Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2021/01386

 

   

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/03391 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 381 дүгээр магадлалтай,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

******* ХХК, *******ХХК-иудад холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээ-ний үүрэгт Визард констракшн ХХК-иас 95,000,000 төгрөг, *******ХХК-иас 39,500,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхболдын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхболд, хариуцагч Визард констракшн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ******* ХХК нь дулааны шугам сүлжээ, тоног төхөөрөмж нийлүүлэх суурилуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. Манай компани нь хариуцагч Визард констракшн ХХК-ийн барьсан барилгуудад дулааны шугам сүлжээ нийлүүлж суурилуулах, дулааны тоног төхөөрөмж нийлүүлэх суурилуулах чиглэлээр олон жил хамтран ажилласан байдаг. Нэхэмжлэгч, хариуцагч талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, хийж гүйцэтгэсэн ажлууд болон түүний төлбөрийн үлдэгдлүүдийг жагсаавал:

1. ******* ХХК болон Визард констракшн ХХК-ууд нь анх 2012.08.03-ны өдөр Визард констракшн ХХК-ийн 288 айлын орон сууцны барилгын гадна дулааны шугамын угсралтын ажлыг гүйцэтгүүлэх гэрээг байгуулсан. Уг гэрээний ажлын хөлс нь 85,000,000 төгрөгөөр тохиролцсон бөгөөд энэ ажлын үлдэгдэл хөлс 30,000,000 төгрөг байсан. Энэхүү үлдэгдэл төлбөрийг бартерт тооцож хариуцагч Визард констракшн ХХК-ийн барьж буй Баянзүрх дүүргийн 28-р хороо, Дүнжингарав-2 хотхонд 5-р давхар 13 тоот 89.98 м.кв орон сууцыг, авто зогсоолын хамт 161,968,000 төгрөгийн 30,000,000 төгрөгийг бартерт тооцож, үлдэгдэл төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцож 2012.11.09-ний өдрийн 2-13 тоот Захиалгын гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгийн ажлын хөлсний үлдэгдэл байгааг баталгаажуулсан болно. 2012.11.09-ний өдрийн 2-13 тоот Захиалгын гэрээний дагуу нэхэмжлэгч нь үлдэгдэл 131,968,000 төгрөгөө төлсөн боловч өнөөдрийг хүртэл орон сууцыг аваагүй бөгөөд 2014.08.18 өдөр өөр орон сууцаар солих тухай Орон сууц захиалсан түр гэрээг байгуулсан байдаг.

2. ******* ХХК болон Визард констракшн ХХК-ууд нь 2013.08.12-ны өдөр Зайсан толгойн амны Визард констракшн ХХК-ийн таунхаус хотхоны барилгын 2-р контурын гадна дулаан, халуун ус, эргэлт, цэвэр усны шугамын угсралтын ажлыг гүйцэтгүүлэх гэрээг байгуулсан. Уг ажлын нийт хөлс 60,000,000 төгрөг байсан бөгөөд ажлыг гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтгэсэн. Уг ажлын үлдэгдэл төлбөр нь 15,000,000 төгрөг байгаа бөгөөд уг төлбөрийг талууд гэрээний 5.10-д заасан 3 жилийн баталгаат хугацаа дууссаны дараа өгнө гэж харилцан тохиролцож байсан болно.

3. ******* ХХК болон Визард констракшн ХХК-ууд нь 2013.10.01-ний өдөр Зайсан толгойн амны Визард констракшн ХХК-ийн таунхаус хотхоны барилгын халаалтын зуухны угсралт, хүйтэн усны зангилааны шугамын угсралтын ажлыг гүйцэтгүүлэх гэрээг байгуулсан. Уг ажлын нийт хөлс 36,000,000 төгрөг байсан бөгөөд ажлыг гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтгэсэн.

