Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 183/2017/01657/и |
Дугаар | 532 |
Огноо | 2018-02-23 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 532
Б.Б-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/02808 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Г.Ч-д холбогдох
10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,
2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “баталгаа гаргах нь” гэх хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,
шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.А,
Хариуцагч Г.Ч,
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, М.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б нь 2011 онд Г.Ч-ын охин Ч.Нямсүрэнтэй гэр бүл болж, тэдний дундаас нэг хүүхэд төрсөн. Гэр бүл болсны дараа Г.Ч Б.Б-ийн ээж Т.Занданжавыг дуудан уулзаж, хоёр хүүхдээ тусдаа байртай болгомоор байна, ганц охиноо айлын бөөрөнд амьдруулмааргүй байна гэж хэлсэн байдаг. Т.Занданжав гуай эцгээс нь үлдсэн байрыг тухайн үед 60 000 000 төгрөгөөр зарж, 30 000 000 төгрөгийг хүү Б.Б-д өгсөн. Б.Б уг мөнгөнөөс 20 000 000 төгрөгийг Г.Ч-д өгөхөд охин Ч.Нямсүрэнгийн нэр дээр автомашин авч, 10 000 000 төгрөгийг байрны урьдчилгаанд гэж авсан. Учир нь Г.Ч өөрийн ажиллаж байсан компаниас байр захиалж байгаа, урьдчилгаанд 10 000 000 төгрөг өгөөд байр авна, та хоёр ажилгүй болохоор зээл олгохгүй, миний нэр дээр байрыг авна, гэхдээ энэ байр та хоёрын байр болно гэж хэлсэн. Байр авснаас хойш гэрлэгчид салах болж шүүхэд маргаан үүсч хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудад ямар нэг эд хөрөнгийн маргаан байхгүй байсан байна. Шүүхийн шийдвэрээр тэдний гэрлэлтийг цуцалж, охин Б.Бөртэ-Үжинг эхийн асрамжид үлдээж, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн. Гэрлэлт цуцлуулснаас хойш нэг удаа Г.Ч-ын дүү Г.Чимэдрэгзэн Б.Б-тэй уулзаж, Г.Ч охин Б.Бөртэ-Үжинг үрчлүүлээч гэж байна гэхэд нь зөвшөөрөөгүй. Дараа нь Хан-Уул дүүргийн Бүртгэл мэдээллийн төвөөс та хүүхэд үрчлүүлэх хүсэлт өгсөн байна, өөрөө ирж гарын үсэг зур гэхэд нь гайхаад өргөдөл өгөөгүй гэхэд за ойлголоо гээд утсаа тасалсан гэдэг. Гэтэл хэсэг хугацааны дараа Г.Ч, Г.Чимэдрэгзэн нар Б.Б-тэй уулзаж, Г.Ч, охиныг надад үрчлүүлээч, хүүхдийн ирээдүйг бодмоор байна, чиний байрны урьдчилгаанд өгсөн 10 000 000 төгрөгийг өгье, хүүхдийн тэтгэлэг авахгүй, нотариатаар орж баталгаажуулъя гэж хэлсэн байдаг. Баталгаа, батламж гэх бичгийг Г.Ч, Г.Чимэдрэгзэн нар бичиж ирсэн ба Б.Б гарын үсэг зурсан. Тухайн үед Г.Ч бэлэн мөнгө алга, 6 сарын дараа өгнө гэж хэлж, баталгаан дээр бичсэн. Б.Б Г.Ч-ын охиндоо автомашин авч өгсөн 20 000 000 төгрөгийг нэхэмжлээгүй, зөвхөн байрны урьдчилгаанд өгсөн 10 000 000 төгрөгийг нэхэмжилж байна. Б.Б-ийн ээж Т.Занданжав байраа зарсан гэдэг нь тогтоогдсон, 60 000 000 төгрөгийг Б.Б-ийн дансанд шилжүүлсэн, Б.Б 30 000 000 төгрөгийг авсан гэдэг нь дансны хуулгын баримтаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Б.Б-ийн нэхэмжилж байгаа 10 000 000 төгрөгийн асуудал нь хүүхдийн тэтгэмжийг авахгүй байх, хүүхэд үрчлүүлсний төлөө хийсэн зүйл юм. Б.Б нь миний охин Ч.Нямсүрэнтэй 2011 онд танилцаж 5 жил хамт амьдарсан. Энэ хугацаанд би түүнээс огт мөнгө авч байгаагүй. Урьдчилгаанд 10 000 000 төгрөг өгсөн гээд байгаа орон сууцыг би өөрийн ажиллаж байсан Марко поло компаниас авсан. Б.Б, Ч.Нямсүрэн хоёр таарч тохирохгүй байна гээд шүүхээр орж, гэрлэлтээ цуцлуулсан. Хүүхдийг эхийнх нь асрамжид үлдээж, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн. Охин Б.