Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 453

 

 

 

 

 

 

   2019 оны 02 сарын 20 өдөр

      Дугаар 181/ШШ2019/00453

            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: И Н Е Г-ын нэхэмжлэлтэй, 

         Хариуцагч: “У Ө ” ХХК -д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүнгийн 30 хувь болох 14 850 000 төгрөг, 820 хоногийн алданги 6 088 500 төгрөг, нийт 20 938 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 09 сарын 20-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснийг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго, хариуцагчийн төлөөлөгч М.Батням, нарийн бичгийн даргаар Г.Сэлэнгэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч болон түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: И Н Е Г  нь 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр “У Ө ” ХХК-тай харилцан тохиролцож “Нисэх хүчин үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан фото зэргийн альбом нийлүүлэх” ИНЕГ/УЗ/ТББ/Б-15/15 дугаар гэрээ байгуулсан байдаг. Гэрээнд нийт 2500 ширхэг фото зургийн альбомыг нэг бүрийн үнэ 19 800 төгрөгөөр, гэрээний нийт үнэ 49 500 000 төгрөгөөр нийлүүлэхээр тусгасан байна. Гэрээ ёсоор уг ажил нь 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр эхэлж мөн оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн дотор нийлүүлж хүлээлгэн өгөхөөр байсан байна.

Захиалагч буюу И Н Е Г  нь дээрх гэрээний тусгай нөхцөлийн 4.7.1.1 дэх заалтын дагуу гэрээгээр гүйцэтгэх ажлын урьдчилгаа төлбөр болох гэрээний нийт үнийн дүнгийн 30 хувь буюу 14 850 000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн байдаг.

Гэтэл нийлүүлэгч буюу “У Ө ” ХХК нь өнөөдрийг хүртэл буюу 2018 оны 2 сарын 15-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаанд нэг ч ширхэг фото зургийн альбом ирүүлээгүй, хүлээлгэж өгөөгүй байна.

Иймд 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн гэрээний нийт үнийн дүнгийн 30 хувь болох 14 850 000 төгрөг, 1 хоногийн алданги 0.05 хувиар тооцоход 7425 төгрөг, 820 хоногийн алданги 6 088 500 төгрөг, нийт 20 938 500 төгрөгийг “У Ө ” ХХК-иас гаргуулж байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч “У Ө ” ХХК-ийн захирал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэний нисэхийн ерөнхий газраас 2015 онд зарлагдсан Нисэх хүчин үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан фото зургийн альбом хэвлэн нийлүүлэх тендэрт хуульд заасан журмын дагуу төлбөр төлөн, тендерийн материалыг худалдан авч бүрдүүлэх шаардлагатай баримтуудыг бэлдэн өгч оролцсон. ИНЕГ-аас манай компанийг сонгон шалгаруулж, хоёр тал ажлын хэсэг байгуулсан. Тус байгууллагаас гаргасан 01/540 тоот нэхэмжлэлээс үүдэн шүүхэд дуудагдаж байгаад харамсалтай байна.

Төрийн байгууллагын халаа сэлгээнээс болж хувийн байгууллага хохирч байгаад гомдолтой байна. ИНЕГ-ын удирдлага солигдсоноор бидний хоёр талын 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ИНЕГ/УЗ/ТББ/Б-15/15 дугаартай ажил гүйцэтгэх гэрээт ажил гацаж, одоо манай компаниас урьдчилгаа төлбөр болон алдангийг нэхэмжилж байгааг бид зөвшөөрөхгүй байна.

Тус ажил гүйцэтгэх гэрээнд зааснаар урьдчилгаа төлбөр болох 14 850 000 төгрөг 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр шилжиж орсноор манай компани эх бэлтгэл, дизайны ажлаа эхлүүлсэн. Эх бэлтгэл, дизайны ажилд цаг хугацаа их ордог учир ИНЕГ-ын ажлын хэсгээс манай компанийн ажлын хэсэгт тухайн гүйцэтгэх ажилд шаардагдах фото зургууд болон материалуудыг хүлээлгэн өгөөгүй. Бид ажлын явцад хэрхэн ажиллах төлөвлөгөөг гарган хүргүүлсэн бөгөөд тухайн үед өөрсдийн нөөц бололцоогоор уг ажилд оруулж болохуйц зургуудийг олж, эх бэлтгэл дизайны ажлаа эхлүүлсэн. ИНЕГ-аас томилогдсон ажлын хэсэг холбогдох материалыг манай талд хүлээлгэн өгөөгүй буруугаас, шинээр томилогдсон дарга нь өмнөх даргынхаа байгуулсан гэрээг үргэлжлүүлээгүй буруугаас үүдэн энэ гэрээт ажид зогссон юм. Иймд манай байгууллага уг нэхэмжлэлийг нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь:

1. Нэхэмжлэлийн гэрээний төлбөр төлөх шаардлагад: Иргэний хуулийн 223.2-т “Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ”. Энэ нь гэрчүүд болох тухайн үеийн ИНЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Эрдэнэбилэгийн мэдүүлгээс, мөн манай компанийн талаас гэрээний ажлын хэсгийг ахалж байсан М.Нарангэрэл нарын мэдүүлгээс 223.2-т заасанчлан үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

224.2-т зааснаар “Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран түүнд дараах үүрэг, үр дагавар үүснэ” Үүнд: 224.2.3-т “Мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах” гэж заасны дагуу ИНЕГ-ын нэхэмжилсэн гэрээний үнийн дүнгийн 30 хувь болох 14 850 000 төгрөг, 820 хоногийн алданги болох 6 088 500 төгрөг, нийт 20 938 500 төгрөгийн төлбөрийг манай талаас зөвшөөрөхгүй.

2. Хохирол барагдуулах шаардлагад: Иргэний хуулийн 222.2-т “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй”,

223.2.-т “Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.” 224.1-т “Энэ хуулийн 223 дугаар зүйлд зааснаар хугацаа хэтрүүлсэн гэм буруутай зэрэг гүйцэтгүүлэгч ийнхүү хугацаа хэтрүүлснээс үүрэг гүйцэтгэгчид учруулсан хохирлыг арилгах үүрэгтэй.” 225.4-т “Дараах тохиолдолд талууд гэрээнээс татгалзаж болохгүй. 225.4.3-т “үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн явдалд бүхэлд нь буюу ихэнх хэсэгт нь үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай”, 227.1-т “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасны дагуу манай талаас уг гэрээний хугацааг дуусгаагүй хэмээн үзэж уг гэрээт ажлыг үлдсэн санхүүжилт болон тус ажилд шаардлагатай материалуудыг бүрэн гүйцэд Иргэний нисэхийн ерөнхий газраас авсны дараа ажлыг гүйцэтгэхэд бэлэн байна гэв. 

Шүүх, зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч И Н Е Г  нь хариуцагч “У Ө ” ХХК-д холбогдуулан, 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр зохигч талуудын хооронд байгуулагдсан ИНЕГ/УЗ/ТББ/Б-15/15 дугаартай “Нисэх хүчин үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан фото зургийн альбом нийлүүлэх ажлын гэрээ”-ний үнийн дүнгийн 30 хувийн урьдчилгаанд төлсөн 14 850 000 төгрөг, 820 хоногийн алданги 6 088 500 төгрөг, нийт 20 938 500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасныг хариуцагч төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

Шүүх, хэргийг хянан хэлэлцэхэд доорх үйл баримт тогтоогдож байна.

2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ИНЕГ/УЗ/ТББ/Б-15/15 дугаартай “Нисэх хүчин үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан фото зургийн альбом нийлүүлэх ажлын гэрээ”-гээр “У Ө ” ХХК нь Иргэний нисэхийн ерөнхий газрын захиалгын дагуу нийлүүлэгч нь 2500 ширхэг зургийн альбомыг 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн дотор нийлүүлж хүлээлгэн өгөх, захиалагч И Н Е Г  нь гэрээний үнэд 49 500 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 13-16 дугаар тал/.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг дагаж мөрдөхөөр хуулийн 3.1, 4.1.1, 7.1-д заасны дагуу тендер шалгаруулалтын журмыг баримтлан нэхэмжлэгч И Н Е Г  нь гүйцэтгэгчийг сонгож, хариуцагч У Ө  ХХК-тай 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ИНЕГ/УЗ/ТББ/Б-15/15 дугаартай “Нисэх хүчин үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан фото зургийн альбом нийлүүлэх ажлын гэрээ”-г байгуулсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан гэрээ зэргээр тогтоогдсон, энэ талаар маргаагүй. 

Тухайн гэрээнд, гүйцэтгэх ажлыг 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн дотор нийлүүлж хүлээлгэн өгөх, төлбөрийг урьдчилгаа төлбөрийн дүн нь 30 хувь байна, барааг нийлүүлсний дараа хүлээн авч акт болон баримт бичгийг үндэслэн 70 хувийг төлөхөөр зааж, талууд гарын үсэг зурж тохиролцсон байдаг.

Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх заалтад заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа байх бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй ба энэхүү гэрээгээр тохирсон хөлс төлөх үүргийг И Н Е Г  хүлээж, гэрээнд заасан төлбөрийн урьдчилгаа төлбөрийн дүн 30 хувь болох 14 850 000 төгрөгийг 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хариуцагчид төлсөн болох нь хэргийн 12 дугаар талд авагдсан бичгийн баримтаар нотлогдсон, зохигчид маргадаггүй.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийн тус тус хүлээнэ” гэж заасан ба талуудын хооронд байгуулагдсан гэрээнд фото зургийн альбомыг хийхэд шаардлагатай зураг материалыг хэн, хэрхэн гаргаж өгөх эсэх талаар заагаагүй, гэрчийн мэдүүлгээр захиалагч тал уг фото зургийн альбом хийхэд шаардлагатай зураг холбогдох материалаар хангах үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалан гэрээнд заасан ажил хийгдээгүй гэж хариуцагч маргадаг боловч “У Ө ” ХХК-аас хэдийд, ямар баримтаар гэрээт ажлыг гүйцэтгэхээр, Иргэний нисэхийн ерөнхий газраас фото зураг, холбогдох материалыг шаардаж байсан гэх үйл баримт тодорхойгүй ба үүнийг нотолсон баримт байх тул шүүх хариуцагчийн татгалзлыг хүлээн авах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Иймээс, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр байх тул гэрээний үүргийг биелүүлэхийг талуудын хэн аль нь шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч И Н Е Г  нь хариуцагч “У Ө ” ХХК-аас нийлүүлэгч гэрээнд заасан үүргээ өнөөг хүртэл биелүүлээгүй, ажлыг хүлээлгэн өгөөгүйгээс гэрээнд зааснаар урьдчилгааны дүн 30 хувьд төлсөн 14 850 000 төгрөгийг буцаан авахаар шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцэж байна.

Харин нэхэмжлэгчийн хариуцагчаас гаргуулахаар шаардсан алданги гэх хариуцагчид олгосон 14 850 000 төгрөгөөс 0.05 хувиар тооцож 1 өдрийн 7425 төгрөгийг 820 хоногоор тооцож 6 088 500 төгрөг гаргуулах хэсгийг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Талууд гэрээндээ: Нисэх хүчин үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан фото зургийн альбом нийлүүлэх ажил хийх хугацаа, үнийг тохирсон болохоос биш уг ажлыг гүйцэтгэхэд захиалагч болон гүйцэтгэгчийн хэн нь уг альбомыг хийхэд шаардлагатай фото зураг, холбогдох материалыг гаргаж өгөх талаар тодорхой харилцан тохиролцож заагаагүйгээс тухайн гэрээ биелэгдээгүй болох нь хариуцагчийн тайлбар, гэрч Ц.Эрдэнэбилэгийн мэдүүлэг, хэрэгт хариуцагч талаас гаргаж өгсөн фото зургийн хуулбар /хх-ийн 24-70 дүгээр тал/-ууд болон түүнд шүүх үзлэг хийж бэхжүүлсэн үзлэгийн тэмдэглэл зэргээр нотлогдож байх тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж зааснаар хариуцагч “У Ө ” ХХК-ийг гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Гэрээний зургаа. Гэрээний тусгай нөхцөл гэсэн хэсгийн 4-т төлбөр (ГЕН-7) 7.1 дүгээр зүйлийн 1-д “Урьдчилгаа төлбөрийн дүн нь 30 хувь байна. Урьдчилгаа төлбөрийн дүнтэй тэнцүү, ижил валютаар илэрхийлэгдсэн банкны батлан даалт буюу үл маргах нөхцөлтэйгээр банкнаас гаргасан урьдчилгаа төлбөрийн баталгааг үндэслэн энэхүү төлбөрийг хийнэ.” гэж зааснаар И Н Е Г  нь урьдчилгаа төлбөрийн дүн 30 хувь болох 14 850 000 төгрөгийг “У Ө ” ХХК-д “Гэрээт ажлын төлбөр тооцох хуудас” №03-аар 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гэрээт ажлын өмнөх санхүүжилтийг хийсэн байна. Харин гэрээний энэхүү хэсгийн 2-т “Барааг нийлүүлсний дараа хүлээн авсан акт болон гэрээний ерөнхий нөхцөлийн 2 дугаар зүйлд заасан баримт бичгийг үндэслэн 70%-ийг төлнө.” гэж заасан байхад хариуцагч “У Ө ” ХХК нь гэрээгээр тохирсон барааг нийлүүлээгүй үйл баримт тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хариуцагчид төлсөн 14 850 000 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 14 850 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх       6 088 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 222 дүгээр зүйлийн 222.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч “У Ө ” ХХК-аас 14 850 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И Н Е Г т олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 6 088 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч “У Ө ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 232 200 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2            дахь заалтад зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ТҮМЭНЦЭЦЭГ