Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 29

 

Б.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/01295/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 205 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Т- овогтой Б-гийн Э-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Худалдаа хөгжлийн банкны Дархан салбар,

Хариуцагч Т- овогтой Б-гийн З- нарт холбогдох

          “Худалдаа хөгжлийн банкны Дархан салбар болон Б.З- нарын хооронд байгуулагдсан 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №12/292/1 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Б.Э-ын гэр бүлийн хэрэгцээний 1105 мкв талбайтай /Г-2003001191, УБГ-№000166002/ өмчлөлийн газар, 72 мкв талбайтай хувийн сууц /ҮХЭХ-ийн гэрчилгээний №000197755, Ү-2003007686/-ыг тус тус барьцаа хөрөнгөөс чөлөөлүүлэх тухай” тухай иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд хариуцагч Худалдаа хөгжлийн банкны Дархан салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Золбоо шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Э-оос:

Б.З- нь Худалдаа хөгжлийн банкны Дархан салбартай 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №12/292 дугаартай зээлийн гэрээ болон №12/292/1 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулан 40.000.000 төгрөгийн зээл авсан байна.

Ингэхдээ Б.Э-ын гэр бүлийн хэрэгцээний 1105 мкв талбайтай /Г-2003001191, УБГ-№000166002/ өмчлөлийн газар, 72 мкв талбайтай хувийн сууц /ҮХЭХ-ийн гэрчилгээний №000197755, Ү-2003007686/ тус тус барьцаанд тавигдсан байна. Би 2017 оны 10 сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас өөрийн өмчлөлийн газрын кадастрын зургийг авч үзээд энэ талаар мэдсэн. Иймд миний өмчлөх эрхэд халдсан Худалдаа хөгжлийн банкны Дархан салбар болон иргэн Б.З- нарын хооронд байгуулагдсан 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №12/292/1 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Б.Э-ын гэр бүлийн хэрэгцээний 1105 мкв талбайтай /Г-2003001191, УБГ-№000166002/ өмчлөлийн газар, 72 мкв талбайтай хувийн сууц /ҮХЭХ-ийн гэрчилгээний №000197755, Ү-2003007686/-ыг тус тус барьцаа хөрөнгөөс чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнээс:

Худалдаа хөгжлийн банкны Дархан салбар зээлийн гэрээг баталгаажуулахаар барьцааны гэрээ байгуулсан. Уг зээлийн барьцаанд Б.Э-ын өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг мангирт 2-4-4 тоот байршилтай үл хөдлөх хөрөнгүүд барьцаалагдсан нь Б.Э-ын өмчлөх эрхэд халдсан байна. Иймд Б.Э-ын өмчлөлийн 1105 мкв талбайтай газар, 72 мкв талбайтай хувийн сууцыг чөлөөлүүлэх хүсэлттэй байна гэжээ.

Хариуцагч Худалдаа хөгжлийн банкны Дархан салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Золбоогоос:

Хариуцагч Б.З- нь тус банктай 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №11/167 тоот “Зээлийн гэрээ”, №11/167 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-нүүдийг байгуулж 40.000.000,00 төгрөгийн, 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №12/292 тоот “Зээлийн гэрээ”, №12/292/1 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-нүүдийг байгуулж 40,000,000.00 /дөчин сая/ төгрөгийн нийт 80,000,000.00 /наян сая/ төгрөгийн зээлийг авсан байдаг.  Б.З- нь зээлийн гэрээ, болон өөрийн өмчлөлийн хувийн сууц, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 9 машины граж, Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, Мангирт 2-4 тоот хаягт орших 2825.52 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрын хамт холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан болно. Барьцаалах үед дээрх хөрөнгүүд нь Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн 2010 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн №369, 370, 371, 372 тоот албан тоотуудаар үүрэг ноогдуулсан хэлцэл бүртгэгдээгүй байсан нь баталгаажиж байна. 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсийн 02/2539-н тоот албан тоотоор Худалдаа хөгжлийн банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээнд бүртгэлтэй байх нь нотлогдож байна. Мөн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 20-н тоот албан тоотоор Б.З-гийн өмчлөлийн 080122075 тоот нэгж талбарын дугаартай, Г-2003001249 улсын бүртгэлийн дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, Мангирт 2-4 тоот хаягт орших 2825.52 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрын талбай нь 2,825 мкв, нэгж талбарын дугаар 4504502142 болж өөрчлөгдсөн байна. Нэхэмжлэгч Б.Э-ын өмчлөлийн Г-2003001191 улсын бүртгэлийн дугаартай, 000166002 тоот гэрчилгээний дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг Мангирт 1-р хэсэг, 4А тоот хаягт орших 1105.0 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний кадастрын зураг, хариуцагч Б.З-гийн тус банкны зээлийн барьцаанд байгаа Г-2003001249 улсын бүртгэлийн дугаартай, 000085880 тоот гэрчилгээний дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, Мангирт 2-4 тоот хаягт орших 2825.52 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрын кадастрын зургуудаас үзэхэд тус газрууд нь нэгж талбарын дугаар өөр, давхцан оршдоггүй нь зургаас нотлогдож байгаа тул нэхэмжлэгч Б.Э-ын өмчлөлийн газрыг барьцаалсан байх үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэгч Б.Э-ын гаргасан нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.З-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тогтохсүрэнгээс:

Худалдаа хөгжлийн банкнаас Б.З- биш би зээл авсан. Мөн зээлийн барьцаалбарт миний нэр дээр өмчлөлийн эд хөрөнгө байгаа. Мөн барьцаалбарын зургийг хэрэгт эд мөрийн баримтаар гаргаж өгсөн. Байшин, дэлгүүр, гарааш нийлээд 2825.52 мкв талбайтай болно. Би  Худалдаа хөгжлийн банкнаас 40.000.000 төгрөгийн зээл авахаасаа өмнө 20.000.000 төгрөгийн зээлтэй байсан. Тухайн үед Худалдаа хөгжлийн банкинд ажиллаж байсан эдийн засагч нь өмнөх зээлээ юунд зарцуулсан талаар асуухад нь байшин барьхад ашигласан гэж хэлсэн. Гэтэл эдийн засагч байшингийн зураг авсан. Тэгээд зээлийн барьцаанд оруулсан байсан. Б.Э-ын эд хөрөнгийг манай зээлийн барьцаа биш гэдгийг банкны ажилтанд хэлж байсан. Байшингийн зургийг авч Худалдаа хөгжлийн банкинд үзүүлсэн. Гэтэл өөр байшинг үнэлчихээд одоо зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 205 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 156 дугаар зүйлийн 156.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Э-ын гэр бүлийн хэрэгцээний 1105 мкв талбайтай /Г-2003001191, УБГ-№000166002/ өмчлөлийн газар, 72 мкв талбайтай хувийн сууц /ҮХЭХ-ийн гэрчилгээний №000197755, Ү-2003007686/ -ыг барьцаа хөрөнгөөс чөлөөлүүлэх, Худалдаа хөгжлийн банкны Дархан салбар, Б.З- нарт холбогдох Худалдаа хөгжлийн банкны Дархан салбар болон Б.З- нарын хооронд байгуулагдсан 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №12/292/1 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Капитал банк Төрийн сан 100190000941 тоот дансанд тушаасн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнэ давж заалдсан гомдолдоо:

            Худалдаа хөгжлийн банкны Дархан салбар болон иргэн Б.З- нарын хооронд байгуулагдсан 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №12/292/1 дугаартай үлд хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр Б.Э-ын өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний 1105 мкв талбайтай газар, 72 мкв талбайтай хувийн сууцыг тус тус барьцаалсан байхад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлээгүйгээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгөнд бодит байдалд нь харьцуулж үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Барьцаа хөрөнгүүдийн гэрэл зургийг бодит байдал дээр нь үзлэг хийж, Худалдаа хөгжлийн банкны барьцааны гэрээн дэх маргаан бүхий газар, хувийн сууцтай харьцуулан дүгнэлт хийх боломжтой байхад шүүх энэ ажиллагааг хийхээс татгалзасан шүүгчийн захирамж гаргаснаар нэхэмжлэлийн шаардлага нотлох боломжгүй байдалд хүргэсэн нь шүүхийн шийдвэр гарахад шууд нөлөөлсөн гэж үзэж байна. Иймд хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Э- хариуцагч Худалдаа хөгжлийн банк, Б.З- нарт холбогдуулж, тэдгээрийн хооронд байгуулагдсан 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 12/292/1 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Б.Э-ын гэр бүлийн хэрэгцээний 1105 мкв талбайтай өмчлөлийн газар, 72 мкв талбайтай хувийн сууцыг тус тус барьцаа хөрөнгөөс чөлөөлүүлэх тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Худалдаа хөгжлийн банк Б.З-тай байгуулсан 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээний зүйл нь нэхэмжлэгч Б.Э-ын өмчлөлийн газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй давхцаагүй, барьцааны гэрээний зүйл биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Э-ын нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан барьцаа хөрөнгөөс чөлөөлүүлэх гэр бүлийн хэрэгцээний газар, үл хөдлөх эд хөрөнгө нь Б.З- болон Худалдаа хөгжлийн банкны хооронд байгуулагдсан 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой барьцааны зүйл биш байна гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, болсон үйл баримтыг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь судлаад дараах дүгнэлтийг хийлээ.

