Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2021/01495

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/02695 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 549 дүгээр магадлалтай,

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“К ТМЗ” ХХК-д холбогдох,

 

7,473,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Ц.У-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

 

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сүрэнхүү, хариуцагчийн өмгөөлөгч М.Баяраа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч “М” ХХК-ийг төлөөлөн гүйцэтгэх захирал Н.Халиун шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК нь өөрийн эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Болор бизнес төвийн 2 дугаар давхарт байрлах талбайг 5227453 тоот регистрийн дугаартай “К” ХХК-д түрээслүүлж байгаад, гэрээг 2017 онд дуусгавар болгон талууд тооцоо нийлж, түрээслэгч “К” ХХК нь манайд нийт 33,330,000 төгрөгийн түрээсийн төлбөрийн өртэй гарсан. Улмаар төлбөрийг цувуулан төлж, одоо үлдэгдэл болох нийт 14,450,000 төгрөгийг төлөөгүй байгаа болно. Иймд “К” ХХК-иас төлбөрийн үлдэгдэл 14,450,000 төгрөг, төлбөр төлөгдөөгүй хугацаанд тооцсон алданги 7,225,000 төгрөг буюу нийт 21,675,000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргаж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар багасгасан. Шүүхийн журмаар гаргуулсан нотлох баримтыг үндэслэж нэхэмжлэлийн үнийн дүнг ахин тооцоолоход “К ТМЗ” ХХК-тай тооцоо нийлснээс хойш цувруулан төлсөөр одоо үлдэгдэл нь 4,982,500 төгрөг төлөгдөөгүй байна. Талуудын хооронд байгуулсан Түрээсийн гэрээний 4.1.-д нэг сарын түрээсийн хэмжээг, 4.4.-т түрээслэгч нь түрээсийн төлбөрийг сар бүрийн 7 хоногийн эхний долоо хоногт багтаан түрээслүүлэгчийн харилцах дансанд хийнэ гэж тус тус тохирсон. Мөн гэрээний 7.1.-д Түрээслэгч түрээсийн төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй бол хэтэрсэн хоног тутам төлөгдөөгүй төлбөрийн 0,3%-тай тэнцэх алдангийг түрээслүүлэгчид төлнө гэж тохирсон тул бид алдангийг тооцож үзэхэд төлөгдөөгүй дүнгээс илүү гарч байсан тул Иргэний хуульд нийцүүлэн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр алдангид 2,491,250 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд “К ТМЗ” ХХК-иас үлдэгдэл төлбөрт 4,982,500 төгрөг төлөгдөөгүй байх бөгөөд төлөгдөөгүй хугацааны алданги нь 2,491,250 төгрөг, нийт 7,473,750 төгрөгийг гаргуулан өгнө үү. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “К” ХХК нь оноосон нэрээ “К ТМЗ” болгон өөрчилсөн болохыг мэдэж “К” ХХК-ийг “К ТМЗ” ХХК болгон өөрчлүүлэх хүсэлт гаргаж шийдвэрлүүлсэн. Хариуцагч нь “Фидус аудит” ХХК-ийн түрээсийн төлбөрийг хамтатган тооцоо нийлсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, учир нь энэ тооцоо нийлсэн баримтад “Фидус аудит” ХХК гэсэн нэг ч үг, өгүүлбэр байхгүй бөгөөд захирал нь өөр хүн байдаг, тус тусдаа бие даасан хуулийн этгээдүүд юм гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Уянга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай “К” ХХК нь оноосон нэрээ өөрчилж 2016.11.21-ний өдөр “К ТМЗ” ХХК болсон нь үнэн. “К” ХХК нь “М” ХХК-ийн Болор бизнес төвд 2008 оноос хойш ажлын байр түрээслэн үйл ажиллагаа явуулж ирсэн. 2014 оноос 201, 209 тоот, 46,5 м.кв талбайг 1 м.кв-ыг нь 35,000 төгрөгөөр (НӨАТ орсон), 2017.01.01-ний өдрөөс 204, 205 тоот, 69 м.кв талбайг 1 м.кв-ыг нь 30,000 төгрөгөөр, 2017 оны 6 дугаар сараас эхлэн тус төвийн зөвхөн 204 тоот, 32,5м.кв байрыг түрээслэх болсон. Хэрэгт авагдсан байгаа 33,330,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл гэдэг нь 2015.07.01-ний өдрөөс 2016.12.31-ний өдрийн байдлаарх “К” ХХК болон “Фидус Аудит” ХХК нарын түрээсүүдийн нийт өр төлбөр бөгөөд 17,880,000 төгрөг нь “К” ХХК-ийн түрээсийн өр юм. “Фидус Аудит” ХХК, “К ТМЗ” ХХК-иуд нь тус тусдаа бие даасан хуулийн этгээдүүд бөгөөд “Фидус Аудит” ХХК-ийн түрээсийг “К ТМЗ” ХХК төлж байсан нь ч үнэн. Тооцоо нийлсэн гээд байгаа баримт дээрх 33,330,000 төгрөгийн түрээс гэдэг нь энэ 2 компанийн түрээс юм. Нэхэмжлэгч өөрөө үүнийг салгаж “Фидус аудит” ХХК-иас нэхэмжлэх ёстой. “К” ХХК нь 2015.07.01-ний өдрөөс 2017.09.15-ны өдөр хүртэл 42,992,500 төгрөгийн түрээсийн төлбөр төлөхөөс нийт 50,112,500 төгрөгийн түрээсийн төлбөрийг төлсөн. Манай компани 2017 оны 9 дүгээр сарын дунд үеэс уг байрнаас нүүж гарсан. “М” ХХК нь 2015 оны 2 дугаар сараас хойш 2016 оны 12 дугаар сарыг дуустал 23 сарын түрээсийн төлбөрт 37,432,500 төгрөгийг хүлээн авсан боловч үүнд орсон 3,402,955 төгрөгийн НӨАТатварын падааныг бичиж өгөөгүй, цуглуулсан НӨАТ-аа харьяа татварын албандаа тайлагнахгүй, бид хохирсоор байна. Иймд “К ТМЗ” ХХК нь “М” ХХК-д түрээсийн өргүй, НӨАТ-ын авлагатай байгаа, 2017.09.04-ний өдрийн тооцоо нийлсэн баримтыг шахалтаар бичиж өгсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/02695 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1., 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар К ТМЗ ХХК-иас түрээсийн зүйл ашигласны хөлс /түрээсийн төлбөр/ 7,473,750 /долоон сая дөрвөн зуун далан гурван мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулж М ХХК-д олгох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266,325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч К ТМЗ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 134,530 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 549 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/02695 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч К ТМЗ ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,530 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Уянга хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар

дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.20-ны өдрийн 181/ШШ2019/02695 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.09-ний өдрийн 549 дугаартай магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. “М” ХХК-ийн нэхэмжилсэн түрээсийн төлбөр 4,982,500 төгрөгийг хариуцагч “К ТМЗ” ХХК нь бүрэн төлсөн, одоо өр төлбөрийн үлдэгдэлгүй болох нь “К ТМЗ” ХХК болон “М” ХХК нарын 2014.10.01-2017.12.31-ний хооронд байгуулсан түрээсийн гэрээ /хх87-92х/, “К ТМЗ” ХХК-ийн 2015.07.01-2017.09.13-ны хооронд үүссэн түрээсийн төлбөр төлсөн тооцоолол /хх-93х/, төлбөр төлсөн баримтууд /хх19-29х/ мөн түрээсийн төлбөр хүлээн авсан Н.Алтанцэцэгийн 2015.01.01-2019.10.01-ний өдрийн дансны хуулга /хх38-73х/-аар тодорхой нотлогдоно. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтыг зохих ёсоор нягтлан шалгаагүй, үнэлж дүгнээгүй. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...уг тооцооны баримт үйлдсэн 2017.09.04-ний өдрөөс хойш 28,347,500 төгрөг төлж одоо 4,982,500 төгрөг үлдээд байгаад талууд маргаагүй” гэсэн нь хариуцагчийн шүүхэд гаргасан, шүүх хуралдаанд мэдүүлсэн удаа дараагийн тайлбарыг мушгисан хэргийн баримтад үндэслээгүй дүгнэлт болсон. Учир нь анхан болон давж заалдах шатны шүүхэд “М” ХХК-ийн нэхэмжилсэн түрээсийн 4,982,500 төгрөгийг хариуцагч “К ТМЗ” ХХК нь бүрэн төлсөн болохыг удаа дараа тайлбарласан, энэ нь хариуцагчаас гарган өгсөн хэргийн баримтаар бүрэн нотлогдоно. Давж заалдах шатны шүүх хэргийг дүгнэхдээ “...хариуцагч нь хэргийн 5 дугаар талд өөрийн хүсэл зоригийг тодорхой илэрхийлж түрээсийн төлбөрийн тооцоо, түүний үлдэгдлийг төлөхөө илэрхийлсэн, мөн хугацааг тохирч хэрэв хугацаа хэтрүүлвэл анз тооцохыг хүлээн зөвшөөрсөн байна” гээд энэ нь Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 287 дугаар зүйлийн 287.1-д заасантай нийцнэ гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан” тохиолдолд хэлцэл хийсэн гэж үзэх, мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ”, 318.4-т “Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.” гэж тус тус заасан байхад хэрэгт авагдсан түрээсийн гэрээнүүдийг хуульд заасны дагуу үнэлж, дүгнээгүй. Мөн хэргийн 5 дахь талд авагдсан баримтыг хэлцэл гэж шүүх үзсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих дээрх хуулийг хэрэглээгүй гэж үзнэ.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх “... нэхэмжлэгч “М” ХХК, хариуцагч “К ТМЗ” ХХК нар нь 2017.09.04-ний өдөр тооцоо нийлж түрээсийн төлбөрийн үлдэгдэл 33,000,000 төгрөгийг хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон” гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй. Учир нь уг бичгийг Н.Алтанцэцэг гэж хүний тулгалтаар, түүний зааснаар үйлдсэн баримт юм. Харин “М” ХХК болон “К ТМЗ” ХХК нарын хооронд тооцоо нийлсэн акт гэж үзэхгүй, тус 2 компаниуд уг бичгээр харилцан тохиролцсон хэлцэл хийсэн гэж үзэх хуулийн үндэслэлгүй. Иргэний хуулийн 287 дугаар зүйл /Эд хөрөнгө хөлслөх гэрээ/, 318 дугаар зүйл /Түрээс/-д заасан гэрээний хариу төлбөрийг үүрэг гүйцэтгэгч тухайн эзэмшиж буй эд хөрөнгийн хувьд гэрээнд заасан тоо хэмжээгээр хариуцахаар хуульчилсан байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан, хэргийн 5 дахь талд авагдсан баримт нь хэлцэл биш байсаар байхад хэрэгт авагдсан түрээсийн гэрээний аль хэлцэлд хүлээсэн өр төлбөрийг хариуцагч биелүүлээгүи талаар дүгнээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан “давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэсэн заалт, мөн хуулийн 116 дугаар зүйлд заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн.

3. Хариуцагч удаа дараа шүүхэд өгсөн тайлбартаа нэхэмжлэгч “М” ХХК-д “Фидус аудит” ХХК-ийн түрээсийн төлбөрийг өмнөөс нь төлж байсан талаар тайлбарлаж, “Фидус аудит” ХХК-ийн түрээсийн гэрээ хэрэгт авагдсан, тус компанийн гэрээний дагуу түрээсийн төлбөрөө бие даан төлсөн эсэх нь тогтоогдоогүй байхад “Фидус аудит” ХХК-ийн төлөөгүй түрээсийн төлбөрииг “К ТМЗ” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу юм. Анхан болон давж заалдах шатны буруу шийдвэрээр “К ТМЗ” ХХК нь “Фидус аудит” ХХК-ийн “М” ХХК-д төлөх түрээсийн төлбөрийг “М” ХХК-ийн өмнө хариуцахаар шийдвэрлэгдвэл Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6-д заасны дагуу “К ТМЗ” ХХК нь “Фидус аудит” ХХК-иас уг төлбөрийг шаардах эрхгүй болно. Шүүх “М” ХХК-ийн нэхэмжилж буй түрээсийн төлбөрийн үлдэгдэл гэх 4,932,500 төгрөгийн шаардлагад тусдаа хуулийн этгээдийн төлөх “Фидус аудит’’ ХХК-ийн түрээсийн төлбөр орсон эсэхийг яагаад нягтлан шалгахгүй байгаа, энэ талаар дүгнэлгүй орхигдуулаад байгаа нь ойлгомжгүй болсон.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Түрээсийн гэрээнүүдийг “М” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Н.Алтанцэцэг хийсэн байх бөгөөд...” /шийдвэрийн 4 дэх талд/ гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь хэрэгт авагдсан “М” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанаас үзвэл 2013.01.23-ны өдрөөс хойш Н.Алтанцэцэг нь тус компанийн захирал биш болохыг шүүх анхаараагүй, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Энэ нь хэрэгт авагдсан 2014.10.16-ны өдрийн, 2016.03.19-ний өдрийн, 2017.01.23-ны өдрийн байгуулсан түрээсийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйл, 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар төлөөлөх бүрэн эрхгүй этгээдтэй, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болно.

5. Анхан шатны шүүх хариуцагч “К ТМЗ” ХХК-иас 4,982,500 төгрөгийн түрээсийн төлбөр, алданги 2,491,250 төгрөгийг гаргуулахаар шийдвэр гаргахдаа дээрх “М” ХХК-ийн хүчин төгөлдөр бус хэлцлүүдийн аль хэлцлийн ямар төлбөрт ногдох үүрэгт хэзээнээс эхлэн алдангийг тооцоолон хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт тодорхойгүй байгаа нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.20-ны өдрийн 181/ШШ2019/02695 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.09-ний өдрийн 549 дугаартай магадлалыг хүчингүй болгон дахин шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч “М” ХХК нь “К ТМЗ” ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөрийн 4,982,500 төгрөгийг, алдангийн 2,491,250 төгрөгийн хамт, нийт 7,473,750 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “К ТМЗ” ХХК-д 2014.10.01-ний өдрөөс “Болор бизнес төв”-д ажлын байрыг оффисийн зориулалтаар хөлслүүлж, 3 удаагийн түрээсийн гэрээ /2017.12.31-ний өдөр хүртэл хугацаагаар/ байгуулсан байх ба уг гэрээнүүдийн 4.1-д ...сарын төлбөрийн хэмжээг зааж, 7.1-д түрээслэгч түрээсийн төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй бол ...алданги төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 289.1.2.-т хөлслөгч эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх үүрэгтэй гэж тус тус зааснаар хөлслүүлэгч “М” ХХК нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч “К ТМЗ” ХХК нь гэрээгээр тохирсон эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

Хэрэгт  авагдсан  нотлох  баримтуудаас  үзэхэд  хариуцагч  “К  ТМЗ”  ХХК нь

2017.09.04-ний өдөр “М” ХХК-д түрээсийн төлбөрийн тухай хүсэлт гаргах нь гэсэн албан бичгийг хүргүүлсэн байх ба уг албан бичигт ...“К ТМЗ” ХХК нь 2017.09.04-ний байдлаар түрээслүүлэгчид 33,330,000 төгрөгийн тооцоотой, уг төлбөрийг 2017-2018 онд хуваарийн дагуу төлж барагдуулна. Хэрэв хуваарийн дагуу төлж барагдуулахгүй бол ...нэхэмжилсэн алдангийг хүлээн зөвшөөрч төлбөр дээрээ нэмж төлнө... гэжээ. Ийнхүү талууд тохиролцсоны дагуу хариуцагч нь төлбөл зохих дээрх төлбөрөөс нийт 28,347,500 төгрөгийг төлж, 4,982,500 төгрөгийг төлөх үүрэгтэй, хугацаа хэтрүүлсэн нь тогтоогджээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.1-д “Түрээслэгч түрээсийн төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй бол хэтэрсэн хоног тутам төлөгдөөгүй төлбөрийн 0,3%-тай тэнцэх алдангийг түрээслүүлэгчид төлнө” гэж тохиролцсон, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасан байна.

 

Иймд, хоёр шатны шүүх нэхэмжлэгч нь гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийн 4,982,500 төгрөгийг, гэрээгээр тохирсон алдангийн хамт шаардах эрхтэй гэж дүгнэн, үлдэгдэл төлбөрийг, алдангийн 2,491,250 төгрөгийн хамт, нийт 7,473,750 төгрөгийг хариуцагч “К ТМЗ” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн  287 дугаар зүйлийн 287.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2, 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцжээ.

 

Хариуцагч нь гэрээний дагуу түрээсийн зүйлийг ашигласны хөлсийг бүрэн төлсөн, 33,330,000 төгрөгийн төлбөр дотор “Ф” ХХК-ийн төлбөр орсон гэж маргах боловч татгалзлын үндэслэлээ нотлоогүй талаарх шүүхийн дүгнэлт буруу биш байна.

 

Шүүхүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, тухайн маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/02695 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 549 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.04.13-ны өдөр төлсөн 134,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАНЗРАГЧ

ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                                                Б.МӨНХТУЯА

                                                                                                Х.СОНИНБАЯР

                                                                                                 Х.ЭРДЭНЭСУВД