Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2021/01402

 

 

Т-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Л.Атарцэцэг, П.Золзаяа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/02620 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 376 дугаар магадлалтай,

 

Т-ийн нэхэмжлэлтэй,

Н.Э-од холбогдох,

 

Төрд учирсан хохиролд 8,904,718 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

 

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж-, Э.М-, хариуцагчийн өмгөөлөгч Д.Болормаа, гуравдагч этгээдээр прокурор Ш.Одонсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлөх, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ”, 50.2-т “Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж тус тус заасан. Н.Э- нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2016.12.28-ны өдрийн Б/249 дүгээр тушаалаар Б.Ганбаатарыг Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлжээ. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.05.15-ны өдрийн 182/ШШ2017/0367 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.07.20-ны өдрийн 221/МА2017/0523 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017.10.18-ны өдрийн 389 дүгээр тогтоолоор Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016.12.28-ны өдрийн Б/249 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын Б.Ганбаатарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1,620,017 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байна. Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас хохирсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирлыг барагдуулах багцаас  2018.10.19-ний өдөр 1,655,117 төгрөгийг олгосон байна. Н.Э- нь дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй Б.Ганбаатарыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилоогүйгээс Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.07-ны өдрийн 181/ШШ2018/00537 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.04.25-ны өдрийн 991 дүгээр магадлал, Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018.10.04-ний өдрийн 001/ХТ2018/01316 дугаар тогтоолоор Б.Ганбаатарт ажилгүй байсан хугацааны цалин хөлс 7,061,664 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэрийн дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2019.01.10-ны өдөр 7,249,601 төгрөгийг мөн олгосон байна. Н.Э-ын хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох нийт 8,904,718 төгрөгийг буруутай албан тушаалтан Н.Э-оос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Э- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.05.15-ны өдрийн 182/ШШ2017/0367 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.07.20-ны өдрийн 221/МА2017/00523 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017.10.18-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016.12.28-ны өдрийн Б/249 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын Б.Ганбаатарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд нь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1,620,117 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас хохирсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирлыг барагдуулах багцаас 2018.10.19-ний өдөр 1,655,117 төгрөгийг олгосон. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.07-ны өдрийн 181/ШШ2018/00537 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.04.25-ны өдрийн 991 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018.10.04-ний өдрийн 001/ХТ2018/01316 дугаар тогтоолоор Б.Ганбаатарт ажилгүй байсан хугацааны цалин хөлс 7,061,664 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэрийн дагуу 2018.12.26-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын А/149 дүгээр тушаалаар тус өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын данс руу 7,249,601 төгрөгийг шилжүүлсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2-т заасныг үндэслэсэн байна. Шинэ Төрийн албаны тухай хууль нь 2019.01.01-ний өдрөөс Монгол улс орон даяар хэрэгжиж, үйлчилж эхэлсэн. Хуулийг хэрэглэхдээ батлагдсан цаг тооллоор бус хэрэгжиж эхэлсэн он, цаг, тооллыг баримталдаг. Онолын болон хуульд зааснаар зөвхөн Эрүүгийн хуулийг л буцааж хэрэглэдэг. Харин бусад хуулийг буцааж хэрэглэж болдоггүй юм. Хэрэв хуулийг буцаан хэрэглэхээр бол хуульд тусгайлан тусгасан байх ёстой. Гэтэл Төрийн албаны тухай хуульд хуулийг буцааж эсвэл төсөөтэй хэрэглэх талаар ямар нэгэн тусгайлан заасан зохицуулалт байхгүй. Шүүхийн шийдвэрийн дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар 2019.01.01-ний өдөр шүүхийн шийдвэр биелүүлсэн гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан нь буруу юм. Учир нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018.12.24-ний өдрийн 4/1134 дүгээр мэдэгдлээр уг 7,249,601 төгрөгийг шүүхийн шийдвэрийн данс руу 2018.12.26-ны өдрийн дотор шилжүүлэхийг мэдэгдсэн. Иймд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Даалгаврыг хүлээн авсан шийдвэр гүйцэтгэгч уг даалгаварт заасан ажиллагааг тогтоосон хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоосон хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлж 2018.12.26-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын А/149 дүгээр тушаалаар тус өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын данс руу 7,249,604 төгрөгийг шилжүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас иргэний данс руу 2019.01.10-ны өдөр шилжүүлсэн байна. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн үүрэг гүйцэтгэснээр үүрэг дуусгавар болох 236.1.1-д үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг дуусгавар болдог. Төлбөр төлөгч этгээд нь төлбөрийг бүрэн төлснөөр төлбөрийн гүйцэтгэлийг бүрэн хангасанд тооцдог. Иймээс Сүхбаатар дүүргийн Тамгын газар нь 2018.12.26-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын данс руу төлбөрийг шилжүүлснээр төлбөрийг төлсөн, үүргийн гүйцэтгэл дууссан гэж ойлгоно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/02620 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Э-оос 8,904,718 /найман сая есөн зуун дөрвөн мянга долоон зуун арван найман/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулах, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Э-оос улсын тэмдэгтийн хураамжид 157,425 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 376 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/02620 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Н.Э-оос 8,904,718 төгрөг гаргуулах Т-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 157,430 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Т-ийн нэхэмжлэлтэй, иргэн Н.Э-од холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.04-ний өдрийн 183/ШШ2019/02620 дугаар шийдвэрийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянаж, 2020.02.14-ний өдрийн 376 дугаар магадлал гаргасан болно. Дээрх магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй учир бүхэлд нь эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасны дагуу дараах таван үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэг. Нэхэмжлэгч тал 2017 оны Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дахь хэсгийг шаардах эрхийн үндэслэлээ болгожээ гэсэн учир дутагдалтай дүгнэлтийг магадлалдаа дурджээ. Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т “төрийн албаны тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, төрийн албанд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах, төрийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан стандартын хэрэгжилтийг шалган зааварлах, зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг өгөх, гүйцэтгэлд нь хяналт тавих, энэ хуулийн 39.1-д заасан маргааныг хянан шийдвэрлэх, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах” гэж, Төрийн албаны тухай хууль /2017 он/-ийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ”, 50.2-т “Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөптөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж тус тус заасан. Т- төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжпэл гаргах эрхээ хэрэгжүүлэхдээ хүчингүй болсон хуулийг биш хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийг баримтлах нь хууль зүйд нийцсэн үйлдэл мөн. Тодруулбал, 2017 оны Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнө 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасныг үндэслэн Т- нэхэмжлэх эрхтэй байсан. Мөн 2019 онд нэхэмжлэл гаргахад 2017 оны Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийг үндэслэж нэхэмжлэх эрхээ хэрэгжүүлнэ. Т- хуулиар олгогдсон нэхэмжлэх эрхээ хэзээ хэрэгжүүлэх нь өөрт олгогдсон эрх болно.