Хариуцагч Б.З- Б.Тогтохсүрэнгийн хамт 2011 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Худалдаа хөгжлийн банкны Дархан салбартай зээлийн гэрээ байгуулж 40.000.000 төгрөгийг сарын 1.7 хувийн хүүтэй 24 сарын сарын хугацаатай зээлж, үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр 4 нэрийн үл хөдлөх эд хөрөнгө, үл хөдлөх эд хөрөнгийн эрх, түүний бүрдэл хэсэг, дагалдах зүйл зэргийг барьцаалсан байна.

Энэхүү гэрээний хугацаа дуусаагүй байхад  2012 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хөрөнгө оруулалтын зориулалтаар дахин 40.000.000 төгрөгийн зээлийн гэрээг сарын 1.7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж, өмнөх үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр барьцаалсан 4 нэрийн үл хөдлөх эд хөрөнгө, үл хөдлөх эд хөрөнгийн эрх, түүний бүрдэл хэсэг, дагалдах зүйлийг барьцаалсан гэрээ байгуулжээ.

Эдгээр зээлийн гэрээнүүдийн үүрэг биелэгдээгүй тул Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1369 дугаартай захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.З-, Б.Тогтохсүрэн нараас 75.820.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкинд олгохоор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна.

Энэ захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлжээ.

Нэхэмжлэгч Б.Э- нь хариуцагч Б.З-, Б.Тогтохсүрэн болон Худалдаа хөгжлийн банкны хооронд байгуулагдсан 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар анх нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд хэргийн 121 дүгээр талд авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Б.Э- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.З- болон Худалдаа хөгжлийн банкны хооронд 2001 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан 11/167 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

Шүүх энэхүү нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авсан боловч энэ дагуу ямар нэгэн ажиллагаа хийлгүй 02 дугаар сарын 14-ний өдөр шүүх хуралдаан хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч Б.Э- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх эрхтэй байна.

Шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан бүрдүүлбэр хангуулж хүлээн авах, хуулийн шаардлагыг хангаагүй бол нэмэгдүүлсэн шаардлагыг хуулийн 65 дугаар зүйлд зааснаар хүлээн авахаас татгалзах, хэрэв татгалзаагүй бол мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д заасан хариуцагчид нэхэмжлэлийг гардуулах, 72.2-т заасан 14 хоногийн дотор, эсхүл шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх боломжоор хангах зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хийх ёстой байтал хэргийн газар үзлэг хийлгүүлэх тухай хүсэлтийг хангахаас татгалзсан 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 838 дугаартай шүүгчийн захирамжийн Үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн гэж үзэхгүй гэж дурьдаад Тогтоох хэсэгт хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй орхигдуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, улмаар хэргийн оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн энэхүү алдааг давж заалдах шатанд залруулж, зөвтгөх хуулийн боломж байхгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Мөн нэхэмжлэгчийн хэргийн бодит байдлыг тогтоолгохоор хэргийн газрын үзлэг хийлгэх тухай хүсэлтийг үндэслэл муутай татгалзсан талаарх нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэлтэй гэж үзнэ.

Учир нь нэхэмжлэгч Б.Э- Худалдаа хөгжлийн банкны барьцаанд байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгийн байршил, үнэлгээ хийлгэхэд авсан зураг дээрх байршил, нэхэмжлэгчийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Газрын албанаас авсан кадастрын зураг дээрх түүний өмчлөлийн газар, үл хөдлөх эд хөрөнгийн байршил зэрэг нь давхацсан гэж шүүхэд тайлбарлаж байгаа бөгөөд маргааны үнэн зөвийг нотлох баримтаар тогтоохын тулд нэхэмжлэгчийн маргаж буй газар дээр үзлэг хийлгэхийг хүссэн хүсэлт хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 205 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       О.НАРАНГЭРЭЛ          

                                                 ШҮҮГЧИД                                        С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                          Л.АМАРСАНАА