Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2021/01450

 

  

Завхан санхүүгийн нэгдэл ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч Л.Атарцэцэг, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 140/ШШ2021/00237 дугаар шийдвэр,

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 205/МА2021/00018 дугаар магадлалтай,

 

Завхан санхүүгийн нэгдэл ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Ч.Соёл-Эрдэнэ, Л.Найдан. Л.Чинзориг, Ч.Одончимэг нарт холбогдох

 

29,395,104 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Энхтөрийн гаргасан хяналтын гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Энхтөр, хариуцагч Ч.Соёл-Эрдэнэ, хариуцагч Ч.Одончимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баатарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

1.   Завхан санхүүгийн нэгдэл ББСБ ХХК нь Ч.Соёл-Эрдэнэ, Л.Найдан. Л.Чинзориг, Ч.Одончимэг нарт холбогдуулан зээлийн үлдэгдэл төлбөр 12,424,667 төгрөг, хугацаа хэтэрсэн хүү 14,048,156 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,922,281 төгрөг, нийт 29,395,156 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нараас ...зээл авснаа хүлээн зөвшөөрч байна, зээлээ төлөх хүсэл байсан боловч авсан зээлээ хүнд өгөөд, тэр хүн маань бидний мөнгийг өгөөгүй, ...зээлээс зээлийн хооронд авч байгаа цалин маань хүрэлцэхгүй байсаар өдий хүрсэн, одоогийн байдлаар 3,500,000 төгрөгийг төлсөн, ...нэхэмжлэлийн үнийн дүнгээс үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрч байна, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг анхаарч үзэж өгнө үү... гэж тайлбарлажээ.

 

2. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 140/ШШ2021/00237 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Ч.Соёл-Эрдэнэ, Л.Найдан, Л.Чинзориг, Ч.Одончимэг нараас 12,411,000 төгрөгийг гаргуулж Завхан санхүүгийн нэгдэл ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16,984,104 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-т тус тус зааснаар хариуцагч Л.Найдан, Ч.Соёл-Эрдэнэ, Л.Чинзориг, Ч.Одончимэг нар нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг Халамжийн төвийн зүүн талд байршилтай, улсын бүртгэлийн ГД-000186289, Ү-0918001161 дугаартай, 72 м.кв талбайтай, нэг хүний өмчлөлийн хувийн сууц, Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг Хаан банкны урд талд 4 айлын гудамж 3 тоотод байршилтай, улсын бүртгэлийн ГД-000615594, нэгж талбарын №17338289483968 дугаартай, эзэмших эрхтэй газар, Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг Хаан банкны урд талд 4 айлын гудамж 5 тоотод байршилтай, улсын бүртгэлийн ГД-000615593, нэгж талбарын №17338289487996 дугаартай, эзэмших эрхтэй газар зэрэг эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Завхан санхүүгийн нэгдэл ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 304,926 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Найдан, Ч.Соёл-Эрдэнэ, Л.Чинзориг, Ч.Одончимэг нараас 213,526 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Завхан санхүүгийн нэгдэл ББСБ ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа ...талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зйлийн 451.1.-д зааснаар зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн хүчин төгөлдөр хэлцэл байна, хариуцагч Ч.Соёл-Эрдэнэ, Л.Чинзориг, Ч.Одончимэг нар зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан нь хариуцагч Л.Найдангийн нэгэн адил үүрэг хүлээж хамтран зээлдэгчээр оролцох тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3.-т зааснаар нэхэмжлэгч нь үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй, ...иймд нэхэмжлэгч нь зээлийн гэрээ байгуулагдсан 2018.01.30-ны өдрөөс 2018.05.27-ны өдрийг хүртэл 4 сарын хугацааны зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх эрхтэй, харин зээлийн гэрээ дууссан өдрөөс хойш буюу 2018.05.28-ны өдрөөс хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх эрхгүй... гэж дүгнэжээ.

 

3. Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 205/МА2021/00018 дугаар магадлалаар: Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 237 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Ч.Соёл-Эрдэнэ, Л.Найдан, Л.Чинзориг, Ч.Одончимэг нараас 12,411,000 төгрөгийг гаргуулж Завхан санхүүгийн нэгдэл ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16,984,104 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож гэснийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.Соёл-Эрдэнэ, Л.Найдан, Л.Чинзориг, Ч.Одончимэг нараас 19,409,880 төгрөгийг гаргуулж, Завхан санхүүгийн нэгдэл ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,985,880 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дахь заалтын ...хариуцагч Л.Найдан, Ч.Соёл-Эрдэнэ, Л.Чинзориг, Ч.Одончимэг нараас улсын тэмдэгтийн хураамжид 213,526 төгрөг гаргуулж гэснийг, 254,999 төгрөг гаргуулж гэж шийдвэрт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа ...Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1., Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. ...Хариуцагч нар гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн төлж дуусаагүй нь гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй, ...мөн Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4.-т зааснаар зээлдэгчийн хугацаа хэтрүүлж төлсөн 1,500,000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцох нь зөв, ...нэхэмжлэгчээс зээлийг буцаан төлөх мэдэгдлийг удаа дараа өгч, энэ нь ямар нэгэн үр дүнд хүрэхгүй байхад гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлэлгүй гэрээний хугацаа дууссанаас хойш 2 жил 10 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь зээлдэгч нарын хариуцлагын хэмжээ нэмэгдэхэд хүрсэн, мөн цаг үеийн нөхцөл байдлаас болж иргэд, аж ахуйн нэгжийн орлого буурсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан зээлдэгч нараас зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2. дахь хэсэгт заасныг баримтлан тал хувиар тооцох нь шударга зарчимд нийцнэ... гэх үндэслэл заажээ.

 

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Энхтөр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 2021.08.03-ны өдрийн 205/МА2021/00018 дугаартай магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсгийн 172.2.1 172.2.2 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж тус тус заасныг үндэслэн энэхүү гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах хууль зүйн үндэслэлийн дагуу эс зөвшөөрч байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт дурдагдсан шударга ёсны зарчмын тухайд: Анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хэтэрхий нэг талыг баримталсан, хариуцагчийг хамгаалсан, нэхэмжлэгчийг хууль зүйн үндэслэлгүй хэт их буруутгасан дүгнэлтүүдийг хийсэн байсан. Энэ нь өөрөө шүүхийн болоод шүүгчид итгэх итгэлийг бууруулж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхээс гаргасан шийдвэр нь ББСБ нь харилцагчидтай хуулийн дагуу гэрээ байгуулан хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон, иргэний хуульд заасан хүү болон нэмэгдүүлсэн хүүг авах эрхтэй байсаар байтал хуулийн дагуу шийдвэрлээгүй, зөвхөн нэг талыг баримталсан, нэхэмжлэгчийн эрхийг хамгаалж ББСБ-ын олох ёстой байсан ашиг, алдагдлыг тооцоогүй, нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг илт зөрчсөн, хувийн сэдэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Мөн Иргэний хуулийн 282.2-г баримтлан харилцагчид илт давуу байдал олгосон, нэхэмжлэгчийн олох байсан орлого, хуулийн дагуу шаардах эрхтэй хүү болон нэмэгдүүлсэн хүүг үндэслэлгүйгээр хассан нь иргэний хуулийг буруу хэрэглэсэн байна. Зээлдэгч зээлийн гэрээ байгуулахдаа зээлийн хүүг гэрээнд тодорхой заасан бөгөөд зээлийн хүүгийн төлбөр зээлдэгчийн зээлээ төлөөгүйгээс хуримтлагдан нэмэгдсэн болохоос манай зүгээс зээлдэгчийг хохироосон зүйл байхгүй болохыг анхааралдаа авна уу.

Давж заалдах шатны шүүхээс цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой иргэд аж ахуйн нэгжийн орлого буурсан нөхцөлд байдлыг харгалзан үзэж төлөх ёстой зээлийн 50 хувийг төлүүлэх нь зүйтэй гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу хэрэглэн, мушгин гуйвуулж, хэт нэг талыг баримталж байна. ББСБ нь ч мөн адил цар тахлын нөлөөнд өртөж зээлүүд нь төлөгдөхгүй болж, хүү төлөхийг зээлдэгчид нь эсэргүүцэж, засгийн газраас зээлийн хүүгээ авч байгаа тул ашиглалтын зардлыг чөлөөлөөгүй гэх мэтээр банк болон ББСБ-ыг гадуурхсан шийдвэр гаргаж байгаа ч ББСБ нь санхүүгийн зохицуулах хорооноос албан ёсны зөвшөөрөл авч, хүүгээ нийтэд нээлттэй зарлаж, Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж билээ. Ч.Найдан нь Завхан аймгийн аудитын газрын жолоочоор, Ч. Соёл-Эрдэнэ нь 1-р цэцэрлэгийн багшаар ажиллаж сүүлийн 3 жилийн хугацаанд цар тахлын улмаас цалин хөлс нь буураагүй, хасагдаагүй, орлого нь буурсан нөхцөл байдал байхгүй, нотлох баримт байхгүй байхад шүүгчид өөрийн үзэмжээр ББСБ нь зээлдэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг илт хохироосон гэж үзэх үндэслэлгүй юм.

Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийг хариуцагчийг зээлээ төлөөгүй тохиолдолд өөрийн санаачлагаар гэрээг цуцлах, учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхээ эдлээгүй, зээл төлүүлэх талаар авсан арга хэмжээ нь үр дүнд хүрэхээргүй байхад гэрээг цуцалж шүүхэд шилжүүлээгүй удааснаас зээлдэгч нарын хариуцлагын хэмжээ нэмэгдсэн хэмээн буруутгасан нь үндэслэлгүй бөгөөд хариуцагчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлнэ хэмээн хойшлуулж, худал хэлж явсаар шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүрсэн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан зээл төлөх мэдэгдлүүд, харилцагчтай уулзсан тэмдэглэл, болон анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн гаргасан тайлбар зэргээр баталгаажна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хурал дээр зээлдэгч Ч.Соёл-Эрдэнэ нь зээл төлөхийг шаардсан ч манайх төлж чадахгүй байсаар удсан нь үнэн, шүүхэд битгий өгөөч зээлээ төлнө гэж хэлсэн нь үнэн гэсэн тайлбар өгсөөр байтал шүүх нэхэмжлэгчийг буруутгаж эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзэж байна.

Мөн 2018.9.24-нд барьцаа хөрөнгөө чөлөөлж банкнаас зээл авч төлнө гэсэн өргөдөл өгөөд барьцаа хөрөнгөө чөлөөлүүлж авсан ч зээлээсээ төлөөгүй, 2020.11.27-нд зээл төлөх мэдэгдэл аваад хариу тайлбартаа нөхрийнхөө цалингийн зээлийг аваад зээлээсээ төлнө гэж хугацаа сунгасан ч уг зээлээ аваад манай байгууллагад зээлийн төлөлт хийгээгүй зэргээс зээлдэгч нь зээлээ төлөх сонирхолгүй, боломж байсаар байтал төлөхгүй байсныг батална. Зээлдэгчтэй уулзахад шүүхэд өгөлгүй хүлээж байгаач заавал төлнө, аавынхаа байрыг барьцаанд тавьсан, шүүх энэ тэр болбол хөгшин хүн харвачихвал яах вэ, хувь хүний нэр хүнд бас хэцүү байна, шүүх энэ тэр гэж яваад яах вэ, авсан юм чинь заавал төлнө байж байгаач гэх мэтээр хойшлуулсаар байсан тул манай байгууллага шүүхэд өгөлгүй төлөлт хийхийг хүлээж хамгийн сүүлд 2020.6.11-нд 500,000 төгрөгийн төлөлт хийсэн нь манай байгууллагын авсан арга хэмжээний үр дүн бөгөөд бидний зүгээс 2 жилийн хугацаанд олох байсан орлогыг нэхэмжлэгчээс шаардан авах эрхтэй. Зээлийн гэрээний хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн тухайд: Хариуцагч нар нь Зээлийн гэрээнд заасан хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд гэрээ байгуулсан өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг дараах хууль зүйн үндэслэлийн дагуу нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

Үүнд: Иргэний хуулийн 222.5-д Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй., 222.7-д Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй, 225.2-т Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ, 226.1.2-т Үүрэг гүйцэтгэгч гэрээгээр тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй, харин нэмэлт хугацаанд үүргээ гүйцэтгэсэн тохиолдолд гэрээний харилцаа үргэлжлэх ёстой бол, 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. Эдгээр зүйл заалтууд нь нэхэмжлэгчийг хариуцагчаас олох байсан орлого зэргийг Гэрээний үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалан хариуцагч нар нь дээрх үүргийг хүлээж байна. Зээлийн гэрээнд зааснаар зээлийн гэрээний хугацаанд болон хугацаа хэтрүүлснээс үүссэн хүү болон нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй болохын тухайд: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.3ээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу хариуцагч нар нь Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй байсан ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д 3ээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 451 дугаар зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу Зээлийн гэрээнд заасан үндсэн зээлээс гадна гэрээнд заасны дагуу хүү төлөх үүрэгтэй мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1-д Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, хүүгийн хэмжээ, хугацаа болон бусад нөхцөлийг тогтоон нийтэд мэдээлнэ гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн нийтэд зарласан хүүгээр буюу Зээлийн гэрээний хүүг нэг сарын 3.5% гэдгийг хүлээн зөвшөөрч гэрээг байгуулсан тул гэрээнд заасны дагуу үндсэн төлбөрт хүү тооцон авах эрхтэй байна. Мөн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2.-т 3ээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасны дагуу хариуцагч нартай байгуулсан 2018.01.30-ны өдрийн 180040 тоот Зээлийн гэрээний 1.9, 1.12-т зааснаар тус тус нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна.

