Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 1797

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н С П Б  ХХК -ийн  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: З.З -д холбогдох

 

            Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэл болон ашиглалтын зардал 9.240.485 төгрөг гаргуулах, түрээсийн талбайг чөлөөлүүлэх болон барилгын хананд байршуулсан нэр логог буулгуулах  тухай,  барьцаа болох 3.945.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цолмонбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н С П Б " ХХК нь Сүхбаатар дүүрэгт байрлах 12 давхар барилгыг оффис үйлчилгээний зориулалтаар түрээслэн үйл ажиллагаа явуулдаг. Тухайн үйл ажиллагааны хүрээнд иргэн З.З  тус барилгын 1 давхарт байрлах 157 м.кв рестораны зориулалтаар тохижуулсан талбайг тавилга, тоног төхөөрөмж, гал тогооны хэрэгслийн хамтаар 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн өгсөн. Ингээд гэрээнд заасны дагуу 2018 оны 07 дугаар сарын 01-нийг хүртэл түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөх, 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түрээсийн төлбөрт нэг сарын 3,945,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн. Ингээд 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл ямар нэгэн төлбөр төлөхгүй явсаар 5,992,280 төгрөг төлсөн. 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 31-ний өдрийг хүртэл засвар хийсэн учир ямар нэгэн түрээсийн төлбөр аваагүй. 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 31-ний өдрийг хүртэл засвар хийсэн. Тус зардалд 7,370,000 төгрөгийн засвар хийсэн. Эхний удаад энэ засварыг хийж, 1 сарын төлбөрөөс чөлөөлье гэх тохиролцоо хийсэн. Сүүлд үйл ажиллагаа жигдрэхгүй байна гээд дахин нэг сараар сунгах хүсэлт гаргасны дагуу 7, 8 сарын түрээсийн төлбөрийг тус засварын зардлаас тооцсон. Ингээд 9 сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх зардалд 2,047,000 төгрөгийг 10 сард төлсөн төлбөрөөс суутгасан. Мөн 8,997,720 төгрөг нь засварын зардалд нэмж гаргасан гээд чөлөөлсөн. Ингээд 11 сарын төлбөр төлөгдөөгүй, 12 сарын төлбөр төлөгдөөгүй. 