Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2132

 

 

 

2019 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2019/02132

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

                   Нэхэмжлэгч: байрлах,  регистрийн дугаартай, У ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

                   Хариуцагч: хаягт байрлах, К хадгаламж зээлийн хоршоонд холбогдох

 

 Гэрээний үлдэгдэл төлбөрт 6.197.000 төгрөг гаргуулах тухай иргэний  хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Алтанзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянбадрал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Энхзул нар оролцов.                                                                                                                

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Алтанзул шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У ХХК нь Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээний удирдлага мэдээллийн болон цахим хэлбэрийн системийг нийлүүлж байгаа компани бөгөөд манай компани иргэдийг цахим картаар хангах үйл ажиллагааг дэмжих мөн Хадгаламж зээлийн хоршоодын үйл ажиллагааг дэмжиж зорилгоор Нийслэлийн бүх дүүргүүдэд үйл ажиллагаа явуулж байгаа Хадгаламж зээлийн хоршоодтой карт борлуулах цэнэглэх үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсан. Энэ ажлын хүрээнд 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийг төлөөлөн К хадгаламж зээлийн хоршоотой тухайн үед уг хоршооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ******* нь төлөөлөн манай компанитай карт борлуулах, цэнэглэх үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулж, нийт 4800 ширхэг картыг өөрөө гарын үсэг зурж хүлээж авсан. Энэ картуудыг хүлээж аваад  өөрийн гишүүн хадгаламж зээлийн хоршоодод тараан өгч, иргэдэд худалдан борлуулах байсан. Нэг ширхэг карт иргэдэд зарагдах үнэ нь 3600 төгрөг байсан ба хадгаламж зээлийн хоршоодод манай компаниас гэрээний дагуу нэг картыг 3200 төгрөгөөр борлуулаад хоршоодын нийт гишүүд нь худалдан борлуулсан нэг ширхэг карт тутмаас 400 төгрөгийн шимтгэл авах нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Үүнээс хойш К хадгаламж зээлийн хоршоо 2015 оны 8 дугаар сарын 14-нөөс хойш Хан-Уул дүүргээс К хадгаламж зээлийн хоршооноос гэсэн утгатайгаар картын төлбөрийг тухай бүрт нь шилжүүлж байгаад хамгийн сүүлд 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр төлж, өөрөөр ямар нэгэн төлбөр төлөөгүй. Энэ хугацаанд нийтдээ 4800 ширхэг картны үнэнд 15.360.000 төгрөг төлөхөөс 9.243.200 төгрөгийг төлж, үлдэгдэл 6.126.800 төгрөгийг төлөөгүй байна. Тиймээс манай компаниас гэрээний дагуу төлбөрөө шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргахад үйл ажиллагаа явуулдаг хаягаа өөрчилж, энэ тухайгаа Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэх үүргээ гүйцэтгээгүй, хаягаа бүртгүүлээгүй байсан учраас манай компаниас дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж К хадгаламж зээлийн хоршоог эрэн сурвалжлуулж, ******* захирлын хаягыг Цагдаагийн байгууллагаас олж тогтоож тэрээр манай компанид ирж уулзаж, тодорхой хугацаа тогтоогоод гишүүддээ тараагаад өгсөн байгаа. Гишүүдээсээ аваад  танай байгууллагад сарын дотор төлж барагдуулна гэж хэлсэн. Үүнийхээ дагуу төлбөрийг төлөөгүй учраас дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээр хэлэлцүүлж байна. Гэрээ байгуулж түүнээс хойш хийгдсэн төлбөрийн тооцоо, санхүүгийн баримт болон бусад