Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 35

 

Капитал банкны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00765/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 248 дугаар шийдвэртэй,  

            Нэхэмжлэгч Капитал банк ХХК-ний Дархан-Уул аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй,

           Хариуцагч С.Д-д холбогдох

          “Зээлийн гэрээний үүрэг 59.142.481 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 

          Хариуцагч С.Д-гийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтайвангаас:

Хариуцагч С.Д- нь “Анод” банкнаас 2007 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр №13070702 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 17.500.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2,2 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон №13070702 тоот барьцааны гэрээ байгуулж, Дархан сум, 14 дүгээр баг, 1 хороолол, 6 байрны 43 тоот 28,0 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа 2009 оны 11 дүгээр  сарын 28-ны өдөр дууссан боловч зээлдэгч зээлийн гэрээгээр  хүлээсэн үүргээ биелүүлээгүй, 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Анод” банкнаас шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу хүлээн авснаас хойш тус зээлийн үндсэн зээлээс огт төлөөгүй, зээлийн хүүд 2.500.000 төгрөг төлсөн. “Анод” банк нь С.Д-д холбогдуулан 2012 оны 09 дүгээр сарын 27 өдрийн байдлаар зээлийн өрийн үлдэгдлээр төлбөр гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь бүртгэлтэй оршин суух хаягтаа амьдардаггүй гэх тул эрэн сурвалжлах хүсэлт гаргасан. 2011 оны 10 дугаар сарын 20 өдөр “Анод” банк болон “Капитал” банк нарын хооронд байгуулсан гэрээгээр С.Д-гийн зээл нь “Капитал” банканд шилжиж ирсэн бөгөөд 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээл 17.486.600 төгрөг, хүү 12.465.488 төгрөг, нотариатын зардал  6500 нийт 29.958.548 төгрөгийн зээлтэй болсон боловч хариуцагч нь зээл, хүүгээ төлөхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, ор сураггүй алга болон банкийг хохироосон. Иймд С.Д-гээс үндсэн зээл 17.486.600 төгрөг, зээлийн хүү 36.374.142.50 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 5.281.481 төгрөг 40 мөнгө, нотариатын зардал 20.000 төгрөг нийт 59.142.481,40 төгрөгийг гаргуулах, мөн зээлийн барьцаа хөрөнгө болон бусад орлогоос зээлийн төлбөрийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболдоос:

Иргэн С.Д- “Анод” банкнаас 2007 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр үл хөдлөх хөрөнгө барьцаалан 17.500.000 төгрөгийн зээл 2 жилийн хугацаатай 2.20 хувийн хүүтэй авсан. Үүнээс 2014 онд 2.500.000 төгрөг үндсэн зээл төлсөн. “Анод” банканд хүү болон хүүгийн авлага нэмэгдүүлсэн хүү зэргээр нийт 5.109.329 төгрөг тушаасан бөгөөд 2010 онд “Анод” банк дампуурсан ба зээлтэй холбоотой бичиг баримт хаана байгаа нь мэдэгдэхгүй байсаар хугацаа алдсан. Зээл төлөх талаар надад албан ёсоор мэдэгдээгүй тул  нэхэмжилсэн мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй, нийт 7.609.329 төгрөгийг төлсөн. Үндсэн зээлээс 9.890.000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэж тайлбар гаргасан.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 248 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч С.Д-гээс үндсэн зээлд 17.486.600 төгрөг, зээлийн хүү 36.374.142 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5.281.481 төгрөг, нийт 59.142.481 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Капитал банк ХХК-ний Дархан-Уул аймаг дахь салбарт олгож,

Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн барьцааны зүйл болох С.Д-гийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2003008105 дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр хороолол 6 дугаар байр 43 тоот 28 м.кв талбайтай орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

            Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 453.662 төгрөгийг нөхөн гаргуулж, төрийн сангийн орлогод оруулж, хариуцагч С.Д-гээс 453.662 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Капитал банк ХХК-ний Дархан-Уул аймаг дахь салбарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Д- давж заалдсан гомдолдоо:

Би 2007 онд “Анод” банкнаас 17.500.000 төгрөгийг 2 жилийн хугацаатай зээлж энэ хугацаанд 2008, 2009 онуудад хүү, алдангид нийт 5.109.329 төгрөг, мөн 2014 онд үндсэн зээлд 2.500.000 төгрөгийг тус тус төлсөн. Гэтэл шүүх уг мөнгөнөөс нэг ч төгрөг хасалгүй шийдвэрлэж, “Капитал” банканд өр шилжиж ирэхээс өмнө төлсөн баримтууд байгаа зэргийг хэрэгсэхгүй орхисон нь тодорхой бус байна. Банк миний авсан мөнгийг шийдвэрлэх гэж байгаа бол анх зээл авсан үеэс эхлэн нотлох баримтуудыг үнэлж дүгнэн шийдвэрлэх ёстой. Мөн зээлийн хугацаа 2 жил өнгөрсөн байхад банкны гаргасан баримтаар хүү, торгуулийг оролцуулан авч, зээлийг бүтэн 3 дахин илүү мөнгө төлөхөөр шийдвэрлэсэнд гомдолтой байна. “Анод” банк дампуурахад энэ талаар надад мэдээлэл өгөөгүй, зээл төлсөн нотлох баримтыг хаанаас гаргаж авах талаар тухайн үеийн захирал байсан Баянмөнхтэй Улаанбаатар хот руу удаа дараа явсан талаар гэрч байцаалгах хүсэлт гаргасан, мөн 2010 он, 2011 онуудад “Анод” банканд төлсөн 6.000.000 гаруй төгрөгийн баримтыг гаргуулах хүсэлт гаргасан боловч эдгээр хүсэлтүүдийг хүлээн авалгүй шийдвэрлэсэн байна. Иймд хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:   

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн бөгөөд шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч “Капитал” банк ХХК-ний Дархан-Уул аймаг дахь салбар хариуцагч С.Д-д холбогдуулж үндсэн зээлийн төлбөр 17.486.600 төгрөг, зээлийн хүү 38.874.142  төгрөгөөс хариуцагчийн төлсөн 2.500.00 төгрөгийг хасаж, хүү 36.374.142 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5.281.481 төгрөг нийт 59.142.481төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргажээ.

Нэхэмжлэл гаргах үндэслэлээ хариуцагч С.Д-гийн төлөх 29.958.548 төгрөгийн өрийг “Анод” банкнаас “Шаардах эрх шилжүүлэх гэрээ”-ээр шилжүүлж авсан бөгөөд хариуцагч нь зээл, хүүгээ төлөхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, ор сураггүй алга болон банкийг хохироосон гэж тайлбарлажээ.

Хариуцагч “Шаардах эрх шилжүүлэх гэрээ”-ний 2.7-д зааснаар эрх шилжүүлэгч “Анод” банк нь шаардах эрхээ шилжүүлсэн тухай зээлдэгч болон барьцаалагчид албан бичгээр мэдэгдэх ёстой бөгөөд “Анод” банк, “Капитал” банк ХХК-ний Дархан-Уул аймаг дахь салбарт эрхээ шилжүүлсэн талаар надад мэдэгдээгүй, миний зээл, зээлийн хүүд төлсөн мөнгийг төлөх зээлийн төлбөрөөс хасаж тооцоогүй гэж маргадаг

Хариуцагч С.Д- нь 2007 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Анод” банктай зээлийн гэрээ байгуулж, 24 сарын хугацаатай, 2.20 хувийн хүүтэй, 17.500.000 төгрөг зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 28 м.кв талбайтай 2 өрөө  орон сууцыг барьцаалсан байна.

Зээлийн гэрээний хугацаа 2009 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр дуусгавар болсон бөгөөд 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу “Анод” банк нь хариуцагч С.Д-гийн төлөх үндсэн зээл 17.486.600 төгрөг, нотариатын зардал 6.500.000 төгрөг, балансын гадуурх авлага 12.465.488 төгрөг нийт 29.958.548 төгрөгийн өрийг “Капитал” банк ХХК-ний Дархан-Уул аймаг дахь салбарт шилжүүлжээ. 

Нэхэмжлэгч “Капитал” банк ХХК-ний Дархан-Уул аймаг дахь салбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй.

Гэвч зээлийн төлбөр 59.142.481 төгрөгийг хариуцагчаас  гаргуулах шаардлагаас хэдэн төгрөгийн үндсэн зээл, хүү “Анод” банканд төлөгдсөн болохыг шүүхэд баримтаар нотлоогүй байна.

Хариуцагч С.Д- нь шүүхэд гаргасан тайлбараа нотлохоор зээл болон зээлийн хүүд 5.060.000 төгрөг төлсөн баримтыг нэхэмжлэгч талаас гаргуулах, тухайн үеийн “Анод” банкны захирал байсан Баянмөнхийг гэрчээр асуулгах талаар шүүхээс  хүссэн байна.

Гэтэл анхан шатны шүүх хариуцагчаас гаргасан нотлох баримт гаргуулах болон бусад хүсэлтийг шийдвэрлэсэн боловч биелэлтийг хангаагүйгээс нотлох баримтын хууль зүйн бодит үндэслэл тогтоогдоогүй байна.

Хариуцагч С.Д-гийн “Анод” банкнаас зээлсэн 17.500.000 төгрөгийн үндсэн зээл болон хүүд хэзээ, хэчнээн хэмжээний мөнгө төлөхөөр тохиролцсон талаарх баримт буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарь хэрэгт авагдаагүй байгаа нь үндсэн зээлийн гэрээний үүргээс хариуцагч С.Д- үндсэн зээл, хүүд  шаардах эрх “Капитал” банк ХХК-ний Дархан-Уул аймаг дахь салбарт шилжихээс өмнө зээлийн төлбөрт хэдэн төгрөг төлсөн, одоо хэдэн төгрөгийн үндсэн зээл, хүүгийн үлдэгдэлтэй байгаа болохыг давж заалдах шатны шүүх тооцох боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч С.Д-гийн тайлбар, хүсэлт болон гомдолд дурдсан 2008, 2009 онуудад хүү, алдангид 5.109.329 төгрөг, мөн 2014 онд үндсэн зээлд 2.500.000 төгрөг нийт дүнгээр 7.609.329 төгрөг төлсөн гэх нотлох баримтуудыг “Анод” банкнаас гаргуулсны эцэст тооцоолол хийж хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Хариуцагч С.Д-гээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 454.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 248 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т  зааснаар хариуцагч С.Д-гээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 454.000 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, хариуцагч С.Д-д олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     О.НАРАНГЭРЭЛ 

                                                             ШҮҮГЧИД                                     Л.АМАРСАНАА                                  

                                                                                                                   С.ОЮУНЦЭЦЭГ