Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2022/0051

 

 

2022         01          26                                    128/ШШ2022/0051    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Б даргалж, Ерөнхий шүүгч Ц.Б, шүүгч Д.Х нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “М Б” ГХОХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Ө,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Б

Хариуцагч: ХХЗХ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.У

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ня

Гуравдагч этгээд: “Ю” ХХК,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.А,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ү нарын хооронд харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын 31400014 дүгээр нэмэлт гэрээтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, О.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Т.У, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, Б.Ү, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Э /цахимаар/, иргэдийн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М К” ХХК-ийн зүгээс Харилцаа холбооны зохицуулах газарт холбогдуулан “Харилцаа холбооны зохицуулах хорооны “Ю” ХХК-тай байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн сүлжээний дугаарлалтын нэмэлт 31400014 дүгээр захиргааны гэрээг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гарган маргаж байна.

2. Тусгай зөвшөөрөл бүхий харилцаа холбооны компаниуд нь захиргааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн ажиллахын тулд иргэдэд харилцаа холбооны дугаарлалт /99хх-хххх, 88хх-хххх, 96хх-хххх гэх мэт/-ыг олгож, тухайн дугаараар нь дамжуулан харилцаа холбооны үйлчилгээг үзүүлдэг байна. Харин тухайн дугаарлалтыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас урьдчилан төлөвлөж, дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөг баталж өгдөг бөгөөд тус төлөвлөгөөнд орсон дугаарлалтыг харилцаа холбооны компаниуд Харилцаа холбооны зохицуулах хороонд хүсэлт гарган эзэмшиж, иргэдэд шилжүүлэн ашиглуулдаг. Үүний дагуу Харилцаа холбоо мэдээлэл технологийн газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/161 дүгээр тушаалаар харилцаа холбооны дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулж харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөний хоёрдугаар бүлэг “Харилцаа холбооны дугаарлалтын багцын томьёолол”-ын хүснэгт 1-т тусгагдсан эхлэх дугаар “5” зориулалт “нөөцөд төлөвлөгдсөн дугаарлалт” гэж заасныг эхлэх дугаар “5” зориулалт “үүрэн холбоо, зүйлсийн интернет, дата үйлчилгээнүүдэд” гэж өөрчилснөөр буюу 99хх-хххх, 95хх-хххх, 88хх-хххх, 89хх-хххх, 96хх-хххх гэх мэт харилцаа холбооны дугаарлалтын багцад 5ххх-хххх гэж эхлэх дугаарт өөрчлөлт оруулснаар Харилцаа холбооны зохицуулах хороо “Ю” ХХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр “Ю” ХХК-д олгосон сүлжээний дугаарлалтын нэмэлт 31400014 дүгээр гэрээ байгуулж, 50хх-хххх, 55хх-хххх сүлжээний дугаарлалтыг “Ю” ХХК-д олгожээ.

3. Харилцаа холбооны зохицуулах хорооны “Ю” ХХК-тай байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн “Ю” ХХК-д олгосон сүлжээний дугаарлалтын нэмэлт 31400014 дүгээр захиргааны гэрээг “Ю” ХХК-аас манай компанид 2020 оны 01 дүгээр сарын 23-ы өдрийн 01/205 дугаар албан бичгээр ирүүлснийг хүлээн авснаар мэдэж, тэр даруйдаа манай компаниас шударга өрсөлдөөнийг хязгаарлаж “Ю” ХХК-д давуу байдал олгосон гэх агуулгаар Харилцаа холбоо мэдээлэл технологийн газрын даргад 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1/856 дугаар албан бичгээр, Харилцаа холбооны зохицуулах хороонд 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1/876 дугаар албан бичгээр тус тус хандсан боловч хариу ирүүлээгүй.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга, улсын байцаагч Б.Л 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 1/2333 дугаар албан бичгээр хандсаныг 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 1/329 дүгээр албан бичгээр: “Зөрчлийн тухай хуульд хэрэг нээж шалгах харьяалал байхгүй байгаа тул Өрсөлдөөний тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан үндэслэлээр хяналт шалгалт хийж байна” гэх хариуг өгсөн.

Нийслэлийн Прокурорын газарт 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 1/2332 дугаар албан бичгээр хандсаныг 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 3/639 дүгээр албан бичгээр: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хяналт шалгалтын ажиллагааг явуулж байгаа тул гомдлыг шийдвэрлэх боломжгүй” гэх хариу ирүүлсэн.

 Хамгийн сүүлд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1/1759 дүгээр албан бичгээр хандсаныг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 1/422 дугаар албан бичгээр: “Харилцаа холбооны зохицуулах хороо нь 5 цифрээр эхэлсэн үүрэн холбооны дугаарлалтыг зөвхөн нэг аж ахуй эрхлэгчид олгохоор бусад  аж ахуй эрхлэгчдэд тус дугаарлалтыг олгохгүй байхаар ямар нэгэн шийдвэр гараагүй буюу аль ч аж ахуй эрхлэгч шинэ дугаарлалтыг авах хүсэлт гаргах боломж нь нээлттэй байх тул хууль зөрчсөн гэх үндэслэлгүй. ...Захиргааны ерөнхий хууль Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу холбогдох газраар хянан шийдвэрлүүлнэ үү” гэж хариу өгснийг хүлээн авч 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан хэмээн нэхэмжлэгчээс дурджээ.

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гаргахдаа:

4.1. Нийгмийн суурь үйлчилгээний нэг төрөл болох харилцаа холбоо нь төрийн чиг үүрэгт хамаардаг тул төр иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, иргэдэд нийгмийн суурь үйлчилгээг хүргэх, ашиглуулах харилцаа нь нийтийн эрх зүйн хэм хэмжээгээр, захиргааны гэрээний үндсэн дээр зохицуулагддаг бөгөөд захиргааны гэрээг байгуулахад захиргааны байгууллагаас зөвшөөрөл авах шаардлага бий болдог бөгөөд энэ шаардлагыг биелүүлсний үндсэн дээр захиргааны гэрээг байгуулдаг.

Харилцаа холбооны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Тусгай зөвшөөрөл олгосон тохиолдолд Зохицуулах хороо тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулна. Гэрээнд дараах зүйлийг тусгана, 14.1.1-т үйлчлэх нутаг дэвсгэр, үйлчилгээний хүртээмж, 14.1.2-т холбооны шугам, сүлжээний техник, тоног төхөөрөмжийн технологийн үзүүлэлт, 14.1.3-т онц болон дайны байдал зарласан, гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл үүссэн тохиолдолд хүлээх үүрэг, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, 14.1.4-т харилцан холболт хийх нөхцөл, 14.1.5-д Зохицуулах хороо, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг гэж тус тус заасны дагуу Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг харилцаа холбооны компаниудтай “Сүлжээний дугаарлалтын гэрээ” байгуулж түүгээрээ дамжуулан иргэдэд харилцаа холбооны үйлчилгээ үзүүлдэг.

Харилцаа холбооны тухай хууль болон Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 268 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмийн 2.1-д “Харилцаа холбооны зохицуулах хороо нь Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 3.1.2-т “...Хууль тогтоомжууд ”гэж заасны дагуу  4.1, 4.3, 4.6-д тус тус заасан болон Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, иргэн харилцаа холбооны зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах чиг үүрэгтэй Харилцаа холбооны зохицуулах хороо ажиллана”, 9.1.2-т “хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага болон холбогдох журмыг батлах, гэрээ байгуулах, биелэлтэд хяналт тавих” гэж тус тус хуульчилсан.

Гэтэл 50, 55 гэсэн цифрүүдийг олгохдоо Хорооны дарга шууд гэрээ байгуулаад Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдаанаар хэлэлцүүлэлгүйгээр “Ю” ХХК-д хоёр сая дугаарлалтыг олгосон нь хууль бус.

4.2. Харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу харилцаа холбооны үйлчилгээнд 8ххх-хххх багцын 10 сая, 9ххх-хххх багцын 10 сая дугаараар эхэлсэн нийт 20 сая дугаарыг ашиглахаар төлөвлөж, үүнээс 15 сая дугаар нь телефон холбооны үйлчилгээнд буюу үүрэн холбооны 4 үйлчилгээ эрхлэгчид хуваарилагдсан ба эдгээрээс 81хх-хххх, 82хх-хххх, 83ххх-хххх, 84хх-хххх, 87хх-хххх багцын 5 сая орчим дугаар үйлчилгээнд огт хуваарилагдаагүй дээрх дугаарыг “Ю” ХХК-д давуу байдал бий болгож шударга өрсөлдөөнийг хязгаарласан үйл ажиллагаа болсон.

4.3. Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Ю” ХХК-д шинээр 55хх-хххх, 50хх-хххх дугаарлалтыг олгосон үйлдэл нь ижил төрлийн бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг үүрэн холбооны компаниудын шударга өрсөлдөөнийг хязгаарласан. Уг үйлдэл нь харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын баталсан бодлогыг зөрчсөн.

4.4. Тус 55хх-хххх дугаарлалтыг өмнө нь “М К” ГХОХХК утасгүй суурин телефон үйлчилгээ буюу моби үйлчилгээндээ ашигладаг байсан боловч Харилцаа холбооны зохицуулах хорооны 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 47 дугаар тогтоол гарч м үйлчилгээг зогсоож 55хх-хххх дугаар ашигладаг хэрэглэгчийг өөр дугаарт шилжүүлэх арга хэмжээг авсан. Манай компанийн үйл ажиллагаандаа хэвийн ашиглаж тодорхой хэмжээний байнгын үйлчлүүлэгчтэй  болсон идэвхтэй хэрэглэгддэг 55хх-хххх дугаарлалтыг цаашид ашиглуулахгүй нийгэмд шаардлагагүй хэт их дугаарлалтын нөөц бий болсон гэж Харилцаа холбооны зохицуулах хорооноос хураан авсан атлаа одоо ч дугаарлалтын нөөц хангалттай байхад “Ю” ХХК-д ашиглуулахаар олгож байгаад манай компани гомдолтой байна.