холбогдох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагч талын маргаж байгаа гол үндэслэл нь гүйцэтгэх захирал *******тай тухайн хадгаламж зээлийн хоршоо хөдөлмөрийн гэрээ байгуулсан, ******* гэрээний 2.2-т заасан Төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээг хэтрүүлсэн гэж тайлбарлаж байна. Гэтэл Хадгаламж зээлийн хоршооны тухай хуульд зааснаар Тэргүүлэгчдийн зөвлөлөөс гүйцэтгэх захиралтай гэрээ хийсэн. Тухайн гэрээнд ямар ямар заалт тусгах, гүйцэтгэх захирал ямар эрх үүрэгтэй байх талаар дүрэмд тодорхой зааж өгсөн. Үүний дагуу Хадгаламж зээлийн хоршооны дүрмийг гаргаж авсан. Төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээг тодруулахаар дүрмийг үзэхэд ямар нэгэн хүрээ зааж өгсөн зүйл байхгүй байна. Харин дүрмийн 10.2, 10.3-т үүргийг зааж өгсөн ба гүйцэтгэх захирал дараах эрх үүрэгтэй гээд 10.3.1-т Тэргүүлэгчдийн зөвлөлөөс эрх олгосноор гадаад дотоод харилцаанд хоршоог төлөөлөх, 10.3.2-т  Ажилтныг томилох, чөлөөлөх, ажлаас халах, түүнтэй гэрээ байгуулж, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, 10.3.3-т Хоршооны нэрийн өмнөөс иргэний эрх зүйн харилцаанд оролцох гэж зааснаас үзэхэд гүйцэтгэх захирлын эрх хэмжээ нь Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулиар баталгаажиж түүнийгээ дүрэмдээ зааж өгсөн байна. Түүнээс биш Тэргүүлэгчдийн зөвлөлөөс  олгосон эрх хэмжээний хүрээнд ямар нэгэн хэмжээ хязгаарыг зааж өгөөгүй ба өмнөх хуралдаанаар хэлэлцсэн гэрчийн мэдүүлэг болон холбогдох нотлох баримтыг үндэслээд гүйцэтгэх захирал ******* тухайн үед хоршооны дүрэм болон Хоршооны тухай хуульд зааснаар тус хоршоог төлөөлж иргэний эрх зүйн  харилцаанд оролцох, гэрээ байгуулах эрх нь олгогдсон байсан учраас талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр гэрээ юм. Хадгаламж зээлийн хоршооны тухай хуульд зааснаар хадгаламж зээлийн хоршоо нь гишүүдээ дэмжих зорилгоор гишүүддээ үйлчилдэг байгууллага. Энэ хуульд хадгаламжийн үйл ажиллагаа, зээлийн үйл ажиллагаа эрхэлнэ, мөн хуулиар хориглоогүй санхүүгийн үйл ажиллагаа эрхэлж болно гэж зааж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл гүйцэтгэх захирал хуулиар хориглоогүй иргэний эрх зүйн харилцаанд оролцох эрхтэй гэдгийг хадгаламж зээлийн хоршооны тухай хуулиар олгосон. Хоршооны дүрэмд гүйцэтгэх захирал тухайн хадгаламж зээлийн хоршоог төлөөлж иргэний эрх зүйн харилцаанд оролцох эрхтэй мөн үйл ажиллагаандаа Иргэний хууль болон холбогдох хуулийг баримтлан гэрээ байгуулах эрхтэй гэсэн үг. Энэ эрхийг хэрэгжүүлэх үүднээс тухайн хадгаламж зээлийн хоршооны дарга ******* болон тухайн үед эрх мэдлийг хэрэгжүүлж байсан гүйцэтгэх захирал нар нь манай компанид өөрсдөө биечлэн очиж гэрчээр өгсөн мэдүүлэг байгаа. Түүнд хоршооны дарга намайг гүйцэтгэх захирал гэдэг утгаараа гэрээнд гарын үсэг зурахыг зөвшөөрсөн. Хариуцагчийн тайлбарыг өмнөх хуралдаанд гэрч няцаасан мэдүүлгийг өгсөн. Гэрээ байгуулагдсан талаар тухайн хадгаламж зээлийн хоршоо мэдээгүй байж байгаад нэхэмжлэл гаргахад мэдсэн гэдэг тайлбар нь үндэслэлгүй юм. Тухайн үед хоршооны даргатай хамт очоод гэрээг хийсэн. Хууль болон Хоршооны дүрмээр олгогдсон эрхээ хэрэгжүүлж гэрээнд гарын үсэг зурсан гэдэг тайлбарыг гэрчээс өгсөн. Энэ нь Хадгаламж зээлийн хоршооны тухай хууль болон хоршооны дүрмийн холбогдох заалтуудаар нотлогдож байна. Хоршооны дарга нь хууль болон дүрмээрээ Тэргүүлэгчдийн зөвлөлийн даргаар ажиллаж байгаа ба хадгаламж зээлийн хоршооны хяналтын зөвлөл гэж байгаа. Гүйцэтгэх захирал ******* гэрээ байгуулаад