| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адилбишийн Сайнтөгс |
| Хэргийн индекс | 137/2017/0063/Э |
| Дугаар | 84 |
| Огноо | 2019-11-28 |
| Зүйл хэсэг | 21.2.2., 27.10.4.2., |
| Улсын яллагч | Б.Мөнгөнтуяа |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 84
Э.У, Ч.Г, М.Э нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;
Хяналтын прокурор: Б.Мөнгөнтуяа,
Шүүгдэгч Э.У-н өмгөөлөгч: Ж.Хүдэрчулуун,
Хохирогч: Ц.Лхагвадорж, С.Баасанжав,
Хохирогч Ц.Лхагвадоржийн өмгөөлөгч: Ц.Өлзийбаяр,
Хохирогч С.Баасанжавын өмгөөлөгч: С.Санжаажамц,
Шүүгдэгч: Э.У,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал нарыг оролцуулан,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Cум дундын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2019/ШЦТ/117 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Э.У, Ч.Г, М.Э нарт холбогдох, эрүүгийн 201610010215 дугаартай, 8 хавтас, 1801 хуудас бүхий хэргийг шүүгдэгч Э.У-н гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Э.У-д холбогдуулан Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэг, 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ч.Г-д холбогдуулан Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, М.Э-д холбогдуулан Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
Шүүгдэгч Э.У нь Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Бүрдэнэ багийн нутаг орон нутгийн хатуу хучилттай замд 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 16 цаг 40 минутын орчим Лексус маркийн Лексус-470 загварын 22-55 УНӨ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа тухайн үед мөрдөгдөж байсан Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 8.2, 9.2, 2 дугаар хавсралтын 3.5 /одоо мөрдөгдөж байгаа Замын Хөдөлгөөний дүрмийн 11.4, 12.4, 4 дүгээр хавсралтын 3.6/-д заасныг тус тус зөрчсний улмаас жолооч З.Э-н жолоодож явсан Тоёота Приүс маркийн 67-63 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч Д.Б, Ц.Г нарын амь нас хохирсон, хохирогч У.А, Н.Н нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Тоёота Приүс маркийн 67-63 УБР улсын дугаартай автомашинд шууд 4730000 төгрөгийн хохирол, шууд бусаар 1130000 төгрөгийн, нийт 5900000 төгрөгийн хохирол учруулсан, энэ хэрэгт 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэрчээр байцаалт өгөхдөө “...тухайн үед машиныг Г.Ц бариад урд суудал дээр манай найз М.Э суугаад жолоочийн ар талд би, миний баруун гар талд эхнэр Ч.Г сууж явсан..” гэж бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн,
Шүүгдэгч Ч.Г, М.Э нар нь 22-55 УНӨ улсын дугаартай Лексус-470 маркийн автомашиныг Г.Ц барьж явсан гэж мөрдөн шалгах ажиллагааны үед бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохирсон, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг,
Шүүгдэгч Э.У, Ч.Г, М.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэрч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасч, 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г, М.Э нарыг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-д оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 7 /долоо/ жилийн хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-д оногдуулсан 7 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэргийн хамт ирсэн иргэний хариуцагч Г.Ц-н 179638 дугаартай жолоочийн үнэмлэх, 22-55 УНӨ улсын дугаартай Лексус 470 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг Г.Ц-д буцаан олгож, шүүгдэгч Э.