Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 00798

 

             Г.Ж-ийн нэхэмжлэлтэй,

           иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2018/00338 дугаар шийдвэртэй, Г.Ж-ийн нэхэмжлэлтэй, Я.А, Д.Ц нарт холбогдох     

Зээлийн гэрээний үүрэгт 46 834 671 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д, хариуцагч нарын өмгөөлөгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

    Нэхэмжлэгч Г.Ж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Я.А, Д.Ц нартай зээлийн гэрээ байгуулж, 1 жилийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, 21 000 000 төгрөг зээлдүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 22а дугаар байрны 27 тоот, 2 өрөө орон сууцыг барьцаалж барьцааны гэрээ байгуулсан. Зээл, барьцааны гэрээнд талууд гарын үсгээ зурж нотариатаар батлуулж, үл хөдлөх эд хөрөнгө барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Я.А сонингийн зарын дагуу надтай холбогдон анх 20 000 000 төгрөгийн зээл авна гэж байсан боловч гэрээ байгуулдаг өдөр ТҮЦ-нийхээ барааны эргэлтэнд зориулж нэмж 1 000 000 төгрөг авч нийт 21 000 000 төгрөгийг хариуцагч нарын дансаар шилжүүлсэн. Зээлийн гэрээнд заасны дагуу хариуцагч нар сар бүр зээлийн хүүнд 1 050 000 төгрөг төлөх ёстой. Гэтэл Я.А, Д.Ц нар 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1 050 000 төгрөгийн хүү төлөх ёстой байсан хугацаа хэтрүүлж, 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 480 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 1 400 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 750 000 төгрөг нийт 2 630 000 төгрөгийг тус тус төлсөн. Иймд хариуцагч нараас үндсэн зээл 21 000 000 төгрөг, хүүнд 10 223 114 төгрөг, алданги 15 611 557 төгрөг нийт 46 834 671 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

    Хариуцагч Я.А, Д.Ц, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Ж-аас зээлийн гэрээний дагуу 21 000 000 төгрөг авсан. Зээл, барьцааны гэрээ байгуулагдсан асуудлаар маргахгүй, нэгэнт зээл авсан учир буцааж төлнө. Гэхдээ хариуцагч нар нэн ядуу амьдралтай, байрныхаа өмнө ТҮЦ ажиллуулж хоногийн хоолтой залгуулж байгаа ба энэ зээлийг авч ашигласан гол хүн болох ах Я.А нь мөнгө төгрөгийн асуудлаас болж шоронд сууж байна. Хамтран зээлдэгч дээр гарын үсэг зурсан эх Д.Ц өндөр настай ажил төрөл хийх боломжгүй, гэртээ охиныхоо хүүхдийг хардаг. Хариуцагч Я.А-ийн ах Я.А-ийн гэнэтийн их өрөнд орсоны улмаас энэ гэр бүл маш их хохирч байна. ...гэрээнд алдангийн хэмжээг хуульд заасан хамгийн дээд хэмжээгээр буюу 0,5 хувиар тооцсон, зээлийн хүүг зах зээлийн ханшнаас илт өндөр 5 хувиар тогтоосон зэрэг нь хариуцагч нарыг төөрөгдүүлсэн шинжтэй, маш хохиролтой заалт болсон. Өнөөдөр аль ч банк, бусад зээлийн байгууллагын хүү 1-2 хувьтай байна.

   Иймд хариуцагч нарын ар гэрийн хүнд хэцүү байдал, зээл, алдангийн хэмжээ хэт өндөр тогтоогдсон зэрэг байдлыг харгалзан үзэж зээлийн хүү, алдангиас чөлөөлж өгнө үү.

Хариуцагч нар зээлийн төлбөрт 2 630 000 төгрөг төлсөн ба үүнийг хасч 18 370 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, хүү, алданги төлөх боломжгүй гэжээ.

      Шүүх: Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.8, 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Я.А, Д.Ц нараас 32 540 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Ж-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 14 294 671 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,  

          Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Я.А, Д.Ц нар нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Улаанбаатар хот,  Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, 22а байр 27 тоот, улсын бүртгэлийн Ү-2201018837 дугаарт бүртгэлтэй 29 м.кв талбайтай орон сууцны үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,  

          Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 392 124 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.А, Д.Ц нараас улсын тэмдэгтийн хураамж 320 650 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Ж-д олгож шийдвэрлэжээ.

       Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч тал хууль болон гэрээнд зааснаас өөрөөр буюу үндэслэлгүйгээр алданги 15 485 000 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөөгүй. Нэхэмжлэгч анх 20 000 000 төгрөг  зээлэхээр тохиролцоод дээр нь ТҮЦ-ний эргэлтийн мөнгө гэж 1 000 000 төгрөг нийт 21 000 000 төгрөг зээлсэн. Зээлийн нэг сарын хүү 5 хувь буюу 1 050 000 төгрөгийг 12 сард үржүүлэхэд 12 600 000 төгрөг болно. Гэрээ ёсоор зээлийн хүүг эхэлж төлөх ба эхний 3 сард 2 630 000 төгрөг хариуцагч төлсөн. Хүүгийн үлдэгдэл 12 600 000 төгрөгөөс 2 630 000 төгрөг хасахад 9 970 000 төгрөг болно. Нэхэмжлэгч зээл 21 000 000 төгрөг дээр хүүгийн үлдэгдэл 9 970 000 төгрөгийг нэмж 30 970 000 төгрөг болох бөгөөд 2-т хуваагаад алданги 15 485 000 төгрөгийг нэхэмжилснээс харахад нэхэмжлэгч гэрээнд заасан хугацаандаа байгаа зээлээс алданги нэхсэн нь буруу, хүүгээс алданги тооцно гэж тохиролцоогүй хэрнээ алданги нэхсэн нь буруу гэж үзэж байна. Гэтэл шүүх хаанаас ямар тооцоо хийж алданги бодсон, мөн алдангийн хэмжээ 0.5 хувийг хэд болгож бууруулж тооцсоныг ойлгосонгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, алданги 6 500 000 төгрөгийг төлбөрөөс хасч өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

         Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

          Нэхэмжлэгч Г.Ж нь хариуцагч Я.А, Д.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 46 834 671 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар 18 370 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

      Талуудын  хооронд 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 21 000 000 төгрөгийг, нэг жилийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, эхний 3 сарын хүүг төлж, дараа сараас үндсэн зээлийг хүүгийн хамт төлөх, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцох нөхцөлтэйгээр хариуцагч Я.А-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 22а дугаар байрны 27 тоот хаягт байрлах  үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан, хариуцагч нараас зээлийн төлбөрт 2 630 000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй. /хх-3-5/

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгөн хөрөнгийг шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

  Зээлийн гэрээний хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар шүүх зээлийн хүүг багасгасныг буруутгахгүй. Өөрөөр хэлбэл, нэг талаас зээлийн хүүгийн хэмжээ илт их гэж хүсэлт гаргасан тохиолдолд түүнийг бууруулан тооцохыг хуулиар шүүхэд олгосон зохицуулалт юм.

       Түүнчлэн анзын хэмжээг бууруулах талаар талууд хүсэлт гаргасан эсэхээс хамаарахгүйгээр шүүх хэргийн нөхцөл байдлаас хамааран бууруулан шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан талуудын бие даасан байдлын зарчимд үндэслэн нэхэмжлэгч тал уг асуудлаар гомдол гаргаагүй байхад түүний эрх зүйн байдлыг дордуулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзсэн болно.

     Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь алдангид тооцсон 6 500 000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж гомдол гаргасан бөгөөд анхан шатны шүүх хариуцагч талын хүсэлтийн дагуу зээлийн гэрээний дагуу тооцох хүү, алдангийн хэмжээг багасгаж шийдвэрлэсэн байх тул энэ талаар давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2018/00338 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Я.А-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                ШҮҮГЧИД                                         Т.ТУЯА

                                                                                                          Д.БАЙГАЛМАА