Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/01468

 

  

Т.Оюунтүлхүүрийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 149 дүгээр шийдвэр,

 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 36 дугаар магадлалтай,

 

Т.Оюунтүлхүүрийн нэхэмжлэлтэй,

У.Энхтуяад холбогдох,

 

Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд 29,483,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч У.Энхтуяагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: У.Энхтуяа над руу залгаад 2019.06.20-ны өдөр ажил дээр орж ирээд ...бараа татах гэсэн юм мөнгөний хэрэг боллоо 3,000,000 төгрөг зээлээч, Хаан банкнаас 80,000,0000 төгрөгийн зээл хөөцөлдөж байгаа... гэж хэлэхээр нь 3,000,000 төгрөгийг 15 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлүүлсэн. Дараа нь 2019.07.03 өдөр нэмээд 17,000,000 төгрөг зээлээч банкны зээл бүтэхээр хамтад нь өгье гэхээр нь өмнө нь мөнгө зээлсэн учир нэмэлт гэрээ гэж бичээд өмнөхтэй ижил нөхцөлтэй зээлдүүлсэн. У.Энхтуяагаас энэ хугацаанд 700,000 төгрөг буцааж авсан. Авсан зээлээ буцааж төлөхгүй байгаа учир одоо үндсэн зээл, түүний хүү, алданги гээд нийт 29,453,500 төгрөг нэхэмжилж байгаа гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: У.Энхтуяа Т.Оюунтүлхүүрээс 20,000,000 төгрөг зээлж авсан асуудал яригдаад байна. Эхлээд 3,000,000 төгрөг авахдаа гэрээ байгуулсан. Дараа нь 17,000,000 төгрөг авахдаа зээлийн гэрээг байгуулаагүй. Нэмэлт гэрээ гэх зүйл байгаа боловч түүнийг зээлийн гэрээ гэж үзэхгүй байна. У.Энхтуяаг хоосон цаасан дээр гарын үсэг зуруулсан. У.Энхтуяагийн виза картыг Т.Оюунтүлхүүр авсан гээд байдаг. Голомт банкны АТМ-аас У.Энхтуяагийн виза картаас Т.Оюунтүлхүүр нийт 3,600,000 төгрөг авсан байдаг. Тэгэхээр 3,600,000 төгрөг төлөгдсөн. Хариуцагч хүү алданги төлөхийг зөвшөөрөхгүй. Үлдэгдэл 16,400,000 төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 149 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч У.Энхтуяагаас 29,453,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Оюунтүлхүүрт олгож, 30,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000941 тоот дансанд урьдчилан төлсөн 305,369 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Энхтуяагаас 305,217 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Оюунтүлхүүрт олгож шийдвэрлэжээ.

 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 36 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 149 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын ...29,453,500 төгрөг гаргуулан... гэснийг ...26,716,500 төгрөг гаргуулан... гэж, ...30,300 төгрөг гаргуулах тухай... гэснийг ...2,706,700 төгрөг гаргуулах тухай... гэж, ТОГТООХ хэсгийн 2 дах заалтын ...хариуцагч У.Энхтуяагаас 305,217 төгрөг... гэснийг ...хариуцагч У.Энхтуяагаас 291,532 төгрөг... гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар У.Энхтуяагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305,217 төгрөгийг төрийн сангийн орлогоос захирамжаар гаргаж, буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч У.Энхтуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн 2020.01.30-ны өдрийн 149 тоот шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2020.03.23-ны өдрийн 36 тоот магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Иргэн У.Энхтуяа би Т.Оюунтүлхүүрээс нийт 20,000,000 төгрөгийг, 3,000,000 төгрөг, 17,000,000 төгрөгөөр амаар тохиролцож, албан ёсоор зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй авсан юм. Гэтэл 2019 оны 09 сарын үед Т.Оюунтүлхүүр нь нөхрийн хамт манай гэрийн гадаа ирж, намайг дуудан, дарамталсаар байгаад хоосон цаасан дээр гарын үсэг зуруулсан. Мөн миний Голомт банкны виза картыг булааж аваад одоог хүртэл өгөөгүй бөгөөд Голомт банкны АТМ-аас цувуулж нийт 3,600,000 төгрөг авсан байдаг. Зээлийн гэрээ гэх бичвэрийг хэн бичсэн болон виза картаар АТМ-аас Т.Оюунтүлхүүр нь хэдэн удаа мөнгө авсан талаарх камерын бичлэгийг гаргуулан хэрэгт нотлох баримтаар хавсаргах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч шүүх энэ хүсэлтийг хүлээж авалгүй, хэтэрхий нэг талыг барьж, хуулийг буруу хэрэглэн намайг илтэд хохироосонд туйлын гомдолтой байна. Одоо зээлийн гэрээний болон ББСБ-ын зээлийн гэрээ олгох дундаж хүү 1.2-3%-ийн хооронд хэлбэлзэж байхад давж заалдах шатны шүүх 8%-иар тооцож бодсон нь амьдралаас зөрсөн хууль ёс бус шийдвэр болжээ. Т.Оюунтүлхүүр нь бусдад өндөр хүүтэй мөнгө зээлүүлж, мөнгө хүүлэх үйл ажиллагаа явуулдаг бөгөөд татварын албанд энэ талаар бүртгэлгүй, олсон ашгаасаа татвар төлдөггүй нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа болно. Би одоо Т.Оюунтлхүүрт бэлнээр өгсөн 700,000 төгрөг болон АТМ-ас цувуулж авсан мөнгийг нь хасаад 15,700,000 төгрөг төлөх нь үнэнд нийцнэ гэж үзэж байна. Иймд хэргийг бүхэлд нь хянан үзэж, нотлох баримт гаргаж өгөх эрхийг хангуулах буюу эсвэл хэргийг материалыг үндэслэн үнэн зөв шийдвэр гаргаж өгнө гэж итгэн энэхүү гомдлыг гаргаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Т.Оюунтүлхүүр нь У.Энхтуяад холбогдуулан Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд 29,483,800 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

Анхан шатны шүүх хариуцагчаас 29,453,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30,300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 26,716,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

1.   Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1., 282.3.-т зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлсэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, зээлийг гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, хүү тогтоосон бол гэрээг бичгээр хийнэ.

 

Түүнчлэн анз нь үүргийн гүйцэтгэлийг хангах нэг арга бөгөөд алданги нь анзын нэг төрөл, хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.1., 232 дугаар зүйлийн 232.3.-т тус тус зохицуулжээ.

 

2.   Хэрэгт 2019.06.20-ны өдрийн Зээлийн гэрээ авагдсан байх бөгөөд тус гэрээгээр Т.Оюунтүлхүүр нь 3,000,000 төгрөгийг сарын 15%-ийн хүүтэй, 2 сарын хугацаатай У.Энхтуяад зээлдүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хүүгийн хамт зээлийг хугацаанд нь буцаан төлөх, хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5%-ийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон, 2019.07.03-ны өдөр гэрээнд нэмэлт, сунгалт хийж, 17,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай 15%-ийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцсон, гэрээ болон гэрээний нэмэлт сунгалтад талууд гарын үсгээ зурж, хүсэл зоригоо илэрхийлжээ.

 

Зээлдэгч зээл авсан талаар маргаагүй, гагцхүү зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, хүү, алданги төлнө гэж тохиролцоогүй, хоосон цаасан дээр гарын үсэг зуруулсан гэж маргажээ.

 

Гэрээний дагуу зээлдүүлэгч Т.Оюунтүлхүүр нийт 20,000,000 төгрөгийг зээлдэгч У.Энхтуяагийн Хаан банкинд эзэмшдэг дансанд шилжүүлсэн, хариуцагч 700,000 төгрөг төлсөн үйл баримт нотлогдсон байна.

 

3.   Зохигчийн хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2019.06.20-ны өдрийн зээлийн гэрээг баримтаар үгүйсгээгүй үндэслэлээр зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан, хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2., 281 дүгээр зүйлийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.2., 232 дугаар үйлийн 232.6. дахь заалтад нийцжээ.

 

Хариуцагч нь зээлийн төлбөрт 700,000 төгрөгийг төлсөн, нэхэмжлэгч нь түүний виза картаар АТМ-аас нийт 2,900,000 төгрөгийг цувуулж авсан тул үлдэгдэл 16,400,000 төгрөгийг төлнө, хүү алданги төлөхгүй гэж маргасан боловч анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтад тулгуурлан хариуцагчаас үндсэн зээл, гэрээгээр тохирсон хүү, алдангийг тооцож нийт 29,453,500 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэхдээ нотлох баримт үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь заалтыг зөрчөөгүй байна.

 

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянахдаа зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээнд хүүгийн хэмжээг сарын 15 хувиар тооцохоор тохиролцсон нь банк, банк бус санхүүгийн байгууллага, барьцаалан зээлдэх журмаар зээл олгодог газраас хэт өндөр байна, энэ нь зээлдэгчийн хууль ёсны ашиг сонирхолд хохиролтойгоор тогтоогдсон гэж үзэн зээлийн хүүг багасгаж, зээлийг сарын 8 хувиар тооцож, хариуцагчаас гаргуулах төлбөрийг 26,716,500 төгрөгөөр тогтоосон нь хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэсэн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2. дахь заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

 

4.   Хариуцагч У.Энхтуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо ...зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, амаар тохиролцсон, ...хоосон цаасан дээр гарын үсэг зуруулсан, ...зээлийн гэрээний бичвэрийг хэн бичсэн, Т.Оюунтүлхүүр нь АТМ-аас хэдэн удаа мөнгө авсан талаар нотлох баримт гаргуулан хэрэгт хавсаргуулахаар хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээж аваагүй, хэт нэг талыг барьж, хуулийг буруу хэрэглэн намайг хохироосонд гомдолтой байна. ...одоо ББСБ-ын олгож буй зээлийн дундаж хүү 1.2-3%-тай байхад давж заалдах шатны шүүх зээлийн хүүг 8%-иар тооцсон нь амьдралаас зөрсөн, хууль бус шийдвэр болсон, ...Т.Оюунтүлхүүр нь бусдад өндөр хүүтэй мөнгө зээлдүүлж, мөнгө хүүлэх үйл ажиллагаа явуулдаг болох нь тогтоогдож байгаа бөгөөд би 15,700,000 төгрөгийг төлөх үндэслэлтэй тул үнэн зөв шийдвэр гаргаж өгнө үү... гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэр анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана.

 

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбар татгалзлаа баримтаар нотлоогүй, шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3.-т нийцсэн.

 

Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг зохигч өөрөө олж авах боломжгүй тохиолдолд шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримтыг бүрдүүлнэ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2019.06.20-ны өдрийн зээлийн гэрээ болон гэрээний нэмэлт, сунгалтад зурагдсан өөрийн гарын үсэгний талаар маргаагүй тул гэрээний бичвэрийг хэн бичсэнийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт, мөн өөрийн дансны мэдээллийг холбогдох банкнаас гаргуулан авч шүүхэд өөрөө гаргаж өгөх боломжтой бөгөөд АТМ-аас мөнгө авсан талаарх бичлэг гаргуулах хүсэлт зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай болохоо нотлоогүй үндэслэлээр шүүх шинжээч томилуулах, холбогдох банкнаас нотлох баримтыг гаргуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6., 105 дугаар зүйлийн 105.1. дэх заалтыг зөрчсөн гэж үзэхгүй.

 

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь заалтад нийцсэн байх тул дээр дурдсан үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 36 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч У.Энхтуяагийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч М.Энхтуяагаас 2020.04.17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 292,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

П.ЗОЛЗАЯА

 

Х.ЭРДЭНЭСУВД