Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 08

 

Л.Ч-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 211 дүгээр шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 60 дугаар магадлалтай, Л.Ч-т холбогдох 201709000338 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатарын гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1984 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Л-ын Ч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Л.Ч-г ялаас чөлөөлж, шүүгдэгч нь хохиролд 1,139,700 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгч Б.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч Л.Ч-г хорих ялаас чөлөөлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассугай” гэж өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялыг үндсэн, эрх хасах ялыг нэмэгдэл ялаар хэрэглэнэ” гэж, 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж тус тус заажээ. Нэмэгдэл ял гэдэг нь тухайн гэмт хэргийн онцлогоос шалтгаалан үндсэн ял дээр нэмж хэрэглэх ёстой ял ба дангаар хэрэглэж болохгүй, зөвхөн үндсэн ял дээр нэмж хэрэглэдэг ял. Анхан шатны шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр хорих ялаас чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй шийдвэр гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндсэн ял болох хорих ялыг шүүх оногдуулалгүй чөлөөлсөн тул нэмэгдэл ялаас нэгэн адил чөлөөлөгдөнө. Харин давж заалдах шатны шүүх үндсэн ял оногдуулаагүй байхад нэмэгдэл ялыг дангаар хэрэглэж шийдвэрлэсэн нь хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэлээ. Түүнчлэн шүүгдэгч Л.Ч нь гэмт хэрэгт холбогдсон үеэс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлсөн. Гэтэл давж заалдах шатны шүүхээс тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хамгийн дээд хэмжээ болох 3 жилээр хасаж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр боллоо. Учир нь шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримталсангүй. Мөн шүүгдэгч Л.Ч-т холбогдох хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нэг ч нөхцөл байдал байдаггүй. Иймд дээрх нөхцөл байдлыг үндэслэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Хэрэв хяналтын шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмэгдэл ял хэрэглэх үндэслэлтэй гэж үзвэл хамгийн бага хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Х.Батчимэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгчийг хорих ялаас чөлөөлснөөс биш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан эрх хасах нэмэгдэл ялаас чөлөөлөөгүй. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт нэмэгдэл ялыг заавал хэрэглэнэ гэж заасан. Давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг хөнгөрүүлэх буюу хүндрүүлэх эрх байгаа болохоос биш шинээр ял нэмж оногдуулах эрх хэмжээ олгогдоогүй бөгөөд давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатарын гаргасан гомдлыг үндэслэн Л.Ч-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүх Л.Ч-г тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Л.Ч-г ялаас чөлөөлж шийдвэрлэхдээ ямар төрлийн, ямар хэмжээтэй ялаас чөлөөлж байгаа үндэслэлээ тодорхойлж, тогтоогоогүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Учир нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн хүнд зөвхөн хорих ял оногдуулсан тохиолдолд хэрэглэх бөгөөд оногдуулсан хорих ялаас чөлөөлөх, оногдуулсан хорих ялыг тодорхой хувиар багасгаж хөнгөрүүлэх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэхээр зохицуулсныг буруу хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх шаардлагатай гэж дүгнэв.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээс шүүгдэгчид ял оногдуулаагүй байхад тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял оногдуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан эрх хэмжээг зөрчсөн нь магадлалыг хүчингүй болгох үндэслэл болно. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4, 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг нь анхан шатны шүүхээс ял оногдуулсан тохиолдолд уг ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх эрх хэмжээ юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, гомдлыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 211 дүгээр шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 60 дугаар магадлалыг хүчингүй болгож, Л.Ч-т холбогдох хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

                                ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                                      Д.ГАНЗОРИГ

                                                                                                      Ч.ХОСБАЯР

                                                                                                      Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН