Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 182/ШШ2019/00180

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө-1, өөрийн байранд байрлах, /, М ХК ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 01 дүгээр хороо, Бага тойруу 3/9 тоот хаягт байрлах,  Ж ХХК-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 579,224,826 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Азбаяр, Д.Болдбаатар, түүний өмгөөлөгч Ц.Давхарбаяр, хариуцагчийн төлөөлөгч Б.Наранцацрал, түүний өмгөөлөгч У.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюун-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М ХК шүүхэд болон төлөөлөгч Ж.Азбаяр, Д.Болдбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж ХХК-тай 2011 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ЖМ-11/1068 дугаартай Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ байгуулан сүлжээ хооронд харилцан холболтын үйлчилгээг үзүүлж ирсэн. Уг гэрээний 1.4.7, 1.4.8, 1.4.9-д заасны дагуу манай компани олон улсын ярианы үйлчилгээ буюу Улс хоорондын дуудлага хүлээн авах, гарах, орох дуудлага дамжуулах харилцан холболтын үйлчилгээг өөрийн 001 гэсэн гарцыг ашиглан үзүүлдэг бөгөөд талууд гэрээний дагуу хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж байсан. Гэтэл 2014 оны 6, 7 дугаар сард гарсан олон улсын ярианы үйлчилгээний төлбөрөө Ж ХХК нь өнөөг хүртэл төлөлгүй тус компанид тодорхой хэмжээний хохирол учруулж байна. Тухайлбал, тус компанийн сүлжээнээс манай улс хоорондын ярианы 001 гарцаар 2014 оны 6 дугаар сард 196,227,691 төгрөг, 7 дугаар сард 204,193,649 төгрөг, нийт 400,241,340 төгрөгийн олон улсын ярианы дуудлага дамжуулах үйлчилгээ хийгдсэнээс зөвхөн 14,271,455 төгрөгийн төлбөрийг хийгээд үлдэгдэл 386,149,885 төгрөгийн төлбөрийг огт төлөөгүй. Монгол улсын оператор компаниуд болох Мобиком ХХК, Жимобайл ХХК, Юнител ХХК, Скайтел ХХК нь Харилцаа холбооны зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн үндсэн дээр М ХК-ийн олон улсын ярианы 001 гарцыг ашиглан олон улсын ярианы орох, гарах дуудлага хийдэг. М ХК-ийн олон улсын ярианы 001 гарц нь 6 улсын гадаад каррер компани болох Япон улсын КДДАЙ, ОХУ-ын Росстелеком, БНСУ-ын Корей телеком компаниудаар дамжин ОУ-ын ярианы холболтыг хийдэг ба эдгээр гадаад компаниудтай хийгдсэн олон улсын орох гарах ярианы харилцан холболтын төлбөр тооцоог М ХК нь хийхдээ орох гарах дуудлагын нийт тоо, минутыг нийлж нийт үнийн дүнг гарган санхүү бүртгэлд бүртгэхдээ ОУ-ын ярианы орох дуудлагын төлбөрийн дүнг орлогын дансанд, ОУ-ын ярианы гарах дуудлагын төлбөрийн үнийн дүнг зардлын дансанд бүртгэж орлого зарлагын зөрүүг аль нэг талдаа шилжүүлдэг. Өөрөөр хэлбэл М ХК нь Монгол улс руу хийгдсэн орох яриа нь их байвал каррер компаниас илүү гарсан ярианы ачааллын төлбөрийг авдаг, эсрэгээрээ Монголоос гарсан яриа нь бага байвал илүү гарсан ярианы төлбөрийг нэгдсэн журмаар төлдөг. Гадаад каррер орны компанитай тооцоо нийлэхдээ Монгол улсаас тухайн компани руу залгасан гарах ярианы нийт ачаалал, тухайн гадаад каррер орноос Монгол улс руу