Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2022/00055

 

Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 130/ШШ2020/00126 дугаар шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 212/МА2020/00028 дугаар магадлалтай,

Б-ийн нэхэмжлэлтэй,

Х.А-т холбогдох,

7,484,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Аянбек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б нь Х.Ат холбогдуулан хохирол болох 7,484,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 130/ШШ2020/00126 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Хожагайны Аээс гэм хорын хохирол 7,484,400 /долоон сая дөрвөн зуун наян дөрвөн мянга дөрвөн зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1-р бүрэн дунд сургуульд олгож шийдвэрлэжээ.

3. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 212/МА2020/00028 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 130/ШШ2020/00126 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,700 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч Х.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 130/ШШ2019/00126 дугаартай шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн, 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 212/МА2020/00028 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгуулах тухай. Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар: 2016 оны 07 дугаар сард Казахстан улсын элчин сайд К.Масимов тус аймагт айлчлах үеэр манай сургуулийн үйл ажиллагаатай танилцаж зөөврийн компьютер, ном, сурах бичиг зэрэг эд зүйлс хандивласан. Тухайн үед нийтдээ 17 ширхэг Леново маркийн зөөврийн компьютер бэлэглэсэн ба энэ нь Казахстан улсын элчин сайдын яамны 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн тодорхойлолтоор нотлогддог. Гэтэл тус сургуульд ажиллаж байсан хэсэг хүмүүс нийтдээ 25 ширхэг компьютер ирсний зарим хэсгийг Х.А хувьдаа завшсан гэж миний эсрэг цагдаагийн байгууллагад гомдол мэдүүлж Цагдаагийн газраас надад хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, дараа нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Улмаар хэргийг шүүхэд шилжүүлж Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн шүүх 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар авч хэлэлцээд мөн өдрийн 2019/ШЗ/218 дугаартай захирамжаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан. Цагдаагийн газраас хэргийг дахин шалгаад Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 02- ны өдрийн 5/24 дүгээр тогтоолоор хэрэгсэхгүй болгосон. Миний хувьд 9 ширхэг компьютерыг хувьдаа завшсан асуудал байхгүй.Намайг зөвхөн гэрч нарын мэдүүлгээр 25 компьютер ирсний 9 компьютерыг завшсан гэж үзэж байгаа нь ямар ч үндэслэлгүй. Нийтдээ 17 ширхэг Леново маркийн зөөврийн компьютер бэлэглэсэн талаар Казахстан улсын элчин сайдын яамны 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн тодорхойлолтод тодорхой байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад зарим гэрч нар 25 ширхэг компьютер бэлэглэсэн гэж мэдүүлсэн боловч эдгээр нь шууд нотлох баримт биш дандаа дамжмал нотлох баримт байсан. Ихэнх гэрч нар 25 ширхэг компьютер хандивласан талаар хүмүүсээс сонссон гэж мэдүүлсэн. Тухайн үед 25 ширхэг компьютер ирснийг тоолж хүлээж авсан талаарх ямар ч нотлох баримт байхгүй. Ийм байхад анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр төлнө гэж заасан. Шүүхээс намайг буруутгаж учруулсан гэм хорыг заавал төлөх ёстой гэж үзвэл би адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх боломжтой. Гэтэл хэргийг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж миний адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх боломжийг шууд хааж зөвхөн мөнгөн дүнгээр төлүүлэх шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 130/ШШ2019/00126 дугаартай шийдвэр, Баян- Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 212/МА2020/00028 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч Бь нь Х.Ат холбогдуулан хохирол болох 7,484,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

7. Нэхэмжлэгчээс “...Х.А нь АСЕМ-ийн уулзалтын үеэр Казахстан улсын Ерөнхий сайдын тус сургуульд хандивласан 25 ширхэг Lenovo маркийн зөөврийн компьютероос 10 ширхгийг хувьдаа завшсан, ...10 ширхэг компьютероос 1 ширхгийг гаргаж өгсөн тул 9 ширхэг компьютерийн үнийг нэхэмжилнэ” гэж маргасан бол, хариуцагч Х.А нь “...зөөврийн компьютерийг хувьдаа завшсан асуудал байхгүй, уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаад хэргийг хэрэгсэхгүй болгосон...” гэсэн тайлбар гаргасан байна. 

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.  

9. Хариуцагчийн “...шүүхээс намайг буруутгаж учруулсан гэм хорыг заавал төлөх ёстой гэж үзвэл би адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх боломжтой. Гэтэл ...шүүх Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж миний адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх боломжийг шууд хааж зөвхөн мөнгөн дүнгээр төлүүлэх шийдвэр гаргасан нь хууль бус...” гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.   

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1-д гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр төлнө гэж тус тус заасан. 

11. Хоёр шатны шүүх хариуцагч Х.А нь нэхэмжлэгч Өлгий сумын 1-р сургуульд 7,484,400 төгрөгийн гэм хорын хохирол учруулсан нь тогтоогдсон гэж дүгнэн, хариуцагчаас 9 ширхэг компьютерийн үнийг гаргуулж  нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн байна.

12. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын прокурорын 2019.11.02-ны өдрийн 5/24 дүгээр тогтоолоор, Монгол улсад явагдсан АСЕМ-ийн уулзалтын үеэр, Казахстан улсын Ерөнхий сайд асан Карим Масимов Баян-Өлгий аймагт айлчлахдаа /2016 оны 7 дугаар сард/ Өлгий сумын 1-р сургуульд 25 ширхэг Lеnovo маркийн зөөврийн компьютер хандивласан, Х.А нь уг компьютероос 10 ширхгийг хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон боловч Эрүүгийн хууль /2002 оны/-ийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр, түүнд холбогдох 1813000430154 дугаартай эрүүгийн хэргийг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийн 24.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Уг тогтоолын 5 дахь заалтад “...Х.А хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар 10 ширхэг нөүтбүүкийн үнэ болох 8,316,000 төгрөг төлөхөөр байгаа боловч үүнээс 1 ширхэг нөүтбүүкийг өгсөн тул нэхэмжлэгч нь одоо 9 ширхэг нөүтбүүкийн үнэ болох 7,484,400 төгрөгийн төлбөрийг иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэйгэж дурджээ. 

13. Хариуцагчийн ...зөөврийн компьютерийг хувьдаа завшаагүй, уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаад хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж маргасан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан ...дээрх, прокурорын 2019.11.02-ны өдрийн 5/24 дүгээр тогтоол, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад баримтаар үгүйсгэгдсэн, түүнчлэн хариуцагч татгалзлаа нотолно хэмээн Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд К.Кобландинийн тодорхойлолтыг ирүүлсэн боловч уг баримт тухайн үед болсон үйл баримтыг нотлохгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв, шүүхүүд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлсэн гэж үзнэ.

14. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, тухайн маргаанд Иргэний хуулийн дээр дурдсан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 130/ШШ2020/00126 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 212/МА2020/00028 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.05.05-ны өдөр төлсөн 134,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ЭРДЭНЭСУВД

                                                         ШҮҮГЧИД                                                 Г.БАНЗРАГЧ                                                     

                                                                                                                 Б.МӨНХТУЯА

                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                         Д.ЦОЛМОН