Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2021/01485

 

 

С.Энхбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Л.Атарцэцэг, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2019/03662 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 484 дүгээр магадлалтай, 

С.Энхбаатарын нэхэмжлэлтэй,

З.Хулан, Б.Даваадорж, П.Наранцэцэг нарт холбогдох  

Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Их тойруу гудамж, 192 дугаар байр 15 тоотод байрлах орон сууцыг иргэн З.Хулан, Б.Даваадорж, П.Наранцэцэг нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай хариуцагч З.Хулангийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амундрагийн гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батжаргал, хариуцагч З.Хулангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017.07.06-ны өдөр З.Хулантай Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан үндэслэлээр харилцан тохиролцож, 000196659 тоот гэрчилгээний дугаартай Ү-2204019518 улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо Их тойруу 192-05 тоот 69.6 м.кв 3 өрөө орон сууцыг худалдах-худалдан авах гэрээ хийж 54,600,000 төгрөгөөр худалдаж авсан. Дээрх орон сууцны хөлсийг гэрээ хийсэн өдрөө шилжүүлсэн болно. Гэвч иргэн З.Хулан 2017.07.17-ны өдөр хүсэлт гарган дээрх худалдан борлуулсан орон сууцаа буцаан худалдаж авах талаар надтай ярилцаж, 2017.07.04-ний өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ хийж хүү, алданги тооцуулах нөхцөлтэйгөөр С.Энхбаатар надтай тохиролцож С.Энхбаатараас З.Хуланд байрны төлбөрт шилжүүлсэн 54,600,000 төгрөгийг зээл болгож 2017.07.04-ний өдрөөс 2018.01.04-ний өдөр хүртэл хугацаанд 1 сарын 5 хувийн хүүтэй эргүүлэн төлөх. Энэ нэмэлт нөхцөлд нь 2017.07.06-ны өдөр талуудын хооронд хийгдсэн үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг шууд хүчингүй болгох эрх зүйн үйлчлэл бүхий хэлцэл биш болно. З.Хулан нь зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр хэвээр үлдээнэ. Гэрээт хугацаанд С.Энхбатараас авсан 54,600,000 төгрөгийг бүрэн төлж чадаагүй тохиолдолд төлсөн хүүг тооцохгүй үндсэн төлбөрийг эргүүлэн авч З.Хулан байрыг султгаж өгөх үүрэгтэй гэсэн нөхцөлтэйгөөр дахин баримт бичиг үйлдэн гарын үсэг зурсан болно. Үүнээс хойш 2018.01.06-ны өдөр гэрээний хугацаа дуусч иргэн З.Хулан нь надад дахин хүсэлт гаргаж зээл бүтэж байгаа хугацааг 2018.07.06-ны өдөр хүртэл сунгаж өгнө үү гэсний дагуу түүний аргагүй байдлыг ойлгож гэрээний хугацааг сунгаж өгсөн. Ингээд өнөөдрийг хүртэл ямар нэгэн байдлаар тухайн худалдсан орон сууцаа буцааж авсан зүйлгүй, миний өмчлөлийн орон сууцыг чөлөөлж өгөхгүй намайг хохироож байна. Иймд З.Хулан нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул С.Энхбаатар миний өмчлөлд шилжүүлсэн 000588506 гэрчилгээний дугаартай Ү-2204019518 эрхийн улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, Их тойруу гудамж 192 дугаар байр 15 тоот 63.6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг З.Хулан, Б.Даваадорж, П.Наранцэцэг нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ. 

