Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 34

 

Ө.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, хохирогч Ч.А, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 305 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 768 дугаар магадлалтай, Ө.Б-д холбогдох 201725020715 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч К.Манлайгийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1981 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Э овогт Ө-гийн Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ө.Б-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан 22,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Б-д 1 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ө.Б-гийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ө.Б-гээс 19,800,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.А-д олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Ө.Б-д оногдуулсан 1 жил хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ө.Б нь хохирогч Ч.А-д төлөх 19,800,000 төгрөгийг хорих ялыг тэнссэн 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, 2.3-т зааснаар “тодорхой ажил үүрэг гүйцэтгэх”, 2.5-д зааснаар “оршин суугаа газар, ажлаа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг тус тус хүлээлгэж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ө.Б-д холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч К.Манлай гаргасан гомдолдоо “...давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн ялгааг магадлалын хянавал хэсэгтээ ойлгомжтой тайлбарлаагүй хэрнээ уг тайлбараа үндэслэн хэргийг шийдвэрлэсэн. Ял оногдуулж тэнсэх, ял оногдуулахгүйгээр тэнсэх нь анхан шатны шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Давж заалдах шатны шүүх шууд тухайн Эрүүгийн хуулийн зүйл, заалтаар шийдвэрлэх шаардлагатай гэж дурдсан нь ойлгомжгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна. Нөгөөтэйгүүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно” гэж заасан. Давж заалдах шатны шүүх Ө.Б-д холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн нь дээрх заалтыг зөрчиж байна. Тодруулбал давж заалдах шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүй ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болох байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах эрх давж заалдах шатны шүүхэд байгаа болохыг анхаарна уу” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хуулийн заалтыг буруу хэрэглэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хяналтын шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийтгэх тогтоолын энэхүү заалтыг зөвтгөж шийдвэрлэх боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7, 8 дахь заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ө.Б-гийн 2016 оны 3 дугаар сараас 2017 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд Ч.А-тай хувийн дотно харилцаатай байхдаа түүний итгэлийг ашиглан Ц гэх /хуурамч нэр/ найзад нь мөнгө хэрэгтэй гэсэн зохиомол байдлыг бий болгож хуурч мэхлэн 22,800,000 төгрөг залилан авсан үйлдэл нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ.

Ө.Б-гийн дээрх гэмт үйлдэл нь тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцогдож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Харин хэргийг хянан шийдвэрлэх үед урьд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулиас хөнгөн ялтай шинэ хууль мөрдөгдөж эхэлсэн бөгөөд ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх зарчим Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 15 дугаар зүйлийн 1, үндэсний хууль тогтоомж болох 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд тусгагдсан болно.

Анхан шатны шүүх дээрх зарчим, хэм хэмжээг баримтлан шүүгдэгч Ө.Б-гийн үйлдлийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зөв зүйлчлэн ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг баримтлан оногдуулсан ялыг тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн зохих зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалт нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах тухай зохицуулалт юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар ойлгож хэрэглэвэл зохино.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг буруу хэрэглэсэн алдааг хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд засаж, хуульд нийцүүлэн шийдвэрлэх боломжтой байхад шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасныг үндэслэлгүй гэж үзнэ.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхээс Ө.Б-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулсан хэсгийг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 768 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

2. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 305 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг болон 7 дахь заалтын “...Ө.Б-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг” гэсэн хэсгийг тус тус хүчингүй болгож, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч К.Манлайгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                            ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                            ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН