Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2021/01523

 

  

Г.Дагдандоржийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Л.Атарцэцэг, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2020/00284 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 692 дугаар магадлалтай,

 

Г.Дагдандоржийн нэхэмжлэлтэй,

Тулга констракшн ХХК-д холбогдох,

 

18,068,843 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Билгүүний хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Дагдандорж Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3-р багийн нутаг дэвсгэрт баригдаж буй Тулга констракшн ХХК-ийн Шинэ өндөрхаан хорооллын орон сууц нь 2017.11.01-нд ашиглалтад орох орон сууцандаа ипотекийн 8 хувийн зээлээр захиалга авна гэсний дагуу 57.36 м.кв 2 өрөө орон сууцыг 51,986,800 төгрөгөөр харилцан тохиролцож орон сууцны захиалгын гэрээг 2017.05.08-нд хийсэн. Орон сууцны урьдчилгаанд 2017.05.10-нд 6,000,000 төгрөг, 2017.07.18-нд 5,000,000 төгрөг, 2017.08.18-нд 5,660,00 төгрөг, 2017.11.22-нд 2,826,800 төгрөг, 2018.01.04-нд 2,500,000 төгрөг, 2018.01.31-нд 2,000,000 төгрөг, нийт 23,986,800 төгрөг буюу 46 хувийг төлсөн. Тухайн орон сууц нь 2018 оны 1 сард оршин суугчдаа оруулж эхэлсэн бөгөөд энэ үед ипотекийн зээл хэрэгжиж эхлэхгүй байснаас болж төлөлтийг бүрэн хийж чадаагүй юм. Гэвч компаниас үлдэгдэл төлбөрөө яаралтай хий гэсэн үүргийг өгсөн дагуу бид хашаа байшин, автомашин гээд бүх зүйлээ зарсан одоогоор төлбөр төлөх боломжгүй байна. 46 хувийг нь төлсөн учраас байрандаа оруулж хугацааг сунгаж өгөөч, өвлийн хүйтэнд зуны байшинд хүүхдүүд даарч зутарч хүнд байгаа талаараа компанийн удирдлагуудад удаа дараа хүсэлт тавьж байсан боловч хэл ам хийж гүйлээ гэсэн шалтгаанаар байрандаа оруулаагүй. Ипотекийн зээл угаасаа хэрэгжихгүй танай байрыг төлбөрөө гүйцэд төлнө гэсэн Ч.Ганзул гэдэг хүнд өгөхөөр болсон хурдан шилжүүл гэж дарамталсаар байгаад зөвшөөрсөн гэсэн бичгийг 2018.06.14-нд хийлгэж авсан. Тэгэхдээ тухайн компанийн ерөнхий захирал Доржмягмар удирдлага нь урьдчилгаа мөнгийг чинь 10 хувийг суутгахгүйгээр Ч.Ганзул гэдэг хүний мөнгийг орж ирэхээр нь гаргаж өгнө гэж эхнэр Энхтуяа руу маань залгаж ярьсан юм. Тэгээд мөнгө нь орж ирэхгүй байхаар нь 2018.10.22-нд ерөнхий захирал Доржмягмартай УБ хотод очиж уулзахад урьдчилгаанд төлсөн төлбөр чинь 1.2 хувийн хүүгийн хамт 28,504,321 төгрөг болсныг 2018.11.25-нд 14,000,000 төгрөг, 2018.12.25-нд 14,504,311 төгрөгийг буцаан төлөх бөгөөд хугацаандаа төлөөгүй тохиолдолд 1.8 хувийн хүүтэйгээр төлнө гэсэн баталгааг бичгээр гаргаж өгсөн. Гэвч 1 сарын дараа буюу 2018.12.24-нд 14,000,000 төгрөгийг эхнэр А.Энхтуяагийн дансанд шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 14,504,311 төгрөгийг одоо хүртэл өгөөгүй байна. Энэ хугацаанд бид орох оронгүй хүүхдүүдээ дагуулж айлд амьдарч, байр түрээслэх, УБ хот руу компанийн удирдлагуудтай уулзахаар явах гээд маш их зардал гаргаж, сэтгэл санааны хүнд байдалд ороод байгаа юм. Иймээс бидний үлдэгдэл болох 14,504,311 төгрөг, хүүгийн зардал 2,088,620 төгрөг, унааны зардал 434,600 төгрөг, нийт 17,024,531 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Компанийн захирал Г.Доржмягмар нь орон сууц захиалгын гэрээг цуцлах шаардлага удаа дараа тавьж тус гэрээний 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсэгт заасан гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувийн торгуулийг захиалагч талаас суутган авахгүй байх нөхцөлтэй харилцан тохиролцсоны дагуу 2018.06.14-ний өдөр тус гэрээг цуцлуулсан бөгөөд гэрээний мөнгийг 2018.11.25-2018.12.25-ны өдөр 2 хувааж буцааж төлөх ба хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 1.8 хувийн хүү төлөх тухай баталгааг 2018.10.22-ны өдөр гаргаж өгсөн байдаг. Хугацаа хэтрүүлсний хүүний төлбөр 2018.12.25-ны өдрөөс хойш 1 сарын хүүгийн төлбөрт 261,077,598 төгрөг хэтрүүлсэн хугацаа 1 жил буюу 12 сарын хүүний төлбөр нийт 3,132,932 төгрөг төлөх ёстой байна. 