Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 1932

 

“НСКБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо     даргалж, шүүгч М.Наранцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/01797 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “НСКБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч З.З-д холбогдох

Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэл болон ашиглалтын зардал 9 240 485 төгрөг гаргуулах, түрээсийн талбайг чөлөөлүүлэх болон барилгын хананд байршуулсан нэр логог буулгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, барьцаа болох 3 945 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цолмонбатын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цолмонбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цолмонбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “НСКБ” ХХК нь Сүхбаатар дүүрэгт байрлах 12 давхар барилгыг оффис үйлчилгээний зориулалтаар түрээслэн үйл ажиллагаа явуулдаг. Тухайн үйл ажиллагааны хүрээнд иргэн З.З- тус барилгын 1 давхарт байрлах 157 м.кв рестораны зориулалтаар тохижуулсан талбайг тавилга, тоног төхөөрөмж, гал тогооны хэрэгслийн хамтаар 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн өгсөн. Ингээд гэрээнд заасны дагуу 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөх, 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түрээсийн төлбөрт нэг сарын 3.945.000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн. Ингээд 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл ямар нэгэн төлбөр төлөхгүй явсаар 5.992.280 төгрөг төлсөн. 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 31-ний өдрийг хүртэл засвар хийсэн учир ямар нэгэн түрээсийн төлбөр аваагүй. 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 31-ний өдрийг хүртэл засвар хийсэн. Тус зардалд 7.370.000 төгрөгийн засвар хийсэн. Эхний удаад энэ засварыг хийж, 1 сарын төлбөрөөс чөлөөлье гэх тохиролцоо хийсэн. Сүүлд үйл ажиллагаа жигдрэхгүй байна гээд дахин нэг сараар сунгах хүсэлт гаргасны дагуу 7, 8 сарын түрээсийн төлбөрийг тус засварын зардлаас тооцсон. Ингээд 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх зардалд 2.047.000 төгрөгийг 10 сард төлсөн төлбөрөөс суутгасан. Мөн 8.997.720 төгрөг нь засварын зардалд нэмж гаргасан гээд чөлөөлсөн. Ингээд 11 сарын төлбөр төлөгдөөгүй, 12 сарын төлбөр төлөгдөөгүй. 10 сарынх нь 5.900.000 төгрөгийн барьцаа, 3.945.000 төгрөгөөс хасч, 2 сарын түрээсийн төлбөр 3.945.000 төгрөг, ашиглалт 1.350.485 төгрөгийг төлөөгүй байсан. Ингээд нэгэнт үйл ажиллагаа жигдрэхгүй байна гэсэн учир хариуцагчийн зүгээс 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн гэрээг дуусгавар болгох санал тавьсан. Үүний дагуу 3 сараас төлөгдөөгүй байсан 1 сарын барьцаа төлбөрөөс суутгаж, 11, 12 дугаар сарын түрээс, ашиглалтын зардал, нийт 9.240.485 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шинжээч томилуулах хугацаанд талбай чөлөөлсөн учир тус шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Түрээсийн гэрээ хуульд заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газар бүртгүүлээгүй учир хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээ 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан. Гэтэл нэхэмжлэгч тал гэрээг 2018 оны 9 дүгээр сарын 07-нд байгуулчихаад 7, 8 сарын мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Хариуцагчийн зүгээс түрээслэгчид түрээсийн төлбөрийг төлсөн. Төлбөр төлсөн баримтаа өгсөн. 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний барьцаа байршуулсан. 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 5.992.280 төгрөгийг төлсөн. Талуудын хооронд байгуулсан рестораны талбай, түрээсийн гэрээний 6.2-т түрээслэгч нь түрээслэгчид талбайг хүлээлгэж өгснөөс хойш 1 сарын хугацаанд салхивч, агааржуулалтын үйлчилгээг хийж гүйцэтгэсэн байна. Засвар үйлчилгээний зардал болох 7.370.000 төгрөгийг түрээсийн төлбөрт тооцон суутгана гэж заасны дагуу дээрх засвар үйлчилгээг түрээслэгчийн тавьсан шаардлагын дагуу мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн. Түрээсийн төлбөрт 5.992.280 төгрөг, барьцаа 3.945.000 төгрөг, нийт түрээсийн төлбөрт 14.922.280 төгрөг төлсөн. Энэ нь барьцаа мөнгөтэйгөө нийлэхээр 18.867.280 төгрөг болж байна. Түрээсийн төлбөрийг бүрэн төлсөн. Харин барьцааныхаа мөнгийг авъя гэхэд олгоогүй. 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр талууд тохиролцож, барьцаа мөнгө байршуул, түүний дараа ресторан ажиллуулах хэмжээнд засвар үйлчилгээг болго, тэр хооронд түрээсийн төлбөр авахгүй гэж тохирсон. Түрээсийн гэрээг 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан. Гэтэл одоо барьцааны мөнгийг нэхээд гэрээ байгуулаагүй байсан, үйл ажиллагаа явуулаагүй байсан үеийн 7, 8 сарын мөнгийг нэхээд байна. Ийм учраас нэхэмжлэгч талын гаргасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч “НСКБ” ХХК-д түрээсийн төлбөр нийт 14.922.280 төгрөг, барьцаа болгож нэг сарын түрээстэй тэнцэх хэмжээний төлбөр 3.945.000 төгрөг, нийт 18.867.280 төгрөгийг төлсөн. Түрээслэгч тал болох иргэн З.З-ын зүгээс төрийн төлбөрийг бүрэн төлсөн бөгөөд түрээсийн байрыг 2018 оны 12 дугаар сараар тасалбар болгон хүлээлгэн өгсөн. Түрээслэгч талын зүгээс 2018 оны 09, 10, 11, 12 дугаар саруудын түрээсийн төлбөрүүдийг бүрэн төлсөн тул барьцаа болгон “НСКБ” ХХК-д тушаасан 3.945.000 төгрөгийг буцаан авахаар түрээслүүлэгч талд хүсэлт гаргахад тус барьцааны мөнгийг түрээслүүлэгч талаас буцаан олгохгүй байгаа болно. Иймд түрээсийн гэрээ байгуулахаас өмнө түрээслүүлэгч талд барьцаа болгон тушаасан 3.945.000 төгрөгийг “НСКБ” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цолмонбат сөрөг нэхэмжлэлд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн тухайд түрээсийн төлбөр хүчин төгөлдөр бус гэж байгаа нь энэ шаардлагад хамааралгүй. Энэ нь бүгд нэг гэрчилгээтэй учир улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй. 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр түрээс төлсөн гэж байна. Энэ нь бэлэн мөнгө шилжүүлсэн баримт биш юм. Түрээсэлсэн гэдэг нь зардал гаргаад хийчихсэн учир 7 дугаар сарын түрээсийг суутгасан баримт байгаа. Үүний өмнө 7 дугаар сарын 24-ний өдөр 7.370.000 төгрөгийн зардал гаргасныг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байгаа. Энэ нь мөнгөн хэлбэрээр байгаагүй. 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр засварын талбайг актаар хүлээж авсан. Гэрээн дээр энэ өдрөөс эхлээд 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл засвар хийх хугацаа гэж байгаа. 2018 оны 6 дугаар сард төлбөр аваагүй 2018 оны 7, 8 сар бүхэлдээ засварын зардлаар суутган тооцож байгаа юм. Зарим зардлууд буюу 1.897.000 төгрөгийн засварын зардал 9 сарын түрээсийн төлбөрөөс хасагдаж байгаа юм. Ингээд үлдэгдэл 2.470.000 төгрөг нь 10 дугаар сарын 12-ны өдөр төлөгдсөн 5.900.000 төгрөгөөс тооцогдоод хасагдаж байгаа юм. 10 сарын төлбөрийн талаар бид нар яриагүй. 11, 12 сарын төлбөр, ашиглалт болон цахилгааны зардлыг нэхэмжилж байгаа. 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр төлсөн баримтыг барьцаанд байршуулсан гээд байгаа нь үндэслэлгүй байна. Гэрээний 2.4 болон 2.5-д түрээс төлөх өдөр нь түрээслэгч нь 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түрээсийн төлбөр төлнө гэж байгаа. Гэрээний 2.4-т 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр эд хөрөнгөд шилжүүлж өгнө гэсний дагуу түрээслэгч нарын эзэмшил ашиглалтад шилжээд энэ гэрээний дагуу хөнгөлөлтүүд бүгд эдлэгдсэн. Түрээсийн гэрээ байгуулах сонирхол буурч, үйл ажиллагаа жигдрэхгүй, орлого олох боломжгүй, энэ заалтыг зөвшөөрөхгүй байна гээд 8 сард гэрээ байгуулсан гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч З.З-аас 9.240.485 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “НСКБ” ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгч “НСКБ” ХХК-иас 3.945.000 төгрөг гаргуулах тухай хариуцагч З.З-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч “НСКБ” ХХК нь түрээсийн талбай чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан татгалзал болон хариуцагч З.З-ын барилгын хананд байршуулсан логог буулгах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн зөвшөөрлийг тус тус баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243.000 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 78.070 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 60.198 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч З.З-аас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “НСКБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “НСКБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цолмонбат давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Талуудын хооронд байгуулагдсан рестораны талбай, түрээсийн гэрээний 2.4, 2.5, 6.1, 6.2-т заасан 7.370.000 төгрөгийн зардал бүхий засварыг хийж буйтай холбоотой 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл түрээсийн төлбөрөөс чөлөөлж, 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт түрээслэгчийн хийсэн агааржуулалтын засварын 7.370.000 төгрөгт суутган тооцохоор тохиролцсон. Энэ дагуу түрээсийн засварт хийсэн зардлыг 2018 оны 7 дугаар сарын түрээсийн төлбөрт суутган тооцоод, 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр түрээслэгчийн хүсэлтийн дагуу хэргийн 32 дугаар талд байгаа “НСКБ” ХХК-иас "бараа, ажил үйлчилгээ"-ний буюу түрээсийн үйлчилгээ үзүүлсэн Е-баримтыг олгосон. Энэ нь түрээслэгчээс барьцаа 3.945.000 төгрөг буюу мөнгө шилжүүлсэн гэдгийг нотлох баримт огтоос биш, бараа, ажил үйлчилгээ үзүүлснийг л нотлох баримт. Ийнхүү нэхэмжлэгч талаас хэргийн 32 дугаар талд байгаа уг баримтыг түрээслэгчээс барьцаа 3.945.000 төгрөгийн шилжүүлсэн баримт биш гэж маргасан. Түрээслэгч нь 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 5.992.280 төгрөгийг л төлсөн бөгөөд нэхэмжлэгчийн хувьд энэхүү төлбөрийн 3.945.000 төгрөгийг барьцааг төлсөн, үлдэх 2.047.280 төгрөгийг 9 дүгээр сарын түрээсийн төлбөрийн зарим хэсгийг төлсөн талаар тайлбарыг нэхэмжлэл, хариу тайлбарууд болон шүүх хуралдаан дээр хэлж байсныг анхан шатны шүүх "нэхэмжлэгч барьцаа шилжүүлсэн, шилжүүлээгүй" хэмээн зөрүүтэй тайлбарлаж байна" гэж мушгин гуйвуулж хэргийн 32 дугаар талд авагдсан баримтыг буруу үнэлснээ, хаацайлах нэг үндэслэл болгосон байна. Бидний хувьд 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Е-баримт нь барьцаа 3.945.000 төгрөг шилжүүлснийг нотлох баримт биш, бид 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр шилжүүлсэн 5.992.280 төгрөгөөс 3.945.000 төгрөгийг барьцаа болгож авсан талаар л тайлбарлаж мэтгэлцсэн юм. Хариуцагч түрээсийн төлбөрт 19.725.000 төгрөг төлсөн гэдэг нь үндэслэлгүй бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 5.992.280 төгрөгийг л төлсөн. Хэрэгт түрээслэгч З.З-ын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “НСКБ” ХХК-д ирүүлсэн албан бичиг авагдсан ба үүнд: "...2018 оны 10, 11, 12 сарын түрээсийн төлбөр, ашиглалтын төлбөрийг төлөөгүй... цаашид рестораны талбайг түрээслэх боломжгүй болж байгаа тул түрээсийн гэрээнд заасны дагуу 1 сарын өмнө албан ёсоор мэдэгдэж байна” хэмээн 3 сарын түрээсийн төлбөр, ашиглалтын зардал 9.240.485 төгрөг төлөөгүй байгаагаа хүлээн зөвшөөрч байсан. Үүний дараа 2018 оны 12 сард түрээсийн талбайд байсан өөрийн тавилга эд хөрөнгөө 9.225.000 төгрөгөөр үнэлэн төлбөрт тооцон авахыг түрээслэгч талаас санал болгож байсан ба энэхүү үнэлгээ нь бодит бус, өөрсдийн нэр логогоо хүртэл үнэлээд оруулчихсан байсан тул манай компани төлбөрт авахаас татгалзсан. Хамгийн сүүлд 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр З.З-тай тооцоо нийлэхэд 13.185.485 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг хүлээн зөвшөөрч, баталгаажуулсан. Энэхүү 13.185.485 төгрөг нь барьцаа 3.945.000 төгрөгийг хасаагүй дүн бөгөөд хасвал З.З-ын төлөгдөөгүй түрээс, ашиглалтын төлбөр болох 9.240.485 төгрөг болно. 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс дээрх тооцоо нийлсэн акт буюу тулган баталгаажуулалтын захидалд З.З- гарын үсэг зураагүй гэж маргаад шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр З.З-ын гарын үсэг мөн болох нь, уг баримт үнэн зөв эргэлзээгүй болох нь тогтоогдоход түрээс төлөх хугацааг хойшлуулан тооцоод, ажил, үйлчилгээ үзүүлснийг нотлох Е-баримтыг түрээслэгчээс мөнгө шилжүүлсэн баримт гэж үнэлж байгаад хариуцагчийг хууль бусаар түрээсийн төлбөрөөс чөлөөлсөн үндэслэлгүй шийдвэрийг гаргалаа. Иймд шийдвэрийг бүхэлд нь хангаж хариуцагчаас 9.240.485 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй. 

 

Нэхэмжлэгч ““НСКБ” ХХК нь хариуцагч З.З-д холбогдуулан түрээсийн төлбөр 9.240.485 төгрөг гаргуулах, түрээсийн талбай чөлөөлүүлэх, барилгын хананд байршуулсан логог буулгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч түрээсийн гэрээний барьцаа 3,945,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь түрээсийн талбайг чөлөөлж, барилгын хананд байршуулсан логог буулгах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн  тул нэхэмжлэгчийн төлөөлөгч нь эдгээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, нэхэмжлэлээ өөрчилсөн тул  шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөр огноолсон Рестораны талбай, түрээсийн гэрээгээр  нэхэмжлэгч нь өөрийн  өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Нарны зам 87 тоотод байрлах 12 давхар барилгын нэг давхрын 157.8 м.кв талбайг хариуцагчийн эзэмшил, ашиглалтанд Рестораны зориулалтаар 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар шилжүүлэх, хариуцагч нь нэхэмжлэгчид нэг сарын 3.945.000 төгрөг төлөхөөр тохиролцжээ.

 

 Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ мөн  хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт заасан хэлбэрийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэж үзсэн нь үндэслэлтэй.

 

Зохигчид түрээсийн талбайн засварын зардал 9.787.720 төгрөгийг түрээсийн төлбөрт суутгаж тооцсон, мөн түрээсийн төлбөрт 5.992.280 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон байна.

Гэрээнд зааснаар түрээслэгч  2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл засвар хийсэн учир түрээсийн төлбөрийг 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тооцохоор, засварын зардлыг  7.370.000 төгрөгт тооцохоор тохиролцсон боловч 2018 оны 9 дүгээр сарыг хүртэл засвар хийсэн, нийт засварын зардал 9.787.720 төгрөгийг 7, 8 сарын бүтэн, 9 сарын түрээсийн төлбөрийн зарим хэсэгт  суутгаж тооцсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримт зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

 Мөн түрээслэгч талаас  2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 5.992.280 төгрөгийн 3,945,000 төгрөгийг барьцааг төлсөн, үлдэх 2.047.280 төгрөгийг 9 дүгээр сарын түрээсийн төлбөрийн зарим хэсэгт төлөгдсөн болох нь тогтоогдож байна.

 

Анхан шатны шүүх “НСКБ” ХХК-ийн QR код бүхий баримтыг  хариуцагч нь түрээсийн гэрээний барьцаа төлбөр 3.945.000 төгрөгийг төлсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дэрх баримтыг “...гэрээний дагуу түрээсийн засварт хийсэн зардлыг 2018 оны 7 дугаар сарын түрээсийн төлбөрт суутган тооцож, 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр  “НСКБ” ХХК-иас "бараа, ажил үйлчилгээ"-ний буюу түрээсийн үйлчилгээ үзүүлсэн Е-баримтыг түрээслэгчийн хүсэлтийн дагуу олгосон...” гэж тайлбарласныг хариуцагч тал үндэслэл бүхий баримтаар няцааж чадаагүй байна.

 

Хариуцагч З.З-ын гарын үсэг бүхий  2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 13.185.485 төгрөгийн үлдэгдлийг тооцоо нийлж баталгаажуулсан актаар  нэхэмжлэгчийн тайлбар нотлогдож байхад анхан шатны шүүх түрээсийн төлбөрт засварын зардал тооцсон баримтыг нь түрээсийн гэрээний барьцаа төлбөрт дахин тооцсон нь алдаатай болжээ.

 

Иймд 2018 оны 10 сарын түрээсийн төлбөр төлөгдсөн тул 11, 12 сарын түрээсийн төлбөр  7.890.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Харин шүүх цахилгааны төлбөр 1.350.485 төгрөгийн нэхэмжлэлтэй холбоотой баримтыг шүүхэд гаргах үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй гэсэн үндэслэлээр уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.

  

Мөн 10 сарын  түрээсийн төлбөрийн үүрэгт барьцаа төлбөр 3.945.000 төгрөгийг тооцсон тул түрээсийн гэрээний барьцаа төлбөр 3.945.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй. Харин шүүх уг сөрөг шаардлагыг хууль хэрэглэхгүй шийдвэрлэсэн нь буруу болсон бөгөөд түрээсийн төлөгдөөгүй төлбөрийг барьцаагаар хангахаар талууд гэрээгээр тохиролцсон үндэслэлээр барьцааны эрх дуусгавар болоогүй тул Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дах хэсэгт заасан үүрэг нэхэмжлэгчид үүсээгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас түрээс ийн төлбөрт 7.890.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/01797 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч З.З-аас 7.890.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “НСКБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.350.485 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дах хэсэгт заасан үндэслэлгүй тул  нэхэмжлэгч “НСКБ” ХХК-иас 3.945.000 төгрөг гаргуулах тухай хариуцагч З.З-ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дах заалтын  “70.200” гэснийг “211.390” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162.800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ИЧИНХОРЛОО         

                                               ШҮҮГЧ                                М.НАРАНЦЭЦЭГ          

                                                                                          Н.БАТЗОРИГ