Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 1980

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Уянга  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.Г -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ОТ” ХХК -д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Маралмаа, хариуцагчийн өмгөөлөгч Т.Навчаа, нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Б.Г нь 1958 онд төрсөн, 1976 онд Дархан хотод 10 дугаар ангиа төгсөөд хуучин нэрээр Зөвлөлт холбоот улсын Ленинград хотын Уул Уурхайн Дээд сургуулийг Уулын инженер-Геофизикч мэргэжлээр 1982 онд төгсөж ирснээсээ хойш геологи хайгуул, газрын тосны хайгуул болон уул уурхайн салбарт нийтдээ 37 жил ажиллаж байгаа хүн байна.

Б.Г нь 1982-1996 онуудад Эрэл Геофизикийн Цогцолбор Экспедицэд техникч, инженер-геофизикч, эхлэх инженер, 1996-2002 онд “Хэт” ХХК-д газрын тосны хайгуулын инженер, ангийн дарга, дэд захирал, 2002-2010 онд Бороогийн алтны Боловсруулах үйлдвэрт захиргааны туслах, ерөнхий мастер, 2011 оноос “ОТ” ХХК-д ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан болно.

Өөрийн хийж бүтээсэн зүйлүүдээс дурдвал 1986-1989 онуудад Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн хамт Монгол орны төвийн бүсэд агаарын геофизикийн судалгааны ажилд оролцож Эрдэнэтийн ордын ойр орчимд буй зэсийн орд, илэрцүүд байгааг тогтоож байсан, 1990-1992 онд Их эзэн Чингис хааны онгоныг хайх Монгол-Японы хамтарсан “Гурван гол” төсөлд Монголын геофизикийн судалгааны багийг ахлан оролцож байсан, 1996-2002 онуудад Монгол Улс өөрийн газрын тостой болох хөтөлбөрт оролцож, газрын тос анхлан оргилж, Ерөнхийлөгч П.Очирбатын дээлээ мялаасан цооногийн цэгийг тогтоох чичирхийллийн хэмжилтийн судалгааг хийсэн, 2003-2010 онуудад Бороогийн алтны боловсруулах үйлдвэрийн Ерөнхий мастерын ажлыг хийж байсан хүн.

2011 оны 4 дүгээр сарын 18-нд “ОТ” ХХК-ийн ажлын байрны сонгон шалгаруулалтад тэнцэж, Стандарт, Бичиг баримтын хяналтын Ахлах мэргэжилтэн гэдэг албан тушаал хашиж ажилласан.

Б.Г нь улсад ажилласан 37 жилийн хугацаандаа хөдөлмөрийн сахилгын зөрчил нэг ч удаа гаргаагүй, ийм арга хэмжээ нэг ч удаа авагдаж байгаагүй. Харин ч түүний ажиллаж байсан газрууд ажил хөдөлмөрийг нь үнэлж Уул Уурхай Үйлдвэр, Геологийн Яамны Хүндэт Жуух бичиг, Алтан гадас одонгоор, Ардчиллын одонгоор тус тус шагнаж байсан. Улсад биеийн хүчин үнэлсэн энэ 37 жилийн хугацаанд залуу үеийг мэдлэг, мэргэжилтэй болгох, ажил мэргэжилдээ гаршиж, зааж сургахад байнга анхаарч ирсэн бөгөөд олон шавь өнөөдөр уул уурхайн салбарт амжилттай ажиллаж байгаа болно.

Гэтэл 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр ажлаа хийгээд сууж байтал Хүний Нөөцийн Хэлтсээс дуудсан. Б.Гыг ороход “Та төрөл садныхаа хүнтэй хамт ажиллаж байгаа тухайгаа компанид мэдэгдээгүй зөрчил гаргасан тул өнөөдрөөр тасалбар болгон ажлаас чинь халлаа” гэж хэлээд халсан тушаалыг танилцуулсан. Түүнд урьдчилан мэдэгдэлгүйгээр ажлаас гэнэт халсан ийм тушаал аваад маш их цочирдож, сэтгэл санааны хүнд байдалд орсон.

Ажлаас халах болсон шалтгааныг Гүйцэтгэх Захирлын 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн HR 3012 тоот тушаалд “шууд удирдлага дор ажилладаг садан төрлийн холбоотой ажилтны ажлын гүйцэтгэлийн үнэлгээг хийж, цалингийн өөрчлөлтөд нөлөөлөх боломжтой талаарх ашиг сонирхлын зөрчлөө мэдүүлээгүй хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан” гэж дурьдсан байсан.

Энэ тушаалд заасан ажлаас халах зөрчлийг Б.Г гаргаагүй гэж үзэж байгаа. Энд дурдагдсан садан төрлийн холбоотой ажилтан нь Б.Гын эхнэр Баастын Чулуун гэдэг хүний төрсөн дүү Баастын Хатанбаатарын эхнэр, Б.Гын багт Автоматик, Нарийн хэмжүүрийн тоноглолын мэдээллийн хяналтын ажилтны албыг хашдаг Чулуунбаатарын Оюундэлгэр гэдэг хүн болно. Өөрөөр хэлбэл, Ч.Оюундэлгэр, Б.Г хоёр нэг айлын хүргэн, бэр хоёр юм.

Ч.Оюундэлгэр анх 2012 онд “ОТ” ХХК-д тухайн үед зарлагдсан ажлын байрны зарын дагуу өргөдөл өгч ажилд орж Б.Гын багт ажиллах болсон юм. Ч.Оюундэлгэрийг анхлан ажилд авах ярилцлагыг “ОТ” ХХК-ийн Хүний нөөцийн ажилтнууд болон Австралийн мэргэжилтэн Алан Рэй, мөн Кент Лихти гэдэг хүмүүс явуулсан бөгөөд Б.Гын зүгээс тэдний гаргах шийдвэрт нөлөөлөх ямар ч боломж байгаагүй буюу Ч.Оюундэлгэрийг ажилд аваагүй.

Үүний дараа таньдаг хуульчдаа хандаж нэг айлын хүргэн, бэр хоёр хуулиар садан төрлийн холбоотой эсэхийг лавлаад садан, төрлийн хамаатан улс гэж тооцогдохгүй гэсэн хариу авснаасаа хойш “ОТ” компанийн Ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлэгт “Надад “ОТ” компанид ажилладаг ах, дүү, хамаатан садан байхгүй” гэж мэдүүлсээр ирсэн. Б.Г нь Ч.Оюундэлгэрт хууль журам зөрчиж ямар нэгэн илүү таатай нөхцөл боломж, давуу байдал зориудаар олгож байсан зүйл огт байхгүй, компанийн дүрэм, журамд заасан дагуу ажил төрлийн харьцаатай байсан.

“ОТ” ХХК-ийн ажилтнууд өндөр мэдлэгтэй, туршлагатай улс байдаг хирнээ Ч.Оюундэлгэр, Б.Г хоёрыг садан, төрөлд хамаарахгүй гэдгийг сайн судалж үзэлгүйгээр үндэслэлгүй шалтгаанаар ажлаас халсанд гомдолтой байна.

Б.Г “ОТ” ХХК-д ажиллаж байсан хугацаандаа аливаа сахилгын шийтгэл авч байгаагүй бөгөөд өөрийн ажилдаа дуртай, цаашид ч ажиллана, бүтээнэ гэсэн бодолтой явсан болохоос ийм зөрчил гаргасан нэр авч ингэж ажлаасаа хөөгдөнө гэсэн бодол толгойд хэзээ ч орж байсангүй.

Б.Г нь ардаа 5-17 насны 3 хүүхэд, ажилгүй эхнэрээ тэжээдэг, цаашид 5 жил төлөх байрны зээлтэй хүн. Үнэн цагаан сэтгэлээр ажиллаж явсан хүнийг нэг агшинд цалин мөнгөгүй, амьжиргааны эх үүсвэргүй болгож, банкны зээлээ төлөх боломжгүй, амьдарч байгаа байраа банканд хураалгаж хүүхдүүдээ дагуулаад орох оронгүй болж, гудамжинд гарах болох дээрээ тулаад байгаад маш их гомдолтой байна.

Иймд “ОТ” ХХК-ийн Барилга, Инженерийн Хэлтсийн Стандарт, Баримтын Хяналт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 75,549,524 төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Г нь өөрийн шууд удирдлага дор ажилладаг садан төрлийн холбоотой ажилтны ажлын гүйцэтгэлийн үнэлгээг хийх, цалингийн өөрчлөлтөд нөлөөлөх боломжтой талаарх ашиг сонирхлын зөрчлөө мэдүүлээгүй хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлийг гаргасан.

Байгууллагын бизнесийн ёс зүйн стандартад садан төрлийн холбоотой хүнд хадмын тал хамаарах талаар тодорхой тусгасан байхад энэ журамтай танилцаж, мэдэж байсан Б.Г нь садан төрлийн холбоотой Ч.Оюундэлгэрийн цалингийн өөрчлөлтөд нөлөөлөх боломжтой ажлын гүйцэтгэлийн үнэлгээг хийхдээ ашиг сонирхлын зөрчлөө мэдүүлээгүй байдаг. Үүнийг компани 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн ярилцлагын үр дүнгээр мэдсэн учир хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр Б.Гтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар цуцалсан.

Гэр бүлийн тухай хуульд заасан төрлийн хүн, садангийн хүн гэх ойлголт нь энэ хөдөлмөрийн маргаанд хамаарахгүй. Ажил олгогч компани хуулийн хүрээнд дотооддоо мөрдөх дүрэм, журам, стандарт боловсруулж мөрдүүлэх нь хууль зөрчихгүй бөгөөд Бизнесийн ёс зүйн стандартад заасан “садан төрлийн холбоотой хүн” гэх ойлголтод хэн хэн хамаарах талаар ойлгохгүй байсан бол нэхэмжлэгч нь хуульчаас биш харин “ОТ” ХХК-ийн хууль, дүрмийн хэрэгжилтийн багаас тодруулаад явах боломж нь бүрэн байсан. Энэ талаар 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр бүх ажилтнуудад санхүү хариуцсан захирал Жеффри Махонигоос илгээсэн “Ашиг сонирхлын зөрчлөө мэдүүлэх шинэ цахим маягтын тухай” и-мэйлдээ тусгасан байсан.

Манай компанийн зүгээс садан төрлийн холбоотой хүмүүс нэг газар ажиллаж болохгүй гэж огт хориглоогүй, гагцхүү ашиг сонирхлын зөрчил үүссэн, эсхүл үүсэж болзошгүй тохиолдолд урьдчилаад энэ тухайгаа мэдэгдэхийг л хүссэн.

Иймд Б.Гын гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүх тэдгээрийн хүсэлтээр бүрдүүлсэн, бэхжүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч “ОТ” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 75,549,524 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулахаар маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Б.Г 2011 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр “ОТ” ХХК-ийн захирлын 130/11 тоот тушаалаар Стандарт, барилгын хяналт хариуцсан ахлах мэргэжилтнээр ажилд орж ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн HR3012 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8б, 10 дугаар зүйлийн 10.2.1.ж, “Бидний ажлын арга барил”-ын Ашиг сонирхлын зөрчил хэсгийн 2 дахь заалт болон “Бизнесийн ёс зүйн стандарт”-ын 5 дугаар зүйлийн 5.1, 5.4 дэх заалтын дагуу хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанаар 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс ажлаасаа чөлөөлөгджээ.

 

Ажил олгогч болох “ОТ” ХХК нь ажилтан Б.Гыг өөрийн шууд удирдлага дор ажилладаг садан төрлийн холбоотой ажилтны ажлын гүйцэтгэлийн үнэлгээг хийж, цалингийн өөрчлөлтөд нөлөөлөх боломжтой талаарх ашиг сонирхлын зөрчлөө мэдүүлээгүй хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн байна.

 

Энэ тушаалыг эс зөвшөөрсөн гомдлоо нэхэмжлэгч 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор шүүхэд гаргасан байх тул шүүх гомдлын үндэслэлийг хянан хэлэлцэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан ... хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах, Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8б-д “ажилтан компанийн хууль ёсны аливаа заавар, тушаал, шийдвэр, бодлого, журам, дүрмийг баримтлан ажиллах, дагаж мөрдөх үүрэгтэй”, 10 дугаар зүйлийн 10.2.1.ж-д “...ажилтны хувийн ашиг сонирхол нь ажил олгогчийн ашиг сонирхолд ямар нэг байдлаар харшлах, тэрчлэн шууд буюу шууд бусаар ажил олгогчийн ашиг сонирхолд үл нийцсэн, өөрийн болон гуравдагч этгээдийн тусын тулд үйлчлэх үйлдэл, эс үйлдэл хийхийг хатуу хориглоно. Ажилтан ашиг сонирхлын зөрчил үүсэх, үүсэх магадлалтай тохиолдолд энэ тухай ашиг сонирхлын зөрчил байхгүй ажил олгогчийн төлөөлөгч, удирдлагад мэдэгдэх, тодорхой шийдвэр гаргах, үйлдэл хийх, үйл ажиллагаа явуулахдаа ажил олгогчийн зөвшөөрлийг авах үүрэгтэй...”, “Бидний ажлын арга барил”-ын Ашиг сонирхлын зөрчил хэсгийн 2 дахь заалт “Бид ашиг сонирхлын бодит болон болзошгүй зөрчлийг урьдчилан мэдүүлдэг. Зөрчлөөс зайлсхийх боломжгүй үед бусадтайгаа зөвлөлдсөний үндсэн дээр ил тод, зохистой хэлбэрээр зохицуулна” гэж тус тус заажээ.

 

Мөн “ОТ” ХХК-ийн Бизнесийн ёс зүйн стандартын нэр томьёоны тайлбарт садан төрлийн холбоотой хүн гэдэгт “...гэрлэлтийн үр дүнд ах, эгч дүүсийн холбоо үүссэн хүмүүс буюу хадмын тал хамаарна...” гэж томьёолсон бөгөөд уг стандартын 5.1-д ашиг сонирхлын зөрчил гэж юу болох, “садан төрлийн холбоотой хүний ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, цалингийн өөрчлөлтөд нөлөөлөх боломжтой” бол бусад хувийн харилцаа холбоонд ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж үзэхээр заасан, 5.4 дэх заалтаар “Бодит эсхүл болзошгүй ашиг сонирхлын зөрчил байгаа талаар мэдсэн даруйдаа холбогдох бүх дэлгэрэнгүй мэдээллийг “ОТ” ХХК-д байгаа ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлгийг урьдчилан батлах маягтыг ашиглан мэдүүлэх нь чухал ач холбогдолтой” байхаар тусгажээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд болон талуудын тайлбараар Б.Г нь өөрийн шууд удирдлагад ажилладаг Өгөгдөл мэдээллийн чанарын хяналтын ажилтан Ч.Оюундэлгэрийн 2016, 2017, 2018 оны ажлын гүйцэтгэлийн үнэлгээг хийсэн, гүйцэтгэлийг маш сайн буюу 100%-аар үнэлсний улмаас Ч.Оюундэлгэрийн цалин хөлс 2017 онд 3,4%-аар нэмэгдэж 2,610 ам.долларын урамшуулал, 2018 онд 0,99%-аар нэмэгдэж 732 ам.долларын урамшуулал, 2019 онд 1,9%-аар нэмэгдэж 2,514 ам.долларын урамшуулал тус тус авсан үйл баримт тогтоогдож байна.

 

Ч.Оюундэлгэр нь Б.Гын эхнэр Б.Чулууны төрсөн дүү Б.Хатанбаатарын эхнэр буюу тэд төрсөн эгч, дүү хоёртой гэр бүл болсон, нэг айлын хүргэн, бэрүүд болох нь нотлогдсон бөгөөд Ч.Оюундэлгэрийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг хийхдээ нэхэмжлэгч ашиг сонирхлын зөрчлийн талаар мэдүүлээгүй үйл баримтад талууд маргаагүй.

 

Энэ үйл баримтын талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...нэг айлын хүргэн бэрүүд нь Гэр бүлийн тухай хуульд заасан гэр бүлийн гишүүд, төрлийн хүн, садангийн хүн гэх ойлголтод хамаарахгүй тул ашиг сонирхлын зөрчлийн талаар мэдүүлэх үүрэггүй байсан, стандартын заалт хууль зөрчсөн” гэж тайлбарласан бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар “...Б.Гын хувьд Ч.Оюундэлгэр нь хадмын талын хүн учир Бизнесийн ёс зүйн стандартын ашиг сонирхлын зөрчил үүсэх бусад хувийн харилцаа холбоонд хамаарах тул ашиг сонирхлын зөрчлийн талаар мэдүүлэх үүрэгтэй байсан” гэж тус тус тайлбарлан мэтгэлцсэн байна.

 

Талуудын хооронд үүссэн энэ маргааныг шийдвэрлэхэд Б.Г, Ч.Оюундэлгэр нарыг садан төрлийн холбоотой гэж үзэх эсэх асуудал чухал ач холбогдолтой байна.

 

“ОТ” ХХК нь үйл ажиллагаа явуулахдаа ёс зүйтэй ажиллах үүргийн хүрээнд бүх хэлбэрийн хээл хахууль, авилгыг хориглох, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх, түүнийг мэдүүлэх, зохицуулах, бүх хэлбэрийн залиланг хориглох тухай бизнесийн ёс зүйн үүрэг амлалтыг биелүүлэх зорилгоор Бизнесийн ёс зүйн стандартыг батлан гаргаж, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдсөн байна.

 

Уг Стандартын нэр томьёоны тайлбар хэсэгт садан төрлийн холбоотой хүн гэдэг ойлголтод Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4, 3.1.5, 3.1.6-д зааснаас гадна хадмын талын хүнийг мөн хамаатуулахаар илүү өргөжүүлсэн утгаар тайлбарлан оруулсан байна.

 

Бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа ажил олгогчийн хувьд хөдөлмөрийн дотоод харилцаандаа хуулиар тодорхойлсон нэр томъёог дээрх байдлаар илүү өргөжүүлж, өөрийн онцлогт тохируулан хэрэглэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 130 дугаар зүйлийн 130.2 дахь зохицуулалтыг зөрчөөгүй, ажилтны хуулиар хамгаалагдсан эрхийг хөндөөгүй тул уг стандартын холбогдох заалтыг хуульд нийцээгүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзлээ.

 

Харин ажил олгогч нь өргөжүүлэн тайлбарласан нэр томъёо бүхий дээрх стандартын талаар нийт ажилчиддаа танилцуулж, тайлбарлан өгсөн байх нь зайлшгүй шаардлага бөгөөд тайлбарлан, танилцуулсан тохиолдолд “ОТ” ХХК нь тухайн стандартыг дагаж мөрдөхийг нэхэмжлэгчээс шаардах эрхтэй.

 

Манай тохиолдолд “ОТ” ХХК нь Бизнесийн ёс зүйн стандарт болон уг стандартын дагуу ашиг сонирхлын зөрчлөө мэдүүлэх шинэ цахим маягтын тухай 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр и-мэйлээр Б.Гт танилцуулсан, тэрээр стандартын талаар мэдэж байсан үйл баримтдаа маргаагүй тул Б.Г стандартын заалтыг биелүүлэх үүрэгтэй гэж үзлээ.

 

Б.Гын эхнэр Б.Чулууны төрсөн дүү болох Б.Хатанбаатартай 2008 онд гэр бүл болж, түүнээс хойш нэг дор хамт амьдарч байгаа Ч.Оюундэлгэр нь хөндлөнгийн “ОТ” ХХК-ийн хувьд Б.Гын хадмын талын хүн[1] гэх ойлголтод хамаарах тул Б.Г Бизнесийн ёс зүйн дүрмийн 5.1-ийн бусад хувийн харилцаанд холбоо хэсэгт заасан ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ тухайгаа ажил олгогчид мэдүүлэх үүрэгтэй.

 

Гэвч тэрээр ийнхүү мэдүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй тул Хөдөлмөрийн гэрээний 10.2.1.ж-д заасан хөдөлмөрийн харилцааг шууд цуцлах сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзнэ.

 

Б.Г нь ашиг сонирхлын зөрчлийг мэдүүлэх үүргээ хэрэгжүүлэлгүй 3 жилийн хугацаанд Ч.Оюундэлгэрийн ажлын гүйцэтгэлд үнэлгээ хийж явсан, түүний үргэлжилсэн энэ зөрчлийг 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр илрүүлсэн  ажил олгогч 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр сахилгын ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасныг зөрчөөгүй байна.

 

Иймд шүүх хариуцагч “ОТ” ХХК-ийн компанийн гүйцэтгэх захирлын 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн HR3012 тоот тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т нийцсэн гэж үзэж, нэхэмжлэгч Б.Гын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан “ОТ” ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 75,549,524 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлэх тухай Б.Гын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчийн гаргасан энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж гардан авах үүрэгтэй бөгөөд эс зөвшөөрвөл заасан хугацааны дотор гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Ө.УЯНГА

 

 

 

 

 


[1] Хадам талын мах цусны холбоотой биш хүмүүсийг “хадам харь” гэж нэрлэдэг., Монгол хэлний их тайлбар толь