Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2020/00156

 


            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- ............................... тоотод оршин суух, РД-, Бын нэхэмжлэлтэй,

хариуцагч- Хан-Уул дүүрэг, .............................. тоотод оршин суух, РД- Ө,

хариуцагч- .......................... тоотод оршин суух, РД-, Ю нарт холбогдох,

гуравдагч этгээд- ...................тоотод байрлах, РД- ..........., Н-ХХК бие даасан шаардлага гаргаагүй,

хариуцагч нарын хооронд 2018-06-16-ны өдөр байгуулагдсан түрээсийн гэрээг баталгаажуулсан Г-2386, Г-2387 дугаартай гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж, хариуцагч Б.Ю, хариуцагч Б.Өийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ж бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

                                          

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн иргэн Б.Ө, Б.Ю нар 2018-06-16-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших нотариатч Д.Б миний ажлын байран дээр ирж түрээсийн гэрээ байгуулах шаардлагатай байна гэсэн. Гэрээний нөхцөл болон талуудын хүсэл зоригыг талуудаас тодруулахад “...Б.Ө нь өөрийн эзэмшлийн 2 ширхэг эксковаторыг “О-” ХХКомпанид түрээслүүлэх...” зорилготой бөгөөд “О-” ХХК-г Б.Ю төлөөлөн гэрээ байгуулна, Б.Ю нь “О-” ХХК-ний үйл ажиллагаа хариуцсан захирал гэж тайлбарласан. Улмаар тэдний авч явсан материалыг судлахад Б.Өийн гэх 2 ширхэг эксковаторын тээврийн хэрэгслийн гэрчилгээ байхгүй, “О-” ХХКомпанийг төлөөлөн гэрээ байгуулна гэх Б.Юд тус компаниас эрх олгосон итгэмжлэл, албан бичиг байхгүй байсан тул дээрхи шаардлагуудыг хангахгүй бол гэрээ байгуулах, баталгаажуулах боломжгүй гэдгийг тайлбарлаж өгсөн.

Гэвч тэд дээрхи шаардлагуудыг хангаад эргээд ирье, гэрээний төслөө хийлгээд аваад явья гэсэн тул “О-” ХХКомпанийг оролцуулалгүйгээр иргэн Б.Ю, Б.Ө нарын хооронд хийх нөхцлөөр “Түрээсийн гэрээ”-ний төсөл боловсруулж тэдэнд хүлээлгэж өгсөн. Тухайн төслийг гэрээ болгон баталгаажуулаагүй, тэд тухайн өдрөө нотариатаас тавьсан шаардлагуудыг хангуулаад ирлээ гэсээр эргэж ирсэн бөгөөд Авто тээврийн Үндэсний төвөөс Б.Өийн эзэмшил дэх 2 ширхэг эксковаторын лавлагаа болон Б.Юг “О-” ХХКомпаний үйл ажиллагаа харицсан захирлаар томилсон тушаалын хуулбар зэргийг нотариатад өгсөн. Тээврийн хэрэгслийн лавлагаагаар NВ0210073 арлын, УН 9947 улсын дугаартай, RОВЕХ500-LC7 моделын “HYUNDAI маркын эксковатор, NB081033 арлын, УН 5544 улсын дугаартай, RОВЕХ5000-LC7 моделын HYUNDAI маркын эксковаторууд тус тус Б.Өийн эзэмшлийнх болох нь нотлогдож байсан. харин Б.Югийн “О-” ХХКомпанийг төлөөлөн гэрээ байгуулах эрх олгосон баримт бичиг бүрдээгүй байсан. Энэ байдлаа Б.Ю болон Б.Ө нар компаний үйл ажиллагаа хариуцсан захирал гэдэг нь тухайн компанийг аливаа үйл ажиллагаанд төлөөлөн оролцох эрхтэй албан тушаалтан, бид урьд нь энэ нөхцлөөр гэрээ байгуулан хамтран ажиллаж ирсэн гэж тайлбарласан.

Нотариатын зүгээс компанийг оролцуулан гэрээ байгуулах боломжгүй харин бэлдэж өгсөн гэрээний загвар төслийн дагуу иргэд хоорондын нөхцлөөр гэрээ байгуулах боломжтойг дахин тайлбарлаж, гэрээний төсөлд Б.Юг иргэний хувиар оролцуулж, хувийн байдлыг нь тодотгох зорилгоор түүний иргэний үнэмлэх нь дэх регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг болон “О-” ХХКомпаний захирлын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 001 дугаартай тушаалыг үндэслэж “О-” ХХКомпаний үйл ажиллагаа эрхэлсэн захирал гэж ажлын газар, албан тушаалыг тусгаж өгсөн. Хариуцагч Б.Ю нь зөвхөн 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ч бус, өмнө нь манай нотариат дээр удаа дараа ирж “О-” ХХКомпаний үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн гэрээ хэлцэл батлуулах, гэрээний төсөл боловсруулах, компаний баримт бичгүүдийн хуулбарыг баталгаажуулах зэргээр харилцаж байсан бөгөөд тухай бүртээ “О-” ХХКомпаний улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм зэрэг холбогдох баримт бичгүүдийг эх хувиар нь мөн тамга тэмдэг зэргийг авч явж хэрэглэж байсан тул нотариатч миний зүгээс Б.Югийн аливаа үйлдэл, үйл ажиллагаанд итгэлтэй хандаж нотариатын үйлчилгээ үзүүлсэн.

Талуудын дунд УН9974, УН5544 дугаартай 2 ширхэг экскаваторыг тус бүрт нь түрээсийн гэрээ хийж хоёр гэрээний төсөл боловсруулсан бөгөөд Б.Ө, Б.Ю нарын зүгээс нотариатаас бэлдэж өгсөн эх хувь дээр “О-” ХХКомпани гэж өөрчлөлт оруулан итгэмжлэл болон холбогдох баримтыг эргээд аваад ирье, гэрээг крмпани руу авч яваад тамга дараад ирье гэж хэлээд явсан боловч өнөөдрийг хүртэл эргэж ирэлгүй алга болсон. Б.Ө, Б.Ю нарын зүгээс гаргаж буй дээрхи үйлдлүүдээс хархад тэдний дунд байгуулагдсан 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн нотариатын Г-2386, Г-2387 дугаартай “Түрээсийн гэрээ”-нүүд нь Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцлийн хууль зүйн шинжийг агуулж байх бөгөөд хариуцагч Б.Ю нь Монгол Улсын Иргэний хуулийн 62, 63, 64 дүгээр зүйлүүдэд заасан төлөөлөх бүрэн эрхийг “О-” ХХКомпаниас түүнд олгоогүй байхад тус компанийг төлөөлөн бусад этгээдтэй гэрээ, хэлцэл байгуулсан нь хууль бус юм. Нөгөө талаар талуудаас тавьсан хүсэл зоригийг хүндэтгэж гэрээг баталгаажуулсаны дараа хариуцагч нарын гаргаж буй үйлдлээс шалтгаалж хуулийн дагуу явуулсан нотариатын үйлдэл нь хууль бус болох хууль зүйн үр дагавар үүсгэж байх тул нотариатын зүгээс хуульд заасан эрх ашгаа хамгаалах зорилгоор тухайн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргах зайлшгүй шаардлагатай болоод байна.

Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасаны дагуу хариуцагч Б.Ө, Б.Ю нарын дунд 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан нотариатын Г-2386, Г-2387 дугаартай “Түрээсийн гэрээ”-үүдийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Ю шүүхэд гаргасан тайлбартаа: Монголын Нотариатчдын танхимын Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч Бын надад холбогдуулан гаргасан “Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Миний бие “О-” ХХК-д 2017 оноос эхлэн ажиллаж, энэ үеэс “О-” ХХК-ийн Гаймгийн Ү-суманд байрлах эзэмшил, ашиглалтын “М-1" гэх нэртэй шороон ордны уурхайд “О-” ХХК-ийн уурхайн дарга Тийн Б-ийн удирдлага дор ажилладаг байсан. Миний бие 2017 онд “О-” ХХК-ийн захирал Ц.Н-ийн тушаалаар компанийн үйл ажиллагааг хариуцсан захирлын үүргийг гүйцэтгэж, “О-” ХХК-иас цалин хөлс авдаг байсан. Тус компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор компанийн баримт бичиг гэрчлүүлэх, гэрээнд компанийн төлөөлж гэрээний эрх зүйн харилцаанд оролцох, шороон ордны уурхайд шаардлагатай тоног төхөөрөмж, ажиллах хүчнээр хангуулах үүднээс компанийг төлөөлж бусад этгээдүүдтэй эрх зүйн харилцаа үүсгэдэг байсан. Иймээс “О-” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч нар зөвлөлдөж намайг 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 001 дугаартай захирлын тушаалаар “Үйл ажиллагаа хариуцсан захирал”-аар томилсон. Би компанийн үйл ажиллагаатай холбоотой баримт бичгийг хуулбарлуулах, гэрээ хэлцлийг гэрчлүүлэхээр нотариатын үйлчилгээг Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч Д.Б-аас удаа дараа авч байсан.

Н-ХХК нь Г-аймгийн Ү-суманд байрлах шороон ордныхоо уурхайд техник, механизм түрээслэхээр болж н.Ө гэх иргэний 2 эксковаторыг 2018 оны 4 дүгээр сард түрээслэн авч Д-ын уурхай руу явуулсан. Тухайн үед би уурхай дээрээ байсан бөгөөд экскаваторуудыг операторчдынх нь хамт хүлээн авч уурхай дээр ажиллуусан. 2018 оны 6 дугаар сарын 14-ны өдөр миний бие уурхайн асуудлаар компанийн удирдлагуудтай уулзахаар хот орсон бөгөөд компанийн захирал Ц.Н-, гүйцэтгэх захирал Х.В- нар намайг уурхай дээр ажиллаж байгаа эксковаторын эзэнтэй компаниа төлөөлж гэрээ хийгээрэй гэсэн үүрэг өгсөн. Тэгээд миний бие эксковаторын эзэнтэй компанийн оффис дээр анх уулзаж, гэрээний нөхцөлөө тохиролцож гэрээ хийх гэсэн боловч гэрээ нотариат дээр байгуулж баталгаажуулъя гэснээр эксковатор түрээслэх гэрээг нотариатч Д.Баар гэрчлүүлсэн. Гэрээний төслийг нотариатч боловсруулсан, боловсруулсан гэрээнд миний бие “О-” ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурсан. Би О-г төлөөлөх эрхээ нотариатчид үзүүлж урьд өмнө нотариатын үйлчилгээ авдаг байсан. Иймээс иргэн н.Ө, Н-ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр бус биш юм. н.Ө нь Н-ХХК-иас түрээсийн төлбөрөө авдаг байсан. Экскаватор хүлээлцэх актаа “О-” ХХК-тай үйлдсэн байдаг тул нэхэмжпэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч Б.Өийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, маргаан бүхий түрээсийн гэрээний зүйл болох эксковаторыг Н-ХХК нь 2019-4-р сараас эхлэн түрээслэн авч үйл ажиллагаандаа ашигласан, түрээсийн төлбөрийг Н-ХХК-иас түрээслэгч Өт төлж байсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н-ХХК шүүхэд гаргасан хүсэлт, тайлбартаа: Нотариатч Бын нэхэмжлэлтэй иргэн Б.Өт холбогдох түрээсийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай иргэний хэрэг танай шүүхээр хянан шйидвэрлэгдэж байна. Иргэн Б.Ө нь “О-” ХХК-ийг төлөөлөх эрхгүй иргэн Ю гэгчтэй байгуулсан түрээсийн гэрээг нотариат баталсан бөгөөд уг гэрээний үүргийг манай компаниас шаардсан. Үүнээс үүдэн манай эрх, хууль ёсны ашиг хөндөгдөж байгаа тул гуравдагч этгээдээр оролцуулж өгнө үү.

Манай компанийн зүгээс иргэн Б.Өтэй ямар нэгэн гэрээ байгуулаагүй бөгөөд гэрээ байгуулах итгэмжлэлийг Б.Ю гэх хүнд өгөөгүй. Уг гэрээнд “О-" ХХК-н үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Ю гэж тусгасан байх боловч манай компанид Б.Ю гэх хүн ажилдаггүй бөгөөд мөн Үйл ажиллагаа хариуцсан захирал гэх орон тоо ч үгүй юм. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна" гэж заасны дагуу “Н-ХХК”-ийг төлөөлөх эрх зөвхөн гүйцэтгэх захирал Ц.Н-т хадаглагдаж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д "хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл”, 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл" хүчин төгөлдөр байна гэж тус тус заасан. Ийнхүү тус компанийн ажилтан ч биш бөгөөд компанийг төлөөлөх эрхгүй этгээд болох Б.Ю нь Б.Өтэй түрээсийн гэрээ байгуулсан атал нотариатч Д.Б нь Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Нотариатч үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоохдоо түүний иргэний баримт бичиг, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг үндэслэх бөгөөд итгэмжлэл, төлөөлөл нь зохих ёсоор бүрдсэн эсэхийг шалгаж, шаардлагатай бол эрх бүхий байгууллагын тодорхойлолт, эсхүл тухайн хүнийг таних хоёр гэрчээр тодорхойлуулан тогтоож болно”, мөн хуулийн 46.4-т “Гэрээ, хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж байгаа бол төлөөлөгчийн бүрэн эрх, итгэмжлэл хуульд заасан шаардлага хангасан эсэхийг нягтална”, 46.5-т “Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хийж байгаа гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ түүнийг хуулийн дагуу төлөөлж байгаа этгээдийн эрх хэмжээ нь гэрээ, дүрэм, төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрт тусгагдсан эсэхийг шалгана” гэж заасныг баримтлан шалгах үүрэгтэй. Хэрвээ төлөөлөх эрхгүй этгээд байх аваас мөн хуулийн 31.1-т “Нотариатч дараахь тохиолдолд нотариатын үйлдэл хийхээс татгалзана”, 31.1.4-т “үйлчлүүлэгч нь эрх зүйн чадамжгүй, эсхүл төлөөлөх эрхгүй байвал” гэж заасны дагуу нотариатын үйлдэл хийхээс татгалзах ёстой байсан.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 171 дүгээр тушаалаар батлагдсан Нотариатын үйлдэл хийх зааврын ...5.5-д "Гэрээ, хэлцлийн агуулгыг хянах явцад хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн зэрэг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг агуулсан, гэрээ, хэлцлийг нотариатч гэрчлэхгүй" гэж заасныг тус тус зөрчин нотариатч Д.Б гэрчилсэн байна. Иймд нотариатч Д.Бын 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Г-2386, Г-2387 дугааруудад бүртгэгдсэн түрээсийн гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Б.Ө, Б.Ю нарт холбогдуулан тэдгээрийн хооронд 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан 99-74 УН улсын дугаартай автомашин түрээсийн гэрээ, 55-44 УН улсын дугаартай автомашин түрээсийн гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардсан /хх-1-3/.

 

Нэхэмжлэгч Д.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө бүрэн төлөөлөн оролцох эрхийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн бүртгэлийн 844 дугаартай итгэмжлэлээр Г.Мягмардоржид гурван жилийн хугацаатай /хх-37/, хариуцагч Б.Ө нь өөрийгөө бүрэн төлөөлөн оролцох эрхийг 2019-08-12-ны өдрийн итгэмжлэлээр Т.Ууганбаярт гурван жилийн хугацаатай /хх-14/ тус тус олгосон байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг Н-ХХК гаргаснаар шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ний өдрийн 183/ШЗ2019/12848 тоот захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд /хх-52/ тус компанийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд оролцуулснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн компанийг бүрэн төлөөлөн оролцох эрхийг 2019-10-31-ний өдрийн 1/133 дугаартай итгэмжлэлээр Н.Тд хоёр жилийн хугацаатай олгосон /хх-422/ байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Б.Ю нь “О-” ХХК-иас түүнд эрх олгоогүй байхад бусад этгээдтэй гэрээ, хэлцэл байгуулсан нь хууль бус, уг гэрээг баталгаажуулсан нотариатч би хуульд заасан эрх ашгаа хамгаалах зорилгоор тухайн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах зайлшгүй шаардлагатай гэж тодорхойлсон.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” бөгөөд нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх учиртай.

 

Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой тусгасан байхыг шаарддаг нь шүүх хөндлөнгийн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимтай холбоотой бөгөөд нэхэмжлэгчийн хүсээгүй зүйлийг шүүх шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар байхгүй.

 

Шүүх нэхэмжлэлийн үндэслэл гэдэгт нэхэмжлэгчийн шүүхэд хандах болсон бодит нөхцөл ба түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлсон байдаг тул нэхэмжлэлийн шаардлага нь тухайн үндэслэлд тулгуурлан нэхэмжлэгч шүүхээс юу хүсэж байгааг илэрхийлдэг тул нэхэмжлэлд нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг нотлох баримтын талаар тусгасан байхыг шаардахаас заавал хавсаргаж ирүүлэхийг шүүх шаардахгүй. Учир нь хэргийн оролцогчидод нотлох баримтыг цуглуулах, бүрдүүлэхийн тулд хуулиар хугацаа тогтоогдсон бөгөөд уг хугацааны дотор буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор хэрэг маргааныг шийдвэрлэнэ.

 

Харин нэхэмжлэгч өөрөө хариуцагчаа сонгож шаардлагын үндэслэлээ тодорхойлдог бөгөөд түүний сонгосон хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэж, татгалзаж байгаа тохиолдолд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгждэг тул нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар ...шаардлагын үндэслэлээ нотлох үүрэгтэй оролцоно.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Түрээслүүлэгч Б.Ө, түрээслэгч Н-ХХК-г төлөөлөн Б.Ю нарын хооронд 2018-06-16-ны өдөр байгуулсан УН99-47 улсын дугаартай, арлын NВ0210073 дугаартай, HYUNDAI RОВЕХ5000-LC7 маркын эксковатор, УН55-44 улсын дугаартай, арлын NB081033 дугаартай, HYUNDAI RОВЕХ5000-LC7 маркын эксковаторуудыг түрээслэсэн түрээсийн гэрээг нотариатч гэрчилж 2386, 2387 дугаарт бүртгэсэн байна /хх-5-6, 7-8/.

 

Харин хариуцагч Б.Өийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...гэрээ байгуулах өдөр Н-ХХК-ний Н-, В-, Баатарбилэг нар ярилаад тохиролцож хоёр эксковаторын түрээсийн гэрээг 2018-06-16-ны өдөр байгуулсан боловч уг хоёр эксковаторыг Н-ХХК нь 2018 оны 4-р сараас Д-ын уурхайдаа ашиглаж эхэлсэн байсан бөгөөд түрээсийн төлбөрт 110.000.000 төгрөгийг бэлнээр төлсөн байгаа. Харин актанд энэ компаний ажилтан Ю гарын үсэг зурсан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж байна” гэж татгалзсан тайлбар гаргасан боловч энэ талаар ямар нэгэн баримт гаргаагүй.

 

Хариуцагч Б.Ю нь ...би Н-ХХК-ний үйл ажиллагаа хариуцсан захиралаар ажиллаж, компаний удирдлагаас даалгасан ажлыг хийж, компаний захирал Н-, хувьцаа эзэмшигч В- нараас сар бүр дансаар цалин шилжүүлдэг, энэ компаний уурхайн ажилд зарцуулагдах төлбөр мөнгийг миний дансаар шилжүүлсэн байдаг. Гэтэл компаний хувьцаа эзэмшигч нар өөр хоорондын маргаан гаргасны улмаас би Н-ХХК-д ажиллаж байгаагүй мэтээр ярьж хэлээд байгаа. Н-ХХК-д холбогдох 5 хэрэг шүүхээр хянагдаж байгаа, энэ хоёр эксковаторыг түрээслээд аль эрт 4 сараас уурхайд аваачиж ашиглаж байсан. Ингээд намайг хотод ирсэн байхад Н-компаний удирдлага түрээсийн гэрээ хий гэснээр Өтэй гэрээ байгуулсан. Эксковаторыг Ө түрээслэн ажилуулахдаа өөрийнхөө операторчинийг бас ажиллуулдаг байсан, түрээсийн төлбөрийг Өт өгсөн гэх тайлбар гаргасан.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Н-ХХК нь нэг гишүүнтэй гэж ........... регистрийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн байх боловч  хувь нийлүүлэгч 1-ээр нэмэгдэж, үүсгэн байгуулагчийн тоо 2 болсон бүртгэл 2017-09-26-нд, Х.В-гыг гүйцэтгэх захиралаар томилсон бүртгэл 2017-12-05-нд, Ц.Н-ийг гүйцэтгэх захиралаар томилсон бүртгэл 2018-04-02-ны өдөр тус тус хийгдсэн /хх-41/, компаний дүрмэнд компаний үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийг Ц.Н-, Х.В- гэж /хх-64-69/ бичигдсэн байна.

