Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2021/01498

 

  *******ы нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/02583 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 259 дүгээр магадлалтай, 

*******ы нэхэмжлэлтэй,

Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т холбогдох,

Лицензийн төлбөрт 1,576,200,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 2008.12.23-ны өдрийн патент лицензийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалангийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагиймаа, түүний өмгөөлөгч Э.Ганхөлөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан, түүний өмгөөлөгч Д.Алтансүх, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******, С.Эрдэнэтовч болон Ч.Ариунбат нар нь 2006 онд троллейбус JEA-800, тогтмол тоон гүйдлээр хурдыг удирдах JAF & N систем, JAF-01 тогтмол гүйдлийн хувиргуур, хосолмол тэжээлийн үүсгэвэрт троллейбус Дуобус-МЛ, троллейбус JEA-800 зэрэг оюуны бүтээлийг бүтээж, 2007 он болон 2008 онуудад троллейбус JEA-800 бүтээлд 2927 дугаар, JAF-01 тогтмол гүйдлийн хувиргуур бүтээлд 3178 дугаар, тогтмол тоон гүйдлээр хурдыг удирдах JAF & N систем бүтээлд 3177 дугаар, хосолмол тэжээлийн үүсгэвэрт троллейбус Дуобус-МЛ бүтээлд 3181 дугаар, троллейбус JEA-800 бүтээлд 1801 дугаартай патентуудыг тус тус авсан. Улмаар 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дээрх 2927 дугаартай патенттай троллейбус JEA-800, тогтмол тоон гүйдлээр хурдыг удирдах JAF & N систем, JAF-01 тогтмол гүйдлийн хувиргуур, хосолмол тэжээлийн үүсгэвэрт троллейбус Дуобус-МЛ зэрэг шинэ бүтээлд Цахилгаан тээвэр компанитай патентийн лицензийн гэрээ байгуулсан. Уг гэрээний 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт лиценз авагч нь шинэ бүтээлийг ашигласны төлбөрийг лиценз өгөгчид төлөх ба төлбөрийн хэмжээ талууд харилцан тохиролцсон шийдвэрлэснээс хойш 4-5 жилийн дотор бэлнээр төлнө гэж заасан. Тодруулбал 2009-2012 оныг дуустал энэхүү гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан шинэ бүтээлүүдийн жил бүрийн төлбөрийг шинээр троллейбус, дуобус, электробус, монбусуудыг үйлдвэрлэснээр олсон орлого, цахилгааны хэмнэлт зэрэг бусад үр ашгаас тооцож олгоно гэж, 6.4 дэх хэсэгт лицензээр ашиглах шинэ бүтээлийн үнэт чанар, төрөл, ашиглах хэлбэр, үйлдвэрлэлийн хэмжээ, тооцоологдож байгаа эдийн засгийн үр ашиг, бодит орлогыг харгалзан лиценз шинээр троллейбус, дуобус, электробус, монбусуудыг үйлдвэрлэснээр олсон орлого болон хэмнэлтээс олсон орлогыг жил тутамд 25%-тай тэнцэх хэмжээний шимтгэлт төлбөрийг лиценз авагч лиценз өгөгчид жил бүр төлөх үүрэгтэй гэж заасан. Цахилгаан тээвэр ОНӨААТҮГ-ын 2014 оны аудиторын тайланд тусгагдсанаар 2006-2013 онуудад 50 ширхэг, 5.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий троллейбус, дуобус үйлдвэрлэж ашиглалтад оруулсан ба өөрийн нөөц бололцоогоо ашиглан дотооддоо троллейбус үйлдвэрлэн гаргаснаар дэлхийн зах зээлийн үнийн зөрүү, ашиглалтын үеийн цахилгааны зарцуулалтын хэмнэлт, нийт орлогын нийлбэрээр 21,3 тэрбум төгрөгний өгөөжтэй ажилласан байна гэж үзсэн. Патентийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5 дахь хэсэгт шинэ бүтээл бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар зохиогч нь шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг ашиглаж олсон бусад этгээдийн орлогоос зохих хэмжээний төлбөр авах эрхтэй гэж заасан. Патент эзэмшигч нар харилцан тохиролцсоны дагуу ******* нь төлбөрийн 37 хувийг авахаар тохиролцсоны дагуу 1 576 200 000 төгрөгийг гаргуулахаар Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т хандахад боломжгүй гэсэн хариуг өгсөн. Аудитын дүгнэлтийг шинжлэн судлахад 21.3 тэрбум төгрөгөөс 2006, 2007, 2008 оны хэмнэлт, олсон орлогыг, 2009-2014 оны хооронд хэдэн троллейбус үйлдвэрлээд, үүнээс хэдий хэмжээний ашгийг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ олсон бэ гэдгийг тооцож гаргасан байна. Өгөөжтэй ажилласан гэдэг нэр томьёо ойлгомжгүй байна гэж тайлбарлаж байна, олсон орлогоос ашгаа тооцно гэж байгаа ч талуудын хооронд байгуулсан патент лицензийн гэрээнд олсон орлого болон цахилгааны хэмнэлтээс гэсэн байгаа. Цахилгааны хэмнэлт гэж юуг хэлээд байна вэ гэвэл хэрвээ Монгол улс ОХУ-с троллейбус авдаг байсан бол одоо Монгол улсаас авснаар хэдий хэмжээний цахилгаан хэмнэж зарцуулаад байгаагаар оюуны бүтээлийг үнэлж, хэдий хэмжээний хэмнэлт хийсэн бэ гэдэг нь гарч ирэх боломжтой. Ийм учраас гэрээнд цахилгааны хэмнэлтээс тооцож болохоор заасан байсан. Московский загвар аудитын дүгнэлтэд тусгагдсан гэж тайлбарлаад байна. Энэ дүгнэлтэд зөвхөн Монголд үйлдвэрлэсэн троллейбусын дүгнэлт байгаа. Энд дурдаад байгаа 50 орчим троллейбус нь дотооддоо үйлдвэрлэсэн троллейбус юм. Иймд аудитын дүгнэлтэд дурдсан 21,3 тэрбум төгрөгийн 20 хувь буюу 1 576 200 000 төгрөгийг хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т шүүхэд гаргасан тайлбартаа: ...Патентийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.8 дахь хэсэгт ..энэ хуулийн 16.7 дахь хэсэгт зааснаар зохиогч өөрийн нэр дээр патент, гэрчилгээ авсан тохиолдолд ажил олгогч тухайн бүтээлийг ашиглахдаа патент, гэрчилгээ эзэмшигчид гэрээний үндсэн дээр зохих төлбөр төлнө гэж заасан. Патентийн лизензийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт лизенцийн төлбөрийн хэмжээг талууд харилцан тохиролцож шийдвэрлэснээс хойш 4-5 жилийн дотор төлбөрийг бэлнээр төлж эхэлнэ. Тодруулбал 2009-2012 оныг дуустал энэхүү гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан шинэ бүтээлүүдийн жил бүрийн төлбөрийг шинээр троллейбус, дуобус, электробус, монбус үйлдвэрлэснээр олсон орлого, цахилгааны хэмнэлт зэрэг бусад үр ашгаас тооцож олгоно. Лицензийн төлбөрийг 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр эсхүл 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө төлнө. Лицензийн төлбөрийг 2009-2012 он эсхүл 2009-2013 оныг дуустал олсон орлого ба хэмнэлтээс 4-5 жилээр нь нийлүүлэн бодож олгоно гэжээ. Энэхүү нэхэмжлэл нь Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт эдийн бус хөрөнгөнд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж заасан зохицуулалт хамаарахгүй бөгөөд 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацаа 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 3 жилээр тооцоход дууссан байна. Мөн энэхүү 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан лицензийн гэрээг Оюуны өмчийн газарт хэзээ 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүсэлт өгч бүртгүүлсэн нь Патентийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэгт лиценцийн гэрээг бичгээр үйлдэх бөгөөд оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно гэж заасантай нийцэхгүй. Мөн хуулийн 19.7 дахь хэсэгт энэ хуулийн 19.6 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасантай нийцэж байгаа эсэх нь тодорхойгүй, энэ талаар нотлох баримт байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Талуудын хооронд байгуулагдсан патентийн гэрээ болон үр ашиг хуваах гэрээнд 2008-2012 эсхүл 2009-2013 гэсэн хоёр тоо байгаа. Алийг нь баримталж шийдвэрлэх вэ гэдэг нь ойлгомжгүй. Мөн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-т 2012 оныг дуустал жил бүр төрөл бүрийн троллейбус үйлдвэрлэсэн олсон орлого, цахилгааны хэмнэлтээс тооцож олгоно гэсэн. Гэтэл аудитын дүгнэлтийн 3 дахь хэсэгт Цахилгаан тээвэр ОНӨААТҮГ нь 2006-2014 оны хооронд 50 ширхэг 5.5 тэрбум төгрөгийн троллейбус, дуобус автобусыг ашиглалтад оруулсан, 21.3 тэрбум төгрөгийн өгөөжтэй ажилласан байна гэж бичсэн тайлангаас харахад 2006-2013 оны үр ашгийг тооцсон юм шиг харагдаж байна. Энэ талаар тодруулахаар шинжээч томилуулах хүсэлт гаргасан ч шүүх хүлээн авсангүй. Өөр нэг дүгнэлтэд байгаа үндэслэл нь 2009-2013 оны санхүүгийн баримт, үр ашгийн тооцоог үндэслэн явуулав гэж нүүрэн дээр бичсэн байгаа. Гэтэл цахилгаан тээвэр компани нь төрийн өмчийн оролцоотой. 2009-2013 оны санхүүгийн тайланд хараат бус аудитын тайлан гэж жил бүр гаргаж улсад өгдөг. Эдгээр тайлангаас харвал 2009-2013 оны хооронд нэг ч удаа ашигтай ажилласан зүйл байдаггүй. Их хэмжээний сэлбэгийн зардал, ажилчдын зардал, урсгал зардалд өгсөн зардал нь байгууллагын алдагдал хүлээх эх үүсвэр нь болсон баримтууд байгаа. Гэтэл ямар байдлаар өгөөжтэй гэж бичиж байгаа нь ойлгомжгүй. Мөн хавсралт хэсгээс харахад 50 ширхэг троллейбус үйлдвэрлэсний үр ашгийн тооцоог гаргасан байгаа боловч үүнд Московский завод JEA800 гэж патентийн эрх авсан троллейбус байхад үүнтэй хамааралгүй нэмээд олон тооны буюу 13 ширхэг московский загварын троллейбусыг оруулан тооцсон, он сарыг нь 2006 оноос эхлэн тооцсон, санхүүгийн үр ашгийн тооцоонд дандаа алдагдалтай ажилласан харагдаж байгаа. Мөн 21,3 тэрбум төгрөгийн өгөөжтэй гэсэн байгаа ч өгөөж гэдэг санхүүгийн хэллэг байхгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээнд үр ашгаас тооцно гэсэн. Үр ашиг гэдэг нь орлогоос зарлагыг хасаад гарсан цэвэр ашгаас гарсан 20 хувь. Гэтэл энэ дүгнэлтэд нийт орлого олсон буюу 21,3 тэрбум төгрөгөөр нь бичсэн байгаа нь учир дутагдалтай тул дахин шинжээч томилохгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Эрдэнэтовч, Ч.Ариунбат нар шүүхэд гаргасан тайлбартаа: ...Уг патенттай холбоотой асуудлаар өмнө нь шүүхээр шийдвэрлүүлж шүүхийн шийдвэр гарч энэ асуудал шийдвэрлэгдсэн тул бид уг хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй оролцох шаардлагагүй юм. Иймд миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цахилгаан тээвэр ОНӨААТҮГ нь хариуцагч *******тай 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр патентийн лицензийн гэрээг байгуулсан. Энэ гэрээг байгуулах үед гэрээний нэг тал болох лиценз өгөгч тал ******* нь гэрээний нөгөө тал болох лиценз авагч хуулийн этгээдийн захирлын албан тушаалыг хашиж байсан байдаг. Патентийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дахь хэсэгт албан үүргээ гүйцэтгэх буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад бүтээсэн шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент ашигтай загварт гэрчилгээ авах эрхийг гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил олгогч эдэлнэ гэснийг зөрчиж захирал ******* нь эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх үүрэг бүхий үр дүнгийн гэрээгээ үл тоон оюуны өмчийн газраас янз бүрийн гэрчилгээг гаргуулан авсан байдаг. Өөрөөр хэлбэл байгууллагынхаа эдийн засгийг сайжруулах гэрээгээр хүлээсэн үүрэгтэй атлаа эдийн засаг сайжруулах нэрийдлээр хувьдаа гэрчилгээ гаргуулж авах биш байгууллагадаа гэрчилгээ авах эрхийг олгох ёстой байсан гэж үзэж байна. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт зааснаар тухайн байгууллагыг итгэмжлэлгүйгээр цор ганцаар төлөөлөх эрхтэй этгээд атал өөрөө өөртэйгээ гэрээ байгуулахаас зайлсхийх зорилгоор хуулийн этгээдийг хэлцэлд төлөөлөх эрхгүй, итгэмжлэлгүйгээр компанийн орлогч захирал Я.Лхагвасүрэн гэгчээр лиценз авагчийг төлөөлүүлэн гарын үсэг зуруулсан. Уг хүн нь байгууллагын дүрэм, ажлын байрны тодорхойлолтоор захирлыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд юм. Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн байдаг. Авилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан нь ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж дээрхи урьдчилан сэргийлэх хуулийг дагаж мөрдөх ёстой байдаг. Уг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт "Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан байгаа ба мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг хувийн ашиг сонирхол гэдгийг тодорхойлж өгсөн байдаг. Улмаар гэрээ байгуулахыг хориглохоос гадна уг хуулийн 8 дугаар зүйлийн 8.11 дэх хэсэгт Энэ хуулийн 23.8-д заасан журамд заасны дагуу албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргах ёстой байдаг. Гэтэл өөрөө захирал байж аудитын компанид үүрэг чиглэл захиалга хүртэл өгч, ашгийн хэмжээг 4 тэрбумаар гаргуулаад зогсохгүй Оюуны өмчийн газраар үнэлгээг баталгаажуулж, тэрхүү үнийн дүнгээ байгууллагынхаа 2 этгээдтэй нийлж ашиг хүртэх байдлаар иргэнийхээ хувьд өөрийн хувийн ашиг сонирхлын үүднээс байгуулж байгаа нь хууль тогтоомж болон ёс зүйг зөрчсөн асуудал юм. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэг, 56.1.8 дахь хэсэгт зааснаар 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Патентийн лицензийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: ...Патентийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.7-д ажил олгогч шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг бүтээснээс хойш 6 сарын дотор мэдүүлэг гаргаагүй бол зохиогч нь мэдүүлэг гаргах эрх эдэлнэ гэж хуульд заасан байгаа тул *******ы энэ үйлдлийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай болон авилгын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн гэж тайлбарлаад байна. Энэ урт нэртэй хууль 2012 онд батлагдсан, манай харилцаа бол 2006-2008 оны хооронд болсон болохоор энэ хууль болон авилгатай тэмцэх тухай хуульд заасан үүргээ биелүүлэх ёстой гэдгийг нэхэмжлэгч өөрөө мэдээд авилгатай тэмцэх газар гаргаж өгөх боломжгүй. Тиймээс энэ гэрээ хууль ёсны дагуу байгуулагдсан учраас хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Патент лицензийг ******* ганцаараа эзэмшээгүй, *******аас гадна хоёр иргэн байгаа. Тус гэрээг өөрөө эзэмшээд, өөртэйгээ гэрээ хийсэн зүйл байхгүй. Энэ хоёр хүн ******* гэдэг хүнтэй хамтарч бүтээл хийгээд, хамтарч эзэмшиж байгаагаараа энэ хоёр хүн хохирч болохгүй. Тиймээс патент лицензийн гэрээ үндэслэлтэй, олгосон гэрчилгээ нь үндэслэлтэй, үндсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.02-ны өдрийн 183/ШШ2019/02583 дугаар шийдвэрээр: Патентийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазраас 1,576,200,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазрын *******д холбогдуулан гаргасан патентийн лицензийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,038,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 8,038,950 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.31-ний өдрийн 259 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.02-ны өдрийн 183/ШШ2019/02583 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 1,576,200,000 гэснийг 1,103,991,766 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,708,710 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх болоод давж заалдах шатны шүүх холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, мөн давж заалдах шатны шүүх нь ИХШХШТХуулийн 166 дугаар зүйлийн 166. 4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хэргийг хянаж үзэх үүргээ биелүүлээгүй. Анхан шатны шүүхийн шүүгч нь илтэд нэг талд ашигтайгаар шийдвэр гаргахын тулд хариуцагч байгууллага 2009-2013 онуудад ашиг орлогогүй, алдагдалтай ажилласан санхүү, татвар, аудитын тайланг гаргаж өгсөөр байтал зөвхөн нэхэмжлэгчийн гаргаж өгсөн Дөлгөөн Хайрхан уул ХХК-ийн аудитын тайланд үндэслэсэн. Хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлтийг ямар ч үндэслэлгүй хүлээн аваагүй болно. Энэ байдлыг давж заалдах шатны шүүх огт хянаж магадлаагүй байна. Түүнчлэн хариуцагч тал давж заалдах гомдолдоо Нэхэмжлэгч ******* нь 2003-2014 онуудад Цахилгаан тээвэр ХК-ийн захирлаар ажиллаж байх хугацаандаа Зам тээвэр хөгжлийн яамнаас зарласан тендэрт оролцож, 2011.05.11 ны өдөр 12 ширхэг дуобусыг угсрах ажлыг 2012.12.20 нд дуусгахаар гэрээ байгуулсан байдаг. Улмаар 2 ширхэг дуобусыг хугацаандаа угсраагүйн улмаас манай хариуцагч байгууллага эрх залгамжлагчийнхаа хувиар захиалагч талд 237 г42 166 төгрөгийн өр төлбөртэй болсон. Ийнхүү өртэй болсон шалтгаан нь Цахилгаан тээвэр компани нь сонгон шалгаруулалтын журмаар өөрөө санал гаргаж 12 ширхэг дуобусыг угсарч нийлүүлэх гэрээ байгуулчхаад түүнийгээ биелүүлээгүй явдал ба эрсдэлээ тооцоолоогүй гэрээ байгуулсан захирлын буруутай үйл ажиллагаа байгааг харуулж байгаа тухай дурдаж нэхэмжлэгч хугацаандаа 2 ширхэг доубусыг хугацаандаа угсааргүйн улмаас байгууллагад 237 942 166 төгрөгийн хохирол учруулсныг хасч тооцуулна гэсэн давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ учруулсан хохиролд 237 942 166 төгрөг гаргуулахаар хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй энэ талаар анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэтгэлцээгүй тул уг гомдлыг хангах боломжгүй. Уг асуудлаар нэхэмжлэлийн шаардлага гаргах, харилцан мэтгэлцэх, маргаан үүсгэхэд энэхүү магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй байна гэж дүгнэсэн. Угтаа бол нэхэмжлэгч ******* нь цахилгаан тээвэр компанийн захирлаар ажиллаж байх хугацаандаа 12 ширхэг дуобусыг угсарч нийлүүлэх гэрээ байгуулчхаад гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй шалтгаанаар / 2 дуобус угсраагүй/ захиалагч болох Зам тээвэр хөгжлийн яам нь манай байгууллагад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-өдрийн 85 дугаар магадлал, 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор 2 ширхэг доубусыг биет байдлаар нь буюу гэрээний гүйцэтгэл шаардаагүй, гэрээг цуцалж шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө буцаан шаардсан нь хууль зүйн үндэслэлтэй хэмээн дүгнэж манай байгууллагыг 237 942 166 төгрөгийн өр төлбөрт оруулсан явдал нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааг тодорхой харуулсан. Иймд 2020 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн 259 дугаартай давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж хариуцагчаас 866,049,599 төгрөгийг гаргуулж, зөрүү болох 237,942,166 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч ******* нь Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т холбогдуулан 2008.12.25-ны өдрийн Патентийн лицензийн гэрээ-ний дагуу ашигтай загварыг ашигласны орлогоос 1,576,200,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт зааснаар дээрх лицензийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/778 дугаар захирамжаар Цахилгаан тээвэр НӨҮГ-ыг татан буулгаж, үйл ажиллагааг нь Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазарт нийлүүлсэн, нэхэмжлэгч нь Цахилгаан тээвэр НӨҮГ-тай байгуулсан гэрээний асуудлаар маргаж, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-г хариуцагчаар тодорхойлсон байна.

 

Анхан шатны шүүх Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазраас 1,576,200,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, хариуцагчаас нэхэмжлэгч *******д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

 

Давж заалдах шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 1,576,200,000 гэснийг 1,103,991,766 гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

1. Шүүхүүд хэрэгт байгаа нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, дүгнэх талаарх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан шаардлагыг зөрчсөн, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой биш байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Ч.Ариунбат, С.Эрдэнэтовч, ******* нарт Монгол Улсын Шадар сайдын тушаалаар :

- троллейбус JEA-800 бүтээгдэхүүний загварын 1801 дугаар патентийг 2007.01.16-ны өдрөөс эхлэн 10 жил,

-хосолмол тэжээлийн үүсгэвэрт тролейбус Дуобус-МЛ шинэ бүтээлийн 3181 дугаар патентийг 2008.07.16-ны өдрөөс эхлэн 20 жил,

роллейбус JEA-800 шинэ бүтээлийн 2927 дугаар патентийг 2007.01.16- өдрөөс эхлэн 20 жил,

 

Ч.Ариунбат, ******* нарт:

JAF-01 тогтмол гүйдлийн хувиргуур шинэ бүтээлийн 3178 дугаар патентийг 2008.07. 16-ны өдрөөс 20 жил,

- тогтмол тоон гүйдлээр хурдыг удирдах JAF & N систем шинэ бүтээлийн 3177 дугаар патентийг 2008.07.16-ны өдрөөс 20 жилийн хугацаагаар тус тус олгожээ.