залгасан орох ярианы нийт ачааллаар тооцоо нийлдэг бөгөөд гадаад каррер компанид төлбөрийг төлөхдөө эсхүл төлбөр авахдаа Ж ХХК-ийн сүлжээнээс холбогдсон ачааллын төлбөр, Мобиком компанийн сүлжээнээс холбогдсон ачааллын төлбөр гэж ялгаж төлдөггүй зөвхөн Монгол улсын 001 гарцаар Монгол улс руу хийгдсэн орох, гарах ярианы төлбөр гэж тооцоо нийлдэг. Харин хариуцагчийн тайлбарт дурдсанчлан М ХК нь дотоодын оператор компаниудтай байгуулсан сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээнд заасны дагуу CDR-т бичигдсэн ачааллыг Жимобайл ХХК-ийн, Мобиком ХХК-ийн гэж тухайн компанитайгаа тооцоо нийлдэг. Талуудын хооронд 2011 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан ЖМ-11/1068/, 512 дугаар бүхий Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээнд М ХК нь Жимобайл ХХК-д олон улсын ярианы 001 гарцаар олон улсын яриа дамжуулах үйлчилгээ үзүүлсний төлбөрийг гадаадын каррер орны компанид төлбөр төлсөн эсэх нь тухайн хэрэгт огт хамааралгүй, зөвхөн гэрээнд заасан үйлчилгээ үзүүлсний төлбөрөө нэхэмжилж байна. Иймд хариуцагч Ж ХХК-иас төлөөгүй байгаа үйлчилгээний үндсэн төлбөр 386,149,885 төгрөг, алданги 193,074,942 төгрөг нийт 579,224,826 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ж ХХК шүүхэд болон төлөөлөгч Б.Наранцацрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулагдсан ЖМ11/1068 тоот Харилцан холболтын гэрээ-ний 2.4.1.1 дэх хэсэгт Ж ХХК-ийн сүлжээний хэрэглэгчийн дугаарлалтыг 98, 93, 97, 53 гэсэн дугаарыг холбоно, тодорхойгүй тохиолдолд холбох шугамын нэрээр ялгаж, тооцоо хийнэ гэж тохиролцсон. Холбох шугам гэдэг нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний хавсралт 2 дээр зааглах цэг гэдэг зүйлийг тодорхой тусгасан. Тэгэхээр Ж ХХК-ийн хувьд М ХК-ийн 001 гарцыг ашигласан 2014 оны 06, 07 дугаар сард 14,271,455 төгрөгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд нэгэнт дугаарлалтыг тодорхой заасан байхад манай сүлжээнээс өөр дугаарлалтыг бодит гэж үзэж нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь эцсийн хэрэглэгчтэй холбогдоогүй. Өөрөөр хэлбэл Ж ХХК-иас гарсан гээд байгаа боловч цаад эцсийн хэрэглэгч нь олон улсын цахилгаан холбооны байгууллагын гаргасан дугаарлалтын төлөвлөгөө гэдэг зүйлд тусгагдаагүй. Иймд холболт тогтсон гэж үзэх боломжгүй. Манай компанийн хувьд 2014 оны 6, 7 дугаар сарын харилцан холболтын бодит төлбөр 14,271,455 төгрөгийг М ХК-д төлсөн. Төлбөр үндэслэлгүй тул алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч М ХК нь хариуцагч Ж ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 386,149,885 төгрөг, алданги 128,822,456 төгрөг нийт 514,972,341 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, гэрээний үүрэгт 386,149,885 төгрөг, алданги 193,074,942 төгрөг нийт 579,224,826 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч Ж ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч 2014 оны 6, 7 дугаар сарын харилцан холболтын бодит төлбөр болох 14,271,455 төгрөгийг төлсөн 579,224,826 төгрөг төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.

