Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 00275

 

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 153/ШШ2019/00275

Жаргалант сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 72 айлын орон сууцны 67 тоотод оршин суух, Боржигон овогт Ю-ийн Б / /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн Даатгалын 12 айлын орон сууцны 3 тоотод оршин суух, Хар сайр овогт Б-ийн Д / /-д холбогдох,

45,688,095 /дөчин таван сая зургаан зуун наян найман мянга ерэн тав/ төгрөг гаргуулах тухай 153/2017/00252/и дугаар индекстэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч Ю.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, М.Эрдэнэ-Оюун, хариуцагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, гэрч Т.Шонт, А.Батсуурь /онлайн/ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ю.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Б.Д 2016 оны 07 дугаар сарын 26-нд 30,000,000 төгрөгийг надаас бэлнээр авсан. Энэ 30,000,000 төгрөгийг авахдаа 07 дугаар сарын 26-нд би ХААН банкнаас 25,000,000 төгрөгийг бэлнээр аваад 5,000,000 төгрөгийг гэрээсээ сэйфнээсээ авч нэмж Баатархайрханы ХААН банкны салбарын хойд талын дугуй засварын тэнд нөхөр Т.Шонт, Г.Гэрэлт-Од, Б.Д нарыг суулгаж байгаад 30,000,000 төгрөгийг машин дотор 2016 оны 07 дугаар сарын 26-нд бэлэн тоолж өгсөн. Энэ мөнгийг авахдаа Б.Д нь амьдралынхаа хүнд хэцүү байдлыг бид хоёрт ярьж нөхөр сүүдрээсээ салсан, бүх мөнгөө нөхөртөө алдсан, одоо та хоёр бид хоёрт туслаач гэж хэлсэн. Манай хүн Т.Шонт болохоор Б.Дтэй яг нэг нутгийн хүн юм. Манай нөхөрт нэг нутаг юм чинь эгчдээ туслаач эгч нь Г.Гэрэлт-Одтой хамт Завхан аймгийн Ургамал суманд нөхөн сэргээлт хийх гэж байгаа маш хурдан хугацаанд 14 хоногийн хугацаанд нөхөн сэргээлтээ хийчихээд та хоёрын 30,000,000 төгрөгийг бэлнээр гаргаж өгнө гэж хэлж авсан. Тэгээд 14 хоног өнгөрөөд бид хоёр 30,000,000 төгрөгөө авахаар ярихад Б.Д та хоёрын 30,000,000 төгрөгийг би өгч чадахгүй байна. Экскаватор түрээсэлж авах гэсэн билүү худалдаж авах гэсэн ч билүү тэгж хэлсэн. Тэгээд 10,000,000 төгрөг эгчдээ зээлээч энэ 10,000,000 төгрөгөө авчих юм бол экскаватор түрээсэлж аваад та хоёрын мөнгийг өгөх боломжтой болоод байна гээд өдөр шөнөгүй залгасан. Тэгээд 10,000,000 төгрөгийг би 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр өөрийнхөө данснаас би 7 хоногийн хугацаатай зээлэв гэж гүйлгээний утга хэсэгт бичээд Б.Дгийн данс руу хийж өгсөн. Ингээд нийт 40,000,000 төгрөгийг Б.Долгосүрэнд зээлсэн байгаа. Одоо Б.Долгосүрэнгийн ярьж байгаагаар болохоор надтай хамтарч ажил хийсэн алт ухсан гээд юм яриад байгаа тийм ямар ч процесс болоогүй. Би тийм алт мэдэх ч үгүй, тэр экскаватор, тэр ажил хийгээд байгаа юмыг нь ч би бараг мэдэхгүй. Нийт 40,000,000 төгрөгөөс би 9,000,000 төгрөгийг авсан байгаа. Тэрийг болохоор би бараан захын хүнсний зах дотор зогсдог Юра эмчийн эхнэр Дооёо эгчээс авсан байгаа. Би Herbalife клубт явж байгаад тэр авгай нар хоорондоо ярьж байсан. Догоо гээд авгай 9,000,000 төгрөгийн алт үлдээсэн байсныг би авсан. Одоо 31,000,000 төгрөгөө гаргуулж авмаар байна. Б.Дгээс би энэ банкнаас авсан 40,000,000 төгрөгийнхөө хүү алдангийг тооцож гаргуулж авахаар нэхэмжлэл гаргаж байсан. Одоо бол хүү алданги тооцохгүйгээр бэлэн өгсөн 31,000,000 төгрөгөө гаргуулж авмаар байна. Энэ 40,000,000 төгрөгийнхөө алданги хүүг 2016-2019 онд хүртэл би өөрөө төлсөн байгаа. 