өмчлөлд байгаагүй, одоо ч байхгүй бөгөөд энэ засвараас бидэнд нэг төгрөгийн хөрөнгө гэх зүйл байхгүй. Иргэн Б.М, Ц.П надтай бөгөөд “И” ТББ-ын удирдах зөвлөлийн хэн нэг гишүүнтэй амаар болон бичгээр хийсэн гэрээ хэлцэл байхгүй. 2016 онд шат шатны прокурорын тогтоол гарч намайг болон "И" ТББ-ыг холбогдолгүй болохыг тогтоож, иргэний журмаар бусад байгууллагад хандах шийдвэр гарсан байхад дахин миний нэр төр, алдар гавъяа, цаг зав, эрүүл мэнд, ажил төрлийг алдагдуулж “И” ТББ-ын нэр хүндийг удаа дараа санаатайгаар гүтгэн доромжилж буйд гомдолтой байгааг илэрхийлж шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

    Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Ирэгний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч “Б” УТУГ, Монголын ардын уламжлалт урлагийг хөгжүүлэх “И” ТББ, Ц.П нарт холбогдуулан Б-н эзэмшил дэх үндсэн хөрөнгийн балансад бүртгэлтэй Богд хааны номын өргөөний 178 м.кв байшинг сэргээн засварлах ажлыг тухайн үед уг байшинг хамгаалан эзэмшиж байсан “ИКЭЛ” ТББ-ын тэргүүн Ц.П-тэй тохиролцож, хийж гүйцэтгэхэд гарсан засварын зардалд 26 800 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.                                                                                                                                 

Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн эсэх нөхцөл байдалд хамааралтай нотлох баримт бүрэн бүрдээгүй байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар ажиллагаа хийх боломжтой. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 65 дугаартай Хан-Уул дүүргийн Прокурорын газрын “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад талуудын өгсөн мэдүүлэг, тухайлбал тус хэргийн хариуцагч Ц.П-ийн гэрчийн мэдүүлэг болон гомдол нь энэ хэрэгт ач холбогдолтой баримт байна. Иймд дээрх баримт байхгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэх, тухайн засвар хийсэн үйл баримт, засварыг хэний санааачилгаар хийсэн, ямар харилцаа үүссэн талаар дүгнэлт өгөх боломжгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгч Б.М-т хэргийн оролцогчийн эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлэг болон хэргийн материал таницуулаагүй мөн нэхэмжлэгч нь иргэн Ц.П-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад түүнд нэхэмжлэлийн хувь гардуулах ажиллагааг шүүх хийгээгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу бүрдүүлээгүй байхад давж заалдах шатны шүүхээс уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх, маргааны үйл баримтад хамаарах асуудлаар хууль хэрэглээтэй холбоотой дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/00107 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасуай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “И” ТББ-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 291 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                 ШҮҮГЧИД                                        Ч.ЦЭНД

                                                                                                          Д.БАЙГАЛМАА