Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 184/ШШ2019/02587

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ж.О

 

Нэхэмжлэгч: Д.Б

 

Хариуцагч: Н.Д

 

Хариуцагч: Б.А нарт холбогдох

 

Цайны газар худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол 80,711,800 төгрөг, гэрээ биелснээс буюу цайны газар зориулалтын дагуу ажиллуулж олсон ашиг 84,911,000 төгрөг, нийт 165,622,800 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол, олох ёстой байсан ашиг, орлогод 89,551,371 төгрөг, зээлийн хүүнд төлсөн 15,000,000 төгрөг, нийт 104,551,371 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, нэхэмжлэгч Ж.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.Д, Ц.Ө, хариуцагч, хариуцагч Н.Д-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч нарын өмгөөлөгч Ц.Б, гэрч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.О , Д.Б нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Бид 2006 оноос 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Нарантуул олон улсын худалдааны төвийн хүнсний захад байрлалтай №26 дугаартай цайны газрыг өдрийн 350,000-500,000 төгрөгийн ашиг, орлоготой ажиллуулж байгаад Н.Д , Б.А нартай худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулж 100,000,000 төгрөгөөр худалдсан. Н.Д т цайны газраа эд хөрөнгө, тоног төхөөрөмжийн хамт хүлээлгэн өгсөн. Н.Д , Б.А нар нь тус цайны газрыг 2012 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл Нарантуул захын хүнсний захад гал гарч цайны газар шатах хүртэл ажиллуулсан.

Нарантуул олон улсын худалдааны төвийн удирдлагууд 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр цайны газар ажиллуулж байсан хүмүүстэй уулзаж, энэ удаагийн объектоос цайны газар өгч чадахгүй, дараагийн барилгаас цайны газар өгч болно, одоо Баялаг-Ундраа төвөөс худалдааны зориулалттай лангууг цайны газрын түрээслэгч нарт өгч байгаа тул тухайн лангуунаас авч болно, авахгүй гэвэл цайны газрыг 500,000,000 төгрөгөөр авч болно гэж хэлснийг Н.Д , Б.А нар эс зөвшөөрч цайны газар худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, 80,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан байсан. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Миний бие 2012 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 09 дүгээр сар хүртэл хугацаанд цайны газраа өөрөө ажиллуулсан бол энэ хугацаанд 80,000,000 төгрөг байтугай түүнээс ч илүү ашиг орлого олох боломжтой байсан. Н.Д , Б.А нар ч энэ хугацаанд ашиг орлого сайтай ажилласан гэдгээ өөрсдөө хүлээдэг бөгөөд энэ олсон ашиг, орлогоосоо надад цайны газар худалдан авсан мөнгийг өгсөн гэж би ойлгож байгаа. Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.6 дахь хэсэгт зааснаар Н.Д , Б.А нараас гэрээ биелснээс тэдний олсон ашиг болох 84,911,000 төгрөгийг, мөн цайны газар эзэмших эрхийг бодитоор надад буцаан шилжүүлж өгөх боломжгүй болсон тул түүний өртөг болох 80,711,800 төгрөг, нийт 165,622,800 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэсэн шаардлагыг гаргасан.

Гэвч шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтээр ашиг нь 57 сая төгрөг гэсэн тул нэхэмжлэгч нарын зүгээс шаардлагаа багасгаж хариуцагч нараас 57,000,000 төгрөг гаргуулъя гэжээ.

 

Хариуцагч Б.А, Н.Д  нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Б.А миний бие Ж.О ээс түүний хувийн өмч гэж итгэн Нарантуул олон улсын худалдааны төвийн №26 дугаартай цайны газрыг 80,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Улмаар 10,000,000 төгрөгийг Ж.О т бэлнээр өгч, үлдэгдэл 70,000,000 төгрөгийг Д.Б-ы Хаан банк дахь 000 тоот дансанд 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 30,000,000 төгрөг, 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 40,000,000 төгрөгийг төлж барагдуулсан.