Бөртэ-Үжингийн хувьд эцэг нь орхиод явсан, эх нь өвчтэй гээд байнга БНСУ явж эмчлүүлдэг, зээ охины ирээдүйд эхнэр бид хоёр маш их зовж, хэцүү байсан тул хүүхдийг үрчилж авахаар болж, дээрх баталгааг бичсэн. Батламжийг миний дүү Г.Чимэдрэгзэн бичсэн, би бичээгүй. Хүүхдийн тэтгэмж авахгүй гэдгийг зөвшөөрч байна. Харин хүүхэд үрчлүүлэх бичигт гарын үсэг зуруулсны төлөө өг гэж шаардаж байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй. Би эхлээд 10 000 000 төгрөгийг боломжтой үедээ өгье гэж бодож байсан нь үнэн. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Б.Б-с 10 000 000 төгрөг авч байгаагүй бөгөөд түүнд төлөх ямар нэг өр төлбөр байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Харин нэхэмжлэгчийн шаардаж байгаа 10 000 000 төгрөгийг орон сууцны урьдчилгаанд хэрэглэхээр авсан мэтээр тайлбарлан нэхэмжлэл гаргаж байгаа учрыг тайлбарлахад бидний хооронд мөнгө төгрөг өгч, авсан өр авлага үүсгэсэн асуудал байхгүй ба миний зээ охин Ч.Бөртэ-Үжингээ үрчилж авахыг хүссэн хүсэл сонирхлын дагуу хүүхэд үрчилж авахад хуулиар тавигдсан шаардлага болох төрсөн эцгээс нь олгосон зөвшөөрөл хэрэгтэй болсноо хэлэхэд нэхэмжлэгч надад хоёр шаардлага тулгасан. Хүүхдийн тэтгэлэг авахгүй, хүүхэд үрчлүүлэхэд 10 000 000 төгрөг өг гэсэн. Тухайн үед зээ охиноо асрамждаа авахыг илүүтэй хүсч байсан тул тавьсан шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Ингээд 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Баталгаа гаргах нь” гэх эх загвар дээр гарын үсгээ зурсан. Уг баталгаа гэх баримт нь анхнаасаа хууль зөрчиж хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байсан гэдэг нь бүх нотлох баримтаар нотлогдоно. Миний бие “Марко поло” ХХК-иас өөрийн цалин орлогоор байраа худалдаж авсан бөгөөд амьдралдаа хүрэлцэхүйц хангалттай орлоготой байдаг тул нэхэмжлэгчээс байр авахад зориулж 10 000 000 төгрөг зээлж авах ямар ч шаардлага байхгүй. Иймд 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “баталгаа гаргах нь” гэх хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “батламж гаргах нь” гэх бичвэрийг Г.Ч-ын дүү Г.Чимэдрэгзэн бичиж, Б.Б-р гарын үсэг зуруулж, улмаар Г.Ч, Б.Б нар мөн өдрөө нотариат орж, “баталгаа гаргах нь” бичгийг үйлдэж гарын үсэг зурсан. Энэ баталгааг нотариат дээр хийсэн бөгөөд нотариат баталсан. Б.Б нь яагаад Г.Ч-д 10 000 000 төгрөг өгсөн гэхээр өөрийн компаниас байр захиалж байгаа, та хоёрыг орон сууцтай болгож өгнө гэж хэлсэн болохоор өгсөн. Байрны урьдчилгаа төлбөрийг 5 жилийн өмнө өгсөн, яагаад 5 жилийн дараа баталгаа гэх баримтыг үйлдсэн гэхээр тухайн үед хариуцагч нь хадам аав нь байсан бөгөөд гэр бүлийн гишүүд байсан учраас тухайн үедээ ямар нэг баримт үйлдээгүй. Уг баталгаа нь хууль зүйн хүрээнд хийгдсэн. Тиймээс хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Ч-с 10 000 000 төгрөг гаргуулж Б.Б-д олгож,
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Б-д холбогдуулан "баталгаа гаргах нь" гэх хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай Г.Ч-ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянак шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зуйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид төлсөн 174.950 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлээр улсын тэмдгийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Г.Ч-с 174 950 төгрөг гаргуулж Б.Б-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Б.