Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 538

 

Т.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2017/02799 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Т.А-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Д х” ХХК-д холбогдох

 

Барилгын захиалга авах гэрээнээс татгалзаж гэрээний төлбөр 130 000 000 төгрөгт тооцож өгсөн 40 м.кв талбайтай 3 өрөө байр болон 16 000 000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

73 589 773 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр “Д х” ХХК-тай Барилгын захиалга авах гэрээг Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр. Өгөөмөр гэдэг газарт 2 давхар сувиллын зориулалттай барилга бариулах зорилгоор анх байгуулсан. Гэрээгээр 576 м.кв талбайтай 2 давхар барилгыг 2-4 сарын хугацаанд барихаар тохиролцсон. Барилгын ажил 2015 оны 6 сараас эхэлсэн. Гэтэл барилгын ажил эхэлсэнээс хойш сарын дараа гүйцэтгэгчийн зүгээс энэ жилдээ багтааж барилгаа барьж амжихгүй тул нэмэлт гэрээ байгуулж 1 дүгээр давхрыг дуусгая гэсний дагуу 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Барилгын захиалга авах гэрээг байгуулсан. Уг гэрээгээр анхны гэрээнд бариулахаар тохирсон 576 м.кв талбайг 288 м.кв болгон өөрчилж барилгын нэг давхрыг барихаар болсон. Захиалагчаас барилгын санхүүжилтэнд 3 өрөө орон сууц 130 000 000 төгрөгөөр тооцож “Д х” ХХК-ийн хүсэлтээр орон сууцыг 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр Д.Энхжаргалын нэр дээр шилжүүлсэн. Мөн 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 10 000 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 6 000 000 төгрөг, нийт 16 000 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Захиалагчаас нийт 146 000 000 төгрөгийн санхүүлжилт олгосон. Ингээд бид 2016 оны барилгын ажилдаа зориулж санхүүжилт хайж ББСБ-д хандахад баригдаж байгаа барилгын чанар байдалд хөндлөнгийн шинжээч томилон дүгнэлт гаргуулсан ба дүгнэлтэд “...муу баригдсан барилга тул барьцаанд авих боломжгүй” гэсэн хариу гарсан. Энэ дүгнэлтээс болж бид эргэлзэж 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр зөвлөх инженер Ц.Ганбатаар барилгад дүгнэлт гаргуулсан. Зөвлөх инженерийн дүгнэлтэд барилга баригдах талбайд инженер геологийн судалгаа хийлгэж ул хөрсний нэр, төрөл, физик, механик шинж чанарын норматив болон тооцооны үзүүлэлтүүдийг тодорхойлуулаагүй, суурь суулгах гүнийг нарийвчлан тооцож гаргаагүй, барилгын суурийг нэг түвшинд төлөвлөөгүй, даацын тоосгон хана болон хамар хана тэдгээрийн холбоос, орон зайн нэгдсэн системийн бат бэх хөшүүнийг норм дүрэмд үндэслэж тооцоогүй, эзлэхүүн төлөвлөлтийг норм дүрэмд заасан хэмжээг баримтлахгүйгээр буруу төлөвлөсөн зэрэг нь “Барилга байгууламжийн буурь, суурь” БНбД 2.02.01.94 дэх хэсэг, мөн Барилгын бүтээц ба буурийн найдваршил ерөнхий шаардлага” БНбД 20-01-11 дэх хэсгүүдийг зөрчсөн байна. Зураг төслийг зөвшөөрөлгүй боловсруулсан ба тус сувиллын барилгын ДХ-01/2015 шифртэй зураг төсөл нь Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйл “10.1.1 дэх зургийн даалгавар, зураг төсөл зохиох норм, дүрэм, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн паспорт, газрын зөвшөөрөл, инженер-геологийн судалгааны дүгнэлт, техникийн нөхцөлийн дагуу зохиогдсон байх” гэсэн заалт, мөн “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм”-ийн 3.4 дэх заалтуудын шаардлагыг хангахгүй байна. Иймд ДХ-01/2016 шифртэй зураг төслөөр барилга угсралтын ажлыг гүйцэтгэх боломжгүй байсан. Холбогдох хууль, норм дүрмийн шаардлага хангахгүй зураг төслөөр барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн, барилгын суурь, ханын өргийн ажлын норм, дүрэм технологийн шаардлага, дэс дарааллыг баримталж гүйцэтгээгүй, хийц бүтээцийн бат бэх, нэгдмэл байдлаар ажиллах чадвараа алдсан зэргээс тус барилга нь 7 баллын газар хөдлөлтийн ачааллыг хүлээж авах чадваргүй  болсон бөгөөд Барилгын тухай хуулийн 9.1.1 дэх “хүн  ажиллаж,  амьдрах  таатай  нөхцөл бүрдүүлсэн, түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, галын аюулгүй байдлыг хангасан байх” гэсэн заалт, мөн “Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрэм” БНбД 22.01.01*2006-ын 3.36 дахь хэсгийг тус тус зөрчсөн байна. Мөн гүйцэтгэгч компани нь барилгын ажлыг зураг төсөлгүйгээр 2015 оны 6 сард эхлүүлсэн бөгөөд барилгын зураг төслийг 2016 оны 4 сард анх хийсэн. Энэ нь Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн. Иймээс тус сувиллын барилгыг цаашид үргэлжлүүлэн барих болон хүчитгэл, бэхэлгээ нэмж хийсний үндсэн дээр цаашид ашиглах ямар ч боломжгүй байна” гэжээ. Гэрээгээр барилгын ажлыг 2-4 сард багтаан барихаар тохирсон боловч гүйцэтгэгч нь үүргээ гүйцэтгээгүй тул гэрээнд заасны дагуу ажлын гүйцэтгэлийг шаардаж байсан боловч үр дүн гараагүй. Гүйцэтгэгч компани нь барилгын ерөнхий инженер Ц.Доржийг 2016 оны 4 дүгээр сард н.Наянбуу гэх инженерээр сольсон бөгөөд инженерүүдийн ажил хүлээлцэх үед бичигдсэн тэмдэглэлд “... 7 сард шалны цутгалт хийхдээ сан бохирыг хийхээ мартаж шалыг цутгасан, мөн 1 давхрын хучилтын хавтанг тавихад даацын цутгалт багана босголгүй мартаад цутгасан, зураг хийх зөвшөөрөл байхгүй учир санг хийж гүйцэтгээгүй, норм дүрмийнхээ дагуу гүйцэтгээгүй нь үнэн, засаж янзалж болно гэж Дорж инженер хэллээ” гэснээс үзэхэд гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүрэгтээ хайнга хандаж барилга барьж дуусгах хугацааг санаатайгаар хэтрүүлж барилгын хууль тогтоомж, норм стандартын дагуу биш, мэргэжлийн бус байдлаар ажилласан. Гүйцэтгэгч нь гэрээгээр тогтоосон хугацаанд барилгыг барьж гүйцэтгээгүй барилгын ажил дутуу хийгдэж, чанарын шаардлага хангаагүй зэрэг нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д “захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх”, мөн гэрээний 5.1-д “барилгын ажлыг батлагдаагүй зургаар барилга байгууламжийн батлагдсан журмын дагуу хугацаанд нь чанаргүй гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн бөгөөд захиалагч талаас 1 жил гаруй хугацаанд үүргээ гүйцэтгэх боломж олгосон бөгөөд үүргээ гүйцэтгээгүй ба захиалагч нь цаг хугацаа болон эдийн засгийн хувьд хохирол хүлээсэн. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзаж гэрээний төлбөрт бэлэн бусаар өгсөн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 15 дугаар байрны 32 тоот хаягт байрлах, 40 м.кв, 3 өрөө орон сууц, бэлнээр төлсөн 16 000 000 төгрөгийг хариуцагч “Д х” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2015 оны 5 дугаар сарын 27, мөн оны 8 дугаар сарын 05-ны өдөр гэрээнүүд байгуулсан 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн гэрээг байгуулахдаа Өгөөмөр гэх газарт энгийн амины орон сууц барих гэрээ байгуулсан. 576 м.кв талбай бүхий 633 600 000 төгрөгийн үнэ бүхий гэрээ байгуулсан. Хавсралтаар төлбөр төлөх хуваарийг дурдаж өгсөн. 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр гэрээ байгуулахдаа өөрчлөлт оруулсан. Энгийн тоосгон орон сууц гэх барилга барихаар 288 м.кв талбайтай болгож, 316 800 000 төгрөгийн үнэ бүхий барилга барина гэж тохиролцоод гэрээг байгуулсан. Нэмэлт ажил дээр гадна өнгөлгөө 10 000 000 төгрөг, бусад ажлуудыг хэвээр үлдээж, 349 100 000 төгрөгийн гэрээг байгуулсан байдаг. Хавсралтаар төлбөр төлөх талаар харилцан тохиролцсон. Гэрээ байгуулахад 130 000 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг шилжүүлнэ гэсэн тохиролцоотой. Захиалагч тал санхүүгийн асуудлаа шийдэж чадахгүй байсаар байгаад 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр гэрээг байгуулсан. Урьдчилгаа өгөх боломжгүй байсан болохоор гэрээг өөрчилсөн 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 3 өрөө байрыг шилжүүлсэн. 16 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Хуваарийн дагуу 2 дахь санхүүжилт хийх өдрөө төлбөрөө төлөөгүй. Хуваарийг зөрчсөн нэхэмжлэгч тал “..гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй учраас гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд өгсөн төлбөрүүдийг гаргуулах” гэж тайлбарлаж байна. Хууль тогтоомж, нормын дагуу зураг төсөл хийгээгүй, үүний дагуу барилга баригдаагүй гэж байна. Захиалагч Т.А- өөрөө зураг төслөө гүйцэтгэгч талд гаргаж өгсөн үү гэдэг асуудал гарна. Ийм зураг өгөөгүй бол манайх план барилгын зураг төслөөр барина. Үүний дагуу барилга баригдахад эрсдэлийг захиалагч тал хариуцна гэж тохиролцоод гэрээг байгуулсан. План зургаар барилга барихыг хүлээн зөвшөөрөөд барилгыг барьсан. Барилга байгууламжтай холбогдох баримт бичгийг захиалагч тал хуулиар хариуцах үүрэг хүлээсэн. Бүх үүргүүд захиалагч талд байсан. Энэ барилга чанаргүй, доголдолтой байсан уу гэдэг асуудал байна. Хариуцагч өөрийн хөрөнгөөр захиалагчийн хүссэн барилгыг барьсан. Дүгнэлтээр 77 000 000 төгрөгийн ажил явагдсан гэж байгаа ч үүнээс илүү их зардал гарсан. Харилцан тохиролцсоны дагуу болохгүй байна гээд татгалзвал компаниас гаргасан зардлыг барагдуулах ёстой. Барилгад гарсан зөрчлүүд бүгд зураг төсөлд тусгагдаад баригдах ёстой. Шинжээчийн дүгнэлтүүд сувиллын барилга гэх үндэслэлээр дүгнэлт гарсан. Амины орон сууцыг сувиллын барилга гэж дүгнэлт гаргахад зөрчил гарахаас өөр аргагүй. Өөр геологийн дүгнэлтийг үндэслээд барилгыг барьсан гэдгийг нотлох баримт байхгүй. Магадлал, зураг төсөл хийгдээгүй. Барилгад хяналт тавих эрх захиалагч талд байгаа. Ц.Ганбат гэдэг хүний дүгнэлтээр барилгыг зогсоосон 2016 оны 6 сараас хойш зогссон барилга дээр өнөөдөр шинжээчийн дүгнэлт гаргаад байгаа нь эргэлзээтэй. Байгаль орчны эрсдэлийг тооцоолоогүй. 2 сарын хугацаанд барьж дуусах ёстой гэж байгаа ч 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр сүүлийн төлбөрийг төлнө гэж тохиролцсон нь гэрээний хугацааг тогтоож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 73 589 773 төгрөгийн зардал гарсан. Энэ нь шинжээчийн дүгнэлтэд заасан. Үүнээс илүү зардал гарсан боловч шинжээчийн дүгнэлтийг үндэслэж байна. Шинжээчийн дүгнэлт анхан шатны баримт болон цалингийн хүснэгтээр нотлогдож байна. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг үндэслэн Т.А- нь гэрээгээр хүлээсэн хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ зөрчсөн тул 73 589 773 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээ цуцлагдсан нөхцөлд энэ заалт хамаарна. Өөрөөр хэлбэл, Т.А- гэрээний үүргээ зөрчсөн байх ёстой. Иргэний xyyлийн 227 дугаар зүйлийн 227.2-д “нэг тал нь гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэ хуулийн 227.1-д заасан үндэслэл хамаарахгүй” гэж заасан байдаг. Т.А- гэрээний харилцаа дуусахад буруугүй. Сөрөг нэхэмжлэл гаргаж байгааг харахад талууд барилгын ажлын гүйцэтгэлийг үргэлжлүүлэх сонирхолгүй байгаа гэдэг нь xapaгдаж байна. Т.А- буруутай юу, үгүй юу гэдгийг тогтоох шаардлагатай. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1-т заасныг баримтлан “Д х” ХХК-иас 16 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 15 дугаар байрны 32 тоот хаягт байрлах, 40 м.кв, 3 өрөө орон сууц гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг үндэслэн Т.А-д холбогдох 73 589 773 төгрөг гаргуулах тухай “Д х” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.А-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 887 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Д х” ХХК-иас 237 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.А-д, 1 480 000 төгрөг гаргуулж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт тус ус олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2017/02799 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг эс хүлээн зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн гэрээний үүргийг “Д х” ХХК зөрчсөн болохыг тогтоосон. Нэхэмжлэгч талын гэрээний үнэд төлсөн 16 сая төгрөг, шилжүүлсэн орон сууцыг буцаан гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага дараах агуулгыг өөртөө илэрхийлнэ. Үүнд:

1. “Д х” ХХК нь гэрээний үүргээ зөрчсөн болохыг тогтоолгох,

2. Нэхэмжлэгч тал гэрээний төлбөрт мөнгөн төлбөр, үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлсэн болохыг тогтоолгох,

3. Нэхэмжлэгч талаас гэрээний үүрэгт шилжүүлсэн мөнгөн төлбөр, орон сууц нь нийлээд 146 000 000 төгрөгийн үнэ бүхий төлбөр төлсөн болохыг тогтоолгох,

4. Хэрэв “Д х” ХХК гэрээний үүргээ зөрчсөн гэж үзвэл 146 000 000 төгрөгийн хэмжээ бүхий үүргийг нэхэмжлэгч талд буцаах гэсэн агуулгыг тус тус илэрхийлнэ.

Шүүхийн шийдвэрт дээр дурдсан асуудлаар дүгнэлт хийсэн хэдий боловч 3, 4-т заасан агуулгын хүрээнд буюу 146 000 000 төгрөгийн үүргийг бүхэлд нь нэхэмжлэгч талд буцаан төлөх агуулга бүхий дүгнэлтийг орхигдуулсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, нэгэнтээ хариуцагч талыг гэм буруутай гэж үзсэн тул гэрээнээс татгалзсаны үр дагаварт харилцан буцаах үүргийн хэмжээг нэгдсэн байдлаар 146 000 000 болохыг дүгнэх шаардлагатай. Учир нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь 2 тусдаа бус харин гэрээний татгалзлын үр дагаврыг арилгах агуулга бүхий нэг шаардлага юм. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг 2 салгаж шийдсэн учраас 130 000 000 төгрөгийн хэмжээ бүхий шаардах эрх орхигдож байна. Хэрэв энэ хэрэг явсаар орон сууцыг гаргуулах боломжгүй хэмээн эцэслэн шийдэгдэхэд дараа нь тусдаа орон сууцны маргаан үүснэ. Тэрхүү шинээр үүсч буй маргааны тухайд мөн орон сууцыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага хангагдахгүй гэсэн шүүхийн шийдвэр эцэслэн гарвал 130 сая төгрөгийн хэмжээ бүхий шаардлага бүр мөсөн орхигдоно. Зөвхөн орон сууцны маргааныг шийдэх тухайн үеийн шүүх үзэхдээ 130 сая төгрөгийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний талаар хууль зүйн дүгнэлт өгөхөөс ажил гүйцэтгэх гэрээний гэм буруу, түүний татгалзлын үр дагавар болох 130 сая төгрөгийн хэмжээ бүхий үүргийг буцаах талаар дүгнэхгүй. Учир нь өмнө шийдэгдсэн хүчин төгөлдөр шийдвэр бүхий үйл баримт гэж үзнэ. Иймээс 130 сая төгрөгийн хэмжээ бүхий шаардлага орхигдох магадлалтай. Нэгэнтээ одоо энэ үүргийнхээ хүрээнд ажил гүйцэтгэх гэрээний татгалзлын үр дагаврын хүрээнд нийт 146 сая төгрөгийн үүргийг нэхэмжлэгчийн өмнө хүлээх ёстой болохыг дүгнэх нь зүйтэй. Товчхондоо орон сууц нэхэмжлэх шаардлагаа эрт, орой хэзээ нэгэн цагт алдахад 130 сая төгрөг нэхэмжлэх эрхгүй болохыг шүүхийн шийдвэрт нээлттэй үлдээх юм.

Гэрээг цуцалсан нөхцөлд хохирол, зардал нэхэмжлэх эрхтэй болдог. Нэхэмжлэгч гэрээг цуцлаагүй, харин гэрээнээс татгалзсан учир өгсөн авсан зүйлээ харилцан буцаах зарчын дагуу орон сууцаа буцааж авахыг шаардсан.

Нэхэмжлэгч тал орон сууцаа шилжүүлэхдээ хариуцагч талын хэлсэн этгээдийн нэр дээр шилжүүлсэн. Хариуцагч өөрийн нэр дээр эхэлж аваад хожим гуравдагч этгээдэд шилжүүлээгүй. Хариуцагч болон гуравдагч этгээдийн хооронд аливаа хэлцэл хийгдээгүй, энэ тухай хэрэгт aвагдаагүй.

Орон сууц шилжүүлэхдээ нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулж шилжүүлсэн. Энэ нь хэрэг дээрээ ажил гүйцэтгэх гэрээнд заасанчлан гэрээний төлбөр болох нь илэрхий үйл баримт юм. Орон сууц хэний өмчлөлд байгаагаас үл хамаарч анх хариуцагчийн өөрийнх нь хүсэлтийн дагуу нэр бүхий этгээдэд шилжүүлсэн, одоо ч тухайн этгээдийн нэр дээр байгаа. Харин орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлсэн этгээд цааш нь өөр этгээдэд шилжүүлсэн эсхүл анхнаасаа xapиуцагч өөрийн нэр дээр шилжүүлж аваад өөр этгээдэд шилжүүлчихсэн нөхцөлд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч болох талтай. Орон сууцны одоо байгаа өмчлөгч нь хариуцагчийн бусадтай байгуулсан гэрээний үүргийг өөртөө шилжүүлж авсан, түүнийг нь буцаан гаргуулснаар өмчлөгчийн эрх зөрчигдөхгүй. Хэрэв орон сууцны өмчлөгч, хариуцагч нарын хооронд хэлцэл байгаа бол орон сууцыг нэхэмжлэгч талд олгосноос үүсэх үр дагаврын тухай маргаан тухайн хоёр этгээдийн хооронд үүсэх учиртай. Хариуцагчийн нэр заасан этгээдэд байраа шилжүүлчихээд буцаагаад авах гэхээр заавал тухайн этгээдийг энэ хэрэгт оролцуулах ёстой байсан гэдгийг ойлгохгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан орон сууцыг одоо байгаа өмчлөгчөөс шаардах эрх нээлттэй гэсэн дүгнэлт, орон сууцыг буцаан гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үр дагавар адил гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Т.А- нь гэрээнээс татгалзаж, ажлын хөлс 130 000 000 төгрөгт тооцон шилжүүлсэн 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууц болон 16 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэнийг хариуцагч эс зөвшөөрч, ажлын хөлс 73 589 773 төгрөгийг шаардсан сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

