Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 630

 

 

 

 

 

 

   2019 оны 03 сарын 13 өдөр

      Дугаар 181/ШШ2019/00630

         Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Пийс цамхаг, 1001 тоотод байрлах “Э Г Г ” ХХК /рд:2789493/-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө 13, “UBH” төвийн 8 давхарт байрлах, “М Т З ” ТӨХК /РД:5214203/,

Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж, 4/4, Макс тауэр 2 давхарт байрлах, “М У Х Б ” ХХК /РД:5461626/-д тус тус холбогдох,

Гэрээний үлдэгдэл төлбөр 2 683 577 500 төгрөгийг “М Т З ” ТӨХК-аас гаргуулах, санхүүжилтийг шийдвэрлэхийг “М У Х Б ” ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийг тус шүүх 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ю.Энхсайхан, түүний өмгөөлөгч М.Бадрал, хариуцагч “М Т З ” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амгалан, Б.Сарантуяа, хариуцагч “М У Х Б ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинзориг, Т.Пүрэвсүрэн, Г.Гантогтох, өмгөөлөгч Н.Мөнгөнтуяа, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Зам тээврийн хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Очхүү, нарийн бичгийн даргаар Г.Сэлэнгэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: “Э Г Г ” ХХК нь “М Т З ” ТӨХК-тай 2011-03-11-ний өдөр 1/002 тоот Инженер-геологи, геотехникийн ажлын гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу “Э Г Г ” ХХК нь Дорнод аймгийн төв Чойбалсан-Хөөт, Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт, Дорноговь аймгийн Сайншанд, Өмнөговь аймгийн Таван толгой-Даланзадгад сум хүртэлх чиглэлд нийт 1165 км баригдах шинэ төмөр замын нарийвчилсан чиглэлийн дагуу гүүрэн байгууламж, трасс, ус өнгөрүүлэх байгууламжийн ажлын зургийн шатны ТЭЗҮ төсөл боловсруулахад зориулсан инженер-геологи, геотехникийн судалгааг ажлын техникийн даалгаврыг үндэслэн 4 үе шаттайгаар хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн. Үүнд 1-р үед, 1165 км төмөр замын далан, ус өнгөрүүлэх хоолойн инженер-геологи, геотехник, гидрологийн судалгаа, 2-р үед, гүүрэн байгууламжийн судалгаа, 3-р үед, өртөө зөрлөгүүдийн байгууламжуудын судалгаа, 4-р үед мониторингийн судалгаа гэсэн 4 үе шаттай судалгааны ажлыг хийж гүйцэтгэх болсон.

Гэрээний дагуу “Э Г Г ” ХХК нь туслан гүйцэтгэгч 10 компанийн хамтаар 1-р үе шатны 1165 км төмөр замын далан, ус өнгөрүүлэх хоолойн инженер- геологи, геотехник, гидрологийн судалгааны ажлыг 2011 онд хийж гүйцэтгэсэн ба судалгааны 16 багц 150 дэвтэр тайлангуудыг 2012-10-31-ний өдөр “М Т З ” ТӨХК-д хүлээлгэн өгсөн. Уг 16 багц тайлангуудад гэрээний дагуу Барилгын - Хөгжлийн Төвийн улсын 5 экспертүүд магадлал хийж, 2013-09-24-ний өдөр экспертизийн нэгдсэн дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтэд тусгагдсан шаардлагын дагуу 150 дэвтэр тайланг 30 дэвтэр тайлан болгон нэгтгэж Барилгын хөгжлийн төвийн экспертизээр баталгаажуулан “М Т З ” ТӨХК-д хүлээлгэн өгсөн. Захиалагчийн техникийн зөвлөх Япон улсын “Ниппон Коей” ХХК-аас ирүүлсэн техникийн даалгаврын дагуу нэмэлт судалгааны ажлуудыг “Э Г Г ” ХХК нь өөрийн хөрөнгөөр 2013-2014 оны өвөл, хавар хийж судалгааны материалуудыг хүлээлгэн өгсөн. “М Т З ” ТӨХК нь 1-р үе шатны ажлын санхүүжилтын урьдчилгаа 1,073,430,994 төгрөгийг 2013-03-07-ны өдөр, дундын санхүүжилт 1,610,146,000 төгрөгийг 2014-01-03-ны өдөр, нийт 2,683,576,994 төгрөгийг “Э Г Г ” ХХК-д төлсөн.

2014-11-19-ний өдөр талууд дээрх гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, ажлын техникийн даалгавраас 2, 3, 4-р үе шатны судалгааны ажлуудыг хасч, ажлын хэмжээг зөвхөн 1165 км далан, ус өнгөрүүлэх хоолойн инженер-геологи, геотехник, гидрологийн судалгааны ажил хийж гүйцэтгэнэ гэж өөрчилсөн. Мөн гэрээний 16 дугаар зүйлийн 16.1-д ажлын хөлсний хэмжээ нийт 14,176,398,000 төгрөг гэж заасныг “Энэхүү гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд шаардагдах ажлын хөлс нь нийт

5,378,686,000 төгрөг байна” гэж өөрчилсөн. Бас гэрээний 17 дугаар зүйлийн 17.2 дахь заалтыг “Ажлын хөлсний үлдэх 50 /тавь/ хувийг эрх бүхий байгууллага болон Захиалагчийн техникийн зөвлөхийн зохих хяналтыг тавьж, ажлыг чанартай гүйцэтгэсэнд тооцож баталгаажуулснаар Хөгжлийн банкны санхүүжилтын эрх олгогдсоноос хойш ажлын 10 хоногт багтаан төлнө” гэж өөрчилсөн.

“Э Г Г ” ХХК нь уг гэрээний нэмэлт, өөрчлөлтийн дагуу захиалагчийн техникийн зөвлөх Япон улсын “Ниппон Коей” ХХК-аар ажлын тайланг хянуулж ажлын шатны зураг төсөл зохиоход шаардлага хангасан гэдгийг баталгаажуулан 2015-01-05-ны өдөр “Монголын Томөр Зам” ТӨХК-д хүлээлгэн өгч, талууд 2015-01-10-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдсэн. Гэрээ дүгнэсэн актаар “Э Г Г ” ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзсэн ба “М Т З ” ТӨХК нь Засгийн газрын 2013-01-26-ны өдрийн 28 дугаар тогтоолын дагуу ажлын хөлсний үлдэгдэл 2 683 577 500 төгрөгийг “Э Г Г ” ХХК-д төлөхөөр болсон.

Дээрх гэрээт ажлыг “Э Г Г ” ХХК, туслан гүйцэтгэгч компаниуд нь банк, банк бус санхүүгийн байгууллагуудаас зээл авч гүйцэтгэсэн бөгөөд гэрээний үлдэгдэл санхүүжилтээ авч чадахгүй байгаагаас зээл, зээлийн хүүгийн төлбөр нэмэгдэж, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өр хуримтлагдсан, ажилчдын цалингаа тавьж чадахгүй болсон зэрэг санхүүгийн олон хүндрэлүүд үүсээд байна.

“М Т З ” ТӨХК-аас гэрээний үлдэгдэл санхүүжилтыг 2015, 2016 онуудад удаа дараа нэхэмжилж албан тоот явуулсан боловч одоо болтол нэг ч төгрөг төлөөгүй байна. “М Т З ” ТӨХК нь манай компанид 2015, 2016, 2017 оны Төсвийн тухай хуулиар баталсан Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх эх үүсвэрийн жагсаалтад танай ажил ороогүй учраас шийдвэрлэх боломжгүй байна гэсэн хариу өгдөг байсан. Монгол Улсын Их Хурлаас 2017-02-10-ны өдөр М У Х Б ны тухай хуулийг шинэчлэн баталсан бөгөөд уг хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д “Улсын Их Хурал Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх төслийн жагсаалтыг тусгайлан батлахгүй”, 23 дугаар зүйлийн 23.2-д “Засгийн газар Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг тусгайлан батлахгүй” гэж тус тус заасан байна.

Иймд “М Т З ” ТӨХК-ийг хариуцагчаар татаж, 2011-03-11-ний өдрийн 1/002 тоот Инженер-геологи, геотехник, гидрологийн судалгааны ажлын гэрээний ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 2,683,577,500 төгрөгийг “Э Г Г ” ХХК-д гаргуулах нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлсэн:

Талуудын хооронд байгуулагдсан 2011-03-11-ний өдрийн 1/002 тоот Инженер-геологи, геотехникийн ажлын гэрээний 23 дугаар зүйлийн 23.3-д зааснаар захиалагч нь мөнгөн төлбөрийн үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх хэмжээний алданги гүйцэтгэгчид төлөхөөр заасан. Э Г Г  ХХК нь 2016-09-26-нд М Т З  ТӨХК-аас авах ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 2 683 577 500  төгрөг байгааг баталгаажуулснаас хойш нийт 270 хоногийн алданги нэхэмжлэх эрхтэй байна. Иймд хариуцагч М Т З  ТӨХК-аас 270 хоногийн алдангид /2,683,577.5 төгрөг*270 хоног/ нийт 724,565,925 төгрөг нэмж нэхэмжилжсэн боловч хэрэг шийдэгдэхгүй удааширсан тул нэмж 100 хоногийн алданги 268,357,750 төгрөгийг нэмэгдүүлэн нийт 370 хоногийн алдангид гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 37 хувь болох 992,923,675 төгрөг болгож нэхэмжилсэн.

Нэхэмжлэгч нь хариуцагч М Т З  ТӨХК-аас гаргасан алдангийг нэхэмжлэлийн шаардлагын дүнгээс хасуулах хүсэлт гаргасныг харгалзан үзэж, шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр болох 2017-03-18-ны өдрөөс хойш бодож нэхэмжилсэн алдангийг хасч, алдангийн хэмжээг 531,348,345 төгрөгөөр багасгасан. Ингэснээр хариуцагчаас нэхэмжилж байгаа алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 17,2 хувь буюу 461,575,330 төгрөг болгосон байгаагаа дэмжиж байна.

М У Х Б  нь Монгол Улсын Их Хурлын 2011 оны “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 15 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Засгийн газрын 2011 оны 266 дугаар тогтоолын дагуу “Шинэ төмөр зам төсөл”-ийг хэрэгжүүлэхэд шаардагдах 55 сая ам.долларын санхүүжилтийг, мөн Засгийн газрын 2013 оны 28 дугаар тогтоол, түүний 1 дүгээр хавсралтын дагуу Э Г Г  ХХК, М Т З  ТӨХК нарын хооронд байгуулагдсан 2011-03-11-ний өдрийн 1/002 тоот Инженер-геологи, геотехникийн ажлын гэрээний санхүүжилтийн 5,367,155,000 төгрөгийг М Т З  ТӨХК-д олгох үүрэгтэй байсан байна.

