Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2021/01524

 

   

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Л.Атарцэцэг, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/01865 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 472 дугаар магадлалтай,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

*******,******* нарт холбогдох,

 

2015.02.17-ны өдрийн Зээлийн гэрээ-г цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 351,377,442 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхтүвшингийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бямбасүрэн, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхтүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ******* нь хариуцагч нартай 2017.02.17-ны өдөр ЗГ3405101441 тоот зээлийн гэрээ байгуулан 500,000,000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай, жижиг дунд үйлдвэрлэлд зориулан олгосон. Уг зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор*******ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205039376 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, ХД-91/1 тоот хаягт байрлах үйлдвэрийн зориулалттай 40 м.кв талбай, улсын бүртгэлийн Ү-2205039377 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, ХД-91/2 тоот хаягт байрлах үйлдвэрийн зориулалттай 56 м.кв талбай, улсын бүртгэлийн 2205056857 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, ХД-91/5 тоот хаягт байрлах 240 м.кв талбай бүхий үйлдвэрийн зориулалттай зоорийн давхрын хэсэг, улсын бүртгэлийн Ү-2205056864 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, ХД-91/2 тоот хаягт байрлах үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай, 240 м.кв талбай бүхий 1 дүгээр давхрын хэсэг, улсын бүртгэлийн Ү-2205056865 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, ХД-91/5 тоот хаягт байрлах үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай, 240 м.кв талбай бүхий 2 дугаар давхрын хэсэг, улсын бүртгэлийн Ү-2205056866 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, ХД-91/5 тоот хаягт байрлах үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай, 240 м.кв талбай бүхий 3 дугаар давхрын хэсэг, улсын бүртгэлийн Г-2205005173 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, нэгж талбарын 168021/0094 дугаар бүхий 1490 м.кв талбайтай, 5 жилийн хугацаатай үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийг тус тус барьцаалсан. Зээлдэгч нар нь өнөөдрийг хүртэл зээл, зээлийн хүүг төлөхгүй, төлөхөөс зайлсхийсээр байна. *******ны зүгээс зээлдэгчтэй удаа дараа холбогдож, уулзан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг шаарддаг боловч зээлдэгч *******,******* нар нь зээл, зээлийн хүүг төлнө гэсээр одоог хүртэл төлөлт хийгдээгүй байна. ******* нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөхийг шаардсан мэдэгдлийг зээлдэгчид хүргүүлж, мөн амаар болон бичгээр удаа дараа шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрч байна. Зээлийн гэрээний 4.2.1-д зааснаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй тул гэрээний 4.2-д дурдсаныг үндэслэн банк өөрийн санаачилгаар ЗГ3455101441 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлан дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: зээлийн гэрээний төлбөр нэхэмжлэл гаргах 2019.03.01-ний өдрийн байдлаар үндсэн төлбөр 336,097,443 төгрөг, хүүгийн төлбөр 14,399,630 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 880,369 төгрөг, нийт 351,377,442 төгрөг байна. Иймд *******-тай байгуулсан 2015.02.17-ны өдрийн зээлийг гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 351,377,442 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. ******* нь уг зээлээс гадна жижиг дунд үйлдвэрийн бас өөр нэг зээл байсан. Тэр зээлийн төлбөрийг одоо яригдаад байгаа данснаас авч байсан. Бид нарын тохиролцоогоор эхэлж авсан зээлээ түрүүлж дуусгана гэж тохиролцсон байсан гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани тус банкнаас жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зээлийн төслийн хүрээнд зээл авсан ба зориулалт тухайн үед шинээр ашиглалтанд оруулаад байсан буузны үйлдвэрээ бүрэн хүчин чадлаар ажиллуулахын тулд үйлдвэрийн эргэлтийн хөрөнгө буюу гол түүхий эд болох мах, махан бүтээгдэхүүн худалдаж авах байсан ба барьцааны гэрээнд тусгагдсан үнэлгээгээр тооцоход 676,800,000 төгрөгийн үнэ бүхий 6 ширхэг үл хөдлөх хөрөнгийг барьцаалж гэрээг анх байгуулсан. Улмаар зээлийн санхүүжилт орж ирсэн үеэс эхлэн бид зээлийг зориулалтын дагуу ашиглан буузны үйлдвэрээ ажиллуулан 130 хүнд шинээр ажлын байр бий болгон, эргэн төлөлтөө эхний жилүүдэд графикийн дагуу төлж байсан. Гэсэн хэдий ч 2017 оноос эхлэн хэрэглээний үнийн индекс буюу инфляци өсөж үүнийг дагаад манай гол түүхий эд болох махны үнэ огцом өсөж, энэ нь манай борлуулалтад шууд нөлөөлж зээл төлөхөд хүндрэлтэй болж эхэлсэн хэдий ч бид бүхий л хүчин чадлаа шавхаж зээлээ 2018 оны сүүл хүртэл төлж ирсэн боловч 2018 оны сүүлчээс эхлэн махны үнэ нэг кг нь монгол улсад урьд хожид байгаагүйгээр өссөнтэй холбоотойгоор үйлдвэр маань ашиггүй ажиллаж эхэлсэн ч үйлдвэрээ огт зогсоолгүй ажиллуулж, ажлын байраа хадгалж үлдсэн. Энэ оноос эхлэн улс орны зах зээл харьцангуй сэргэж, үнэ тогтворжих хандлагатай болсон учир бид цаашид үйлдвэрээ бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж, зээлээ төлж дуусгахаар төлөвлөж байна. Өнөөдрийг хүртэл бид зээлийн гэрээний үүрэгт 290,000,000 орчим төгрөг төлсөн хэдий ч график алдсан ч цаашид зээлээ төлөх сонирхолтой байгаа учир гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгох шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн дансны хуулгаас харахад 2018 оны 09-р сараас хойш ямар ч төлөлт хийгдээгүй байгаа нь харагдаж байгаа боловч банктай тухайн үед юу ярилцсан бэ гэхээр өөр нэг харилцах данс байдаг, энэ данснаас банк бидний зөвшөөрөлгүйгээр зээлийн төлбөрийг аваад явна гэж тохиролцсон. Бид энэ данснаас зарлага гараад мөнгийг минь аваад байна гэж бодсон чинь зээлээ энэ данснаас аваагүй, авч байгаад татахаа больсон юм уу гэдэг нь ойлгомжгүй байгаа. Нэгэнт зээлийн төлбөр төлөгдөхгүй зөрчигдөж байгааг мэдэж байгаа хирнээ данснаас татан авалт хийгээгүй нь зээлээ огт төлөөгүй мэт харагдуулж байна. Хоёрдугаарт хэрэв шүүхээс уг шаардлагыг хангасан тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь дээр дурдаж хэргийн материалд авагдсан нотлох баримтаас харахад барьцааны хөрөнгийн нийт үнэлгээ нь 676,800,000 төгрөгийн үнэтэй ба үлдсэн зээлийн төлбөрийн үнээс даруй 2 дахин үнэтэй хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах нь шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна. Бид нэхэмжлэгч талд энэ талаар шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад барьцааны хөрөнгөөс хэсэгчлэн чөлөөлж, уг хөрөнгийг барьцаалж дахин зээл авч *******ны өрийг төлөх зэргээр эвлэрэн хэлэлцэх, эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтайгаар эвлэрэх санал тавьсан хэдий ч татгалзсан. Бидний зүгээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэдий Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг бүрэн олгогдсоныг ойлгож байгаа ч эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтайгаар эвлэрэх хүсэлтээс шууд татгалзах эрх олгогдоогүй гэж үзэж байгаа. Иймд зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байгаа, зээлийн эргэн төлөлт нь зах зээлийн байдлаас болж алдагдсан хэдий ч хариуцагчийн зүгээс зээлийн гэрээг сунган зэлээ төлж барагдуулах хүсэлтэй байгаа, нэхэмжлэлийн шаардлагыг хэмжээ нь барьцааны хөрөнгийн үнэлгээнээс даруй хоёр дахин бага байхад барьцааны хөрөнгийг бүхлээр нь үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/01865 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-иас 351,377,442 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох*******ын өмчлөлийн*******ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205039376 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, ХД-91/1 тоот хаягт байрлах үйлдвэрийн зориулалттай 40 м.кв талбай, улсын бүртгэлийн Ү-2205039377 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, ХД-91/2 тоот хаягт байрлах үйлдвэрийн зориулалттай 56 м.кв талбай, улсын бүртгэлийн 2205056857 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, ХД-91/5 тоот хаягт байрлах 240 м.кв талбай бүхий үйлдвэрийн зориулалттай зоорийн давхрын хэсэг, улсын бүртгэлийн Ү-2205056864 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, ХД-91/2 тоот хаягт байрлах үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай, 240 м.кв талбай бүхий 1 дүгээр давхрын хэсэг, улсын бүртгэлийн Ү-2205056865 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, ХД-91/5 тоот хаягт байрлах үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай, 240 м.кв талбай бүхий 2 дугаар давхрын хэсэг, улсын бүртгэлийн Ү-2205056866 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, ХД-91/5 тоот хаягт байрлах үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай, 240 м.кв талбай бүхий 3 дугаар давхрын хэсэг, улсын бүртгэлийн Г-2205005173 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, нэгж талбарын 168021/0094 дугаар бүхий 1490 м.кв талбайтай, 5 жилийн хугацаатай үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийг тус тус албадан худалдаж, үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,985,037 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******,******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,985,037 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 472 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/01865 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,986,000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхтүвшин хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.10-ны өдрийн 183/ШШ2019/01865 дугаартай шийдвэрээр Хатансүйх Хүнс ХХК-иас 351,377,442 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020.03.02-ны өдрийн 472 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэснийг бүхэлд нь эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна.

Хууль хэрэглээний талаар: Манай компани 2015.02.17-ны өдөр нэхэмжлэгч банкнаас жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зээлийн төслийн хүрээнд авсан маргаан бүхий зээлийг зориулалтын дагуу зарцуулж Үйлдвэрээ бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж 100 гаруй хүнд ажлын байр шинээр бий болгон эхний жилүүдэд бизнес төсөл маань амжилттай хэрэгжиж ашиг орлоготой ажиллаж, зээлийн төлбөрөө цаг хугацаанд нь төлж байсан. Гэсэн хэдий ч 2017 оны хагас жилээс эхлэн бидний гол түүхий эд болох махны үнэ зах зээлд огцом өсөж эхэлж борлуулалтын ашиг буурч зээл төлөхөд хүндрэлтэй болж эхэлсэн ч бидний зүгээс нэгэнт бий болгосон ажлын байраа хадгалан үлдэж, ажилчдаа ажлаар ханган бүсээ чангалах бодлого барьж байсан ба 2018 оны сүүлээс түүхий эдийн үнэ урьд хожид байгаагүйгээр өссөнөөс болж графикийн дагуу төлөлт хийгдэх боломжгүй болж тасалдаж эхэлсэн. Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг ханган Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээг цуцалж байгаа нь хуульд харшлаагүй гэж дүгнэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Тодруулбал:

*******наас нэхэмжлэлд дурдсны дагуу мэдэгдэл хүргүүлж байсан ба бидний зүгээс тухай бүрт нь өөрсдөд учраад байгаа нөхцөл байдлаа тайлбарлаж зөвхөн буузны үйлдвэрийн борлуулалтаас бус өөр эх үүсвэрээс зээлээ төлөх нөхцөл боломжийг хайж байгаа талаар хариу өгч байсан. Уг асуудлыг шийдэхдээ ЗГЭ455101441 тоот зээлийн төлбөрийг *******ин дах байгууллагын харилцах 3010000032 тоот харилцах данснаас шууд татаж байхаар тохиролцсон. Үүний дагуу бидний зүгээс бүх орлогоо энэ данслуу шилжүүлж банкнаас уг 3010000032 тоот данснаас нэхэмжлэлийн зүйл болох зээлийн төлбөрийг суутгаад явж байгаа гэж ойлгосон ба банкинд 3010000032 тоот харилцах данснаас шууд бидний зөвшөөрөл оролцоогүйгээр зарлага гаргаад явж байсан. /хэрэгг авагдсан дансны хуулгаас тодорхой харагддаг/ Гэтэл банк бага хүүтэй зээлийг хурдан шахаж дуусгах гэсэн үү эсхүл өөр ашиг сонирхол байсан уу, манай 3010000032 тоот данснаас ******* өөрсдөө дур мэдэн мөнгө зарлагдаж гаргахдаа 3455101441 тоот зээлийн дансруу огт татаж байгаагүй төдийгүй уг зээлд огт хамааралгүй хариуцагчийн өндөр хүүтэй энгийн зээлрүү татаж байсныг шүүхэд нэхэмжлэл гардаж авсны дараа мэдсэн. Бидний зүгээс уг байдлыг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн ч зохих байдлаар үнэлэлгүйгээр хариуцагч талыг зээлийн гэрээний үүргээ зөрчсөн тул банк хугацаанаас өмнө гэрээ цуцлах эрхтэй гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний алдаа болсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, банкны зүгээс зориуд зээлийн зөрчилтэй болгон харагдуулж, бага хүүтэй зээлийг хугацаанаас нь өмнө цуцалж, нэгэнт өндөр үнэлгээтэй эрсдэлгүй барьцаатай учир шүүхэд хандсан гэж үзэж байна. Манай 3010000032 тоот данснаас ******* өөрсдөө дур мэдэн нийт 16,685,387 төгрөгийг зарлага гаргаж, үүнийгээ энгийн өндөр хүүтэй зээлрүү татсан, түүнийгээ хариуцагч нарт мэдэгдээгүй, хариуцагч өөртөө илүү ашиг олох өндөр хүүтэй зээлрүү татсан буруутай үйл ажиллагааны улмаас хариуцагчийн үүрэг зөрчигдсөн гэж үзэж байна. Хариуцагч нарын зүгээс манай 3010000032 тоот данснаас ******* өөрсдөө дур мэдэн нийт 16,685,387 төгрөгийн зарлагыг маргаан бүхий зээлд төлөгдөж байна гэж ойлгож байсан. Иймээс гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл байхгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-т зааснаар үүргийг ялимгүй зөрчсөн гэрээнээс татгалзаж болохгүй нөхцөл гэж үзэж байна. Түүнчлэн *******ны дур мэдэн өндөр хүүтэй зээлрүү татсан энэхүү буруутай үйлдэл нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.3-т заасан үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн явдалд бүхэлд нь буюу ихэнх хэсэгт нь үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай гэх гэрээнээс татгалзаж болохгүй нөхцөлд хамаарна гэж үзэж байна. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1, 225.4.3-ийг хэрэглээгүй нь шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар: Хариуцагчийн зүгээс шүүхэд хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгчид барьцааны зүйлээс хэсэгчлэн чөлөөлж өгөх юм бол бид тухайн чөлөөлсөн барьцааны хөрөнгийг зээлийн судалгаанд оруулж зээл авах талаар санал тавьж, эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтайгаар эвлэрэх буюу хэргийг эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Хариуцагч нарын зүгээс зээлийн барьцаа хөрөнгийн тодорхой хэсгийг чөлөөлж уг барьцаагаар дахиж зээл авах боломжийг нээж өгсөн тохиолдолд зээлийн төлбөрийг төлөхөөр бодитой саналыг тавьсан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь барьцаа хөрөнгө чөлөөлөх эсэх асуудлаар шийдвэр гаргах эрх бүхий этгээд биш юм. Хариуцагчийн зүгээс эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтайгаар нэхэмжлэгчийн шийдвэр гаргах эрх бүхий этгээдтэй уулзалт хийж эвлэрэх зорилго байсан учраас уг хүсэлтийг гаргасан. Гэтэл шүүх эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлүүлэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг нэхэмжлэгч тал эвлэрэх боломжгүй гэсэн учраас хүлээн авахаас татгалзсан. Шүүх хариуцагчийн эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг хангахаас татгалзсан нь шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч *******,******* нарт холбогдуулан 2015.02.17-ны өдрийн Зээлийн гэрээ-г цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 351,377,442 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

Хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

1.   Зохигч 2015.02.17-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч банк 500,000,000 төгрөгийг жилийн 7хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, буузны үйлдвэр өргөжүүлэх төсөл хэрэгжүүлэх зориулалтаар олгох, зээлдэгч гэрээгээр тохирсон эргэн төлөх хуваарийн дагуу зээлийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон, үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож*******ын өмчлөлийн нэр бүхий 7ш үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, Ипотекийн гэрээ байгуулсан байна.

 

Гэрээний дагуу зээлдүүлэгч зээлийн хөрөнгийг шилжүүлсэн, зээлдэгч үндсэн зээлд 163,902,556 төгрөг, зээлийн хүүд 118,082,360 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,246,793 төгрөгийг тус тус төлсөн боловч 2016 оноос гэрээний үүргээ зөрчсөн, удаа дараа шаардаж, мэдэгдэл хүргүүлсэн боловч тодорхой үр дүнд хүрээгүй үндэслэлээр зээлдэгч гэрээг цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 336,097,443 төгрөг, зээлийн хүү 14,399,630 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 880,369 төгрөг, нийт 351,377,442 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн үнийн дүнд маргаагүй боловч зээлийг зориулалтын дагуу ашиглаж, үйл ажиллагаа явуулсан, 2017 оноос хэрэглээний үнийн индекс буюу инфляци өсөж, энэ нь борлуулалтад нөлөөлж зээл төлөхөд хүндрэлтэй болсон хэдий ч бүхий л хүчин чадлаа шавхаж 2018 оны сүүл хүртэл зээлээ төлж ирсэн, гэрээний үүрэгт 290,000,000 төгрөгийг төлсөн, гэрээний хугацаа дуусах болоогүй, эргэн төлөлт зах зээлийн байдлаас болж алдагдсан хэдий ч зээлийн гэрээг сунгаж, зээлээ төлж барагдуулах хүсэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ барьцааны хөрөнгөөс 2 дахин бага байхад барьцааны хөрөнгийг бүхлээр нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаж байгааг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

2.   Талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, барьцааны гэрээ байгуулагдсан, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйл, 453 дугаар зүйлийн 453.1., 153 дугаар зүйлийн 153.1., 156 дугаар зүйлийн 156.2., 166 дугаар зүйлийн 166.1.-д нийцсэн байна.

 

Банк, эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу, тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

 

Түүнчлэн үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.

 

3.   Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1., 205 дугаар зүйлийн 205.1.-д зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч тогтсон үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцаан өгөх үүрэгтэй.

 

Хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн, нэхэмжлэгч нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй болох нь тогтоогдсон гэх шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн байна.

 

4.   Хоёр шатны шүүх банк зээлдэгчийг гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр гэрээг цуцалж, үлдэгдэл төлбөрөө гаргуулахаар, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар шаардлага гаргасан нь хууль зөрчөөгүй гэж үзэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

 

5.   Харин барьцааны хөрөнгөд заасан Г-2205005173 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, нэгж талбарын 168021/0094 дугаар бүхий 1,490 м.кв талбайтай, 5 жилийн хугацаатай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийг барьцаалж гэрээ байгуулаагүй, газар эзэмших эрхийг барьцаалсан тухай тэмдэглэлийг хийлгээгүй нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5. дахь заалтыг зөрчсөн үндэслэлээр уг газар эзэмших эрхээр үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар нэрлэн заагаагүйг буруутгах үндэслэлгүй.

 

6.   Талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.-т зээлдэгч нь гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй бол банк өөрийн санаачилгаар гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан шаардах эрхтэй гэж харилцан тохиролцсон байх тул банк гэрээнд заасан эрхээ хэрэгжүүлснийг буруутгах боломжгүй, хэрэгт Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.-т заасан гэрээнээс татгалзаж болохгүй нөхцөл байдал тогтоогдоогүй, хариуцагчийг гэрээний үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1.-д зааснаар шүүх хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шийдвэрлэх үүрэгтэй ба хариуцагчаас гаргасан эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг нэхэмжлэгчийн эвлэрэн хэлэлцэх боломжгүй гэх тайлбарыг үндэслэн өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй.

 

Иймд ...шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ...хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, ...хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн... гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/01865 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 472 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхтүвшингийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч*******аас 2020.04.02-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,986,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Л.АТАРЦЭЦЭГ

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Х.ЭРДЭНЭСУВД