 

Талууд 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Барилга захиалан бариулах нэртэй гэрээ байгуулж, хариуцагч нь Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багийн Өгөөмөр гэх газарт 576 м.кв барилгыг 2-4 сарын хугацаанд барьж нэхэмжлэгчид шилжүүлэх, нэхэмжлэгч нь ажлын хөлсөнд 694 500 000 төгрөгийг зохих хуваарийн дагуу хариуцагчид төлөхөөр тохиролцож, улмаар 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, барилгын хэмжээг 288 м.кв, ажлын хөлсний хэмжээг 349 100 000 төгрөг болгон багасгахаар тохиролцжээ.

 

Дээрх гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч Т.А- нь ажлын хөлс 130 000 000 төгрөгт тооцон өөрийн нөхөр В.Т-ын өмчлөлийн Баянгол дүүргийн 8 дугаар хоороо, 4 дүгээр хороолол, 15 дугаар байрны 32 тоотын 40 м.кв 3 өрөө орон сууцыг хариуцагчийн зөвшөөрлийн дагуу Д.Энхжаргалд 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гэрээгээр шилжүүлэн өгсөн болон 16 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

Хэрэгт авагдсан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 7/11756 тоот лавлагаа, 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000445003 тоот гэрчилгээгээр дээрх төлбөрт тооцон шилжүүлсэн орон сууцны өмчлөгчөөр Д.Э бүртгэгджээ.

 

Хариуцагчийн гүйцэтгэж буй ажил нь чанар байдлын хувьд доголдолтой гэх үндэслэлээр нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, төлбөрт шилжүүлсэн орон сууцыг буцаан гаргуулах агуулгатай шаардлагыг гаргажээ. Аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар шаардаж болохыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгээр зохицуулж, биет байдлаар буцаан өгөх боломжгүй тохиолдолд мөн хуулийн 205.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр мөнгөөр нөхөн төлөхийг зохицуулсан байхад анхан шатны шүүх энэхүү байдлыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Тодруулбал, орон сууцыг дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлд тооцон шилжүүлсэн этгээдүүд нь уг гэрээний хувьд ямар эрх үүрэгтэй оролцсон болон орон сууцыг биет байдлаар буцаан өгөх боломжтой эсэх үйл баримт тодорхойгүй тохиолдолд давж заалдах шатны шүүх маргааны үйл баримт, хууль хэрэглээний хувьд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхэд дүгнэлт хийж давж заалдах гомдолд хариу өгөх боломжгүй юм.

 

Өөрөөр хэлбэл, талууд маргаантай зүйлийн талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан эрх үүргийнхээ хүрээнд мэтгэлцсэн эсэх нь тодорхойгүй бөгөөд шүүх мөн хуулийн 6 дугаар зүйлд зааснаар мэтгэлцэх зарчмыг хангалттай хэрэгжүүлж, дээрх үйл баримтыг тодруулж чадаагүй байна.

 

Иймээс шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2017/02799 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.А- давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 807 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

 

                                                                       

                                          ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

 

                                                                                                 С.ЭНХТӨР