Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2021/01373

 

  Амар капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2019/02480 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 353 дугаар магадлалтай,

Амар капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

С.Баярсайхан, Э.Өлзийнаран нарт холбогдох,

Зээлийн гэрээ-ний үүрэгт 83,611,866 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунаагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хонгорзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Үлэмж, хариуцагч С.Баярсайхан, хариуцагч Э.Өлзийнарангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хонгорзул шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус банк бус санхүүгийн байгууллагаас иргэн С.Баярсайхан, Э.Өлзийнаран нар нь 2017.03.15-ны өдрийн зээлийн гэрээгээр 65,000,000 төгрөгийг бизнесийн зориулалттай, сарын 3.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан. 2017.09.19-ний өдөр гэрээний хугацааг 6 сараар, 2018.05.02-ны өдөр 12 сарын хугацаагаар тус тус сунгаж, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Зээлийн гэрээ байгуулагдах үед зээлдэгч нарын өмчлөлийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 105 м.кв талбайтай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дүнжингарав гудамж 45 дугаар байр, 7 тоот байрлах 4 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч С.Баярсайхан, Э.Өлзийнаран нар 2018.9.02-ны өдрөөс эхэлж зээлийн төлөлтийг зөрчиж эхэлсэн. Үүнээс хойш зээлийн төлөлт таслагдсан тул ББСБ-аас зээл төлөх шаардлага удаа дараа хүргүүлсэн. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нар ор тас алга болдоггүй, ямар нэгэн байдлаар утсаар холбогдож боломжтой үедээ ирж уулздаг. Барилгын ажлаас орж ирсэн төлбөрөөс зээлийг төлж барагдуулна гэж илэрхийлдэг. Зээлийн гэрээний хугацаа дуусаад 5 сар болж байна, энэ хугацаанд зээлийн төлөлт хийгээгүй, бид 2019.7.18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргахдаа зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг тухайн өдрийн байдлаар тооцож 75,562,889 төгрөг гаргуулах, зээлийг сайн дураар төлөхгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлдэгч нар зээлийг төлөхгүй байсан тул 2019.10.18-ны өдөр үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Үндсэн зээл 63,360,000 төгрөг, хүү 11,371,745 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 831,144 төгрөг, нийт 75,562,889 төгрөг. 2019.10.18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа үндсэн зээл 63,360,000 төгрөг, зээлийн хүү 18,079,226 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,172,640 төгрөг, нийт 83,611,866 төгрөг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн үндэслэл нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Мөн талуудын хооронд байгуулсан 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний 3.2-т гэрээний хугацаа дууссанаас эхлээд үндсэн зээлийн төлөгдөөгүй нийт үлдэгдлээс хүү тооцогдож төлөгдөх хүртэл үндсэн хүүг 2.1.2-т зааснаар зээлүүлэгчид төлөх үүрэгтэй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Зээлийг С.Баярсайхан авч, зарцуулсан. С.Баярсайханы компанийн үйл ажиллагаанд доголдол үүссэн тул зээлийн гэрээний хугацааг сунгасан. С.Баярсайхан хэдий гэрээг зөрчсөн ч өнөөдөр хүртэл 83,000,000 төгрөгийн зээлийн төлөлт хийсэн. Үүнээс 63,000,000 төгрөгийн үндсэн зээлээс 1,640,000 төгрөг хасагдаж, дандаа хүү төлсөн байна. Үүнийг зээлийн эргэн төлөлтийн баримт нотлох болно. Хоёрдугаарт, С.Баярсайхан зээлийг авсан тул түүний эхнэр Э.Өлзийнаран жинхэнэ хариуцагч биш. Гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр орсон. Э.Өлзийнарангийн хувьд авсан зээлээс нэг ч төгрөг захиран зарцуулаагүй. Энэ хэргийн жинхэнэ хариуцагч биш. С.Баярсайхан зээлийг өөрөө төлж, хариуцлага хүлээнэ гэдгийг илэрхийлдэг. Иймд хариуцагчаар С.Баярсайханыг тодорхойлж хэрвээ нэхэмжлэлийг хангах шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд зөвхөн С.Баярсайхан хариуцаж төлөх ёстой. Нөгөө талаас тооцоолол хийж үзэхэд 2018.12.31-ний өдрийн байдлаар ямар ч хүүгийн үлдэгдэлгүй гарч ирсэн. Үүнээс хойш үйл ажиллагаанд саад учирч 2019.04.02-ны өдөр 2,300,000 төгрөг, 2019.05.22-ны өдөр 2,300,000 төгрөг төлсөн. 2017 оны зээлийн гэрээ сунгагдаад 2019.05.02-ны өдөр гэрээ дуусахаас өмнө 2,300,000 төгрөг, 5-р сарын 22-ны өдөр 2,300,000 төгрөг, нийт 4,600,000 төгрөг төлсөн. Ингээд бодоход 63,360,000 төгрөгийн сарын 3,5 хувийн хүү нь 2,217,600 төгрөг сарын хүү төлөгдөхөөр харагдаж байна. 2019 он эхэлснээс хойш мөнгө ашигласан хугацааны төлбөрийг төлөв гэж үзвэл сарын сүүлээр бодож 07-р сарын 18-ны өдөр буюу нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд 6 сар 16 хоног байна. Өөрөөр хэлбэл, 6 сарын хүү нь 13,305,600 төгрөг, 16 хоногийн хүү 1,182,720 төгрөг гэж тооцож, 6 сарын 16 хоногийн хүү 14,488,320 төгрөг болж байна. 14,488,320 төгрөгөөс 2019.04.02-ны өдөр 2,300,000 төгрөг, 5-р сарын 22-ны өдөр 2,300,000 төгрөгийн төлөлт хийсэн. Нийт 4,600,000 төгрөг, 14,488,320 төгрөгийн төлбөрөөс төлсөн 4,600,000 төгрөгийг хасаж тооцох ёстой. 9,888,320 төгрөг хүүд төлөхөөр гарч ирж байна. Зээлийн гэрээ 2019.05.20-ны өдөр дууссан. Шаардлага гаргах эрх нь ББСБ-д өөрт нь байсан. 2019.07.18-ны өдөр шүүхэд хандсан. 2019.07.18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар ББСБ дахин 2019.10.18-ны өдөр нэмж хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцох эрх байхгүй. Иргэний хуулийн хөөн хэлэлцэх хугацаа зохицуулсан. Мөн шаардлага нэмэгдүүлэхийн хүрээнд 2019.07.18-ны өдөр шаардлага гаргах эрх нь үүсч байна. Энэ шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлснээр тухайн шаардлагатай холбоотой зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүтэй холбоотой шаардлага гаргах эрх нь зогсож байна. Өөрөөр хэлбэл, шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш шаардах эрх нь хэрэгжиж үүнээс хойш тухайн зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү шаардах эрх нь дуусгавар болж байна. Иймд 2019.10.18-ны өдөр нэмэгдүүлж байгаа зээлийн хүү 18,079,226 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,172,640 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Харин 2019.07.18-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагаас бид 63,360,000 төгрөг үндсэн зээл дээр 9,888,320 төгрөгийн тооцоололтой байна гэжээ.

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2019/02480 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч С.Баярсайхан, Э.Өлзийнаран нараас зээлийн гэрээний үүрэгт 75,562,889 төгрөг гаргуулж Амар капитал ББСБ ХХК /РД:6029361/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,048,977 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйл болох 000327109 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Y-2206032527 дугаартай, 105 м.кв талбайтай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дүнжингаравын гудамж, 45 дугаар байр, 07 тоот хаягт байршилтай 4 өрөө орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Баярсайхан, Э.Өлзийнаран нараас 605,965 төгрөгийг гаргуулж Амар капитал ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 749,699 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 353 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2019/02480 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2019/02480 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.14-ний өдрийн 353 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна.

Иргэн С.Баярсайхан Амар капитал ББСБ ХХК-иас 65,000,000 төгрөгийн зээл авч, энэхүү зээлийн гэрээний харилцаанд хамтран зээлдэгчээр Э.Өлзийнаранг татан оролцуулсан байна. Хариуцагч С.Баярсайхан үндсэн төлбөрийн үлдэгдэл 63,360,000 төгрөг төлөхөөр байгааг зөвшөөрдөг ч хариуцагч Э.Өлзийнарангийн хувьд дээрх зээлсэн мөнгөний талаар ямар нэгэн ойлголт байхгүй бөгөөд дээрх мөнгийг хүлээж аваагүй. Гэтэл анхан шатны шүүхээс зээлсэн мөнгийг авч хэрэглээгүй Э.Өлзийнарангаас зээлийн гэрээний үүргийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иргэн С.Баярсайхан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцооллын талаар маргадаг. Өөрөөр хэлбэл, 9 сая гаран төгрөгийн хүү төлөх тооцоолол бодитоор гарч байгаа талаар анхан шатны шүүхэд тайлбарласан. Гэтэл шүүхээс 11,371,745 төгрөгийн хүү, 831,144 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийт 12,202,889 төгрөгийг үндсэн зээл дээр нэмж гаргуулахаар шийдсэн нь үндэслэлгүй. Иргэн С.Баярсайханы хувьд хүү төлөхгүй гэж маргаагүй, харин төлөх хүүгийн хэмжээг бодитоор тооцоолж төлөх талаар ярьдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч нараас гаргуулахаар заасан 11,371,745 төгрөгийн хүү, 831,144 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нь С.Баярсайхан ор тас алга болдоггүй, ямар нэгэн байдлаар холбогдож, боломжтой үедээ ирж уулздаг гэдгийг хэлдэг. Зээлдэгчийн зүгээс зээлийг төлөхгүй, ор тас үүргээ гүйцэтгэхгүй байх санаа зорилго байхгүй тул эдний орон байрнаас үүргийн гүйцэтгэлийг хангах шүүхийн шийдвэр хатуу тусч байна. Нөгөө талаар гэр бүл, үр хүүхдүүдийн хамт амьдарч байгаа орон байрыг үүргийн гүйцэтгэл хангуулах нэрийн дор орон байрнаас нь албадан гаргах боломжтой болж байна. Хариуцагч нарын хувьд орон байраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд харин өр зээлийг төлөх бусад боломжийг хайж, үүргээ гүйцэтгэх боломжтой гэж үзэж байна.

