Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2022/0090

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: МПМГ ХХК, РД:***

Хариуцагч: ТЕГ,

Маргааны төрөл: Татвар

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татварын улсын байцаагч У.А, Д.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч МПМГ ХХК нь ТЕГт холбогдуулан ТЕГ-ын нэхэмжлэгчийн албан татварын тооцооллыг хянаж, албан татварыг 36,925,874 төгрөгөөр илүү тодорхойлсон хэсгийг хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулах, уг захиргааны актын улмаас албан татварт илүү төлсөн 36,925,874 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэг. Маргааны үйл баримтын талаар:

1.1. ТЕГ-ын Том татвар төлөгчийн газраас 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 01*** албан бичгээр нэхэмжлэгч хуулийн этгээдэд, 02*** тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт ...МПМГ ХХК нь 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр нийт 60,000,000 төгрөгийн эрх борлуулсны орлогын албан татвар төлсөн болохыг тодорхойлов гэжээ/хх 8, 9 дэх талд/.

1.2. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 21*** тоот албан бичгээр ТЕГ-ын ТТТГ д гомдол гаргасан байх ба тус газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01/** дугаартай албан бичгээр хүргүүлсэн ... Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь заалтын дагуу хасагдах зардлыг тооцооллын дүнгээс хасч тооцоход гэрээний үнэ болон тооцооллын зөрүү 20-оос дээш хувь байгаа тул аргачлал журмын дагуу гэрээний үнээр татвар ногдуулсан болно гэж шийдвэрлэснийг эс зөвшөөрч 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Хоёр. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Манай компани Ашигт малтмал, газрын тосны газраас 2021 онд зарласан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох СШ*** дугаартай сонгон шалгаруулалтад оролцож шалгаран Т аймгийн *** сумын нутаг Н гэх газарт 1784.47 га талбайд XV-02***дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авсан. Уг хайгуулын тусгай зөвшөөрлийг "АМ " ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр уг компанид 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлсэн. Ийнхүү тусгай зөвшөөрлийг шилжүүлэхдээ эрх борлуулсны албан татварт 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 60,000,000 төгрөг төлсөн. Энэхүү татварыг төлөхийг тулд чиг үүргийнх нь дагуу ТЕГ-ын том татвар төлөгчийн газрын Эрдэс баялгийн тасагт хандаж, өгсөн зааварчилгааных нь дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн үнэлгээний тооцооллыг хийж 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр өгсөн ба Эрдэс баялгийн татварын тасгаас уг үнэлгээ ба татварын ногдлын тооцооллыг хянахдаа эрх борлуулсны орлогын татварын ногдлыг нь гэрээний үнийн дүнгийн 10 хувиар байх ёстой гэж үзэж мөн дүнгээр татварын төлөлт хийлгэсэн.

Энэхүү татварын дүнг төлсний үндсэн дээр ТЕГ-ын Том татвар төлөгчийн газраас уг татварын тооцоолол нь холбогдох журмын дагуу тухайн байгууллагаар хянагдсан гэсэн тодорхойлолтыг Ашигт малтмал, газрын тосны газарт 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 02*** дугаар албан бичгээр үйлдэж өгсөн болно. Мөн тус компанид уг албан татварыг төлөхгүй бол хариуцлага хүлээлгэн гэсэн утга бүхий зөвлөмжийг албан бичгээр өгсөн. Энэ татварыг төлөхгүй бол Татварын ерөнхий газраас Ашигт малтмал, газрын тосны газарт тодорхойлолт хийж өгөхөөс татгалздаг, мөн шалтгаанаар тусгай зөвшөөрлийн шилжилт хийгддэггүй, аж ахуйн нэгжүүд татвараа ТЕГ-ын хянасан тооцооллын дагуу төлөхөд хүрдэг болно.

ТЕГ-ын холбогдох бүтцийн нэгжүүд тухайн татварын ногдлыг хянаж, тодорхойлохдоо буруу тооцоолол хийсэн гэж үзэж энэхүү нэхэмжлэлийг ТЕГт холбогдуулан гаргаж байна.

Тооцооллыг дараах байдлаар буруу хянасан болно. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-т "18.7.Энэ хуулийн 10.1.2-т заасан эрх борлуулсан, шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо тухайн эрхийн үнэлгээнээс доор дурдсан баримтаар нотлогдох зардлуудыг хасаж тодорхойлно:

18.7.1.төрийн байгууллагаас эрх олгосон тохиолдолд эрх авахтай холбогдон төрийн байгууллагад төлсөн баримтаар нотлогдох төлбөр, хураамж;" гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн үнэлгээнээс уг тусгай зөвшөөрлийг авах үед төрд төлсөн төлбөрийн дүнг хасалгүй татвар ногдуулах орлогыг тодорхойлсон байна.

Тухайн тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн гэрээний үнийн дүн нь 600,000,000 төгрөг байсан тул татварын алба шууд уг үнэлгээг татвар ногдуулах орлогоор тодорхойлж энэ дүнгийн 10%-иар 60,000,000 төгрөгийн татвар ногдуулсныг тус компани төлсөн. Харин манай компани уг тусгай зөвшөөрлийг авахдаа төрд дараах төлбөр, хураамжийг төлсөн болно. Үүнд:

Тусгай зөвшөөрлийн үнийн саналд 366,000,000 төгрөг

Тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөр 258,748.15 төгрөг

Тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээний хураамж 3,000,000 төгрөг

Нийт 369,258,748.15 төгрөг төлсөн тул тусгай зөвшөөрлийн үнэлгээ болох 600,000,000 төгрөгөөс төрд төлсөн төлбөр, хураамжийн дүнг хасаж үлдэх 230,741,251.85 төгрөгөөр татвар ногдуулах орлогыг тодорхойлох ёстой байжээ. Энэ тохиолдолд тус компанийн төлөх эрх борлуулсны албан татварын хэмжээ нь 23,074,19 төгрөг болох байсан.

Ийнхүү Улсын ТЕГ дээрх албан татварыг хуульд заасны дагуу зөв тодорхойлолгүй, эрх зүйн хувьд зөрчилдөөнтэй шийдвэр гаргах үйл ажиллагаа явуулсан тул уг шийдвэрийн холбогдох хэсгийг хууль бусад тооцуулан хүчингүй болгуулах. Мөн дээрх үйл ажиллагааны улмаас манай компани 36,925,874 төгрөгийн татварын илүү төлөлт хийж, их хэмжээний мөнгөн хөрөнгийн хохирол учруулснаар байгууллагын эрх, ашиг сонирхол илт хөндөгдөж байх тул уг хохирлыг хариуцагчаас гаргуулахаар шүүхэд хандаж байна.

Хариуцагч нэхэмжлэлд дурьдсан шийдвэр гаргах үйл ажиллагаагаа Ашигт малтмал, газрын тосны газарт гаргаж өгсөн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт 02*** дугаар албан бичгээр гаргаж өгсөн тодорхойлолтоороо баталгаажуулж, албажуулсан тул захиргааны актыг мөнхүү албан бичгийн хэлбэрээр гаргасан гэж үзэж, түүний холбогдох хэсгийг хууль бусад тооцуулан хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргалаа.

Нэхэмжлэгчид нэхэмжлэлд дурьдсан захиргааны шийдвэрийн улмаас хохирол учирсан тул хариуцагчаас гаргуулах шаардлага гаргасан болно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани нь Ашигт малтмал, газрын тосны газраас 2020 онд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцоод Т аймгийн Бор нуур сумын нутагт 1784 га талбайд 02***дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл авсан. Энэ зөвшөөрлөө 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр АМ ХХК-д гэрээгээр шилжүүлсэн. Ингээд орлогын албан татвар болох 60,000,000 төгрөг шилжүүлсэн. Татварыг төлөхийн тулд ТЕГ-ын эрдэс баялгийн тасагт хандаад өгсөн зааварчилгааны дагуу Ашигт малтмалын газарт үнэлгээний тооцоо хийж 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр өгсөн. Эрдэс баялгийн татварын тасгаас үнэлгээний талаар хянаад орлогын албан татвар 10 хувь байх ёстой гэж үзэж мөн дүнгээр татварын төлөлт хийгдсэн. Үндсэндээ татвар, ногдуулалт хянагдсан гэх тодорхойлолтыг гаргуулж Ашигт малтмал, газрын тосны газар өгсөн. Улмаар 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 011221 дугаартай албан бичгээр тодорхойлолт өгсөн.

Ингээд ТЕГ-ын холбогдох хэлтэс тооцооллыг хянахдаа буруу тооцож хийсэн байдаг. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д ..төрийн байгууллагаас эрх олгосон тохиолдолд эрх авахтай холбогдон төрийн байгууллагад төлсөн баримтаар нотлогдох төлбөр, хураамж гэж заасан. Тусгай зөвшөөрлийн төлбөр хураамжийг төлөхдөө төлсөн төлбөр хураамжийг хасалгүй тооцсон. Өөрөөр хэлбэл эрхийн үнэлгээгээр татвар ногдох орлогыг тооцоод байна. Юу хасагдах ёстой байсан бэ гэхээр тусгай зөвшөөрлийн үнийн санал болох 369,258,748 төгрөгийг төлсөн. Бид тусгай зөвшөөрлийн үнэлгээний дүнтэй маргаагүй. Бусад төлбөр хураамжийн мөнгийг хасахаар 230,746,251 төгрөг үлдэж байна. Энэ дүнгээр татвар ногдох орлогыг тодорхойлох ёстой байсан. Ингэсэн тохиолдолд компанийн төлөх ёстой татварын хэмжээ нь 23,074,000 төгрөг болох байсан. Хариуцагч зөрчилтэй шийдвэр гаргасан тул зөвтгөж өгнө үү гэж хүсэж байна. Тодорхойлолтоор бол актыг гаргаж өгсөн. Татварын улсын байцаагч нар татварын ногдол хянахдаа Татварын хууль болоод бусад хуулийг баримтлах ёстой байдаг. Улмаар зөв хянаагүй үндэслэлгүй акт гаргасан байгаа учраас нэхэмжлэл гаргаж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу өгөхдөө бид нар зарлалаар тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцоогүй гэж байгаа. Зөвхөн гэрээний үнийн дүнгээр тооцсон гэдэг. Энэ бол тусдаа зөвшөөрлийн үнэлгээг гаргаж байгаа аргачлал юм. Нэхэмжлэгчийн зүгээс үүнтэй маргаагүй. Татвар ногдох орлогыг эцэслэн тодорхойлохдоо холбогдох зардлыг хасаж тооцох ёстой байсан. Гэтэл тийм зүйл байхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

Гурав. Хариуцагч ТЕГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

"МПМГ" ХХК нь 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 21***тоот албан бичгээр тодорхойлолт хүсэх албан бичгийг тус татварын газарт ирүүлсэн. Манай газраас тус аж ахуй нэгж байгууллагын ирүүлсэн хүсэлт болон холбогдох баримт материалыг хянаж үзэхэд тусгай зөвшөөрлийн үнэлгээ нь өртөгт суурилсан аргаар тооцоолоход 369,509,000.00 төгрөг, гэрээний үнэ 600,000,000.00 төгрөг болсон. Тус татвар төлөгч нь 2021 оны 07 дугаар 24-ний өдөр 32***тоот нэхэмжлэлийн дагуу гэрээний үнээр 60,000,000.00 төгрөг төлснийг Том татвар төлөгчийн газар өөрөө тайлагнан холбогдох маягтыг дагуу ирүүлсэн. Манай газраас гэрээний үнийн дүнгээр төлсөн татварын дагуу 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 01***, 02*** тоот албан бичгээр холбогдох газруудад татвар төлсөн тухай тодорхойлолт олгосон.

Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д: Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө, Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлэхэд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дугаар зүйлийг үндэслэн Сангийн сайдын 2019 оны 3дугаар тушаалаар баталсан "Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлал", "Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл борлуулсан, шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах журам"-ын дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн үнэлгээ, татварын ногдлын тооцооллыг татварын алба баталгаажуулахаар заасан.

Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 3дугаар тушаалын нэгдүгээр хавсралт, Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлалын Гурав. Хайгуулын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох:

3.1. Харилцан хамааралтай этгээдэд борлуулсан, шилжүүлсэн хайгуулын тусгай зөвшөөрлийн үнэлгээг доор дурдсаны дагуу тооцсон үнэлгээ ба татвар төлөгчийн мэдүүлсэн гэрээний үнийн аль өндрөөр тооцно,

3.2. Харилцан хамааралгүй этгээдэд борлуулсан, шилжүүлсэн хайгуулын тусгай зөвшөөрлийн үнэлгээг татвар төлөгчийн мэдүүлсэн гэрээний үнэд үндэслэн тооцно,

3.3. Энэ аргачлалын 3.2-т заасан татвар төлөгчийн мэдүүлсэн гэрээний үнэ нь доор дурдсаны дагуу тооцсон үнэлгээнээс 20 ба түүнээс дээш хувиар бага тохиолдолд энэ заалтад заасан аргачлалын дагуу тодорхойлсон дүнгээр тусгай зөвшөөрлийн үнэлгээг тооцно гэж тус тус заасан.

"МПМГ ХХК нь Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 3дугаар тушаалаар батлагдсан аргачлалын 1 дүгээр хавсралт буюу Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн үнэлгээг өртөгт суурилсан аргаар тодорхойлохдоо аргачлалын 5.1-д заасны дагуу зардлаар тооцоолоогүй, гэрээний үнийн дүнгээр тооцон уг дүнгээс ногдох татварыг төлөн манай газар ирүүлсэн.

Иймд холбогдох хууль, аргачлал журмын дагуу гэрээний үнээр тус татвар төлөгчийн борлуулсан, шилжүүлсэн хайгуулын тусгай зөвшөөрлийн үнэлгээг татвар төлөгчийн мэдүүлсэн гэрээний үнэд үндэслэн тооцон ногдуулсан байх тул тус татвар төлөгчийн гаргасан хүсэлт хууль зүйн үндэслэлгүй байна. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 07 дугаар сард анх Т аймгийн хайгуулын лицензийг шилжүүлж байгаа гээд Татварын ерөнхий хуулиар өөрөө тодорхойлоод өөрөө төлөөд үнэн зөвийг хангаад манайд ирүүлсэн. Үүнтэй холбогдуулаад Татварын ерөнхий хуулиар татвар төлөгч өөрт байгаа хөрөнгөө борлуулж, шилжүүлэх эрхийн дагуу шилжүүлсэн. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.6-д ..Энэ хуулийн 30.4-т заасан орлогод албан татвар ногдуулах журам, газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлалыг тус тус санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж заасан. Үүний дагуу тус журмыг баримтлан тухайн аж ахуйн нэгжийн татварын ногдлыг тодорхойлоход гэрээний үнэ болон тухайн ашигт малтмалын үнэлгээ хоёр нь 20 хувиас зөрүүтэй байх юм бол аль өндрөөр нь тооцно гэсэн зааварчилгааны дагуу гэрээний үнээс бодсон. Татвар төлөгчийн ярьж байгаа хасагдах зардал хэзээ бодогдох вэ гэхээр тухайн журмын 2-т ашигт малтмал, газрын тосны хайгуул ашиглалтын тусгай зөвшөөрөл байна гэж заасан. Татвар төлөгчийн мэдүүлсэн гэрээний болон эсвэл дор дурдсан аргыг ашиглана гээд тодорхой байдаг. Бүрдүүлж байсан материал болоод тушаал нь 600,000,000 төгрөгийн татвар байсан. Манай эрдэс баялгийн хэлтсийн зүгээс тус төлөлтөд үнэн зөв байна гээд тусгай зөвшөөрлийн үнэлгээ гэрээний үнээс бага байсан учраас гэрээний үнэлгээгээ барьсан. Хасагдах зардлын талаар энэ журамд байхгүй байгаа тул гэрээний үнээс эдгээр үнийг хасаж татвар тооцох асуудал байхгүй. Харин тусгай зөвшөөрлийн үнэлгээнээс 3-д заасан аргуудыг үндэслэж хасаад татвар ногдуулна гэсэн заалт байгаа. Татвар төлөгч энэ талаар андуурсан гэж үзээд гэрээний үнээрээ 10 хувь татвар төлөх үнэн зөв байсан тул татвар төлөгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Татварын ерөнхий хуулиар татвар төлөгч холбогдох заалтаар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө төлнө гэж заасан. Үүний дагуу аж ахуйн нэгжийн ирүүлсэн материал дээр үнэлгээг 600,000,000 төгрөг гэж тооцож 60,000,000 төгрөгийг төлсөн. Хасагдах зардал бол тусгай зөвшөөрлийн үнэлгээг тооцоолох зардлаар тооцож байгаа. Тус зардал 600,000,000 биш арай өөр дүн байгаа. Тэндээс хасагдах ёстой гэж үзээд гэрээний үндсэн үнийг төлсөн. Тодорхойлолтод 60,000,000 төгрөг гэж бичсэн. Тэдний өдөр 60,00,000 төгрөг төлсөн байна гэж тодорхойлолтод бичигдсэн гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудад үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:

1. Нэхэмжлэгч МПГ ХХК нь Татварын ерөнхий газраас тус хуулийн этгээдийн төлбөл зохих татварын тооцооллыг илүү тодорхойлсныг эс зөвшөөрч ...эрх авахтай холбогдон төрийн байгууллагад төлсөн төлбөр, хураамжийг эрх борлуулсны орлогоос хасаж тооцоогүй нь хуульд нийцээгүй гэх агуулгаар маргасан.

 

2. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т Эрх борлуулсан, шилжүүлсний албан татвар ногдуулах орлогын суурийг энэ хуулийн 30.6-д заасан журмын дагуу тооцсон тухайн эрх, тусгай зөвшөөрлийн үнэлгээнээс доор дурдсан баримтаар нотлогдох зардлуудыг хасаж тодорхойлно: 30.3.1-т төрийн байгууллагаас эрх олгосон тохиолдолд эрх авахтай холбогдон төрийн байгууллагад төлсөн баримтаар нотлогдох төлбөр, хураамж гэж заасан байна.

3. XV-02***тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн үнэлгээг МПМГ ХХК болон АМ ХХК-ийн хооронд байгуулагдсан MPMG-21/007, AuM-21/09 тоот Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл худалдах, худалдан авах гэрээ-ний үнээр тооцсон тухайд хэргийн оролцогчид маргаагүй. Энэ тохиолдолд ТЕГ-ын Том татвар төлөгчийн газраас ...МПМГ ХХК нь 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр нийт 60,000,000 төгрөгийн эрх борлуулсны орлогын албан татвар төлсөн болохыг тодорхойлсон нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэнгүй. Учир нь:

3.1. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 26 дүгээр шийдвэрээр 1784,47гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг МПМГ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байх ба тус хуулийн этгээд нь XV-02***тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн үнэнд 366,000,000(Сонгон шалгаруулалтын босго үнэнд 8,030,115, үлдэгдэл төлбөрт 357,969,885), эхний жилийн төлбөрт төлсөн 258,748.15(төлбөрийн даалгаварт 259,000.00 гэж бичигдсэн)төгрөг, үйлчилгээний хөлсөнд төлсөн 3,000,000 төгрөгийн төлбөрийг тус тус төлсөн болох нь харилцагч банкны төлбөрийн даалгавраар тогтоогдож байх тул хуулийн дээрх зохицуулалтын дагуу эрх авахтай холбоотойгоор төрийн байгууллагад төлсөн эдгээр төлбөрийг эрх шилжүүлсний албан татвар ногдуулах орлогоос хасаж тооцохоор байна.

 

4. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас татвар ногдох орлогыг гэрээний үнээр тооцсон тул маргаан бүхий тодорхойлолт хууль тогтоомжид нийцсэн гэж тайлбарлан маргаж байгааг байгааг хүлээн авах үндэслэлгүй.

4.1. Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 3дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлал-ын 3.2-т Харилцан хамааралгүй этгээдэд борлуулсан, шилжүүлсэн хайгуулын тусгай зөвшөөрлийн үнэлгээг татвар төлөгчийн мэдүүлсэн гэрээний үнэд үндэслэн тооцно гэж заасан байх ба нэхэмжлэгчээс энэ журмын дагуу тусгай зөвшөөрлийн үнэлгээг гэрээний үнэ болох 600,000,000 төгрөгөөр тооцсонд маргаагүй.

4.2. Харин дээрх 3дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл борлуулсан, шилжүүлсний орлогод татвар ногдуулах журам-ын 3.1-т Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээнээс Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18.7, 30.3-д заасан баримтаар нотлогдох зардлуудыг хасаж татвар ногдуулах орлогыг тодорхойлно, 3.2-т Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18.7.1, 30.3.1 дэх заалтыг төлбөр төлснийг нотолсон холбогдох төрийн байгууллагын баримт, эсхүл тухайн төрийн байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээдийн албан тодорхойлолтыг үндэслэн хэрэгжүүлнэ гэж тус тус заажээ.

4.3. Энэ тохиолдолд хариуцагч нь дээрх тушаалын 1 дүгээр хавсралтад заасан аргачлалын дагуу тусгай зөвшөөрлийн үнэлгээг тодорхойлсны үндсэн дээр уг үнэлгээнээс 2 дугаар хавсралтад заасан журмын дагуу хасагдвал зохих зардлыг хасаж татвар ногдох орлогыг тодорхойлохоор байна. Гэтэл хариуцагч нь тусгай зөвшөөрлийг анх авахдаа төрийн байгууллагад төлсөн баримтаар нотлогдож буй төлбөр, хураамжийг хасаж тооцоогүй нь нэхэмжлэгч хуулийн этгээдийг хуульд зааснаас илүү хэмжээний татвар төлөхөд хүргэсэн хууль бус шийдвэр болжээ.

 

5. МПМГ ХХК нь татварын ногдлыг тодорхойлуулахаар 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 21***тоот албан бичгээр ... тусгай зөвшөөрлийг худалдах, худалдан авах гэрээний дагуу бүхэлд нь шилжүүлэх болсон тул Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл борлуулсан, шилжүүлсний орлогод албан татвар ногдуулан Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэст тусгай зөвшөөрөл шилжүүлэх тодорхойлолт гаргаж өгнө үү гэсэн хүсэлт гаргахдаа тусгай зөвшөөрлийн төлбөрийг өртөгт суурилсан аргаар тодорхойлох маягтыг бөглөж хүргүүлсэн, ингэхдээ хасагдах зардлыг худалдах, худалдан авах гэрээний нийт үнээр тодорхойлсон байхад хариуцагч захиргааны байгууллага нь уг зардлын дүнгээр татвар ногдох орлогыг тодорхойлсон нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, энэхүү маягтад хасагдах зардлыг 600,000,000 төгрөг гэсэн атлаа, ижил дүн бүхий худалдах, худалдан авах гэрээг хүргүүлснээс үзвэл, татвар ногдох орлого нь нь 0-тэй тэнцүү байж болзошгүй, эсхүл гэрээний үнэ нь МПМГ ХХК болон АМ ХХК-ийн хооронд байгуулагдсан MPMG-21/007, AuM-21/09 тоот Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл худалдах, худалдан авах гэрээ-нд бичигдсэнээс 2 дахин их байж болзошгүй илт зөрүүтэй байхад хариуцагч нь энэхүү зөрүүтэй байдлыг тодруулаагүй байна.

6. Зүй нь Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т заасан Татварын алба нь татвар төлөгчийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хүндэтгэн, татвар ногдуулах, төлөх, тайлагнах үйл ажиллагаатай холбогдуулан түүнийг хууль тогтоомжийн дагуу мэдээллээр хангаж, туслалцаа үзүүлэх үүрэг-ийн хүрээнд хариуцагч нь МПМГ ХХК-д маягтыг зөв бөглөх талаар арга зүйн туслалцаа үзүүлж, хасагдах зардлын баримтыг гаргуулах замаар татвар төлөгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хангаж ажиллах шаардлагатай байсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын ...аргачлалын 5.1-д заасны дагуу зардлаа тооцоолоогүй, гэрээний үнийн дүнгээр татварыг төлсөн тул татвар төлөгчийн хүсэлт үндэслэлгүй гэх агуулга бүхий тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй.

7. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь маргаан бүхий татварын албанаас тодорхойлсны дагуу эрх шилжүүлсний албан татварт 60,000,000 төгрөг төлсөн тухайд хэргийн оролцогчид маргаагүй.

8. Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т зааснаар татвар төлөгч нь илүү төлсөн татварыг буцаан авах, суутган тооцуулах, алданги тооцон нэхэмжлэн авах эрхтэй.

Иймд МПМГ ХХК-иас ТЕГт холбогдуулан гаргасан албан татварын тооцооллыг хянаж, албан татварыг 36,925,874 төгрөгөөр илүү тодорхойлсон хэсгийг хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулах, уг захиргааны актын улмаас албан татварт илүү төлсөн 36,925,874 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 75 дугаар зүйлийн 75.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3, 30.3.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч МПМГ ХХК-иас ТЕГт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж албан татварын тооцооллыг хянаж, албан татварыг 36,925,874 төгрөгөөр илүү тодорхойлсон хэсгийг хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулах, албан татварт илүү төлсөн 36,925,874 төгрөгийг хариуцагчаас гаргуулсугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