Хариуцагч З.Хулан шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зохигчид 2017.07.04-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан байдаг бөгөөд зээлдүүлэгч нь Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, Их тойруу 192-05 тоот үл хөдлөх эд хөрөнгийг барьцааны гэрээ байгуулаагүй өөрийн нэр дээр шилжүүлж авсан байдаг. Зээлдэгч зээлийн гэрээний үүргийг биелүүлж чадахгүй нөхцөл байдал үүсмэгц худалдах, худалдан авах гэрээний дагуу шаардлага гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Худалдах, худалдан авах гэрээ, зээлийн гэрээг сайн харвал хоёр гэрээнд хоёуланд нь 54,600,000 төгрөг үнийн дүн бичигдсэн байдаг. Нэхэмжлэгч удаа дараа тайлбар бичүүлж аваад зээлийн төлбөрт хүү гэж өөрийн дансанд 1,900,000 төгрөгийг авсан байдаг. Зээлийн гэрээг ямар нэгэн байдлаар хүчингүй болгосон зүйлгүй байдаг. Энэ бүгдээс харахад худалдах, худалдан авах гэрээ зохигчдын хооронд үүсээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Энхбаатарын гаргасан нэхэмжлэлд Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, Их тойруу 192-05 тоотод байрлах орон сууцыг иргэн З.Хулан, Б.Даваадорж, П.Наранцэцэг нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх гэсэн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна. Тодруулбал 2017.07.04-ний өдөр С.Энхбаатар, З.Хулан нар зээлийн гэрээ болох орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэвч миний охин З.Хулан байраа барьцаанд тавьж зээл авсан болохоос байраа зарах ямар ч зорилго байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. 

Хариуцагч З.Хулан шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие З.Хулан 2017.07.06-ны өдөр С.Энхбатаартай зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү зээлийн гэрээний дагуу 46,000,000 төгрөгийг Хаан банкны 528688578 тоот дансаар хүлээн авсан. Мөн зээлийн хүү болгож 1,900,000 төгрөгийг 2017.08.14-ний өдөр зээлдүүлэгч С.Энхбаатарын Хаан банкны 5003406070 тоот дансанд шилжүүлэн өгсөн. Энэ зээлийн гэрээ бол хүчин төгөлдөр гэрээ юм. Талууд ямар нэгэн байдлаар энэхүү гэрээг хүчин төгөлдөр бус болгоогүй. Зээлийн гэрээний дагуу үл хөдлөх хөрөнгөө барьцаалах үед зээлдүүлэгч С.Энхбаатарын орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхийг шаардсан. Түүний шаардлагын дагуу би өөрийн аав, ээж хоёроос итгэмжлэл аваад С.Энхбаатартай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Манай байр хамгийн багадаа 100,000,000 төгрөгийн үнэлгээтэй. Энэ үнэлгээний 50 хувьд нь болж бид зээл авсан. С.Энхбаатар худалдан авч байгаа орон сууцаа очиж үзээгүй ч үгүй зөвхөн үл хөдлөх эрхийн гэрчилгээг хараад зээл олгосон. Манай аав, ээж хоёр ч гэсэн намайг зээл авах зорилготой л гэрээ хэлцэл хийсэн гэж ойлгож байгаа одоо ч гэсэн ойлгосоор байгаа. С.Энхбаатартай байгуулсан худалдах, худалдан авах гэрээг зээл авахын тулд дүр үзүүлж хийсэн. Иймд 2017.07.06-ны өдөр байгуулсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгч С.Энхбаатар шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Данс руу шилжүүлсэн мөнгийг мэдэж байгаа. Хоёрт дүр эсгэсэн худалдах, худалдан авах гэрээг байгуулж, зээл авах зорилготой байсан гээд байна. Мөн намайг хоёр жилийн хугацаанд яагаад байраа аваагүй гээд байна. Би хоёр жилийн хугацаанд надад яаж худлаа ярьж байсан бүх мессежүүд нь байна. Танд хүү гээд өгсөн байна гэж байна. Хүү гэж өгснөөр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болгоно гэх ойлголт байхгүй байх гэж бодож байна. Би хариуцагчийг зээл авъя гээд ирэхэд танд зээл өгөх боломжгүй байна. Мансарттай байр чинь үнэтэй биш юм байна гэж хэлсэн. Гэтэл хоёр хоногийн дараа над дээр ирээд байраа зарахаар болчихлоо гэсэн. Зээл авах гээд халхавчилсан зүйл байхгүй. Тухайн үед С.Хулан нь сальфетканы үйлдвэртэй болж байна. Байраа буцааж худалдаж авъя гэж хүсэлт гаргасан. Намайг хүүтэй мөнгө авсан гэдгийг С.Хулан болон түүний ээж мэдэж байсан учраас З.Хулан танд мөнгийг чинь хүүтэй өгье гэсэн. Таны өгсөн мөнгийг зээлийн гэрээ хэлбэрээр хүүг нь бодож өгье гэсэн. Тэгээд өмнөх зээлийн гэрээг сэргээсэн. Зээлийн гэрээний дагуу мөнгийг өгөхгүй, би байрыг авдгаараа авна гэсэн тохиролцоо байсан. Үүнийг та нар гуйвуулаад байна. Би байраа султга гэж очсон. Миний утсан дээр бичлэг нь байгаа. Гэрээний нэмэлт нөхцөл дээр маш тодорхой байгаа. С.Хулангийн хүсэлт нь байгаа. Би та нар мөнгөө өгөх юм бол байраа буцаагаад ав, би та нарын байранд шунахгүй гэж би ярьж байсан. Надад хүний байранд шунасан сэтгэл байсан бол шүүхэд нэхэмжлэл аль эрт өгөх байсан. Би хоёр жил хүлээсэн. Та нар үл хөдлөх хөрөнгийг 100,000,000 төгрөгийн үнэтэй гэж харагдуулахын тулд нөхрөөрөө зохиомол гэрээ хийлгэсэн байна. Худалдах, худалдан авах гэрээг 100,000,000 төгрөгөөр хийж, 70,000,000 төгрөг авахгүй бол болохгүй байна. Мансартын 5 давхар байр 100,000,000 төгрөгийн үнэтэй байж чадахгүй. Хүний юмыг үнэлэх эрх надад байхгүй. Худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа урьдчилгаа 30,000,000 төгрөгийг н.Алтай эгч банканд зохицуулж байгаа. 70,000,000 төгрөгийг аваад, таны мөнгийг өгөөд н.Алтай эгчид бас шагналын мөнгө өгөхгүй болохгүй байна. Худалдах, худалдан авах гэрээг 100,000,000 төгрөгөөр хийе гэж гуйсан. Та нар дахин худалдах, худалдан авах гэрээг 100,000,000 төгрөгөөр хийж, мөн хүү гэж миний данс руу хийснээр та нар энэ асуудлыг гуйвуулах гэж оролдож байна гэдэг нь тодорхой харагдаж байна гэжээ. 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2019/03662 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 56 дугаар зүйлийн 56.1.2 заасныг баримтлан, Б.Даваадорж, П.Наранцэцэг, З.Хулан нарын хууль бус эзэмшлээс эрхийн улсын бүртгэлийн Ү-2204019518 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, Их тойруу 192 дугаар байрны 5 тоот хаягт байршилтай, 69.6 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2017.07.05-ны өдөр С.Энхбаатар, З.Хулан нарын хооронд байгуулсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Энхбаатар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, З.Хулангаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг нэхэмжлэгч С.Энхбаатараас гаргуулж З.Хуланд олгож шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 484 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2019/03662 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.  