Б болон хариуцагч Г.Ч миний охин Ч.Нямсүрэн нар нь 2011 онд гэр бүл болж хамтран амьдарч байхдаа охин Бөртэ-Үжин төрсөн 2015 онд шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж охин Ч.Бөртэ-Үжинг эхийн асрамжинд үлдээж эцгээс нь тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэснийг шүүх үндэслэсэн атлаа "Уг шийдвэрт гэрлэгчдийн дунд эд хөрөнгийн маргаан байхгүй хүүхдийн тэтгэлэг төлөх ёстой гэсэн шийдвэрийн заалтыг үнэлж үзсэнгүй. Г.Ч миний тийм яриа болоогүй, би Б.Б тэдний гэр бүлээс ямар ч мөнгө аваагүй гэсэн тайлбар, нотлох баримт болон миний охин Ч.Нямсүрэнгийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг огт үнэлээгүй 2 талын тодорхойлолт тайлбарыг адилхан үнэлэхгүй зөвхөн нэг талын тайлбарыг үнэлсэн. Шүүх Б.Б Т.Занданжав нар нь 2011 оны 7 дугаар сард орон сууцаа зарж 60 000 000 төгрөгтэй болжээ. Үүнээс 30 000 000 төгрөгийн Б.Б авсан байх тул Г.Ч-д өгсөн гэж үзэхээр байна гэж дүгнэсэнд гомдолтой байна. Шүүх 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн "Батламж гаргах нь" гэх хэлцлийг үнэлэхдээ тухайн үед болсон үйл явц гэрчийн мэдүүлэг, миний тайлбар, бодит байдлыг огт үнэлсэнгүй. Тухайн хэлцлийг ..үүрэг гүйцэтгэгч нь хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэсэнд гомдолтой байна. Гэрч Г.Чимэдрэгзэн хүүхэд үрчлүүлэх зөвшөөрлийн гарын үсгийг эцэг Б.Б-с авах гэж олон удаа ярьж гуйсан, 2 янзаар бичигдсэн хэлцэл гэх баримтыг Г.Ч үйлдээгүй, өмнө нь мөнгөний маргаан огт гарч байгаагүй тэр өдөр л гэнэт мөнгө авах, өгөх маргаан үүссэн. Гэрчид шүүх хууль сануулсан, гэрчийн энэ мэдүүлгийг шүүх үнэлсэнгүй. Шүүх хуралдаанд Б.Б-ийн гаргасан нэхэмжлэлийг хэлэлцсэн. Миний гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй байсан. ...Шүүгч юу яриад байгаа юм сөрөг нэхэмжлэлийг чинь хүлээн авахаас татгалзсан шүү дээ гэж зандарч байсан. Бүр сүүлд нь нотлох баримтыг шинжлэн судлах үед ... тийм байна сөрөг нэхэмжлэлээ хэлэлцэе гэсэн. Энэ байдлаас харахад шүүх урьдчилаад дүгнэлт шийдвэрээ гаргасан байдал харагдсан. Шүүх шийдвэрээ урьдчилж гаргахгүй тухайн үеийн мэтгэлцээн, нотлох баримт, гэрчийн мэдүүлэгт үндэслэсэн шийдвэрээ гаргах ёстой. Энэ бүх байдлаас харахад шүүх зөвхөн нэг талыг барьж шудрага бус шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шийдвэр, нотлох баримт, гэрчийн мэдүүлгийг тал бүрээс нь дахин хянаж шударга шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Г.Ч-д холбогдуулан 10 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “баталгаа гаргах нь” гэх хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “2014 онд Г.Ч-д байр авахад нь урьдчилгаа болгож 10 000 000 төгрөг өгсөн ба 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн баталгаагаар 2017 оны 6 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулна гэсэн боловч төлбөр төлөгдөөгүй тул 10 000 000 төгрөг гаргуулна” гэж тодорхойлсныг хариуцагч татгалзлаа “зээ охин Бөртэ-Үжинг үрчилж авья гэтэл Б.Б орон сууцны урьдчилгаанд 10 000 000 төгрөг авсан баримт болон хүүхдийн тэтгэлэг авахгүй гэх баталгаа гаргаж өг гэсэн учраас саналыг хүлээн зөвшөөрч 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “баталгаа гаргах нь” гэх баримтад гарын үсэг зурсан, уг баримт нь анхнаасаа хууль зөрчиж үйлдэгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байсан, миний бие амьдралдаа хүрэлцэхүйц орлоготой тул нэхэмжлэгчээс байр авахад зориулж 10 000 000 төгрөг авах шаардлагагүй” гэж тайлбарлаж мэтгэлцсэн байна.
