Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 00799

 

      “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

       иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2018/00402 дугаар шийдвэртэй, “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “О” ХХК, Б.Б нарт холбогдох

  Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл болон алданги 10 418 990 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани “О” ХХК-тай 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээний дагуу өөрийн худалдан борлуулдаг бараанаас зээлээр нийлүүлсэн. Гэвч “О” ХХК зээлээр авсан барааны үнийг төлөөгүй тул гэрээг дуусгавар болгож тооцоо нийлсэн актаар “О“ ХХК манай компанид 8 829 770 төгрөгийн өглөгтэй гарсан. Энэ өглөг дээр хоног тутам 0.1 хувийн алданги бодогдож байна. Иймд хариуцагч “О” ХХК-иас өглөг 8 829 770 төгрөг, гэрээний алданги 180 хоногоор тооцоход 1 589 220 төгрөг нийт 10 418 990 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү. Гэрээ дүгнэсэн акт дээр Б.Батчимэг ирээгүй, дэлгүүрийн менежер Б.С гэрээ дүгнэсэн актыг үйлдэж, тооцоо хийсэн. Нэхэмжлэгч тал Б.Б-ээс татгалзахгүй, шүүх шийдвэрлэх байх гэжээ.

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүхэд гаргасан тайлбартаа: Бид нэхэмжлэгч талын нэхэмжилж буй 6 905 182 төгрөгийн агуулахаас авсан барааны үнийг төлөхийг зөвшөөрч байна. Харин гэрээний дагуу тооллого хийж дутсан 1 924 588 төгрөг, алданги 1 589 220 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээний огноо, гэрээний хавсралттай таардаггүйгээс гадна гэрээний хавсралтыг зөвхөн нэхэмжлэгч тал баталгаажуулсан, мөн тооллогын гэх зөвхөн нэхэмжлэгч талын кассын баримтыг хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгч гаргаж өгдөг. Энэ нь 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн гэрээ дүгнэсэн актанд тааруулж хийсэн баримт гэж үзэж байна. Гэрээний хавсралт болон тооллого хийхэд талууд байх ёстой ч хариуцагч тал байлцаж, баталгаажуулаагүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу алдангийн талаар гэрээгээр тохиролцоогүй тул төлөхөөс татгалзаж байна. Тухайн маргаан хуулийн этгээдүүдийн хооронд байгуулагдсан тул Б.Б-ийг иргэний хувиар оролцуулах шаардлагагүй гэж үзэн Б.Б-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

      Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “О” ХХК-иас 6 905 182 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 3 513 808 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Б-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181 654 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “О” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 125 433 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх нотлох баримтыг дүгнэхдээ "Б" ХХК нь анх 28 нэр төрлийн 37 ширхэг бараа өгсөн, буцааж авахдаа 3 нэр төрлийн 7 ширхэг барааг аваагүй. Өөрөөр хэлбэл, “О” ХХК худалдан борлуулсан байхад хариуцагчийн эрх бүхий этгээд гэрээ дүгнэсэн актад гарын үсэг зураагүй шалтгаанаар 1 924 588 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Шүүх гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах- худалдан авах гэрээ гэж дүгнэсэн хэрнээ “О” ХХК-ийн дэлгүүрийг захирал Б.Б-ийн ах болох Б.С ажиллуулж байсан, мөн 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн гэрээнд тухайн компанийн борлуулалтын менежер Б.Содбаяр гэж гарын үсэг зурсан, бараа авах, барааны төлбөр төлөх зэргийг гэрээний 7.1, 7.2-т заасан эрхийнхээ дагуу Б.С компанийг төлөөлж хийсэн, гэрээ дүгнэх, “О” ХХК-ийн дэлгүүрээс бараагаа буцааж авахад захирал Б.Б ирээгүй, уулзах хүсэлт тавьсан ч уулзахгүй зугтаад байсан, “О” ХХК-ийн төлөөлөгч өмнөх шүүх хурлуудад тайлбарлаж, давж заалдах гомдол гаргахдаа дутсан барааг хүлээн зөвшөөрч, харин Б.С-ын нэмэлтээр агуулахаас авсан 3 нэр төрлийн барааны үнэ 6 905 182 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг анхааралгүй заавал Б.Б-тэй гэрээ дүгнэх ёстой бараа дутагдуулсан нь тогтоогдоогүй гэж түүний хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр шийдвэрлэсэн нь илт хууль бус байна. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 262 дугаар зүйлийн 261.1 дэх заалтад зааж өгсөн авсан барааны үнэ төлөх үүрэгтэй гэж заасны эсрэг шийдвэр боллоо. Иймээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

          Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

     Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч “О” ХХК, Б.Б нарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 8 829 770 төгрөг, алдангид 159 220 төгрөг нийт 10 418 990 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч “О” ХХК-иас 6 905 182 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрчээ.

          Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч “О” ХХК-тай байгуулсан 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 104/15 тоот ”Хамтран ажиллах гэрээ”-гээр өөрийн импортоор оруулж ирдэг бараа бүтээгдэхүүнийг санал болгосон үнээр 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл борлуулан, үнийг тохиролцсон хугацаанд төлөхөөр тохиролцсон нь хэрэгт авагдсан хамтран ажиллах гэрээ болон түүний хавсралт, бараа хүлээж авсан баримтаар тогтоогдож байна. /хх 7-8, 41-49/ Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

        Талууд дээрх гэрээний дагуу үүссэн өр, төлбөр, тооцооны талаар 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр акт үйлдэн дүгнэхдээ хариуцагч “О” ХХК нь 10 дугаар сарын худалдан авалтаас үүссэн авлага 6 905 182 төгрөг, дисплейд биетээр байхгүй 3 ширхэг барааны үнэ 1 924 588 төгрөг нийт 8 829 770 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 15-ны дотор төлөх,  хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд 0.1 хувийн алданги төлөхөөр зааж “О” ХХК-ийн борлуулалтын менежер Б.Сгарын үсэг зуржээ. /Хх-9/

      Хариуцагч “О” ХХК-иас “Гэрээ дүгнэсэн акт”-д эрх бүхий этгээд гарын үсэг зурж, баталгаажуулаагүй гэж маргасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.1-т “Гэрээт борлуулагчийн тээвэрлэгч буюу бараа хүлээн авч буй хүнийг нийлүүлэгч гэрээт борлуулагчийн төлөөлөгч гэж үзнэ”, мөн 7.2-т “Гэрээт борлуулагчийн төлөөлөгч барааг авахдаа бүрэн бүтэн эсэх, иж бүрдлийг сайтар шалган хүлээн авна” гэж тус тус заасны дагуу “О” ХХК-ийг төлөөлж боруулалтын менежер Б.С гэрээ байгуулж, бараа хүлээн авч, гэрээ дүгнэсэн актыг гарын үсэг зурж, баталгаажуулсан байх тул хариуцагч байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээд гэж үзнэ.

        Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч ”О” ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний дагуу нийт 8 829 770 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

    Харин нэхэмжлэгч “Б” ХХК-иас худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан  байх тул татгалзагдсан гэрээний заалтыг үндэслэн алданги шаардах эрхгүй гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.       

       Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2018/00402 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “6 905 182” гэснийг “8 829 770” гэж, “3 513 808” гэснийг “1 589 220” гэж, 2 дахь заалтад “125 433” гэснийг “156 226” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184 654 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                              ШҮҮГЧИД                                              Т.ТУЯА

                                                                                                             Д.БАЙГАЛМАА