Талуудын хооронд 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 152 ЖМ-11/1068 тоот Ж ХХК, М ХК-ийн сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ, 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Ж ХХК, М ХК-ийн сүлжээ хоорондын харилцан холболтын ЖМ 11/1068;512 тоот гэрээний нэмэлт-1 ЖМ/12-957, МЦХ ХК 462 тоот гэрээ байгуулагдсан байна.

Дээрх гэрээгээр Ж ХХК нь өөрийн үйлчилгээг М ХК-ийн хэрэглэгчдэд хүргэх, М ХК нь өөрийн үйлчилгээг Ж ХХК-ийн хэрэглэгчдэд хүргэх, төлбөр төлөх зорилготой нь 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 152 ЖМ-11/1068 тоот Ж ХХК, М ХК-ийн сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ, 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Ж ХХК, М ХК-ийн сүлжээ хоорондын харилцан холболтын ЖМ 11/1068;512 тоот гэрээний нэмэлт-1 ЖМ/12-957, МЦХ ХК 462 тоот гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож /хх-ийн 8-13, 14 тал/ байна.

2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Ж ХХК, М ХК-ийн сүлжээ хоорондын харилцан холболтын ЖМ 11/1068;512 тоот гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.1-д талуудын сүлжээний дугаарлалт нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгогдсон дугаарлалтын дагуу хийгдэнэ, 2.4.1.1-д Ж ХХК-ийн сүлжээний хэрэглэгчийн дугаарлалт нь 98хх хххх, 93хх хххх, 97х хххх, 53хх хххх, 2.4.1.3-т цахилгаан холбоо нь Жын сүлжээнд улс хоорондын яриа төгсгөхдөө 001, 1637 гэсэн угтвар дугаар оруулна, 2.4.1.4-т Ж нь Цахилгаан холбооны сүлжээгээр улс хоорондын яриаг гаргахдаа 001, 1637 гэсэн угтвар дугаар ашиглана, 4.4-т Талуудын төлбөр тооцооны төвийн ажилтнууд харилцан холболт хийгдсэн ярианы өгөгдлийг тухайн тайлант сарын сүүлийн өдрөөс хойш ажлын 10 хоногт багтааж цаасан болон электрон хэлбэрээр солилцож, тооцоог цаасан дээр хийж баталгаажуулна, 4.7-д Талуудын сүлжээнд төгсөж байгаа ярианы дугаарлалт тодорхойгүй тохиолдолд уг ярианы минутыг холбох шугамын нэрээр ялгаж тооцоо нийлнэ гэж, мөн 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Ж ХХК, М ХК-ийн сүлжээ хоорондын харилцан холболтын ЖМ 11/1068;512 тоот гэрээний нэмэлт-1 ЖМ/12-957, МЦХ ХК 462 тоот гэрээний хоёрдугаар зүйлээр талууд ... олон улсын буюу гадаадын 001 гарцаар М ХК-ийн 20 төгрөгийн тариф дээр улс хоорондын ярианы тарифийг тооцохоор... тохиролцжээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй.

Талуудын байгуулсан 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 152 ЖМ-11/1068 тоот гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д энэхүү гэрээтэй холбогдон үүсч болох аливаа маргаан, санал зөрөлдөөнийг талууд зөвшилцлийн журмаар шийдвэрлэхийг оролдох бөгөөд зөвшилцөлд хүрээгүй тохиолдолд маргаан, санал зөрөлдөөнийг Харилцаа холбооны зохицуулах хороонд хандаж шийдвэрлүүлнэ гэж тохиролцсон ба үүний дагуу Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 05/999 дугаар албан бичгээр ...талуудын удирдлага хоорондын уулзалт зохион байгуулах эсхүл хамтарсан ажлын хэсэг байгуулж Ж ХХК-ийн улс хоорондын ярианы 001 гарц ашиглан олон улсын дуудлага хийсэн төлбөр тооцоотой холбоотойгоор гаргасан маргааныг ...гэрээний дагуу шийдвэрлэх-ийг мэдэгдсэн байх тул талуудыг хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчөөгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу 2014 оны 6 дугаар сард 196,227,691 төгрөг, 7 дугаар сард 204,193,649 төгрөг, нийт 400,241,240 төгрөгийн улс хоорондын 001 гарцаар олон улсын дуудлага дамжуулах үйлчилгээ хийгдсэнээс 14,271,455 төгрөг төлөгдөж, үлдэх 386,149,885 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй гэж тайлбар гаргаж, хариуцагч нь гэрээнд заасан манай 98, 97, 93, 53 гэсэн дугаарлалтуудаас өөр дугаарлалтаар дуудлага хийгдсэн, уг дуудлага нь бодитойгоор холбогдсон эсэх нь тодорхойгүй, мөн карьер орнуудаас ирүүлсэн 001 гарцын төлбөрийн нэхэмжлэх бусад компаниудаар нь ялгасан зүйлгүй, бодит дуудлага гэж үзэхгүй гэж мэтгэлцэж байна.

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2 дэх хэсэгт зааснаар ажлын хөлс шаардах эрхтэй байна.

Зохигчдын хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тус шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШЗ2018/10276 дугаар шүүгчийн захирамжийн дагуу М ХК-ийн ажилтан Г.Энхмаагийн компьютер дахь [email protected] хаягт ирсэн цахим шууданд хийсэн үзлэгийн тэмдэглэлд: Dell маркийн нөүтбүүкээс outlook программ руу орж, гарч ирсэн цонхноос inbox-т хадгалагдсан цахим шуудангуудын хайх хэсэгт тухайн имэйлийг subject for request гэж хайв. 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Асанова Галина Александровна гэсэн хаягаас 5 шуудан ирсэн байв. Эхний шууданд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 4/769 тоот албан бичиг байв. Дараагийн хэсэгт Statement.tf гэсэн файл руу ороход Rostelecom MO15005824 гэсэн дугаартай төлбөр төлсөн баримт, 3 дахь хэсэгт Statement.el гэсэн файл руу орж SA15010357 хүснэгтээс харахад 2014 оны 06, 07 дугаар сард ачаалал өндөр, 4 дэх хэсэгт MTC_2014 гэсэн файл руу ороход Rostelecom 2014.12.13, 2014.01 гэсэн огноотой 50 хуудас баримт байв. Үүнээс дэх хуудсанд 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Latva улс руу 3.724 ам.доллар, 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Latva улс руу 9,272 ам.доллар, Lithuana улс руу 7,591 ам.доллар гэх мэт яриа хийгдсэн байв. 2017 оны 07 дугаар сард нийт 35,152 дуудлага буюу 95,286 минутын 21,705.9 ам.доллар төлбөр гарсан. My_hirano.kdd.com гэсэн хаягаас 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ирсэн шуудан руу ороход 5 баримт ирсэн байв. Settlement summary гэсэн баримтад 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэсэн огноотой 70,390.17 ам.доллар гэсэн байв. Дараагийн хэсэгт хавсралтаар 2010 оноос 2014 оныг харуулсан 3 хуудас хүснэгт байснаас 2014 он нь тусгагдаагүй, дарааллын дагуу 6, 7 дугаар сарыг харах гэхэд 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гээд payment нь дуусчихсан, төлөх дүн 20,280.01 ам.доллар гэсэн байв. 3 дахь хэсэгт хүснэгт бүхий баримтад 2015 онд хамаарах суурин утасны 23,479 ам.доллараас 5,284.76 ам.доллар нь төлөх дүн 18,084.84 ам.доллар гэсэн байв. БНСУ-аас 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ирсэн цахим шууданд 2 баримт ирсэн байв. Эхний хэсэгт 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хооронд 37,400 ам.доллар гэсэн нийт үнийн дүнтэй, 2014 оны 07 дугаар сард Albania улс руу ярьсан дуудлага гэхэд өдөр нь харагдахгүй 2,676 дуудлага буюу 7,127 минут 2,021 ам.доллар, 2,587.10 ам.доллар гэх мэт, Cuba улс руу 2,742 дуудлага буюу 4,096.86 минут 2,331 ам.доллар, Congo улс руу 1,171 дуудлага буюу 3,257.48 минут 3,746.10 ам.доллар, Egypt улс руу 524,20 ам.доллар, Ghana улс руу 765 дуудлага буюу 10.676 минут 1,676.20 ам.доллар, Kiribati улс руу 6,287 дуудлага буюу 12,301.57 минутын 12,301.57 ам.доллар, latva улс руу 3,447 дуудлага буюу 4,759 минутын 2,617.98 ам.доллар, Tanzania улс руу 1,065 дуудлага буюу 8305 минутын 1,953.54 ам.доллар, 1,956.28 ам.доллар гэх мэт нийт 52,521 дуудлага буюу 107,914.32 минутын 37,400.74 ам.доллар гэсэн байв. Дараагийн хэсэгт 2014 ны 07 дугаар сарын 14-ний өдөр ирсэн 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн нэхэмжлэх нийт 86,133.31 ам.доллар гэсэн байв. Wang kyui kang гэсэн гарын үсэгтэй, хавсралт 11 хуудас баримт байв. Үүнд Guinea улс руу 14,600 дуудлага буюу 75,149.49 минутын 27,441.23 ам.доллар, Latva улс руу 408 дуудлага буюу 5,227 минутын 2,774.42 ам.доллар, 3548,30 ам.доллар гээд огноо нь 2014 оны 06 дугаар сар гэсэн боловч өдөр нь байхгүй байв. Maldives улс руу 6,038 дуудлага буюу 77,253.88 минутын 53,702.24 ам.доллар гэх мэт нийт 28,733 дуудлага буюу 181,228.94 минутын 86,133.31 ам.доллар гэсэн байв. Мөн тус шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШЗ2018/10276 дугаар шүүгчийн захирамжийн дагуу М ХК-ийн 2014 оны 07 дугаар сарын орлогын баримтад үзлэг хийхэд 2014 оны 07 дугаар сар гэсэн орлогын баримтаас Харилцаа холболтын тооцоо М ХК-иас Ж ХХК-ийн сүлжээ рүү 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хамрах хугацаатай, 191,337,995 төгрөг гэсэн үнийн дүнтэй Д.Намжилмаа, Д.Нямаа гэсэн гарын үсэгтэй, Д.Хулан гарын үсэг зураагүй 1 хуудас баримт, 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хамрах хугацаатай 197,933,901.50 төгрөг гэсэн үнийн дүнтэй Д.Намжилмаа, Д.Нямаа гэсэн гарын үсэгтэй, Д.Хулан гарын үсэг зураагүй 1 хуудас баримт байгаа болох нь нотлох баримтанд үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна.

Шинжээчдийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дүгнэлтэд ...Монгол талаас дуудсан хэрэглэгчийн дугаар болон гадаад орнуудын хуулийн этгээдийн дуудагдсан хэрэглэгчийн дугаарууд нь тодорхой байх тул Ж ХХК-ийн олон улсын гарцаар гарсан дуудлага нь бодитоор гадаад орны хуулийн этгээдийн цахилгаан холбооны сүлжээний эцсийн хэрэглэгчтэй холболт тогтсон гэж дүгнэж байна /3 хавтас 216-220 тал/ гэжээ.

Зохигчид 2014 оны 6, 7 дугаар сард Ж ХХК-ийн сүлжээнд халдлага болсон гэж тайлбарлаж байгаа боловч Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1-д Хэрэглэгчийн үүргийг заахдаа эзэмшигч нь өөрийн эзэмшлийн холбооны сүлжээ, тоног төхөөрөмжийг хамгаалах, түүнд гарсан болон гарч болох гэмтэл, хохирлын талаар үйлчлэгчид мэдээлэх үүрэгтэй гэж заасны дагуу талууд өөрсдийн ашиглаж байгаа сүлжээний системийн аюулгүй ажиллагаагаа хамгаалах үүрэгтэй гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь Ж ХХК-иас харилцан холболтын хураамж 426,059,678 төгрөгийн авлагатай болох нь 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 3/526 дугаартай Аудитын дүгнэлтээр давхар нотлогдож байна.

Иймд хариуцагч Ж ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 386,149,885 төгрөгийгтус гэрээний 4.9.Төлбөрийн хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөх дүнгийн 0,5 хувийн алдаги тооцно гэж зааснаар алданги 193,074,942 төгрөг нийт 579,224,826 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ХК-нд олгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж ХХК-иас 579,224,826 /таван зуун далан есөн сая хоёр зуун хоин дөрвөн мянга найман зуун хорин зургаа/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ХК-нд олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. Улсын тэмдэгтийн хурамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,212,031 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж ХХК-иас 3,212,031 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХК-нд олгосугай.

3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