Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваагийн Уранчимэг |
Хэргийн индекс | 139/2019/00355/И |
Дугаар | 392 |
Огноо | 2019-09-24 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 392
2019 оны 09 сарын 24 өдөр Дугаар 139/ШШ2019/00392 Дундговь аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж тус шүүхийн “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Дундговь аймгийн ******* сумын 7-р багийн ******* тоотод оршин суух, Ч овогт М-н Б /*******/-ий нэхэмжлэлтэй,
Дундговь аймгийн Засаг даргад холбогдох Дундговь аймгийн Засаг даргын 2019 оны 6 сарын 27-ны Б/18 тоот захирамжийг хүчингүй болгуулах, эрхэлж байсан албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2019 оны 7 сарын 19-ний өдөр хүлээн авч, 2019 оны 7 сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Да, хариуцагчийн төлөөлөгч А.На, Б.Тү , нарийн бичгийн дарга С.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 онд 1-р цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтанд орж тэнцэж, 2016 оны 12 сарын 15-ны өдөр Б/78 тоот захирамжаар ажилд томилогдон, эрхлэгчийн ажлыг хүлээн авч алдаа зөрчил гаргалгүй ажиллаж байсан. Гэтэл 2019 оны 6 сарын 28-ны өдөр аймгийн Засаг даргын Б/18 тоот ажлаас чөлөөлөх тухай захирамжийг гэнэт хүлээн авч, 2019 оны 7 сарын 2-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. Би Засаг даргын захирамжид дурдсан зөрчил гаргаагүй, ажлаа сайн хийж гүйцэтгэж байсан гэж үзэж байна. Иймд Дундговь аймгийн Засаг даргын 2019 оны 6 сарын 27-ны Б/18 тоот захирамжийг хүчингүй болгож, эрхэлж байсан албан тушаалд томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү, би нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч А.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчил дутагдлыг гаргасан гэх үндэслэл тогтоогдсон. Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5 дахь заалтыг үндэслэн тус тушаалыг гаргасан. Хүний эрхийн үндэсний комиссоос 2019 оны 4 сард 1-р цэцэрлэгт шалгалт явуулаад нэхэмжлэгчийн гаргасан зөрчилтэй холбогдуулаад албан шаардлага ирүүлсэн байсан. 2017 онд нэхэмжлэгч цэцэрлэгийн хүүхдийн үдийн цайнд хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн худалдан авч өгсөн болох нь мэргэжлийн хяналтын газраар тогтоогдож арга хэмжээ авагдсан. Мөн 2018 оны 2 сард нэхэмжлэгч өөрийнхөө төрсөн дүүг ажилд томилохдоо нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийг зөрчиж сахилгын шийтгэлийг удаа дараа хүлээсэн. 2019 онд 1-р цэцэрлэгийн эцэг эхийн төлөөллөөс нэхэмжлэгчтэй холбоотой гомдол гаргасан. Гэх мэтээр ийм олон удаа зөрчил гаргасан учраас нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Б.Т р шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийг анх аймгийн Засаг дарга ажилд томилсон. Ажилд томилохдоо Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулиудыг мөрдөж ажиллах талаар хэлж байсан. Нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлөхөөс өмнө 2019 оны 5 сарын 14-ний өдөр ажлаас ямар үндэслэлээр чөлөөлөх гэж байгаа талаар мэдэгдэл өгсөн боловч нэхэмжлэгч ямар нэгэн хариу өгөөгүй. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн заалт бүрээр аймгийн Засаг дарга тайлбар өгсөн байгаа гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан бүх баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч М.Б нь Дундговь аймгийн Засаг даргад холбогдуулан Дундговь аймгийн Засаг даргын 2019 оны 6 сарын 27-ны Б/18 тоот захирамжийг хүчингүй болгуулах, эрхэлж байсан албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч тал “Хариуцагч нь нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа ******* сумын Засаг даргыг оролцуулан байгуулсан нь хууль зөрчсөн. Мөн нэг ажлын байранд хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээ байгуулсан нь буруу. Нэхэмжлэгч М.Б нь хамгийн сүүлд сахилгын шийтгэл хүлээснээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн байгаа тул сахилгын шийтгэлгүйд тооцогдох ёстой. Өөрөөр хэлбэл сахилгын шийтгэлийг давтан гаргасан гэж үзэх боломжгүй. Засаг дарга захирамждаа удирдлага болгосон “Хүний эрхийн үндэсний комиссын шаардлага” нь Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний гарын үсэгтэй боловч референт Ба гэж хүн хяналт шалгалт хийсэн зөрчилтэй, уг албан шаардлагад зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцохыг зааснаас биш ажлаас халахыг шаардаагүй байхад ажлаас халсан байгаа. Мөн дээрх шаардлагад дурдсан зарим зөрчилд нэхэмжлэгч сахилгын шийтгэлээ хүлээсэн байхад энэхүү шаардлагыг баримтлан ажлаас халсан нь нэг зөрчилд дахин сахилгын шийтгэл ногдуулсан гэж ойлгогдохоор байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй” гэж,
Хариуцагч тал: “Засаг дарга М.Б-ийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчил давтан гаргасан гэж үзэж ажлаас халсан. Удаа дараа зөрчил гаргаж сахилгын шийтгэл хүлээж байсан нь хэрэгт цугларсан бичгийн баримтаар нотлогдож байгаа. Хүний эрхийн үндэсний комиссын албан шаардлага ирсэн даруйд аймгийн Засаг дарга нэхэмжлэгчийг дуудсан боловч ирээгүй, тайлбар өгөөгүй. Энэ албан шаардлагад ямар нэг гомдол гаргаагүй тул хүчин төгөлдөр гэж үзэж байгаа. Цаашид нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээг үргэлжлүүлж ажиллуулах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тус тус тайлбарлан мэтгэлцэж байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хариуцагч нь нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа ******* сумын Засаг даргыг оролцуулан байгуулсан нь хууль зөрчсөн. Мөн нэг ажлын байранд хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээ байгуулсан нь буруу гэж мэтгэлцэж байх боловч талууд хөдөлмөрийн гэрээг хууль зөрчиж байгуулсан эсэх, нэг ажлын байранд хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээ байгуулсан нь буруу эсэхийг тогтоолгох талаар нэхэмжлэлийн шаардлагад байхгүй тул энэхүү тайлбарыг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн захирамждаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын 2019 оны 5 сарын 3-ны өдрийн 2/16 дугаар албан шаардлага, Хөдөлмөрийн гэрээний 3.2.2.6, 3.2.2.8 дахь заалтуудыг үндэслэл болгосон байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болохоор заасан байна. Ажил олгогчийн нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2.2.6-д “Хамт олны санал, гомдол 2 ба түүнээс дээш удаа удирдах байгууллагад ирсэн, тухайн асуудлаар арга хэмжээ авахуулсан /Аймаг, сумын засаг дарга, БСУГ, БСШУЯ/”, 3.2.2.8-д “Мэргэжлийн байгууллагын шалгалтаар холбогдох хууль, журмын заалтыг давтан зөрчсөн” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч нь удаа дараа сахилгын шийтгэл хүлээж байсан боловч хамгийн сүүлд 2018 оны 3 сарын 2-ны өдөр /хх-ийн 50-рт/ сахилгын шийтгэл хүлээснээс хойш ажлаас чөлөөлөгдөх хүртэл сахилгын шийтгэл хүлээгээгүй байх тул хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.
Хэрэгт цугларсан бичгийн баримтаар хамт олны санал, гомдол 2 ба түүнээс дээш удаа удирдах байгууллагад ирсэн, тухайн асуудлаар арга хэмжээ авахуулсан болох нь нотлогдохгүй байна. Хөдөлмөрийн гэрээний 3.2.2.8-д нэг зөрчлийг давтан гаргасан гэж заагаагүй байх ба холбогдох хууль журмын заалтыг давтан зөрчсөн гэж зааснаас харахад хууль журмын заалтыг зөрчсөн зөрчлийг давтан гаргасан нь мэргэжлийн байгууллагын шалгалтаар тогтоогдсон байхыг ойлгохоор байна. Ажилтан хууль болон журмыг зөрчсөн зөрчил тус бүрд шалгалт хийгдэж тогтоогдсон байхыг шаардахгүй бөгөөд нэг шалгалтаар олон зөрчил тогтоогдсоныг дээрхи үндэслэлд хамааруулан ойлгоно.
Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын 2019 оны 5 сарын 3-ны өдрийн 2/16 дугаартай шаардлагыг /хх-ийн 38-42-рт/ хариуцагч хүлээн авч 2019 оны 5 сарын 14-ний өдөр /хх-ийн 52-рт/ нэхэмжлэгчид хүргүүлсэн болохыг нэхэмжлэгч М.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж байна. Хүний эрхийн үндэсний комиссын дээрхи шаардлагад шаардлага хүлээн авсан болон зөрчил гаргасан этгээдүүдийн хэн аль нь гомдол гаргаагүй тул шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. Энэхүү шаардлагаар нэхэмжлэгч М.Б нь холбогдох хууль журмын заалтуудыг зөрчиж 9 төрлийн зөрчил гаргасан болох нь нотлогдсон байх тул энэхүү зөрчлийг үндэслэн хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь ажлаас үндэслэлгүй халсан тул ажилд эгүүлэн тогтоолгоно гэж тайлбарлаж байгаа нь хэрэгт цугларсан баримтаар үгүйсгэгдэж үндэслэлгүй халагдсан болох нь тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.2-т зааснаар М.Б-ий гаргасан Дундговь аймгийн Засаг даргад холбогдох Дундговь аймгийн Засаг даргын 2019 оны 6 сарын 27-ны Б/18 тоот захирамжийг хүчингүй болгуулах, эрхэлж байсан албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ Д.У