Нэхэмжлэгч Б.Б болон Т.Занданжав нар нь өөрсдийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 65 дугаар байрны 45 тоот 43 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2011 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 60 000 000 төгрөгөөр иргэн А.Алтанчимэгт худалдан борлуулж улмаар Б.Б 60 000 000 төгрөгийг өөрийн нэр дээр хадгаламжид хийсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Хэргийн 44-47 дугаар тал дахь “Марко поло” ХХК-тай Г.Ч-ын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хийсэн 12/05 тоот орон сууц эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ болон Г.Ч-ын орон сууцны урьдчилгаанд 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 10 961 100 төгрөг, 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдөр үлдэгдэл төлбөр 11 700 000 төгрөг төлсөн баримтаар нэхэмжлэгч Б.Б нь өөрийн хадгаламжаас 10 000 000 төгрөг авч орон сууцны урьдчилгаанд өгсөн гэх тайлбар няцаагдсан бөгөөд бодитойгоор 10 000 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн гэх байдлаа өөр бусад баримтаар эргэлзээгүйгээр нотлоогүй байна.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2015/01240 дугаар шийдвэрээр Ч.Нямсүрэн, Б.Б нарын гэрлэлтийг цуцалж, 2012 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин Б.Бөртэ-Үжинг эх Ч.Нямсүрэнгийн асрамжид үлдээж, Б.Б-с хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Б.Б нь 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний бүртгэл мэдээллийн төвд хүүхэд үрчлүүлэх тухай хүсэлт гаргаснаар охин Б.Бөртэ-Үжинг Г.Ч, Ч.Батжаргал нар үрчлэн авсан үйл баримт хэргийн 37 дугаар талд авагдсан 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хүүхэд үрчилсний бүртгэлийн гэрчилгээ болон бусад баримтаар тогтоогдож байна.
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүйг залруулах боломжтой.
Нэхэмжлэгчийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хан-уул дүүргийн Иргэний бүртгэл мэдээллийн төвд гаргасан хүүхэд үрчлүүлэх тухай хүсэлт, хүүхдийн тэтгэлэг авахгүй, шүүхэд нэхэмжлэл гаргахгүй талаар Г.Чинбатын гаргасан батламж, охин Б.Бөртэ-Үжинг үрчлүүлсэн тул орон сууцны урьдчилгаанд 10 000 000 төгрөгийг Б.Б-т өгнө гэх Г.Ч-ын бичсэн баталгаа гэх баримтууд болон талуудын тайлбарыг харьцуулан дүгнэвэл Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үүрэг хариуцагч Г.Ч-д үүсээгүй гэж үзнэ.
Хариуцагч Г.Ч нь 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “Баталгаа гаргах нь” гэх баримтыг үйлдсэн байна. Энэхүү “охин Б.Бөртэ-Үжинг Г.Ч-д үрчлүүлэн өгсөн тул орон сууцны урьдчилгаанд өгсөн 10 000 000 төгрөгийг Б.Б-т буцаан төлнө” гэх агуулга бүхий баримт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг зөрчсөн хэлцэл гэж үзэх бөгөөд шүүх Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт заасны дагуу уг баримтыг үндэслэн хариуцагч Г.Ч-с 10 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгохоор шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт хүүхдийг өөрийнх нь ашиг сонирхлын үүднээс үрчлүүлнэ гэж заасан байх тул уг бичгийн баримтыг хууль зөрчсөн гэж үзнэ. Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үүрэг үүсээгүй тул Б.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй.
Анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “баталгаа гаргах нь” гэх хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дараах байдлаар зөвтгөх боломжтой.
Хариуцагч Г.Ч нь хүүхэд үрчлэн авах зорилгоор бичгээр баталгаа гаргасан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дахь хэсэгт заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлтэй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/02808 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул 10 000 000 төгрөг гаргуулах тухай Б.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “баталгаа гаргах нь” гэх хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсүгэй” гэж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Г.Ч-с 174 950 төгрөг гаргуулж Б.Б-д олгосугай” гэснийг “нэхэмжлэгч Б.Б-өөс 174 950 төгрөг гаргуулж хариуцагч Г.Ч-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Ч-с давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