У-н 825138 дугаартай жолоочийн үнэмлэхийг зохих байгууллагад шилжүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар 22-55 УНӨ улсын дугаартай Лексус 470 маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож, иргэний хариуцагч Г.Ц-д буцаан олгож, Г.Ц-н Хаан банк дахь 5013043692 тоот дансны зарлагын гүйлгээг хязгаарласныг хүчингүй болгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан хартай DVD R 120 min 467 gb 16Х гэсэн бичигтэй CD дээр хуулсан хэргийн газрын үзлэг дээр хийсэн камерын бичлэгийг хэрэгт хавсарган үлдээж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У, иргэний хариуцагч Г.Ц нараас тус бүр оршуулгын болон замын зардалд 7 694 650 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Л-д /нийт 15 389 200 төгрөг/ оршуулгын болон замын зардалд тус бүр 4 645 329 төгрөгийг гаргуулж, С.Б-д /нийт 9 290 659 төгрөг/, эмчилгээний зардалд тус бүр 6 027 829 төгрөгийг гаргуулж У.А, Н.Н нарт /нийт 12 055 658 төгрөг/ олгож, хохирогч Ц.Л-н нэхэмжилсэн өмгөөлөгчийн зардал 3 000 000 төгрөг, хохирогч С.Б-н нэхэмжилсэн өмгөөлөгчийн зардал 4 000 000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч Ц.Л, С.Б, У.А, Н.Н нар нь тэжээгчээ алдсаны тэтгэмж болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж,
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, шүүгдэгч Ч.Г, М.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.У нь давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд миний буруутай үйлдлээс болж 2 хүний эрдэнэт амь үрэгдэж тэдний ар гэрт нөхөж баршгүй зүйл тохиолдсоныг би гүнээ ухамсарлан харамсаж, өөрийн үйлдэлдээ гэмшиж байна. Миний бие хохирогч нарт тогтоолд дурдсан шиг хандаагүй бөгөөд өөрийн буруутай үйлдлээс болж 2 хүний амь нас хохирч, 2 хүн эрүүл мэндээрээ хохирчихоод байхад би тэднийг тоохгүй, харьцахгүй байж чадахгүй. Хүний амь нас, эрүүл мэндийн хохирлыг мөнгөөр төлөөд нөхөгдөхгүй ч би өөрийн зүгээс хохирогч нарын хохирлыг барагдуулахын тулд байгаа бүх боломжоороо цалингийн зээл, аав болон эмээгээ тэтгэврийн зээл, эхнэрээ зээл авахуулан тодорхой хэмжээгээр бүрэн биш ч гэсэн хохирлын мөнгийг төлсөн. Цаашид төлөөгүй үлдсэн хохирлын мөнгийг төлөх талаар хамгийн түрүүнд анхаарлаа хандуулна. Би энэ хэрэгт холбогдохоос өмнө сайхан гэр бүлтэй, эрхэлсэн тодорхой ажилтай, ажилдаа амжилт гаргаж, спортоор хичээллэдэг, ирээдүйдээ итгэлтэй байсан. Миний санамсар болгоомжгүй үйлдлээс болж эрдэнэт хүний амь эрсдэж, 2 хүн эрүүл мэндээрээ хохирсонд туйлын их харамсаж байна. Би өөрийгөө гэм буруугүй гэж өмөөрөхгүй. Харин надад оногдуулсан хорих ялыг гэнэтийн осол аваар байсныг харгалзан үзэж, мөн хувийн байдал, гэр бүлийн хувьд бага насны 2 хүүхэдтэй ба эхнэр маань 2019 оны 12 сарын 20-ны үеэр төрөх зэргийг харгалзан үзэж багасгаж өгнө үү, хохирогч нараасаа дахин дахин уучлалт гуйя ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Э.У-н өмгөөлөгчөөр давж заалдах шатны шүүхэд орж байна. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 117 дугаар шийтгэх тогтоолоор Э.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулсан. Шүүгдэгч Э.У болон өмгөөлөгч миний зүгээс зүйлчлэлийн хувьд ямар нэгэн маргаан байхгүй. Харин эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүх баримтлах ёстой хуулийг дутуу харж үзсэн байна гэж бодож байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлыг тодорхойлсон байгаа. Иймээс давж заалдах шатны шүүхэд Э.