10 сарынх нь 5,900,000 төгрөгийн барьцаа, 3,945,000 төгрөгөөс хасч, 2 сарын түрээсийн төлбөр 3,945,000 төгрөг, ашиглалт 1,350,485 төгрөгийг төлөөгүй байсан. Ингээд нэгэнт үйл ажиллагаа жигдрэхгүй байна гэсэн учир хариуцагчийн зүгээс 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн гэрээг дуусгавар болгох санал тавьсан. Үүний дагуу 3 сараас төлөгдөөгүй байсан 1 сарын барьцаа төлбөрөөс суутгаж, 11, 12 сарын түрээс, ашиглалтын зардал, нийт 9,240,485 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шинжээч томилуулах хугацаанд талбай чөлөөлсөн учир тус шаардлагаасаа татгалзаж байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд түрээсийн төлбөр хүчин төгөлдөр бус гэж байгаа нь энэ шаардлагад хамааралгүй. Энэ нь бүгд нэг гэрчилгээтэй учир улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй. 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр түрээс төлсөн гэж байна. Энэ нь бэлэн мөнгө шилжүүлсэн баримт биш юм. Түрээсэлсэн гэдэг нь зардал гаргаад хийчихсэн учир 07 сарын түрээсийг үүнийг суутгалаа шүү гэх баримт байгаа. Үүний өмнө 07 сарын 24-ний өдөр 7,370,000 төгрөгийн зардал гаргасныг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байгаа. Энэ нь мөнгөн хэлбэрээр байгаагүй. 2018 оны 06 сарын 01-ний өдөр засварын талбайг актаар хүлээж авсан. Гэрээн дээр энэ өдрөөс эхлээд 07 сарын 01-ний өдрийг хүртэл засвар хийх хугацаа гэж байгаа. 2018 оны 06 дугаар сард төлбөр аваагүй 2018 оны 7, 8 сар бүхэлдээ засварын зардлаар суутган тооцож байгаа юм. Зарим зардлууд буюу 1,897,000 төгрөгийн засварын зардал 9 сарын түрээсийн төлбөрөөс хасагдаж байгаа юм. Ингээд үлдэгдэл 2,470,000 төгрөг нь 10 сарын 12-ны өдөр төлөгдсөн 5,900,000 төгрөгөөс тооцогдоод хасагдаж байгаа юм. 10 сарын төлбөрийн талаар бид нар яриагүй. 11, 12 сарын төлбөр, ашиглалт болон цахилгааны зардлыг нэхэмжилж байгаа. 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төлсөн баримтыг барьцаанд байршуулсан гээд байгаа нь үндэслэлгүй байна. Хоёрт гэрээнд заасан хөнгөлөлтүүдийг бүгдийг нь эдлүүлсэн. Гэрээн дээр заасан хөнгөлөлтүүдийг гэрээ байгуулахаас өмнө эдэлсэн байж төлбөр мөнгөө төлөх болохоороо энэ гэрээний дагуу бид нар төлөхгүй гэдэг юм яриад байна. Гэрээний 2.4 болон 2.5-д түрээс төлөх өдөр нь түрээслэгч нь 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түрээсийн төлбөр төлнө гэж байгаа. Гэрээний 2.4-т 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр эд хөрөнгөд шилжүүлж өгнө гэсний дагуу түрээслэгч нарын эзэмшил ашиглалтад шилжээд энэ гэрээний дагуу хөнгөлөлтүүд бүгд эдлэгдсэн. Түрээсийн гэрээ байгуулах сонирхол буурч, үйл ажиллагаа жигдрэхгүй, орлого олох боломжгүй, энэ заалтыг зөвшөөрөхгүй байна гээд  8 сард гэрээ байгуулсан” гэв

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Талуудын хооронд байгуулсан гэх түрээсийн гэрээ хуульд заасны дагуу улсын бүртгэлийн ерөнхий газар бүртгүүлээгүй учир хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээ 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан. Гэтэл нэхэмжлэгч тал гэрээг 2018 оны 09 дүгээр сарын 07-нд байгуулчихаад 7, 8 сарын мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Хариуцагчийн зүгээс түрээслэгчид түрээсийн төлбөрийг төлсөн. Төлбөр төлсөн баримтаа өгсөн. 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний барьцаа байршуулсан. 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 5,992,280 төгрөгийг төлсөн. Талуудын хооронд байгуулсан рестораны талбай, түрээсийн гэрээний 6.2-т түрээслэгч нь түрээслэгчид талбайг хүлээлгэж өгснөөс хойш 1 сарын хугацаанд салхивч, агааржуулалтын үйлчилгээг хийж гүйцэтгэсэн байна. Засвар үйлчилгээний зардал болох 7,370,000 төгрөгийг түрээсийн төлбөрт тооцон суутгана гэж заасны дагуу дээрх засвар үйлчилгээг түрээслэгчийн тавьсан шаардлагын дагуу мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн. Түрээсийн төлбөрт 5,992,280 төгрөг, барьцаа 3,945,000 төгрөг, нийт түрээсийн төлбөрт 14,922,280 төгрөг төлсөн. Энэ нь барьцаа мөнгөтэйгөө нийлэхээр 18,867,280 төгрөг болж байна. Түрээсийн төлбөрийг бүрэн төлсөн. Харин барьцааныхаа мөнгийг авъя гэхэд олгоогүй. 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр талууд тохиролцож, барьцаа мөнгө байршуул, түүний дараа ресторан ажиллуулах хэмжээнд засвар үйлчилгээг болго, тэр хооронд түрээсийн төлбөр авахгүй гэж тохирсон. Түрээсийн гэрээг 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан. Гэтэл одоо барьцааны мөнгийг нэхээд гэрээ байгуулаагүй байсан, үйл ажиллагаа явуулаагүй байсан үеийн 7, 8 сарын мөнгийг нэхээд байна. Ийм учраас нэхэмжлэгч талын гаргасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд иргэн З.З ын зүгээс нэхэмжлэгч Н С П Б  ХХК-д түрээсийн төлбөр нийт 14,922,280 төгрөг, барьцаа болгож нэг сарын түрээстэй тэнцэх хэмжээний  төлбөр 3,945,000 төгрөг, нийт 18,867,280 төгрөгийг төлсөн. Түрээслэгч тал болох иргэн З.З ын зүгээс төрийн төлбөрийг бүрэн төлсөн бөгөөд түрээсийн байрыг 2018 оны 12 дугаар сараар тасалбар болгон хүлээлгэн өгсөн. Түрээслэгч талын  зүгээс 2018 оны 09, 10, 11, 12 дугаар саруудын түрээсийн төлбөрүүдийг бүрэн төлсөн тул барьцаа болгон Н С П Б  ХХК-д тушаасан 3,945,000 төгрөгийг буцаан авахаар түрээслүүлэгч талд хүсэлт гаргахад тус барьцааны мөнгийг түрээслүүлэгч талаас буцаан олгохгүй байгаа болно. Иймд түрээсийн гэрээ байгуулахаас өмнө түрээслүүлэгч талд барьцаа болгон тушаасан 3,945,000 төгрөгийг Н С П Б  ХХК-иас гаргуулж өгнө үү” гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н С П Б  ХХК нь хариуцагч З.З д холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,240,485 төгрөг гаргуулах, түрээсийн талбай чөлөөлүүлэх, барилгын хананд байршуулсан логог буулгах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч З.З  нь түрээсийн гэрээний урьдчилгаа төлбөр 3,945,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь түрээсийн талбай чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч нь барилгын хананд байршуулсан логог буулгах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн түрээсийн талбай чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан татгалзал болон хариуцагчийн  барилгын хананд байршуулсан логог буулгах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн зөвшөөрлийг тус тус батлах нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч З.З  нь түрээсийн төлбөрийг төлсөн тул одоо төлөх төлбөргүй гэж, нэхэмжлэгч Н С П Б  ХХК нь түрээсийн гэрээнд заасан урьдчилгаа төлбөрийг бодитоор төлөөгүй, мөн түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч тус тус маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Талуудын хооронд 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр “Рестораны талбай, түрээсийн гэрээ” байгуулагдаж, уг гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Нарны зам 87 тоотод байрлах 12 давхар барилгын нэг давхрын 157,8 м.кв талбайг Рестораны зориулалтаар 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар нэг сарын 3,945,000 /157,8х25,000=3,945,000/ төгрөгөөр түрээслэхээр тохиролцож гэрээ байгуулжээ.

 

Уг гэрээнд нэхэмжлэгч Н С П Б  ХХК нь 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр, хариуцагч З.З  нь 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр тус тус гарын үсэг зурсан нь талуудын хооронд байгуулсан гэрээний 12.1-д зааснаар 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар талууд ашиг олох, аж ахуйн үйл ажиллагаа явуулах зориулалтаар талбай түрээсэлж байгаа тул түрээсийн гэрээ байгуулсан гэж үзнэ.

 

Мөн, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д “...үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ.”, 318.4-д “Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.” гэж тус тус заажээ.

 

            Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Нарны зам 87 тоотод байрлах 12 давхар, үйлчилгээний орон сууцны зориулалттай, 7.800 м.кв талбайтай барилгыг үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн Ү-2203023255 дугаарт бүртгэж, 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон болох нь баримтаар нотлогдож байна.

 

            Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хэсэгчлэн буюу хариуцагчийн түрээсэлсэн нэг давхрын 157,8 м.кв талбайд тусад нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг аваагүй тул улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй тул талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэв.

 

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Түрээслэгч 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөх байсан боловч рестораны үйл ажиллагаа жигдрээгүй, хангалттай орлого олж эхлээгүй байна, түрээсийн төлбөрийг дахин нэг сараар чөлөөлүүлж 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс төлөх хүсэлт гаргасныг түрээслүүлэгч хүлээн авсан., ...2018 оны 10, 11, 12 дугаар саруудын түрээсийн төлбөр 11,835,000 төгрөг, цахилгааны төлбөр 1,350,485 төгрөг, нийт 13,185,485 төгрөгийн төлбөртэй байсан бөгөөд үүнээс барьцаа төлбөр 3,945,000 төгрөгийг хасч тооцвол 9,240,485 төгрөгийн үлдэгдэл өр төлбөртэй байна. Бид 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 13,185,485 төгрөгийг үлдэгдлийг тооцоо нийлж баталгаажуулсан, барьцааны мөнгө 3,945,000 төгрөгийг бэлнээр аваагүй бөгөөд З.З аас гэрээний дагуу засварын хөлснөөс 9,787,720 төгрөгийг түрээсийн төлбөрт суутгаж тооцсон, мөн 5,992,280 төгрөг төлсөн, одоо 11, 12 дугаар саруудын түрээсийн төлбөр 7,890,000 төгрөг, ашиглалтын зардал 1,350,485 төгрөг, нийт 9,240,485 төгрөг шаардаж нэхэмжлэл гаргасан” гэж, Хариуцагчийн төлөөлөгч нь “Рестороны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл гараагүй тул үйл ажиллагаа явуулж чадаагүй. Их хэмжээний засвар хийсэн. Түрээсийн төлбөрт 9,787,720 төгрөгт тооцогдох хэмжээний засварын ажлын хөлсийг суутгуулж тооцсон, түүн дээр түрээсийн төлбөрт 5,992,280 төгрөг төлсөн, мөн барьцаа төлбөр 3,945,000 төгрөг төлсөн. Бид хангалттай засвар хийсэн бөгөөд цаашид төлөх төлбөргүй. Одоо барьцаа төлбөр 3,945,000 төгрөгийн нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон татгалзлын үндэслэлийг тус тус тайлбарласан.

 

            Талууд түрээсийн талбайн засварын хөлсөнд төлсөн 9,787,720 төгрөгийг түрээсийн төлбөрт суутгаж тооцсон, мөн түрээсийн төлбөрт 5,992,280 төгрөг төлсөн үйл баримтад маргаагүй, харин түрээсийн гэрээний 3.2-д заасан барьцаа төлбөр 3,945,000 төгрөгийг бэлнээр аваагүй гэж маргасан.

 

            Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “барьцаа төлбөр 3,945,000 төгрөгийг хасч тооцвол 9,240,485 төгрөгийн үлдэгдэл өр төлбөртэй” гэж тайлбарлах атлаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...барьцаа 3,945,000 төгрөгийг төлөөгүй, харин засварын хөлснөөс суутгаж авсан” гэж зөрүүтэй тайлбарласан ба хавтаст хэргийн 32 дугаар талд авагдсан төлбөрийн баримтад З.З ын хамаарал бүхий Болор багана ХХК нь 3,945,000 төгрөг төлсөн тухай Н С П Б  ХХК-ийн “QR” кодтой баримтаас үзэхэд хариуцагч нь түрээсийн гэрээний барьцаа төлбөр 3,945,000 төгрөгийг төлсөн гэж үзэхээр байна. /З.З  нь Болор багана ХХК-тай хамааралтай, үйл ажиллагааг нь удирдан явуулдаг талаар талууд маргаагүй тул нотлох шаардлагагүй гэж үзэв/

 

            Талууд 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түрээсийн төлбөрийг тооцохоор тохиролцсон хугацаанаас түрээсийн төлбөрийг тооцож үзэхэд 2018 оны 08 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны түрээсийн төлбөр 19,725,000 төгрөг болж байна.

 

            Хариуцагч З.З  нь түрээсийн талбайн засварын хөлсөнд төлсөн 9,787,720 төгрөгийг түрээсийн төлбөрт суутгаж тооцсон, мөн түрээсийн төлбөрт 5,992,280 төгрөг төлсөн, мөн барьцаа 3,945,000 төгрөгийг оруулан тооцоход нийт 19,725,000 төгрөг төлсөн болох нь талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдож байна.

 

Талууд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 13,185,485 төгрөгийг үлдэгдлийг тооцоо нийлж баталгаажуулсан болох нь баримтаар нотлогдож байгаа хэдий боловч хариуцагчийн төлвөл зохих түрээс /2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарыг дуустал нийт 5 сар/-ийн нийт төлбөр 19,725,000 төгрөг ба хариуцагч түрээсийн төлбөрт 19,725,000 төгрөг төлсөн үйл баримтаар тооцоо нийлсэн акт үгүйсгэгдэж байна.

 

Иймд түрээсийн төлбөрийн хувьд төлөх төлбөргүй, нийт түрээсийн төлбөрийг төлсөн байх тул түрээсийн төлбөрт 7,890,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 9.1.6-д зааснаар “Түрээсийн талбайд хэрэглэсэн ус, газ, уур, халаалт, бохир, цахилгаан, утас, интернет, хог, болон бусад хэрэглээ үйлчилгээний зардлаа хариуцах...” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч нь цахилгааны төлбөр 1,350,485 төгрөг шаардаж нэхэмжлэл гаргасан бөгөөд уг төлбөрийг тооцоо нийлсэн акт болон 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн мэдэгдэлд “...2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацааны цахилгаан болон усны төлбөр 731,236 төгрөг” гэж дурдсан байна. /хх-ийн 17 дахь тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, …түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Хариуцагчийн ажиллах хугацааны цахилгааны төлбөрийн сар бүрийн задаргаа, бусдад төлсөн тухай баримт, хэрэв нэг давхрын 157,8 м.кв талбайтай түрээсийн объект нь тусдаа цахилгааны тоолууртай эсэх болон уг 1,350,485 төгрөгийн задаргааг түүнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргах үүргээ биелүүлээгүй.

 

2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн мэдэгдэлд ус болон цахилгааны төлбөрийг хамтад нь 731,236 төгрөг гэж шаардаж байсан атлаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “зөвхөн цахилгааны төлбөр 1,350,485 төгрөг” гэж усны төлбөрийг дурдаагүй, төлсөн эсэх нь тодорхойгүй зөрүүтэй байгаа болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд цахилгааны төлбөр 1,350,485 төгрөг төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч З.З ын барьцаа төлбөр 3,945,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д зааснаар биелүүлэх хугацаа нь болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болох хуулийн захицуулалттай.

 

Талуудын хоорондын түрээсийн төлбөрийн үүрэгт барьцаа төлбөр 3,945,000 төгрөгийг харилцан тооцсон тул барьцаа төлбөртэй холбоотой үүрэг дуусгавар болсон тул хариуцагч түрээсийн гэрээний барьцаа төлбөрийг шаардах эрхгүй байна.

 

Иймд түрээсийн гэрээний барьцаа төлбөр 3,945,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 58 дугаар зүйлийн 58,1-д “Нэхэмжлэл гаргах үед түүний үнийг шууд тогтооход бэрхшээлтэй байвал шүүгч улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг урьдчилан тогтоож, тухайн хэрэг хянан шийдвэрлэгдсэний дараа шүүхээс тогтоосон нэхэмжлэлийн үнэд тохируулан нөхөн төлүүлэх буюу урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцааж олгоно.” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,240,485 төгрөг гаргуулах, түрээсийн талбай чөлөөлүүлэх, барилгын хананд байршуулсан логог буулгахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд  түрээсийн талбай чөлөөлүүлэх, барилгын хананд байршуулсан логог буулгахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага тус бүрд улсын тэмдэгтийн хураамжийг төлөх үүрэгтэй ба нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид нийт 243,000 төгрөг төлсөн тул дутуу төлсөн 60,198 төгрөгийг нөхөн гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь заалт, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 318  дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч З.З аас  9,240,485 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н С П Б  ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгч Н С П Б  ХХК-иас 3,945,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч З.З ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Н С П Б  ХХК нь түрээсийн талбай чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан татгалзал болон хариуцагч З.З ын барилгын хананд байршуулсан логог буулгах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн зөвшөөрлийг тус тус баталсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243,00 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 78,070 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 60,198 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч З.З аас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н С П Б  ХХК-д олгосугай.  

4. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хуулийн этгээдээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.   

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.