4. ******* ХХК болон Визард констракшн ХХК-ууд болон хариуцагч *******ХХК-иуд нь 2014.08.05-ны өдөр №011408-03 дугаартай Халаалтын зуух, хэрэглээний халуун усны ялтсан бойлер, хүйтэн усны зангилааны угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг гэрээний ажлын хөлс нь 95,500,000 төгрөг бөгөөд төлбөр төлөх нөхцөл нь 39,500,000 төгрөгийг ******* ХХК болон Визард констракшн ХХК-иудын хооронд байгуулагдсан 2012.11.09-ний өдрийн 2-13 тоот гэрээний орон сууцны төлбөрт тооцох, *******ХХК нь 46,000,000 төгрөг төлөх, үлдэгдэл 10,000,000 төгрөгийг Визард констракшн ХХК хариуцаж төлөхөөр тохиролцсон бөгөөд уг ажлыг 2014.11.03-ны өдөр хариуцагч Визард констракшн ХХК, *******ХХК-иудад хүлээлгэн өгсөн байдаг. Энэ ажлын баталгаат хугацаа нь 2 жил байсан ба уг ажлын үлдэгдэл хөлс нь 39,500,000 төгрөг байгаа болно.

Мөн дээр дурдсан Баянзүрх дүүргийн 28-р хороо, Дүнжингарав-2 хотхонд 5-р давхар 13 тоот 89.98 м.квад орон сууцыг, авто зогсоолын хамт 161,968,000 төгрөгийн 30,000,000 төгрөгийг бартерт тооцож, үлдэгдэл төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон 2012.11.09-ний өдрийн 2-13 тоот Захиалгын гэрээний дагуу хариуцагч Визард констракшн ХХК нь орон сууцаа өгнө гэж итгэн миний бие нь тухайн орон сууцыг иргэн Т.Мөнхбаяр гэдэг хүн худалдахаар тохиролцож Эрх шилжүүлэх гэрээ байгуулсан боловч хариуцагч Визард констракшн ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, 2014.08.18-ны өдөр дээрх 2012.11.09-ний өдрийн 2-13 тоот Захиалгын гэрээнд заасан орон сууцыг өөр компанийн өөр орон сууцаар солих тухай Орон сууц захиалсан түр гэрээг Монголиан энд Глобал Лоёорс ХХК, Визард констракшн ХХК болон манай компанийн гүйцэтгэх захирал Э.Жавхлан нар гурвалсан гэрээ байгуулж байсан боловч гэрээний үүрэг биелэгдээгүй байгаа болно.

Иймд хариуцагч Визард констракшн ХХК-иас 95,000,000 төгрөг, хариуцагч *******ХХК-иас 39,500,000 төгрөг, нийт 134,500,000 төгрөгийг гаргуулж манай компанид олгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч *******ХХК-ийн төлөөлөгч Х.Батсайхан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******ХХК болон Визард констракшн ХХК нар нь хамтарч 2014 онд ХУД-ийн нутаг дэвсгэрт амины орон сууцны хотхон барьсан. Уг хотхоны халаалт, халуун усны шийдлийг уурын зуухаар хангахын тулд ******* ХХК-тай *******ХХК 2014.08.05 өдөр №011408-03 дугаартай Халаалтын зуух, хэрэглээний халуун усны ялтсан бойлер, хүйтэн усны зангилааны угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан. Уг гэрээний 2-р нүүрт байх Гэрээний тусгай нөхцөлийн 16-д Төлбөр тооцоо гэсэн хүснэгтэд Гэрээний дүнгээс 39,500,000 төгрөгийг (******* ХХК-ийн *******ХХК-иас нэхэмжилж буй) гүйцэтгэгчийн Визард констракшн ХХК-иас худалдан авсан 2012.11.09-ний өдрийн 2-13 тоот гэрээний БЗД, 28-р хороо, Sunrise төслийн 1-р ээлж, 05 тоот орон сууцны төлбөрт тооцож, 46,000,000 төгрөгийг захиалагч хариуцан дараах байдлаар төлбөр төлнө. Үлдэгдэл 10,000,000 төгрөгийг Визард констракшн ХХК хариуцна гэж заан уг хуудасны баруун доод талд ******* ХХК-ийн захирал Э.Жавхлан хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулсан. Уг гэрээний дагуу *******ХХК нь гэрээний үүргээ гэрээнд заагдсаны дагуу биелүүлж өөрт ноогдсон төлбөр тооцоог бүрэн төлсөн. Үүнд: 2014.09.04-нд 4,000,000 төгрөгийг, 2014.09.19-нд 4,000,000 төгрөгийг, 2014.10.10-нд 7,000,000 төгрөгийг, 2014.10.25-нд 5,000,000 төгрөгийг, 2015.01.31-нд 8,000,000 төгрөгийг, 2015.12.03-нд 2,000,000 төгрөгийг тус тус төлсөн.

Харин ******* ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд ажил гүйцэтгэх хугацаа хойшлуулсан, чанарын шаардлага хангасан уурын зуух нийлүүлээгүй. Уг уурын зуух нь ашиглалтад ороод 2 сар хүрэлгүй эвдэрч, 2014 оны 12 сард бүрэн зогсолт хийсэн, энэ тухай ******* ХХК-ийн захирал Э.Жавхланд мэдэгдэж, уурын зуухан дээр дуудан ирүүлж үзүүлсэн боловч янз бүрийн шалтаг хэлэн анхаарч үзээгүй. Тэгэхлээр нь тухайн үед манай хотхоныг хариуцаж байсан н.Пүрэвсүрэн гэдэг хүн уурын зуух мэддэг өөр хүмүүс авчирч засуулсан. Уурын зуух зассан хүмүүс хэлэхдээ Энэ уурын зуух ер нь л муу, хүчин чадал багатай юм байна. Танай хотхоныг халааж дийлэхгүй, одоохондоо танай хотхон гүйцэд айлууд чинь ороогүй юм байна. Айлууд чинь бүгд орох юм бол энэ зуух халааж дийлэхгүй гэсэн. Энэ тухай ******* ХХК-ийн захирал Э.Жавхланд хэлэхэд Худлаа ярьж байгаа юм хүчин чадал ямар ч асуудалгүй гэж хэлсэн. Гэтэл 2015-2016 оны өвөл уурын зуухны хүчин чадал хүрээгүй ачааллаа дийлэхгүйн улмаас удаа дараа эвдэрч халаалт доголдсон тул хотхоны оршин суугчид маш ихээр гомдол гаргах болсон бөгөөд манай компани аргагүйн эрхэнд дахин нэг уурын зуух ОХУ-аас 748,000 рубль буюу 40 орчим сая төгрөгөөр худалдан авч, ******* ХХК-ийн нийлүүлсэн зуухтай хамт ажиллуулан 2017-2018 оны өвлийн эд хүйтнийг өнгөрөөсөн. Гэтэл 2018 оны 3-р сард ******* ХХК-ийн нийлүүлсэн зуух дахин засвар авах боломжгүй эвдэрч актлагдсан. Тухайн нөхцөл байдалд манай компани дүгнэлт хийн 2018-2019 оны өвлийн улирлын халаалтыг цахилгаанаар шийдэхээр болж хотхоны бүх айлуудад /63 айл/ халаалтын цахилгаан зуух, хотхондоо цахилгааны 800 ква-ын хүчин чадал бүхий КТПН, мөн хотхоны бүх айлуудын цахилгааны шугам, монтаж, сантехникийн угсралт зэргийг шинээр хийж, нийт 300,000,000 төгрөгийн зардал дахин гаргасан.

Энэ байдлаас дүгнэхэд гэрээний дагуу *******ХХК нь гэрээний үүргээ гэрээнд заагдсаны дагуу биелүүлж, өөрт ноогдсон төлбөр тооцоог бүрэн төлсөн. Харин ******* ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд ажил гүйцэтгэсэн хугацаа хойшилсон, мөн бидний уурын зуухны талаарх мэдлэг мэдээлэл мууг далимдуулан чанарын шаардлага хангасан уурын зуух нийлүүлээгүй. Уг нь өөр бусад газар ажиллаж байгаа уурын зуухнууд дор хаяж 10-15 жил ажилладаг юм байна. Харин ******* ХХК-ийн нийлүүлсэн уурын зуух 1 жил ажиллахгүй эвдэрч, үлгэн салган 3 жил ажиллаад бүрэн эвдэрч ашиглах боломжгүй болсон. Иймд ******* ХХК-ийн нэхэмжлэл үндэслэлгүй бөгөөд хүлээн зөвшөөрөх боломжгүй. Харин *******ХХК нь ******* ХХК-тай хамтарч ажилласнаар хохирсон гэжээ.