2019.09.04-ний өдөр гаргасан нэхэмжлэлдээ хүүний төлбөрт 2,088,620 төгрөг нэхэмжилсэн ба нэхэмжлээгүй үлдсэн 1,044,312 төгрөгийг нэмж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа тул хариуцагч Тулга констракшн ХХК-иас нийт 18,068,843 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2017.05.08-ны өдөр Тулга констракшн ХХК-ийн Хэнтий аймаг дахь 48 айлын орон сууцанд Г.Дагдандорж нь 57.36 м.кв талбайтай 2 өрөө орон сууц захиалсан. Орон сууцны урьдчилгаа төлбөрт 2017.05.10-нд 6,000,000 төгрөг, 07-р сарын 18-нд 5,000,000 төгрөг, 08-р сарын 18-нд 5,660,000 төгрөг, 11-р сарын 22-нд 2,826,800 төгрөг, 2018.01.04-нд 2,500,000 төгрөг, 2018.01.31-ний өдөр 2,000,000 төгрөг, нийт 23,986,800 төгрөгийг төлж барагдуулсан. Орон сууцны 1 м.кв талбайн үнийг 880,000 төгрөгөөр, нийт үнийг 50,476,800 төгрөгөөр харилцан тохиролцсон бөгөөд 12-р сард багтааж барилгыг улсын комисс хүлээж авсан. Орон сууцыг 2017 оны 12-р сард багтааж улсын комисст хүлээлгэж өгөхөөр Орон сууц захиалгын гэрээгээр тохиролцсон. 2 гэрээ хэлбэрийн хувьд өөр байгаа боловч агуулгын хувьд ижил байна. Ингээд 2018 оны 01-р сард айлуудыг орон сууцанд оруулж эхэлсэн. Энэ үеэр Г.Дагдандоржийн зүгээс үлдсэн төлбөр болох 26,490,000 төгрөгийг орон сууцны зээлээр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Гэвч 2018 оны 06-р сард н.Доржмягмар захирлыг утсаар ярихаас өмнө ямар нэгэн байдлаар зээл судлагдаж, зээлийн хэлбэрээр орон сууцны үлдэгдэл төлбөр төлөх асуудал яригдаагүй байсан. 2018 оны 06-р сард Тулга констракшн ХХК үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байсан учраас тухайн орон сууцыг чөлөөлж, иргэн н.Ганзулд худалдсан. Гэхдээ байрыг худалдахдаа Г.Дагдандоржийн гэр бүлээс зөвшөөрөл авсан. Мөн орон сууцны урьдчилгаанд төлсөн төлбөрөөс гэрээнд заасны дагуу 10 хувийн суутгал хийхгүй гэж харилцан тохиролцсон байдаг. Анхны авсан 23,986,800 төгрөгөөс 14,000,000 төгрөг төлсөн байгааг хасаж, үлдэгдэл 9,986,800 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. 3,132,932 төгрөгийн хүүг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хүү гэдгийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.2 дахь хэсэгт зааснаар мөнгөн зээлийг ашиглах боломжийн хариу үйлдлийг хүү гэж нэрлэхийг тайлбарласан байдаг. Хүү бол үүргийн гүйцэтгэлийг хангах арга бол биш. Тулга констракшн ХХК нь Г.Дагдандоржоос мөнгөн зээл авсан харилцаа үүсээгүй учраас хүү төлөх үүрэг үүсээгүй гэж үзэж байна. Хэрэв талууд хүү төлөхөөр харилцан тохиролцож байгаа бол энэ талаар бичгээр гэрээ байгуулах ёстой. Талуудын хооронд мөнгөн төлбөрийн хүү төлөх ямар нэгэн зээлийн гэрээ байхгүй. Иймээс хүү нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Замын зардлын 434,600 төгрөгийг хохирол гэж нэхэмжилж байгаа гэж ойлголоо. Энэ бензины баримтуудыг харахад Тулга констракшн ХХК-иас болж Г.Дагдандоржид учирсан хохирол гэж үзэх ямар ч боломж байхгүй. Өөрөөр хэлбэл, яг энэ цаг хугацаанд Тулга констракшн ХХК-тай уулзаж байгаа эсэх, дуудаж байгаа эсэх гээд ямар байдлаар хохирол үүссэн болох нь тодорхойгүй байна. Хэрэгт Тулга констракшн ХХК-тай уулзсан, эсхүл Тулга констракшн ХХК-иас дуудсан баримт авагдаагүй. Иймээс Тулга констракшн ХХК-иас болж Г.Дагдандоржид учирсан хохирол гэж үзэх ямар ч боломжгүй гэж үзэж байна. Мөн тухайн Орон сууц захиалгын гэрээ захиалагчийн буруутай үйлдлийн улмаас буюу гэрээний үүргээ биелүүлээгүйгээс цуцлагдсан. Тус гэрээний 4.8-д зааснаар орон сууцны үлдэгдэл төлбөрийг банкны зээлээр төлөх тохиолдолд гэрээ байгуулснаас хойш зээл хүссэн материалыг банкинд өгч судлуулан зээл олгохыг зөвшөөрсөн банкны шийдвэрийг гүйцэтгэгчид өгнө, 4.9-д захиалагч нь зээл хүссэн материалыг банкинд гаргаж өгч судлуулаагүй буюу зээл олгох асуудал шийдвэрлэгдэхгүй 1 сараас илүү хугацаагаар удааширсан тохиолдолд гүйцэтгэгч энэхүү гэрээнээс татгалзах эрхийг эдлэх бөгөөд ийнхүү гэрээ цуцалсан тохиолдолд байрны нийт үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг захиалагч гүйцэтгэгчид төлөх бөгөөд түүний төлсөн төлбөрөөс гүйцэтгэгч суутган авах эрхийг эдэлнэ. Үүний дагуу захиалагч орон сууц захиалгын гэрээнээс татгалзсан. Нэхэмжлэгч яг ямар үндэслэлээр нэхэмжилж байгаагаа тайлбарласангүй. Гэрээнээс татгалзсан үр дагаврыг нэхэмжилж байгаа гэж ойлгож байна. Тухайн гэрээнээс татгалзах үед захиалагчийн буруутай үйлдэл байсан учраас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2-т зааснаар ямар нэгэн байдлаар хохирол нэхэмжлэх эрх үүсэхгүй. 227.1-т Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. Тэгэхээр захиалагч үүргээ гүйцэтгээгүйгээс болж гэрээнээс татгалзаж, хохирол нэхэмжилж байна. Мөн хүү тохирсон н.Доржмягмар захирлын баталгаа гаргах нь гэх гар бичмэл байгаа. Энэхүү өргөдлийг компанийг төлөөлж гаргасан гэж үзэх боломжгүй. Тулга констракшн ХХК гэрээ байгуулсан учраас хамаарахгүй. Өөрөөр хэлбэл компанийн тамга тэмдэг дарагдсан зүйл байхгүй. Иймээс 9,986,800 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2020/00284 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Тулга констракшн ХХК-иас 14,504,311 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Дагдандоржид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3,564,532 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 272,713 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Тулга констракшн ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 230,521 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Дагдандоржид олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 692 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2020/00284 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Тулга констракшн ХХК-аас 14,504,311 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Дагдандоржид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3,564,532 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,231 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Билгүүн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.27-ны өдрийн 692 дугаартай магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би анхан шатны болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа бөгөөд анхан шатны шүүх хариуцагчаас 4,517,511 төгрөгийг илүү гаргуулж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 199-р зүйлийн 199.3 дахь хэсэгт Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй гэж заасныг үндэслэсэн байна. Иргэний хуулийн энэхүү заалт нь талуудын хооронд үүргийн харилцаа буюу өр үүссэнийг баталгаажуулах боловч шинээр үүрэг үүсгэх үндэслэл болохгүй юм. Харин шүүх Тулга констракшн ХХК-иас хүү гэж 4,517,511 төгрөгийг гаргуулсан нь Иргэний хуулийн 282-р зүйлийн 282.1-д мөнгөн зээлийг ашиглах боломжийн хариу үүргийг хүү гэж нэрлэнэ гэж хуульчилсныг зөрчиж, талуудын хооронд мөнгөн зээлийн харилцаа үүсээгүй байхад хуулийг үндэслэлгүйгээр төсөөтэй хэрэглэн шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн энэхүү үндэслэлийг хуульд нийцсэн гэж үзсэн бөгөөд талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа гэж тодорхойлсныг хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Улсын дээд шүүхийн 2016 оны 03 дугаар зөвлөмжид ...Нэг тал нь тодорхой давхарт, өрөөний тоо, талбайн хэмжээ, загварыг тогтоон, орон сууц захиалж, үүний төлөө хөлс төлөх, нөгөө тал нъ уг ажлын үр дүнг хүлээлгэж өгөхөөр тохирсон агуулга тогтоогдвол энэ нъ ажил гүйцэтгэх гэрээний үндсэн шинж юм. Харин нэгэнт бий болсон орон сууцыг санал болгох, нөгөө тал нь тохирсон үнийг төлөх тохиролцоо нь худалдах-худалдан авах гэрээ байна гэж зөвлөснөөс дүгнэхэд талуудын хооронд огт бий болоогүй байсан барилгад орон сууцыг захиалж, хөлс төлөх нөгөө тал түүнийг өөрийн материал зардлаар гүйцэтгэх харилцаа үүссэн тул Иргэний хуулийн 343-р зүйлийн 343.1-д зааснаар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176-р зүйлийн 176.2.2-т заасныг үндэслэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн 14,504,311 төгрөгийн 4,517,511 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Г.Дагдандорж хариуцагч Тулга констракшн ХХК-д холбогдуулан 18,068,843 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, хариуцагчаас 14,504,311 төгрөгийг гаргуулан, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

1.   Зохигч 2017.05.08-ны өдөр Орон сууцны захиалгын гэрээ байгуулж, тус гэрээгээр гүйцэтгэгч Тулга констракшн ХХК Хэнтий аймгийн 48 айлын орон сууцыг холбогдох хууль тогтоомжийг үндэслэн К.30 байрны 2-р орцны 1 давхрын 16 тоот, 57.36 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч Г.Дагдандорж нь орон сууцны үнийн дүн 50,476,800 төгрөгийг гэрээгээр тохирсон хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон, захиалагч үнийн дүнгийн 46% буюу 23,986,800 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл төлбөрийг төлж чадаагүй, орон сууцыг гуравдагч этгээдэд шилжүүлэх үндэслэлээр гүйцэтгэгч гэрээнээс татгалзаж, захиалагчид 28,504,321 төгрөгийг 2018.11.25-ны өдөр 14,000,000 төгрөг, 2018.12.25-нд 14,504,321 төгрөгийг буцаан төлж, хугацаандаа төлөгдөөгүй тохиолдолд хүүг 1.8%-иар бодож олгохоор баталгаа гаргаж өгсөн үйл баримт тогтоогджээ.

 

Эхний 14,000,000 төгрөгийг хугацаа хэтрүүлж төлсөн боловч үлдэгдэл мөнгийг өгөөгүй үндэслэлээр нэхэмжлэгч нь үлдэгдэл мөнгө 14,504,311 төгрөгийг баталгаанд заасан 1.8%-ийн хүү, унааны зардлын хамт нийт 18,068,843 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

 

Хариуцагч ...гэрээний дагуу өгсөн 23,986,800 төгрөгөөс 14,000,000 төгрөгийг буцааж өгсөн тул үлдэх 9,986,800 төгрөгийг зөвшөөрч, бусдыг зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

 

2.   Анхан шатны шүүх зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэн, хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргаж өгсөн Баталгаа гэх баримт түүний хүсэл зоригийг илэрхийлсэн байх боловч баталгаанд дурдсан хүүг хэрхэн тооцох нь тодорхойгүй гэх үндэслэлээр хүү нэхэмжилсэн шаардлагыг, мөн нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр хохирол нэхэмжилсэн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, үлдэгдэл төлбөр 14,504,311 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гэрээнээс учирсан хохирлыг нэхэмжилсэн шаардлагад холбогдох хуулийн зохицуулалтыг оновчтой хэрэглээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс засч, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т нийцжээ.

 

3.   Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно, мөн хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийхээр үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зохицуулсан.

 

Г.Доржмягмар нь хариуцагч Тулга констракшн ХХК-ийн захирал, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд тул шүүх түүний хүсэл зоригийн илэрхийллийг хуульд нийцсэн гэж дүгнэн, Баталгаанд бичигдсэн үнийн дүнгийн хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй тул ...шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, ...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн... гэх үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, 4,517,511 төгрөгийг хэрэгсэхгүй болгохыг хүссэн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Дээр дурдснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 692 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Билгүүний гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Билгүүнээс 2020.04.24-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 87,231 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Л.АТАРЦЭЦЭГ

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Х.ЭРДЭНЭСУВД