М У Х Б  нь Э Г Г  ХХК, М Т З  ТӨХК нарын хооронд байгуулагдсан 2011-03-11-ний өдрийн 1/002 тоот Инженер- геологи, геотехникийн ажлын гэрээний санхүүжилтыг олгох үүргээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яам, Зам тээврийн яам, М Т З  ТӨХК-уудтай 55 сая ам.долларын үнийн дүнтэй, З-ТЗ-Б 2013/5 дугаартай “Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай” гэрээг 2013- 02-20-ны өдөр байгуулсан. Үүний дараа 2013-03-07-ны өдөр М Т З  ТӨХК нь эхний санхүүжилтийн 1,073,430,994 төгрөгийг, 2014-01-03-ны өдөр дундын санхүүжилтийн 1,610,146,000 төгрөгийг тус тус Э Г Г  ХХК-д шилжүүлсэн, үлдэгдэл 50 хувийн төлбөрийг одоо болтол шилжүүлээгүй байгаа.

Э Г Г  ХХК нь Засгийн газрын 2013 оны 28 дугаар тогтоол гарахаас өмнө уг тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан нийт 5,367,154,494 төгрөгийн ажлыг 2011-2012 онд хийж дуусгасан байсан. 2012-10-31-ний өдөр ажлын тайлангаа М Т З  ТӨХК-д хүлээлгэн өгсөн, 2013-09-24-ний өдөр ажлын тайланд улсын экспертүүд магадлал хийж, экспертизийн нэгдсэн дүгнэлтээ гаргасан байсан.

Э Г Г  ХХК-ийн зүгээс үлдэгдэл 50 хувийн санхүүжилт авахад шаардлагатай бүх ажлыг гүйцэтгэсэн боловч М У Х Б  уг санхүүжилтийг М Т З  ТӨХК-д олголгүй, үүргээ зөрчсөн.

Иймд М У Х Б ийг хамтран хариуцагчаар татуулж, Э Г Г  ХХК, М Т З  ТӨХК нарын хооронд байгуулагдсан 2011-03- 11-ний өдрийн 1/002 тоот Инженер-геологи, геотехникийн ажлын гэрээний санхүүжилтийг холбогдох журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг М У Х Б инд даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Гэвч М У Х Б  болон М Т З  ТӨХК-аас тус шүүхэд гаргасан хариу тайлбарууд бусад нөхцөл байдлаас үзээд 2011-03-11-ний өдрийн 1/002 тоот Инженер-геологи, геотехникийн ажлын гэрээний санхүүжилтийг М У Х Б  биш, харин Сангийн яамнаас М Т З  ТӨХК-д олгох боломжтой гэж ойлгогдож байна.

Иймд М У Х Б инд холбогдуулан гаргасан Э Г Г  ХХК, М Т З  ТӨХК нарын хооронд байгуулагдсан 2011-03-11-ний өдрийн 1/002 тоот Инженер-геологи, геотехникийн ажлын гэрээний санхүүжилтийг холбогдох журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг М У Х Б инд даалгах шаардлагаасаа татгалзаж, түүнийг хариуцагчаар тодорхойлсон хэсгээсээ татгалзаж байна.

Харин 2011-03-11-ний өдрийн 1/002 тоот Инженер-геологи, геотехникийн ажлын гэрээний хөлсний үлдэгдэл төлбөр 2,683,577,500 төгрөгийг, М Т З  ТӨХК-тай тооцоо нийлсэн 2016-09-26-ны өдрөөс 2017-03-18-ны өдрийг хүртэлх 172 хоногийн алданги 461,575,330 төгрөгийн хамт нийт 3,145,152,830 төгрөгийг М Т З  ТӨХК-аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага хэвээр тул энэхүү шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч “М Т З ” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Гэрээний нөхцөлийн тухайд: Засгийн газрын 2010 оны 11 сарын 03-ны өдрийн 283 дугаар тогтоолоор “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын 3.2.2-т заасан эхний үе шатны төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “М Т З ” ТӨХК-д олгохдоо тухайн ажлыг эхлүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг хэрхэн гаргах асуудлыг хамтад нь шийдвэрлэсэн. Тодруулбал, тогтоолын 2-т “...М У Х Б аар дамжуулан шийдвэрлэх арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хороонд даалгасугай” гэжээ. Мөн Монгол Улсын Их Хурлын 2011 оны 02 сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоолоор Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого (цаашид “Бодлого” гэх)-д заасан төсөл, хөтөлбөрийг Хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр 2011 оноос хэрэгжүүлж эхлэхийг Засгийн газарт үүрэг болгосон.

УИХ-ын энэхүү тогтоолыг үндэслэн Засгийн газрын 2011 оны 08 сарын 31-ний өдрийн 266 дугаар тогтоол гарч “Шинэ төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд шаардагдах 55,0 сая ам.долларын санхүүжилтийг 2011 онд багтаан зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсөн. Ийнхүү санхүүжилт шийдэгдэх хүртэл “Э Г Г ” ХХК нь инженер, геологийн судалгааны ажлыг эхний ээлжинд өөрийн санхүүжилтээр гүйцэтгэх сонирхлоо илэрхийлж манай компанитай 2011 оны 03 сарын 09-ний өдөр Санамж бичиг үйлдсэн.

Дээр дурдсан төр, засгийн шийдвэрүүд, Санамж бичигт дурдсан ажил гүйцэтгэгчийн сонирхлыг харгалзан төлбөр төлөхтэй холбоотой гэрээний гол нөхцөлийг М У Х Б ны санхүүжилттэй уялдуулж харилцан тохиролцсоноор талуудын хооронд 1/002 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ 2011 оны 03 сарын 11-ний өдөр байгуулагдсан юм.

Дээрх нөхцөл байдлаас, уг ажлыг Хөгжлийн банкны зээлийн эх үүсвэрээс санхүүжүүлэх болон үүнээс хамаарч болох эрсдлийг талууд гэрээ байгуулах үеэс мэдэж байсан гэдгийг тодорхой харж болно.

Түүнчлэн 1/002 дугаартай гэрээний нөхцөл ёсоор, Захиалагч ажлын хөлсний үлдэх 50 хувийг төлөх үүргээ гүйцэтгэх хугацаа нь Хөгжлийн банкны санхүүжилтийн эрх олгогдсоноос хойш ажпын 10 хоногт багтаах юм.

С'

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.6-д “Гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол үүргийн зүйлийг өөр этгээдээс хүлээн авах ёстой байсан үүрэг гүйцэтгэгч түүнийгээ авч чадахгүйгээс үүрэг биелээгүй бол үүнээс үүдэн гарах хариуцлагыг өөрөө хүлээнэ.” гэж заасан. Хзрэв гэрээнд өөрөөр заасан бол хуулийн энэ зохицуулалт үйлчлэхгүй буюу эсрэг утгаар нь ойлгож болохоор байна. Мөн талуудын хооронд байгуулсан 1/002 дугаартай гэрээний 23 дугаар зүйлийн 23.6-д “...Захиалагч төрийн эрх бүхий байгууллагаас хамааралтайгаар гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд саад учирсан тохиолдолд Захиалагчийн үүрэг тухайн нөхцөлийг арилах хүртэл хугацаагаар хойшилно.” гэж заасан.

           Ажлын санхүүжилтийн тухайд: Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод заасан шинээр барих төмөр замын төсөл нь аж ахуйн нэгж байтугай улс дангаараа өөрийн дотоод нөөц хөрөнгөөр хэрэгжүүлэх боломжгүй өндөр өртөгтэй, Монгол улсад төдийгүй дэлхийд томоохонд тооцогдох онцгой төсөл юм. Улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой энэхүү томоохон төслийг хэрэгжүүлэхдээ бид салбарын яамны шууд удирдлага дор тухай бүр чиглэл авч төр, засгийн бодлоготой уялдуулж хэрэгжүүлсэн бөгөөд хэрэв манай компани өөрийн үйл ажиллагааны орлогын эх үүсвэрээс санхүүжүүлэх байсан бол бид энэ ажлыг анхнаасаа эхлүүлэхгүй, “Э Г Г ” ХХК ч энэ ажлыг гүйцэтгэхгүй байх байсан. Тийм ч учраас төрийн бодлогын хүрээнд төмөр замын төсөлд шаардлагатай санхүүжилтийн асуудлаар Улсын Их Хурлын 2011 оны 15, 2012 оны 52 дугаар тогтоол, Засгийн газрын 2011 оны 266, 2013 оны 28 ба 82 дугаар тогтоолууд тус тус гарч, өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэрэгжиж байна. Мөн 1/002 дугаартай гэрээг байгуулахдаа “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын 2011 оны 15 дугаар тогтоолын 1.2, Засгийн газрын 2010 оны 283 дугаар тогтоолыг талууд харгалзан үзсэн болохыг тус гэрээний 1.2-т дурдсан байдаг.

Төр, засгийн дээрх шийдвэрүүдэд зааснаар, төмөр замын ажлын энэхүү санхүүжилт нь Хөгжлийн банкны зээлээр олгох, уг зээлийг тухайн жилийн улсын төсөвт тусгах замаар эргэн төлж, төслийг хэрэгжүүлэх компанид төрөөс оруулсан хувь хөрөнгөд тооцон бүртгэх хөрөнгө юм. М У Х Б ны тухай хуулийн 4.1-д “М У Х Б  нь энэ хуулийн 8.1-д заасан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилго бүхий энэ хуульд заасан үйл ажиллагааг эрхлэх тусгайлсан чиг үүрэгтэй ашгийн төлөө төрийн өмчит хуулийн этгээд байна.” гэж, мөн хуулийн 8.1-д “Хөгжлийн банк нь Улсын Их Хурлын баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг Улсын Их Хурал жил бүрийн хаврын чуулганаар батална.” гэж тус тус заасан.

Монгол Улсын Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 2 (2)-т зааснаар Засгийн газар нь шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, улсын төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулж Улсын Их Хуралд өргөж, гарсан шийдвэрийг биелүүлэх үндсэн бүрэн эрхтэй. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8-д зааснаар Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй. Өнгөрсөн хугацаанд манай компанийн зүгээс санхүүжилт олгох хүсэлтийг Зам, тээврийн яам болон Хөгжлийн банкинд удаа дараа гаргасан боловч Хөгжлийн банк нь Засгийн газрын 2011 оны 266, 2013 оны 28 ба 82 дугаар тогтоолд заасан төмөр замын төслийн санхүүжилтийг одоог хүртэл бүрэн олгоогүй байна. Ийнхүү УИХ, Засгийн газрын шийдвэрийг биелүүлээгүй Хөгжлийн банкны буруутай ажиллагааны улмаас уг хэргийн нэхэмжлэгчийн төдийгүй хариуцагчаар татагдсан манай компанийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол ноцтой зөрчигдөж байгаа тул нэхэмжлэлд дурдсан “М Т З ” ТӨХК-иас төлбөрийг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч “Э Г Г ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнд дараах тайлбарыг гаргаж байна.

Их хэмжээний санхүүжилт шаардагдах мега төсөл болох “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д заасан шинээр барих төмөр замын төсөл нь аж ахуйн нэгж байтугай улс дангаараа өөрийн дотоод нөөц хөрөнгөөр хэрэгжүүлэх боломжгүй, Монгол Улсад төдийгүй дэлхийд томоохонд тооцогдох улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой, зах зээлийн харилцааны онцлог бүхий төсөл юм. Иймээс энэхүү мега төслийг бид салбарын яамны шууд удирдлага дор тухай бүр чиглэл авч төр, засгийн бодлоготой уялдуулж хэрэгжүүлж эхэлсэн. Хэрэв манай компани өөрийн үйл ажиллагааны орлогын эх үүсвэрээс санхүүжүүлэх байсан бол бид энэ ажлыг анхнаасаа эхлүүлэхгүй байсан. Засгийн газрын 2010 оны 283 дугаар тогтоол нь манай компанид тусгай зөвшөөрөл олгосноос гадна уг төслийн ажлыг эхлүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг хамтад нь шийдвэрлэснээрээ онцлогтой. Санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэж өгсөн төр, засгийн шийдвэрүүд нь уг гэрээг байгуулж ажлыг эхлүүлэх үндсэн шалтгаан нь байсныг 1/002 дугаартай гэрээний 1.2 дахь заалтаас харж болно.

Санхүүжилттэй холбоотой Улсын Их Хурлын 2011 оны 15, 2012 оны 52 дугаар тогтоол, Засгийн газрын 2011 оны 266, 2013 оны 28 ба 82 дугаар тогтоолууд хүчин төгөлдөр байна. Засгийн газрын 2013 оны 28 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 2 дахь мөрөнд “Э Г Г ” ХХК-тай байгуулсан 1/002 дугаартай гэрээний төлбөрийн санхүүжилт нэр заан тусгагдсан. Төмөр замын ажлын санхүүжилт нь Хөгжлийн банкны зээлээр олгох, уг зээлийг тухайн жилийн улсын төсөвт тусгах замаар эргэн төлж, төслийг хэрэгжүүлэх компанид төрөөс оруулсан хувь хөрөнгөд тооцон бүртгэх хөрөнгө юм. Засгийн газрын 2013 оны 28 дугаар тогтоолын 3 дахь заалт, 2013 оны 82 дугаар тогтоолын 2 дахь заалтад тодорхой тусгасныг анхааран үзнэ үү. Талуудын маргаан бүхий иргэний эрх зүйн харилцаа нь 2011 оны М У Х Б ны тухай хуулийн үйлчлэлд хамаарахыг анхаарах шаардлагатай байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заажээ. Энэхүү зохицуулалтыг хэрэглэх гол нөхцөл бол хугацаа хэтрүүлсэн тал гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хэмжээгээр алданги төлөх учиртай.     Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсанчлан хариуцагч манай компани гэрээний нөхцөлийн дагуу алданги төлөх нь зүйн хэрэг билээ.

Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс төмөр замын ээврийн талаар баримтлах бодлого”-д заасан шинээр барих төмөр замын төсөл нь улсын дийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой, аж ахуйн нэгж байтугай улс дангаараа өөрийн дотоод нөөц хөрөнгөөр хэрэгжүүлэх боломжгүй  мега төсөл гэдэг нь тодорхой юм.

Мега төслийн онцлог нь төслийн санхүүжүүлэгч, төсөл хэрэгжүүлэгч, төслийн гүйцэтгэгчийн аль нэг нь байхгүйгээр хэрэгжих боломжгүй байдаг бөгөөд төсөл эрэгжүүлэгч нь төслийг хэрэгжүүлэхийн тулд хэдэн зуун гүйцэтгэгчтэй иргэний эрх зүйн харилцаанд ордог, энэ бүх харилцааны гэрээ, хэлцэлд төслийн санхүүжүүлэгч Тал болон оролцох бодит боломж байдаггүй. Ийнхүү төслийн гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээ болгонд төслийн санхүүжүүлэгч нэг тал нь болж оролцдог жишиг олон улсын харилцаанд ч байхгүй. “Э Г Г ” ХХК нь уг ажлын санхүүжилтийн эх үүсвэрийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр, 100 хувь төрийн өөрийн хөрөнгөөр үүсгэн байгуулагдсан, томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх тусгайлсан чиг үүрэгтэй Хөгжлийн банкаар дамжуулан Монгол Улсын төр санхүүжүүлнэ гэдгийг анхнаасаа маш сайн мэдэж байсан, тийм ч учраас гүйцэтгэгч төрд бүрэн итгэл үзүүлж санхүүжилт шийдэгдтэл өөрийн санхүүжилтээр ажлыг гүйцэтгэх сонирхлоо илэрхийлж 1/002 дугаартай гэрээ байгуулагдсан. Үүнийг гэрээ болон санамж бичгээс тодорхой харж болно.

Гүйцэтгэгч нь удаашралтай байгаа үлдэгдэл төлбөрийн санхүүжилтийг шийдвэрлүүлэхээр Зам, тээврийн яам (одоогийн Зам, тээврийн хөгжлийн яам)-нд олон удаа хүсэлт хүргүүлсэн байдаг. “М Т З ” ТӨХК уг санхүүжилтийг шийдвэрлүүлэхээр холбогдох газруудад хандсаар байна. Үүний үр дүнд өнөөдрийн байдлаар санхүүжилтийн асуудал Зам, тээврийн хөгжлийн яамнаас цааш Сангийн яаманд хүргэгдсэн, Сангийн яам 2018 оны төсвийн төсөлд тусгахаар зарчмын тохиролцоонд хүрсэн байдалтай байна. Энэ ажлын явцын талаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас “Э Г Г ” ХХК-д албан бичиг хүргүүлсэн байх тул нэхэмжлэгч нөхцөл байдлыг сайн мэдэж байгаа.

Гэсэн атал нэхэмжлэгч бодит нөхцөл байдал, гэрээний нөхцөлийг үгүйсгэж, хариуцагч үүрэг гүйцэтгэх хугацаагаа хэтрүүлсэн хэмээн их хэмжээний алданги нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Зам тээврийн яам, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М Т З  ТӨХК-д холбогдох Эко гидро ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч “Э Г Г ” ХХК болон М Т З  ТӨХК-тай “Инженер-геологи геотехникийн ажлын гэрээ”-г 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас Хөгжлийн банкинд Шинэ төмөр зам төслийн үлдэгдэл санхүүжилтийг олгохыг хүссэн хүсэлтийг Хөгжлийн банкинд 2014 онд 1/48 тоот, 2015 оны 03/290, 03/384 тоот албан бичгээр, 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 03/690 тоот албан бичгээр тус тус хүргүүлсэн.

Мөн Зам, тээврийн хөгжлийн яамнаас “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөрийг 2017 оны төсвийн тодотголын хуулийн төсөлд тусгах хүсэлтийг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 02/733 тоот албан бичиг, 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 01/3569 тоот албан бичгээр Сангийн яаманд тус тус хүргүүлсэн гэв.

Шүүх, талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Э Г Г ” ХХК нь анх хариуцагч “М Т З ” ТӨХК-д холбогдуулан 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдөр “Э Г Г ” ХХК болон “М Т З ” ТӨХК нарын хооронд байгуулагдсан 1/002 дугаартай “Инженер-геологи, геотехникийн ажлын гэрээ”-ний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 2 683 577 500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 270 хоногийн алдангид 724 565 500 төгрөг, мөн 100 хоногийн алдангид 268 357 750 төгрөгийг гаргуулахаар болон хамтран хариуцагчаар М У Х Б  ХХК-ийг татаж, түүнд холбогдуулан “Э Г Г ” ХХК, М Т З  ТӨХК нарын хооронд байгуулагдсан 2011-03-11-ний өдрийн 1/002 тоот Инженер-геологи, геотехникийн ажлын гэрээний санхүүжилтийг холбогдох журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг М У Х Б  ХХК-д даалгах нэхэмжлэлийг тус тус нэмэгдүүлсэн гаргажээ.

Хариуцагч нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд нэхэмжлэгч нь хариуцагч М У Х Б  ХХК-д холбогдуулан гаргасан “Э Г Г ” ХХК, М Т З  ТӨХК нарын хооронд байгуулагдсан 2011-03-11-ний өдрийн 1/002 тоот Инженер-геологи, геотехникийн ажлын гэрээний санхүүжилтийг холбогдох журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг даалгах нэхэмжлэлээсээ татгалзаж, зөвхөн хариуцагч М Т З  ТӨХК-д холбогдуулан гаргасан, гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 2 683 577 500 төгрөг, алданги 461 575 330 төгрөг, нийт 3 145 152 830 төгрөг гаргуулах нэхэмжлэлээ шийдвэрлүүлэхээр дэмжиж оролцсон.

Шүүх, хэргийг хянан хэлэлцэхэд доорх үйл баримт тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Монгол Улсын Их хурлын 2010 оны 32 дугаар тогтоолоор “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого” батлагдаж, эхний үе шатны төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг Засгийн газрын 2010 оны 283 дугаар тогтоолоор “М Т З ” ТӨХК-д олгосны дагуу “М Т З ” ТӨХК болон “Э Г Г ” ХХК-ийн хооронд харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулан “Э Г Г ” ХХК нь төмөр замын суурь бүтцийг барих барилгын ажлын нөхцөлийг хангах, бэлтгэхтэй холбоотойгоор Инженер геологийн судалгааны ажилд салбарын тэргүүлэх компаниудаас бүрдсэн консерцум байгуулан эхний ээлжинд өөрсдийн санхүүжилтээр оролцохоор харилцан тохиролцсон байна. /1 дүгээр хавтас 33-34 тал/.

2011 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 1/002 дугаартай “Инженер-геологи геотехникийн ажлын гэрээ”-гээр “Э Г Г ” ХХК нь “М Т З ” ТӨХК-ийн захиалгын дагуу гүйцэтгэгч нь өөрийн мэргэжлийн өндөр мэдлэг чадварыг ашиглан Даланзадгад - Таван толгой - Цагаансуварга - Сайншанд - Баруун-Урт - Хөөт - Чойбалсан чиглэлд баригдах шинэ төмөр замын батлагдсан трассын дагуу инженер-геологи, геотехникийн хээрийн болон лабораторын судалгааны ажлыг хийж гүйцэтгэх, “М Т З ” ТӨХК нь ажлын хөлсөнд нийт 14 176 398 000.00 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ. /1 дүгээр хавтас 8-26 тал/.

Энэхүү гэрээний нэмэлт өөрчлөлтийг 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2 дугаартай гэрээг талууд байгуулан, 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 1/002 дугаартай “Инженер-геологи геотехникийн ажлын гэрээ”-ний 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалтыг үндэслэн талууд гэрээний Хавсралт №1 /Ажлын гэрээний даалгавар/, Гуравдугаар бүлийн 16 дугаар зүйл /Ажлын хөлс/ болон 17 дугаар зүйл /Төлбөр тооцоо/-ийн ажлын хэмжээ, ажлын хөлс, төлбөр тооцоо төлөх хуваарьт өөрчлөлтүүд оруулсан ба Гэрээний 16 дугаар зүйлийн 16.1-д “Энэхүү гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд шаардагдах ажлын хөлс нь нийт 14,176,398,000.00 төгрөг байна” гэж заасныг “...5,378,686,000.00 төгрөг байна” гэж өөрчилсөн ба энэ талаар талууд харилцан тохирсон байдаг.\1 дүгээр хавтас 27 тал\

Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд нь 2011 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 1/852 тоот албан бичгээр М Т З  ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ж.Бат-Эрдэнэд ...шинэ төмөр замын суурь бүтцийг барьж байгуулах бэлтгэл ажлын хүрээнд геологи, геодези болон байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэх ажлыг яаралтай эхлүүлэх, ингэхдээ туршлага, чадавхи сайтай дотоодын компаниудаар гүйцэтгүүлэх ажлыг зохион байгуулах шаардлагатай талаар Чиглэл өгсөн байна.\1 дүгээр хавтас 28 тал\

“М Т З ” ТӨХК-ийн зүгээс 2011 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 1/71 болон мөн 2011 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 1/79 тоот албан бичгүүдээр “Э Г Г ” ХХК-д хандан дээрх гэрээнд заасан ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг олгосон бөгөөд тухайн ажил хийгджээ. /1 дүгээр хавтас 29-32 тал/

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг дагаж мөрдөхийг хуулийн 3.1-д заажээ. Уг хуулийн 4.1.1-д зааснаар төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, 50 буюу түүнээс дээш хувийн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан төсөл хэрэгжүүлэгч нь захиалагч байх бөгөөд захиалагч нь бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа хуулийн 7.1-д заасан тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгож, гэрээ байгуулахыг хуульчилсан байна. Хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “8.1.4-т заасан босго үнээс давсан үнэ бүхий бараа, ажил, үйлчилгээний тендер шалгаруулалтыг зарлан мэдээлэх, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахын өмнө төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авна” гэж заажээ. Түүнчлэн тендер ирүүлэх, тендерийг хянан үзэх, тендерийг үнэлэх, гэрээ байгуулах журмыг хуулийн 25, 27, 28, 29 дүгээр зүйлд зааж, захиалагч энэ хуулийн 53.1, 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэхээр мөн хуулийн 42.1, 42.1.2-т зохицуулсан байна.

Хуульд ийнхүү тусгайлан зохицуулсан байхад М Т З  ТӨХК нь Э Г Г  ХХК-ийг сонгож, ажил гүйцэтгэх гэрээг байгуулахдаа тендер шалгаруулалтын журмыг баримтлаагүй, гэрээг байгуулахдаа энэ хуулийн 53 дугаар зүйлд заасан зөвшөөрөл аваагүй байх тул тэдгээрийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр бус болжээ. М Т З  ТӨХК нь төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа хууль зөрчсөн, нөгөө талаас хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй тул тухайн хуулийг баримтлаагүй Э Г Г  ХХК-ийн хэн аль нь гэрээний хүчин төгөлдөр бусд буруутай гэж үзнэ.

Зохигч талуудын хооронд байгуулсан гэх 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 1/002 дугаартай “Инженер-геологи геотехникийн ажлын гэрээ” хүчин төгөлдөр бус учир гэрээний үүрэг үүсэхгүй, иймээс нэхэмжлэгч нь ажлын хөлс, алдангийг гэрээний дагуу шаардах эрхгүй болж байна. Харин хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэгч Э Г Г  ХХК нь тодорхой ажлын үр дүнг бий болгосон, энэ нь М Т З  ТӨХК-ийн гэрээнд заасан зорилгыг хангасан, хариуцагч нь уг хөрөнгөөр хөрөнгөжсөн байдал тогтоогдож байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 492.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүссэн үүрэг хожим хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй бөгөөд буцааж өгөх боломжгүй бол түүний үнийг төлөхийг хуулийн 493 дугаар зүйлийн 493.2-т заасан байх тул уг зохицуулалтын дагуу нэхэмжлэгч Э Г Г  ХХК нь шаардах эрхтэй гэж үзнэ.

Э Г Г  ХХК нь туслан гүйцэтгэгч 10 компанийн хамтаар 1-р үе шатны 1165 км төмөр замын далан, ус өнгөрүүлэх хоолойн инженер-геологи, геотехник, гидрологийн судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн ба судалгааны 16 багц 150 дэвтэр тайлангуудыг 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр М Т З  ТӨХК-д хүлээлгэн өгсөн нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд энэ талаар талууд маргаагүй.

Зохигч талууд 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Гэрээ дүгнэсэн акт үйлдсэн ба уг актын дүгнэлт 1-т. Гэрээний дагуу 1 дүгээр үе шатны ажил болох 1156 км далан, ус өнгөрүүлэх хоолой, инженер геологи, геотехник, гидрологийн судалгааны ажлыг “ЭГГ” ХХК нь Техник зөвлөх “Ниппон Коей” ХХК болон захиалагч талаар баталгаажуулж, талууд Ажлын бичиг баримт хүлээлсэн акт үйлдэн 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээлцсэн ба “ЭГГ” ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж “МТЗ” ТӨХК үзэв.

2-т. “ЭГГ” ХХК нь ЗГ-ын 28 дугаар тогтоолын дагуу ажлын үлдэгдэл 50 хувийн төлбөр болох 2,683,577,500 төгрөгийг нэхэмжилж, “МТЗ” ТӨХК-иас барагдуулснаар цаашид “ЭГГ” ХХК-д аливаа төлбөрийн асуудалгүй болно” гэж дүгнэж 2 тал гарын үсэг зурж баталгаажуулсан баримт үйлджээ./1 дүгээр хавтас 46-48 тал\

Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 105 дугаар хуудсанд Тооцооны үлдэгдлийн баталгаа №09-14/2016 гэсэн тооцоо нийлсэн актыг талууд үйлдсэн ба энэхүү актаар “...МТЗ ТӨХК нь 2 683 577 500 төгрөгийн өртэй гарсныг харилцан батлав” гэж 2 талын нягтлан бодогч нар гарын үсэг зурж, санхүүгийн тус тусын тэмдэг дарж баталгаажуулсан байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч М Т З  ТӨХК-иас 2 683 577 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э Г Г  ХХК-д олгуулж, нэхэмжлэлийн 461 575 330 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагч “М Т З ” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь  тухайн гэрээний санхүүжилтийг М У Х Б  ХХК хариуцах ёстой боловч үүргээ биелүүлээгүй гэж маргадаг боловч нэхэмжлэгч нь хариуцагчаар М У Х Б  ХХК-ийг тодорхойлж, түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасантай нийцнэ гэж дүгнээд, тухайн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг нь мөн хуулийн 74.5-д заасны дагуу тал хувиар буруулан тооцож хувиарлах үндэстэй гэж үзэв.

Мөн хариуцагч М Т З  ТӨХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хугацаа хэтрүүлсэн үүргийн зөрчилд 2 683 343 000.00 төгрөгийн алдангийг Э Г Г  ХХК-иас гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч тухайн шаардлагаасаа татгалзсан талаар 2 дугаар хавтаст хэргийн 117 дугаар хуудсанд 2018 оны 05 сарын 02-ны өдрийн 01/394 дүгээртэй албан бичиг авагдсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасны дагуу хариуцагч сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг нь баталж шийдвэрлэх ба улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13 574 665.00  төгрөгийн хэмжээг тал хувиар бууруулан тооцож хувиарлах нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэг, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэг заасныг баримтлан М Т З  ТӨХК болон нэхэмжлэгч Э Г Г  ХХК-ийн хооронд байгуулсан 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 1/002 дугаартай “Инженер-геологи геотехникийн ажлын гэрээ”-г хүчин төгөлдөр бус гэж үзэж, хариуцагч М Т З  ТӨХК-иас 2 683 577 500 /хоёр тэрбум зургаан зуун наян гурван сая таван зуун далан долоон мянга таван зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э Г Г  ХХК-д олгож, нэхэмжлэлээс 461 575 330 /дөрвөн зуун жаран нэгэн сая таван зуун далан таван мянга гурван зуун гучин/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э Г Г  ХХК нь хариуцагч М У Х Б  ХХК-д холбогдуулан гаргасан “Э Г Г ” ХХК, М Т З  ТӨХК нарын хооронд байгуулагдсан 2011-03-11-ний өдрийн 1/002 тоот Инженер-геологи, геотехникийн ажлын гэрээний санхүүжилтийг холбогдох журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа, мөн хариуцагч М Т З  ТӨХК нь нэхэмжлэгч Э Г Г  ХХК-иас 2 683 343 000.00 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /13.575.838+3.780.780+1.500.000+70.200/ нийт 18.926.818 төгрөгийн 18.891.718 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, үлдэх 35.100 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч М Т З  ТӨХК-аас /хангасан хэмжээ 2 683 577 500 төгрөгт ногдох/ 13 575 838 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Э Г Г  ХХК-д, хариуцагч М Т З  ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13 574 665 төгрөгийн тал хувь 6 787 332 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, үлдэх 6 787 332 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж, хариуцагч М Т З  ТӨХК-д тус тус олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2            дахь заалтад зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ТҮМЭНЦЭЦЭГ