Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2022/00004

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 135/ШШ2020/00081 дүгээр шийдвэр, 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар магадлалтай, 

*******ын нэхэмжлэлтэй,

*******д холбогдох  

2,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай нарын хамтран гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *******той харилцан тохиролцож 2019.08.18-ны өдөр 16 шүдлэн үхэр тус бүрийг 800,000 төгрөгөөр тооцож нийт 12,800,000 төгрөгөөр зарсан. ******* үүнээс 10,600,000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн. Үлдэгдэл төлбөрөө төлж дуусаагүй байж байгаад 2019.08.26-ны өдөр очиж уулзахад махны үнэ хүрээгүй шүүхээр шийдвэрлүүл гэсэн. Махны үнэ хүрсэн үгүйгээс үл шалтгаалан 800,000 төгрөгөөр авахаар тохиролцож зарсан тул үлдэгдэл 2,200,000 төгрөгийг иргэн *******гоос гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2019.09.18-ны өдөр *******аас 16 тооны шүдлэн үхэр авсан нь үнэн болно. ******* нь дээрх үхэрнүүдээ надад өгөхдөө 130-140 кг-ын дундаж жинтэй үхэрнүүд байгаа гэж хэлсэн. Ингээд 2019.09.18-ны өдөр тууж авчирч надад өгсөн. Энэ үед би энэ үхэрнүүд чинь 120 кг дээш гулуузын жин гарч чадах уу гэж асуухад асуудалгүй гэж хэлсэн. Би үхэрнүүдийг хүлээн авсан. Маргааш нь мал нядалдаг хүмүүсээр нядлуулаад сэврээсний дараа надаас 130 кг-аас дээш жинтэй махыг 7,000 төгрөгөөр авна гэж ярьсан С.Сарантуяа ченжид өгөхөөр Д.Өлзийбат гэдэг жолоочид ачуулаад складанд очиж жинлүүлэхэд 100-126 кг хооронд нэг үхэр татаж байсан. Нөгөө мах авна гэсэн ченж маань Чи 130 кг дээш жинтэй үхрийн мах гэсэн яасан бэ бярууны махнаас дор байхдаа яадаг юм бэ. Наадах махыг чинь 6,000 төгрөгөнд л авах мах байна гээд бараг авахгүй гэж хэлсэн. 16 үхрийн мах өгсөн. Ингээд би ямар ч аргагүй учир гуйсан. *******аас авсан нийт үхрийн махны жин 1,831 кг болсон. Үхэр тус бүрийг жинлэсэн жинг кг бүрээр нь тухайн үед бичиж авсан тэмдэглэл нь байгаа. Надаас үхрийн мах авсан ченжийн дэвтэрт мөн байгаа. Надаас мах авсан ченж ийм бага жинтэй гарч байна энэ махыг 6,000 төгрөгөөс дээш гаргаж авахгүй гэж дахин хэлсэн. Би гуйж байгаад 6,200 төгрөгөөр тохирч орой болсон бусад бүх мах авдаг хүмүүс энэ үнэнээс илүү авахгүй гэж байсан учраас энэ үнээр өгөхөөс өөр аргагүй болсон. 1,831 кг жинтэй үхрийн махыг 1 кг-ыг нь 6,200 төгрөгөөр бодож 11,634,600 төгрөг болсон. Энэ мөнгө нь манай хүү Н.Баярлахын дансаар 4 удаагийн гүйлгээгээр хийгдсэн. Надад Хаан банкны данс байдаггүй.

Би үхэрнүүдийг нядалсны дараа доорх төлбөр тооцоонуудыг мах хөргүүрт сэвэрч байх хооронд хийсэн. Энэ махыг муутгахгүйн тулд мах хадгалах хөргүүрт 5 цаг хөргөсөн. Энэ нь мах бэлтгэх стандартад ч байдаг. Махыг 5-6 градуст хөргөж байж тээвэрлэлт даадаг. Энэ олон үхрийн махыг Дарханд авах зах зээл бага хот руу тээвэрлэнэ. Улаанбаатар - Дархан хоёрын хооронд ачаатай машин 10-12 цагийн турш явна. Хөргөөгүй махыг махны бизнес хийдэг хүмүүс авахгүй тийм учраас хөргүүртэй складанд 120,000 төгрөг төлж хөргүүлсэн. Машин унааны бензинд 50,000 төгрөг, ачигч грушиг гурван хүнд 750,000 төгрөг, хашаанд нядалсан малаас гарсан хаягдлын цэвэрлэгээний хөлс, мал нядалсны зардалд 320,000 төгрөг, гарал үүслийн гэрчилгээнд 80,000 төгрөгийн зардал тус тус гарсан. Зуучлалын хөлсөнд 299,600 төгрөгийг би өөрөө авсан. Яагаад гэвэл би өөрөө 2 хүүтэйгээ хамт ажилласан учраас авсан. 60,000 төгрөгийг урсгал зардалд зарцуулсан. Дээрх зарцуулсан мөнгийг хасаад үлдсэн 10,600,000 төгрөгийг *******ын дансанд шилжүүлсэн. Би тус болох зорилгоор л энэ үхрүүдийг нь зарж өгсөн. Мөн өмнө нь 11 бярууг нь зарж 450,000 төгрөг болгож өгч тус болсон. ******* над руу байн байн ярьж би хүн бүлгүй байна гээд энэ үлдсэн үхэрнүүдийг аваач гээд яриад байсан. Ингээд намайг зарж борлуулаад өгсний дараа намайг 2,200,000 төгрөг дутуу өгсөн гээд энэ шүүхэд өгсөн юм байна. Одоо үхрийн арьс шир нь үнэгүй болсон, гэдэс цувдаа нь үнэ багатай жин багатай энэ үхрийн мах 6,200 хүрсэн нь тэр үеийн махны ханшинд л байсан. Жишээ нь: 100 кг гарч байгаа мах 100 х 6,200 = 620,000 төгрөг болно. Үүнийг би яаж 800,000 төгрөг болгох юм. Энэ махнаас хамгийн хүнд жинтэй шүдлэн бухны мах нь 126 х 6,200 = 781,200 төгрөг болсон гэх мэт. Би *******тай нэг үхрийг 800,000 гэж яг тохирч гэрээ болон бичиг баримт үйлдээгүй, намайг зараад өг л гэсэн би зарж л өгсөн.

Харин ******* намайг нэг үхрээ 130-140 кг жин татна гэж худлаа ярьж өгсөн. Энэ хэлсэн жиндээ үхрийн мах хүрсэн бол надад маргаад байх ямар ч шаардлага алга байсан. Би урьд өмнө нь ингэж үхэр зарж байгаагүй. Намайг үхрийн махны худалдаа хийж мэдэхгүйг далимдуулж дахин дахин утасдаж энэ үхэрнүүдээ өгсөн. Урьд заруулсан үхэрнүүдээ ч зарахдаа мөн адил гарал үүслийн бичгийг нь авч өгөөгүй ямар их зардал чирэгдэл болсныг мэдэхгүй баярлалаа ч гэж хэлээгүй. Сүүлийн энэ үхрийг ч гэсэн зараад жиндээ хүрээгүй гэж ярихад намайг утсаар жаал доромжилсон алах талах дээрээ л тулаад байсан. Энэ жил хур бороо хавар ороогүй байж байгаад 8 сараас л бороо орж мал дөнгөж усан тарга сууж эхэлж байсан. Ийм тарга хүч дундаж үхрээ зарж өгсөнд баярлалаа гэхийн оронд илүү мөнгө нэхэж байгаад би тун их гомдолтой байна. Би энэ хүний мөнгийг нь гарсан зардлуудыг нь хасаад л өгсөн. Мөнгө шилжүүлсний дараа надтай ирж уулзахдаа үхэр жинлэсэн тэмдэглэлийг энэ хүн харахыг ч хүсээгүй. ******* өмнө нь 2 толгой шүдлэн үхэр зах дээр авч ирж зарахад нэг шүдлэн үхэр мөн 100 гаруйхан жинтэй 620,000 төгрөг болсон байсан. Өөрөө үхрийнхээ багцааг мэдэж л байсан байна лээ. Өмнө нь 2 үхэр ченжид өгсөн нь 620,000 650,000 төгрөг л барьсан гэж ярьж байсан. Хүнийг ингэж худлаа гүжирдэж болохгүй ш дээ. Гэхдээ ямар ч малчин малаа үнэтэй байлгахыг хүсэж л байгаа энэ бол малчдын амьжиргааны эх үүсвэр би түүнийг ойлгоно. Ойлгож байна гээд хүний жиндээ хүрэхгүй үнийн хөөрөгдөлтэй байхгүй жинг би төлнө гэж байхгүй байх гэж бодож байна. гэжээ. 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 135/ШШ2020/00081 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар *******гоос 2,200,000 төгрөгийг гаргуулан *******т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50,150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, *******гоос улсын тэмдэгтийн хураамжид 50,150 төгрөгийг гаргуулан *******т буцаан олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/00066 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,181 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.  

