| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 144/2019/0099/Э |
| Дугаар | 43 |
| Огноо | 2019-12-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 43
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Прокурор Д.Ганчимэг /онлайнаар/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр /онлайнаар/
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Баярмаа
Нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэн нарыг оролцуулан,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2019/ШЦТ/107 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн давж заалдах гомдлоор Ю.Г холбогдох 1929001950094 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 29 настай, эрэгтэй, яс үндэс дөрвөд, дээд боловсролтой, экологи байгаль хамгаалагч мэргэжилтэй, “Топ Транс” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 2, аавынхаа хамт тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Төгрөг овгийн Ю.Г
Шүүгдэгч Ю.Г нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутагт байрлах нүүрс тээврийн замын 6 дахь километрт 2019 оны 06 дугаар сарын 30-ны өглөө 03-05 цагийн орчимд иргэн Б.Мөнгөнтулгатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэг нь Ю.Г үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Шүүгдэгч Ю.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Г 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1200000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ю.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Б.М нэхэмжилсэн 5631000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлс 2000000 төгрөг, эхнэр нь түүнийг 20 хоног асарсан хугацааны цалин 700000 төгрөг, нийт 2700000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, эмчилгээний зардал болох 1516000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 1300000 төгрөг, нийт 2816000 төгрөгийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгчээс хувцасны үнэ 115000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Мөнгөнтулга нь шүүхээс хэлэлцээгүй орхисон 2816000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг, мөн Ю.Г нь эмчилгээний зардалд хохирогчид 1090000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийг дэх хэсгийн 1.8-д зааснаар Б.М өмсөж, явсан гэх улаан өнгийн цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн өмд 1 ширхэг, хар хөх өнгийн куртик 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч Ю.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ю.Г иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ю.Г урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах гомдолдоо: “...Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа.
Шүүх шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй хууль зөрчөөгүй, үндэслэл бүхий байна гэж дүгнэдэг. Яаралтай тусламжийн хуудсан дээрх онош гэсэн хэсэгт далны доод хэсэг 5-7 см гүн нэвтэрсэн шархтай гэж тэмдэглэгдсэн, шарх нэвтэрснийг мэдэх тухайн үед тусламж үзүүлж оёдол тавьсан Х.Батжаргал гэх эмчийн тэмдэглэл байдаг. Гэтэл цээжний ар хэсгээс нэвтэрсэн гүн шархыг шинжээч эмч яагаад гэмтлийн хөнгөн зэрэгт хамаатуулсан нь ойлгомжгүй. Энэ талаар шүүх хуралдаан дээр нэвтэрсэн шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хүнд зэрэгт хамаардаг болохыг тайлбарлан мэтгэлцсэн боловч шүүх хүнд гэмтэл мөн эсэхэд ямар нэгэн няцаалт болоод үгүйсгэсэн талаарх дүгнэлтийг хийгээгүй.
Хэргийн материалд авагдсан бичгийн нотлох баримтуудыг дахин нягтлан үзэж Ю.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан үйлдэл хийсэн атал шүүх үүнийг анхааран үзэхгүй хэргийг шийдвэрлэж бусдад ял завшуулах байдлыг бий болгосон нь шүүх хууль буруу хэрэглэсэн, хэргийн материалд авагдсан бичгийн нотлох баримтуудад тулгуурлан хийсэн шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит нөхцөл байдалтай нийцээгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Анхан шатны шүүхээс хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж дээрх зүйл ангиар шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, ял оногдуулж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байна.
Хохирогчид учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу хөнгөн зэргийн гэмтэлд хамаарахаар шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд уг дүгнэлт нь үнэн зөв, эргэлзээгүй, үндэслэл бүхий болсон.
Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3 дугаар зүйлд гэмтлийн хүнд зэргийг тогтоох шалгуур үзүүлэлтүүдийг зааж өгсөн ба уг журмын 3.1.11-д цээж болон хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарахаар журамласан. Тиймээс хохирогчийн нурууны ар хэсэг, далны доод хэсэгт зүсэгдсэн шархыг цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх гэж үзэх үндэслэлгүй.
Хохирогчийн өмгөөлөгч хэрэгт авагдсан яаралтай тусламжийн хуудаст бичигдсэн далны доод хэсэгт 5-7 см гүн нэвтэрсэн гэх эмчийн тэмдэглэлийг үндэслэн хохирогчид учирсан гэмтлийг гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэж үзэн хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж, улмаар давж заалдах гомдол гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Прокурор Д.Ганчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Тус хэрэгт мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр шинжээчийн дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтэд хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн өмгөөлөгчөөс хүсэлт гаргасан. Прокурорын тогтоолоор нэмэлт дүгнэлтийг 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 527 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан. Дүгнэлтээр хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан гэж үзсэн. Хохирогчийн гэмтэл нь хүнд зэрэгт хамаардаггүй. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтад хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл учраагүй талаар гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр бүрэн тогтоогдсон гэж үзсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байна. Хохирогчийн цээжний хөндийн ар хэсэгт нэвтэрсэн шарх үүсээгүй. Харин цээжний ар нуруун талд 7 см урттай зүсэгдсэн шарх үүссэн. Гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр нотлогддог. Шүүгдэгч Ю.Г нь хохирогчтой маргалдаж архины шилээр цээжний ард талд зүсэж хөнгөн гэмтэл учруулсан. Үүнийг цээжний хөндийд нэвтэрсэн шарх гэж үзэж хохирогчид хүнд гэмтэл учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад тухайн хэргийн хүрээнд гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар цээжний хөндий рүү араасаа нэвтэрсэн шарх гэж бичигдсэн. Тухайн эмчилгээг хийсэн эмч нь гэрчлэх боломжтой байхад шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад бодит үнэнийг тогтоолгохоор хүсэлт гаргахад хангаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-т зааснаар хохирол, хор уршиг зэргийг бүрэн тогтоож өгөөгүй. Хүнд зэргийн гэмтэл амь насанд аюултай, их хэмжээний цус алдсан талаар дүгнэлт гараагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хохирогчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр бичсэн давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Ю.Г холбогдох эрүүгийн 1929001950094 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Шүүгдэгч Ю.Г нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутагт байрлах нүүрс тээврийн замын 6 дахь километрт 2019 оны 06 дугаар сарын 30-ны өглөө 03-05 цагийн орчимд иргэн Б.М хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь гэрч Ц.О /хх-26-27/, Б.Э /хх-29/, Б.М /хх-30/, С.Б /хх-30/ нарын мэдүүлгүүд, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 406, 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 527 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хх-33-34, 95/, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаарх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй бөгөөд анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ю.Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Ю.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1200000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс Ю.Г оногдуулсан торгох ялын хэмжээ нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэгт тохирсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна. Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Харин эмч Х.Батжаргалын 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 05 цаг 35 минутад бичсэн яаралтай тусламжийн 240 дугаартай хуудсанд /хх-78/ ...хэсэг газрын үзлэг: ...”зүүн гарын шууны арьс 3 см гүн зүсэгдсэн, далны доор 5-7 см орчим гүн нэвтэрсэн” гэж бичигдсэн бичвэрийн “5-7” гэсэн тоог засч бичсэн, мөн “гүн нэвтэрсэн” гэж бичсэн хэсэг нь эмчийн бичгийн хэлбэртэй тохирохгүй, дээрх яаралтай тусламжийн хуудас нь эх хувиараа авагдаагүй, хуулбар хувийг хэрэгт хавсаргасан, эмчийн тэмдэг дарагдаагүй зэрэг бичмэл нотлох баримтад тавигдах шаардлагыг хангаагүй байхад анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосныг дурдах нь зүйтэй.
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн ..нэвтэрсэн шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хүнд зэрэгт хамаардаг, Ю.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгөхийг хүссэн давж заалдах гомдолд заасан үндэслэлийг Ю.Г холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд хохирогч Б.М биед үзлэг хийж, эмнэлгийн бичиг баримттай танилцаж хийсэн Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 406 дугаартай дүгнэлтэд ...хэсэг газрын үзлэгт дагзны зүүн хэсэгт хаван ихтэй, тэмтрэхэд эмзэглэлтэй, зүүн шууны дотор доод хэсэгт 11 см урттай 15 ширхэг мэс заслын оёдол бүхий тах хэлбэрийн шархтай, сарвууны хөдөлгөөн бага зэрэг хязгаарлагдсан, цээжний ар зүүн талд нугалмын хажуугийн шугамаар 7-р хавирганы түвшинд 4,5 см урттай мэс заслын оёдол бүхий шархтай, ...өвчний түүхээс ...өвчний төгсгөл сайжирсан, үндсэн онош тархи доргилт, зүүн шуу цээжний зүсэгдсэн шарх, Б.М биед тархи доргилт, дагз хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн чихний хэнгэргийн цооролт, цээж, зүүн шууны зүсэгдсэн шарх, зүүн шууны шөрмөс судасны гэмтэл үүсчээ. Цээж, зүүн шууны зүсэгдсэн шарх гэмтэл нь иртэй зүйлийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэж /хх-33-34/ , 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 527 дугаартай шинжээчийн дүгнэлтэд ...хэсэг газрын үзлэг: зүүн шууны гадна дунд хэсэг, нуруунд зүүн далны доор хүрэн бор өнгийн сорвитой. Биед өөр ил харагдах гэмтэлгүй. Б.Мөнгөнтулгын биед тархи доргилт, дагз хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, нуруу, зүүн шууны зүсэгдсэн шарх, зүүн шууны шөрмөсний гэмтэл тогтоогдлоо. Дээрх нуруу, зүүн шууны зүсэгдсэн шарх гэмтэл нь иртэй зүйлийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Урьд гаргасан Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 406 тоот дүгнэлт үндэслэлтэй байна /хх-95/ гэснээс үзэхэд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын хэр хэмжээг бүрэн гүйцэд дүгнэсэн, шинжээч нарын гаргасан дүгнэлтэд зөрүүтэй, дутуу бичигдсэн зүйл байхгүй болох нь тогтоогдож байна.
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн “Ю.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан” гэсэн давж заалдах гомдолд заасан үндэслэл хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хохирогчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2019/ШЦТ/107 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Т.БЯМБАЖАВ