гэрээний дагуу 2015 оны 8 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд К хадгаламж зээлийн хоршоог төлөөлж, санхүүгийн үйл ажиллагаанд оролцоод гэрээний дагуу төлбөр төлж байсан. Хоршооны даргаас бас энэ үйл ажиллагаанд оролцоод төхөөрөмж аваад картыг борлуулж байсан гэсэн мэдүүлгийг гэрч өгсөн нь холбогдох баримтаар нотлогдож байгаа учраас мэдээгүй гэсэн тайлбар үндэслэлгүй юм. Хоршооны дарга, Тэргүүлэгчдийн зөвлөл, хяналтын зөвлөл холбогдох хууль болон гаргаж өгсөн дүрмээрээ гүйцэтгэх захирлын үйл ажиллагаанд өдөр тутам хяналт тавьж, ажиллаж байх үүрэгтэй. Гүйцэтгэх захирал эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэхэд Тэргүүлэгчдийн зөвлөл, хяналтын зөвлөл эрх хэмжээгээ хэрэгжүүлж, хяналт тавиагүй, ажил үүрэг хариуцлагыг К хадгаламж зээлийн хоршоо өөрийн дотооддоо шийдэх ёстой болохоос биш Тэргүүлэгчдийн зөвлөл, хяналтын зөвлөл ажил үүргээ гүйцэтгээгүйгээс үүсэх хариуцлагыг манай компани үүрэх ёсгүй. Дүрэмд зааснаар тухайн хадгаламж зээлийн хоршооны гишүүн хоршоондоо хохирол учруулсан бол дүрэм болон хуулийн 40.1-т заасны дагуу тухайн хадгаламж зээлийн хоршоо өөрийн гишүүнээс учруулсан хохирлын талаар тусдаа нэхэмжлэл гаргах замаар шийдвэрлэх боломжтой. ******* нь одоо болтол К ХЗХ-ны гишүүнээр бүртгэлтэй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянбадрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* нь манай хоршоотой 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус хоршооны гүйцэтгэх захирлаар 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл гэрээний дагуу ажиллаж байсан. К хадгаламж зээлийн хоршооны гүйцэтгэх захирал нь хоршооны тэргүүлэгчдийн эзгүйд хоршооны үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, гүйцэтгэх удирдлагаар хангах үүргийг хэрэгжүүлдэг. Хоршоог төлөөлөн аливаа этгээдтэй гэрээ байгуулахдаа заавал Тэргүүлэгчдийн зөвлөлөөс зөвшөөрөл авдаг. Энэ нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.2.1-т зааснаар нотлогдож байгаа. К хадгаламж зээлийн хоршооны зүгээс У ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр карт борлуулах, цэнэглэх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулаагүй ба тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ******* тус хоршоог төлөөлөн У ХХК-тай гэрээ байгуулах ямар нэгэн эрхийг олгоогүй. Хоршооны тухай хуульд заасны дагуу  хоршоог итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь зөвхөн Хоршооны дарга буюу одоог хүртэл Хоршооны даргаар ажиллаж байгаа ******* байсан. ******* нь тус хоршооны зөвшөөрөлгүйгээр дур мэдэн тухайн үед хоршооны тамга тэмдгийг ашиглаж гэрээ байгуулсан гэж үзэж байна. Хоршооны тухай хуульд хоршооны үйл ажиллагааны чиглэлийг дэлгэрэнгүй тусгасан. Мөн хуулийн 3.4-т хоршоо дараах үйл ажиллагаа эрхэлж болно гээд 8 заалтыг тусгаж өгсөн байдаг. Түүний 3.4.3-т хадгаламж зээлийн хоршоо буюу манай хоршоо зөвхөн хадгаламж зээлийн үйл ажиллагаа явуулах эрх үүрэгтэй байсан. Хоршоонд хамааралгүй карт борлуулах цэнэглэх үйлчилгээ үзүүлэх гэрээ буюу Хоршооны тухай хуулийн 3.1.4, 3.4.5-т заасан үйлчилгээний буюу хоршооны хэрэгжүүлэх боломжгүй үйл ажиллагааны чиглэлээр энэ гэрээг байгуулсан. Хоршооны зүгээс энэ гэрээг байгуулах ямар ч боломжгүй байсан. *******д ямар нэгэн итгэмжлэл олгоогүй байхад ******* дур мэдэн гэрээ байгуулсан гэж үзэж байна. Хоршооны зүгээс У ХХК-тай холбоотой асуудлыг шүүхээс хоршоонд мэдэгдэх үед мэдсэн. Түүнээс өмнө У ХХК-тай харилцсан гэрээний эрх үүргийг хэрэгжүүлсэн, тус