 

Патентийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д Сонирхогч этгээд патент олгосон шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, гэрчилгээ бүхий ашигтай загварыг ашиглах тохиолдолд патент, гэрчилгээ эзэмшигчтэй лицензийн гэрээ байгуулна гэж заасныг үндэслэн патент эзэмшигч *******, Ч.Ариунбат, С.Эрдэнэтовч нар болон Цахилгаан тээвэр компанийн хооронд 2008.12.25-ны өдөр 02 тоот Патентийн лицензийн гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч нь патентийг эзэмших эрхтэй эсэх, патентийн хүчинтэй эсэх, хураамж төлсөн эсэхэд маргаагүй байна.

 

Патентийн лицензийн гэрээ-ний 6-ийн 6.3-т ...бүтээгдэхүүний загварын жил бүрийн төлбөрийг шинээр троллейбус үйлдвэрлэснээр олсон орлого, цахилгааны хэмнэлт зэрэг бусад үр ашгаас тооцож олгоно..., 6.4-т ...лицензээр ашиглаж байгаа бүтээгдэхүүний загварын үнэт чанар, төрөл, ашиглах хэлбэр, үйлдвэрлэлийн хэмжээ, тооцоологдож байгаа эдийн засгийн үр ашиг, бодит орлогыг харгалзан...шинээр троллейбус үйлдвэрлэснээр жил тутамд олсон орлого, цахилгааны хэмнэлтээс 20-25 хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлт төлбөрийг лиценз авагч нь лиценз өгөгчид жил бүр төлөхөөр тохиролцов гэж тус тус заажээ.

 

Мөн хэрэгт авагдсан Төлбөр хуваах гэрээ-гээр Зорчигч тээвэр ОНӨААТҮГ-аас гаргуулах төлбөрөөс 37 хувьд ногдох төлбөрийг *******, 33 хувьд ногдох төлбөрийг С.Эрдэнэтовч, 30 хувьд ногдох төлбөрийг Ч.Ариунбат тус тус авахаар харилцан тохиролцсон байна.

 

Хэрэгт мөн 2014.01.24-ний өдрийн 14/7-01 дугаар хараат бус аудитын дүгнэлт авагдсан бөгөөд уг дүгнэлтийн 3-т Цахилгаан тээвэр компани нь нийт орлогын нийлбэрээр 21,3 тэрбум төгрөгийн өгөөжтэй ажилласан байна гэж дүгнэжээ.

 

Нэхэмжлэгч нь дээр дурдсан нотлох баримтуудыг үндэслэн Патентийн лицензийн гэрээний дагуу ашигтай загварыг ашигласны орлогоос 1,576,200,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон гэж тайлбарласан байна.

 

Гэтэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь дээр дурдсан гэрээнд заасан 1801 тоот шинэ бүтээгдэхүүний загварыг ашигласантай холбоотой гэрээний үүргийн биелэлттэй холбоотой, эсхүл нийт 5 буюу бүтээгдэхүүний загварын 1, шинэ бүтээлийн 4 патенттай холбоотой эсэх нь тодорхой бус, үүнийг тодруулсны үндсэн дээр маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай.

 

Хэрэгт авагдсан Оюуны өмчийн газрын 2014.01.10-ны өдрийн Оюуны өмчийн үнэлгээ баталгаажуулсан дүгнэлт-ээр нэхэмжлэгчид хамаарах шинэ бүтээл болон бүтээгдэхүүний загварын үнэлгээг нийтэд нь 4,260,000,000 төгрөгөөр үнэлэх боломжтойг тогтоож баталгаажуулсан бол Патентийн лицензийн гэрээ-ний 1-ийн 1.3-т Лицензийн бүтээгдэхүүнд 1801 тоот шинэ бүтээгдэхүүний загвар хамаарна гэж заасан байгааг шүүхүүд анхаараагүй байна.

