| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзайн Манлайбаатар |
| Хэргийн индекс | 166/2019/0341/Э |
| Дугаар | 91 |
| Огноо | 2019-11-22 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 91
Ш.Ц-, П.С-, Ш.Ө-
Ш.О-, Ж.Ц- нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс: 166/2019/0341/Э/219/2019/0070
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Ц.Туяа, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Ц.Цэен-Ойдов
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Өлзиймаа, Б.Цэрэнбат
Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 357 дугаар шийтгэх тогтоолтой, Ш-гийн Ц-, П-ийн С-, Ш-ийн О-, Ш-ийн Ө-, Ж-гийн Ц- нарт холбогдох, 1918004210337 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ж.Ц-ын өмгөөлөгч Б.Цэрэнбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, ********** регистрийн дугаартай, Б- овогт Ш-гийн Ц-.,
Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, ********** регистрийн дугаартай, Д- овогт П-ийн С-.,
Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, ********** регистрийн дугаартай, Б- овогт Ш-ийн О-.,
Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, ********** регистрийн дугаартай, А- овогт Ш-ийн Ө-.,
Монгол Улсын иргэн, урьд нь 2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181-р зүйлийн 181.3.т зааснаар 3 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж байсан, ********** регистрийн дугаартай, Б- овогт Ж-гийн Ц-.
Шүүгдэгч Ш.Ц-, Ш.Ө-, Ш.О-, П.С- нар бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2-р баг, 017-р цэргийн ангийн туслах аж ахуй гэх газраас иргэн Б.Б-ын 1 тооны адууг хулгайлж 1 500 000 төгрөгийн хохирол,
Шүүгдэгч Ш.Ө-, Ш.О-, П.С-, Ш.Ц- нар бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Малчин баг Дархан-2-т нутаглаж байсан иргэн Ж.Ц-ын 2 тооны шүдлэн үхрийг хулгайлж 1 500 000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ш.Ц-, Ш.О-, Ш.Ө-, Ж.Ц- нар бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин баг, “Дархан-2” гэх газраас иргэн П.А-гийн 2 тооны адууг хулгайлж 2 900 000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ж.Ц-, Ш.Ц-, Ш.О- нар бүлэглэн 2019 оны 06 сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум Малчин баг “Дархан-2” гэх газраас иргэн Д.Г-ийн ягаан үнээ, халиун бух, алаг гунжийг хулгайлж 5 800 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 357 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Б- овогт Ш-гийн Ц-, Д- овогт П-ийн С-, Б- овогт Ш-ийн О-, А- овогт Ш-ийн Ө-, Б- Ж-гийн Ц- нарыг бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3., 3.7 дугаар зүйлийн 1.т заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч Ш.Ц-ийг, шүүгдэгч Ш.Ө-ыг 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Ж.Ц-ыг, шүүгдэгч П.С-ыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Ш.О-ийг 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Ш.Ц-, Ш.Ө-, Ж.Ц-, П.С- нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч Ш.О-д хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1.д зааснаар шүүгдэгч Ш.О-д хохирогч П.А-, Ж.Ц-, Д.Г- нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор арилгах үүрэг хүлээлгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч Ш.О-д шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатайгаар гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.т зааснаар ял оногдуулж, хүлээлгэсэн үүрэг, хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийвэл прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг мэдэгдэж,
Шүүгдэгч Ш.Ц-, Ш.Ө-, Ш.О-, Ж.Ц-, П.С- нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4., 5.т зааснаар Ж.Ц-ын хонгор халзан зүсмийн шүдлэн үрээ, 0665 ДАЗ улсын дугаартай цагаан өнгийн мотоцикл, хонгор халзан зүсмийн морийг, шүүгдэгч Ш.Ц-, Ш.Ө-, Ш.О-, П.С- нараас тус бүр 450 000 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Хэрэгт битүүмжлэгдсэн 78-24 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 10 дугаартай тогтоол, хонгор халзан зүсмийн шүдлэн үрээг битүүмжилсэн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгож, 06 65 ДАЗ улсын дугаартай мотоцикл битүүмжлэгдээгүй, тээврийн хэрэгслийг албадан саатуулах хашаанд хадгалагдаж байгааг дурдаж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Ц-, Ш.Ө-, Ш.О-, Ж.Ц-, П.С- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ж.Ц-, түүний өмгөөлөгч Б.Цэрэнбат нар давж заалдах гомдолдоо:
Ж.Ц-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2.т зүйлд заасанчлан гэмт хэрэг үйлдээд олсон орлого байхгүй, бусдад учруулсан хохирол гэж шүүхээс үзсэн хохирлуудыг бүрэн барагдуулсан.