компаниас карт хүлээн авсан, картуудын төлбөрийг тус хоршооноос төлсөн нэг ч асуудал байхгүй. Иргэний хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулж хийхийг зохицуулсан байдаг боловч тухайн үед хадгаламж зээлийн хоршооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан *******д ямар нэгэн эрх олгосон үйлдэл хийгээгүй, зөвшөөрөл, итгэмжлэл олгоогүй болно. Мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.8-д заасан хуулиар заасан хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тусгай зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл буюу Хоршооны үйл ажиллагаанд хамааралгүй чиглэлээр зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл учраас 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Манай хоршооны зүгээс У ХХК-тай байгуулсан гэрээнд заасны дагуу картыг зарж борлуулах ямар ч боломжгүй. Учир нь манай хоршоо зөвхөн хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагааг эрхэлдэг ганцхан объектод байрладаг. Тэр объектоос өөр ямар нэгэн байршил, салбаргүй байгууллага. Гэтэл энэ гэрээнд өөрийн салбар цэгүүдээр борлуулна гэж заасан байна. Манай хоршоотой байгуулсан гэрээ биш, энэ нь ******* бие дааж байгуулсан гэдгийг нотолж байна. Хариуцах ёстой этгээд нь ******* ба К ХЗХ нь *******ын эрх хэмжээгээ хэтрүүлэн ашиглаж байгуулсан гэрээтэй холбоотой харилцаанаас үүссэн үр дагаврыг хариуцахгүй. Шүүх хуралдаан К ХЗХ-ны тусгай зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийн хавсралт, тус хоршооны дүрмийг гаргаж өгсөн. Хоршооны дүрмийн 10.3.3-т заасныг нэхэмжлэгч тал тайлбарлаж нэхэмжлэлээ дэмжсэн байр сууриа илэрхийлж байна. Үүнд хоршооны нэрийн өмнөөс иргэний эрх зүйн харилцаанд оролцох үүргийг гүйцэтгэх захиралд олгосон зүйл байхгүй. Манай Хадгаламж зээлийн хоршоо зөвхөн хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхэлнэ гэж тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хавсралт, хадгаламж зээлийн хоршооны дүрэмдээ зааж өгсөн байдаг. Гүйцэтгэх захирлын Хоршооны нэрийн өмнөөс эрх зүйн харилцаанд оролцох эрх үүрэгтэй гэсэн зохицуулалт нь хоршооны нэрийн өмнөөс хоршоог төлөөлөн хадгаламж зээлийн үйл ажиллагаанд оролцох, иргэний эрх зүйн харилцаанд оролцох иргэдэд зээл олгох, иргэдийн хадгалуулсан мөнгийг хадгаламж үүсгэх зэрэг харилцаанд хоршоогоо төлөөлөх бүрэн эрхийг олгоод байгаа. Дүрмийн 13.1-т Тэргүүлэгчдийн зөвлөлөөс гадаад дотоод харилцаанд хоршоог төлөөлж оролцоно гэж заасан нь гүйцэтгэх захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаад байгаа манайхаас хариу тайлбартаа удаа дараа дурдаж байсан гүйцэтгэх захиралтай байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 2.2.1-т заасан Тэргүүлэгчдийн зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хоршоог төлөөлж, байгууллага иргэдтэй гэрээ байгуулна гэсэн зохицуулалтыг дүрэмдээ тусгаж өгсөн байгааг илтгэж байна. Уг хадгаламж зээлийн хоршоо нь зөвхөн хадгаламж болон зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг. Гэтэл гүйцэтгэх захирал ******* хоршоог төлөөлж байгаа гэсэн нэрээр У ХХК-тай харилцан тохиролцож бүтээгдэхүүнийг нь худалдан борлуулж, түүнээс тодорхой хэмжээний ашиг олох зорилготойгоор гэрээ байгуулсан ба энэ гэрээ нь хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаатай хамааралгүй, ийм үйл ажиллагаа хэрэгжүүлэх тусгай зөвшөөрөл аваагүй. Энэ үйл явдлыг нэхэмжлэгч талаас шүүхэд нэхэмжлэл гаргах үед *******ыг гэрээ байгуулсан гэдгийг олж мэдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

     Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                           ҮНДЭСЛЭХ  нь:

 

 Нэхэмжлэгч У ХХК хариуцагч К ХЗХ-д холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөрт 6.197.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. 

 

 

У ХХК нь К хадгаламж зээлийн хоршоотой 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр карт борлуулах, цэнэглэх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, У ХХК-иас нийлүүлсэн цахим картыг гэрээт борлуулагч К хадгаламж зээлийн хоршоо өөрийн цэгүүдээр тогтоосон үнийн дагуу борлуулах, У ХХК-ийн дансанд төлбөрөө урьдчилан хийсний үндсэн дээр тус компаниас олгосон электрон мөнгөн хэлбэрийг компанийг төлөөлж үйлчлүүлэгчийн цахим картад төлбөртэйгээр цэнэглэх үйлчилгээ үзүүлэхээр харилцан тохирсон болох нь зохигчдын тайлбар, тэдний хооронд байгуулсан гэрээгээр тогтоогдож байна.

 

Дээрх гэрээний дагуу борлуулагч К хадгаламж зээлийн хоршоо нь У ХХК-иас нийлүүлсэн нэг бүр нь 3200 төгрөгийн үнэтэй 4800 ширхэг цахим картыг хүлээн авч, төлбөрийг тодорхой хугацаанд борлогдсон хэмжээгээр төлөх, түүнчлэн төлбөрийн тооцоо хийлгүй урьдчилж олгосон картын төлбөрийг долоо хоног бүрийн Лхагва, Баасан гаригуудад борлогдсон картын үнийг төлөх, У ХХК-иас нийлүүлсэн картыг 3600 төгрөгөөр борлуулах ба борлуулалтаас үүсэх 400 төгрөгийг карт борлуулсны хөлс болгон авахаар тохиролцжээ.

 

          Нэхэмжлэгч нь К хадгаламж зээлийн хоршоо 2015 оны 8 дугаар сарын 14-нөөс хойш Хан-Уул дүүргээс К ХЗХ-ноос гэсэн утгатайгаар картын төлбөрийг тухай бүрт нь шилжүүлж байсан ба  2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр сүүлийн төлбөрийг төлж, дахин ямар нэгэн төлбөр хийгээгүй, энэ хугацаанд нийтдээ 4800 ширхэг картны үнэнд 15.360.000 төгрөг төлөхөөс 9.243.200 төгрөгийг төлж, үлдэгдэл 6.126.800 төгрөг, хариуцагч хаягтаа үйл ажиллагаа явуулдаггүй, олдохгүй байснаас шүүхээр хариуцагчийг эрэн сурвалжлуулж хаягийг тогтооход улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг хохиролд тооцож, нийт 6.197.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, уг шаардлагаа дэмжиж байна.

           

Зохигчид талуудын хооронд байгуулсан гэрээний агуулга, хүчин төгөлдөр байдал, маргааны үйл баримтын талаар мэтгэлцэж, итгэмжлэгчийн төлөөлөгч нь У ХХК Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээний удирдлага мэдээллийн болон цахим хэлбэрийн системийг нийлүүлж байгаа компанийн хувьд иргэдийг цахим картаар хангах, Хадгаламж зээлийн хоршоодын үйл ажиллагааг дэмжих зорилгоор К хадгаламж зээлийн хоршоотой уг гэрээг байгуулсан, Хадгаламж зээлийн хоршооны тухай хуульд зааснаар хоршоо нь хадгаламжийн үйл ажиллагаа, зээлийн үйл ажиллагаа эрхэлнэ, мөн хуулиар хориглоогүй санхүүгийн үйл ажиллагаа эрхэлж болно гэж зааж өгсөн ба хуулиар хориглоогүй иргэний эрх зүйн харилцаанд оролцох эрхтэй гэдгийг хадгаламж зээлийн хоршооны тухай хуулиар болон тухайн хадгаламж зээлийн хоршоо өөрийн дүрэмдээ зааж өгсөн, тэгэхээр гүйцэтгэх захирал ******* нь К хадгаламж зээлийн хоршоог төлөөлж иргэний эрх зүйн харилцаанд оролцох эрхтэй мөн үйл ажиллагаандаа Иргэний хууль болон холбогдох хуулийг баримтлан гэрээ байгуулах эрхийг хуулиар олгосон гэж, хариуцагчийн итгэмжлэгч төлөөлөгч нь гүйцэтгэх захирал нь Хоршоог төлөөлөн аливаа этгээдтэй гэрээ байгуулахдаа заавал Тэргүүлэгчдийн зөвлөлөөс зөвшөөрөл авах бөгөөд энэ талаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.2.1-т заасан байхад зөрчиж, хоршооны зөвшөөрөлгүйгээр дур мэдэн хоршооны тамга тэмдгийг ашиглаж гэрээ байгуулсан, хоршооны нэрийн өмнөөс иргэний эрх зүйн харилцаанд оролцох үүргийг гүйцэтгэх захиралд дүрмээрээ олгосон гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж нэхэмжлэлээ дэмжсэн байр сууриа илэрхийлж байгаа боловч манай хоршоо зөвхөн хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхлэхээр тусгай зөвшөөрөл авсан, энэ талаар хоршооны дүрэмдээ зааж өгсөн, гүйцэтгэх захирлын Хоршооны нэрийн өмнөөс эрх зүйн харилцаанд оролцох эрх үүрэгтэй гэсэн зохицуулалт нь хоршооны нэрийн өмнөөс хоршоог төлөөлөн хадгаламж зээлийн үйл ажиллагаанд оролцох, иргэний эрх зүйн харилцаанд оролцох иргэдэд зээл олгох, иргэдийн хадгалуулсан мөнгийг хадгаламж үүсгэх зэрэг харилцаанд хоршоогоо төлөөлөх бүрэн эрхийг олгосон, К хадгаламж зээлийн хоршоо *******ын эрх хэмжээгээ хэтрүүлэн ашиглаж байгуулсан гэрээтэй холбоотой харилцаанаас үүссэн үр дагаврыг хариуцахгүй гэж тус тус тайлбарлан маргаж байгаа болно.

 

Хэргийн баримт, зохигчдын тайлбар мэдүүлгээс дүгнэж үзэхэд К хадгаламж зээлийн хоршооны бүх гишүүдийн 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолоор *******ыг тус хадгаламж зээлийн хоршооны гүйцэтгэх захирлаар томилж, түүнтэй  2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх ба гэрээний 2.2.1-т ”... Тэргүүлэгчдийн зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хоршоог төлөөлөн байгуулага, иргэдтэй гэрээ байгуулах гэж заасан байна.

 

Харин Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 39 дүгээр зүйлд гүйцэтгэх захирлын эрх үүргийг тодорхойлсон бөгөөд 39.7.1-т Тэргүүлэгчдийн зөвлөлөөс эрх олгосноор гадаад дотоод харилцаанд хоршоог төлөөлөх, 39.7.2-т Ажилтныг томилох, чөлөөлөх, ажлаас халах, түүнтэй гэрээ байгуулж, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, 39.7.3-т Хоршооны нэрийн өмнөөс иргэний эрх зүйн харилцаанд оролцох эрхтэйг, түүнчлэн К хадгаламж зээлийн хоршооны дүрмийн 10 дугаар зүйлийн 10.3.1-10.3.3-т мөн адил гүйцэтгэх захирлын эрх хэмжээг дээрх байдлаар тодорхойлжээ.