У гэдэг залуу хэн юм бэ гэдэг нотлох баримтуудыг бэлдээд ирсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасантай холбогдуулж тус хуулийн 31.10 дугаар зүйлд заасан хувийн байдлыг бүрэн тогтоогоогүй байгаа учраас ямар хүнд анхан шатны шүүх хариуцлага оногдуулсан юм бэ, ямар байдлаар оногдуулсан юм бэ гэдэг дээр нотлох баримт өгөх юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж заасны дагуу хариуцлага оногдуулсан. Гэхдээ хувийн байдлыг дутуу хавтаст хэрэгт авч цуглуулсан учраас учир дутагдалтай шийдвэр гаргасан гэж үзэж байна. Тухайн өдөр болсон осол маш аймшигтай хэрэг болсон байна лээ. Эрдэнэт 2 хүний амь нас хохирсон байгаа. Үүнд хохирогчийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлмээр байна. Гэхдээ Э.У-н зүгээс гэмт хэрэгтээ хандаж буй хандлага нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар харагддаг юм байна лээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг гэдэг нь бүрэн нотлогдон тогтоогдсон. Харин тус хуулийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн тухайд ямар учраас энэ гэмт хэрэгт холбогдсон бэ гэдэг дээр анхаарал хандуулах ёстой байх. 2016 оны 09 дүгээр сарын байдлаар харахад Э.У айлын шинэхэн хүргэн болсон нь харагддаг. Энэ хүргэн осол хийчихээд байж байхад хадам ээжийнхээ үгнээс гарах уу, үгүй юу, үгнээс нь гарахгүй байж байгаад энэ хэргийг хэлэхгүй үгсэн тохирлоо гэж бодъё тэгэхэд энэ хүн нэг жил хагас хугацааны дараа өөрийнхөө үйлдлийг илчилсэн байдаг. Энэ илчилсэн үйлдлийг анхан шатны шүүх хэргээ илчилсэнд тооцохгүй гэж дүгнэсэн байна лээ. Энэ бас нэг бодлын зөв. Тэгэхээр ямар учраас энэ хүн илчлэх болов. Өөрөө надад хэлэхдээ би бүтэн жил хагасын хугацаанд дутуу нойртой явсан. Энэ бол амьдын там шаналал юм байна лээ гэж хэлсэн. Энэ бүгдийг өөрөө ухамсарлаад 5 дугаар хавтаст хэргийн 17 дугаар хуудсанд байгаа бичгээр тээврийн прокурорын газар бичиж өгсөн байгаа. Хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байж болно гэж үзэж байгаа. Шүүхийн шийтгэх тогтоолоор тодорхой хэмжээний хохирол төлөхөөр гарсан байдаг. Хохирол төлсөн баримт нь байгаа. Давж заалдах шатны шүүх хурал болохоос өмнө 3 000 000, 3 000 000 төгрөг шилжүүлсэн баримт байгаа. Мөн У.А, Н.Н гээд хохирогч нарын хохирлынхоо мөнгийг бүрэн авсан гэсэн тайлбар байгаа. Үүнийг бас хавтаст хэрэгт хавсаргуулмаар байна. Э.У-н холбогдсон хэргээс болж учирсан гэм хорын хохирлыг хэн хэрхэн яаж барагдуулсан бэ гэдэг түүх нь энд байгаа. Ар гэрийнхэн нь хүмүүс зээл авсан баримт, “С” ХХК-ийн баримт байгаа. Энэ компани Э.Уг ямар хүн бэ гэдгийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тодорхойлж өгсөн байгаа. Энэ хоёр баримтаар 80 хүн тодорхой хэмжээний мөнгө цуглуулаад, мөн цалингийнхаа тодорхой хувийг Э.У-н хохирлынх нь зардалд төлөхийг зөвшөөрлөө гээд гарын үсэг зураад баталгаажуулсан байдаг. Мөн хувийн байдалтай холбоотой Э.У-н хоёр хүүхдийнх нь төрсний гэрчилгээ байгаа. Эхнэрийнх нь жирэмсний хяналтын хөтөч гээд карт байгаа. Ямар хүн юм, хэн гэдэг хүн энэ хэрэгт холбогдчихоод байгаа юм гэдэг Э.У-н талаар ойр дотнынх нь бичсэн хүмүүсийн тодорхойлолт зэргийг хэрэгт хавсаргуулахаар өгч байна. Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ хувийн байдлыг харгалзан үзнэ гэж заасны дагуу ямар хүнд хариуцлага оногдуулаад байгаа юм бэ гэдэг дээр дүгнэлт хийж, оногдуулсан ялыг зүйлчлэлийг нь өөрчлөхгүйгээр хөнгөрүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна...” гэв.