Хоёр. 2017 оны Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан зохицуулалт нь хуулийг дагаж мөрдөж эхэлсэн хугацаанаас хойш төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбоотой үйл баримтад үйлчлэх, хариуцагч Н.Э- 2016 онд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гаргасан шийдвэртэй холбоотой учирсан хохирлыг нөхөн төлүүлэх үүрэг Т-д үүсэхгүй гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т “...албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах” гэж хуульчилсныг Т- төрийн нэрийн өмнөөс шаардах эрхээ хэрэгжүүлэхдээ төрд учирсан хохирлыг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргана гэж ойлгоно. Хуулийн дээрх зохицуулалт Т-д үүрэг болгосон бус эрх олгосон болно. Өөрөөр хэлбэл, албан тушаалтны буруутай үйлдлийн улмаас төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд хуулийн үйлчлэх хугацаа чухал ач холбогдолтой биш, учир нь Төрийн албаны тухай хүчингүй болсон хууль болон хүчин төгөлдөр үйлчилж байгаа /2002 болон 2017 он/ хуульд албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс Т- шүүхэд нэхэмжлэл гаргах эрх тусгагдсан.

Гурав. 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасан хэсэг нь Т- хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх зохицуулалт болохоос биш хариуцагч Н.Э- албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад бусдад гэм хор учруулсан гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь магадлал үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Хариуцагч Н.Э- Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг гүйцэтгэж байхдаа Б.Ганбаатарыг ажлаас үндэслэлгүй халсан нь захиргааны хэргийн 3 шатны шүүхээр тогтоогдсон. Мөн Н.Э-од Б.Ганбаатарыг өмнө эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн томилохыг даалгасан шүүхийн шийдвэр биелүүлэх үүргээ гүйцэтгээгүйн улмаас ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулахыг иргэний хэргийн 3 шатны шүүх шийдвэрлэсэн. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу 8,904,718 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын “төрийн сан”-ийн хөрөнгөөс гаргуулж Б.Ганбаатарт олгосон. Өөрөөр хэлбэл, Н.Э- албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хууль зөрчсөн буруутай үйл ажиллагааны улмаас төрд 8,904,718 төгрөгийн хохирол учруулсан. Тэрээр хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу Б.Ганбаатарыг өмнө эрхэлж байсан албан тушаалд нь томилохгүй эс үйлдэхүй гаргаж байгаа бөгөөд төрд учруулсан хохирлын хэмжээ нэмэгдсээр байна. Т- хуульд заасан эрхээ хэрэгжүүлж буруутай албан тушаалтнаас төрд учруулсан хохирол арилгуулах нэхэмжлэлийг гаргасан байхад давж заалдах шатны шүүх хариуцагч Н.Э-ыг албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад төрд гэм хорын хохирол учруулаагүй, гэм хорын хариуцлага хүлээхгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Дөрөв. Хариуцагч Н.Э-ын ажиллаж байсан байгууллага Б.Ганбаатарт учруулсан хохирлыг хариуцан арилгасан нь “Хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах” гэж заасан төрийн албаны зарчимтай нийцсэн байна гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д зааснаар төрийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэх явцад алдаа гаргаж хохирол учруулбал эхлээд төр хариуцна, харин дараа нь мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т зааснаар Т- төрийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргаж, буруутай албан тушаалтнаар төрд учруулсан хохирлыг арилгуулна гэж ойлгоно.

Тав. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсгийн зохицуулалт нь гэм буруутай этгээдийн өмнөөс хохирлыг хариуцан арилгасан тухайн байгууллагад хамаарах учир нэхэмжлэгч Т- нь уг заалтыг үндэслэн хариуцагчаас шаардах эрхгүй гэж хуулийг буруу тайлбарлан дүгнэсэн. Хариуцагч Н.Э- одоо ч Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалыг эрхэлж байгаа тул уг байгууллагад учирсан хохирлыг нэхэмжлэх боломж тухайн байгууллагад байхгүй юм. Иргэний хуулийн 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана”, 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж заасан. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 498.5 дахь хэсэгт заасан зохицуулалт нь Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.2.7, 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасантай агуулга ижил төдийгүй төр гэх хуулийн этгээд өөрийн байгууллага болох Т-өөр дамжуулан өөрт учирсан хохирлыг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх эрх олгосон юм гэж ойлгох боломжтой. Түүнчлэн Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 45 дугаар “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгах тухай эрүүгийн байцаан шийтгэх болон иргэний хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 8-д “...төр хариуцан арилгасан хохирлыг гэм буруутай этгээдээс Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5.-д заасны дагуу шаардаж, төрд нөхөн төлүүлэхийг... ойлгоно. Төрд нөхөн төлүүлэх шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар төрийн байгууллагын хүсэлтээр прокурор гаргана” гэж тайлбарлажээ. Уг иргэний хэрэгт төрийн эрх ашиг хөндөгдсөн учир прокурор гуравдагч этгээдээр оролцсон бөгөөд төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх шаардах эрхийг Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд заасны дагуу Т-д олгосон. Нөгөөтэйгүүр Т- Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсгийг баримтлан шаардах эрхээ хэрэгжүүлж байгаа нь маргааныг эрүүгийн болон захиргааны хэргийн шүүхээр биш иргэний шүүхээр шийдвэрлүүлэх хэргийн харьяаллыг тодорхойлж, нэхэмжлэл гаргасан болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т “магадлалыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчлөх” гэж зааснаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.14-ний өдрийн 376 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.04-ний өдрийн 183/ШШ2019/02620 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч Т- нь хариуцагч Н.Э-од холбогдуулан төрд учирсан хохирол 8,904,718 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...нэхэмжлэлийг Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2-т заасныг үндэслэн гаргасан. ...шинэчлэн найруулсан Төрийн албаны тухай хууль 2019.01.01-ний өдрөөс үйлчилж эхэлсэн тул уг хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэж маргасан байна.

 

Давж заалдах шатны шүүх “...шинэчлэн найруулсан Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан зохицуулалт нь хуулийг дагаж мөрдөж эхэлсэн хугацаанаас хойш төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хяналт тавихтай холбоотой үйл баримтад үйлчлэхээр байна. ...хуулийн энэ заалтаар хариуцагч Н.Э-ын 2016 онд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гаргасан шийдвэртэй холбоотой учирсан хохирлыг нөхөн төлүүлэх үүрэг Т-д үүсээгүй гэж үзнэ” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай тул энэ үндэслэлээр магадлалыг хүчингүй болгоно.       

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, тухайн маргаанд Төрийн албаны тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь дараах үндэслэлээр хуульд нийцсэн байна. 

 

Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2-т зааснаар Т- нь төрийн албан хаагчийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх, нөхөн төлөлтөд хяналт тавьж, төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хэрэгжүүлэхээр хуульчилжээ.

 

2021.01.01-ний өдрөөс үйлчлэхээр хуульд оруулсан дээрх зохицуулалтаас өмнө, Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 35 дугаар зүйлд энэ агуулга байсан, хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т Т- нь ...албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах бүрэн эрхтэй гэж заасан байжээ. Иймд Т- нь төрийг төлөөлж нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчөөгүй, хуульд оруулсан өөрчлөлт хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй тул уг хуулийг хэрэглэсэн нь хууль зөрчөөгүй байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Н.Э- нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2016.12.28-ны өдрийн Б/249 дүгээр тушаалаар Б.Ганбаатарыг Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлжээ. Гурван  шатны шүүхийн шийдвэрээр Б/249 дүгээр тушаалыг хуульд нийцээгүй талаар дүгнэж, Б.Ганбаатарыг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1,620,017 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас гаргуулахаар шийдвэрлэсэн, уг шийдвэрийг хариуцагч үл биелүүлснээс Б.Ганбаатар нь ажилгүй байсан хугацааны цалинд 7,061,664 төгрөгийг гаргуулахаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргасныг шүүхийн шийдвэрүүдээр мөн хангаж шийдвэрлэжээ. Эдгээр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийн дагуу 2018.10.19-ны өдөр Хууль зүйн, дотоод хэргийн сайдын А/190 дугаар тушаалаар 1,655,117 төгрөгийг, 2019.01.10-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд 7,249,601 төгрөгийг тус тус шилжүүлж төлсөн нь тогтоогджээ.

 

Захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас төр хохирлыг барагдуулсан бол Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “...Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ” гэж заасан нь хариуцагчид хуулиар хүлээлгэж буй үүрэг болно.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй гэж дүгнэн, төрд учирсан хохирол болох 8,904,718 төгрөгийг хариуцагч Н.Э-оор нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 498.5-д заасан зохицуулалтад нийцсэн. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2-т Т- төрийн албан хаагчийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учруулсан хохирлыг шаардах эрхтэй гэж тухайлан зохицуулсан бөгөөд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасан хэм хэмжээтэй зөрчилдөөгүй байна. 

 

Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 376 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/02620 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦОЛМОН

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД                                                       Л.АТАРЦЭЦЭГ

 

                                                                                                   П.ЗОЛЗАЯА

 

                                                                                                   Б.МӨНХТУЯА