 

Хариуцагч Визард констракшн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэршихбөртэ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Визард констракшн ХХК нь ******* ХХК-тай 2012 оноос хойш хэд хэдэн барилга байгууламжид хамтран ажилласан ба тэдгээрээс дурдвал: 2012 онд БГД-н 5-р хороонд барьж ашиглалтанд оруулсан Визард констракшн ХХК-ийн үйлчилгээтэй 175 айлын орон сууцны барилгын гадна дулаан, цэвэр усны ажлыг 85,000,000 төгрөгийн гүйцэтгэлээр хийлгэж төлбөрийг бүрэн төлж дууссан. 2013 онд ХУД-н 11-р хороо, Зайсанд Энглиш Гарден хотхоны гадна дулаан, цэвэр усны угсралтын ажлыг Визард констракшн ХХК болон *******ХХК нарын хамтарсан төсвөөр хийж гүйцэтгүүлсэн. Мөн 2013 онд зайсан Энглиш Гарден хотхоны дулаанаар болон хэрэглээний халуун усаар хангах уурын зуухны угсралтын ажлыг хийж гүйцэтгэх гэрээг байгуулсан ба ******* ХХК нь өөрийн санал болгож худалдан борлуулсан БНХАУ-н уурын зуухыг суурилуулж, угсарсан байдаг. Гэвч тухайн уурын зуух нь угсралтын шаардлага хангаагүй, түүнээс шалтгаалж ашиглалтын шаардлага хангалгүй 1 жил ч ажиллалгүй тогтмол эвдэрч оршин суугчдыг хүйтний улиралд хүнд байдалд оруулж байсан. Уг асуудлыг ******* ХХК -д хэлж шаардлага тавихад эхлээд ирж үзэж жижиг гэмтлийг засдаг байсан ч удаа дараагийн эвдрэл гэмтэл дээр ирэхээ больж бүр хаясан. Ийм учраас Визард констракшн ХХК болон *******ХХК нар өөрсдөө нэмэлт зардлуудаар тухайн уурын зуухыг засварлаж янзалж эхний жилийн хүйтний улирлыг өнгөрөөсөн. 2014 онд 2 компанийн зүгээс Солонгос улсын шинэ уурын зуухыг худалдан авч, ******* ХХК-нд дахин итгэл хүлээлгэж хуучин нийлүүлж угсарсан уурын зуухыг нь сольж угсруулсан. Гэвч мөн л ашиглалтын явцад тус уурын зуух нь мөн эвдрэл гэмтэл гарч эхэлсэн ба мэргэжлийн баг, хувь хүн, байгууллагуудад үзүүлж шалгуулсны үндсэн дээр суурилуулалтын алдаанаас болсныг хэлж байсан бөгөөд удаа дараа эвдэрч, оршин суугчдын тав тухтай байдлыг алдагдуулж, тогтмол засвар үйлчилгээ хийгдэж ирснийг Энглиш Гарден хотхоны оршин суугчид нийтээрээ нотолно. Ингээд ******* ХХК-ийн 2 ч удаа суурилуулж угсарсан уурын зуух нь баталгаат хугацаанаасаа хэт урьд ашиглах боломжгүй болж эвдэрсэн, үүнээс үүдээд Энглиш Гарден хотхоны гадна инженерийн шугам сүлжээний хийгдсэн бүх ажлууд үнэ цэнэгүй болж хаягдсан байдалтай ямар нэгэн байдлаар ашиглагдахгүй үр өгөөжөө өгөөгүй байдалтай байна. Визард констракшн ХХК нь ******* ХХК нарын хоорондын тооцооноос байрны төлбөр буцаалт болгож 20,000,000 төгрөг, 30,000,000 төгрөгийг буцаан өгсөн байдаг ба үлдсэн төлбөр тооцоог ХУД-н 11-р хороо, зайсан, Энглиш Гарден хотхоны уурын зуухны чанаргүй гүйцэтгэснээс үүдэн гарсан их хэмжээний хохирол түүнийг засаж сайжруулахад гарсан зардалд уялдуулан ******* ХХК-тай тооцоо нийлэх хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй. Бидний зүгээс ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/03391 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч Визард констракшн ХХК-иас 30,000,000 төгрөг, хариуцагч *******ХХК-иас 39,500,000 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс хариуцагч Визард констракшн ХХК-иас гаргуулах 65,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 830,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Визард констракшн ХХК-иас 307,950 төгрөг, хариуцагч *******ХХК-иас 355,450 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 381 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/03391 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын хариуцагч *******ХХК-аас 39,500,000 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс гэснийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс хариуцагч *******ХХК-д холбогдох 39,500,000 төгрөгийн хэсгийг болон гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын хариуцагч *******ХХК-аас 355,450 төгрөг тус тус гэснийг хасч шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******ХХК-аас төлсөн 355,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Визард констракшн, *******ХХК-иудад холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.14-ний өдрийн 381 дүгээр магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн тухайд:

1. Давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсэгт ....Дээрхээс үзвэл Визард констракшн ХХК-ийн бартераар төлөхөөр гэрээгээр хүлээсэн үүргийг *******ХХК-аас гаргуулах буюу Визард констракшн ХХК-ийн гэрээгээр хүлээсэн үүргийг тус компаниас мөнгөн дүнгээр гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэжээ. 2014.08.05-ны өдөр байгуулагдсан Халаалтын зуух, хэрэглээний халуун усны ялтсан бойлер, хүйтэн усны зангилааны угсралтын ажил гүйцэтгэх гэрээ нь нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч *******ХХК-иудын хооронд байгуулагдсан болохоос Визард констракшн ХХК гэрээний тал болж, гэрээ байгуулаагүй болно. Хэрвээ дээрх гэрээнд Визард констракшн ХХК, *******ХХК-иуд хамтдаа захиалагч тал болж гэрээ байгуулсан, бичмэл гэрээнд Визард констракшн ХХК гарын үсэг зурж, компанийн тамга тэмдэг дарсан бол давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй байх байсан бөгөөд нэхэмжлэгч компанийн зүгээс ч 39,500,000 төгрөгийг *******ХХК-иас биш, Визард контсракшн ХХК-иас нэхэмжлэх байсан. Гэтэл ийм нөхцөл байдал болоогүй, мөн хэрэгт авагдсан нотлох баримт болох 2014.08.05-ны өдөр байгуулагдсан Халаалтын зуух, хэрэглээний халуун усны ялтсан бойлер, хүйтэн усны зангилааны угсралтын ажил гүйцэтгэх гэрээ нь нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч *******ХХК-иудын хооронд байгуулагдсан байдаг. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэг, 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх заалтад зааснаар захиалагч тал нь гүйцэтгэгчид хөлсийг төлөх үүрэг хүлээхээр заасан учраас *******ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 39,500,000 төгрөгийг ******* ХХК нь шаардах эрхтэй юм. Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлаж хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна.

2. Анх дээрх гэрээ байгуулагдах үед Визард констракшн ХХК нь гэрээний нэг тал болж, төлбөрийн зохих хэсгийг төлөхөөр 3 тал хоорондоо ярилцаж байсан боловч Визард констракшн ХХК нь бичгээр байгуулагдсан гэрээнд гарын үсэг зураагүй, ******* ХХК, *******ХХК-иудын хооронд гэрээ байгуулагдсан тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь заалтад зааснаар зөвхөн ******* ХХК, *******ХХК-иудын хооронд гэрээ байгуулагдсанд тооцно.