2016-2019 он хүртэл би одоо ингээд шүүхээр яваад байх надад хохиролтой байна. Хоёр удаа 40,000,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн. Тэгээд нааш цаашаа явж байна. 2 дугаарт бүх ажлаа алдаад яваад байна. Одоо бид нарын яг эд ажил хийдэг үе юм. Банкнаас авсан 100,000,000 төгрөгөө төлөх гээд явж байгаа хүмүүс байнга ажлаа алдаад наашаа шүүх рүү яваад байх хэцүү байна. Б.Долгосүрэн надаас 30,000,000 төгрөг бэлэн тоолж авсан үнэн. Сүүлд 10,000,000 төгрөг авсан нь үнэн. Энэ 40,000,000 төгрөгөөс би 9,000,000 төгрөг авсан. Одоо нийт 31,000,000 төгрөгөө гаргуулж авмаар байна....А.Дэлгэрням гэдэг хүнийг би мэдэхгүй байгаа. Тэр хүнийг би танихгүй. Яг мөнгө авахдаа бол би тийм ажил хийх гэж байна тэгэх гэж байна ингэх гэж байна гэж яриагүй.... Бид нар хүү тохиролцоогүй....Бичгээр байгуулаагүй амаар ярьсан.2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймгийн Дөргөн суман дээр очоод Дондог гэдэг айлын гадаа очоод 30,000,000 төгрөгнөөс 400 грамм алт аваад буцсан. Г.Гэрэлт-Од, Б.Д, манай нөхөр Т.Шонт би хамт явж байсан....Завхан аймгийн Ургамал суманд хийх нөхөн сэргээлтийн газраа үзүүлэхээр явж байсан. Тэгээд тэр газраа үзүүлээгүй. Бид хоёрын мөнгөөр шууд алт авсан. Тэгээд шууд наашаа ирсэн. Ирэнгүүт Г.Гэрэлт-Од за би тэр мөнгө төгрөгийг чинь мэдэхгүй шүү. Наадах чинь шал өөр юм хийгээд явчихлаа. Би мэдэхгүй шүү буруу гараар орсон чи өөрөө олж аваарай гэж хэлсэн....2016 оны 07 дугаар сарын 27-нхоо маргааш 2016 оны 07 дугаар сарын 28-нд наад мөнгө чинь буруу гараар орж байна наад Б.Д чинь хүнээс мөнгө салгаж авахдаа гарамгай та хоёрыг хулхитчих шиг боллоо миний хоёр дүү яаж мөнгөө олж авнаа гэж Г.Гэрэлт-Од хэлсэн.... 20,000,000 төгрөгөөр алт авсан....2017 оны 10 сард Юра эмчийн эхнэр Дооёо Б.Д над дээр алт барьцаанд тавьчихаад 1,000,000 төгрөгийн хүнсний зүйл аваад явлаа ирж авдаг байгаа гэхээр нь би 149 грамм алтыг авсан. Алтаа барьцаанд тавиад хүнсний зүйл авсан байхаар нь би хүнд мөнгөө алдсан гэж үнэнээ хэлээд 1,000,000 төгрөгийг нь би өгье гэж хэлээд авсан. Алтыг нь зарахад тухайн үед 9,000,000 төгрөг болсон....Бид хоёр ХААН банкнаас 2016 оны 06 дугаар сард 100,000,000 төгрөгийн бизнесийн зээл түүхий эд, ноос ноолуур авах гэж авсан....7 хоногийн хугацаатай хүү тохироогүй. Өмнөх мөнгөө авахын тулд 7 хоногийн хугацаатай хийж өгсөн....2016 оны 09 дүгээр сарын эхээр очсон. Б.Д би А.Дэлгэрмөрөнд та нарын мөнгийг өгсөн та нар тэр хүнээс ав гэж хэлсэн. Дэлгэрмөрөн бид нарыг дуудахаар очоод чамд бид хоёрын мөнгө өгсөн байна. Бид нар мөнгөө аваад буцмаар байна манай хүүхэд нялх мөнгөө авъя гэхэд эгчээ би энэ хүнээс мөнгө аваагүй. Үүний урьд жил 2015 онд би нөхөн сэргээлт хийгээд зөндөө тус болоод өрийг нь их дарж өгсөн дахиад хүнээс мөнгө зээлээд ийм асуудалд орчихлоо туслаад өгөөч гэхээр нь би туслах гэж явж байгаа. Би наад хүнээс чинь мөнгө төгрөг аваагүй та нар энд хүлээж байгаад мөнгө төгрөгөө салгаж аваад явсан нь дээр гэж хэлсэн....Бид хоёрыг Пүүжээ гэдэг тэр айлд Г.Гэрэлт-Од аваачиж өгсөн....2016 оны 6 сард н.Ангирмаа, Догоо, Т.Шонт, Г.Гэрэлт-Од бид нар хоолонд орсон....гэв.

Хариуцагч Б.Д шүүхэд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хариуцагч миний бие дараах тайлбарыг гаргаж байна. Хариуцагч Б.Д миний бие нэхэмжлэгч Ю.Б болон Т.Шонтой нартай танилын хүрээнд олон жил нөхөрлөж ирсэн бөгөөд нэхэмжлэгч Ю.Б болон Т.Шонтой нар анх надад бизнесийн ажлын боломж байгаа эсэх талаар болон Завхан аймгийн Мандал сум дахь Шувуут уул гэх газар алтны чулуун ордны газар байдаг гэсэн түүнд хөрөнгө оруулж хамтран ажиллах сонирхолтой байгаагаа хэлж намайг тэнд хүмүүстэй уулзуулж зуучилж өгөхийн зэрэгцээ хамтран хөрөнгө оруулах санал тавьж харилцан тохиролцож хамтаараа ажиллахаар болсон. Ийнхүү нэхэмжлэгч Т.Шонтой, Ю.Б бид хамт А.Дэлгэрням, Г.Гэрэлт-Од нартай уулзаж хэдэн сар ярилцаж тохиролцсоны эцэст Завхан аймгийн Мандал сум дахь Шувуут уул гэдэг газар алтны чулуун ордны ажилд хамтарч ажиллахаар болж зөвшилцөн уг ажлаа эхлүүлж үйл ажиллагаа явуулахын тулд зайлшгүй шаардагдах тоног төхөөрөмж техник хэрэгсэлтэй холбоотой гарах зардлаа нэг бүрчлэн тооцоолон эхний ээлжинд зайлшгүй шаардагдах төлбөрийг хувь хувиасаа гаргахаар харилцан тохирч эхний ээлжид хариуцагч Б.Д миний бие 16,000,000 төгрөг нэхэмжлэгч Ю.Б Т.Шонт нар 20,000,000 төгрөг тус тус гаргаж нийт 36,000,000 төгрөг зарцуулахаар харилцан тохирч А.Дэлгэрнямд бэлнээр хүлээлгэн өгсөн. Гэтэл А.Дэлгэрням бидэнтэй харилцан тохиролцсон үндсэн зүйлээсээ өөр зүйлд уг мөнгийг зарцуулж биднийг хохироосон бөгөөд бид А.Дэлгэрням гэгч хүнээс гарсан зардал болон харилцан тохиролцсон үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан хэдий ч өнөө маргаашийг аргацааж худал ярьсаар өнөөдрийг болтол биднийг хохироож байгаа болно. Гэтэл нэхэмжлэгч Ю.Б, Т.Шонтой нар нь ижил хэмжээний зардал гаргаж ижил хэмжээгээр А.Дэлгэрням гэгчид хамт залилуулсан хирнээ дээрх гарсан зардал мөнгөө хамтран хохирогч надаас нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хариуцагч Б.Д миний бие нэхэмжлэгч Ю.Б, Т.Шонтой нарыг А.Дэлгэрням, Г.Гэрэлт-Од гэгч хүмүүстэй бизнесийн хүрээнд хамтарч ажиллахад нь зөвхөн зуучилж танилцуулж өгсөн бөгөөд нэхэмжлэгчийн мөнгөнөөс хувьдаа авч ашиглаж хэрэглэсэн зүйл огт байхгүй болохыг анхаарч үзнэ үү. Иймд үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан Ю.Б болон Т.Шонтой нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү....гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ю.Б нь Б.Дд холбогдуулан 45,688,095 /дөчин таван сая зургаан зуун наян найман мянга ерэн тав/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ю.Б нь нэхэмжлэлийн шаардлагаа багасган 31,000,000 /гучин нэгэн сая/ төгрөг гаргуулах гэж тодорхойлов.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ю.Б нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ....Хариуцагч Б.Дд 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 14 хоногийн хугацаатай 30,000,000 төгрөгийг бэлнээр, 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 7 хоногийн хугацаатай 10,000,000 төгрөгийг дансаар шилжүүлж зээлдүүлсэн, зээлийн хүү тохироогүй, 2016 оны 10 дугаар сард 9,000,000 төгрөгтэй тэнцэх алт буцаан авсан. Зээлийн гэрээг бичгээр байгууллаагүй тул зээлсэн 40,000,000 төгрөгөөс 9,000,000 төгрөгийг хасч 30,000,000 төгрөгийг Б.Дгээс гаргуулна.... гэж тайлбарлав.

Хариуцагч Б.Д нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд ирүүлсэн тайлбартаа ....нэхэмжлэгч Т.Шонтой, Ю.Б бид хамт А.Дэлгэрням, Г.Гэрэлт-Од нартай уулзаж хэдэн сар ярилцаж тохиролцсоны эцэст Завхан аймгийн Мандал сум дахь Шувуут уул гэдэг газар алтны чулуун ордны ажилд хамтарч ажиллахаар болж зөвшилцөн уг ажлаа эхлүүлж үйл ажиллагаа явуулахын тулд зайлшгүй шаардагдах тоног төхөөрөмж техник хэрэгсэлтэй холбоотой гарах зардлаа нэг бүрчлэн тооцоолон эхний ээлжинд зайлшгүй шаардагдах төлбөрийг хувь хувиасаа гаргахаар харилцан тохирч эхний ээлжид хариуцагч Б.Д миний бие 16,000,000 төгрөг нэхэмжлэгч Ю.Б Т.Шонт нар 20,000,000 төгрөг тус тус гаргаж нийт 36,000,000 төгрөг зарцуулахаар харилцан тохирч А.Дэлгэрнямд бэлнээр хүлээлгэн өгсөн. Гэтэл А.Дэлгэрням бидэнтэй харилцан тохиролцсон үндсэн зүйлээсээ өөр зүйлд уг мөнгийг зарцуулж биднийг хохироосон.... гэжээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчид туслах зорилгоор 40,000,000 төгрөгийг зээлүүлсэн гэж, хариуцагч нь алтны чулууны ажилд хамтран ажилласан боловч бусдад тодорхой хэмжээний мөнгө өгч залилуулснаас алдагдалд орж адилхан хохирогч болсон гэж тус тус маргажээ.

Зээлийн гэрээний зорилго нь нэг тал зээл олгох, нөгөө тал нь зээл авахад оршдог.

Нэхэмжлэгч Ю.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд хариуцагчид 40,000,000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлж туслах зорилгоор зээлүүлсэн гэж тайлбарлах боловч түүний 2016 оны 11 дүгээр сарын 07 гэх огноотой Ховд аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөлд ....15,000,000 төгрөгөөр 1 хоовоо машин чулуу авдаг юмаа гэж хэлж ярьж байсан. 2016 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс хойш өдөр болгон бид хоёр луу залгаж хоолонд оръё ярих яриа байна гэж дуудаж уулздаг байсан. Хоолонд ороход хамтран амьдрагч Завхан аймгийн Ургамал сумын харъяат Гэрэлт-Од, Д 2 нөхөр бид хоёрт 2-3 ховоо чулуу авч өгье бид 2-ыг чулуу авч өгөөч гэж гуйж байгаа хүмүүс их байгаа. Нутгийн дүү гээд та 2-т л авч өгмөөр байна гэж бид 2-ын итгэлийг олж авсан....7 дугаар сарын 26-ны өдөр банкнаас 25 сая төгрөг бэлэн аваад цүнхэнд байсан 5 саяыг нэмж нийтдээ 30 сая төгрөгийг тэдэнд өгсөн. Болохгүй бол та 2-ын мөнгийг 10 хоногийн дотор буцааж өгнө гэсэн. Бид 2 ингээд мөнгөө өгчихөөд удаа дараа утсаар ярьж байсан боловч ажил бүтэхгүй байна гэсээр 8 дугаар сарын 16 хүрсэн. Дахиад яаралтай 10 сая төгрөг хэрэгтэй байна экскеватор худалдаж аваад та 2-ын ажлыг амжуулъя гэсэн. Би тэр өдөр 10 сая төгрөгийг 7 хугацаатай зээлэв гэж төлбөрийн утга нь дээрээ бичиж хаан банкны дансаар шилжүүлсэн.... гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 220-221 дүгээр тал/

Мөн Ховд аймгийн Цагдаагийн газар нь Ю.Бгийн гомдлоор Б.Дд холбогдуулан шалгаж, Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 5/450 дугаартай Ховд аймгийн Прокурорын газрын Прокурорын тогтоолын хуулбар, уг тогтоолд гомдолд гаргасан байх бөгөөд Гомдлыг хүлээн авахаас татгалсан 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 5/52 дугаартай Ховд аймгийн Прокурорын газрын Прокурорын тогтоолын хуулбар, Монгол улсын Ерөнхий прокурорын газрын прокурорын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоолын хуулбар зэрэг баримтуудаас дүгнэхэд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна. /1 дүгээр хавтаст хэргийн 74 дүгээр тал, 2 дугаар хавтаст хэргийн 218-219, 235 дугаар тал/

Харин дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ю.Б нь 40,000,000 төгрөгийг Б.Дд өгсөн болох нь тогтоогдож байх ба талуудын хооронд Завхан аймгийн Завханмандал сумын нутагт 2016 оны 7-10 дугаар саруудад алт гарч байсан гэх газраас алттай чулуу олборлон ашиг олох зорилгоор Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.4-т хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсон бол хамтран ажиллах гэрээ дуусгавар болно гэж заасан бөгөөд зохигч нь алттай чулуу олборлох үйл ажиллагаанаас ашиг олох зорилгоо биелүүлэх боломжгүй болсон нь тэдний тайлбараар тогтоогдсон.

Тиймээс Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.4-т зааснаар талуудын хоорондох хамтран ажиллах гэрээ дуусгавар болох үндэслэл бий болсон байна.

Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-д Хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна, 477 дугаар зүйлийн 477.2-т Хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болно гэж заажээ.

Нэхэмжлэгч Ю.Бгийн шүүх хуралдаанд гаргасан ....2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймгийн Дөргөн суман дээр очоод Дондог гэдэг айлын гадаа очоод 30,000,000 төгрөгнөөс 400 грамм алт аваад буцсан. Г.Гэрэлт-Од, Б.Д, манай нөхөр Т.Шонт би хамт явж байсан....2016 оны 07 дугаар сарын 27-нхоо маргааш 2016 оны 07 дугаар сарын 28-нд наад мөнгө чинь буруу гараар орж байна наад Б.Д чинь хүнээс мөнгө салгаж авахдаа гарамгай та хоёрыг хулхитчих шиг боллоо миний хоёр дүү яаж мөнгөө олж авнаа гэж Г.Гэрэлт-Од хэлсэн.... гэх тайлбар, гэрч Т.Шонтын шүүх хуралдаанд өгсөн ....Дүү нь билүү эгч нь билүү гэрчээр оролцоод байгаа хүнд мөнгийг нь тоолж өгөөд за хурдан авчихаарай гээд миний цүнхнээс 400 грамм алтны мөнгө өгсөн.Газар үзүүлнэ гэж яваад буцаж ирээд Г.Гэрэлт-Од та хоёрын мөнгө буруу замаар орчихлоо наад хүн чинь өөртөө зарцууллаа та хоёр мөнгөө хулхитуулах талдаа орчихлоо гэж хэлсэн.... гэх мэдүүлэг зэргээс үзэхэд Б.Д нь хамтран ажиллах гэрээгээр зөрчсөн үйлдэл гаргасан боловч нэхэмжлэгч нь үргэлжүүлэн 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр нэмж 10,000,000 төгрөгийг хариуцагчийн данс руу шилжүүлсэн үйлдэл нь хамтран ажиллах гэрээг үргэлжлүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Зохигчид хамтран ажиллах гэрээг амаар байгуулсан бөгөөд гэрээний дагуу хэн нь хэдэн төгрөгийн хураамж төлөх талаар тохиролцоогүй байдал дээрх нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Т.Шонтын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул талуудын төлөх хураамжийн хэмжээ тэнцүү байх үндэстэй гэж үзлээ.

Талууд хамтран ажиллах гэрээний хураамжийн хэмжээг тохиролцоогүй боловч хураамжийг мөнгөөр төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна гэж, 478 дугаар зүйлийн 478.11-л Хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна гэж, мөн хуулийн 478 дугаар зүйлийн 478.12-т Гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын хоорондын хүлээх хариуцлагын хэмжээг гишүүний төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна гэж тус тус хуульчилсан.

Талуудын хамтын үйл ажиллагаа 2016 оны 7 дугаар сараас эхэлсэн, хамтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцад тэдэнд бусдын өмнө хүлээсэн үүрэг, биелэгдээгүй хэлцэл байгаагүй, мөнгөө нийлүүлж экскэватор түрээслэснээс өөрөөр хамтын үйл ажиллагааг ямар нэгэн байдлаар хэрэгжүүлж ашиг бий болоогүй болох нь хариуцагчийн шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байна. Тиймээс зохигчидод гэрээний дагуу ашиг хуваарилах боломжгүй.

Шүүхэд хариуцагч Б.Д нь ....эхний ээлжинд зайлшгүй шаардагдах төлбөрийг хувь хувиасаа гаргахаар харилцан тохирч эхний ээлжинд хариуцагч Б.Д миний бие 16,000,000 төгрөг нэхэмжлэгч Ю.Б Т.Шонт нар 20,000,000 төгрөг тус тус гаргаж нийт 36,000,000 төгрөг зарцуулахаар харилцан тохирч А.Дэлгэрнямд бэлнээр хүлээлгэн өгсөн. Гэтэл А.Дэлгэрням бидэнтэй харилцан тохиролцсон үндсэн зүйлээсээ өөр зүйлд уг мөнгийг зарцуулж биднийг хохироосон.... гэх тайлбарыг гаргасан боловч хариуцагч нь тайлбартайгаа холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Хариуцагч Б.Д нь хэдэн төгрөгийн алдагдал учирсан болохоо нотолж чадаагүй тул алдагдлыг хуваарилах боломжгүй байна.

Зохигчийн төлсөн хураамжийн хэмжээг тэнцүү гэж үзсэн учраас Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.12-д зааснаар тэдний хүлээх хариуцлагын хэмжээг тэнцүү хуваарилах, хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон зардлаас нэхэмжлэгч хамтран хариуцах нь үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч Ю.Бгийн төлсөн 40,000,000 төгрөгийн хураамжийн тал хувь буюу 20,000,000 төгрөгийг хариуцагч Б.Д хариуцах үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэгч нь 9,000,000 төгрөгтэй тэнцэх алтыг хариуцагчаас авсан гэх тул 20,000,000 төгрөгөөс 9,000,000 төгрөгийг хасч, 11,000,000 төгрөгийг хариуцагч Б.Дгээс гаргуулан нэхэмжлэгч Ю.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1 дүгээр хавтаст хэргийн 58-61 дүгээр хуудсанд авагдсан 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Г.Гэрэлт-Одыг гэрчээр асуусан мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудсанд авагдсан 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Д.Ариунжаргалыг гэрчээр асуусан мэдүүлэгүүд нь хуульд заасан шаардлага хангаагүй буюу шүүгч асуугаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасныг баримтлан нотлох баримтаас хассан болно.

Нэхэмжлэгч Ю.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 386,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Дгээс 11,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 190,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ю.Бд олгох нь зүйтэй байна.

Хариуцагч Б.Д нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэлээ.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 477 дугаар зүйлийн 477.1, 478 дугаар зүйлийн 478.12-д заасныг баримтлан хариуцагч Б.Дгээс 11,000,000 /арван нэгэн сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ю.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20,000,000 /хорин сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ю.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 386,400 /гурван зуун наян зургаан мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Дгээс улсын тэмдэгтийн хураамж 190,950 /нэг зуун ерэн мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ю.Бд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар 1 дүгээр хавтаст хэргийн 58-61 дүгээр хуудсанд авагдсан 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Г.Гэрэлт-Одыг гэрчээр асуусан мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудсанд авагдсан 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Д.Ариунжаргалыг гэрчээр асуусан мэдүүлэгүүдийг нотлох баримтаас хассугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ОЮУНЖАРГАЛ