Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2022/00035

 

Д.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2020/00157 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 716 дугаар магадлалтай,

Д.А-ын нэхэмжлэлтэй,

Б.Б, Б.Б нарт холбогдох,

2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан түрээсийн гэрээг баталгаажуулсан Г-2386, Г-2387 дугаартай гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н-н хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Б.Б, Б.Б нарт холбогдуулан, тэдний хооронд 2018.06.16-ны өдөр байгуулсан, нотариатын бүртгэлийн Г-2386, Г-2387 дугаарт бүртгэлтэй автомашины түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан байна.

2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь компанийг төлөөлөх эрхгүй этгээд болох Б.Б нь Б.Бтэй түрээсийн гэрээ байгуулсан атал нотариатч Д.А нь төлөөлөх эрхтэй эсэхийг шалгах үүргээ биелүүлэлгүй гэрээг гэрчилсэн тул нотариатч Д.Аын 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Г-2386, Г-2387 дугааруудад бүртгэгдсэн түрээсийн гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү хэмээн тайлбар гаргажээ. 

3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2020/00157 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нарын хооронд 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан түрээсийн Г-2386, Г-2387 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахыг хүссэн нэхэмжлэгч Балдан бэйс овогт Дашцэрэнгийн А /ХЖ70062801/-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ааас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,657,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 716 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2020/00157 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 3,657,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

5. Гуравдагч этгээд “Х” ХХК-ийн төлөөлөгч Ц.Нандинцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2020/00157 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 716 дугаар магадлал зэргийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдийг тус тус үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна.

5.1. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй талаар: Иргэн Б.Б нь 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр иргэн Б.Бтэй түрээсийн гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулсан. Уг гэрээнд түрээслэгч “Х” ХХК-ийг төлөөлж үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Б гэгч гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж заасан. Түүнчлэн Иргэний хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болдог ч иргэн Б.Б гэгчид “Х” ХХК-ийн зүгээс компани төлөөлөн хэлцэл хийх, гэрээ байгуулах зэрэг эрх олгосон итгэмжлэл олгоогүй болно.

Иймд “Х” ХХК-ийг төлөөлж гэрээ, хэлцэл хийх эрх гагцхүү гүйцэтгэх захирал Ц.Нандинцэцэгт хадгалагдаж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” хүчин төгөлдөр байна гэж тус тус заасан.

Гэтэл Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч Д.А нь 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б.Бтэй “Х” ХХК-ийг төлөөлөн Б.Б гэгчтэй байгуулсан гэрээнүүдийг Г-2386, Г-2387 дугаарт бүртгэж баталгаажуулсан нь Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Нотариатч үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоохдоо түүний иргэний баримт бичиг, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг үндэслэх бөгөөд итгэмжпэл, төлөөлөл нь зохих ёсоор бүрдсэн ... эсэхийг шалгаж, шаардлагатай бол эрх бүхий байгууллагын тодорхойлолт, эсхүл тухайн хүнийг таних хоёр гэрчээр тодорхойлуулан тогтоож болно”, мөн хуулийн 46.4-т гэрээ, хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж байгаа бол төлөөлөгчийн бүрэн эрх, итгэмжлэл хуульд заасан шаардлага хангасан эсэхийг нягтална”, 46.5-т “хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хийж байгаа гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ түүнийг хуулийн дагуу төлөөлж байгаа этгээдийн эрх хэмжээ нь гэрээ, дүрэм, Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрт тусгагдсан эсэхийг шалгана” гэж заасныг баримтлан шалгах үүрэгтэй бөгөөд хэрвээ төлөөлөх эрхгүй этгээд байх аваас мөн хуулийн 31.1-т “Нотариатч дараах тохиолдолд нотариатын үйлдэл хийхээс татгалзана”, 31.1.4-т “үйлчлүүлэгч нь эрх зүйн чадамжгүй, эсхүл төлөөлөх эрхгүй байвал” гэж заасныг ноцтой зөрчсөн.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 171 дүгээр тушаалаар батлагдсан Нотариатын үйлдэл хийх зааврын 2.2-т “Нотариатын үйлдлийг хийхэд шаардагдах баримт бичгийн бүрдүүлбэрийг үйлчлүүлэгч хангасан тохиолдолд нотариатч үйлдэл хийнэ”, 4.6-д “Нотариатч нь үйлчлүүлэгч-хуулийн этгээд эрх зүйн чадамжтай эсэхийг түүний улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг үндэслэн тогтоохын зэрэгцээ улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэсэн өөрчлөлтийн талаарх бүртгэлийг нягталж үзнэ. Түүнчлэн хуулийн этгээдийг төлөөлж буй этгээдийн бүрэн эрх болон хувийн байдлыг тогтооно. Ингэхдээ төлөөлж буй этгээдийн бүрэн эрхийг хуулийн этгээдийн гэрээ, дүрэм, Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол зэргийг итгэмжлэлээр төлөөлж буй тохиолдолд тухайн итгэмжлэл хуулийн шаардлага хангасан эсэхийг шалгана”, 5.5-д гэрээ, хэлцлийн агуулгыг хянах явцад ... хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн зэрэг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг агуулсан, ... гэрээ, хэлцлийг нотариатч гэрчлэхгүй” гэж заасныг тус тус нотариатч Д.А зөрчсөн.