 

Харин хариуцагч Б.Юг Н-ХХК-ний үйл ажиллагаа хариуцсан захиралаар томилсон тушаал 2018-04-02-ны өдөр 001 дугаартай гарч, захирал Ц.Н- гарын үсэг зурсан байна /хх-10/.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь хариуцагч Б.Юг өөрийн компаний ажилтан биш, компанийг төлөөлөх эрхгүй байхад гэрээ байгуулсан тул хүчин төгөлдөр бус гэх тайлбар гаргасан боловч энэ талаар баримт гаргаагүй, хариуцагч Ө нь түрээсийн гэрээг сүүлд нөхөж байгуулсан, 4-р сард эксковаторыг операторчний хамт Д-ын уурхай руу явсан, бэлнээр 110 сая төгрөгийг түрээсийн төлбөрт авсан талаар тайлбарласан боловч мөн энэ талаар баримт гаргаагүй байна.

 

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан баримт нь тус шүүхийн 2019-10-22-ны өдрийн 183/ШШ2019/02248 дугаартай Н-ХХК-ний нэхэмжлэлтэй, нотариатч Д.Бд холбогдох нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн шийдвэр байх бөгөөд уг шийдвэрээр зохигчийн маргааны зүйл болох 2018-06-16-ны өдрийн УН55-44, УН99-74 улсын дугаартай эксковаторыг түрээслэх түрээсийн гэрээг гэрчилсэн Д.Б нотариатчийн үйлдлийг хүчин төгөлдөр бусад тооцож шийдвэрлэснийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019-12-18-ны өдрийн 2136 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж,

мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т “зохигч ба хэргийн бусад оролцогч ...шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй” гэж тус тус заасан тул дээрх анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалаар тогтоогдсон үйл баримтын талаар шүүх дахин дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзнэ.

 

Түүнчлэн хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага нь тухайн хэлцэлд оролцогч талуудын хүсэл сонирхол бөгөөд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэдэгт тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгох бөгөөд хэлцэл хүчин төгөлдөр байх зайлшгүй нөхцөл болсон зөвшөөрөл олгох эрх үүрэг бүхий этгээд зөвшөөрөл олгосон эсхүл татгалзсан тухайгаа хэлцлийн талуудад нэгэн адил мэдэгдэнэ.

 

Тиймээс хэлцэл хүчин төгөлдөр бус болсноор түүний үр дагаварыг хэлцэлд оролцогч талууд харилцан тооцдог тул хэлцэл хүчин төгөлдөр бус байх нь тухайн хэлцлийг гэрчилсэн нотариатчийн эрх ашиг хөндөгдөн зөрчигдсөн гэж дүгнэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл болох зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байдаг уг хэлцлийн хэлбэрийг зөрчсөн хэлцлийг мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хүчин төгөлдөр бусд тооцож болно. Сонирхогч этгээд гэдэгт хэлцэл хийсэн тал эсхүл гуравдагч этгээдийн аль аль нь хамаарах боловч тухайн хэлцлийг хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу баталгаажуулсан нотариатчид хамаарахгүй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг тул мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар зохигчид бодит үнэнд нийцсэн тайлбар гаргах үүрэгтэй тул зохигчдын тайлбар өөрөө нотлох баримт болох хэдий ч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал үгүйсгэж байгаа тохиолдолд мөн үндэслэл, татгалзлаа нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 3.657.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8, 57 дугаар зүйлийн 57.3-т заасныг баримтлан хариуцагч нарын хооронд 2016-06-16-ны өдөр байгуулсан түрээсийн Г-2386, Г-2387 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн нэхэмжлэгч Балдан бэйс овогт Дашцэрэнгийн Б /ХЖ70062801/-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаарзүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Баас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3.657.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай                                                                

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                      Д.ЯНЖИНДУЛАМ