Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 33

 

Л.Б-ийн нэхэмжлэлтэй 

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/01620/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч  О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 67 дугаар шийдвэртэй,  

Нэхэмжлэгч Л.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.М-д холбогдох

“Худалдах, худалдан авах гэрээг цуцалж, автомашин болон 3.796.500 төгрөг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлтэй, 

"5.237.000 төгрөг гаргуулах тухай’’ сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Л.Б-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн

2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, хариуцагч Б.М-, хариуцагчийн өмгөөлөгч А.Гантуяа, шүүх  хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Б-ээс:

“...Иргэн Л.Б- миний бие нь Б.М-тай 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ хийж Toyoto приус маркийн машин худалдсан. Машиныг Б.М- 10.600.000 төгрөгөөр авахаар тохиролцож урьдчилгаа 1.500.000 төгрөг өгсөн. Үлдэгдлийг нь 7 хоногт 150.000 төгрөгөөр хэсэгчлэн төлж 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр төлж дуусгахаар тохиролцсон. Б.М-тай байгуулсан 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээгээ цуцалж өөрийн өмчлөлийн 62-07 УБК улсын дугаартай приус 20 маркийн авто машинаа буцаан авах, гэрээнээс учирсан хохирол 2.500.000 төгрөг, машины торгууль 76.800 төгрөг, толины 250.000 төгрөг, нийт 2.826.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан. Энэ нэхэмжлэлтэй хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад Б.М- нь машиныг С.Дашдондог гэгч хүний гаршид 7 сарын турш тавьж хаяад эргэж нэг ч удаа ирээгүй алга болсон. ...Нэгэнт машин миний өмч Б.М- машиныг буцааж өгнө гэсэн учраас өөрийн машинаа тэндээс авахаас өөр аргагүй болж 240.000 төгрөг грашийн төлбөрт төлж машинаа авсан. Машины түлхүүр гэрчилгээ нь байхгүй байсан учраас түлхүүр 80.000 төгрөгөөр тааруулж гэрчилгээг 29.000 төгрөгөөр авч татварт 1500 төгрөг төлсөн. Мөн аккумлятор 110.000 төгрөгөөр, батарей 5 ширхгийг 150.000 төгрөгөөр, дугуй 2 ширхгийг 90.000 төгрөгөөр, амартизатор 2 ширхгийг 90.000 төгрөгөөр, тульк зэвэрсэн 30.000 төгрөгөөр, босоо тэнцүүлэгч 2 ширхэг 40.000 төгрөгөөр тус тус худалдаж авсан. Эдгээр авсан зүйлсийг солиулахад ажлын хөлс 110.000 төгрөг болсон. Дээрх гарсан зардлууд нийт 970.500 төгрөг болж байна. Иймд нийт 3.797.300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.М-ас:

“...2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Л.Б- бид хоёрын дунд хийгдсэн худалдах, худалдан авах гэрээ байгуулж авсан машин нь удаа дараалан биет байдлын доголдол гарч машины батарей нурсны улмаас Л.Б-тэй 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр уулзаж хэлэхэд батарей авч өгөхгүйгээр, анхааруулах, гурвалжин тэмдэг асахаар аккумляторын нэмэх шонг салгаад байж байгаад яваад бай гэсний улмаас хоорондоо маргалдаж би 10.600.000 төгрөгөөр авч байгаа машин юу гэж тэгж явж болдог юм бэ би тэгж явахгүй, чи авч өгч чадахгүй юм бол чамд өгөх мөнгөнөөсөө 1.200.000 төгрөгийг хасаж тооцно гэхэд Л.Б- би ерөөсөө танаас авсан мөнгөө өгөөд машинаа авъя гэсэн учраас Л.Б- бид хоёр 6207 УБК дугаартай цагаан өнгийн приус 20 машиныг С.Дашдондог гуайн дулаан грашид хийгээд Л.Б- мөнгөө авчирна гээд явсан. 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өгсөн авснаа буцаахаар тохиролцоод машинаа грашид тавиад мөнгөө аваад ирнэ гэсэн Л.Б- нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд өгсөн байсан. Л.Б- нь 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд хүсэлт гаргаж өөрийн өмчлөлийн 6207 УБК улсын дугаартай тоёота приус 20 маркийн машиныг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд захиран зарцуулах ба үл хэрэглэхийг даалгах хүсэлт гаргасныг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 7116 дугаартай шүүгчийн захирамж гарч Б.М- намайг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд захиран зарцуулах ба үл хэрэглэхийг даалгасан тул уг машиныг огт хэрэглээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Б.М- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

"...Хариуцагч миний бие 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ хийж 6207 УБК улсын дугаартай приус 20 маркийн автомашин худалдаж аваад машины эд ангийн доголдлоос болж маргаан үүссэн. 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Л.Б- надтай хамт машиныг грашид тавиад машинаа буцааж аваад мөнгөө буцааж өгөхөөр болсон. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 1.200.000 төгрөг нэхэж шүүхэд хандаж, машиныг битүүмжлүүлэхээр хүсэлт тавьж, шүүх хангаж захирамж гаргасан. Б.М- миний бие цаашид машин худалдаж аваад өгсөн мөнгө, оношилгооны засвар үйлчилгээ хийж машин засуулж байсан тооцоог бодож нэхэмжилж байна. Үүнд машины урьдчилгаанд 1.513.000 төгрөг,17 удаагийн шилжүүлгээр 2.875.000 төгрөг, машины засварын мөнгө 120.000 төгрөг, даатгалын үнэ 14.000 төгрөг, пүрш авсан 70.000 төгрөг, үрүүлийн аппарат комоор нь авахад 350.000 төгрөг, дугуй 200.000 төгрөг, аккумлятор 95.000 төгрөг, дээрх машинд зарцуулсан засварын мөнгө 849.000 төгрөг болсон. Б.М- миний бие Л.Б-д холбогдуулан 5.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага дээр машины засвар 237.000 төгрөг болсныг нэмж 5.237.000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Л.Б- сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

"...Машинд эвдрэл гэмтэл гарлаа гэж нэг ч удаа надад хэлж байгаагүй. Хариуцагч Б.М- нь 2016 оны 09 дүгээр сарын үеэс эхлэн эргэн төлөлтөө төлөхөө больсон. Төлбөрөө удаа дараа төлөхгүй, утсаа авахгүй холбоогүй болсон тул миний бие очиж биечлэн уулзсан. ...Хариуцагч Б.М-д миний бие удаа дараа хэлсэн та эргэн төлөлтөө асуудалгүй төлөөд гэрээгээ дуустал явчихвал бид ингэж маргах ямар ч шаардлагагүй шүү дээ. Гэрээний хугацаа дуусахад гэрээний үүргийнхээ дагуу таны нэр дээр би машиныг шилжүүлж өгнө гэж хэлсэн гэтэл Б.М- нь би гэрээнээс татгалзаж байна би чадахгүй юм байна. Иймээс би мөнгөө заавал авна машиныг чинь би өгөхгүй гээд зугтаагаад унаад явсан учраас миний бие шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Б.М- нь миний машинаар 7 сар гаруй хугацаанд хөдөө гадаа явж мөн Дархан болон Улаанбаатар хотод халтуурт явж ашиг орлого олсон мөртлөө надаас лизинг болгож төлж байсан бүх мөнгөө авч машиныг эвдрэл гэмтэлтэй болгож хаячхаад намайг хохироогоод явах гэж байгаа үйлдлийг нь эсэргүүцэж байна. Хэдий сэлбэг болох үрүүлийн аппарат, дугуй, пүрш, аккумлятор зэргийг авч тавьсан гэж яриад байгаа боловч эдгээр сэлбэгүүд нь ерөөсөө тавигдаагүй байдаг. Машин улам эвдрэлтэй болсон байсан тул надаас маш их хэмжээний зардал гарч машиныг хэвийн золгосон. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. 

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 67 дугаар  шийдвэрээр:

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 205 дугаар зүйлийн 205.1. 227 дугаар зүйлийн 227.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч Б.М-ас 76.800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Б-д олгож, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагаас “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг цуцалж, хариуцагч Б.М-ас 62-07 УБК улсын дугаартай, Тоёота приус 20 маркийн, NHW203004189 арлын дугаартай, 2004 онд үйлдвэрлэгдсэн, сувдан цагаан өнгөтэй автомашин болон 3.720.500 төгрөг гаргуулах тухай” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Л.Б-ээс нийт 4.722.000 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож, сөрөг нэхэмжлэлийн үлдэх 515.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч Л.Б-ийн 163.996 төгрөг, хариуцагч Б.Мөнхтулгын 102.760 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М-ас улсын тэмдэгтийн хураамж 4.550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Б-д олгож, нэхэмжлэгч Л.Б-ээс улсын тэмдэгтийн хураамж 90.502 төгрөгийг гаргуулж, хариуцагч Б.М-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Л.Б- давж заалдсан гомдолдоо:

...Машиныг буцаан авах тухай асуудал хариуцагчийн тайлбараас үүдэлтэйгээр би саналыг нь зөвшөөрөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд хүрсэн байхад үүнийг шүүх анхааран үзэхгүй, санаачилгаараа намайг гэрээнээс татгалзсан гэж үзэж хэргийг шийдвэрлээд байгаад би гомдолтой байна. Б.М- нь машиныг анх худалдан авахад доголдолтой байсан л гэж яриад байгаа болохоос ямар доголдолтой машин хүлээж авсан гэдгээ нотолж чадаагүй хэдэн зарлагын падаан авчраад түүнийг нотлох баримт болгож байгаа нь машин доголдолтой байсан гэдгийг хангалттай нотолж буй баримт болж чадахгүй байхад сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж миний эрх ашгийг хохироолоо. Мөн энэ хэрэг анхан шатны шүүхээр 3 дахь удаагаа хэлэлцэгдсэн. Хууль бус бүрэлдэхүүнтэйгээр хэргийг шийдвэрлэж шийдвэр гаргасан гэж би үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд нотлох баримтаа шүүхэд бүрдүүлэн өгч, гэрчээр С.Дашдондог гэгчийг асуулгахад шүүгч Д.Оюундарь нь хөндлөнгийн байх байр сууриа алдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43-р хуулийн 43.6-д " ... гэрч мэдүүлэг өгсний дараа шүүгч асуулт тавьж болно “ гэж заасныг зөрчин мэдүүлэг өгөөгүй байхад нь миний асуухыг хүссэн асуултыг /хүсэлт гаргахдаа асуултаа бэлдэж өгснийг шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангасан/ надаар асуулгалгүйгээр өөрөө мэдүүлэг өгөхөөс нь өмнө хөтөлсөн асуултууд тавьж, “хадгалалтын явцад гарсан машины хохирлыг Б.М- биш та хариуцах ёстой юм биш үү гэсэн байдлаар хандсан асуултаар гэрчид буруу ойлголт санааг төрүүлж үнэн зөв мэдүүлэг өгөх байдлаас нь татгалзуулсан. Ингэснээр би нотлох гэсэн зүйлээ нотлуулж чадаагүй. Машиныг би авч засаж сэлбэсэн баримтаа шүүхэд гаргаж өгөөд байхад /зарлагын падаан/ үнэлээгүй, харин сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан зарлагын падааныг нотлох баримтын хэмжээнд үнэлээд сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдээд байгаа нь хууль шүүхийн өмнө хүн бүр эрх тэгш байх ёстой гэсэн зарчмыг алдагдуулж нэг талд илт давуу байдал үүсгэж байгаагийн илрэл болж байна. Шүүх бүрэлдэхүүн шүүх хурал дээр мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэхгүйгээр миний үг хэлэх боломжийг хааж хуулиар олгогдсон эрхийг эдлүүлэхгүй байсан ба энэ байдлыг тэмдэглэсэн шүүх хуралдааны бичлэгийг шүүхийн тамгын хэлтсээс нь гаргуулан авахад бичлэг нь чанарын шаардлага хангахгүй дуугүй , зөвхөн дүрс байдлаар бичигдсэн байгаа учраас нотлох баримтын шаардлага хангахгүй болж байна. /бичлэг бүхий CD гомдолд хавсаргав/ Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах журмаар хянан үзэж. хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч  Л.Б- Б.М-тай байгуулсан  машин худалдах-худалдан авах гэрээний үүрэгт,   тогтоосон хуваарийн дагуу төлөх байсан төлбөр 1.200.000 төгрөг гаргуулах  нэхэмжлэл гаргасан  бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад   нэхэмжлэлийн шаардлагаа  өөрчилж,  худалдах-худалдан авах гэрээг цуцалж, машинаа буцааж авах, хохирол  3.796.500 төгрөг  гаргуулна гэжээ.

            \1 дүгээр хавтас  хуудас- 1, 38, 200\

            Хариуцагч Б.М- нэхэмжлэгч  Л.Б-д  холбогдуулан  2015 оны 05  дугаар сарын 13-ны өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл  машины  үнэд  4.508.000 төгрөг, машины сэлбэгэнд  490.000 төгрөг зарцуулсан, нийт  5.000.000 төгрөг  гаргуулах  сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  нэхэмжлэлийн  шаардлагаа  нэмэгдүүлж 5.237.000 төгрөг  гаргуулна гэжээ.

            \1 дүгээр хавтас, хуудас-  14, 206 \

            Зохигчдын хооронд  үүссэн гэрээний харилцааг анхан шатны шүүх   Иргэний хуулийн  262 дугаар зүйлийн  262.1,  205 дугаар зүйлийн 205.1,  227.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1,  219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан  Л.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагаас  76.800 төгрөгийн шаардлагыг хангаж  бусад  шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосон, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас  4.722.000 төгрөгт холбогдох хэсгийг  хангаж, 515.000 төгрөгийн шаардлагыг   хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн байна

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн харилцааг  зээлээр худалдах худалдан авах  гэрээ гэж  үзсэн нь  Иргэний хуулийн  262 дугаар зүйлийн 262.1-д нийцээгүй байна.  Талууд гэрээний зүйлийн үнийг  төлөхдөө  хэсэгчлэн, тодорхой хугацаанд  төлж байгаа  явдал нь  төлбөр төлөх агуулга юм. Харин  зээлээр худалдах худалдан авах гэрээний агуулга нь  төлбөрийн хэмжээ  анхныхаас өсдөгөөрөө  ялгаатай. Шүүх зохигчдын  дунд  үүссэн  гэрээний харилцааг  оновчтой зөв тодорхойлж чадаагүй  байна.

            Л.Б-, Б.М- нар  2016 оны 05 дугаар сарын  13-ны өдөр  тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ байгуулж, машины үнэ 10.600.000 төгрөгийг  хэсэгчилж төлөх,  төлж дууссаны дараа өмчлөл  шилжихээр  харилцан тохиролцсон байна.\ 1 дүгээр хавтас,  хуудас -3\ Б.М-  машины үнэд  1.500.000 төгрөгийг төлж,  эзэмшилдээ  авсан нь   Иргэний хуулийн  243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн худалдах худалдан авах гэрээ юм.

            Нэхэмжлэлийн  шаардлагыг  түүний үндэслэлд тулгуурлаж  хууль хэрэглэх  ёстой бөгөөд  анх  шүүхэд гаргасан нэхэмжлэлд  гэрээгээр хүлээсэн  үүрэг буюу  тохирсон хугацаанд төлөөгүй төлбөрийг нэхэмжилсэн нэхэмжлэгч  буюу  худалдагч Л.Б-ийн шаардлага нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн,   хариуцагч   буюу  худалдан авагч  Б.М- нь  машины үнэд  шилжүүлсэн  мөнгийг бүхэлд нь  гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан , нэхэмжлэгч  нэхэмжлэлийн шаардлагыг гэрээ цуцалж,  гэж өөрчилсөн нь  талуудыг гэрээнээс  татгалзсан  гэж үзэхээр  байх тул  Иргэний хуулийн   205 дугаар зүйлийн 205.1 –д  нийцнэ.

Гэрээнээс татгалзсанаар талууд гэрээний гүйцэтгэлийг  биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс  олсон ашгийг  харилцан буцааж өгөх үүрэгтэй  тул  Б.М-  машиныг,  Л.Б-  4.508.000 төгрөгийг  харилцан буцааж өгөх мөн Иргэний хуулийн  227 дугаар зүйлийн  227.1-д зааснаар “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон  учирсан  хохирлыг  арилгуулахаар    шаардах  эрхтэй”,  227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар  “Үүрэг  гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу  гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол  үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно”  гэсэн  зохицуулалтын дагуу  хоёр тал   шаардлага  гаргаж болно.

Нэхэмжлэгч Л.Б-  машиныг буцаан авах үед  эвдрэл гэмтэлтэй байсныг засуулахад  970.500 төгрөгийн зардал  гарсныг  үүрэг гүйцэтгэгчээс   шаардсан,  үүнээс  граашны  төлбөр  240.000, торгууль 76.800, батарей 150.000, аккумлятор 110.000, тульк  30.000, амартизатор  90.000, дугуй 90.000, босоо тэнцүүлэгч  40.000, ажлын хөлс 110.000  нийт  936.800  төгрөгт  холбогдох хэсэг нь  нотлох баримтаар тогтоогдсон  учир  хангаж,  2.859.700  төгрөгт холбогдох нь нотлогдоогүй  байх тул хангах боломжгүй. Шүүхийн  шийдвэрт  энэ тооцооллын дагуу  өөрчлөлт оруулж байна.

Хариуцагч  Б.М-  гэрээнээс татгалзсан үндэслэлийг худалдсан эд хөрөнгө  чанарын доголдолтой холбоотой гэж тайлбарлаж байгаа боловч гэрээнээс татгалзсанаараа гэрээний  үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх  дуусгавар болох тул  түүний гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас  729.000 төгрөгийн хохирол гаргуулах  шаардлагыг хангах боломжгүй юм..

Анхан шатны шүүх  хэргийг шийдвэрлэхдээ  зохигчдын хооронд  үүссэн маргаанд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 219 дүгэр зүйлийн 219.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-ийг  баримталсан нь  гэрээнээс  үүссэн маргаанд хэрэглэхэд оновчгүй болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын  зарим хэсгийг хангасан тул түүний гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  90.502 төгрөгийг буцаан олгохоор  шийдвэрлэв

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 67 дугаар шийдвэрийн  Тогтоох хэсгийн  1 дүгээр заалтыг,

“Иргэний хуулийн  243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т зааснаар  хариуцагч  Б.М-ас  936.800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Б-д олгож, нэхэмжлэлээс 2,859.700 төгрөгийн  шаардлагыг, нэхэмжлэгч Л.Б-ээс  4.508.000 төгрөг гаргуулж, хариуцагч  Б.М-д олгож, 729.000 төгрөгийн сөрөг  нэхэмжлэлийн шаардлагыг тус тус  хэрэгсэхгүй болгосугай.”  гэж,   2 дугаар заалтын,  “...4,550...” гэснийг  “...27.022...”,  “...90.502...” гэснийг ,  “...87.078...”  гэж тус тус  өөрчилж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр  зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн  хураамжид  90.502 төгрөг төлснийг төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан  гаргасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  журам зөрчсөн гэж үзвэл зохигч,  гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         О.НАРАНГЭРЭЛ

                                                           ШҮҮГЧИД                                         С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                                     С.ЭНХЖАРГАЛ