3. Хэрэгт авагдсан нотлох баримт болох ******* ХХК, *******ХХК-иудын хооронд байгуулагдсан 2014.08.05-ны өдөр байгуулагдсан Халаалтын зуух, хэрэглээний халуун усны ялтсан бойлер, хүйтэн усны зангилааны угсралтын ажил гүйцэтгэх гэрээний нийт ажлын хөлс нь 95,500,000 төгрөг бөгөөд *******ХХК, Визард контсракшн ХХК-ийн аль аль нь 39,500,000 төгрөгийг төлөөгүй, нэхэмжлэгч ******* ХХК нь гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэтгэсэн хэдий ч ажлын хөлсөө бүрэн аваагүй өнөөдрийг хүртэл хохирсоор ирсэн. Визард констракшн ХХК нь дээрх гэрээний заасан ажлын үр шимийг хүртсэн субьект мөн боловч хариу тайлбартаа 39,500,000 төгрөгийг төлөх үүрэггүй, 2012.11.09-ний өдрийн БЗД-ийн 28-р хороо, Зиппзе төслийн 1-р ээлж, 5 тоот орон сууц Захиалгын гэрээний үлдэгдэл 50,000,000 төгрөгийг буцааж өгнө, гэрээнд заасан БЗД-ийн 28-р хороо, Sunrise төслийн 1-р ээлж, 5 тоот орон сууцыг өгөхгүй, 2019.08.28-ны өдрийн 19/105, 2019.09.27-ны өдрийн 19/128 тоот албан бичгүүдээр 2012.11.09-ний өдрийн Захиалгын гэрээнээс татгалзаж байгаа гэдгээ мэдэгдсэн зэргээс үзэхэд Визард констракшн ХХК нь 39,500,000 төгрөгийг төлөхгүй, давж заалдах шатны шүүх нь 39,500,000 төгрөгийг *******ХХК ч төлөх үндэслэлгүй гэж дүгнэж ******* ХХК-ийг хохирч үлд гэсэн дүгнэлтийг хийж байгаа нь давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт Иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэнэ. гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь заалтад заасны дагуу давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч ******* ХХК Ажил гүйцэтгэх гэрээ-ний үүрэгт хариуцагч Визард констракшн ХХК-иас 95,000,000 төгрөг, *******ХХК-иас 39,500,000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

 

Анхан шатны шүүх хариуцагч Визард констракшн ХХК-иас 30,000,000 төгрөг, хариуцагч *******ХХК-иас 39,500,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч *******ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

 

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна.

 

1.   Хариуцагч Визард констракшн ХХК-д холбогдох нэхэмжлэлийн талаар:

 

******* ХХК нь Визард констракшн ХХК-тай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээнүүдийн ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 45,000,000 төгрөг, Захиалгын гэрээний дагуу орон сууцны үнэд төлсөн 50,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар, нийт 95,000,000 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагчаас ...гүйцэтгэсэн ажлын төлбөрийг бүрэн төлж дууссан, ...ажлын гүйцэтгэл доголдолтой байсны улмаас түүнийг засаж сайжруулахад нэмэлт зардал гарсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

 

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана, барилга байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно гэж Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 349 дүгээр зүйлийн 349.1.-д тус тус зохицуулжээ.

 

а/ Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Визард констакшн ХХК-тай 2012.08.03-ны өдөр Визард констракшн ХХК-ийн 288 айлын орон сууцны барилгын гадна дулааны шугамын угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулж, ажлыг гүйцэтгэсэн, гэрээт ажлын хөлс 85,000,000 төгрөгөөс үлдэгдэл 30,000,000 төгрөгийг Визард констракшн ХХК-ийн барьж буй Дүнжингарав-2 хотхонд 5-р давхар 13 тоот 89.98 м.кв талбайтай орон сууц, авто зогсоолын үнэ 161,968,000 төгрөгөөс хасаж бартерт тооцохоор 2012.11.09-ний өдөр 2-13 тоот Захиалгын гэрээ байгуулж, баталгаажуулсан боловч орон сууцыг аваагүй, энэ хугацаанд хариуцагч нь ажлын доголдолтой холбогдуулан ямар нэг шаардлага гаргаж байсан болохоо нотлоогүй үндэслэлээр ажлын хөлс 30,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтад нийцсэн, шүүх хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

б/ Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2.1.-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна.

 

2013.08.12-ны өдөр Зайсан толгойн амны Визард констракшн ХХК-ийн таун хаус хотхоны барилгын 2-р контурын гадна дулаан, халуун ус, эргэлт, цэвэр усны шугамын угсралтын ажлыг гүйцэтгүүлэх гэрээ байгуулж, уг ажлын хөлс 60,000,000 төгрөгийн 15,000,000 төгрөгийг өгөөгүй үндэслэлээр шаардлага гаргасан боловч үлдэгдэл төлбөрийг шаардах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, энэ хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа тасалдах, зогсох үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэн нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байна.

 

в/ 2012.11.09-ний өдрийн 2-13 тоот Захиалгын гэрээ Визард констракшн ХХК, иргэн Э.Жавхлан /******* ХХК-ийн захирал/ нарын хооронд байгуулагдсан, ******* ХХК гэрээний оролцогч биш тул гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй гэж үзэн орон сууцны захиалгын төлбөрт төлсөн 50,000,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр Викард констракшн ХХ-д холбогдох шаардлагаас 30,000,000 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч гомдол гаргаагүй байна.

 

2.   *******ХХК-д холбогдуулан 39,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2014.08.05-ны өдөр *******ХХК-тай байгуулсан Халаалтын зуух, хэрэгцээний халуун усны ялтсан бойлер, хүйтэн усны зангилааны угсралтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн, захиалагч ажлын хөлс 95,500,000 төгрөгөөс 56,000,000 төгрөгийг төлсөн, үлдэх 39,500,000 төгрөгийг нэхэмжилнэ... гэжээ.

 

Хариуцагч *******ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрч: ...гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж, төлбөрийг төлсөн, ...гүйцэтгэгч чанарын шаардлага хангасан уурын зуух нийлүүлээгүй, нийлүүлсэн уурын зуух нь удаа дараа эвдэрч, дуудан үзүүлж байсан, ...хүчин чадал нь хүрэхгүй, ачааллаа дийлэхгүйн улмаас удаа дараа эвдэрч, доголдсон тул аргагүй эрхэнд дахин уурын зуух худалдаж авч, зардал гарсан. ...нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэжээ.

 

Анхан шатны шүүх хариуцагч *******ХХК-иас ажлын хөлсний үлдэгдэл 39,500,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх ...гэрээгээр 39,500,000 төгрөгийг Визард констракшн ХХК-иас худалдан авсан 2013 тоот гэрээний дагуу орон сууцны төлбөрт тооцно... гэж тохиролцсон тул *******ХХК-иас шаардах эрхгүй гэж дүгнэн, шийдвэрт өөрчлөлт оруулж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Магадлалын дээрх шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргаж, анхан шатны шүүх үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн тул магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2014.08.05-ны өдрийн гэрээ *******ХХК, ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан, ажлын хөлс төлөх гэрээний үүргийг *******ХХК хүлээсэн бөгөөд гэрээний дагуу гүйцэтгэгч ажлыг гүйцэтгэж захиалагчид хүлээлгэж өгсөн, хэдийгээр захиалагч гүйцэтгэсэн ажил доголдолтой байсан гэж тайлбарласан боловч энэ талаар хэрэгт баримтгүй, Визард констракшн ХХК гэрээний тал болж гэрээнд оролцоогүй үндэслэлээр *******ХХК-иас 39,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1. дэх заалтыг зөрчөөгүй, давж заалдах шатны шүүх гэрээний нөхцөл, гэрээний талуудын талаар хэргийн нотлох баримтад нийцсэн дүгнэлтийг хийж чадаагүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгоно.

 

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

 

Иймд хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 381 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/03391 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхболдын гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс 2020.03.23-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 355,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

Б.МӨНХТУЯА

 

Х.СОНИНБАЯР

 

Х.ЭРДЭНЭСУВД