Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2021/01566

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 142/ШШ2020/00035 дугаар шийдвэр,

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 37 дугаар магадлалтай,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

*******д холбогдох

 

Орхон аймаг Баян-Өндөр сум 11 дүгээр баг Цагаанчулуут 7-р хороолол 7-р байрны 2-р орцны 5 давхрын 2 өрөө бүхий 38 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлж, 16,216,667 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ХХК нь *******тай 2016.07.06-ны өдөр Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын 26 дугаартай гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр ******* нь компанийн өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум 11 дүгээр баг Цагаанчулуут 7 хороолол 7 байрны 38 тоот хаягт байрлах орон сууцыг 61,875,000 /жаран нэг сая найман зуун далан таван мянга/ төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Орон сууц худалдан авах гэрээний дагуу орон сууцны үнийг 2017.05.06-ны өдөрт багтаан хэсэгчлэн төлж дуусгах үүрэгтэй байсан. Гэтэл ******* нь орон сууцны үнэнээс 10,500,000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 51,375,000 төгрөгийг төлөх үүргийг огт биелүүлээгүй. Гэрээний үүргээ биелүүлж орон сууцны үнийг төлөх талаар мэдэгдсэн боловч үр дүн гараагүй. Улмаар 2019.04.15-ны өдөр компанийн зүгээс бичгээр мэдэгдэл хүргүүлсэн боловч мөн л ямар ч үр дүн гаргаагүй тул уг асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхэд хүрээд байна. Худалдан авагч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ 2017.05.06-ны өдрөөс хойш өдийг хүртэл 2 жил гаруй хугацаанд зөрчөөд байна. Ийнхүү худалдан авагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзаж байгаа талаар 2019.04.15-ны өдөр худалдан авагчид бичгээр мэдэгдсэн болно. Орон сууцыг худалдан авагчид гэрээ байгуулсан өдөр буюу 2016.07.06-ны өдөр хүлээлгэн өгсөн бөгөөд өдийг хүртэл компанийн өмчлөлийн орон сууцанд нийт 1213 хоног буюу 40 сар 13 хоног амьдарч байна. Иргэний хууль болон гэрээгээр тохиролцсон ёсоор орон сууц худалдах худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд гэрээнээс татгалзсантай холбоотой худалдагчийн хувьд компанид учирсан хохирол, олох ёстой байсан ашиг, алдагдлаа нэхэмжлэх эрхтэй. Харин худалдан авагч нь үүргээ зөрчиж гэрээнээс татгалзах нөхцөлийг бүрдүүлсэн тул хохирол, зардлыг төлөх үүрэгтэй гэж үзэж байна. ******* нь гэрээний 4.5, хавсралт 2-т зааснаар 6,500,000 төгрөг, компанийн өмчлөлийн орон сууцанд 1213 хоног буюу 40 сар 13 хоног амьдарсан хугацааны төлбөр 20,216,667 нийт 26,716,667 төгрөг төлөх үүрэгтэйгээс түүний орон сууцны үнийн төлөлт болгон компанид төлсөн 10,500,000 төгрөгийг хасч 16,216,667 төгрөгийг төлөх үүргийг компанийн өмнө хүлээж байгаа юм. Иймд Орхон аймаг Баян-Өндөр сум 11 дүгээр баг Цагаанчулуут 7 хороолол 7 байрны 2-р орцны 5 давхрын 2 өрөө бүхий 38 тоот хаягт байрлалтай компанийн өмчлөлийн орон сууцыг *******гийн эзэмшлээс албадан чөлөөлж, 16,216,667 төгрөг гаргуулж компанид олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Анх 2,000,000 төгрөг төлж уг байранд орсон, дараа сард нь 500,000 төгрөг төлсөн. Нэхэмжлэгч 8 хувийн зээлд хамруулж өгнө гэсэн. Гэрээгээ байгуулаад үзэхэд, 8 хувьд хамруулна гэсэн заалт байхгүй байна гэж Гангамааг хэлэхэд өөрчлөлтийг нь оруулаад нотариатаар батлуулна гэж хэлсэн байдаг. Орон сууцанд орсны дараа ГОК-с орж ирэх 8.0 сая төгрөгийг өөрсдөө хөөцөлдөж байгаад авсан байсан. Ингээд шинээр гэрээ байгуулах юм байх гэж бодоод, хүлээж байсан. Гэтэл 2019 оны 3 сард мэдэгдэл орж ирсэн. Энэ гэрээ хийгдээгүй, гэрээний 6.1-д гэрээг нотариатаар батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлж байж хүчин төгөлдөр болно гэж заасан байгаа. Гэрээ хийгдээгүй, гэрээг цуцлах юм бол өгсөн авснаа буцаах ёстой гэжээ.