Дээрх хууль зүйн үндэслэлүүдийн дагуу зээлийн үйл ажиллагаанд Иргэний хуулийн үүрэг болон зээлийн үйл ажиллагаатай холбоотой ерөнхий заалтуудыг удирдлага болгохоос гадна нэхэмжлэгчийн зээл олгох эрх бүхий хуулийн этгээдийн хувьд илүү нарийвчилсан зохицуулалт болох Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасны дагуу зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул хариуцагч нараас 2018.01.30-ны өдрөөс 2021.05.21-ний өдрийг хүртэлх зээлийн төлбөрийг нэхэмжлэх эрхтэй байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд тусгасан зээлийн гэрээний үндсэн төлбөр 12,424667 төгрөг, хүүгийн төлбөр 14,707,606 нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,262,831 төгрөг, нийт 29,395,104 төгрөгөөс хариуцагч нарын төлсөн 2,500,000 төгрөгийг бүгдийг үндсэн зээлийн үлдэгдлээс хасч тооцон зээлийн үлдэгдэл 10,924,667 төгрөг дээр нэхэмжилсэн хүүний 50 хувь болох 8,485,213 төгрөг, нийт 19,409,880 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, 9,985,880 төгрөгийн төлбөрийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь тооцооллын хувьд алдаатай бөгөөд хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй, хэтэрхий нэг талыг баримталсан хууль зөрчсөн шийдвэр гаргасан байгааг харуулж байна. Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалаар хэрэгсэхгүй болгосон 9,985,880 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-т заасны дагуу давж заалдах шатны шүүхийн магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагч Ч.Соёл-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж, нэхэмжлэгч Завхан санхүүгийн нэгдэл ББСБ ХХК-ийн төлөөлөгч Т.Энхтөрийн хяналтын журмаар гаргасан гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2021.10.08-ны өдрийн 001/ШХТ2021/00685 дугаар тогтоолыг гаргажээ.

 

ХЯНАВАЛ:

 

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

6. Хэрэгт цугларсан баримтаар Завхан санхүүгийн нэгдэл ББСБ ХХК зээлдэгч Л.Найдан, Ч.Соёл-Эрдэнэ, Л.Чинзориг, Ч.Одончимэг нартай 2018.01.30-ны өдөр 180040 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 13,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатайгаар, хэрэглээний зориулалтаар зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож Ү-0918000614 дугаарт бүртгэлтэй, Б.Мөнхболдын өмчлөлийн Завхан, Улиастайн 4-р баг, Богдын гол, Даянгийн 3 гудамж, 306 тоот хаягт байрлах 35 м.кв талбайтай 2 өрөө хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, дээрх хаягт байрлах Ү-0918002297 дугаарт бүртгэлтэй 568 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний, өмчлөх эрхтэй газар, Л.Чинзоригийн өмчлөлийн Ү-0918001161 дугаарт бүртгэлтэй, Завхан, Улиастай, Жинст баг, Халамжийн төвийн зүүн талд хаягт байрлалтай 72 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ч.Одончимэгийн өмчлөлийн 17338289483968 нэгж талбарын дугаар бүхий, Завхан, Улиастай, Жинст баг, Хаан банкны урд талд 4 айлын гудамж, 5 тоот хагят байрлах 157 м.кв талбайтай, орон сууцны зориулалт бүхий эзэмших эрхтэй газар, дээрх хаягт байрлах 17338289487996 нэгж талбарын дугаар бүхий, 84 м.кв талбайтай, орон сууцны зориулалт бүхий эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалж барьцааны гэрээ байгуулсан, 2018 оны 09-р сард Б.Мөнхболдын өмчлөлийн эд хөрөнгийг барьцааны үүргээс чөлөөлж, дуусгавар болгосон үйл баримт тогтоогджээ.

 

Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Зээлдэгч зээлийг авч ашигласнаас хойш зээлийн төлбөрт 2,500,000 төгрөгийг төлсөн, гэрээний хугацаа дууссан боловч төлбөрийг бүрэн төлөөгүй үндэслэлээр зээлдэгчээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 12,424,667 төгрөг, хүүд 14,048,156 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,922,281 төгрөг, нийт 29,395,156 төгрөгийг гаргуулахаар Завхан санхүүгийн нэгдэл ББСБ ХХК нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн үнийн дүнгээс үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийг зөвшөөрч, хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

7. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

 

Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч барьцааны зүйлийн үнээс шаардлагыг хангуулах эрхтэй.