Хохирогч Ц.Лхагвадорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Э.У-н гаргаж байгаа гомдол нь ямар ч үндэслэл байхгүй. Энэ хүн анхнаасаа энэ хэргийг будлиантуулж өөр хүнд тохоод, 2 хүний амь нас зам дээр хохироочихоод тэр өдөртөө Бүгд найрамдах Хятад ард улсын Эрээн хот руу гарч наймаа хийх гээд явсан байсан. Ийм хүн чанаргүй хүн гэж байх уу. Бид нар энэ хэргээс болж Замын-Үүд сум руу 7, 8 удаа явсан. Миний дүүгийн хүүхдийг харж байсан эмээ нь сая 10 сард нас барчихлаа. Энэ хэрэгтэй холбоотойгоор маш их зовж байсан хүн. Тэр хүн зовсоор байгаад сая нас барчихлаа. Хохирогч С.Баасанжавын хүүхдүүд гээд олон хүүхдүүд байна. Энэ олон хүнийг зовоочихоод өнөөдөр миний ар гэрийн байдал хүнд байна, ял хөнгөрүүлж өгөөч гэж байгаад маш их гомдолтой байна. Энэ хэргийн ял хөнгөн оногдсон уу гэхээс хүнд биш. Хэрвээ янз бүрийн асуудал гарвал бид хэлээ хүрэх газартаа хандаж бүх шатанд нь хандах болно. Би нэг зүйл ойлгосон хүний амь хохироочихоод хоригдохгүй, хил гараад наймаа хийгээд яваад байж болдог юм байна. Тэгээд анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөн ял гэж бодож байна маш их гомдолтой байна...” гэв.
Хохирогч С.Баасанжав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд маш их гомдолтой байна. Э.У-н гаргаад байгаа гомдол нь ял хөнгөрүүлэх нөхцөл болохгүй байх гэж бодож байна. Тэр спортын амжилт, амжилттай явж байсан, ажил төрөл амжилттай явж байсан л гэх юм. Тухайн хэрэг гарах үед Э.У 1 хүүхэдтэй байсан. Ял авахаа мэдсээр байж 2, 3 хүүхэдтэй болчихоод одоо түүгээрээ шалтаглаад бага насны хүүхэдтэй, эхнэр жирэмсэн, ар гэрийн байдлыг харж үзнэ үү гээд байх юм. Би ч гэсэн хүүхдүүдтэй. Миний хүүхдүүдийг юу гэж бодсон юм бэ. Насаараа хохироод үлдэж байна. Э.У ч яахав хэдэн жилийн ял аваад гараад ирэх байх. Миний хань ижил амьд байсан бол миний гэр бүл ч гэсэн үүнээс ч илүү сайн сайхан амьдраад явах байсан. Нэг л өдөр миний амьдралыг орвонгоор нь эргүүлчихээд, хүсэл мөрөөдөл бодож байсан бүх зүйл минь үгүй болсон. Тэгсэн байтал өөрийгөө л бодоод байх юм. Хэний төлөө гавьяа байгуулчихаад, ямар хэрэг хийчихээд, юу яриад зогсоод байгаа юм...” гэв.