Иймд “М К” ХХК-ийн эрхийг зөрчиж байна гэж үзэж байгаа учраас тус дугаарлалтыг буюу гэрээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “... 2019 оны 12 дугаар сард Харилцаа холбооны зохицуулах хорооноос “М К” ХХК-д албан бичиг ирсэн ба уг албан бичигт “...дугаарлалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулсан, энэ нь үүрэн холбоо, дата үйлчилгээнд...” гэсэн байсан. Үүрэн холбооны үйлчилгээ нь өөрөө яриа, мессеж, интернет гэсэн гурван үйлчилгээ байдаг. Яриа, мессеж үйлчилгээг хүргэх хүрээнд харилцан холболт буюу оператор хооронд холбогддог. Интернетийн үйлчилгээ өгдөг төхөөрөмжид оператор хооронд холбогдох ямар ч шаардлага байхгүй.

Урьд нь 55-тай дугаар “М К” ХХК-ийн дугаар байсан. Харилцаа холбооны зохицуулах хорооноос уг дугаарыг хурааж авахдаа ...энэ төрлийн үйлчилгээг цаашид байхгүй, төлөвлөгөөгөө гарга гэсэн. Дугаарлалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах гэж байгаа бол Захиргааны ерөнхий хуулийн дагуу эхлээд санал авах ёстой. Гэтэл яагаад нэг үйлчлүүлэгчийн хүсэлтийг үндэслээд дугаарыг олгосон юм бэ? Дугаарлалт нь өөрөө бодлогын баримт бичгийн дагуу хязгаарлагдмал нөөц. Хязгаарлагдмал нөөцийн ашиглалтыг харалгүйгээр холбогдох баримт бичгүүдэд тухайн үйлчлүүлэгчийн хүсэлтээр өөрчлөлт оруулаад түүнийгээ хэрэгжүүлэхдээ дата үйлчилгээ буюу интернет үйлчилгээ биш ярианы үйлчилгээнд олгосон юм бэ гэдэг гомдлуудыг тавьж байсан.

Тус гомдлыг тавьсантай холбоотойгоор агентлаг сүүлд дугаарлалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж санал авсан. Сүүлийн 66-тай дугаарлалтыг олгохдоо Харилцаа холбооны зохицуулах хороо болон агентлагаас тус тус санал авч түүний дагуу шийдвэрийг гаргасан. Гэтэл энэ процесс өмнө нь явагдаагүй. Харилцаа холбооны зохицуулах хорооны өөрийн статистик мэдээлэл болон ярианы үйлчилгээ нь манай оператор дээр холболт үүссэн дээр тоологдож байгаа. Тус мэдээллээс харвал “М К” ХХК-ийн дугаарын ашиглалт 51 хувь, “Ю” ХХК-ийн дугаарлалтын ашиглалт 47 хувьтай байсан. Мөн дугаарлалт олгосон процессын хувьд Харилцаа холбооны зохицуулах хорооноос интернетийн үйлчилгээнд олгоно гэсэн бол холбогдох дүрэм журамдаа өөрчлөлт оруулах ёстой болон бүх үйлчилгээ эрхлэгч нарт мэдэгдээд хүсэлтийг гаргах хугацааг тогтоож, ийм зориулалтын дугаар гэдгийг мэдэгдэх ёстой. Гэтэл бодлогын баримт бичигт өөрчлөлт орсон гээд “Ю” ХХК-аас хүсэлт авч 01 дүгээр сарын 01-ний өдөр буюу бүх нийтийн амралтын өдөр гэрээ байгуулсан ба тэр үеэс хойш нэхэмжлэгч мэдээллийг мэдэж эхэлсэн гэсэн үг.

Практикаас харахад дугаарлалтыг Харилцаа холбооны зохицуулах хорооноос нэг саяар л олгодог байсан. Энэ удаа яагаад 2 саяар олгосон юм бэ? “Ю” ХХК нь дугаарлалт дээр хэрэглэгч нарт сурталчилгаа явуулдаг. Олон нийтэд танигдсан хүмүүсээр сурталчилгаагаа хийлгэдэг. Энэ нь өөрөө өрсөлдөөний давуу тал олж авах гэсэн зорилготой байсан байна гэж харж байгаа. Энэ үйл ажиллагаагаа хийхдээ бусдад нээлттэй биш, далдуур хийж байна. Тийм учраас манай эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэж байна...” гэв.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “М К” ХХК-ийн дугаарлалтын хувьд хэн нэгэн этгээдийн нэр дээр, бичиг баримт бүхий хуулийн этгээд, иргэний нэр дээр бүртгэлтэй байгаа дугаарлалт 51 хувьтай байгаа. Харин “Ю” ХХК-ийн хувьд бид нарын тооцоолсноор 47-48 хувьтай байгаа. Тэгэхээр манайд 50 хувийн дүүргэлттэй байхад “Ю” ХХК 78 хувийн дүүргэлттэй байх боломжгүй гэсэн үг. Хэрэглэгчийн тоогоор “М К” ХХК нэгдүгээрт гэдгийг хариуцагч болоод гуравдагч этгээдийн аль аль нь хүлээн зөвшөөрч байгаа.

Дугаарлалт олгож байгаа нь төр өмчлөх, эзэмших эрхээ шилжүүлж байгаа тусгай зөвшөөрлийн хүрээнд гэрээний үндсэн дээр шилжүүлж байгаа эрх. Тусгай зөвшөөрлийн нэг хэлбэр. Ийм ч учраас 50, 55 дугаарлалтыг олгохдоо баримталсан зүйл нь тусгай зөвшөөрөл олгосон гэрээг баримтлаад байгаа. Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм нь 2016 оны Засгийн газрын 268 дугаар тогтоолоор батлагдсан. Энэ дүрмийн 4.1, 4.2, 4.3-т тус тус зааснаар Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдаанаар энэ дүрмийн 2.1-д зааснаас гадна дараах асуудлыг шийдвэрлэнэ гээд 2.4 дүгээр зүйлийн 2.1-д заасныг иш татаад хэрэглэсэн. Гэрээ байгуулах эрх нь Харилцаа холбооны зохицуулах хороонд байгаа. Үүнийгээ Харилцаа холбооны зохицуулах хороо нь бид нарын маргаад байгааг хүлээн зөвшөөрөөд залруулж, шинэ гарсан 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн дүрэм дээр ийм гэрээ байгуулах эрхээ Харилцаа холбооны зохицуулах хороо өөрөө даргадаа шилжүүлсэн нь тодорхой харагдаж байна. Хариуцагч бид нарын маргаж байгаа асуудлыг хүлээн зөвшөөрсөн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зөрчигдсөн болон зөрчигдөж болзошгүй эрх гэж хоёр эрхийг хамгаалж байгаа. Гэтэл хариуцагч, гуравдагч этгээдээс зөвхөн зөрчигдсөн эрхийг ярьж байна. Манайх ирээдүйд зөрчигдөх эрхийг ярьж байгаа. Харилцаа холбооны тухай хууль болон Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмийн 1.1-д Монгол Улсын Харилцаа холбооны салбарт зах зээлийн үр өгөөжтэй, шударга өрсөлдөөнийг дэмжих иргэн хуулийн этгээдийг харилцаа холбооны мэдээллийн чанартай үйлчилгээгээр хүртээмжтэй хангах гэж хуулийн зорилго нь өөрөө тогтоосон. Бидний өмнө нь ашиглаж байсан 5 сериэр эхэлсэн 55 гэдэг дугаарлалтыг “танай дугаарлалтын нөөц хангалттай байна гэж” төр хурааж авсан. Бид ч дугаарлалтын нөөц хангалттай юм байна гээд өгчхөөд өнөөдөр “Ю” ХХК-д нөхцөл байдал яг адилхан байгаа. Дугаарлалтын нөөц яг адилхан байхад манайд хангалттай гэж авсан юмыг эднийд хангалтгүй байна гэж өгч байгаа нь шударга өрсөлдөх нөхцөл байдлыг хязгаарлаж байна.

Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар дугаарлалт олгодог асуудлаар бид өнөөдрийг хүртэл маргаагүй. Тэр нь тухайн байгууллагын хэмжээгүй эдлэх хязгааргүй эрх. Батлах уу, үгүй юу гэдгийг тэр байгууллага л шийдвэрлэнэ. Бид үүнтэй маргаагүй. Харин дугаарлалтыг үр ашигтай, тэнцвэртэй хуваарилах үүргээ хариуцагч байгууллагыг тэгш байдлыг хангаагүй гэж бид маргаж байгаа. Дугаарлалтын гэрээ нь бусад оператор компаниуд мэдээгүй байхад түрүүлээд “Ю” ХХК ямар арга замаар мэдсэнийг хэн ч тайлбарлаагүй. Мэдээд хүсэлтээ түрүүлээд өгсөн байгаа. Иймд өрсөлдөөнийг хязгаарласан нөхцөл байдал байгаа учраас захиргааны гэрээг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгчээс Харилцаа холбооны зохицуулах хороонд хандсан. 50, 55 гэсэн цифрээр эхэлж байгаа 4 сая дугаарыг гаргаж байгаа бол дөрвөн хэрэглэгчдээ тэгш хуваарилан олгож, шударга ёсны зарчмаа барьж хуваарилах саналыг гаргасан. Гэтэл Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Ю” ХХК-д 2 сая дугаарлалтыг олгосон. Энэ байдлыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраар шалгуулаад явахаар хариуцагчаас “...энэ нь дата хэрэглээнд л зориулагдсан, үүрэн холбоо буюу ярианд өгөөгүй” гэдэг байдлаар өрсөлдөөний гомдолд нь хариу өгөөд хаасан байдаг.