Ингээд “Х” ХХК дээрх үндэслэлээр Б.Б “Х” ХХК-ийг төлөөлөн Б.Б нарын хооронд байгуулсан нотариатын Г-2386, Г-2387 дугаартай түрээсийн гэрээнүүдийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнийг “Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх”-ийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/02248 дугаар шийдвэр, “Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх”-ийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн магадлал зэргээр Компанийн тухай хуулийн 83.1, 83.8, 84.1, компанийн дүрмийн 8.1, 8.2-т зааснаар Б.Б нь “Х” ХХК-ийг төлөөлөн, уг компанийн нэрийн өмнөөс гэрээ, хэлцэл байгуулах эрхтэй болох нь нотлогдохгүй байна” гэсэн үндэслэлээр нотариатын үйлдлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Анхан болон давж заалдах шатны шүүх “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т “Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй” гэж тус тус заасан тул дээрх анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны магадлалаар тогтоогдсон үйл баримтын талаар шүүх дахин дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзжээ.

Энд зохигчид Б.Б, “Х” ХХК-ийг төлөөлж Б.Б нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээнүүдийг баталсан нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар маргаж анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэрлэсээр байхад энэ талаар дүгнэлт хийлгүй нэг үйл баримтын талаар шүүх өөр өөр шийдвэр гаргасан төдийгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4, мөн хуулийн 120.4-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Мөн маргааны зүйл болсон нотариатын Г-2386, Г-2387 дугаартай түрээсийн гэрээнүүдийн үр дагаврыг буюу гэрээний үүрэгт 346,559,139 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Б.Б нь “Х” ХХК-д холбогдуулан гаргасныг “Х” ХХК уг гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 183/Ш32019/07046 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Шүүх зохигчдын маргааны зүйл нэгэнт шүүхийн шийдвэрээр тогтоогдсон энэ талаар маргах эрхгүй гэж үзэж байгаа бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан.

Иймд Б.Бг “Х” ХХК-ийг төлөөлж гэрээ байгуулах эрхгүй гэсэн үндэслэлээр 2 шатны шүүхийн шийдвэр гарсан, Б.Бийн нэхэмжлэлтэй “Х” ХХК-д холбогдох, “Х” ХХК түрээсийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсон атал нотариатын Г-2386, Г-2387 дугаартай түрээсийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

5.2. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Биеэ даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Бг өөрийн компанийн ажилтан биш, компанийг төлөөлөх эрхгүй байхад гэрээ байгуулсан тул хүчин төгөлдөр бус гэх тайлбар гаргасан ч энэ талаар баримт гаргаагүй, хариуцагч Б нь түрээсийн гэрээг сүүлд нөхөж байгуулсан, 4-р сард эксковаторыг операторчны хамт шарын голын уурхай руу явсан, бэлнээр 110 сая төгрөгийг түрээсийн төлбөрт авсан талаар тайлбарласан боловч энэ талаар баримт гаргаагүй байна” гэж гуравдагч этгээдийн төлөөлөгчийн гаргаагүй тайлбарыг гаргасан мэтээр тусгаж ноцтой алдаа гаргасан байна.

Шүүх хуралдааны тэмдэглэлд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Х” ХХК нь Б гэх хүнд компани төлөөлж гэрээ байгуулах эрх олгоогүй, манай компани Б гэгчтэй ямар нэгэн гэрээ байгуулаагүй, нотариат гэрээ байгуулах эрхгүй байхад нотариатын тухай хуулийн 27.1, 46.4, 46.5, 31.1.4 дэх хэсэг, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2011 оны 171 дүгээр тушаалаар баталсан “Нотариатын үйлдэл хийх заавар” зэргийг зөрчсөн тул Б, Б нарын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56.1.1 хууль зөрчсөн, 56.1.8 хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус юм” гэж зөв тусгажээ. Шүүх хуралдааны тэмдэглэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлд заасны дагуу гарсан ч шүүхийн шийдвэр нь тус тэмдэглэлээс зөрүүтэй гарсан байна. Эндээс дүгнэвэл гуравдагч этгээдийн огт гаргаагүй тайлбарыг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт гаргасан мэтээр тусгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.1.1, 29 дүгээр зүйлийн 29.2, 29.4, 29.5 дахь хэсэгт заасныг шүүх тус тус зөрчиж мэтгэлцэх эрхийг ноцтой зөрчсөн. Үүнийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах нь тухайн шүүгчийн эрх хэмжээний асуудал байх тул давж заалдах шатны шүүхээс шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах боломжгүй юм гэж гаргасан гомдол, тайлбарыг буруу ойлгож, тайлбарлаж байгаа нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

Энд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаагүй тайлбарыг гаргасан мэтээр тусгасан нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна гэж гомдол гаргасан. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг нь гуравдагч этгээдийн төлөөлөгчийн гаргаагүй тайлбарыг гаргасан мэтээр тусгаж ноцтой алдаа гаргасан байна. Харин тус шүүх хуралдааны тэмдэглэлд гуравдагч этгээдийн төлөөлөгчийн гаргасан тайлбарыг зөв тусгасан байна гэж давж заалдах гомдолд тусгасныг буруу тайлбарлаж анхан шатны шүүхийн алдааг засаж чадаагүй юм.

Энэ нь гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд “Х” ХХК нь хариуцагч Б.Бтэй гэрээ нөхөж байгуулан, 110 сая төгрөг төлсөн гэж үйлчлүүлэгчийн эсрэг тайлбар гаргасан мэтээр гуравдагч этгээдийн төлөөлөгчийн гаргаагүй ор үндэслэлгүй худал тайлбарыг шүүхийн шийдвэрт тусгасан нь Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх байдалд хүргэлээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Бг өөрийн компанийн ажилтан биш, компанийг төлөөлөх эрхгүй байхад гэрээ байгуулсан тул хүчин төгөлдөр бус гэх тайлбар гаргасан боловч энэ талаар баримт гаргаагүй” гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан хэдий ч гуравдагч этгээдийн зүгээс Б.Бд “Х” ХХК-ийг төлөөлж Б.Бтэй түрээсийн гэрээ байгуулах итгэмжлэл олгоогүй тул гаргаж өгөх ямар нэг баримт байхгүй юм.

Зохигчид Б.Б “Х” ХХК-ийг төлөөлж Б.Б нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээнүүдийг баталсан нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар маргаж “Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/02248 дугаар шийдвэр, “Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн магадлалаар Б.Б нь “Х” ХХК-ийг төлөөлөн, уг компанийн нэрийн өмнөөс гэрээ, хэлцэл байгуулах эрх олгогдоогүй гэдэг үндэслэлээр нотариатын үйлдлийг хүчингүй болгосон. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх “Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/02248 дугаар шийдвэр, “Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн магадлал зэргийг нотлох баримтаар анхан шатны шүүхэд гаргаж өгсөн ч энэ талаар дүгнэлт хийлгүй анхан шатны шүүх хэрэгт авагдсан холбогдох нотлох баримтуудаар Б.Бд “Х” ХХК-ийг төлөөлж гэрээ байгуулах эрх олгогдоогүй нь тогтоогдож байгааг анхаарч эрх зүйн дүгнэлт огт хийгээгүй юм.

Мөн Б.Бийн нэхэмжлэлтэй “Х” ХХК-д холбогдох, “Х” ХХК түрээсийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 183/Ш32019/07046 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хэргийн оролцогчид шүүхэд тайлбарласаар байхад нотлох баримтаар үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.2-т заасан нотлох баримтыг үнэлээгүй нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2020/00157 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27- ны өдрийн 716 дугаар магадлал зэргийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

7. Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Б.Б, Б.Б нарт холбогдуулан, тэдний хооронд 2018.06.16-ны өдөр байгуулсан, нотариатын бүртгэлийн Г-2386, Г-2387 дугаарт бүртгэлтэй автомашины түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гарган, үндэслэлийг ...Б.Б нь “Х” ХХК-ийг төлөөлөх эрхгүй учир дээрх хэлцлүүд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарна гэж маргажээ.

8. Хариуцагч Б.Б нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...түрээсийн гэрээний зүйл болох эксковаторыг “Х” ХХК нь 2019 оны 4 дүгээр сараас түрээслэн үйл ажиллагаандаа ашиглаж, түрээсийн төлбөрийг төлж байсан тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэсэн, гуравдагч этгээдээс ...манай компанийн зүгээс Б.Бтэй ямар нэгэн гэрээ байгуулаагүй бөгөөд гэрээ байгуулах итгэмжлэлийг Б.Бд олгоогүй. ...нотариатч Д.А нь гэрээг гэрчлэхдээ Б.Б нь тус компанийг төлөөлөх эрхтэй эсэхийг шалгах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй... гэсэн тайлбарыг тус тус гаргасан байна.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ. 

10. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.  

11. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд 2018.06.16-ны өдөр түрээслүүлэгч Б.Б нь өөрийн эзэмшлийн Hyundai Robex 5000-LC7 маркийн, УН 99-74, УН 55-44 улсын дугаартай 2 эксковаторыг “Х” ХХК-д 7 сарын хугацаатай /2018.04.05-наас 2018.11.05 хүртэл/ түрээслүүлж, түрээслэгч сарын төлбөрт 50,000,000 төгрөг төлөхөөр тохиролцож түрээсийн гэрээ байгуулсан байх ба гэрээнд түрээслэгчийг төлөөлж, “Х” ХХК-ийн үйлдвэрлэл хариуцсан захирал Б.Б гарын үсэг зурсан, уг гэрээг нотариатч Д.А гэрчилж, нотариатын бүртгэлийн Г-2386, Г-2387 дугаарт бүртгэсэн үйл баримт тогтоогджээ. Түүнчлэн, дээрх хэлцлүүдийн үнэн зөвийг гэрчилсэн нотариатч Д.Аын үйлдлийг хүчингүйд тооцсон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.22-ны өдрийн 183/ШШ2019/02248 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.12.18-ны өдрийн 2136 дугаар магадлал хэрэгт авагдсан байна.  

12. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхыг, 57 дугаар зүйлийн 57.3-т гэрээгээр тохирсон хэлбэрийг зөрчсөн хэлцлийг шүүх сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцож болохыг тус тус хуульчилсан.

13. Хоёр шатны шүүх нотариатч Д.А нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гаргах эрхгүй, сонирхогч этгээдэд нотариатч хамаарахгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ.   

14. Учир нь, Б.Б болон “Х” ХХК-ийн хооронд 2018.06.16-ны өдөр байгуулагдсан автомашины түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар гэрээний талууд өөр хоорондоо харилцан шаардлага гаргах эрхтэй, харин нэхэмжлэгч Д.Аын тухайд маргаан бүхий хэлцлийг гэрчилсэн нотариатч тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй болно.

15. Түүнчлэн, гуравдагч этгээд “Х” ХХК-ийн нэхэмжлэлээр, Б.Б болон “Х” ХХК-ийг төлөөлж Б.Б нарын хооронд 2018.06.16-ны өдөр байгуулсан түрээсийн 2 гэрээний үнэн зөвийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал гарсан, хуулийн хүчин төгөлдөр байна. Эдгээр үндэслэлээр нотариатч хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцэхгүй талаар хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.  

16. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шүүх хуулийг буруу хэрэглэсэн, хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлсэн, мэтгэлцэх эрхийг зөрчсөн, шүүхийн шийдвэр, тэмдэглэл зөрүүтэй” гэсэн хяналтын гомдлыг хангах боломжгүй, энэ үндэслэлээр гаргасан гомдолд давж заалдах шатны шүүхээс хуульд нийцсэн дүгнэлт хийжээ.

17. Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2020/00157 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 716 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШЗ2020/06450 дугаар захирамжаар гуравдагч этгээд “Х” ХХК нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Х.ЭРДЭНЭСУВД

                                        ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

             Б.МӨНХТУЯА

             С.СОЁМБО-ЭРДЭНЭ

             Д.ЦОЛМОН