Иймд дээр дурдсан гомдлын хүрээнд хянан үзэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 Нэхэмжлэгч Амар капитал ББСБ ХХК нь хариуцагч С.Баярсайхан, Э.Өлзийнаран нарт холбогдуулан Зээлийн гэрээ-ний үүрэгт 83,611,866 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 Анхан шатны шүүх хариуцагч нараас 75,562,889 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 Зохигч 2017.03.15-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч Амар капитал ББСБ ХХК 65,000,000 төгрөгийг бизнесийн зориулалттай, сарын 3.5хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч С.Баярсайхан, Э.Өлзийнаран нар зээлийг гэрээгээр тохирсон эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж барагдуулахаар, үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, өөрсдийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан хороолол, Дүнжингарав гудамжны 45 дугаар байр, 7 тоот хаягт байршилтай 105 м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан барьцааны гэрээ байгуулжээ.

 Талуудын хооронд банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, Зээлийн барьцааны гэрээ тус тус байгуулагдсан, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйл, 156 дугаар зүйлийн 156.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.

 Гэрээний дагуу зээлдэгч зээлийн хөрөнгийг хүлээн авсан талаар маргаагүй, зохигч гэрээний хугацааг 2019.05.02-ны өдөр хүртэл сунгасан, зээлдэгч С.Баярсайхан зээлийн хүүг төлж байсан боловч 2018.09.02-ны өдрөөс эхлэн зээл төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлийн эргэн төлөлт тасалдсан үндэслэлээр зээлдүүлэгч Амар капитал ББСБ ХХК 2019.07.18-ны өдөр гэрээний үүрэгт нийт 75,562,889 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийг шаардлагыг нэмэгдүүлж, нийт 83,611,866 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар шаардлага гаргажээ.

 Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэг хүлээнэ, зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

 Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.

 Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргасан 2019.07.18-ны өдрийн тооцооллыг үндэслэн үндсэн зээлийн үлдэгдэл 63,360,000 төгрөг, хүү 11,371,745 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 831,144 төгрөг, нийт 75,562,889 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, зээлдэгч нь төлбөрийг сайн дураар төлөхгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгийн үнийн дүнгээс хангуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1., 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1. дэх зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлалд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

 Зээлийн гэрээнд хариуцагч Э.Өлзийнаран хамтран зээлдэгчээр оролцож, гэрээний үүргийг хамтран хариуцахаар үүрэг хүлээсэн тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.-д зааснаар тэрээр хамтран үүрэг гүйцэтгэгч, иймд зээлийн хөрөнгөөс Э.Өлзийнаран нэг ч төгрөгийг захиран зарцуулаагүй тул хариуцагч биш гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй, шүүх хариуцагч нараас төлбөрийг хамтран хариуцуулахаар шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн тул ...зээлсэн мөнгийг авч хэрэглээгүй Э.Өлзийнарангаар төлбөрийг хариуцуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй... гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

 Харин зээлийн тооцооллын талаар маргасан гомдол үндэслэлтэй байна. Тухайлбал, гэрээний хугацаа дууссаны дараа зээлдэгчээс төлсөн 4,600,000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцох ёстой байтал тооцоогүй гэжээ.

 Хэрэгт авагдсан баримтаар зээлдэгч нь дээрх 4,600,000 төгрөгийн 2,300,000 төгрөгийг 2019.04.02-ны өдөр, 2,300,000 төгрөгийг 2019.05.22-ны өдөр тус тус төлсөн байх бөгөөд гэрээний хугацаа 2019.05.02-ны өдөр дуусах тул 2019.04.02-ны өдөр төлсөн 2,300,000 төгрөгийг зээлийн хүүд тооцож авсныг буруутгах үндэслэлгүй, харин 2019.05.22-ны өдөр төлсөн 2,300,000 төгрөгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4.-т зааснаар үндсэн зээлийн төлбөрөөс хасч тооцох байжээ.

 Шүүх хуралдаанд хариуцагчаас дээрх 2,300,000 төгрөгийг шүүхийн шийдвэрт заагдсан үнийн дүнгээс хасуулах хүсэлт гаргасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн үнийн дүн 75,562,889 төгрөгөөс 2,300,000 төгрөгийг хасч, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 353 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2019/02480 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...75,562,889 төгрөг... гэснийг ...73,262,889 төгрөг... гэж, 3 дахь заалтын ...605,965 төгрөг... гэснийг ...524,264 төгрөгийг... гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунаагийн гомдлын заримыг хангасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч С.Баярсайханаас 2020.03.12-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                Л.АТАРЦЭЦЭГ

                                              Г.БАНЗРАГЧ

                                              П.ЗОЛЗАЯА

                                                       Х.ЭРДЭНЭСУВД