Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 683

 

 

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2017/03165 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Л” ХХК-д холбогдох

 

Татварын өр төлбөр 292 969 247 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Татвар төлөгчийн 2887452 тоот регистрийн дугаартай “Л” ХХК нь 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар нэмэгдсэн өртгийн албан татварын өр 95 387 833 төгрөг, хяналт шалгалтын актаар тогтоосон татварын өр 197 387 100 төгрөг, нийт 292 969 247 төгрөгийн өр төлбөртэй байна. Дээрх татварын өрийг төлүүлэхээр татварын албанаас Татварын ерөнхий хуулийн дагуу мэдэгдэх хуудас хүргүүлж, харилцах дансны гүйлгээг хаах зэрэг арга хэмжээ авсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. “Л" ХХК нь лавлагаагаар гарсан үл хөдлөх эд хөрөнгөгүй, үнэт цаас эзэмшдэггүй, газар байхгүй, автомашингүй, бусдаас авах авлагагүй болно.

Иймд Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, 70 дугаар зүйлийн 70.1-д заасны дагуу тус компаниас 292 696 247 төгрөгийн татварын өрийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Манай байгууллагаас их хэмжээний мөнгө нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжилсэн мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргах хуулиар тогтоосон журмыг илэрхий зөрчсөн гэж үзэх байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хяналт шалгалтын актаар 197 387 100 төгрөг гарсныг хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ уг өр нь 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн өршөөлийн хуульд хамрагдсан гэж үзэж байгаа учир уг төлбөрөөс чөлөөлөгдөнө. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.4, 55 дугаар зүйлийн 55.1, 70 дугаар зүйлийн 70.1-д тус тус зааснаар хариуцагч “Л” ХХК-иас татварын өр төлбөрт 292 969 247 төгрөгийг гаргуулан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Л” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1 622 796 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч “Л” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шатны шүүх нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөний улмаас хариуцагчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хохироосон хууль бус шийдвэрийг гаргасан.

Хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулах, өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцох хүсэлтүүдийг гаргасан боловч үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан. Мөн хариуцагч нь нэхэмжлэгчид тайлбан гаргаж өгөхдөө цаасаар гаргаж өгч байсан эсхүл бичгээр гаргаж өгч байсан эсэхийг тодруулахаар “Л” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Батбаярыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан.

Хариуцагчид өөрийн тайлбар татгалзлыг нотлох боломж олгоогүй. Хариуцагчид шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжийг олгоогүй. Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн татварын хэлстийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны явцад маргаж буй тайланг цаасаар гаргаж өгсөн талаар хэлсэн /хх98/. Гэтэл анхан шатны шүүх цахимаар өгч байсан мэтээр үзлэг хийсэн. Цахимаар өгсөн гэж үнэлсэн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул нотлох баримт гэж үзэхгүй. Хууль зөрчиж хариуцагчаас их хэмжээний мөнгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Хугацаанд нь тайлагнаагүй татвараа нуун дарагдуулсан этгээд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол захиргааны байгууллагын зүгээс оногдуулах хариуцлагын талаар хуульчилсан. Татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан татварын хүү, торгууль, алданги 197 387 100 төгрөг нь Өршөөлийн тухай хуульд хамрагдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс нь хариуцагч “Л” ХХК-д холбогдуулан нэмэгдсэн өртгийн албан татварын өр 95 387 833 төгрөг, татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан татварын хүү, торгууль, алданги 197 387 100 төгрөг, нийт 292 969 247 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч хяналт шалгалтын актаар ногдуулсан татварын хүү, торгууль, алданги 197 387 100 төгрөгийг зөвшөөрч байгаа боловч 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан гэж маргажээ.

 

Хариуцагч “Л” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг татварын байгууллагад өөрөө мэдүүлсэн бөгөөд өөрийнх нь тодорхойлсноор 95 880 232.60 төгрөгийн төлбөртэй болох нь 2013 оны 12 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

 

Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс нь хугацаандаа төлөх татварын өрийг төлүүлэхийн тулд татварын улсын байцаагчийн хийвэл зохих ажиллагааг хуульд заасан журмын дагуу гүйцэтгэсний үндсэн дээр Татварын ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцсэн бөгөөд анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэжээ.

 

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс нь 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд “Л” ХХК-ийн 2009-2011 оны үйл ажиллагаанд татварын хяналт шалгалт хийж Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 253132 тоот татварын улсын байцаагчийн актыг гаргасан бөгөөд уг актаар “Л” ХХК-д 197 387 100 төгрөгийн татварын хүү, торгууль, алданги ногдуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. Уг актын талаар “Л” ХХК нь маргаагүй.                           

 

Ийнхүү нэхэмжлэгч нь хариуцагчаас өөрийнх нь мэдүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 253132 дугаар актыг үндэслэн татварын өр төлбөрийг шаардах эрхтэй бөгөөд анхан шатны шүүх 292 969 247 төгрөгийн нэхэмжлэлийн шааардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.4, 55 дугаар зүйлийн 55.1, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

            2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулиар хяналт шалгалтын актаар ногдуулсан 197 387 100 төгрөгийн татварын хүү, торгууль, алдангийг өршөөх үндэслэл байхгүй тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гэрч асуулгах, нотлох баримт гаргуулах, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох, эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтүүдийг гаргасан боловч нотлох баримт цуглуулахтай холбоотой хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан тохиолдолд тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2 дахь хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгааныг нотлох ёстой.

 

Шүүх 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр зохигчдын эдлэх эрх, хүлээх үүргийг танилцуулсан, хариуцагч тал гэрч асуулгах, нотлох баримт гаргуулах, хууль зүйн туслалцаа авах хүсэлтийг шүүхэд гаргах боломжтой байсан, гэрчээр асуулгахыг хүссэн Н.Батбаяр нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой ямар нөхцөл байдлыг гэрчлэх нь тодорхойгүй, мөн нотлох баримтаар гаргуулахыг хүссэн баримтууд хэрэгт авагдсан байх тул эдгээр хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж үзэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм. Иймд энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

            Анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн Татварын албаны цахим татварын системд үзлэг хийж бичгээр гаргаж өгсөн хэргийн 132-135 дугаар талд авагдсан нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан нь цахим хувьтайгаа таарч байгааг үзлэгээр тогтоосон тул уг нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэх үндэслэлгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2017/03165 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагч нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШЗ2018/01988 тоот захирамжаар давж заалдах гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                         ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