Миний бие удаа дараа бичиг баримтыг нь шилжүүлж өгөхийг шаардсан боловч удахгүй өгнө гэж хэлээд хүлээлгээд байсан. Бичиг баримтыг шилжүүлж өгч амжаагүй байтал 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Нарантуул олон улсын худалдааны төвийн хүнсний захад гал гарч бүрэн шатсан. Хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад Нарантуул олон улсын худалдааны төвөөс №26 дугаар цайны газрын баримтыг нотлох баримтаар шаардахад тус цайны газар нь Ж.О ийн өмч биш, Ү-000 улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарны зам гудамж, Нарантуул худалдааны төвийн өмчлөгчөөр “Нарантуул трейд” ХХК /регистрийн дугаар: 2070022/ болох нь тогтоогдож, түүний хувийн өмч биш болохыг шүүхийн шатанд мэдсэн. Иймд миний бие Ж.О ийн хувийн өмчийн эд зүйлсийг ашиглаад ашиг олж түүнд хохирол учруулсан зүйл байхгүй. Харин миний бие түүнд хууртан мөнгөө яаралтай өг гэж өдөр шөнөгүй нэхээд дарамтлаад байсан учир дүүгийнхээ байрыг зарж 40,000,000 төгрөг үлдэгдэл 40,000,000 төгрөгийг хувь хүнээс 10 хувийн хүүтэй зээлж авч орлогоосоо төлөх гэсэн боловч орлого муу учир хүүний дарамтад орж арга буюу өөрийн эцгийн хашаа байшин чацарганы талбай зэргийг зарж Ж.О т төлсөн. Ж.О  нь шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрөө төлөхгүй намайг 6 жил хохироож байна. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэх 57 сая төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй, ийм хэмжээний ашиг олдоггүй. Тухайн шинжээч үндэслэлгүй дүгнэлт гаргасан. Зоогийн газрын ашиг, орлоготой, Нарантуул захад бус өөр байранд байх газруудтай харьцуулсан. Хуульд ашиг олсон бол өгөх ёстой гэж заасан бол өгнө, харин ийм хэмжээний ашгийг бол олоогүй. Бидний хувьд 17 сая төгрөгийн л ашиг олсон. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, хариуцагч Н.Д ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

...Бид 2012 оны 8 дугаар сард иргэн Ж.О , Д.Б нартай харилцан тохиролцож Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулж Нарантуул олон улсын худалдааны төвийн хүнсний зах дотор байрлах 26 тоот цайны газрыг 80,000,000 төгрөгөөр худалдан авсан боловч цайны газрын бичиг баримтыг бидний нэр рүү шилжүүлж өгөөгүй тул иргэний шүүхэд хандаж худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний үнэ болгон шилжүүлсэн 80,000,000 төгрөг болон бусад зардлаа нэхэмжилсэн,  Ж.О , Д.Б нараас 80,000,000 төгрөг гаргуулан Б.А , Н.Д  нарт олгохоор шийдвэрлэсэн.

Б.А, Н.Д  бидний Ж.О , Д.Б нартай байгуулсан Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээний үнэ болох 80,000,000 төгрөг, цайны газраа ажилуулах эхлэлийн зардал болгон 7,100,000 төгрөг, нийт 87,100,000 төгрөгийг Алтантуяа, Анхбаяр гэх хүмүүсээс зээлсэн байдаг бөгөөд энэхүү 87,100,000 төгрөгийг 2012 оны 11 дүгээр сараас 2018 оны 8 дугаар сарыг дуустал хугацаанд арилжааны банкинд хадгалуулсан бол олох байсан ашиг, орлого болох 89.551.371 төгрөг гаргуулах хүсэлтэй байна. Үүнийг Итгэлт эстимэйт ХХК-ийн хийсэн хөрөнгийн үнэлгээгээр тооцсон болно.