“Ю” ХХК нь 2019 онд 55 гэсэн дугаарлалтыг Харилцаа холбооны зохицуулах хорооноос хүсэхдээ “дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөнд оруулж өгөх, манай бизнесийг дэмжих зорилгоор” гэж байгаа. Гэтэл тухайн үед дөрвөн оператор компани байхад зөвхөн “Ю” ХХК-ийг дэмжих зорилгоор хүсэлтийг нь хүлээж аваад олгосон. “Ю” ХХК өнөөдрийн байдлаар 46 хувийн ашиглалттай, 4 сая дугаар ямар ч ашиглалтгүй, эзэнгүй, сул байгаа. 7 сая дугаар ямар ч ашиглалтгүй байхад дахиад зөвхөн “Ю” ХХК-д давуу байдал олгож, зах дээл дээр өөрийн эзлэх хувиа нэмэгдүүлж 50, 55 гэсэн дугаарлалтыг /ашигтай, алтан, азын дугаар гээд бүх дугаарлалт дээр/ өгснөөр “Ю” ХХК-ийн бизнесийг дэмжиж байгаа гэж харагдаж байна. Харилцаа холбооны зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл, үйл ажиллагаа эрхэлж байгаа компани болгонд тэгш, хүртээмжтэй үйлчлэхгүй байна. Хуулиар олгосон эрхийг хэтрүүлэн хэрэглэсэн. Бодлого боловсруулж буй мэдээлэл технологийн газар энэ нь зөвхөн дата интернетэд зориулагдсан ба ярианы үйлчилгээнд хамаарахгүй гэдэг чиглэлийг өгсөн.

Захиргааны байгууллага аливаа шийдвэрийг гаргахдаа судалгаатай үндэслэлтэй, захиргааны акт гаргаж байгаа этгээдэд чиглэсэн, актад ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдлыг зайлшгүй судлах ёстой. “Ю” ХХК анх хүсэлт гаргаад 5-аар эхэлсэн дугаарлалт олгох гэж байгаа бол дугаар ашиглалтын тайланг авах ёстой. “Ю” ХХК-аас дугаар ашиглалтын тайланг бодитоор хариуцагч байгууллагад өгөөгүй. Харин дугаар ашиглалтын төлөвлөгөө болон холболтын гэсэн хоёр шаардлагыг гаргасан хүсэлтдээ бичээд явуулсан. Дугаар ашиглалтын тайланг өгөөгүй байхад дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөнд оруулаад Харилцаа холбооны зохицуулах хорооноос дугаарлалтыг олгож байгаа нь хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна.

50, 55 дугаар нь бизнесийн хувьд хамгийн өндөр сорчилсон дугаар. Сорчилсон дугаар авсан учраас манай эрх ашиг хөндөгдөх гээд байна. 50, 55 дугаарлалтыг ямар ч өрсөлдөгчгүйгээр хууль бусаар олгох юм бол манай зах зээл буюу бидний эзэлж байгаа хэрэглэгч дээр одоо үйл ажиллагаа 20-25 хувь буюу 5.7 гэдэг хувиар унана гэдэг санхүү эдийн засгийн тооцооллыг гаргаж хэрэгт өгсөн. Нэгэнт дугаарлалтын нөөц хангалттай байгаа тохиолдолд манайх ч авах шаардлага байхгүй, “Ю” ХХК ч авах шаардлага байхгүй. Харин зүйлсийн интернет дата гэдэг тохиолдол дээр орж байгаа бол тэнд өөр байр суурьтай хандах байсан. Дугаар ашиглалтын хувьд гурван янзын агуулга байгаа. “М К” ХХК-аас 47 хувийн дүүргэлттэй,  Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 3 дугаар сард ирсэн хавтаст хэрэгт авагдсан баримтаар 38,6 хувийн дүүргэлттэй. Гэтэл үүнээс 6 сарын дараа буюу 10 сард ирсэн дүгнэлтээрээ 65-98 хувийн дүүргэлттэй гэдэг гурван өөр, хоорондоо авцалдаагүй, тохирохгүй баримт байгаа.

Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны бүрэн эрх нь Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.15-д хуралдаанд олгосон бүрэн эрх. Гэтэл үүнийг Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга хэрэглэж анх удаа дугаарлалт олгосон /2016 оноос хойших/ анхны тохиолдол нь 50, 55 дугаарлалтыг олгосон тохиолдол байгаа. Дараа нь 6 серитэй дугаарлалтыг олгосон байгаа. Харилцаа холбооны зохицуулах хорооноос журамд өөрчлөлт оруулж, хуулиар Харилцаа Холбооны Зохицуулах Хороонд олгосон эрхийг шилжүүлэн авах эрх хорооны даргад хуулиараа боломжтой. Гэтэл Харилцаа холбооны зохицуулах хорооны журамд өөрчлөлт оруулаад хэм хэмжээний актын бүртгэлд бүртгэснээрээ хэдий өнгөрсөн байсан харилцаанд хороонд байсан бүрэн эрхийг даргад нөхөж өгч байгаа ийм зохицуулалт биш. Энэ агуулгаар захиргааны байгууллага Харилцаа холбооны зохицуулах хороонд байсан бүрэн эрхийг даргадаа шилжүүлсэн нь манай гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны байгууллага өөрөө хүлээн зөвшөөрч байгаа хэлбэр гэж харж байна. Захиргааны байгууллагаас гаргаж байгаа аливаа шийдвэр нь бусдад нээлттэй, илт тод байх ёстой. Оператор компаниудын тэгш эрхийг хангах, бизнест шударгаар тэгш өрсөлдөх боломжийг л олгох ёстой” гэв.

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ө шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...12 дугаар сарын 12-нд өөрчлөлт оруулсан гэдэг мэйлийг явуулж, өмнөх хуралдаан дээр хэлсэн бид нарыг шинэ жилээ тэмдэглэдэг өдөр 12 дугаар сарын 17-нд манай нарийн бичигт ирсэн гэдгийг гуйвуулаад шинэ жил тэмдэглэж байгаад л мартсан юм байна шүү дээ гэсэн. Тийм зүйл байхгүй. Дугаарлалтыг олгож байгаа бол дугаарлалт ийм юм байна гэж бидэнд мэдэгдэх ёстой. Дугаарлалтын төлөвлөгөөнд өөрчлөлт орууллаа гээд л санал авах биш, мэдэгдээд л явсан. Эрх зүйн актуудыг дандаа араас нь нөхөж хийсэн. Жишээ нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хэрэгжиж эхэлж байгаа Харилцаа холбооны зохицуулах хорооны өөрийнх нь дүрэм байгаа.

Манайх гадаадын хөрөнгө оруулалттай компани. Гадаадын хөрөнгө оруулагч нар “гадаадын хөрөнгө оруулалт Монгол Улсад тогтвортой байх ёстой” гэж үздэг. Хувийн бодлого ч тийм байдаг байх. Хөрөнгө оруулагч юунд итгэдэг бэ гэхээр танайд хэрэгжиж буй хууль тогтвортой нэг мөр ойлгогдож, үйлчлэх ёстой. Хуулийг хэрэгжүүлж байгаа байгууллага хэрэгжүүлэхдээ тэгш байдлыг хангаад хуульд заасан өрсөлдөх боломжийг хангах ёстой. Нэхэмжлэгч компани дүрэм, журам, зарчим, хуулийн хэм хэмжээ, зохицуулалтуудыг харж үйл ажиллагаа явуулдаг.

Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэв.

9. Хариуцагч Харилцаа холбооны зохицуулах хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Харилцаа холбооны тухай хуулийн 6.1.5-д зааснаар Харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар нь “сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө батлах”, Харилцаа холбооны зохицуулах хороо нь мөн хуулийн 9.1.9-д заасан сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх бүрэн эрхтэй байгууллагууд. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлд дурдагдсанчлан “...тухайн дугаарлалтыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас урьдчилан төлөвлөж, дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөг баталж өгдөг бөгөөд тус төлөвлөгөөнд орсон дугаарлалтыг харилцаа холбооны компаниуд Харилцаа холбооны зохицуулах хороонд хүсэлт гарган эзэмшиж, иргэдэд шилжүүлэн ашиглагддаг. Дээрх бүрэн эрхийн хүрээнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 06-ны  өдрийн А/161 дүгээр тушаалаар Харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт орж Монгол Улсын харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөний хоёрдугаар бүлэг “Монгол Улсын харилцаа холбооны дугаарлалтын багцын томьёолол”-ын хүснэгт 1-д тусгагдсан эхлэл дугаар “5” зориулалт, ”нөөцөд төлөвлөгдсөн дугаарлалт” гэж заасныг эхлэл дугаар “5” зориулалт “үүрэн холбоо, зүйлсийн интернет, дата үйлчилгээнүүдэд” гэж өөрчилсөн бөгөөд тус хороонд үүнийг цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгчдэд 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 02/1728 дугаар албан бичгээр хүргүүлж хүсэлтээ ирүүлсэн “Ю” ХХК-тай 3140014 дугаартай сүлжээний дугаарлалтын нэмэлт гэрээг байгуулсан. Иймд дээрх шийдвэрүүд нь хуулиар эрх олгосон байгууллагуудын бүрэн эрхийнхээ хүрээнд гарсан, хуульд нийцсэн шийдвэр байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй...” гэжээ.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөнд батлагдсан байгаа төлөвлөгөөг Харилцаа холбооны зохицуулах хороо тухайн хувилбараар нь шийдвэрлэнэ. Өөр хувилбараар аль нэг үйлчилгээнд олгох боломжгүй.

Энэ нь зөвхөн дөрвөн үүрэн холбооны оператор компанийн асуудал биш. Ярианы үйлчилгээ эрхэлж байгаа 20-30 аж ахуйн нэгжийн асуудал энд хөндөгдөнө. Үүрэн гэхлээр бид бүгдийн барьж байгаа гар утас буюу 99, 88 гэдэг энэ дугаарлалт. Энэ дээр нэмэгдээд суурин холбооны үйлчилгээ эрхэлж байгаа маш олон аж ахуйн нэгжүүд нэмэгдэж байгаа. Нэгэнт дугаарлалтын төлөвлөгөөнд өөрчлөлт орж байгаа учраас бүх ярианы үйлчилгээ эрхлэгч нарт Харилцаа холбооны зохицуулах хорооны зүгээс “...Дугаарлалтын төлөвлөгөөнд өөрчлөлт орж байгаа агуулгатай” албан бичиг хүргүүлсэн. Тус албан бичгийг хүлээн аваад тухайн үед 2019 оны 12 дугаар сард “Ю” ХХК-аас “...бид 5 гэсэн сериэс 50, 55 гэсэн дугаарлалтыг авъя” гэдэг хүсэлтийг манайд гаргаж, тус хүсэлт холбогдох журмын дагуу шийдвэрлэгдсэн.

Харилцаа холбооны зохицуулах хороо дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө баталдаг байгууллага биш. Баталдаг байгууллага нь Харилцаа холбооны тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу Харилцаа холбоо мэдээлэл технологийн газар буюу харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын  асуудал. Тэр хүрээндээ дугаарлалтын төлөвлөгөөг баталсан. Батлахдаа яаж баталсан талаарх асуудал болоод хэлэлцүүлэг хийсэн юм уу, санал авсан юм уу гэдэг асуудал нь манай байгууллагын эрхлэх асуудал биш. Нэгэнт батлагдаад ирсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүрэг нь Харилцаа холбооны тухай хууль болоод тухайн дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэх асуудал байгаа.

Дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө батлагдаад батлагдсан төлөвлөгөөг бүх аж ахуйн нэгжид бүгдэд нь хүргүүлсэн. Бүгдэд нь хүсэлт гаргах эрх нээлттэй байна. Аль нэгнийх нь эрхийг хязгаарлаагүй байна гэдэг агуулгаар нэгэнт шийдвэрийг гаргаж шийдвэрлэсэн  байна. Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасны дагуу тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал, тусгай зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийн гэрээ байгуулах асуудлыг Харилцаа холбооны зохицуулах хороо шийдвэрлэнэ. Тусгай зөвшөөрөл олгож байгаа бүх шийдвэр Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдаанаар хуралдаж шийдвэрлэдэг. Нэмэлт гэрээ гэдэг агуулгыг ярьж байгаагийн учир нь даргын бүрэн эрхийн асуудал. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг Харилцаа холбооны зохицуулах хороо бүрэн эрхийнхээ хүрээнд одоогийн үйл ажиллаагаа явуулж байгаа бүх үүрэн холбооны, суурин холбооны ярианы үйлчилгээ эрхлэгчдэд тусгай зөвшөөрлийг нь Харилцаа холбооны зохицуулах хорооны тогтоолоор олгосон. Дугаарлалттай холбоотой асуудал нь даргын нэмэлт гэрээгээр хийгдэж байгаа. Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга нь Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэмд заагдсанаар хороог итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхтэй этгээд. Энэ агуулгаараа байгууллага төлөөлж гэрээ байгуулах эрх нь даргад олгогдсон.

2016 оноос хойш хориод ярианы үйлчилгээ эрхлэгчдэд дугаарлалтын гэрээ байгуулсан. Энд бүх үүрэн суурин бүх үйлчилгээ эрхлэгчдэд яг энэ зарчмын дагуу гэрээ байгуулсан. Даргатай нэмэлт гэрээ байгуулж байгаа дугаарлалтын асуудал нь бие даан үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй үйлчилгээ. Бид 50, 55 гэсэн хоёр дугаар л яриад байгаа болохоос биш дугаарлалтад нэмэлт өөрчлөлт оруулахдаа 5 серийг л олгосон. 5-аар эхэлсэн 10 сая дугаар байгаа. 51-59 хүртэлх бүх дугаарлалт чөлөөтэй байж байгаа. Энэ дундаас нь тухайд үед “Ю” ХХК хоёр дугаарлалт авъя гэж хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсэн. Бидэнд татгалзах үндэслэл байхгүй.

2012, 2013 оноос өмнө нь “цагаан утас”-д 55 гэсэн дугаарлалтыг “М к” ХХК ашиглаж байсан.  Дугаарлалтыг аль нэг компанид өмчлүүлдэг асуудал биш. Тодорхой хугацаанд тодорхой нөхцөл бололцоогоор эзэмшиж ашиглаж байгаа ойлголт. 2013 онд эцсийн байдлаар шилжүүлж дууссан. Өөрөөр хэлбэл цагаан утсанд ашиглагддаг давтамж нь л байхгүй болсон. Тэгэхлээр дараах дугаарлалт ашиглалтгүй болсон. Гудамжинд цагаан утас бариад сууж байгаа хүн ямар нэгэн байдлаар давтамж ашиглаж байж зайнаас тухайн үйлчилгээг явуулж байгаа. Энэ үйлчилгээнд ашиглаж байсан давтамж нь дараа үеийн хөдөлгөөнт холбоо буюу одоогийн бид хэдийн хэрэглэж байгаа 3G, 4G үйлчилгээнд хуваарилагдаад давтамжаа дагаад дугаарлалт нь байхгүй болсон.

“Ю” ХХК болоод Харилцаа холбооны зохицуулах хорооны хооронд байгуулагдсан нэмэлт гэрээ нэхэмжлэл гаргаад байгаа “М К” ХХК-ийн ямар хуульд заагдсан, ямар эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэдэг нь өнөөдрийг хүртэл тодорхой болоогүй. Маргаан 2019 оны сүүлээр эхэлж өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Тухайн компани бол өнөөдрийг хүртэл ямар нэгэн доголдол, сааталгүйгээр хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа. “М К” ХХК-ийн бүх үйл ажиллагаа, тодорхой хэмжээний хэрэглэгч нь өмнөх онуудаас өсөлттэй явж байгаа. 50, 55 гэсэн дугаарыг өгснөөрөө үйл ажиллагаа нь доголдоод, хэрэглэгчээ алдаад, ашиг орлогоо алдаад, алдагдал хүлээгээд яваад байгаа зүйл байхгүй. Харилцаа холбооны зохицуулах хороо нь Харилцаа холбооны тухай хуулийн дагуу байгуулагдсан бие даасан статустай бие даасан байгууллагын хувьд аль болох талуудын оролцоог хангахыг л зорьдог.

Нэхэмжлэгч талын яриад байгаа “үнэ цэнэтэй, гоё дугаарыг “Ю” ХХК-д өгчихлөө” гэдэг асуудлыг одоо болтол яриад байдаг. 5-аар эхэлсэн дугаарлалтыг хэрэглэгч нарт адилхан ижил тэгш нөхцөл боломжийг тэнцвэртэй байдлаар бүгдэд нь олгосон. Дугаарлалтын батлагдсан төлөвлөгөөг Харилцаа холбооны зохицуулах хорооноос бүх аж ахуйн нэгжид хүргүүлсэн. Оператор компаниудын хувьд ийм үнэ цэнэтэй дугаарлалтууд байдаг бол нийт хэрэглэгчдийн 20 хувийг алдахгүйн тулд тухайн хүсэлтийг хангах эрх нь нээлттэй байсан.

 Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасныг бүтнээр нь унших нь зүйтэй. Тусгай зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, гэрээ байгуулах нь Харилцаа холбооны зохицуулах хорооны бүрэн эрх. Сүүлийн үеийн статистик тайлан мэдээг харахад үүрэн холбооны идэвхтэй хэрэглэгчийн тоо 4.5 сая болж хүн амын тооноос давсан. Яагаад гэвэл давхардсан тоогоор байж байдаг. Цаашлаад дараа үеийн шинэ технологи буюу зүйлсийн интернэт, дата ороод ирэхээр дугаарлалт нь бид бүгдийн өдөр тутамд хэрэглэж байгаа гэр ахуйн цахилгаан хэрэгсэл ч гэсэн энэ дугаарлалттай холбоотойгоор холбогдож ирдэг. Үүнийг зөвхөн хүн хооронд ярьдаг дугаарлалттай уялдуулж болохгүй. Дугаарлалттай холбоотой үнэ цэнтэй, гоё дугаар байна гэдэг асуудлыг Харилцаа холбооны зохицуулах хорооноос тогтоодоггүй. Тэр асуудал нь магадгүй операторууд дээр байдаг бол тухай тухай үедээ энэ асуудал энэ талаарх хүсэлтүүдээ Харилцаа холбооны зохицуулах хороонд хэзээ ч хүсэлтээ гаргах боломжтой. Гоё дугаар гэж байгаа бол адилхан л хүсэлтүүдээ тавиад авах эрх бүгдэд нь нээлттэй байгаа. Энэ эрх нь талуудад бүгдэд нь нээлттэй эрх тэгш байдаг. Хүсэлтэд нь үндэслэж Харилцаа холбооны зохицуулах хороо шийдвэр гаргадаг. Аль нэг компанид давуу байдал олгоод тухайн компанид дугаарлалтыг өгсөн асуудал байхгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

11. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...нэхэмжлэл гаргаж байгаа этгээдүүдийн хувьд субьектив эрх хөндөгдөөгүй гэж үзэж байна. Харилцаа холбооны зохицуулах хороо, “Ю” ХХК-ийн хооронд байгуулсан “Сүлжээний дугаарлалтын нэмэлт гэрээ” яг ямар субьектив эрхийг нь зөрчөөд байгаа талаар ямар ч баримт байхгүй байгаад байгаа учраас ямар ч эрх нь хөндөгдөөгүй. “Ю” ХХК-ийн хувьд 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01/1690 дугаартай албан бичиг, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 01/2169 тоот албан бичгүүдээр 50, 55 гэсэн дугаарлалтуудыг бидэнд эзэмшүүлж, ашиглуулахыг хүссэн хүсэлтүүдийг өгсний дагуу тус хүсэлтүүдийг шийдвэрлэсэн байдаг. “М К” ХХК-ийн хувьд 55 гэсэн дугаарлалтыг ашиглахаа байснаас хойш ямар ч хүсэлт гаргаагүй. Маргаан бүхий гэрээг хүчингүй болголоо гэхэд нэхэмжлэгчийн ямар эрх ашиг сонирхол нь хамгаалагдах, юу сэргэх нь тодорхойгүй. Өнөөдрийг хүртэл “М К” ХХК 50 болон 55 гэсэн дугаарлалтыг эзэмшиж, ашиглах хүсэлтийг гаргаагүй байгаа юм байна.  Тэгэхээр ямар ч эрх ашиг нь сэргэхгүй юм байна. Тухайн гэрээг хүчингүй болголоо гэхэд эрх зүйн үр дагавар үүсэхгүй юм байна.

Журмыг харахаар журамд заасны дагуу хамгийн түрүүнд хүсэлтээ ирүүлсэн компани, байгууллагад нь дугаарлалтыг нь олгодог юм байна. Хүсэлтээ 2019 оны 10 сар, 12 сард гаргаж байсан юм байна. Энэ гэрээг хүчингүй болголоо гэхэд тухайн 2019 онд өгч байсан “Ю” ХХК-ийн хүсэлт хэвээрээ байгаа. Дахиад л гэрээ байгуулагдаад явна. Ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсэхгүй. Харин дараа олох ашиг, орлогоо бодоод л хуулийн дагуу байгуулагдсан гэрээг хүчингүй болгуулах гээд байгаа нь харин шударга бус зүйл юм байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

12. Гуравдагч этгээд “Ю” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Сүлжээний дугаарлалтыг нэгдсэн төлөвлөгөөг батлах бүрэн эрхийг харилцаа холбооны тухай хуулийн 6.1.5-д зааснаар харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар хэрэгжүүлдэг бөгөөд уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх бүрэн эрхийг Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгэр зүйлийн 9.1.9-д заасны дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо  хэрэгжүүлдэг. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Харилцаа холбоо мэдээлэл технологийн газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн А/104 дүгээр тушаалаар батлагдсан дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөнд тус газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/161 дүгээр тушаалаар оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу “5” эхлэх дугаарлалтын багцын зориулалтыг “үүрэн холбоо, зүйлийн интернет, дата үйлчилгээнүүдэд ” болгон өөрчилсөн байна. Үүний дагуу бид “5ххх хххх” дугаарлалтаас 50хх-хххх, 55хх-ххх дугаарлалтыг Ю үйлчилгээнд ашиглах хүсэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлж улмаар “Ю” ХХК-д олгосон сүлжээний дугаарлалтын нэмэлт” 31400014 дүгээр гэрээ байгуулсан. Эдгээр ажиллагаа нь бүгд холбогдох хууль, журмын дагуу явагдсан бөгөөд ямарваа хууль тогтоомж зөрчсөн үйлдэл огт байхгүй болно.

Нэхэмжлэгч нь 55хх-хххх дугаарлалтыг олон жилийн өмнө М үйлчилгээнд ашиглаж байсан боловч 2012 оны Харилцаа холбооны зохицуулах хорооны тогтоолоор уг дугаарлалтыг буцаан авсан байдаг. Үйлчилгээнээс нэгэнт хасагдсан байсан аливаа дугаарлалт өмнө нь ашиглагдаж байсан эсэхээс үл хамааран “М К” ХХК-д хамааралгүй бөгөөд хэрэв уг дугаарлалтыг  үйлчилгээнд гаргахаар төлөвлөсөн бол “М К” ХХК ямар нэгэн давуу эрх эдлэхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

13. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...“Ю” ХХК нь 2005 оны 12 дугаар сард Монгол Улсад үүрэн холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг авч 2006 оны 6 дугаар сараас эхэлж тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна. Үүрэн холбооны үйлчилгээ  эхлэх тусгай шаардлагын нэг нь радио долгион нөгөө нь дугаарлалт байдаг. Дугаарлалтын төлөвлөгөөг Харилцаа холбооны мэдээллийн технологийн газраас баталдаг. 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Харилцаа холбооны мэдээллийн технологийн газраас дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулаад 5-аар эхэлсэн дугаарыг үүрэн холбоо, зүйлсийн интернет дата үйлчилгээнд ашиглаж болно гэж тогтоолд өөрчлөлт орсон. Энэ талаар манайд албан бичгээр мэдэгдсэн. Манайхаас процессын дагуу 5-аар эхэлсэн дугаарлалтаас 50 болон 55-аар эхэлсэн дугаарыг авъя гэсэн хүсэлтийг гаргаж дараад нь гэрээг байгуулсан. Тухайн үед процессоороо 2019, 2020 оны эхээр дугаарлалтыг яаж олгодог байсан бэ гэхлээр дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөнд өөрчлөлт орсон бол бүх ярианы үйлчилгээ эрхлэгч нарт албан бичгээр мэдэгддэг байсан. Үүний дагуу бүх ярианы үйлчилгээ эрхлэгч нарт энэ талаарх албан бичиг ирсэн. Манайхаас хүсэлт гаргаж гэрээ байгуулсан. “М К” ХХК тухайн үед 5-аар эхэлсэн дугаарлалтаас аль нэг дугаарлалтыг авъя гэдэг хүсэлт ирээгүй байдаг. Манай зүгээс нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхгүй байна.

Өмнө нь 2012 онд ашиглаж байсан гэдэг нь 2020 онд “М К” ХХК давуу эрхээр авна гэсэн үг биш. Дугаарлалт төрийн өмч. Хуулийн дагуу эрхтэй байгууллагууд нь ямар үйл ажиллагаа явуулахаа шийдвэрлээд тэрний дагуу бид хүсэлтээ гаргаж дугаарлалтыг авсан. Бид процессын дагуу мэдэгдлээ хүлээж аваад гэрээгээ байгуулсан. Манай дугаарлалтын дүүргэлт 76 хувийн дүүргэлттэй байсан. 3000100 орчим дугаарлалт ашиглагдсан. Ашиглагдсан нь тодорхой болсон нөхцөл үүссэн учраас бид нар тухайн үед гаргасан хүсэлтдээ хэдэн хувийн ашиглалттай байгаа болон өөр ямар үйлчилгээнд ашиглаж байна бүх мэдээллээ өгөөд дугаарлалт чөлөөлөх хүсэлт өгсөн. Үүнийг бидний зүй ёсны асуудал гэж үзэж байна. Бид 4 сая дугаарлалттай. Үүнээс 76 хувийн дүүргэлттэй болсон учраас дараагийн дугаарлалтыг 5-аар эхэлсэн сери юм уу, 6-гаар эхэлсэн серийг үүрэн холбооны үйлчилгээг чөлөөлж өгөх хүсэлт л тавьсан. Уг хүсэлтийн дагуу эрх бүхий байгууллага нь нэгдсэн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж, өөрчлөлт оруулсных нь дараа бид хүсэлтээ тавьж дугаарлалт авсан.

 01 дүгээр сарын 01-ний өдөр буюу амралтын өдөр гэрээ байгуулагдсан гэдэг асуудлын тухайд бид хүсэлтээ 12 дугаар сарын сүүлээр өгөөд 01 дүгээр сарын 07-нд миний мэйл хаягт Харилцаа холбооны зохицуулах хорооноос гэрээний загвар ирснийг манай зүгээс гарын үсэг зураад буцаагаад захиргааны байгууллагаас 1 дүгээр сарын 23, 24-ний үед гарын үсэг зурсан байсныг өмнөх анхан шатны шүүхээр хянагдаж байх үед шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдсон. Өрсөлдөөний асуудлыг хариуцан шалгадаг байгууллага нь “өрсөлдөөнд харшлах үйл ажиллагаа биш байна” гэсэн дүгнэлт гаргасан. Харилцаа холбооны зохицуулах хороо цааш маргаж яваагүй зогссон асуудал байгаа. Харин процессын хувьд 01 дүгээр сарын 30-нд энэ асуудлаар “М К” ХХК, Харилцаа Холбооны зохицуулах хороонд гомдлоо гаргаад 4 дүгээр сарын 24-нд анхан шатны шүүхэд гомдлоо гаргасан байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуульд заасан шүүхэд шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа аль хэдийн өнгөрсөн байхад Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдуулан захиргааны хэрэг үүссэн.

Манайх 12 дугаар сарын 12-ны бичигт хавсаргаад, дугаар ашиглалтын тайлангаа шинээр авсан дугаарлалтаа яаж ашиглах бэ гэдэг төлөвлөгөөгөө бүгдийг өгсөн. Уг нь энэ мэдээлэл нь өрсөлдөгчийн хувьд нууцад хамаардаг. Гэтэл “М К” ХХК шүүхэд хандаад манай дугаарлалтын ашиглалттай холбоотой бүх мэдээллүүдийг гаргаж өгсөн. Үүрэн холбооны хувьд идэвхтэй хэрэглэгч 36 хувийг эзэлж байгаа. Үлдсэн нь  дугаар ашигладаггүй атлаа асаадаггүй, хадгалалтад байгаа асаагаагүй дугаар, унтрааснаас хойш 24 сар, 3 сарын хугацаа өнгөрөөгүй, дахиж худалдаанд гараагүй дугааруудыг дахиж ашиглах боломж байхгүй. Эдгээрийг бүгд нийлээд 76 хувь болж байгаа гэдгийг 12 дугаар сарын 10-ны өдрийн тайланд тодорхой дурдсан. Худалдаалах боломжтой дугаар 21 хувь байна. Үүнээс үүрэн холбооны хэрэглэгч нь сонгохгүй байна. Яагаад гэвэл серийн гүйдлээр гоё дугаарууд дууссан учраас болохгүй байна. Одоо байгаа дугаарлалт хангалгүй байна гэж бид дугаарлалт хүссэн. Энэ эрх нээлттэй. Бид эхлээд 5 болон 6 дугаарлалтыг хүссэн. Дараад  нь 5 дугаарлалтаас 50, 55-ийг хүссэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д зааснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн байх бэ гэдгийг тайлбарлаж, баримтаар нотлох ёстой. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү... гэв.

14. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2012 онд утасгүй үүрэн холбооны буюу цагаан утасны сүлжээг тухайн технологийг цуцалсантай холбогдуулаад хураасан. Гэтэл өчигдөр хураагаад өнөөдөр “Ю” ХХК-д өгсөн юм шиг байдлаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. 2019 оноос хойш өнөөдрийг хүртэл ямар нэгэн байдлаар манайх 50-г нь авъя гэсэн хүсэлт гаргаагүй. 5-тай сериэр эхэлсэн бусад 8 дагалдах дугаартай 8 сая дугаараас дугаарлалт авъя гэдэг хүсэлтээ өнөөдрийг хүртэл гаргаагүй. Гуравдагч этгээдийн эзэмшиж байгаа хоёр дугаарлалтаас нэхэмжлэгч нь 55-тай дугаарлалтыг өмнө нь эзэмшиж байсан. Засгийн газрын тогтоолоор баталсан Харилцаа холбооны зохицуулах хорооны өөрийн гэсэн дүрэм байдаг. Тус дүрмийн 3 дугаар зүйлд Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын үүрэг болоод хорооны хуралдаанаар шийдвэрлэх ёстой үүргийг 3.1.4, 3.1.13-т тус тус тодорхой заасан. Бусдыг нь итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу дарга шийдвэрлэнэ гэдгийг тодорхой заасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.5-д зааснаар нэхэмжлэгч өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхлоо зөрчигдсөн болохоо нотлох ёстой. Гэтэл энэ зөрчсөн эрх нь өөрийнх нь ямар хууль ёсны, ямар эрх ашиг нь яаж зөрчигдөөд байгаа юм бэ? гэдэг талаар өнөөдрийг хүртэл тодорхойлсон зүйл байхгүй гэдгийг дурдах нь зүйтэй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж тодорхой заасан. Гэтэл Харилцаа холбооны зохицуулах хороонд хандаж “М К” ХХК-ийн компанийн зүгээс 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр гомдол гаргаснаас хойш ямар нэгэн байдлаар Харилцаа холбооны зохицуулах хороонд дахин гомдол гаргаагүй. Уг асуудлаар Харилцаа холбооны зохицуулах хороотой асуудлыг шийдвэрлүүлэлгүйгээр 4 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль заасан дээрх хугацааг хэтрүүлсэн байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг захиргааны гэрээг хүчингүй болгох гэж тодорхойлсон. Мөн Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга гарын үсэг зурах эрхгүй этгээд гарын үсэг зурсан этгээд буюу захиргааны гэрээ илт хууль бус гэсэн үндэслэлээр гэж тодорхойлж байна гэж ойлгож байгаа. Тэгэхээр шүүхэд бичгээр гаргасан тайлбараасаа өөр зөрүүтэй тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна.

 “М К” ХХК-ийн зүгээс өнөөдрийг хүртэл хүсэлтээ 50, 55 дугаарлалтыг хүссэн хүсэлтийг огт гаргаагүй.  2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 41 тоот Харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын ашиглалт, үйлчилгээг бүртгэх журам гээд нийтэд нээлттэй журам байдаг. Энэ журмын 6.2, 6.4-д тус тус харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авсан этгээд шинэ дугаарыг авахдаа яах бэ гэдгийг тодорхой заасан. Нэгд хүсэлтээ гаргах ёстой. Хүсэлтээ гаргахдаа төлөвлөгөө болон тайлангаа ирүүлэх ёстой. Өмнөх анхан шатны шүүх дээр хэлэлцэн шийдвэрлэсэн шүүх хуралдаан дээр буюу хавтаст хэргийн 229 дүгээр хуудсанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Харилцаа холбооны зохицуулах хорооноос ирсэн албан бичиг 15-ны өдөр буюу баасан гаригт байгууллагын шинэ жилтэй байсан өдөр ирсэн” гэж шүүх хуралдаан дээр тодорхой тэмдэглэсэн асуудал. Энэ асуудлаа манайх тухайн өдрөө шинэ жилтэй байсан учраас тэр албан бичиг харагдалгүй дарагдаад бид нар танай “Ю” ХХК-ийн гэрээ ирсний дараа бид нар мэдсэн юм аа гэдгийг л тодорхой ярьж байсан. Иймд эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү...” гэв.

15. Тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 14 цаг 38 минутад хэргийн оролцогчдыг байлцуулан, Харилцаа холбооны зохицуулах хороонд хийсэн үзлэгээр: “шүүгчээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд заагдсан ажиллагааны дагуу үзлэг хийж байна хэмээн баримт бичгийн үзлэгийн зорилгыг танилцуулан “Хороо хуралдсан уу, хуралдсан бол тэмдэглэл түүнтэй холбоотой баримт, “Ю” ХХК-тай маргаан бүхий нэмэлт гэрээг хэрхэн яаж хийсэн гэрээг хэзээ байгуулсан зөрүүтэй асуудлыг тодруулахад шаардлагатай баримт, Харилцаа холбооны зохицуулах хороо гэрээ байгуулахтай холбоотойгоор комисс байгуулдаг эсэх, комиссын ажиллах журам” зэргийг шаардахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У хороо хуралдаагүй, гэрээний тухайд манайхаас гарч болох бүх баримтаа шүүхэд гаргаж өгсөн” хэмээн баримт бичгийн үзлэгийн тэмдэглэлд тусгагдаж хэрэгт авагджээ.

16. Иргэдийн төлөөлөгчөөс “Харилцаа холбооны зохицуулах хороо нь харилцагч байгууллагууддаа тухайн цифрээр эхэлсэн сери зарлагдаж байгаа өөрчлөлтийг мэдэгдээгүй, шударга өрсөлдөөнийг бий болгож чадаагүй учир тухайн гэрээтэй холбоотой маргааныг нэхэмжлэгчийн талд шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргав.

ҮНДЭСЛЭХ нь:

17. Нэхэмжлэгч “М К” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

18. Нэхэмжлэгч нь Харилцаа холбооны зохицуулах хороо “Ю” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн “Ю” ХХК-д олгосон сүлжээний дугаарлалтын 31400014 дүгээр нэмэлт гэрээг маргаан бүхий захиргааны гэрээгээр тодорхойлж, “хариуцагч нь тусгай зөвшөөрөл бүхий ижил төрлийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд тэгш өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлээгүй, тухайн маргаан бүхий дугаарлалтыг зайлшгүй үйлчилгээнд нэвтрүүлэх бодит нөхцөл байдал байсан эсэхийг тодруулаагүй, Хорооны хурлаар шийдвэрлэх асуудал байтал уг Хорооны дарга шууд гэрээ байгуулсан нь хуульд нийцээгүй, 5 цифрээр эхэлсэн дугаарлалтыг урьд нь “м” үйлчилгээндээ ашиглаж байсан нэхэмжлэгчийн байдлыг харгалзан үзээгүй” гэж, хариуцагчийн зүгээс “үүрэн холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлд хамаарах нэмэлт гэрээг байгуулахдаа Хороо хуралдаж шийдвэрлэж байгаагүй /бусад компаниудад олгосон сүлжээний дугаарлалтын нэмэлт гэрээ 3 дугаар хавтаст хэргийн 34-104 дэх талд авагдсан/, хорооны дарга шууд гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, ...ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн, ... нэг аж ахуйн нэгжид давуу байдал олгосон, тэгш бус байдал гаргасан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй, энэ асуудлыг Захиргааны хэргийн шүүх тогтоохгүй, ...уг маргаан бүхий гэрээний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, зөрчигдөж болзошгүй эрхээ нэрлэж чадаагүй, ...нэхэмжлэгчид ашиглагдаж байсан 55 дугаарлалтыг дараа үеийн 4G үйлчилгээнд зориулж тодорхой давтамжийн зурвасыг чөлөөлсөн, энэ тохиолдолд заавал нэхэмжлэгч “М К” ХХК ашиглах ёстой гэсэн ойлголт байхгүй” гэж, гуравдагч этгээдийн зүгээс “76 хувийн дүүргэлттэй болсноор 2019 оны 12 дугаар сард захиргааны байгууллагад хүсэлтээ гаргасан, ...мэдэгдэл хүлээж авч гэрээгээ байгуулсан, 2012 оноос өнөөдрийг хүртэл дугаарлалтын бүх гэрээ яг энэ форматын дагуу энэ загвараар Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга гарын үсэг зураад олгодог байсан ...хууль зөрчигдөөгүй” гэж тус тус маргасныг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудтай харьцуулан дүгнэлт хийж, маргаан бүхий захиргааны гэрээний хууль зүйн үндэслэлийг хянаж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

19. Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-д “сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх” бүрэн эрх Харилцаа холбооны зохицуулах хороонд байна. Ийнхүү хорооны боловсруулсан сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөг мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5-д зааснаар харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар батлах эрхтэй.

Маргаан бүхий энэ тохиолдолд Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн “Монгол Улсын харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөг шинэчлэн батлах тухай” А/104 дүгээр тушаалын холбогдох хэсэгт, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Монгол Улсын Харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” А/161 дүгээр тушаалаар “...харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөний хоёрдугаар бүлэг “Монгол Улсын Харилцаа холбооны дугаарлалтын багцын томьёолол”-ын хүснэгт 1-т тусгагдсан эхлэх дугаар “5” зориулалт “Нөөцөд төлөвлөгдсөн дугаарлалт” гэж заасны эхлэх дугаар “5” зориулалт “Үүрэн холбоо, зүйлсийн интернет, дата үйлчилгээнүүдэд” гэж, уг дугаарлалтын төлөвлөгөөний гуравдугаар бүлэгт “...Үүрэн холбооны үйлчилгээнд 9,8,5 гэсэн цифрээр эхэлсэн 8 орон бүхий дугаарлалт байна. Энэхүү дугаарлалт нь газар зүйн бүсээс үл хамаарна” гэж тус тус өөрчилж, уг төлөвлөгөөний Томьёолол 13-д “5х-хххххх” гэсэн форматыг нэмжээ.

Энэ тушаал /А161/-тай хэргийн оролцогчид маргаагүй.

20. Ингэснээр хариуцагч Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Мэдээлэл хүргүүлэх тухай” 02/1728 дугаар албан бичгээр: “хороо нь  Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.9-д заасны дагуу Монгол Улсын Харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж, энэхүү хуулийн 6.1.5-д заасан эрхийн дагуу Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар сүлжээний дугаарлалтын төлөвлөгөөг баталдаг билээ. Үүний дагуу Харилцаа холбоо мэдээлэл технологийн газрын даргын тушаалаар дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд энэхүү тушаалыг дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөний хамт хүргүүлж байна” гэж үйлчилгээ эрхлэгч нарт хүргүүлсэн.

21. Үүний дагуу гуравдагч этгээд “Ю” ХХК-аас Харилцаа холбооны зохицуулах хороонд хандан 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Шинэ дугаарлалт хүсэх тухай” 01/2169 дүгээр албан бичгээр: “үүрэн холбооны үйлчилгээнд 88, 89, 86, 80 дугаарлалтуудыг ашиглаж байгаа бөгөөд тус дугаарлалтуудын дүүргэлт 76 хувьд хүрсэн..., дараалсан олон тооны дугаар ашиглах сонирхолтой байдаг ч худалдаанд байгаа дугаарын нөөцөөс үүдэн энэхүү хэрэгцээ, шаардлагыг хангах боломж хомс..., шинээр нэвтрүүлэх бүтээгдэхүүн үйлчилгээнд ашиглахад дугаарын сонголтууд бий болох үүднээс “Ю” ХХК-д үүрэн холбооны сүлжээний 50 болон 55 бүхий дугаарлалтыг үйлчилгээндээ ашиглах”-аар хүссэний дагуу маргаан бүхий сүлжээний дугаарлалтын нэмэлт гэрээ байгуулагдсан, энэ үйл явдалтай тодорхойлох хэсгийн 4-д зааснаар болон энэ хэсгийн 18-д заасан үндэслэлээр талууд маргаж байна.

22. Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1. “Өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, иргэн харилцаа холбооны зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах чиг үүрэгтэй Харилцаа холбооны зохицуулах хороо ажиллана”, 9 дүгээр зүйлийн 9.1. “Зохицуулах хороо харилцаа холбооны талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 9.1.2. “хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага болон холбогдох журмыг батлах, гэрээ байгуулах, биелэлтэд хяналт тавих”-аар хуульчлагдсан бол,

23. Харилцаа холбооны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. “Засгийн газар харилцаа холбооны  талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 5.1.2. “Харилцаа холбооны зохицуулах хороо байгуулах, түүний дүрмийг батлах” гэж зааснаар Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 268 дугаар тогтоолын хавсралтаар “Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм” батлагдсан ба уг дүрмийн  1 дүгээр зүйлийн 1.1-д “Харилцаа холбооны зохицуулах хороо нь өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, иргэн харилцаа холбооны зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, зөвлөмж, шийдвэр гаргах чиг үүрэг бүхий байгууллага мөн” болохыг, 1.3-д “Хорооны үндсэн зорилго нь хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, харилцаа холбооны талаар төрөөс баримталж байгаа бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, радио давтамжийн зурвасыг хуваарилах, дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, үйлчлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг тэнцвэртэй хамгаалах, бүх нийтийн үйлчилгээний үүргийн хэрэгжилтийг хангуулах, үйлчлэгчийн шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэхэд оршино” гэж тодорхойлж,

Энэхүү үндсэн зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дээрх дүрмийн 2.1-т “Хороо нь Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйл, ... заасан бүрэн эрхээс гадна дараах чиг үүргийг  хэрэгжүүлнэ”, 2.1.5-д “харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээдээс тайлан, ... гаргуулан авах”, 2.1.7-д “хууль тогтоомж болон энэ дүрэмд заасан бусад чиг үүрэг” зэрэг чиг үүрэгтэй байхаар,

Харилцаа холбооны зохицуулах хороо нь зохион байгуулалтын бүтцийн хувьд зохицуулалтын асуудал хариуцсан, радио давтамжийн зохицуулалт, хяналтын асуудал хариуцсан, өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын асуудал хариуцсан, зах зээл, үнэ тарифын асуудал хариуцсан, эрх зүй, мэдээлэл, захиргааны асуудал хариуцсан нэгжүүдээр дамжуулан явуулах, үйл ажиллагааны зохион байгуулалт нь дүрмийн 4.1-т “Хорооны үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр хуралдаан байна. Хорооны хуралдаанд гишүүдийн олонх оролцсон тохиолдолд хуралдааны ирц бүрдсэн гэж үзнэ”, 4.3-д “Хорооны хуралдаанаар энэ дүрмийн 2.1-д зааснаас гадна дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ”, 4.4-д “Хорооны хуралдааны шийдвэр нь тогтоол хэлбэртэй байх бөгөөд хуралдааны явцад тэмдэглэл хөтөлнө”, 4.5-д “Хорооны тогтоолд Хорооны дарга, гишүүд, хурлын тэмдэглэлд Хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна”, 4.6-д “Хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ. Санал тэнцсэн тохиолдолд асуудлыг хуралдаан даргалагчийн саналаар шийдвэрлэнэ” гэж зааснаар хэрэгжихээр тус тус журамлагдсан байна.

24. Дээрх хууль болон журмын заалтуудаас үзэхэд, хариуцагчаас маргаан бүхий 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн “Ю” ХХК-д олгосон сүлжээний дугаарлалтын 31400014 дүгээр нэмэлт гэрээг байгуулахдаа “Хороо хуралдаагүй, хуралдааны тэмдэглэл гараагүй, хэрхэн хэлэлцэж ийм шийдвэр гаргасан нь тодорхой бус” байсан нь тодорхойлох хэсгийн 15-д зааснаар шүүхээс явуулсан бичиг баримтын үзлэгээр нотлогдож, энэ тохиолдолд Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасан “тусгай зөвшөөрөлд нэмэлт оруулах” талаарх Зохицуулах хорооны бүрэн эрхийг уг Хорооны дарга дангаараа хэрэгжүүлсэн гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлтэй байна.

25. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Хорооны дарга нь дүрмийн 3.1.4-д “Хороог гадаад, дотоодод итгэмжлэлгүйгээр төлөөлөх” бүрэн эрхийн хүрээнд гэрээ байгуулсан, хууль зөрчөөгүй...” гэх тайлбар үндэслэлгүй. Харин энэ эрх нь Хорооны даргын хувьд мөн дүрмийн 3.1.2-д “хууль тогтоомж болон энэ дүрэмд заасан бүрэн эрхийн хүрээнд тушаал гаргаж, биелэлтийг хангуулах” гэж зааснаар тушаал гаргаж хэрэгжих бүрэн эрх байна. Харин зохицуулах хорооны тогтоол гаргах замаар шийдвэрлэх тухайлбал, тусгай зөвшөөрөлд нэмэлт оруулах асуудалд хамааралгүй байна. Хорооны даргын бүрэн эрхийн хүрээнд аливаа байгуулагдсан гэрээг ёсчлон гарын үсэг зурах, баталгаажуулах эрхийг үгүйсгээгүй болно.

26. Нөгөөтээгүүр Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмийн 5 дугаар зүйлд Хорооны зохион байгуулалтын бүтцийг заахдаа зохицуулалтын /дүрмийн 5.1.3/, радио давтамжийн зохицуулалт, хяналтын /дүрмийн 5.4.1/, зах зээл, үнэ тарифын /дүрмийн 5.5.1/, эрх зүй, мэдээлэл, захиргааны /дүрмийн 5.6.2/, шуудангийн /дүрмийн 5.7.1/ асуудал хариуцсан тус тус нэгжтэй байхаар зааж, нэгж тус бүр “тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хугацааг сунгах, нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох болон тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагад өөрчлөлт оруулах талаар санал, дүгнэлт гаргах” чиг үүрэгтэй байна. Энэ чиг үүрэгт Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн “Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 65 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт зааснаар “...5.3.1, 5.4.1, 5.5.1, 5.6.2, 5.7.1 дэх заалтад “сэргээх,” гэсний дараа “хугацааг сунгах, нэмэлт, өөрчлөлт оруулах” гэж нэмсэн авч, Харилцаа холбооны тухай хуульд “тусгай зөвшөөрөлд нэмэлт оруулах” /Хуулийн 9.1.2/ нь Зохицуулах хорооны бүрэн эрхэд байгааг хариуцагч анхаараагүй, энэ тохиолдолд дүрэмд нарийвчлан зохицуулаагүй байсан, урьд нь шууд Хорооны дарга тусгай зөвшөөрлийн нэмэлт гэрээ байгуулаад явж ирсэн гэх тайлбаруудаар хариуцагчийг зөвтгөх боломжгүй.

27. Эрх бүхий этгээдээс хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд “...  эхлэх дугаар “5” зориулалт “үүрэн холбоо, зүйлсийн интернет, дата үйлчилгээнүүдэд” гэж харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж баталсан. Харин уг төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ “шударга өрсөлдөөнийг хязгаарласан, тэгш байдлыг хангаагүй, далдуур хийгдсэн үйл ажиллагаа болсон” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын тайлбар үндэслэлтэй.

28. Учир нь Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1. “... харилцаа холбооны зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх,..”, Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 268 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “...зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх”, 1.3-д “...үйлчлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг тэнцвэртэй хамгаалах, бүх нийтийн үйлчилгээний үүргийн хэрэгжилтийг хангуулах, үйлчлэгчийн шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх”, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн А/104 дүгээр тушаалаар батлагдсан Монгол Улсын харилцаа холбооны дугаарлалтын төлөвлөгөөний 1.2-т “...дугаарлалтыг үр ашигтай хуваарилах зарчим баримтлан хэрэгжилтийг хангуулах”, 1.6-д “Зохицуулах хороо нь дугаарлалтын хуваарилалт ашиглалтад хяналт тавих...”, 1.9-д “...харилцаа холбооны зах зээлд шударга өрсөлдөөнийг дэмжих,...”, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 41 дүгээр тогтоолын  хавсралтаар батлагдсан /маргаан бүхий гэрээг байгуулах үед хуулийн хүчин төгөлдөр байсан/ “Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журмыг шинэчлэн батлах тухай журам”-ын 1.4-т “Харилцаа холбооны зохицуулах хороо нь дугаарлалтын төлөвлөгөөний дагуу дугаарыг үйлчилгээ эрхлэгч, байгууллага, иргэдэд ил тод шударга зарчмаар хуваарилан олгох”, 1.5-д “Зохицуулах хороо нь Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.9-д заасныг үндэслэн дугаарыг хуваарилах, гэрээгээр эзэмшүүлэх” гэж зааснаас үзвэл, дугаар ашиглалтын нөөцийг хэрхэн тогтоосон, дугаарлалтыг үр ашигтай хуваарилах зарчим хэрхэн хангагдсан, ашиглалтын тайлан үр ашгийн задаргааг харьцуулж үзсэн эсэх, гуравдагч этгээдийн тооцоолон ирүүлсэн баримтыг бодит байдалд нийцэж байгаа эсэхийг шалгасан эсэх, идэвхтэй хэрэглэгчдийн зах зээлд эзлэх хувь хэмжээг дугаарлалтын нөөцийн талаарх судалгаатай уялдуулсан эсэх, өрсөлдөөнийг хангасан талаарх баримт материалууд байхгүй, энэ талаар хэлэлцсэн тэмдэглэл байхгүй, тодруулбал шүүхээс нотлох баримт цуглуулах үүргийн хүрээнд хэрэгжүүлсэн бичиг баримтын үзлэгээр тогтоогдоогүй, зөвхөн гуравдагч этгээдийн ирүүлсэн хүсэлтийн дагуу маргаан бүхий гэрээг байгуулсан нь учир дутагдалтай, энэ тохиолдолд хариуцагчийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 02/1728 дугаар албан бичгийг нэхэмжлэгчийн зүгээс мэдээллийн шинжтэй өгсөн баримт гэж үзэж байхад, гуравдагч этгээдийн зүгээс сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөнд заасны дагуу нэмэлт гэрээ байгуулахтай холбоотой саналаа ирүүлэх гэж үзсэн нь ойлгомжгүй. Хариуцагч захиргааны байгууллагын хэрэгжүүлсэн захиргааны үйл ажиллагааг тусгай зөвшөөрөл бүхий үйлчилгээ эрхлэгч нар нь зөрүүтэй ойлгосныг анхаараагүй, оператор компаниудаас саналыг нь авч, зах зээл дэх судалгааны үр дүнгээр тэгш хүртээмжтэй, өрсөлдөөний зарчмыг баримтлан нэмж хоёр сая дугаарыг гаргах хэрэгцээ шаардлага ийм байсан гэдгийг хариуцагч нотолж чадахгүй байна. Үүгээрээ маргаан бүхий гэрээ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж шүүх дүгнэлээ.

29. Дээр дурдсан хууль болон журамд заасан үзэл санаа, зорилго нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журмыг шинэчлэн батлах тухай” 74 дүгээр тогтоолд тусгагдсан, тухайлбал Журмын 1.1-т “Энэхүү журмын зорилго нь Харилцаа холбооны тухай хуулийн 6.1.5 болон 9.1.9-д заасан Монгол Улсын Харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэх дугаарлалтын хязгаарлагдмал нөөцийг хуваарилах, олгох, ашиглах болон бүртгэхтэй холбоотой асуудлыг зохицуулахад оршино”, 1.2-т “Дугаарлалтын төлөвлөгөөний дагуу сүлжээний дугаарлалтыг цахилгаан холбооны үйлчлэгч иргэн, хуулийн этгээд тэдгээрийн хүсэлтийг үндэслэн ил тод шударга үр ашигтай байх зарчмын баримтлан хуваарилан олгоно”, 1.4-д “Зохицуулах хороо нь Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.9-д заасныг үндэслэн сүлжээний дугаарыг хуваарилах олгох, ашиглах, бүртгэх зэрэг зохицуулалт хийнэ” гэснээрээ өмнө мөрдөж байсан журмын агуулгын хүрээнд байгааг дурдах нь зүйтэй.

30. Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай 1/399 дүгээр албан бичгээр: “Харилцаа холбооны дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөний 1.2-т заасан дугаарлалтын нөөцийг үр ашигтай хуваарилах зарчмыг баримтлан ажиллах шаардлагатай байна. Тус газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/161 дүгээр тушаалаар баталсан Харилцаа холбооны дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөний нэмэлт өөрчлөлтөөр тусгагдсан 5ххххххх дугаарлалтыг хүсэлт гаргасан байгууллагад олгохдоо өмнөх олгосон дугаарын ашиглалтын байдалтай уялдуулж ярианы үйлчилгээнд олгох чиглэлийг баримталж ажиллана уу. Хүсэлт гаргасан байгууллагад олгосон ярианы үйлчилгээний дугаарлалтын нөөц хангалттай тохиолдолд дээрх дугаарыг зөвхөн зүйлсийн интернет, дата үйлчилгээнд зориулан олгох нь зүйтэй” гэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс зөвхөн 2020 оны 4 дүгээр сараас хойших асуудалд хамааралтай гэж тайлбарласныг хүлээн авах боломжгүй. Хариуцагч нь агуулгын хувьд шийдвэр гаргахдаа анхаарах асуудал байна.

31. “55хх-хххх дугаарлалтыг өмнө нь “М К” ХХК утасгүй суурин телефон үйлчилгээ буюу М үйлчилгээг ашиглаж байсныг, цаашид ашиглуулахгүй нийгэмд шаардлагагүй хэт их дугаарлалтын нөөц бий болсон гэж Харилцаа холбооны зохицуулах хорооноос хураан авсан атлаа одоо ч дугаарлалтын нөөц хангалттай байхад “Ю” ХХК-д 55хх-хххх, 50хх-хххх дугаарлалтыг ашиглуулахаар олгож байгаа нь шударга өрсөлдөөнийг хязгаарлах үйл ажиллагаа болж байна” гэх үндэслэл шууд батлах нотлох баримт байхгүй. Нэгэнт тухайн үед шийдвэрлэсэн асуудалтай нэхэмжлэгч тал маргаж байгаагүй, “урьд ашиглаж байсан гэх тайлбараар одоо давуу эрх эдэлнэ гэсэн үг биш” гэх хариуцагч талын тайлбар үндэслэлтэй. Яагаад гэвэл, уг дугаарлалтыг төлөвлөгөөний дагуу зах зээлд гаргаж олгох эрх хуулиар Зохицуулах хороонд байна.

32. Маргаан бүхий гэрээний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд хөндөгдөөгүй гэж дүгнэхэд учир дутагдалтай. Тодруулбал, нэхэмжлэгчийн субьектив эрх шууд хөндөгдсөн байхыг шүүх дүгнэх боловч маргаан бүхий энэ тохиолдолд Төр /нийтийн захиргаа/ нийгмийн суурь үйлчилгээ буюу харилцаа холбоог иргэдэд тэгш хүртээмжтэй хүргэх, тогтвортой ашиглуулах үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн талаарх хангалттай үндэслэл байхгүй, харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу үйлчилгээнд буй 8ххх-хххх багцын 10 сая, 9ххх-хххх багцын 10 сая дугаар нийт 20 сая дугаарын ашиглалтын байдал ямар байгаа, дугаарлалтын нөөц хангалттай байгаа эсэхийг тогтоосон баримт байхгүй,  маргааны зүйл нь нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн, энэ утгаараа нэхэмжлэл хангагдсанаар зөвхөн нэхэмжлэгч “М К” ХХК-ийн эрх хангагдах бус, өөр бусад ижил төрлийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд мөн хамаарахаар байна.

33. Ердийн ухамсрын түвшинд хууль хэрэглээний биш агуулгаар гаргасан иргэдийн төлөөлөгч Б.Мийн дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

34. Шүүх, нэхэмжлэлийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хяналтын цар хүрээг тогтоож хэргийг шийдвэрлэхдээ маргаан бүхий гэрээ байгуулагдсанаас хойших үйл баримтад дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэнийг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1.2, 9.1.9-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М К” ГХОХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Харилцаа холбооны зохицуулах хорооны “Ю” ХХК-тай байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн “Ю” ХХК-д олгосон сүлжээний дугаарлалтын нэмэлт 31400014 дүгээр гэрээг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              У.Б

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ц.Б

                                              ШҮҮГЧ                             Д.Х