Хариуцагч *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай нар хяналтын журмаар хамтран гаргасан гомдолдоо: *******ын үхэрнүүдийг нь зарж борлуулж өгсөн асуудалд шүүх худалдах-худалдан авах гэрээний зохицуулалтыг үндэслэж шийдвэрлэж, буруу дүгнэлт хийсэн. Давж заалдах шатны шүүх нь хэрэгт авагдсан гэрч Д.Түмэнжаргалын ...******* эмч 16 үхрийг худалдаж аваад явсан... гэх, гэрч ДТүмэнжаргал ахын хүү Б.Баянбилэгийн ...Тухайн үед ******* нь *******той аман гэрээгээр шүдлэн үхэр тус бүрийг 800,000 төгрөгөөр үнэлж худалдсан. Түүнээс заруулах гэж өгөөгүй гэсэн гэх мэдүүлгүүдийг үнэлсэн. Гэтэл *******ын хүсэлтээр гэрчээр Д.Түмэнжаргал асуугдсан бөгөөд,, түүний хууль ёсны эхнэр нь гэрчээр асуугдсан Б.Баянбилэг нь Д.Түмэнжаргалын ээжийнх нь төрсөн ахын хүүхэд нь юм. Анхан шатны шүүх ...Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу Д.Түмэнжаргал болон Б.Баянбилэг нарыг гэрчээр асуусан боловч тэдгээр нь нэхэмжлэгчийн эхнэр болон хадам дүү нар байх тул тэдгээрийн өгсөн гэрчийн мэдүүлэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүйг дурдах нь зүйтэй гэжээ. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны үндэслэлтэй гэж дүгнэсэн юм бол яагаад нотлох баримтаар үнэлж үзээгүй гэрчүүдийн мэдүүлгийг магадлалынхаа дүгнэлтэд дурдаж, худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэж үндэслэл болгосон нь ойлгомжгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий гэж үзэж байгаа бол нэхэмжлэгчийн эхнэр, дүү хоёрын мэдүүлгийг нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй юм. *******ын эхнэр Д.Түмэнжаргал *******г үхэр аваач гэж гуйж байх үед гэртээ байхгүй гэрээсээ нэг юманд яваад огт байхгүй байсан. Д.Түмэнжаргал, Б.Баянбилэг нар нь хариуцагчийн талаар санаатайгаар худал мэдүүлэг өгсөн. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэлийг ******* нь 16 толгой шүдлэн үхрийг *******д хүлээлгэн өгсөн, ******* 10,600,000 төгрөгийг *******т шилжүүлэн өгсөн гэдгээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх хоёр гэрчийн мэдүүлгээр худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн гэж тус тус дүгнэжээ.

******* нь *******ын хүсэлтийг хүлээн авч малыг нь борлуулж өгснийхөө төлөө жин хүрээгүй үнийг хариуцах ёсгүй бөгөөд нэхэмжлэгч 16 тооны үхрээ бүгдийг хэдэн кг жинтэй байсныг нотолж чадаагүй байхад зөвхөн нэхэмжлэгчийн үгээр 1 толгой үхрийг 800,000 төгрөгөөр бодож өгсөн гэж үзэн нэг талыг барьж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй. Иймд *******ын нэхэмжилсэн 2,200,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.  

ХЯНАВАЛ: 

******* нь *******д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 2,200,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, мэтгэлцжээ. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна. 

Хяналтын шатны шүүхэд хариуцагч *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай нарын хамтран гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. ******* *******той 2019.08.18-ны өдөр 16 шүдлэн үхэр тус бүрийг 800,000 төгрөгөөр тооцож, нийт 12,800,000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар харилцан тохиролцсон болох нь гэрч Д.Түмэнжаргалын ...2019 оны намар  ******* эмч нэг ченжийн хамт  Сэлэнгэ аймаг Сайхан сум, Номгон 3 дугаар багт байрлах манай гэрт ирээд эхлээд  дундаж нэг шүдлэн 11 бяруу худалдаж аваад явсан. Нэг шүдлэн авч явсан учир нь дараа  үлдсэн үхэрнүүдийг худалдаж авах учраас дундаж жинг нь гаргахаар авч явсан. Энэ наймааны дараа  ******* эмч  буцаж ирээд  үлдсэн 16 үхрийг худалдаж аваад явсан..., гэрч Б.Баянбилэгийн ...Тухайн үед ******* нь *******той аман гэрээгээр шүдлэн үхэр тус бүрийг 800,000 төгрөгөөр үнэлж худалдсан. Түүнээс заруулахаар өгөөгүй... гэсэн мэдүүлгээр нотлогджээ. 

Энэ нь нэхэмжлэлийн шаардлага Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон гэж үзнэ. 

Дээрх нөхцөл байдлаас үзвэл талуудын хэн аль нь хүсэл зоригийн илэрхийллээ хүлээн авч, амаар хэлцлийн гол нөхцөлийн талаар хэлэлцэн тохиролцсон байна.

2. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ. 

******* 16 тооны шүдлэн үхэрийг *******д хүлээлгэн өгсөн, хариуцагч үхэрний үнээс 10,600,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлснээр Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар гэрээг байгуулсанд тооцох бөгөөд гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.  

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан хуулийн шаардлага, агуулгад нийцсэн худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ. 

******* *******т худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл үнэ 2,200,000 төгрөгийг төлөөгүй байх тул нэхэмжлэгч түүнийг шаардах эрхтэй. 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан 16 тооны шүдлэн үхэрний үлдэгдэл үнэ 2,200,000 төгрөгийг *******гоос гаргуулахаар  шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасантай нийцжээ. 

3. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж хуульчлан заажээ.

Хариуцагч ******* худалдах-худалдан авах гэрээг *******тай байгуулахдаа ...130-140 кг дундаж жинтэй үхэрнүүд, ...хөргүүртэй складанд 120,000 төгрөгөөр хөргөх...,  ...бензинд 50,000 төгрөг, ачигч гурван хүнд 750,000 төгрөг, ...хаягдлын цэвэрлэгээний хөлс, мал нядалсан зардалд 320,000 төгрөг, гарал үүслийн гэрчилгээнд 80,000 төгрөг төлөх, ...үхэрнүүдийг зарж өгөхөөр... тохиролцсон хүсэл зоригийн илэрхийлэл хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.  

Нөгөөтээгүүр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Анхан болон давж заалдах шатны шүүх ******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа татгалзал, тайлбарын үндэслэл болсон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй. 

Учир нь шүүх зөвхөн хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлдэг. 

Хариуцагч *******д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг нь танилцуулсан бөгөөд түүний нотлох баримт гаргах эрхийг шүүхээс хязгаарласан баримт хэрэгт алга.

Иймээс хариуцагч татгалзлаа нотолж чадаагүй тул түүний тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д зааснаар үнэн зөв гэж үзэх боломжгүй байна.  

Анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хөндлөнгийн байх байр сууринаас хандах, түүнчлэн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн /2012 оны/ 7 дугаар зүйлд зохицуулан заасан шүүх хууль дээдлэх, гагцхүү хуульд захирагдах зарчимд нийцжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай нарын хамтран гаргасан гомдлыг хангахгүй орхив.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 135/ШШ2020/00081 дүгээр шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар хариуцагч *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай нарын хамтран гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 51,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Х.ЭРДЭНЭСУВД

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                    Г.АЛТАНЧИМЭГ 

                                               ШҮҮГЧИД                     Б.МӨНХТУЯА 

                                                                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                                     Д.ЦОЛМОН