Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/01328

 

Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн

авагчийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Л.Атарцэцэг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2019/03370 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 419 дүгээр магадлалтай,

*******ийн нэхэмжлэлтэй,

С.Т-д холбогдох,

Капитал банк ХХК,******* нарын хооронд 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрхийг шилжүүлсэн Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо 310 дугаар байр 104 тоот, зоорийн давхар 38, 39 тоот хаягт байршилтай 200 м.кв талбайтай орон сууц, автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг*******ын өмчлөлөөс гаргуулж Капитал банк ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

 

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, Т.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол банкны ерөнхийлөгчийн 2018.07.23-ны өдрийн А-202 дугаарт Капитал банкинд авах зарим урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай тушаалаар Капитал банкны төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал нарт зээл, авлага, өмчлөх бусад хөрөнгө, арилжааны үнэт цаасны шаардах эрхийг бусдад шилжүүлэхгүй, худалдахгүй байхыг даалгасан. Монгол банкны ерөнхийлөгчийн 2018.08.20-ны өдрийн А-219 дугаарт тушаалд өөрчлөлт оруулах тухай тушаалаар Капитал банкны төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал нарт Капитал банк ХХК-ийн бус мөнгөн хөрөнгөөр өмчлөх бусад хөрөнгийг тайлан тэнцлийн цэвэршүүлээгүй үнэлгээнээс доошгүй үнээр бусад этгээдэд зөвхөн мөнгөн хэлбэрээр худалдан борлуулахыг даалгасан. Гэтэл энэ тушаалыг зөрчиж Капитал банк,******* нарын хооронд 2019.03.21-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулж, нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан орон сууцыг*******ын өмчлөлд шилжүүлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт хэлцэл гэж үзэх үндэслэлийг үүсгэсэн. Капитал банк ХХК нь 2014.08.06-ны өдөр Номунгранд ХХК-тай 84 тоот зээлийн гэрээ байгуулж 2,800,000,000 төгрөгийг олгосон. Капитал банк ХХК иргэн******* нарын хооронд 2018.05.07-ны өдөр зээлийн өр төлбөрт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэх гэрээ байгуулж талуудын хооронд 2014.08.06-ны өдөр байгуулагдсан 84 тоот зээлийн болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийн зарим хэсэг болох 810,000,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, 310 дугаар байр 104 тоот, зоорийн давхар 38, 39 тоот хаягт байрлалтай 200 м.кв талбайтай орон сууц, автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Капитал банк ХХК-ийн нэр дээр 2018.05.30-ны өдөр шилжүүлсэн байдаг. Гэтэл улсын бүртгэлийн лавлагаагаар 2019.03.21-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр дээрх үл хөдлөх хөрөнгүүд*******ын өмчлөлд бүртгэгдсэн байна. Бэлэглэлийн гэрээнд хөрөнгийн үнэлгээг 300,000,000 төгрөгөөр үнэлсэн байсан. Цагдаагийн байгууллага Капитал банкны нэр дээрх 150 гаруй эд хөрөнгийг битүүмжилж шалгаж байгаа. Эрүүгийн хэрэгт Капитал банкны гүйцэтгэх удирдлага, зээлийн газрын захирал*******,*******,******* нар шалгагдаж байна.*******ын нэр холбогдон шалгагдаагүй.******* нь гүйцэтгэх захиралын хүн. Мөнгө төлсөн баримтад зурагдсан гарын үсэг*******ын гарын үсэг ч биш. Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалаар банкны хөрөнгийг цэвэршүүлээгүй үнээс доошгүй үнээр бусдад зөвхөн худалдан борлуулна гэж үүрэг болгосныг зөрчиж бэлэглэлийн гэрээ хийж байгаа үйлдэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймд Капитал банк ХХК,******* нарын хооронд 2019.03.21-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, түүний үр дагавар болох хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрхийг шилжүүлсэн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо 310 дугаар байр 104 тоот, зоорийн давхар 38, 39 тоот хаягт байршилтай 200 м.кв талбайтай орон сууц, автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг*******ын өмчлөлөөс гаргуулж Капитал банк ХХК-ийн өмчлөлд шилжүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Болдбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон түүнтэй холбогдуулан гаргасан хүсэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, энэхүү нэхэмжлэл, хүсэлт нь дараах байдлаар хууль зөрчсөн, үндэслэл бүхий байж чадахгүй гэж үзэж байна. Үүнд: Миний бие тус банкны зээл хариуцсан эрх бүхий албан тушаалтнуудтай 2019 оны 1 сараас хойш удаа дараа уулзаж нэхэмжлэлийн маргааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийг худалдан авах талаар санал хүсэлтээ илэрхийлж байсны дагуу 2019.03.20-ны өдөр 380,915,000 төгрөгийг худалдан авч буй байрны төлбөрт бэлнээр төлсөн. Мөн Баянзүрх дүүрэг, 8-р хороо, 106 дугаар байр, 138 тоот хаягт байрлалтай 55 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг Капитал банкинд шилжүүлэн өгснөөр миний төлбөр тооцоо дуусаж үл хөдлөх хөрөнгөө өөрийн нэр дээр шилжүүлэн авч өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д ...заасны дагуу******* миний бие нь тухайн хөрөнгийн үнийг бүрэн төлж өмчлөх эрхийн гэрчилгээг Улсын бүртгэлийн газраас хуульд заасан үндэслэл журмын дагуу бүртгэн надад гаргаж өгсөн. Иймд би өөрийгөө өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэж байна. Мөн ИХШХШТХ-ийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасны дагуу шүүгч иргэний хэрэг үүсгэх эсэх нь тодорхойгүй байхад нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 69 дүгээр зүйлийн 69.1.5-д заасныг үндэслэн хариуцагчид өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхгүй байх талаар даалгахыг хүссэн хүсэлт гаргаж байгаа нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл, тухайн нэхэмжлэлийг хүсэлтийн хамтаар хүлээн авч байгаа нь ойлгомжгүй байна.******* миний бие нэхэмжлэлийг гардан авч уншиж танилцаад өөрийн нэр дээрх хөрөнгийнхөө талаар Улсын бүртгэлийн газраас 2019.09.26-ны өдөр лавлагаа авахад 2019.08.19-ний өдөр тусгай тэмдэглэл буюу түдгэлзүүлэх гэж миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна. Энэ тухай лавлан асуухад Цагдаагийн байгууллага, Нийслэлийн прокурорын байгууллагаас ирсэн бичгийн дагуу энэ үл хөдлөх хөрөнгө дээр битүүмжилсэн танд дэлгэрэнгүй тайлбар өгөх боломжгүй гэж хэлсэн. Мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох 2019.07.16-ны өдрийн 3/5433 тоот Улсын бүртгэлийн ерөнхий газраас Капитал банкны эрх хүлээн авагчид ирүүлсэн хариу хүргүүлэх тухай албан тоотод 2019.05.27-ны ЦЕГ-ын ЭЦА-ны 10а-3/3313 дугаартай албан бичиг, Нийслэлийн прокурорын газрын 1707 дугаартай прокурорын зөвшөөрлөөр хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тухай дурджээ. Энэ нь ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан ...уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх хуулийн зохицуулалттай байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хууль заасны дагуу хүлээн авахаас татгалзан шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2019/03370 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5-д зааснаар Капитал банк ХХК,******* нарын хооронд 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо 310 дугаар байр 104 тоот, зоорийн давхар 38, 39 тоот хаягт байршилтай 200 мкв талбайтай орон сууц, автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг*******-ийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч*******д үүрэг болгож, Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч*******аас улсын тэмдэгтийн хураамжид 1,657,950 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 419 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2019/03370 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,657,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:******* дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй Сандагийнд холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгчийн хувьд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.19-ний өдрийн 419 дугаартай магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.16-ны өдрийн 102/ШШ2019/03370 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхдээ маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг, эрх бүхий этгээдүүдийн холбогдуулан шалгаж буй эрүүгийн хэргийн явцад битүүмжилж, захиран зарцуулах эрхийг нь холбогдох хуулийн байгууллагаас хязгаарласан байгаа тохиолдолд шүүхээс тухайн эд хөрөнгийн өмчлөлийн талаарх маргаантай иргэний хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болох нь дараах тайлбараар тогтоогдоно. Үүнд: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь******* болон иргэн******* нарын хооронд 2019.03.21-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох бөгөөд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар*******ын өмчлөлд шилжсэн улсын бүртгэлийн Ү-2206012716 дугаарт бүртгэлтэй Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Тэнгэр рашаан гудамж, 310 дугаар байр, 104 тоот, Зоорийн давхар 38 тоот, 39 тоот хаягт байршилтай 200 м.кв талбайтай, орон сууц, автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг*******-ийн өмчлөлд буцаан шилжүүлэхээр шаардлага гаргасан. Цагдаагийн байгууллагаас Капитал банкны гүйцэтгэх захирал, гүйцэтгэх захирлын орлогч*******, зээлийн газрын захирал*******, зээлийн төвийн захирал******* нарт холбогдох 1902002900121 дугаартай эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан нь******* болон иргэн******* нарын хооронд 2019.03.21-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг иргэний шүүх шийдвэрлэхэд саад болохгүй. Учир нь******* дахь Банкны эрх хүлээн авагч болон Сандагийн нар нь тус эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч биш болно. Нөгөө талаар нэхэмжлэлийн шаардлага нь өмчлөлийн талаар болон өмчлөгчөор тогтоолгох тухай маргаан биш бөгөөд хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох байсныг давж заалдах шатны шүүх анхаарсангүй. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэлийг тухайн эрүүгийн хэрэг шийдвэрлэгдээгүй байхад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэхийг хориглоно гэж заасан тул иргэний шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болно гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон. Учир нь нэхэмжлэлийн шаардлага нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэл биш бөгөөд******* дахь Банкны эрх хүлээн авагч болон Сандагийн нар нь тус эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч биш болохыг дахин дурдах нь зүйтэй байна. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т Төлбөрийн чадваргүй болсон банкинд томилогдсон банкны бүрэн эрхт төлөөлөгч, банкны эрх хүлээн авагчаас гаргасан нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөнө гэж заасны дагуу******* дахь Банкны эрх хүлээн авагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******д холбогдуулан*******,******* нарын хооронд 2019.03.21-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, уг хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрхийг шилжүүлсэн Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, 310 дугаар байр 104 тоотод байрлах 200 м.кв талбайтай орон сууц, мөн зоорийн давхрын 38, 39 тоот хаягт байршилтай автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг*******ын өмчлөлөөс гаргуулж*******-ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдан авч, төлбөрт 380,915,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн, мөн 50,000,000 төгрөгт тооцон Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Харуул алтай Хилчний /13280/ гудамж 106 дугаар байрны 138 тоот хаягт байрлах 55 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг*******-д шилжүүлж, үнийг төлсөн. ...маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг Цагдаагийн байгууллага, Нийслэлийн прокурорын байгууллагаас түдгэлзүүлж, прокурорын зөвшөөрлөөр хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан. ...уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй... гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн ...Цагдаагийн байгууллагаас Капитал банкны гүйцэтгэх захирал, ...нарт холбогдох 1902002900121 дугаартай эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан нь ...энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг иргэний шүүх шийдвэрлэхэд саад болохгүй. Учир нь******* дахь Банкны эрх хүлээн авагч болон******* нар нь тус эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч биш. Нөгөө талаар нэхэмжлэлийн шаардлага нь өмчлөлийн талаар болон өмчлөгчөөр тогтоолгох тухай маргаан биш бөгөөд хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тооцуулах нэхэмжлэл гаргасныг давж заалдах шатны шүүх анхаарсангүй... гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс*******-ийн гүйцэтгэх захирал болон бусад албан тушаалтнуудад холбогдуулан 1902002900121 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2019.05.27-ны өдрийн 1707 дугаартай зөвшөөрлөөр,*******аас бэлэглэлийн гэрээгээр*******-ийн өмчлөлд шилжүүлсэн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Харуул алтай Хилчний /13280/ гудамжны 106 дугаар байрны 138 тоот хаягт байршилтай, 55 м.кв талбайтай, хоёр өрөө байрны шилжилт хөдөлгөөнийг, мөн Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2019.08.09-ний өдрийн 2755 дугаартай зөвшөөрлөөр*******ын нэр дээр бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, 310 дугаар байр 104 тоотод байрлах 200 м.кв талбайтай орон сууц, мөн зоорийн давхарын 38, 39 тоот хаягт байршилтай автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг тус тус хязгаарлаж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1-д Мөрдөгч гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, үйлдэж олсон байж болох, эсхүл хэрэгт ач холбогдолтой хөрөнгийг нуух, устгах, эрх шилжүүлэх үндэслэл бүхий сэжиг байвал прокурорын зөвшөөрлөөр хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахаар зохицуулсан байх ба дээрх байдлаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг хуульд заасан журмын дагуу битүүмжилж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн нь тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 6-д гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэлийг тухайн эрүүгийн хэрэг шийдвэрлээгүй байхад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэхийг хориглоно гэж заасан бол, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар хуульчилсан. Хуулийн эдгээр зохицуулалтаас үзвэл маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг, эрх бүхий этгээдүүдэд холбогдуулан шалгаж буй эрүүгийн хэргийн явцад битүүмжилж, захиран зарцуулах эрхийг хязгаарласан тохиолдолд шүүхээс тухайн эд хөрөнгийн өмчлөлийн талаарх маргаантай иргэний хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзнэ.

Иймд энэ үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, ...65.1.8-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасанд нийцсэн байна.

Харин, давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ магадлалын тогтоох хэсэгт хэрэглэвэл зохих хуулийн зүйл, заалтыг зөв баримтлаагүй, мөн хэнд холбогдох хэргийг шийдвэрлэж буйг тодорхой тусгаагүй алдаа гаргасан тул энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 419 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 168 дугаар зүйлийн 168.1.7 гэснийг 117 дугаар зүйлийн 117.1 гэж өөрчлөн, 1 дэх заалтын хүчингүй болгож, гэсний дараа *******ийн нэхэмжлэлтэй*******д холбогдох гэж нэмж тус тус өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА

Х.СОНИНБАЯР

Д.ЦОЛМОН