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амундра хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Магадлалын хянавал хэсэгт Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор 2017.07.06-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний нэмэлт нөхцөл гэх 2 хуудас баримтыг шүүх хуралдааны явцад гаргасныг шүүх хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолж чадаагүй тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн хоёр хуудас баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэлгүй өөрт нь буцаан өгсөн нь хэрэгт ач холбогдолтой үйл баримтыг тогтоох боломжгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ. гэсэн байна. Нэхэмжлэгч анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй байсан боловч нэхэмжлэл гаргах, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар гаргахдаа дээрх үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгч анхан шатны шүүх хуралдаан эхлэхэд нотлох баримт гаргаж өгөхдөө хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдаагүй учир шүүх хуралдаан даргалагч нотлох баримтыг хүлээн аваагүй. Нэхэмжлэл гаргаснаас хойш 90 хоногийн хугацаа өнгөрсөн байхад нэхэмжлэгч нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байж шүүх хуралдаан дээр нотлох баримт гаргаж өгч байгаа нь шүүн таслах ажиллагаанд саад учруулж байгаа үйлдэл гэж үзэхээр байна. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь дээрх хуулийн заалт нь шүүх нотлох баримтыг шаардах, шүүх нэгэнт хүлээн авсан хэргийн нотлох баримтыг хасах, шаардан авахаас татгалзах тухай зохицуулалт юм. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. гэжээ.  

ХЯНАВАЛ: 

С.Энхбаатар нь З.Хулан, Б.Даваадорж, П.Наранцэцэг нарт холбогдуулан Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Их тойруу гудамж, 192 дугаар байр 15 тоотод байрлах орон сууцыг иргэн З.Хулан, Б.Даваадорж, П.Наранцэцэг нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргаж, З.Хулан орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох сөрөг шаардлага гаргажээ. 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч З.Хулангийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасан байна.  

Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амундрагийн гомдлыг дор дурдсан үндэслэлээр хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч гаргадаг бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчимд хамаардаг учиртай.  

Нэхэмжлэгчээс анхан шатны шүүхийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд шинээр гаргаж буй 2 хуудас бүхий нотлох баримтыг ямар шалтгааны улмаас шүүх хуралдаанд гаргаж өгөх болсон, түүнчлэн уг баримтууд хууль зүйн үр дагавар бий болгох, шүүхийн дүгнэлт, хэргийн үйл баримтад нөлөөлж болохуйц болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй байна.  

Давж заалдах шатны шүүхийн дээрх нөхцөл байдалд болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд хамаарч байгаа, шүүхийн шийдвэр нөлөөлөх эсэх үндэслэлд дүгнэлт хийлгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасан нь буруу болжээ. 

Иймээс давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэхгүй. 

2. а/ С.Энхбаатар, З.Хулан нар нь 2017.07.04-ний өдөр 54,600,000 төгрөгийг 2017.07.04-ний өдрөөс 2018.02.04-ний өдрийг хүртэл нэг сарын 4 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцож зээлийн гэрээг байгуулжээ. 

Үүнээс гадна талууд 2017.07.17-ны өдөр 2017.07.04-ний өдөр талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээг хүчин төгөлдөр болгох нөхцөл гэсэн хэлцлийг байгуулж, 1 дэх заалтад ...Байрны төлбөрт төлсөн 54,600,000 төгрөгийг хүүтэйгээр буцаан төлөх, ингэхдээ 2017.07.04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр мөрдөх, худалдах-худалдан авах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж буцаан худалдах-худалдан авах нөхцөл тохирох гэсэн хүсэлтийг минь хүлээн авна уу гэсэн З.Хулангийн хүсэлтийг үндэслэл болгон энэхүү нэмэлт нөхцөлийг тохиролцов гэж, 2 дахь заалтад ...54,600,000 төгрөгийг зээл болгож 6 сарын хугацаанд 1 сарын 5 хувийн хүүтэй эргүүлэн төлнө. ...З.Хулан нь энэхүү нөхцөлийн 2.1-д заасан үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ... гэсэн нэмэлт нөхцөлийг харилцан тохиролцсон байна. 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. 

Нэхэмжлэгч нь З.Хулангийн Хаан банкны 5028688578 тоот дансанд 2017.07.06-ны өдөр 3 удаагийн үйлдлээр 54,600,000 төгрөгийг шилжүүлж, гэрээнд заасан мөнгө шилжүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлсэн байна.  

Харин З.Хулан 2017.08.07-ны өдөр С.Энхбаатарын Хаан банкны 5003406070 тоот дансанд 1,900,000 төгрөгийг зээлийн хүү гэсэн утгатайгаар шилжүүлжээ.  

Эдгээр байдлын талаар талууд маргаагүй. 

б/ Зохигчид 2017.07.05-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2204019518 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, Их тойруу 192 дугаар байрны 05 тоот хаягт байршилтай, 69.6 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 54,600,000 төгрөгөөр Орон сууц худалдах-худалдан авах гэрээ-г байгуулж,  2017.07.06-ны өдөр үл хөдлөх эрхийн улсын бүртгэлд С.Энхбаатарын нэр дээр бүртгүүлж, гэрчилгээ авчээ. 

Үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, бүртгүүлбэл зохих байгууллагад бүртгүүлснээр өмчлөгч болдог хэдий ч уг үл хөдлөх эд хөрөнгийн үнийг харилцан тодорхойлж, худалдан авагч худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэг хүлээдэг. 

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж хуульчилан заажээ. 

Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан гэрээнүүд болон бусад нотлох баримтууд, гэрээг байгуулсан хугацаа, талуудын хүсэл зориг, 54,600,000 төгрөгийг шилжүүлсэн зорилго, зээлийн хүүг төлж байсан байдал, хариуцагч нар одоог хүртэл маргаан бүхий орон сууцыг эзэмшиж байгаа зэргийг харьцуулан дүгнэвэл талууд худалдах-худалдан авах гэрээг бодитоор байгуулах хүсэл зориггүй байсан, З.Хулан зээл авахын тулд орон сууц өмчлөх эрхээ С.Энхбаатарын өмчлөлд шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.  

Эндээс үзвэл, хариуцагч З.Хулангийн худалдах-худалдан авах гэрээний дагуу С.Энхбаатарын нэр дээр орон сууц шилжүүлсэн нь зээлийн гэрээтэй холбоотой гэсэн тайлбар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон гэж үзнэ. 

Түүнчлэн нэхэмжлэгч С.Энхбаатар 2017.04.04-ний өдөр хариуцагч З.Хулангийн дансанд шилжүүлсэн 54,600,000 төгрөгийг орон сууцны үнэ гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.  

в/ Нэхэмжлэгч С.Энхбаатар нь орон сууцны өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэлийг үндэслэн хариуцагч нарын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан.

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон, мөн зүйлийн 236.3-т Энэ хуулийн 236.1.3-т заасан тохиолдолд өмнөх үүргийн харилцаа дуусгавар болно гэж заажээ. 

Талуудын хооронд байгуулсан 2017.07.04-ний өдрийн зээлийн гэрээ, 2017.07.06-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээ, 2017.07.17-ны өдрийн 2017.07.04-ний өдрийн талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээг хүчин төгөлдөр болгох нөхцөл, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл зээлийн гэрээний үүргийг өөр үүргээр сольсон, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон, худалдах-худалдан авах гэрээний шинэ үүргийн харилцаа үүссэн гэж үзэхгүй.  

Дээрх байдлаас дүгнэвэл зээлдэгч нар хугацаандаа зээлээ төлж барагдуулаагүй тохиолдолд өөрсдийн өмчлөлийн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах агуулгыг илэрхийлсэн байх бөгөөд орон сууцыг зээлдүүлэгчид худалдана гэсэн санаа зорилго агуулаагүй байна. 

Иймээс талуудын хооронд байгуулсан 2017.07.05-ны орон сууц худалдах-худалдан авах гэрээ Иргэний хуулийн 56 дугаар 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл байх тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй.  

Анхан шатны шүүхийн ...бодит байдал дээр талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байхад энэ хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн мэтээр гэрээ байгуулсан үйлдэл нь энэ хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл, С.Энхбаатар нь орон сууцыг буцаан шилжүүлэх үүрэгтэй... гэсэн дүгнэлт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ. 

г/ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан. 

Хуулийн гол урьдчилсан нөхцөл болох хууль бус эзэмшил нь аливаа этгээдийн өмчлөх эрхийг ямар нэгэн байдлаар зөрчигдсөн нь нотлогдсон тохиолдолд хариуцагч нарт Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүсэх бөгөөд мөн хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-т заасан үүрэг үүсэх үндэслэлд хамаарна.  

Хариуцагч нарыг маргаан бүхий орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үндэслэл тогтоогдохгүй байх тул тэдний эзэмшлээс тухайн үл хөдлөх хөрөнгийг чөлөөлөх үндэслэлгүй. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 56 дугаар зүйлийн 56.1.2 заасан шаардлага, агуулгад нийцсэн дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.  

Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалт ойлгомжгүй, хуулийн үг, найруулгаас зөрүүтэй бичигдсэнийг зөвтгөх шаардлагатай гэж хяналтын шатны шүүхээс дүгнэлээ.  

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амундрагийн гаргасан гомдлыг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 484 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2019/03662 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 56 дугаар зүйлийн 56.1.2 зааснаар Б.Даваадорж, П.Наранцэцэг, З.Хулан нарын хууль бус эзэмшлээс эрхийн улсын бүртгэлийн Ү-2204019518 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, Их тойруу 192 дугаар байрны 5 тоот хаягт байршилтай, 69.6 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, С.Энхбаатар, З.Хулан нарын хооронд 2017.07.05-ны өдрийн Орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амундрагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Х.ЭРДЭНЭСУВД

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                   Г.АЛТАНЧИМЭГ 

                                                ШҮҮГЧИД                   Л.АТАРЦЭЦЭГ 

                                                                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                                    Д.ЦОЛМОН