Хохирогч Ц.Л-н өмгөөлөгч Ц.Өлзийбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж, нотолсон, хэрэгт авагдсан, яллах дүгнэлтэд дурдагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалж хэлэлцэгдсэн, хохирогч, гэрчүүдийн болон шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэн бодит байдалд нийцсэн хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийж түүнийг шийтгэх тогтоолынхоо үндэслэл болгож хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн. Шийтгэх тогтоол хууль болон шүүгдэгчийн эрхийг зөрчөөгүй. Хууль ёсны, үндэслэлтэй гарсан бөгөөд шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрөхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан. Анхан шатны шүүхээс Э.У-д оногдуулсан ялын хэмжээ, дэглэм нь түүний гэм бурууд тохирсон ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин өөрөө эрх зүйн байдлаа анхнаасаа дордуулсан. Ийм учраас ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл байхгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж, хохирогч Ц.Л-н гаргасан тайлбарыг бүрэн дэмжиж санал нэгтэй байна. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
Хохирогч С.Б-н өмгөөлөгч: С.Санжаажамц давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр зөв гарсан. Учир нь Э.У тухайн үед 2 хүний амь нас хохироочихоод хэргээ нуугаад өөр хүнийг гэмт хэрэг үйлдсэн гээд гүтгээд давхар зүйлчлэгдэж байгаа. Тийм учраас хувийн байдлыг чухал биш гэж үзэж байна. Иймд шүүгдэгчид оногдуулсан ял тохирсон гэж үзэж байна...” гэв.
Хяналтын прокурор Б.Мөнгөнтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Уг гэмт хэрэг нь 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэрэг байгаа. Энэ гэмт хэргийг анх шалгагдахад нь түүний хадам ээж болох Г.Ц гэх хүн энэ гэмт хэргийг үйлдсэн гэдэг байдлаар гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш 1 жил 6 сарын хугацаанд энэ гэмт хэрэгтэй холбоотой 2 удаа анхан шатны шүүхээр орж хэлэлцэгдээд явж байсан. Шүүгдэгч Э.У нь гэрчээр явж байсан байгаа. Хэдийгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй нь энэ хүний эрхийн асуудал мэт боловч хуулийн байгууллагын ажлыг хүндрэлтэй болгож, бусад хохирогч нарт маш их чирэгдэл учруулсан. Энэ 1 жил 6 сарын хугацаанд энэ хэргийг өөр хүн үйлдсэн мэтээр шалгуулж хүмүүсийг төөрөгдөлд оруулсан байгаа. Тэгэхээр үүн дээр өөрийнхөө хэргийг сайн дураар илчилж ирсэн, энэ нь түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд хамаарахгүй юм. Хэргийн материалтай танилцаж байхад одоо болтол хохирогч нарын эрүүл мэндийн байдал сайжирсан гэсэн зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл хор уршиг арилаагүй байна. Мөн дээрээс нь хохирогч нарын шүүх хуралдаанаар хэлэлцэгдээд, нотлох баримтын хэмжээнд тооцогдоод тодорхой хэмжээний төлбөрүүдийг гаргуулахаар шийдсэн байгаа. Хэдийгээр төлбөрийн зарим хэсэг нь төлөгдсөн боловч зарим хэсэг нь төлөөгүй байна гэж Э.Уг төлбөртэй гэж шийтгэх тогтоолд дүгнэж гаргасан байгаа. Ялангуяа нас барсан 2 хүний амь насыг мөнгөөр илэрхийлэх боломжгүй. Тэгэхээр үйлдсэн хэргийн хор уршиг арилаагүй. Тэгэхээр анхан шатны шүүхээс түүний хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэрэг шалгагдаж байсан үед хандаж байсан хандлага буюу өөрөөр хэлбэл 1 жил 6 сарын хугацаанд өөрийнхөө өмнөөс өөр хүнийг гэмт хэрэг үйлдсэн мэтээр шүүх хуралдаанаар оруулаад тэр хүнд ял сонсгож, шүүх хуралдаанаар яллагдаж байсан ийм хэмжээний нөхцөл байдалд хүргэсэн. Эдгээр үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршиг зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс 5 жилийн хугацаагаар хорих ял, мөн нэмэгдэл ялыг оноосон. Ингэж оногдуулсан нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон байна гэж дүгнэж байна. Э.У, Ч.Г, М.