 

Зохигчийн хооронд банк, эрх бүхий хуулийн этгээдтэй байгуулсан зээлийн гэрээний болон барьцааны гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйл, 453 дугаар зүйлийн 453.1., 153 дугаар зүйлийн 153.1., 156 дугаар зүйлийн 156.2.-т заасан зохицуулалтад нийцжээ.

 

8. Анхан шатны шүүх банк, эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжилсэн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлээр давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулсан байх тул анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй байна.

 

Тухайлбал, анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзсэн атлаа ...Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2-т зээлийн хүүг гэрээнд заасан хугацаагаар тооцож болно гэж заасан, ...гэрээний хугацаа 2018.05.27-ны өдөр дууссан, гэрээний үндсэн хугацааг талууд харилцан тохиролцож үргэлжлүүлэн сунгаагүй тул зээлийн хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэх эрхгүй гэж дүгнэж, зээлийн гэрээний үүргийг гэрээгээр тохирсон 4 сарын хугацаагаар тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас заримыг хангаж шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэсэн зохицуулалтыг хэрэглээгүй байна.

 

9. Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт үндэслэл бүхий дүгнэлт хийж, өөрчлөлт оруулсан нь зөв боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2. дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэнгүй.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2.-т хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэжээ.

 

Зохигч Зээлийн гэрээнд зээлийн хүүг сарын 3.5 хувиар тооцохоор харилцан тохиролцсон бөгөөд зээлийн хүүгийн хэмжээ зээлдэгчийн эрх, ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон талаар зээлдэгч хариу тайлбар болон шүүх хуралдаанд мэтгэлцээгүй, зээлийн хүүг багасгах талаар хүсэлт гаргаагүй байхад давж заалдах шатны шүүх зохигчийн мэтгэлцээгүй үндэслэлээр дүгнэлт хийж, ...зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг багасгаж тал хувиар тооцох нь шударга ёсонд нийцнэ... гэж дүгнэсэн нь шийдвэрийг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

 

10. Гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүйгээс үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардах, хугацаанаас өмнө гэрээг цуцлах, шүүхэд нэхэмжлэл гаргах нь хууль болон гэрээгээр олгогдсон зээлдүүлэгчийн эрх бөгөөд нэхэмжлэгчийг эрхээ хэрэгжүүлээгүйд буруутгах боломжгүй.

 

Давж заалдах шатны шүүхийн ...нэхэмжлэгч нь зээлдэгч зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд өөрийн санаачилгаар гэрээ цуцлахыг, мөн учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй байсан, ...хариуцагчид зээлийг буцаан дуудах мэдэгдлийг удаа дараа өгч, энэ нь ямар нэг үр дүнд хүрэхгүй байхад гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлэлгүй, гэрээний хугацаа дууссанаас хойш 2 жил 10 сар өнгөрсний дараа нэхэмжлэл гаргасан нь зээлдэгч нарын хариуцлагын хэмжээ нэмэгдэхэд хүрсэн, мөн цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгжийн орлого буурсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг багасгах нь шударга ёсонд нийцнэ.... гэх дүгнэлт үндэслэл муутай, хуульд нийцээгүй, хэрэгт цугларсан баримтаар эргэлзээгүй нотлогдоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагад дурдсан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг багасгаж шийдвэрлэсэн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй.

 

11. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, зээлдэгч нар төлбөрийг сайн дураар төлөхгүй бол барьцааны хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

Харин зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагыг шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй болох нь тогтоогдсон тул хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангахаар давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 205/МА2021/00018 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...282 дугаар зүйлийн 282.2. дахь хэсэгт зааснаар... гэснийг ...-д зааснаар... гэж, ...19,409,880 /арван есөн сая дөрвөн зуун есөн мянга найман зуун наян/ төгрөгийг... гэснийг ...29,395,104 төгрөгийг... гэж, ...олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,985,880 /есөн сая есөн зуун наян таван мянга найман зуун наян/ төгрөгийг хасч, хэрэгсэхгүй болгосугай гэснийг ...олгосугай гэж, ...254,999... гэснийг ...304,925... гэж тус тус өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Энхтөрийн гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Энхтөрөөс 2021.08.30-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,724 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

 

ШҮҮГЧИД Л.АТАРЦЭЦЭГ

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Х.СОНИНБАЯР

 

Х.ЭРДЭНЭСУВД