Гурван шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд байгаа хэдий ч Ж.О , Д.Б нар нь одоо болтол бидний өгсөн 80,000,000 төгрөгийг өгөөгүй байгаа. Энэ хугацаанд уг мөнгийг маань хэдий хэмжээнд өсгөж өөрсдөдөө ашиг орлого олсон байхыг үгүйсгэх зүйл байхгүй болно. Мөн гэрээний үнэнд төлсөн 80,000,000 төгрөгийг бүрдүүлэхээр иргэн н.Анхбаяраас 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 3,000,000  төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 5,000,000 төгрөг, 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 30,000,000 төгрөг, нийт 40,000,000 төгрөгийг зээлсэн бөгөөд 10 хувийн хүүтэй байхаар тохирсон бөгөөд уг мөнгийг төлж барагдуулах хүртлээ зээлийн хүүнд нийт 15,000,000 төгрөгийг төлсөн тул уг 15,000,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргаж байна. Иймд Ж.О , Д.Б нараас нийт 104,551,371 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч Д.Б-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О  сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

...Хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бус, ойлгомжгүй бөгөөд нэхэмжлэгч нарын зүгээс түүнийг хүлээн зөвшөөрөх үндэслэл байхгүй. Хэрвээ цайны газар шатаагүй байсан бол өнөөдрийг хүртэл цайны газрыг эзэмшиж, ашиглаж, ажиллуулаад байж байх байсан нь бодит үнэн. Цайны газар худалдан авах мөнгөнийхөө эх үүсвэрийг яаж бүрдүүлэх асуудал нь хариуцагч нарын өөрсдийн шийдвэрлэх асуудал юм. Бидний зүгээс хариуцагч нарыг мөнгө зээлээр авч цайны газрыг та нар худалдаж ав гэж шахаж шаардсан зүйл байхгүй. Өөрсдөө л цайны газар ашигтай байсныг мэдээд худалдаж авсан. Улсын Дээд шүүх эцэслэн шийдвэрлээд хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан болохыг тогтоосон. Хариуцагч нарын хувьд гэрээнээс татгалзсанаар тэдэнд хохирол учраагүй, гэрээний үнэ болох 80,000,000 төгрөгийг буцааж авсан. Цайны газрыг ажиллуулж, гарсан зардлаа бүрэн төлж, ашиг олсон.

Харин нэхэмжлэгч бидэнд цайны газраа биет байдлаар нь буцааж авах боломжгүй болж, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон цайны газрын зах зээлийн үнэ цэнэ болох 80,711,800 төгрөгийн хохирол учирсан. Хариуцагч нар нь гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцааж өгөх үүрэгтэй. Цайны газар шатсан биет байдлаар нь буцаан өгөх боломжгүй ч гэсэн мөнгөөр нөхөн төлөх боломжтой тул бид энэ хохирлоо нэхэмжлэх эрхтэй. Хариуцагч нар нь цайны газрыг өөрсдийн эзэмшил, ашиглалтад бодитоор шилжүүлэн авч, 2012 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийг хүртэл хугацаанд зориулалтын дагуу ажиллуулж, олсон ашгаасаа бидэнд гэрээний үнэ болох 80,000,000 төгрөгийг төлсөн. Цайны газрыг ажиллуулахад гарсан зардлыг болон хүнээс зээлсэн мөнгөний хүүг бид хариуцан төлж барагдуулах үндэслэл байхгүй. Учир нь цайны газрыг худалдан авах мөнгөнийхөө эх үүсвэрийг өөрсдөө шийдвэрлэсэн. Мөн банкинд хадгалуулсан бол гэсэн тооцоо гарган нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Талуудын хоорондын үүрэг зөрчсөн асуудал байхгүй тул үүргээ гүйцэтгээгүйгээс гэрээ цуцалсан гэж үзэн Иргэний хуулийн 227 дугаар зүйлд заасны дагуу сөрөг шаардлага гаргасныг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.О , Д.Б нар нь Б.А , Н.Д  нарт холбогдуулан цайны газар эзэмших, ашиглах эрх худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирол 80,711,800 төгрөг, гэрээ биелснээс буюу тухайн цайны газрыг зориулалтын дагуу ажиллуулж олсон ашиг 84,911,000 төгрөг, нийт 165,622,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч нар нь нэхэмжлэгч нарт холбогдуулан гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол, олох ёстой орлогод 89,551,371 төгрөг, зээлийн хүүнд төлсөн 15,000,000 төгрөг, нийт 104,551,371 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас 165,622,800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.6-д заасны дагуу худалдах худалдан авах гэрээ биелснээс олсон ашиг 57,000,000 төгрөг гаргуулах гэж багасгасан нь нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд байх ба хариуцагч талаас багасгасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэх байр суурийг илэрхийлэн сөрөг шаардлага гарган мэтгэлцдэг.