 

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 142/ШШ2020/00035 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1., 109.2., 110 дугаар зүйлийн 110.1., 56 дугаар зүйлийн 56.1.8., 56.5.-д заасныг тус тус баримтлан Орхон аймаг Баян-Өндөр сум 11-р баг Цагаанчулуут 7 хороолол 7-р байрны 2-р орцны 5 давхрын 2 өрөө бүхий 38 тоот орон сууцнаас *******г албадан гаргаж, *******гаас 16,216,667 төгрөг гаргуулах Хөүп таун ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөүп таун ХХК-аас 10,500,000 төгрөг гаргуулан *******д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309,233 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 37 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 142/ШШ2020/00035 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг ...Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1., 109.2., 110 дугаар зүйлийн 110.1., 56 дугаар зүйлийн 56.1.8., 56.5.-д заасныг тус тус баримтлан Орхон аймаг Баян-Өндөр сум 11-р баг Цагаанчулуут 7 хороолол 7-р байрны 2-р орцны 5 давхрын 2 өрөө бүхий 38 тоот орон сууцнаас *******г албадан гаргаж, *******гаас 16,216,667 төгрөг гаргуулах Хөүп таун ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөүп таун ХХК-аас 10,500,000 төгрөг гаргуулан *******д олгосугай... гэснийг ...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 287 дугаар зүйлийн 287.1.-д зааснаар хариуцагч *******гаас 16,216,667 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хөүп таун ХХК-д олгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын 11 дүгээр баг Цагаанчулуут 7 дугаар хорооллын 7 дугаар байрны 2 дугаар орцны 5 давхрын 38 тоот 2 өрөө орон сууцыг хариуцагч *******гийн эзэмшлээс албадан чөлөөлсүгэй... гэж, Шийдвэрийн 2 дахь заалтыг ...нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309,233 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай... гэснийг ...нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309,233 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 379,433 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4.-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мэндбаярын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 240,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч ******* ХХК-ийн өмгөөлөгч М.Мэндбаяр гомдол гаргаж, давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилснийг эс зөвшөөрч, хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* миний бие хяналтын журмаар гомдол гаргаж байна. 2020.01.02-ны өдөр анхан шатны шүүх хуралдаанд ******* ХХК-ийн *******д холбогдуулан гаргасан, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, 7-р хороолол, 7-р байрны 2-р орцны 38 тоот, 2 өрөө бүхий орон сууцыг албадан чөлөөлүүлэх, 16,216,667 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хянан хэлэлцээд, ******* ХХК нь 2013.11.22-ны өдөр Барилга байгууламж ашиглалтад оруулах комисст хүлээлгэн өгч 18/13 дугаартай акт үйлдэгджээ. Талуудын хооронд 2016.07.06-ны өдөр 26 дугаартай Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ нэртэй гэрээ байгуулсан боловч энэ нь худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан ба, нэгэнт ашиглалтад орсон үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах, өөрөөр хэлбэл өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна. Үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэхэд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд заасныг баримтлах бөгөөд 109.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй. Мөн хуулийн 109.2-д Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана. Мөн Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно. Шүүхээс дээрх худалдах, худалдан авах хэлцлийн үндсэн дээр *******д шилжүүлэхдээ хуульд заасан хэлбэрийг зөрчин, өөрөөр хэлбэл үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхдээ улсын бүртгэлд бүртгүүлээгүй, Нотариатаар гэрчлүүлээгүй байх тул энэ хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзнэ. Шийдвэрийн тогтоох нь: хэсэгт 1. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1., 109.2., 110 дугаар зүйлийн 110.1., 56 дугаар зүйлийн 56.1.8., 56.5-д заасныг тус тус баримтлан Орхон аймаг, Баян-Өндөр сум, 11-р баг, Цагаан чулуут 7 хороолол, 7-р байрны 2-р орцны 5 давхрын 2 өрөө бүхий 38 тоот орон сууцнаас *******г албадан гаргаж, *******гаас 16,216,667 төгрөгийг гаргуулах ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ******* ХХК-аас 10,500,000 төгрөг гаргуулан *******д олгосугай. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309,233 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж шийдвэрлэсэн байна. Гэвч давж заалдах шатны шүүхийн магадлалаар, анхан шатны шүүхийн шийдвэрийн нэг дэх заалтыг ...Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1., 109.2., 110 дугаар зүйлийн 110.1., 56 дугаар зүйлийн 56.1.8., 56.5-д заасныг тус тус баримтлан Орхон аймаг, Баян-Өндөр сум, 11-р баг, Цагаан чулуут 7 хороолол, 7-р байрны 2-р орцны 5 давхрын 2 өрөө бүхий 38 тоот орон сууцнаас *******г албадан гаргаж, *******гаас 16,216,667 төгрөгийг гаргуулах ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ******* ХХК-аас 10,500,000 төгрөг гаргуулан *******д олгосугай... гэснийг ...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 287 дугаар зүйлийн 287.1,-д зааснаар хариуцагч *******гаас 16,216,667 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-Д зааснаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын 11-р баг, 7 дугаар хороолол, 7 дугаар байрны 2 дугаар орцны 5 давхрын 38 тоот 2 өрөөр орон сууцыг хариуцагч *******гийн эзэмшлээс албадан чөлөөлсүгэй гэж... Мөн шийдвэрийн 2 дахь заалтыг ... нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309,233 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай... гэснийг ...нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн 309,233 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 379,433 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай... гэж тус тус өөрчилсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д хэсэгт заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Мөн тус давж заалдах шатны шүүхээс 2020.03.02-ны өдөр хурлыг зарлан хуралдуулсан ба, энэ үед Монгол улс нийтээр Covid19 вирусийн тархалт, халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор бүх тээврийн хэрэгсэл болон иргэдийн орон нутаг, хот хоорондын зорчих хөдөлгөөнийг 2020.02.22-ны өдрөөс эхлэн 2020.03.02-ны өдрийг дуустал хязгаарласан байсан ба ******* миний бие Улаанбаатар хотын харьяат иргэн буюу энэ үед Дорноговь аймгийн Даланжаргалан суманд байсан билээ. 2020.02.29-ны өдөр шүүгчийн туслахаас залгаж хурлын товыг мэдэгдсэн ба миний бие биеэр очих боломж нөхцөл байхгүй, зорчих хөдөлгөөн улс даяар хязгаарласан байгааг тайлбарласан боловч, давж заалдах хурлыг хуралдуулсан нь хуралд биеэр оролцож, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болсон талаар тайлбар гаргах мэтгэлцэх боломжоор хангаагүй, нэг талын тайлбарыг үндэслэл болгон магадлан шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэх үндэс нь болсон гэж үзэж байгаа тул, давж заалдах шатны шүүхийн магадлалыг өөрчилж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

******* ХХК нь *******д холбогдуулан Орхон аймаг Баян-Өндөр сум 11 дүгээр баг Цагаанчулуут 7-р хороолол 7-р байрны 2-р орцны 5 давхрын 2 өрөө бүхий 38 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлж, 16,216,667 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлийг ...хариуцагч нь худалдан авсан орон сууцны үнийг бүрэн төлөөгүй, 40 сар 13 хоног амьдарсан тул гэрээнээс татгалзсан. Гэрээнд хариуцагч үнэ төлөөгүйгээс гэрээ биелэгдээгүй бол сар бүр 500,000 төгрөг, мөн 6,500,000 төгрөгийн засварын зардал тус тус төлнө гэж тохиролцсон, иймээс нийт 26,716,667 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 10,500,000 төгрөгийг хасч тооцсон гэжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч 8 хувийн зээлд хамруулж өгнө гэсэн. Гэрээ цуцлах бол өгсөн авснаа буцаах ёстой гэж маргасан байна.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 109.2, 110 дугаар зүйлийн 110.1, 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5-д зааснаар орон сууцнаас хариуцагчийг албадан гаргаж, 16,216,667 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс 10,500,000 төгрөг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 287 дугаар зүйлийн 287.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс албадан чөлөөлж, түүнээс 16,216,667 төгрөг гаргуулж шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

 

Зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан талаар хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасантай нийцжээ.

 

2016.07.06-ны өдөр байгуулагдсан Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын 26 тоот гэрээгээр хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн өмчлөлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, 11 дүгээр баг Цагаанчулуут 7 хороолол 7 байрны 38 тоот хаягт байрлах орон сууцыг 61,875,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсоны дагуу нэхэмжлэгч орон сууцыг түүний эзэмшилд шилжүүлсэн, хариуцагч үнээс 10,500,000 төгрөг төлсөн үйл баримтын талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад тулгуурласан байна.

