Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 1775

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: “НВ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,         

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3 байрлах, НШ-т холбогдох,  

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 640 тоот тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнтогтох, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баттүшиг, нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Манай “НВ” ХХК нь 2011 оны 11 дүгээр сард “ММК” ХХК-тай авто машин зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 4 чирэгч толгой, 4 чиргүүл, худалдаж авсан. Уг гэрээтэй холбоотой маргаан үүссэн ба тус маргааныг 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1-р шүүхийн 2678/с дугаар шийдвэрээр “НВ” ХХК-аас 103,091,080 төгрөгийг гаргуулж “ММК” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрт гомдол гаргасан бөгөөд 2014 оны 8 сарын 27-ны өдрийн Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 837 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт орж, 103,091,080 төгрөгийг төлсөн тохиолдолд авто чирэгч болон чиргүүлийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг нэхэмжлэгчид даалгаж шийдвэрлэсэн.

Үүний дараа 2014 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1-р шүүхийн 2216 дугаартай гүйцэтгэх хуудсын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Гэтэл 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 640 дугаартай тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т заасан үндэслэлээр ажиллагааг дуусгавар болгосон байна. Энэ тогтоолоо манай “НВ” ХХК-д огт танилцуулаагүй нуун дарж, өнгөрүүлсэн.

Ингээд манай авто машиныг өөр этгээдэд шилжүүлж, “ММК” ХХК-ийн зүгээс манай компанитай эвлэрсэн мэтээр баримтыг бүрдүүлэн өгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Энэ тогтоолыг 2018 оны 3 сарын 01-ны өдөр мэдэж, очиж авсан. Харин манай компанийн авто машиныг, манай компанийн жолооч байсан Б.Мөнхсоёлд шилжүүлсэн тухай баримтыг 2017 оны 9 сард “ММК” ХХК-тай шүүхдэлцэх явцдаа мэдсэн ба мөнгөө буцааж авах талаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон уг тогтоолыг мэдээд холбогдох эрх бүхий байгууллагад нь удаа дараа хандсан боловч эрх ашгаа хамгаалуулж чадахгүй, тогтоол үндэслэлтэй хариуг удаа дараалан авч байна.

Энэ хууль бус тогтоолоос болж манай компани асар их алдагдалд орж, хуулийн боломж гарц бүхнээ хаалгаж хохирч байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн “ММК” ХХК-ийг хохиролгүй болгоод харин манайд ирэх ёстой авто машиныг “ММК” ХХК-тай хуйвалдан өөр этгээд буюу манай компанийн жолооч Б.Мөнхсоёлын өмчлөлд шилжүүлээд шүүхийн шийдвэрийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэлгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зарчмыг хөндөж манай компанийн эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл боллоо.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29.1.4-т заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагчтай эвлэрч гэдэг агуулгыг үндэслэсэн байх ба “ММК” ХХК болон “НВ” ХХК-ийн хооронд ямар нэг эвлэрлийн гэрээ байхгүй, харин манай компанийн жолоочоор ажиллаж байсан Б.Мөнхсоёлтой “ММК” ХХК 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр манай компанид мэдэгдэлгүйгээр хэлцэл хийж, манай компанийн өмнөөс төлбөр тооцоо дууссан мэтээр ярилцаж, манай компанийн машинуудыг Б.Мөнхсоёлын нэр рүү шилжүүлэх тухай хэлцэл хийсэн. Уг хэлцлээ үндэслэж шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүсэлт гарган шийдвэр гүйцэтгэх байгууллага илт хууль бусаар эвлэрсэн гэдэг заалтыг баримтлан тогтоол гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон асуудлыг хүчингүй болгож, манай компанийн шүүхээр хамгаалагдсан эрх ашгийг нөхөн сэргээж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2678/с дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 835 дугаар магадлалаар “НВ” ХХК-аас 103,728,485 төгрөгийг гаргуулж “ММК” ХХК-д олгож, хариуцагч “НВ” ХХК нь 103,728,485 төгрөгийг төлсөн тохиолдолд авто чирэгч болон чиргүүлийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг “ММК” ХХК-д үүрэг болгож шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч хуулийн этгээдийн захирал Н.Цэвгээ нь иргэн Б.Мөнхчулуунд 14- 65, 14-67 УНУ дугаартай тээврийн хэрэгслийг, иргэн Б.Мөнхсоёлд 14-82 УНУ, 14-62 УНУ дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшүүлж, гуравдагч этгээдээс авах авлагаар шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг барагдуулах тайлбар гаргаж байсан нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тусгагдаж, хувийн хэрэгт авагдсан байдаг.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад “НВ” ХХК-ийн өмнөөс төлөх төлбөрийг иргэн Б.Мөнхсоёл “ММК” ХХК-ийн дансанд төлж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.

Нэхэмжлэлд дурдагдсан тээврийн хэрэгслүүдийг НШар хэн нэгэн хүн рүү шилжүүлээгүй бөгөөд “НВ” ХХК-ийн захирал Н.Цэвгээ хууль бусаар “Шонхорын хүлэг” ХХК болон бусад хуулийн этгээдийн эзэмшилд шилжүүлсэн байгаа нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд дурдагдсан байна. Төлбөр авагч хуулийн этгээдээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлтийг ирүүлсэн, бид хүсэлтийн дагуу ажиллагааг дуусгавар болгосон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтууд, талуудын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “НВ” ХХК нь хариуцагч НШарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 640 тоот тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2678/с дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 24-ны өдрийн 835 дугаар магадлалаар тус тус “НВ” ХХК нь 103,091,080 төгрөгийг төлсөн тохиолдолд авто чирэгч болон чиргүүлийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг “ММК” ХХК-д үүрэг болгож шийдвэрлэсэн ба уг шийдвэрүүдэд 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 2216 тоот гүйцэтгэх хуудас бичигдэж, улмаар 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 640 тоот тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т заасан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байна.

 

Ажиллагааны явцад “НВ” ХХК нь шүүхийн шийдвэрт заасан “ММК” ХХК-ийн шууд бус эзэмшилд байсан 14-65 УНУ, 14-82 УНУ, 14-62 УНУ, 14-67 УНУ улсын дугаартай чирэгч толгой, 08-48 БЧ, 08-41 БЧ, 08-46 БЧ, 08-44 БЧ улсын дугаартай чиргүүлийн 2-ыг нь буюу 14-82 УНУ чирэгч толгой, 08-44 БЧ чиргүүл, 14-62 УНУ чирэгч толгой, 08-41 БЧ чиргүүлийг тус тус Б.Мөнхсоёлын эзэмшилд, үлдсэн 2-ыг нь буюу 14-65 УНУ чирэгч толгой, 08-48 БЧ чиргүүл, 14-67 УНУ чирэгч толгой, 08-46 БЧ чиргүүлийг тус тус Б.Мөнхчулууны шууд эзэмшилд шилжүүлсэн, улмаар тэднээс авах авлагаар “ММК” ХХК-ийн төлбөрийг төлж барагдуулах талаар төлбөр авагч, төлбөр төлөгч болон гуравдагч этгээдүүд харилцан тохиролцож байсан нь хэрэгт авагдсан бичгийн баримтууд, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүдээр тогтоогджээ.

 

Энэ дагуу гуравдагч этгээд Б.Мөнхсоёл нь төлбөр төлөгч “НВ” ХХК-ийн өмнөөс төлбөр авагч “ММК” ХХК-д төлбөрийг төлсөн, төлбөрөөс “НВ” ХХК бүрэн чөлөөлөгдсөн бөгөөд төлөх ёстой төлбөрийн дүнг харилцан тохиролцож багасган бүрэн төлүүлсэн үндэслэлээр төлбөр авагч “ММК” ХХК-аас 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлтийг НШарт гаргасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байна.

 

Чухам ямар шалтгаанаар “НВ” ХХК нь дээрх тээврийн хэрэгслийн шууд эзэмшлийг гуравдагч этгээдүүдэд шилжүүлсэн нь тодорхойгүй ч энэ маргааныг шийдвэрлэхэд дээрх үйл баримтыг нотлох нь ач холбогдолгүй тул орхив.

 

Ийнхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсны дараа буюу 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Б.Мөнхсоёлын эзэмшилд байсан 14-82 УНУ чирэгч толгой, 08-44 БЧ чиргүүл, 14-62 УНУ чирэгч толгой, 08-41 БЧ чиргүүл нь “Их аяны жолоо” ХХК-ийн эзэмшилд шилжсэн болох нь тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдсон байна.

 

Дээрх үйл баримтаас үзвэл төлбөр авагч, төлбөр төлөгч нар шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлбөр төлөгчийн өмнөөс гуравдагч этгээд төлж барагдуулах нөхцөл, төлбөр бүрэн төлөгдсөн тохиолдолд тээврийн хэрэгслийн өмчлөлийг шууд эзэмшигч гуравдагч этгээдэд хэвээр үлдээх талаар харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоолыг үндэслэлтэй гэж үзлээ.

 

Тухайн тогтоолын талаар төлбөр төлөгч, авагч нарт хуульд заасан хугацаанд мэдэгдсэн эсэх асуудал нь тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй тул шүүх энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

 

Иймд “НВ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, 29 дүгээр зүйлийн 29.1.4-т заасныг тус тус баримтлан НШрын шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 640 тоот тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн “НВ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд нь энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж гардан авах үүрэгтэй бөгөөд, хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                            

 

 

ДАРГАЛАГЧ                                    Ө.УЯНГА