 

Тухайлбал, дээрх гэрээний үүргийн биелэлттэй холбоотой маргаан гэж үзвэл энэ нь зөвхөн бүтээгдэхүүний загварын лицензтэй холбоотой гэж үзэхээр бөгөөд үүнтэй холбоотой нэхэмжлэлийн үнийн дүн, нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримт тодорхой бус байна.

 

2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гэрээний үүрэгтэй холбож, гэрээний үүргийн харилцаа гэж үзэж байгаа, хариуцагч нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргасан учраас шүүхээс хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай.

 

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой бус байхад шүүхүүд маргааныг талуудын хооронд байгуулсан гэрээний үүргийн биелэлттэй холбоотой гэж дүгнэсэн атлаа, гэрээний зүйл нь оюуны өмч буюу эдийн бус хөрөнгө хэмээн, Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

 

Дээрхээс үзвэл талуудын хоорондох эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, үүний үндсэн дээр хөөн хэлэлцэх хугацааны асуудлаар дүгнэх нь зөв болно.

 

3. Маргааны зүйл болж тодорхойлогдож байгаа Патентийн лицензийн гэрээ-г лиценз өгөгч талыг төлөөлж Ч.Ариунбат, С.Эрдэнэтовч, *******, лиценз авагч талыг төлөөлж Цахилгаан тээвэр компани-ийн орлогч Я.Лхагвасүрэн нар байгуулж, гарын үсгээ зуржээ.

 

******* нь гэрээ байгуулах үед Цахилгаан тээвэр компанийн захирлаар ажиллаж байсан, энэ гэрээнд хуулийн этгээдийг хэлцэлд төлөөлөх эрхгүй Я.Лхагвасүрэн гэгч нь төлөөлөх итгэмжлэлгүйгээр гарын үсгээ зурсан гэх үндэслэлээр гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хариуцагч гаргасан.

 

Шүүхээс сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо нотлох баримтад үндэслээгүй, тухайлбал, Я.Лхагвасүрэн нь итгэмжлэлээр төлөөлөх эрхтэй болохыг нэхэмжлэгчийн зүгээс нотлоогүй байхад шүүхүүд ... ******* нь байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй..., өөрөө гэрээний нэг тал учраас Я.Лхагвасүрэн гэрээнд гарын үсэг зурсныг буруутгах боломжгүй... гэх үндэслэл муутай дүгнэлт хийжээ.

 

Түүнчлэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хамаарах гэрээний нэг тал нь Ч.Ариунбат, С.Эрдэнэтовч, ******* нарын 3 иргэн байхад зөвхөн *******д холбогдуулж сөрөг нэхэмжлэл гаргасан, үүний улмаас бусад этгээдийн эрх хөндөгдөх эсэхэд дүгнэлт өгөх зэргээр хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг анхаарах шаардлагатай.

 

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өмгөөлөгчөөс аудитын дүгнэлт эргэлзээтэй талаар тодорхой үндэслэлүүдийг зааж, шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх ... аудитын дүгнэлт буруу, эргэлзээтэй, тооцоолол алдаатай эсэх нь баримтаар тогтоогдоогүй... гэж өөрөө шууд урьдчилан дүгнэлт хийж, хүсэлтийг хангахаас татгалзаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй, 47 дугаар зүйлийн 47,1-д ...тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачлагаар ...шинжээчийг томилно гэж тус тус заасныг ноцтой зөрчсөн.

 

5. Нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой болгох, нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийг зааглан ялгах, шаардлага тус бүрийн үндэслэлийг анхаарч, хэргийн нөхцөл байдал, маргааны зүйлийн талаар Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн эрх зүйн дүгнэлт хийх үүргээ анхан болон давж заалдах шатны шүүх хангалттай биелүүлсэн гэж үзэхээргүй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх алдаа зөрчлийг хяналтын шатны шүүхээс залруулж, хэрэгт цугларсан баримтын хэмжээнд дүгнэлт хийж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсанаар төлбөрийн үнийн дүнг багасгаж шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах байдлаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.

 

Шүүхүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа гаргасан талаар хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан нь үндэслэлтэй, энэ нь шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үр дагаврыг бий болгох юм.

 

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.02-ны өдрийн 183/ШШ2019/02583 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.31-ний өдрийн 259 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 1,347,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Л.АТАРЦЭЦЭГ

 

Г.БАНЗРАГЧ

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД