Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2021/00387

 

 

Норт спринг капитал блү ХХК-ийн

Нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Х.Сонинбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/01797 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1932 дугаар магадлалтай,

Норт спринг капитал блү ХХК-ийн нэхэмжлэлтэй,

З.Золжаргалд холбогдох

Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэл болон ашиглалтын зардал 9,240,485 төгрөг гаргуулах, түрээсийн талбайг чөлөөлүүлэх болон барилгын хананд байршуулсан нэр логог буулгуулах тухай үндсэн, барьцаа болох 3,945,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цолмонбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболдын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цолмонбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цолмонбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Норт спринг капитал блү ХХК нь Сүхбаатар дүүрэгт байрлах 12 давхар барилгыг оффис үйлчилгээний зориулалтаар түрээслэн үйл ажиллагаа явуулдаг. Тухайн үйл ажиллагааны хүрээнд иргэн З.Золжаргал тус барилгын 1 давхарт байрлах 157 м.кв рестораны зориулалтаар тохижуулсан талбайг тавилга, тоног төхөөрөмж, гал тогооны хэрэгслийн хамтаар 2018.06.01-ний өдөр түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн өгсөн. Ингээд гэрээнд заасны дагуу 2018.07.01-ний өдрийг хүртэл түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөх, 2018.07.01-ний өдрөөс эхлэн түрээсийн төлбөрт нэг сарын 3,945,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн. Ингээд 2018.10.12-ны өдрийг хүртэл ямар нэгэн төлбөр төлөхгүй явсаар 5,992,280 төгрөг төлсөн. 2018.06.01-ний өдрөөс 31-ний өдрийг хүртэл засвар хийсэн учир ямар нэгэн түрээсийн төлбөр аваагүй. 2018.07.01-ний өдрөөс 31-ний өдрийг хүртэл засвар хийсэн. Тус зардалд 7,370,000 төгрөгийн засвар хийсэн. Эхний удаад энэ засварыг хийж, 1 сарын төлбөрөөс чөлөөлье гэх тохиролцоо хийсэн. Сүүлд үйл ажиллагаа жигдрэхгүй байна гээд дахин нэг сараар сунгах хүсэлт гаргасны дагуу 7, 8 сарын түрээсийн төлбөрийг тус засварын зардлаас тооцсон. Ингээд 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх зардалд 2,047,000 төгрөгийг 10 сард төлсөн төлбөрөөс суутгасан. Мөн 8,997,720 төгрөг нь засварын зардалд нэмж гаргасан гээд чөлөөлсөн. Ингээд 11 сарын төлбөр төлөгдөөгүй, 12 сарын төлбөр төлөгдөөгүй. 10 сарынх нь 5,900,000 төгрөгийн барьцаа, 3,945,000 төгрөгөөс хасч, 2 сарын түрээсийн төлбөр 3,945,000 төгрөг, ашиглалт 1,350,485 төгрөгийг төлөөгүй байсан. Ингээд нэгэнт үйл ажиллагаа жигдрэхгүй байна гэсэн учир хариуцагчийн зүгээс 2018.11.29-ний өдрөөс эхлэн гэрээг дуусгавар болгох санал тавьсан. Үүний дагуу 3 сараас төлөгдөөгүй байсан 1 сарын барьцаа төлбөрөөс суутгаж, 11, 12 дугаар сарын түрээс, ашиглалтын зардал, нийт 9,240,485 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шинжээч томилуулах хугацаанд талбай чөлөөлсөн учир тус шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Түрээсийн гэрээ хуульд заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газар бүртгүүлээгүй учир хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээ 2018.09.07-ны өдөр байгуулагдсан. Гэтэл нэхэмжлэгч тал гэрээг 2018.09.07-нд байгуулчихаад 7, 8 сарын мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Хариуцагчийн зүгээс түрээслэгчид түрээсийн төлбөрийг төлсөн. Төлбөр төлсөн баримтаа өгсөн. 2018.07.30-ны өдөр 1 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний барьцаа байршуулсан. 2018.10.12-ны өдөр 5,992,280 төгрөгийг төлсөн. Талуудын хооронд байгуулсан рестораны талбай, түрээсийн гэрээний 6.2-т түрээслэгч нь түрээслэгчид талбайг хүлээлгэж өгснөөс хойш 1 сарын хугацаанд салхивч, агааржуулалтын үйлчилгээг хийж гүйцэтгэсэн байна. Засвар үйлчилгээний зардал болох 7,370,000 төгрөгийг түрээсийн төлбөрт тооцон суутгана гэж заасны дагуу дээрх засвар үйлчилгээг түрээслэгчийн тавьсан шаардлагын дагуу мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн. Түрээсийн төлбөрт 5,992,280 төгрөг, барьцаа 3,945,000 төгрөг, нийт түрээсийн төлбөрт 14,922,280 төгрөг төлсөн. Энэ нь барьцаа мөнгөтэйгөө нийлэхээр 18,867,280 төгрөг болж байна. Түрээсийн төлбөрийг бүрэн төлсөн. Харин барьцааныхаа мөнгийг авъя гэхэд олгоогүй. 2018.07.30-ны өдөр талууд тохиролцож, барьцаа мөнгө байршуул, түүний дараа ресторан ажиллуулах хэмжээнд засвар үйлчилгээг болго, тэр хооронд түрээсийн төлбөр авахгүй гэж тохирсон. Түрээсийн гэрээг 2018.09.07-ны өдөр байгуулсан. Гэтэл одоо барьцааны мөнгийг нэхээд гэрээ байгуулаагүй байсан, үйл ажиллагаа явуулаагүй байсан үеийн 7, 8 сарын мөнгийг нэхээд байна. Ийм учраас нэхэмжлэгч талын гаргасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Норт спринг капитал блү ХХК-д түрээсийн төлбөр нийт 14,922,280 төгрөг, барьцаа болгож нэг сарын түрээстэй тэнцэх хэмжээний төлбөр 3,945,000 төгрөг, нийт 18,867,280 төгрөгийг төлсөн. Түрээслэгч тал болох иргэн З.Золжаргалын зүгээс төрийн төлбөрийг бүрэн төлсөн бөгөөд түрээсийн байрыг 2018.12 дугаар сараар тасалбар болгон хүлээлгэн өгсөн. Түрээслэгч талын зүгээс 2018.09, 10, 11, 12 дугаар саруудын түрээсийн төлбөрүүдийг бүрэн төлсөн тул барьцаа болгон Норт спринг капитал блү ХХК-д тушаасан 3,945,000 төгрөгийг буцаан авахаар түрээслүүлэгч талд хүсэлт гаргахад тус барьцааны мөнгийг түрээслүүлэгч талаас буцаан олгохгүй байгаа болно. Иймд түрээсийн гэрээ байгуулахаас өмнө түрээслүүлэгч талд барьцаа болгон тушаасан 3,945,000 төгрөгийг Норт спринг капитал блү ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цолмонбат сөрөг нэхэмжлэлд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн тухайд түрээсийн төлбөр хүчин төгөлдөр бус гэж байгаа нь энэ шаардлагад хамааралгүй. Энэ нь бүгд нэг гэрчилгээтэй учир улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй. 2018.07.30-ны өдөр түрээс төлсөн гэж байна. Энэ нь бэлэн мөнгө шилжүүлсэн баримт биш юм. Түрээсэлсэн гэдэг нь зардал гаргаад хийчихсэн учир 7 дугаар сарын түрээсийг суутгасан баримт байгаа. Үүний өмнө 7 дугаар сарын 24-ний өдөр 7,370,000 төгрөгийн зардал гаргасныг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байгаа. Энэ нь мөнгөн хэлбэрээр байгаагүй. 2018.06.01-ний өдөр засварын талбайг актаар хүлээж авсан. Гэрээн дээр энэ өдрөөс эхлээд 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл засвар хийх хугацаа гэж байгаа. 2018.06 дугаар сард төлбөр аваагүй 2018.07, 08 сар бүхэлдээ засварын зардлаар суутган тооцож байгаа юм. Зарим зардлууд буюу 1,897,000 төгрөгийн засварын зардал 9 сарын түрээсийн төлбөрөөс хасагдаж байгаа юм. Ингээд үлдэгдэл 2,470,000 төгрөг нь 10 дугаар сарын 12-ны өдөр төлөгдсөн 5,900,000 төгрөгөөс тооцогдоод хасагдаж байгаа юм. 10 сарын төлбөрийн талаар бид нар яриагүй. 11, 12 сарын төлбөр, ашиглалт болон цахилгааны зардлыг нэхэмжилж байгаа. 2018.07.30-ны өдөр төлсөн баримтыг барьцаанд байршуулсан гээд байгаа нь үндэслэлгүй байна. Гэрээний 2.4 болон 2.5-д түрээс төлөх өдөр нь түрээслэгч нь 2018.07.01-ний өдрөөс эхлэн түрээсийн төлбөр төлнө гэж байгаа. Гэрээний 2.4-т 2018.06.01-ний өдөр эд хөрөнгөд шилжүүлж өгнө гэсний дагуу түрээслэгч нарын эзэмшил ашиглалтад шилжээд энэ гэрээний дагуу хөнгөлөлтүүд бүгд эдлэгдсэн. Түрээсийн гэрээ байгуулах сонирхол буурч, үйл ажиллагаа жигдрэхгүй, орлого олох боломжгүй, энэ заалтыг зөвшөөрөхгүй байна гээд 8 сард гэрээ байгуулсан гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.12-ны өдрийн 181/ШШ2019/01797 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч З.Золжаргалаас 9,240,485 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Норт спринг капитал блү ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгч Норт спринг капитал блү ХХК-иас 3,945,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч З.Золжаргалын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Норт спринг капитал блүХХК нь түрээсийн талбай чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан татгалзал болон хариуцагч З.Золжаргалын барилгын хананд байршуулсан логог буулгах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн зөвшөөрлийг тус тус баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243,000 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 78,070 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 60,198 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч З.Золжаргалаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Норт спринг капитал блү ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.11.15-ны өдрийн 1932 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.12-ны өдрийн 181/ШШ2019/01797 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч З.Золжаргалаас 7,890,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Норт спринг капитал блү ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,350,485 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дах хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Норт спринг капитал блү ХХК-иас 3,945,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч З.Золжаргалын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дах заалтын 70,200 гэснийг 211,390 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162,800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цолмонбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүхээс түрээсийн төлбөрийн талаар хэргийн бодит үйл баримтын талаар үндэслэлтэй дүгнэлтүүдийг хийсэн боловч 1,350,485 төгрөгийн ашиглалтын зардал гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж байна. Талуудын хооронд байгуулагдсан Түрээсийн гэрээний 9.1.6-д Түрээслэгч нь Түрээсийн талбайд хэрэглэгдсэн ус, газ, уур, халаалт бохир, цахилгаан, утас, интернет, хог болон бусад хэрэглээ үйлчилгээний зардлаа хариуцах үүрэгтэй. бөгөөд хэргийн материалд авагдсан түрээслэгч З.Золжаргалын 2018.11.29-ний өдөр НСКБ компанид ирүүлсэн албан бичиг авагдсан ба үүнд: ...2018 оны 10,11,12 сарын түрээсийн төлбөр, ашиглалтын төлбөрийг төлөөгүй... цаашид рестораний талбайг түрээслэх боломжгүй болж байгаа тул түрээсийн гэрээнд заасны дагуу 1 сарын өмнө албан ёсоор мэдэгдэж байна хэмээн 3 сарын түрээсийн төлбер, ашиглалтын зардал 9,240,485 төгрөг төлөөгүй байгаагаа хүлээн зөвшөөрч байсан. Үүний дараа 2018.12 дугаар сард түрээсийн талбайд байсан өөрийн тавилга эд хөрөнгөө 9,225,000 төгрөгөөр үнэлэн төлбөрт тооцон авахыг түрээслэгч талаас санал болгож байсан ба энэхүү үнэлгээ нь бодит бус, өөрсдийн нэр логогоо хүртэл үнэлээд оруулчихсан байсан тул манай компани төлбөрт авахаас татгалзсан. Хамгийн сүүлд 2019.01.18-ны өдөр З.Золжаргалтай тооцоо нийлэхэд 13,185,485 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг хүлээн зөвшөөрч, баталгаажуулсан. Энэхүү 13,185,485 төгрөг нь барьцаа 3,945,000 төгрөгийг хасаагүй дүн бөгөөд хасвал З.Золжаргалын төлөгдөөгүй түрээс, ашиглалтын төлбөр болох 9,240,485 төгрөг болно. Уг 9,240,485 тегрегийн төлбөр нь 2 сарын түрээсийн төлбер 7,890,000 төгрөг болоод ашиглалтын зардал 1,350,485 төгрөг багтсан байгаа юм. Гэтэл Давж заалдах шатны шүүх 2019.01.18- ны өдрийн тооцоо нийлсэн актаар нотлогдож байгаа 9,240,485 төгрөгийн түрээсийн төлбөр 7,890,000 төгрөгийг шийдвэрлээд уг актын дүнд багтсан 1,350,485 төгрөгийг хангаж шийдвэрлээгүй нь үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэж байна. 2019.06.11-ний өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс дээрх тооцоо нийлсэн акт буюу тулган баталгаажуулалтын захидалд З.Золжаргал гарын үсэг зураагүй гэж маргаад шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан. Өөрөөр хэлбэл шүүх тухайн үед энэхүү 2019.01.28-ны өдрийн тулган баталгаажуулалтын захидлыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол гэж үзээд үнэн зөвийг тогтоолгуулахаар шинжээч томилж дүгнэлт гаргуулахад З.Золжаргалын гарын үсэг мөн болох нь тогтоогдсон. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлсэн 1,350,485 төгрөгийн нэхэмжпэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүх Гэрээнд зааснаар түрээслэгч 2018.06.01-ний өдрөөс 2018.07.01-ний өдөр хүртэл засвар хийсэн учир түрээсийн төлбөрийг 2018.07.01-ний өдрөөс эхлэн тооцохоор, засварын зардлыг 7,370 төгрөгт тооцохоор тохиролцсон боловч 2018.09-р сарыг хүртэл засвар хийсэн нийт засварын зардал 9,787,720 төгрөгийг 7, 8-р сарын бүтэн, 9-р сарын түрээсийн төлбөрийн зарим хэсэгт суутган тооцсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримт зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Талуудын хооронд Рестораны талбай түрээсийн гэрээг 2018.09.07-ны өдөр байгуулсан. Тус гэрээний 12.1-д Энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасан, талууд гэрээнд 2018.09.07-ны өдөр гарын үсэг зурсан, мөн анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээ 2018.09.07-ны өдөр хүчин төгөлдөр болсон гэж үнэн зөв дүгнэсэн. Мөн нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ түрээсийн төлбөрийг 2018.09-р сараас эхлэн нэхэмжилсэн байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх түрээсийн гэрээний төлбөрийг 2018.07.01-нээс тооцсон иь шударга бус байна. Талуудын хооронд байгуулсан гэрээ 2018.09.07-ны өдөр байхад чухам яагаад 2018.07.01-нээс тооцсон нь огтоос ойлгомжгүй байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх Норт спринг капитал блү ХХК-ийн QR код бүхий баримтыг хариуцагч нь түрээсийн гэрээний барьцаа төлбөр 3,945,000 төгрөгийг төлсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь огт үндэслэлгүй байна. Хариуцагч З.Золжаргал түрээсийн гэрээний барьцаа төлбөр нэг сарын түрээсийн төлбөртэй тэнцэх 3,945,000 төгрөгийг нэхэмжлэгч талын санхүүд бэлнээр тушаасан бөгөөд нэхэмжлэгч талын санхүүгийн албанаас 3,945,000 төгрөг тул санхүүгийн баримт болох Е-баримт олгосон, мөн нэхэмжлэгч тал нэхэмждэлдээ хариуцагчийг барьцаа 3,945,000 төгрөгийг төлснийг дурьдсан бөгөөд барьцаа 3,945,000 төгрөгийг суутган тооцож үлдэгдэл төлбөрийг нэхэмжилсэн байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх барьцаа төлбөр төлөөгүй гэж дүгнэж байгаа нь үнэхээр ойлгомжгүй байна. Хариуцагч З.Золжаргалын зүгээс түрээсийн төлбөрийг бүрэн төлсөн болохыг нотлох баримтаар шүүхэд хангалттай гаргаж өгсөн. Гэтэл давж заалдах шатны шүүх нотлох баримтыг үнэн зөв шалгаж шийдвэрлээгүй, илт хууль бус шийдвэр гаргаж хариуцагч З.Золжаргалаас 7,890,000 төгрөг гаргуулж "Норт спринг капитал блү ХХК-д олгохоор шийдвэрлэсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Норт спринг капитал блү ХХК нь З.Золжаргалаас түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэл болон ашиглалтын зардал 9,240,485 төгрөг гаргуулах, түрээсийн талбайг чөлөөлүүлэх болон барилгын хананд байршуулсан нэр логог буулгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, барьцааны 3,945,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Анхан шатны шүүх, нэхэмжлэгч Норт спринг капитал блү ХХК нь түрээсийн талбай чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг, хариуцагч З.Золжаргал барилгын хананд байршуулсан логог буулгах шаардлагыг зөвшөөрснийг тус тус баталж хэргийг болон үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цолмонбат ашиглалтын зардал 1,350,485 төгрөгийг гаргуулахаар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түрээсийн гэрээний барьцаа хөрөнгө 3,945,000 төгрөгийг гаргуулж, сөрөг нэхэмжлэлийг хангахыг хүссэн гомдлыг тус тус хяналтын журмаар гаргажээ.

Талуудын мэтгэлцээний хүрээнд хэрэгт цугларсан баримтад тулгуурлан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Хэрэгт баримтаар 2018.09.07-ны өдрийн Рестораны талбай, түрээслүүлэх гэрээ авагдсан ба гэрээний зүйл нь 12 давхар барилгын 1 дүгээр давхрын 157,8 м.кв талбай, рестораны зориулалтын тоног төхөөрөмж байна. Гэрээний 3.1-д 1 сарын түрээсийн төлбөр 3,945,000 төгрөг гэж, гэрээний 2.5-д түрээслэгч нь 2018.07.01-ний өдрөөс эхлэн түрээсийн төлбөрийг төлнө гэж, гэрээний 3.2-т барьцаа 3,945,00 төгрөг байршуулна гэж тус тус тохирсон байна.

Талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн, түрээсийн талбайг улсын бүртгэлд бүртгүүлэх эрх зүйн үндэслэлгүй тул хүчин төгөлдөр гэрээ гэж шүүх дүгнэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хуульд нийцүүлэн тайлбарлан хэрэглэжээ.

Түрээсийн эд зүйлийг хариуцагч 2018.06.01-ний өдөр хүлээн авсан байх ба завсар тохижилтын ажил эхлүүлсэн нь 7, 8 дугаар сар дуусаагүй гэсэн үндэслэлээр рестораны үйл ажиллагааг явуулаагүй 9 сараас рестораныг ажиллуулж эхлүүлсэн боловч хариуцагч 11 дүгээр сарын 29-ний өдөр түрээсийн гэрээг дуусгавар болгох санал гаргаснаар гэрээ цуцлагдсан байна.

Хариуцагч түрээсийн төлбөрт 5,992,280 төгрөг төлсөн тухайд болон тохижилтын засварын зардалд 9,787,000 төгрөгийн зардал гаргасныг түрээсийн төлбөрөөс хасаж тооцохоор тохирсон болохыг хэн аль нь зөвшөөрсөн байна. Хэргийн 32 дугаар талд баримтаар хариуцагчийн өмнөөс барьцааны 3,945,000 төгрөгийг Болорбагана ХХК төлсөн байх ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлэх хуульд заасан журмыг бүрэн хэрэгжүүлж чадаагүй байна.

а).анхан шатны шүүх түрээсийн төлбөр төлөх хугацааг 2018.08 дугаар сараас эхэлж тооцон 12 дугаар сарыг дуустал түрээсийн төлбөр 19,725,000 төгрөг, хариуцагчийн гаргасан зардал мөн 19,725,000 төгрөг гэж дүгнэн үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ талууд түрээсийн төлбөр төлөх хугацааг 2018.07.01-ний өдрөөс эхлэхээр тохиролцсоныг анхаараагүй нь буруу болжээ.

Давж заалдах шатны шүүх түрээсийн төлбөр төлөх хугацааг 2018.07.01-нээс гэж зөв тооцсон 1, 12 дугаар сарын түрээсийн төлбөрт хариуцагчаас 7,890,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч 10 дугаар сарын төлбөрт барьцааны 3,945,000 төгрөгийг суутгасан гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг дутуу үнэлсэн байна. Иймд магадлалд өөрчлөлт оруулна.

б). Талууд Рестораны талбай, түрээслүүлэх гэрээ-г хэдийгээр 2018.09.07-ны өдрөөр огноолсон боловч түрээсийн байр, эд зүйлийг 2018.06.01-нд хүлээлгэн өгсөн, гэрээний 2.5-д түрээсийн төлбөр төлөх хугацааг 2018.07.01-нээс эхлэхээр тохирсон байх бөгөөд засвар хийсэн хугацааны түрээсийн төлбөрийг засварын зардлаар хаахаар хэлэлцэж тохирч байсан нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.

Иймд хариуцагч нь гэрээнд зааснаар 2018.07.01-нээс 12 сар дуустал хугацааны түрээсийн төлбөр төлөх үүрэгтэй бөгөөд үүнээс засварын зардал болон, төлсөн төлбөрийг хасаж тооцно.

Гэрээний дагуу нэг сарын төлбөр 3,945,000 төгрөгийг 7, 8, 9, 10, 11, 12 дугаар сарын хугацаанд тооцвол 23,670,000 төгрөг гарч байна.Үүнээс хариуцагчийн засварт зарцуулсан 9,787,920 төгрөг бодитоор төлсөн 5,992,000 төгрөгийг тус тус хасаж тооцоход 7,890,000 төгрөгийн түрээсийн төлбөрийн үлдэгдэл байгааг хариуцагчаас гаргуулах нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасанд нийцнэ. Давж заалдах шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт үндэслэлтэй байна.

Харин түрээсийн гэрээний барьцаанд 3,945,000 төгрөг байршуулсан нь тогтоогдсон энэ мөнгийг дээрх саруудын буюу 10 дугаар сарын төлбөрт тооцоогүй тул сөрөг нэхэмжлэлийг хангаж, магадлалд өөрчлөлт оруулна.

г).Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотолж 2019.01.18-ны өдрийн Тооцоо нийлсэн акт гэх баримтыг гаргасан нь хэргийн 114 дүгээр талд авагдсан байна. Уг баримтад түрээсийн төлөх төлбөрийн дүнг 13,185,485 төгрөг гэж бүхэлд нь зааж, тооцооны задаргааг тодорхой тусгаагүй ба шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа 11, 12 дугаар сарын түрээсийн төлбөр 7,890,000 төгрөг, ашиглалтын зардал 1,350,485 төгрөг барьцааны 3,945,000 төгрөг гэж тайлбарлажээ. Мөн тэрээр гэрээний хугацааны цахилгаан, усны төлбөр гэж 731,236 төгрөг нэхэмжилж байсан талаар анхан шатны шүүх хэргийн 17 дугаар талд авагдсан баримтыг дурдан дүгнэж байжээ. Иймээс 13,185,485 төгрөгийн баримт болон хариуцагчийн энэ талаар гаргасан тайлбарыг эргэлзээтэй гэж үзнэ.

Хоёр шатны шүүх нэхэмжлэгч ашиглалтын зардалд нэхэмжилсэн 1,350,485 төгрөгийн шаардлагыг нотолсон баримт гаргаагүй гэж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасныг зөрчөөгүй байх тул ашиглалтын зардалд 1,350,485 төгрөг гаргуулах нэхэмжлэгчийн гомдол хангагдахгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, холбогдох улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчээс гаргуулж магадлалд өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1932 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дах хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Норт спринг капитал блү ХХК-иас 3,945,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч З.Золжаргалын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай ... гэснийг ...Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Норт спринг капитал блү ХХК-иас 3,945,000 төгрөг гаргуулж хариуцагч З.Золжаргалд олгосугай гэж, ...211,390 гэсний дараа ...нэхэмжлэгч Норт спринг капитал блү ХХК-иас 78,070 төгрөг гаргуулж хариуцагч З.Золжаргалд олгосугай гэсэн нэмэлт орлуулж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 37,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд хяналтын журмаар гомдол гаргахдаа 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 141,190 төгрөгийг захирамжаар буцаан олгосугай.

 

 

                                                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Х.ЭРДЭНЭСУВД

                                                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Г.АЛТАНЧИМЭГ

                                                            ШҮҮГЧ                                                П.ЗОЛЗАЯА

                           Б.УНДРАХ

                            Х.СОНИНБАЯР