| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 101/2019/04176/И |
| Дугаар | 001/ХТ2021/01361 |
| Огноо | 2021-11-09 |
| Маргааны төрөл | Санхүүгийн түрээс /лизинг/, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 001/ХТ2021/01361
Улаанбаатар такси транспорт сервис ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2019/03478 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 237 дугаар магадлалтай,
Улаанбаатар такси транспорт сервис ХХК-ийн нэхэмжлэлтэй, /УБТТС ХХК/
Ч.Хас-Эрдэнэд холбогдох,
Санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 2,492,110 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чимэдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чимэд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: УБТТС ХХК нь үндсэн үйл ажиллагааны хүрээнд 2017.01.16-ны өдөр иргэн Ч.Хас-Эрдэнэтэй автомашины санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх, гэрээний хугацаа дууссаны дараа гэрээний зүйл болох эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авахаар үүрэг хүлээж тохиролцсон. Ингээд гэрээ байгуулсан өдөр автомашин хүлээлгэн өгөх акт үйлдэн түрээслэгчийн ашиглалтад гэрээний зүйл болох 15-40 УНС улсын дугаартай хьюндай элентра маркийн авто машиныг хүлээлгэн өгсөн. Түрээсийн хугацаанд Ч.Хас-Эрдэнэ нь түрээсийн гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй түрээсийн төлбөрийг 14 өдрийн 400,000 төгрөгийн төлбөртэй болсон тул санхүүгийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.2.1-д зааснаар түрээсийн автомашиныг 2017.3.10-ны өдөр түр саатуулан акт үйлдэж авч оношилгоо хийлгээд түрээслэгчээр гарын үсэг зуруулан хүлээн авч зогсоолд байрлуулсан. Ингээд түрээслүүлэгчид зөрчлөө арилгах 14 хоногийн хугацаа өгсөн. Нэмэлт хугацаанд түрээслэгч зөрчлөө арилгаагүй тул гэрээний 13 дугаар зүйлийн 13.2.9-д зааснаар 2017.3.24-нд гэрээг дуусгавар болгож холбогдох засвар үйлчилгээг Монгол Хьюндай автомотив ХХК-д хийлгүүлсэн байдаг. Гэрээ дуусгавар болгосонтой холбоотой авто машиныг хүлээн аваад засвар хийлгэсэн зардал 1,253,810 төгрөг, 400,000 төгрөгийн түрээсийн төлбөр, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 768,000 төгрөг нийт 2,412,810 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 768,000 төгрөгийг манай байгууллага төлсөн баримтаар тогтоогдоно. Ч.Хас-Эрдэнийг шүүхээр эрэн сурвалжлуулсны улсын тэмдэгтийн хураамжийг нийт 2,412,110 төгрөгийг Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 312.4, 315.1, 227.1 дэх хэсгүүдийг үндэслэн нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Ч.Хас-Эрдэнэ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие УБТТС ХХК-тай 2017.01.16-ны өдөр автомашины санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан 15-40 УНС улсын дугаартай хьюндай элентра маркийн авто машиныг хүлээн авсан. Хүлээн авахад тухайн авто машин суудлын бүрээсгүй, хөгжимгүй энд тэндээ хонхойсон бодит байдал дээр эвдрэлтэй машин байсан. Анх такси түрээслэн гэрээ хийхэд барьцаа, дуудлага хүлээн авах зэрэг 500,000 төгрөгийг надаас хурааж авсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн төлбөр 400,000 төгрөг, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгуулийн төлбөр 768,000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Бусдыг нь хүлээн зөвшөөрөхгүй. УБТТС ХХК нь эвдэрхий машиныг шинэ жолооч нарт өгч дараа нь засварын зардлыг гаргуулан авч жолооч нарыг нэг ёсондоо шулдаг гэж хэлж болно. Би хоёр сарын хугацаанд машиныг түрээсэлсэн. Түрээсийн хугацаанд актад дурдагдсан гэмтэл учирсан гэдэгт эргэлзэж байна. Намайг замын хөдөлгөөнд оролцож байхад надаас хэсгийн ахлагч ирээд машинаа аваад явсан. Машин хүлээлцсэн актад надаар гарын үсэг зуруулаагүй тул дээрх эвдрэлийг засуулсан гэх 1,253,810 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Намайг анх Улаанбаатар такси транспорт сервис ХХК-тай гэрээ байгуулахад манай хөрш эгч намайг батлан дааж авсан. Гэтэл намайг эрэн сурвалжилсан гэдэгт эргэлзэж байна. Би утсаа өөрчлөөгүй, миний батлан даагчийн гэрийн хаяг, утас бүгд хэвээрээ байгаа тул энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2019/03478 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан Боржигон овогт Чулуунцэцэгийн Хас-Эрдэнэ /рд:ЖЯ86012978/-ээс 1,168,000 төгрөгийг гаргуулж Улаанбаатар такси транспорт сервис ХХК /рд:5357799/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,324,010 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54,824 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох тэмдэгтийн хураамжид 36,134 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 237 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2019/03478 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,135 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чимэд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: УБТТС ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чимэд миний бие манай компанийн нэхэмжлэлтэй иргэн Ч.Хас-Эрдэнэд холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.06-ны өдрийн 101/ШШ2019/03478 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.01.29-ний өдрийн 237 тоот магадлалуудад доорх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Манай компани Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан Ч.Хас-Эрдэнээс санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 2,492,110 төгрөг гаргуулахаар 2019 оны 10 дугаар сард нэхэмжлэл гаргасан. Шүүх нэхэмжлэлийг хүлээн аваад шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагаас 400,000 төгрөгийн түрээсийн төлбөр, торгуулийн 768,000 төгрөг нийт 1,168,000 төгрөгийг хангаж, үлдсэн засварын зардал болох 1,253,810 төгрөг, эрэн сурвалжлуулах ажиллагааны зардал 70,300 төгрөг нийт 1,324,110 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Улмаар 2020 оны 1 дүгээр сард Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрээр хангагдаагүй үлдсэн засварын 1,253,810 төгрөгийг хангалгүй шийдвэрлэхдээ 2017.03.10-ны өдрийн автомашин хураан авч акт үйлдсэн байх боловч уг актанд түрээслэгч гарын үсэг зураагүй байх тул хариуцагчийн эзэмшилтэй аль эвдрэл нь хамааралтайг ялган тодорхойлох боломжгүй гэж шүүх үзсэн. Хууран авч акт үйлдэх үед түрээслэгч гарын үсэг зурахаас татгалзсан тул тухайн үед актан дээр гарын үсэг зуруулж авч чадаагүй гэх тайлбарыг манай байгууллагын хяналтын ажилтан тайлбарлаж байгаа. Тухайн автомашиныг түрээслэгчид хүлээлгэн өгсөн, хүлээн авсан 2 акт хэрэгт авагдсан байгаа. Тухайн актууд дээр автомашиныг явсан км-ийн хэмжээг хүлээлгэн өгөхөд 182,140 км, хурааж авахад 187,252 км, оношилгооны хуудсанд 187,252 км явсан гэж тэмдэглэжээ. Мөн 2017.05.10-ны өдрийн 0045655 шифртэй засварын хуудсанд тухайн автомашиныг засах үед 187,233 км явсан байна гэж тэмдэглэсэн байна. Эндээс харахад хураан авсан автомашин нь хурааж авснаас хойш огт яваагүй буюу эвдрэл үүсэх нөхцөлд ороогүй нь харагдаж байна.
Иймээс дээрх нотлох баримтуудыг үндэслэн засварын төлбөрийг Иргэний хуулийн 315 дугаар зүйлийн 315.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчид гаргуулж өгөхийг хүсэж байна. Мөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийн хувьд хариуцагч оршин суугаа хаягандаа тухайн үед байсан бол түүнийг эрэн сурвалжлуулах шаардлага байхгүй манай компаниас нэмэлт зардал гарахгүй байх байсан. Иймээс тэмдэгтийн хураамжийн төлбөр нь манай компаниас гарах ёсгүй байсан зардал гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар манай компанид гаргуулан шийдвэрлэж өгнө үү. Дээрх төлбөрүүдийг шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т зааснаар шийдвэр, магадлалд нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
Нэхэмжлэгч Улаанбаатар такси транспорт сервис ХХК нь хариуцагч Ч.Хас-Эрдэнэд холбогдуулан түрээсийн төлбөр 400,000 төгрөг, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгуулийн төлбөр 768,000 төгрөг, засвар үйлчилгээний зардал 1,253,810 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжилсан зардал 70,200 төгрөг, нийт 2,492,110 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нь түрээсийн төлбөрийн 400,000 төгрөг болон торгуулийн 768,000 төгрөгийн нэхэмжлэлийг зөвшөөрч, бусад шаардлагаас татгалзжээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
Улаанбаатар такси транспорт сервис ХХК нь Ч.Хас-Эрдэнэтэй 2017.01.16-ны өдөр Автомашины санхүүгийн түрээсийн ТТ-17-008 дугаартай гэрээг байгуулж, Хюьндай Элентра маркийн, 15-40 УНС улсын дугаартай автомашиныг түрээслүүлсэн байх ба гэрээний үнийг 17,774,697 төгрөг, түрээсийн төлбөр сарын 550,000 төгрөг, түрээсийн хүү 2 хувь, хугацаа 33 сар байхаар, түрээслэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тохиолдолд автомашиныг түүний өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна.
Шүүхүүд талуудын хооронд санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д заасанд нийцжээ.
Хариуцагч Ч.Хас-Эрдэнэ нь засвар үйлчилгээний зардлын 1,253,810 төгрөгийг төлөхөөс татгалзсан үндэслэлээ ...автомашиныг буцаан авахдаа намайг байлцуулахгүйгээр акт үйлдсэн, ...актад гарын үсэг зуруулаагүй гэж маргасан. Хэрэгт авагдсан 2017.01.16-ны өдрийн автомашин хүлээлцэх актад ...хойд купер 2 жижиг хонхорхойтой, баруун хойд крыло сэвтэй, урд хаалга доод буландаа сэвтэй, хойд хаалга баруун талдаа сэвтэй гэж тэмдэглэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь 2017.3.10-ны өдөр Ч.Хас-Эрдэнээс автомашиныг хураан авч акт үйлдсэн байх боловч уг актад хариуцагч гарын үсэг зураагүй байна.
Нэхэмжлэгч Улаанбаатар такси транспорт сервис ХХК нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.2-т зааснаар хөлслөн авсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахтай холбогдсон зайлшгүй гарах зардлыг төлүүлэхээр шаардах эрхтэй бөгөөд нэхэмжилсэн засвар үйлчилгээний зардлын 1,253,810 төгрөгийг хариуцагч Ч.Хас-Эрдэнээр төлүүлэх үндэслэл тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл 2017.3.10-ны өдрийн автомашин хураан авсан актад хариуцагч гарын үсэг зураагүй тул автомашинд учирсан эвдрэл, гэмтлийн аль нь түүний эзэмшил, ашиглалттай хамааралтай болохыг ялган тодорхойлох боломжгүй талаар хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй юм.
Иймд хариуцагч Ч.Хас-Эрдэнээс түрээсийн төлбөр 400,000 төгрөг, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгуулийн төлбөр 768,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн шийдэл хуулийн дээрх зохицуулалтуудад нийцжээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, тухайн маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2019/03478 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 237 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,136 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
Б.МӨНХТУЯА
Х.СОНИНБАЯР
Х.ЭРДЭНЭСУВД