Э нар нь уг гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд болох зам тээврийн ослын дүгнэлтүүд, эдгээр хүмүүсийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдсон. Шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн баримтуудыг үндэслээд шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэг, мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулсан нь тэдгээрийн үйлдсэн хэрэгт тохирсон гэж үзэж байна. Тэгэхээр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талаар гаргасан шүүгдэгч Э.У-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2019/ШЦТ/117 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.У-н давж заалдсан гомдолд үндэслэн түүнд бичигдсэн асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс бүхэлд нь хянан хэлэлцвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар тухайн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Э.У нь 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 16 цагийн орчимд Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай замаар Замын-Үүд орохоор Лексус маркийн 470 загварын 22-55 УНӨ улсын дугаартай автомашиныг жолоодож Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Бүрдэнэ багийн нутгаар дайран өнгөрч явахдаа тухайн үед мөрдөгдөж байсан Замын хөдөлгөөний дүрмийн 8.2, 9.2, 2-р хавсралтын 3.5-д заасныг тус тус зөрчсний улмаас жолооч З.Э-н жолоодож явсан тоёота приус маркийн 67-63 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч Д.Б, Ц.Г нарын амь насыг хохироосон, зорчигч У.А, Н.Н нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, тоёота приус маркийн 67-63 УБР улсын дугаартай автомашинд шууд 4730.000 төгрөгийн хохирол, шууд бусаар 1.130.000 төгрөгийн нийт 5900.000 төгрөгийн хохирол учруулсан буюу 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2,
энэ хэрэгт 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэрчээр байцаалт өгөхдөө “ тухайн үед машиныг Г.Ц бариад урд суудал дээр манай найз М.Э суугаад жолоочийн ар талд би миний баруун гар талд эхнэр Ч.Г сууж явсан гэж” бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн буюу 2015 оны Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 2,
Шүүгдэгч Ч.Г, М.Э нар нь 22-55 УНӨ улсын дугаартай Лексус-470 маркийн машиныг Г.Ц барьж явсан “ гэж мөрдөн шалгах ажиллагааны үед бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн буюу Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хохирогч Ц.Л/1-р хх-ийн 194/, С.Б /1-р хх-ийн 240/, У.А /2-р хх-ийн 65-66/, Н.Н /2-р хх-ийн 62-63/, З.Э /1-р хх-ийн 217-219/ нарын мэдүүлгүүд, иргэний хариуцагч Г.Ц, шинжээч Р.Ц нарын мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 3-19/, амь хохирогч нарын эд зүйлүүдийг хохирогч нарт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 43, 53/, 67-63 улсын дугаартай Тоёота приус тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 56/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх-ийн 79, 85, 88/, 22-55 УНӨ улсын дугаартай Лексус маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 120-123/, шүүхийн шинжилгээний 43, 44 тоот шинжээчийн дүгнэлтүүд /1-р хх-ийн 145-148, 151-155/, хохирогч У.А, Н.Н нарын биед учирсан гэмтлийг тогтоосон шүүхийн шинжилгээний 170, 1540 тоот дүгнэлтүүд /2-р хх-ийн 125, 127/, иргэний нэхэмжлэгч П.Х-н /4-р хх-ийн 40-41/ болон гэрч О.Ө /4-р хх-ийн 42/, Ж.М /4-р хх-ийн 43/ нарын мэдүүлгүүд, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4-р хх-ийн 49-52, 54-56/, зам тээврийн ослын талаарх шинжээчийн 40, 606, 258 дугаартай дүгнэлтүүд /2-р хх-ийн 80, 6-р хх-ийн 93, 7-р хх-ийн 49-50/, криминалистикийн шинжилгээний 4591, 12/10 тоот дүгнэлт /4-р хх-ийн 92-93/ зэргээр тус тус тогтоогдсон ба эдгээр гэмт хэргүүдийг үйлдсэнээ шүүгдэгч нар мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагдагчаар /2-р хх-ийн 73, 75, 77/, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээрээ хүлээн мэдүүлснээр батлагдан тогтоогдсон байна.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан баримтат мэдээллүүд байна гэж үзлээ.
Хэргийн үйл баримтыг хянан хэлэлцвэл 2016 оны 10-р сарын 14-ны өдөр болсон зам тээврийн ослыг Г.Ц үйлдсэн гэж яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлж 22-55 УНӨ улсын дугаартай лексус 470 маркийн автомашиныг жолоодож яваад зам тээврийн осол гаргасан гэж шалгагдсан ба 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Э.У нь Тээврийн прокурорын газарт уг гэмт хэргийг үйлдсэн гэж хэргээ илчилсэн тухай хүсэлт 5-р хх-ийн 17/ гаргасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа дахин шинээр явагдсан болох нь тогтоогджээ.
Гэмт хэрэг 2016 оны 10 дүгээр сарын 14-ний өдөр гарсан ба хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх хугацаанд буюу 2017 оны 07-р сарын 01-нээс эхлэн мөрдөж эхлэсний дагуу 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9-р зүйлийн 1-т заасныг баримтлан шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулиар зүйлчилж мөрдөн шалгах ажиллагаа явагдаж, прокурор яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудыг зөрчөөгүй.
Шүүгдэгч Э.У 2016 оны үед буюу гэмт хэрэг гарах цаг хугацаанд мөрдөгдөж байсан Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 буюу “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 9.2 буюу “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 2-р хавсралтын 3.5-д заасан “нэг тэнхлэгт өөр марк, хээтэй тавьсан” зэргээр дүрмийн заалтуудыг зөрчсөн ба мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2018 Замын хөдөлгөөний дүрэм шинэчлэн батлагдаж хэрэгжсэн тул прокурорын шатанд 258 тоот шинжээчийн дүгнэлтээр 2 дүрмийг харьцуулан дүгнэлт гаргасан нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөөгүй гэж үзнэ.
Шүүгдэгч Э.У-н энэ буруутай үйлдлийн улмаас хохирогч З.Энэбишийн жолоодож явсан тоёота приус маркийн 67-63 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 5.900.000 төгрөгийн хохирол учруулж, уг автомашинд зорчиж явсан зорчигч Д.Б, Ц.Г нарын амь нас хохирсон, хохирогч У.А, Н.Н нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3, 4.2-т заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас, …хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, …энэ гэмт хэргийн улмаас хоёр хүний амь нас хохироосон” гэх шинжүүдэд нийцсэн байх тул анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Уг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн.
Шүүгдэгч Э.У, Ч.Г, М.Э нар нь мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд 22-55 УНӨ улсын дугаартай лексус 470 маркийн автомашиныг Г.Ц жолоодож яваад зам тээврийн осол гаргасан гэж худал мэдүүлгүүд өгсөн, үүний улмаас хэрэг 3 жил гарангийн хугацаанд хуулийн байгууллагаар шалгагдаж удаарширсан, хохирогч нар эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохирсон ба шүүгдэгч нарын энэ буруутай үйлдлүүд нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-т заасан “гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол” гэсэн шинжид нийцсэн байх тул анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг энэ гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн ба шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэв.
Тодруулбал шүүгдэгч Э.У, Ч.Г нар нь гэр бүл бөгөөд хэрэгт холбогдсон Г.Ц нь шүүгдэгч Ч.Гийн төрсөн эх ба тэдгээр нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т зааснаар өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй боловч энэ нь мэдүүлэг өгөхгүй татгалзах эрхтэй илүү хамааралтай ба нэгэнт мэдүүлэг өгөхийг зөвшөөрсөн тохиолдолд хуульд заасны дагуу гэрч нь өөрийн мэдэх зүйлээ үнэн зөвөөр мэдүүлэх үүрэгтэй болно.
Гэхдээ нөгөө талаас энэхүү гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрх нь өгч байгаа мэдүүлгийн агуулгатай холбоотой буюу мэдүүлгийн агуулгад гэр бүлийн гишүүдийнхээ эрх зүйн байдлыг дордуулах үйл баримтыг мэдүүлэхгүй байж болох боловч энэ нь гэмт хэргийг нуун дарагдуулах, өөр хүнийг гэмт хэрэг үйлдсэн мэтээр худал мэдүүлэг өгөх үндэслэл болох учиргүй тул анхан шатны шүүх шүүгдэгч Э.У, Ч.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-т заасан худал мэдүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, энэ талаарх хуулийг буруу хэрэглээгүй байна.
Улмаар анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.У-д 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9-р зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан жилээр хасч, таван жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.У-д хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т зааснаар ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь,
Шүүгдэгч Ч. Ч.Г, М.Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар тус бүрт хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь тус тус шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн хэр хэмжээнд нь тохирсон, “Шударга ёсны зарчим”-д нийцсэн, хүнд биш байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан хэлэлцэгдэж байх хугацаанд хохирогч У.А, Н.Н нараас “ нэхэмжилсэн 12.055.058 төгрөгийн хохирол бүрэн төлөгдсөн, гэмт хэрэг болгоомжгүйгээр үйлдэгдсэн, бид гомдолгүй, ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн бол хохирогч Ц.Лхагвадорж, С.Баасанжав нарт мөн хугацаанд тус бүр 3.000.000 төгрөгийг нэмж төлсөн, хохирол бүрэн төлөгдөөгүй байгаа болно.
Шүүгдэгч Э.У нь давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч Ж.Хүдэрчулууныг өмгөөлөгчөөр оролцуулсан ба тэрээр шүүгдэгчийн хувьд гэм буруугийн тал дээр маргахгүй, харин шүүгдэгч нь хувь хүнийх нь ямар хүн бэ гэдэг тал дээр мөрдөн шалгах болон прокурорын шатанд нотлох баримт авагдаагүй байсан гэсэн үндэслэлээр шүүгдэгчийн хувийн байдлын талаарх нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн, түүний ар гэрийн хувьд эхнэр Ч.Г нь бага насны 2 хүүхэдтэй, одоо удахгүй дахин төрөх гэж байгаа, хохирогч нарын хохирлыг хавтаст хэргийн хүрээнд боломжийнхоо хэрээр төлж байгаа, цаашид ч төлөх болно гэсэн үндэслэлүүдээр шүүгдэгчийн ялыг хөнгөрүүлэхийг хүсч тайлбар гаргасныг болон шүүгдэгч Э.У-н ял хөнгөрүүлэх тухай давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзвэл энэ гэмт хэрэг хэдийгээр гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, шүүгдэгч Э.У нь гэм буруугаа хүлээж өөрийгөө илчилсэн, учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа боловч энэ гэмт хэргийн улмаас 2 хүний амь нас хохирсон, 2 хүний биед амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан, шүүгдэгч Э.У нь өөрийгөө илчилсэн хэдий ч энэ нь цаг хугацааны хувьд мөрдөн шалгах ажиллагаа болон хохирогч нарт хүндрэл учруулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хүнд биш тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
Иймд шүүгдэгч Э.У-н давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2019/ШЦТ/117 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Угаас гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Э.У-н цагдан хоригдсон 51 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БОЛОРМАА
А.САЙНТӨГС