 

Энэхүү орон сууц нь шинээр баригдсанаас гадна гэрээний үнийг хэсэгчлэн төлөхтэй холбоотой орон сууцны өмчлөх эрхийн бүртгэлийг нэхэмжлэгч хариуцагчид шилжүүлээгүй атал анхан шатны шүүх энэ маргаанд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 109.2-т заасныг баримталж худалдах-худалдан авах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүйгээс гэрээ нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

 

Давж заалдах шатны шүүх гэрээг хүчин төгөлдөр, хариуцагч орон сууцны үнийг бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь зөв боловч цаашид талууд гэрээгээ үргэлжлүүлснээр үр дүн гарахгүй болсноос нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан талаар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасантай нийцсэн дүгнэлт хийгээгүй, шаардах эрхийн үндэслэлийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар тодорхойлсноос гадна ямар үндэслэлээр нэхэмжлэгчийг 26,716,667 төгрөг шаардах эрхтэй гэж үзэж, хариуцагчийн төлсөн 10,500,000 төгрөгийг тооцож суутгасан шалтгаанаа магадлалд тодорхой заагаагүй нь учир дутагдалтай байна.

 

Иймд дараах үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. Хэргийн баримтаас үзвэл хариуцагч ******* нь худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн орон сууцны үнэ төлөх үүргээ биелүүлээгүй буюу үнийн дийлэнх хэсгийг төлөөгүй, үүрэг гүйцэтгэхийг нэхэмжлэгч шаардсан хэдий ч үр дүн гараагүй нь тогтоогдсон байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй байна.

 

Гэрээнээс татгалзсанаар талууд гэрээгээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцаан өгөх үүргийг хүлээдэг ба энэ тохиолдолд нэхэмжлэгч 10,500,000 төгрөгийг хариуцагчид хариуцагч орон сууцыг нэхэмжлэгчид тус тус буцаан өгөх үүргийг хүлээнэ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа хариуцагч орон сууцыг эзэмшсэний сар бүрийн төлбөр болон засварын зардал гэж 26,716,667 төгрөг шаардаж, энэхүү нэхэмжлэлийн үндэслэлийг гэрээний 4.4, 4.5 дахь заалт болон гэрээний хавсралт 2-г гэж тодорхойлжээ.

 

Талуудын дээрх тохиролцоо нь эд хөрөнгө хөлслөх гэрээний агуулгатай гэж үзэх боломжгүй атал давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар дээрх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба харин энэхүү шаардлага нь хариуцагчийн буруугаас гэрээнээс нэхэмжлэгч татгалзсанаас түүнд учирсан хохирол гэх утгатай байна.

 

Учир нь гэрээний 4.5-д ...захиалагч тал орон сууцны урьдчилгаа төлбөр болон үлдэгдэл төлбөрийг хугацаандаа төлөөгүйгээс энэхүү гэрээ цуцлагдаж байраа буцаах тохиолдолд орон сууцны ашигласны төлбөр болон дахин шинэчлэн засварлах зардлын төлбөр /хавсралт 2/-ийг төлсөн төлбөрөөс суутган авна гэжээ.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй-г заасан, мөн зүйлийн 227.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно.

 

Гэрээнд орон сууц ашигласны төлбөр сар бүр 500,000 төгрөг /10 сар/, орон сууцны засварын зардал 6,500,000 төгрөг гэж үнийн дүн заасан боловч энэ хэмжээгээр бодит хохирол учирсан буюу алдагдал хүлээсэн эсхүл олох байсан орлогоо алдсан болохыг нэхэмжлэгч нотлох баримтаар нотлоогүй, шүүхэд баримт гаргаагүй байна.

 

Иймээс учирсан хохиролд 26,716,667 төгрөг гаргуулах шаардлагыг хангах нь хуульд нийцэхгүй тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс 10,500,000 төгрөгийг гаргуулж хариуцагчид, хариуцагчаас орон сууцыг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 37 дугаар магадлалын 1 дэх заалт, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 142/ШШ2020/00035 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч *******гаас Орхон аймаг, Баян-Өндөр сум, 11-р баг Цагаанчулуут 7 хороолол 7-р байрны 2-р орцны 5 давхрын 2 өрөө бүхий 38 тоот орон сууцыг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д, ******* ХХК-аас 10,500,000 төгрөг гаргуулан *******д тус тус олгож, *******гаас 16,216,667 төгрөг гаргуулах ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309,233 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3т заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.04.20-ны өдөр төлсөн 467,325 төгрөгийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

П.ЗОЛЗАЯА

 

Х.ЭРДЭНЭСУВД