 

Нэхэмжлэгч нар нь 2012 оны 8 дугаар сард Нарантуул худалдааны төвийн 26 тоот хаягт байрлах цайны газрыг эзэмших, ашиглах эрх /үйл ажиллагаа явуулах/-ийг хариуцагч нарын өмчлөлд шилжүүлэхээр, хариуцагч нар нь уг эрхийг худалдан авсан үнийг төлөхөөр харилцан тохирч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулсан байх бөгөөд хариуцагч нар нь 80,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нарт төлсөн, цайны газрыг 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд ашиглаж үйл ажиллагаа явуулсан, улмаар тухайн цайны газар 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр шатаж, талууд гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон, эрх худалдан авагч Б.А , Н.Д  нар нь дээрх гэрээнээсээ татгалзсан болох нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогджээ. Дээрх үйл баримтууд нь нэгэнт тогтоогдсон үйл баримт бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасанчлан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй тул дахин нотлохгүй.

 

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хариуцагч Б.А , Н.Д  нар нь худалдах худалдан авах гэрээнээс татгалзсан болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч тал нь шаардах эрхтэй бөгөөд хариуцагч тал гэрээ биелснээс ашиг олсон бол буцааж өгөх үүрэгтэй болно.

 

Нэхэмжлэгч тал нь ...Энэ цайны газрыг ажиллуулснаар 350,000-500,000 төгрөгийн ашиг олдог байсан. Хариуцагч тал ашиг олоогүй гэх хэдий ч тэдний банкны дансны хуулга, орон сууц түрээслэх гэрээ, өмнөх хурлуудад өгч байсан тайлбар, гэрчийн мэдүүлэг, автомашин авч байсан үйл баримт зэргээр ашиг олж байсан болох нь нотлогдоно гэх тайлбарыг гаргадаг. Энэхүү тайлбар нь шүүхээс томилогдсон шинжээч болох “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээгээр нотлогдоно гэдэг.

 

Харин хариуцагч талаас ...шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэж байна, учир нь цайны газрын ашгийг тодорхойлохдоо түүнээс хүчин чадал, багтаамж, ая тухтай зоогийн газраар жишиж үнэлгээг тогтоосон, хариуцагч талын ашиг, орлогын тооцоолол саналыг хүлээн аваагүй, нэг талыг барьсан үнэлгээ гаргасан нь хууль бус бодитой үнэнд нийцээгүй гэх татгалзсан тайлбарыг гаргадаг.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан гэрээ биелснээс олсон ашиг гэдгийг бодитоор бий болсон үр шимийг ойлгох ба тухайн нөхцөлд маргааны зүйл болох цайны газар болон холбогдох баримт, материал галд шатан устсан, талууд тайлбараа баримтаар тогтооход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн зэргээс үүдэн хариуцагч талын олсон байж болох ашгийг тогтоолгохоор шинжээч томилуулсан нь хуулийн дагуу нэхэмжлэгч тал нотлох үүргээ хэрэгжүүлж байгаа явдал юм.

 

Хэрэгт авагдсан “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн дүгнэлтээс үзэхэд 2012 оны 9 сарын 1-ний өдрөөс 2013 оны 8 сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд Нарантуул худалдааны төвийн 26 тоот хаягт байрлах цайны газрыг ажиллуулснаас олсон ашиг, орлогын хэмжээг тооцож тогтоосон үнэлгээг үнэн зөв эргэлзээгүй баримт гэж дүгнэх, үнэлэх боломжгүй. Учир нь шинжээч талуудтай тооцоо нийлэхдээ тэдний гаргаж өгсөн ямар баримт, материалыг үндэслэсэн нь тодорхой бус, зах зээлийн үнийн судалгааг хийхдээ зоогийн газар, цайны газруудаас мэдээлэл цуглуулаад тухайн өдрийн орлогын 30 хувь нь ашиг, зоогийн газар, цайны газрын орлогын зөрүүг 100,000 төгрөг гэж тооцон, орлого 2 дахин нэмэгдсэн гэж дүгнэн харьцуулан жиших аргаар тооцоо гаргасан нь баримтад тулгуурлаагүй, мэдээллийн үнэн эсэх нь тодорхой бус байна. Мөн орлогын хандлагын тооцооллын үндэс болох худалдан борлуулсан үнэ 80,000,000 төгрөг нь талуудын харилцан тохиролцсон үнэ тул бодит ашиг орлогыг тооцоход өрөөсгөл гэж үзнэ. Иймээс шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болох эргэлзээгүй, үнэн зөв нотлох баримт гэж дүгнээгүй болно.

 

Гэвч хариуцагч, хариуцагч Н.Д ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нь шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэх үед ...миний хувьд нэхэмжлэлд дурдсан шиг ашиг олоогүй, бодитоор 17 сая төгрөгийн ашиг олсон, хуулинд олсон ашгаа буцаах ёстой гэсэн бол энэ хэмжээнд л буцааж өгнө гэх тайлбарыг гаргаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн эдлэх эрх хэмжээнд байх ба хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа үндэслэлээр эрх худалдах худалдан авах гэрээ биелснээс олсон ашиг 17,000,000 төгрөгийг хариуцуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 40,000,000 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч тал шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй, баримтаар нотлоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагч тал нь сөрөг шаардлагын хуулийн үндэслэлийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 гэж тайлбарлан гэрээнээс татгалзсаны улмаас олох ёстой байсан орлого, хохиролд нийт 104,551,371 төгрөгийг нэхэмжлэгч талаас шаардсан.

 

Сөрөг шаардлагын үндэслэлээ гэрээнээс татгалзахад худалдагч буюу нэхэмжлэгч талын буруутай үйлдэл байгаа, худалдах худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй, манайх үнийг төлсөн, худалдагч нь эрхийг шилжүүлж өгөх үүргээ биелүүлээгүй тул дээрх хуулийн зүйл заалтын дагуу хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэдэг. 

 

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт ... “Нарантуул трейд” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний түрээслэх эрхийг хариуцагч тал /Д.Б, Ж.О / нэхэмжлэгч тал /Б.А , Н.Д /-д шилжүүлж өгөхөөс өмнө буюу 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Нарантуул худалдааны төвийн хүнсний захад гал түймэр гарсны улмаас шатсан учир хариуцагч тал нь худалдсан эрхийг цаашид захиран зарцуулах боломжтой байдлаар нэхэмжлэгч талд шилжүүлж өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн... гэж дүгнэн Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үнэ 80,000,000 төгрөгийг буцаан гаргуулж шийдвэрлэсэн байна. Нэгэнт тогтоогдсон дээрх үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч буюу худалдагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн болох нь тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасны дагуу хариуцагч тал  гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол, олох ёстой орлогод /банкинд хадгалуулсан бол олох байсан хүүгийн орлого/ 89,551,371 төгрөг, бусдаас зээл авсны зээлийн хүүнд төлсөн 15,000,000 төгрөг, нийт 104,551,371 төгрөгийг шаардах эрхгүй болно. 

 

Нэгэнт хариуцагч тал шаардах эрхгүй тул сөрөг шаардлагаа нотолж ирүүлсэн баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүйг тэмдэглэж байна.  Иймээс нэхэмжлэгч талын гаргасан үндсэн нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Д , Б.А нараас 17,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.О , Д.Б нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 40,000,000 төгрөгийг болон хариуцагч Б.А , Н.Д  нарын 104,551,371 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,144,014 төгрөгөөс 986,069 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн 685,000 төгрөгөөс 680,706 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс илүү төлсөн 157,950 төгрөгийг, хариуцагчаас илүү төлсөн 4,294 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, 157,950 төгрөгийг Ж.О , Д.Б нарт, 4,294 төгрөгийг Б.А , Н.Д  нарт, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 242,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Э.АМИН-ЭРДЭНЭ