 

Иймд К хадгаламж зээлийн хоршооны гүйцэтгэх захирал ******* хууль болон дүрэмд заасны дагуу өөрийн эрх хэмжээний хүрээнд  Хоршооны нэрийн өмнөөс иргэний эрх зүйн харилцаанд оролцож У ХХК-тай дээрх гэрээ байгуулсныг буруутгах үндэслэлгүй байна.

 

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хадгаламж зээлийн хоршооны тухай хуульд хоршоо нь зөвхөн хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхлэх чиглэлийг зааж өгсөн байхад үйл ажиллагааны чиглэлийг зөрчсөн өөрөөр хэлбэл хуулиар заасан хэлбэрийг зөрчсөн мөн гүйцэтгэх захирал *******д итгэмжлэл олгоогүй байхад дур мэдэн зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарлаж байх боловч хадгаламж зээлийн хоршооны тухай хуульд хоршоо нь хадгаламжийн, зээлийн үйл ажиллагаа эрхэлнэ, мөн хуулиар хориглоогүй санхүүгийн үйл ажиллагаа эрхэлж болно гэж заасан, өөрөөр хэлбэл гүйцэтгэх захирал тухайн хадгаламж зээлийн хоршоог төлөөлж иргэний эрх зүйн харилцаанд оролцох эрхтэй, үйл ажиллагаандаа Иргэний хууль болон холбогдох хуулийг баримтлан гэрээ байгуулах эрхийг хуулиар олгожээ гэж үзэхээр байна.

 

Нөгөө талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь манай хоршоо  тухайн үед 90 гаруй гишүүнтэй байсан, гүйцэтгэх захирал ******* 4800 ширхэг цахим карт хүлээж авсан байх ба гэрээнд заасны дагуу өөрийн салбар цэгүүдээр борлуулна гэж заасан, гэтэл Хан-уул дүүрэгт 16 хадгаламж зээлийн хоршоо үйл ажиллагаа явуулдаг, тэдний өмнөөс манай хоршоо гэрээ байгуулах ёсгүй, хоршоотой байгуулсан гэрээ биш, энэ нь ******* бие дааж байгуулсан гэдгийг нотолж байна гэж маргаж байх боловч Нийслэлээс санхүүжүүлж, зохион байгуулж байгаа хөтөлбөрт арга хэмжээний хүрээнд хадгаламж зээлийн хоршоодын үйл ажиллагааг дэмжих зорилгоор Нийслэлд байгаа бүх хадгаламж зээлийн хоршоодтой гэрээ байгуулах боломжгүй тул Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчидтэй зөвшилцөн тухайн дүүргийг төлөөлөн нэг хоршоо гэрээ байгуулахаар болж, Хан-Уул дүүргийг төлөөлж, К хадгаламж зээлийн хоршоо гэрээ байгуулсан, тухайн үед хоршооны дарга *******, гүйцэтгэх захирал ******* нар У ХХК дээр өөрсдөө биечлэн ирж саналаа солилцсон болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

 Талуудын хооронд байгуулсан гэрээний зүйл агуулга, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас дүгнэж үзэхэд тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдан худалдан авах гэрээ, мөн хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-т заасан даавлгаврын гэрээний шинжийг агуулсан байх ба хариуцагч К ХЗХ нь гэрээний үлдэлдэл төлбөрийг төлөөгүй байх тул нэхэмжлэгч 6.126.800 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т “...Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулах шаардах эрхтэй...”, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “...Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг  хохиролд тооцно...” гэж зааснаар нэхэмжлэгч У ХХК хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж, К ХЗХ болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд *******ыг эрэн сурвалжлуулж хаягийг тогтоосон байх ба нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан хохирол гэж шаардах эрхтэй байна.

 

Иймд хариуцагч К хадгаламж зээлийн хоршооноос гэрээний үлдэгдэл төлбөр 6.126.800 төгрөг, эрэн сурвалжлуулахаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг нийт 6.197.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч У ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 399 дүгээр зүйлийн 399.1, 219 дугаар зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч К хадгаламж зээлийн хоршооноос 6.197.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч У ХХК-д олгосугай.

 

  2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 114.102 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч К хадгаламж зээлийн хоршооноос 114.102 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У ХХК-д олгосугай.

 

             3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7‑д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ                                  Д.ДАВААСҮРЭН