Ж.Ц-ын иргэн Д.Г-ийн 3-н тооны үхрийг хулгайлахдаа унаж явсан морийг битүүмжилсэн байсныг шүүх үнийг нь биш морийг нь хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.
Мөн Ж.Ц-ын өөрийн адуугаа тууж гол руу оруулахдаа унаж явсан 0665 ДАЗ дугаартай цагаан өнгийн мотоциклыг бас хурааж улсын орлого болгож шийдвэрлэлээ.
Хохирогч, шүүгдэгч Ж.Ц- нь 2 үхрээ алдсан, хулгайн үйлдлээс олсон орлогогүй байхад хохирсон хохирлоос давсан үнийн дүнтэй эд хөрөнгө хураалган шийтгүүлж хохирч байгаа нь бусад шүүгдэгчдээс хүнд ял шийтгүүллээ.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 2.т зааснаар ялыг ялгамжтай оногдуулсангүй. Мөрдөн байцаалтын шатанд Ж.Ц-ын мотоциклыг хэргийн эд мөрийн баримтын нэгэн адил хурааж процессийн алдаа гаргасаныг анхааран үзнэ үү.
Хурааснаар үнэ тогтоолгох ажиллагаа хийхийг хуульд заагаагүй байдаг юм байна. Учир нь гэмт хэрэгт шууд хэрэглэгдсэн эд зүйл, гэмт хэргийн объект болсон зүйлийг /мөнгө, зэвсэг гэх мэт/ шууд хураахаас биш унаж явсан унаа ч гэх шиг, дам зүйлийг шууд хураахыг хуульд тусгаагүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого, эсхүл бусдад учруулсан хохиролыг нөхөн төлүүлэх зорилгоор” гээд тодорхой заасан байхад анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан Ж.Ц-ын бүх хөрөнгийг /үнэтэй, үнэгүй хамагүй/ хурааж улсын орлого болгон /амьдрах, аж төрөх/ эрх зүйн байдлыг нь дордуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон Ж.Ц-ийн өмгөөлөгч Б.Цэрэнбат тайлбартаа:
Миний үйлчлүүлэгч хохирол төлбөрийг бүрэн төлсөн байхад түүний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хонгор халзан морь, цагаан өнгөтэй мотоциклийг улсын орлого болгосон нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа тайлбартаа:
Хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байхад морь, мотоциклийг хурааж улсын орлого болгосон нь учир дутагдалтай гэж үзэж байна. Хуульд заавал хураана гэсэн заалт байхгүй гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Цэен-Ойдов дүгнэлтдээ:
Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэлийг оногдуулсан гэж үзэж байна. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морь мотоциклийг хураасан нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.д заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзвэл:
-Шүүгдэгч Ш.Ц- Ш.Ө-, Ш.О-, П.С- нар бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2-р баг, 017-р цэргийн ангийн туслах аж ахуйгаас иргэн Б.Б-ын 1 тооны адууг хулгайлж 1.500.000 төгрөгийн хохирол., мөн 2019 оны 06 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Малчин баг Дархан-2-т нутаглаж байсан иргэн Ж.Ц-ын 2 тооны шүдлэн үхрийг хулгайлж 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан.,
-Шүүгдэгч Ш.Ц-, Ш.О-, Ш.Ө-, Ж.Ц- нар бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн нутаг дэвсгэр Дархан-2 орчмоос иргэн П.А-гийн 2 тооны адууг хулгайлж 2 900.000 төгрөгийн хохирол учруулсан.,
-Шүүгдэгч Ж.Ц-, Ш.Ц-, Ш.О- нар бүлэглэн 2019 оны 06 сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум Малчин багийн нутаг дэвсгэр Дархан- 2 орчмоос иргэн Д.Г-ийн ягаан үнээ, халиун бух, алаг гунжийг хулгайлж 5.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна.
Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримт болох шүүгдэгч нарын өөрсдийн болон хохирогч Б.Б-, Ж.Ц-, П.А-, Д.Г- нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаар мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл., /х.хийн 1-р х.хийн 2., 135.,-р хуудас,/ хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-рх.хийн3-8., 136-141-р хуудас / мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р х.х ийн 216-220-р хуудас/, “Капитал зууч” ХХК -ийн шинжээчийн дүгнэлт /1-р х.хийн 63.,185., 2-р х.хийн 15., 38., 133., 140.,/ мал эмнэлэг, ариун цэвэр гарал үүслийн 00021210 ., 00058554., 00021210 дугаартай гэрчилгээ / 1-р х.хийн 72., 197., 2-р х.хийн 19-р хуудас / зэргээр нотлогдож тогтоогдсон, үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх шүүгдэгч нарт хуульд заасан ял оногдуулсан нь тэдний гэм бурууд тохирчээ.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Ц-ийн өмгөөлөгч Б.Цэрэнбатын гаргасан ...Ж.Ц- өөрийн адуугаа тууж гол руу оруулахдаа унаж явсан 0665 ДАЗ дугаартай цагаан өнгийн мотоциклийг гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн гэж үзэж хураан улсын орлого болгосон нь үндэслэлгүй ., тухайн үед мотоциклтэй малаа хариулж яваад тэдэнтэй тааралдсан нь тогтоогдсон., мөн өөрөө хохирогч байхад бусад шүүгдэгч нараас хамгийн хүнд ял шийтгэл оногдуулсан нь шударга бус шийдвэр боллоо... гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Хэргийн 1 дүгээр хавтсийн 232 дугаар талд гэрч Ш.Ц- “... 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 17-18 цагийн орчим Дархан 2 орчим Төмөр замын нүхэн гүүрний харалдаа шарга азаргатай 10 гаруй тооны адуу байсан.., би түүнээс ...хүрэн гүүг нь барих гээд хөөж байхад Ж.Ц- гэдэг залуу цагаан өнгийн мотоциклтой ирж сартай хүрэн гүүг хөөж барьж өгсөн.., гэсэн мэдүүлэг, мөн гэрч Ш.О-ийн өгсөн ... 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 17-18 цагийн орчим Дархан 2 орчим Төмөр замын нүхэн гүүрний харалдаа шарга азаргатай 10 гаруй тооны адууг нүхэн гүүрэнд шахаж байгаад Ш.Ц- шарга гүүг барьж авсан.., бусдыг нь алдсан. Тэгээд явах гэж байхад нүхэн гүүрний зүүн талаас Ж.Ц- мотоциклтой ирсэн. Ж.Ц- алдсан адууг эргүүлж хөөж өгсөн.., гэсэн мэдүүлгээр мотоциклоор адуу хөөж барьж авсан болох нь тогтоогджээ.
Үүнээс үзвэл шүүгдэгч Ж.Ц- бусадтай бүлэглэн өөрийн эзэмшлийн “Dayn” брэндийн 06-65 даз улсын дугаартай цагаан өнгийн мотоцикл ашиглан иргэн П.А-гийн хүрэн гүүг хулгайлахад оролцсон болох нь тогтоогдсон учраас анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгох, хэрвээ тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлд шилжсэн байвал шүүх уг тээврийн хэрэгслийг үнэлж, үнийн дүнг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөнөөс албадан гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу явагдсан., шүүх нотлох баримтыг тал бүрээс нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу үнэлэн дүгнэлт хийж, хэргийг нотлох баримтын хэмжээнд хэлэлцэж шийдвэрлэсэн байх бөгөөд шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Ц-ийн өмгөөлөгч Б.Цэрэнбатын энэ талаар гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 357 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Ц-ийн өмгөөлөгч Б.Цэрэнбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ШҮҮГЧ Ц.ТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР