Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 133/ШШ2019/00330

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

нэхэмжлэгч- Г.Б-н нэхэмжлэлтэй,

хариуцагч- Г.Г-д холбогдох,

нөхөн сэргээлтийн талбайд хууль бусаар олборлолт явуулахад туслахаар амалж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул шилжүүлсэн 13.000.000 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М /Ховд аймгаас онлайнаар/, хариуцагч Г.Г, түүний өмгөөлөгч Ж.Д /0865/, гэрч Н.Т, Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Б би эхнэр М.Ц-н хамт эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг “Мөнхбаян-Эрдэнэ” ХХК-ийг ажиллуулдаг. Манай компани байгаль орчны нөхөн сэргээлт хийх чиглэлээр Байгаль орчны яамнаас тусгай зөвшөөрөлтэй баруун аймгуудад нөхөн сэргээлтийн ажил хийсэн туршлагатай. Говь-Алтай аймгийн байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар хийгдэж буй гар аргаар ашигт малтмал олборлогч иргэдийн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн Есөнбулаг сумын Шаврын голын Зүрх толгойн урд салаа болон Хойд сайрт нийт 10 га газарт техникийн нөхөн сэргээлт хийх ажлын гүйцэтгэгчээр “Мөнхбаян-Эрдэнэ” ХХК шалгарсан. Улмаар манай компани Говь-Алтай аймгийн Байгаль орчны газартай 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, нөхөн сэргээлт хийх газрын хил заагийг тэмдэгжүүлэн, байгаль орчны хамгаалах, нөхөн сэргээх ажлын төлөвлөгөөг 6 дугаар сарын 13-нд батлуулснаар нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг эхэлсэн. Ажил гүйцэтгэх гэрээ болон ажлын удирдамжинд заасны дагуу техникийн нөхөн сэргээлтийн ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Засаг даргын А/226 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт актаар хүлээлгэн өгсөн. Есөнбулаг сумын Шаврын голын 10 га газрын нөхөн сэргээлтийн ажлын гэрээ байгуулах үед Г.Б миний урьдын танил Говь-Алтай аймгийн харьяат, улсын начин Г.Г тааралдаж, манай компанийн нөхөн сэргээлтийн ажилд орохыг хүссэн. Ингэхдээ Г.Г нь нөхөн сэргээх талбайн овоолсон шороог ухуулж, ашигт малтмал олборлуулах боломжоор хангана, би өөрөө ч ухна, намайг улсын начин Ганиа гэхээр Алтайд андахгүй, манай нам аймгаа удирдаж байгаа, миний сайн найз О.А аймгийн Засаг даргаар ажилладаг, намайг удахгүй Байгаль орчны газрын даргаар томилох тул асуудалгүй гэж итгүүлэн Г.Б надаас 13 сая төгрөг авсан. Үнэхээр ч Г.Г тухайн үед Говь-Алтай аймгийн Байгаль орчны газрын даргаар томилогдохоор хөөцөлдөж байсан. Гэвч 2014 оны сүүлээр Говь-Алтай аймгийн Биеийн тамир, спортын газрын даргаар томилогдсон байдаг. Гэтэл нөхөн сэргээлтийн явцад Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн хэлтэс, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын баруун бүсийн газрын Говь-Алтай аймаг дахь албатай хамтран 11 удаагийн хяналт шалгалтыг хийж шороо ухуулаагүй, Г.Г ч нөхөн сэргээлтийн талбайд шороо ухаж чадаагүй. Ингээд би Г.Г-д 13 сая төгрөгөө алдсан. Мөнгөө нэхэхээр манай эхнэр М.Ц Алтай хотод Г.Г-ийн гэрт очоод зодуулах шахаад ирсэн. Говь-Алтай аймгаас төрсөн улсын начин, сум орон нутагтаа нэр хүндтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргын найз, Ардчилсан намын гишүүн, аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагийн дарга болохоор хөөцөлдөж байсан Г.Г-н хэлсэн үг, үйлдэлд итгэж найдсан боловч эцсийн дүндээ Г.Г үндэслэлгүйгээр 13 сая төгрөгөөр хөрөнгөжиж би хохирч үлдсэн. Ингээд би 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Говь-Алтай аймгийн прокурорын газарт эрүүгийн журмаар хандсаны дагуу Говь-Алтай аймгийн цагдаагийн газраас Г.Гэд холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж, Г.Б би хохирогчоор тогтоогдон оролцож, шаардлагатай баримт материалыг гарган өгч, 13 сая төгрөгийн хохирлоо Г.Гээс нэхэмжилж мэдүүлэг өгсөн. Говь-Алтай аймгийн прокурор Б.Г 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 04 дүгээр хариу мэдэгдэх хуудсаар Г.Гийн үйлдэлд залилан мэхлэх гэмт хэргийн шинжгүй тул учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэсэн хариу ирүүлснийг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гардан авч Г.Б би хариуцагч Г.Гэд эрх зүйн үндэслэлгүйгээр хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн 13 сая төгрөгөө нэхэмжилж танай шүүхэд хандаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. Өмнө нь өмгөөлөгчөөр оролцож байсан. Манай үйлчлүүлэгч гадаад руу гарсан учраас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох шаардлагатай болсон. Нэхэмжлэлийн шаардлага бол хариуцагч Г.Г-ээс 13.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулах шаардлагаа бүрэн дэмжиж байгаа. Нэхэмжлэгч Г.Б-ийн эхнэр Ц гэдэг хүний компани 2014 онд Говь-Алтай аймгийн Байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр хийгдсэн Есөнбулаг сумын шаварын голын 10 га газрын нөхөн сэргээх тендерт шалгарч тухайн ажлыг хүлээлгэж өгсөн. Энэ үеэр нэхэмжлэгч Г.Б, Г.Гэд бэлнээр 2.000.000 төгрөг, дансаар 11.000.000 төгрөг өгсөн байдаг. Энэ 13.000.000 төгрөгийг шилжүүлсэн хоёр хүний хооронд хийгдсэн хэлцэл нь хууль зөрчсөн төдийгүй хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байгаа. Эдгээр хүмүүсийн хооронд болсон яриа хэлцэл нөхөн сэргээлтийн ажил, ашигт малтмалын олборлуулалтын ажил хийлгэх нь хууль бус хуульд нийцээгүй хэлцэл учраас энэ хэлцлийн үр дагаврыг ариулгуулъя, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн учраас 13.000.000 төгрөг гаргуулья гэсэн шаардлага гаргасан. Нэхэмжлэл дээрээ дурдсан байгаа учраас өөр нэмж хэлэх тайлбар байхгүй. Нэхэмжлэлээ дэмжиж гаргасан тайлбарыг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч, Г.Б гэдэг хоёр хүний хооронд хэлэлцсэн яриа хэлцэл бол тэр нөхөн сэргээлтийн талбайд дахиж ухан ашигт малтмал олборлуулна гэдэг яриа хэлэлцэл явагдаж, нэг нь ийм бололцоогоор хангана гэж 13.000.000 төгрөг өгсөн яриа хэлцэл явагдсан юм билээ. Г.Бийн эхнэрийн компани нөхөн сэргээх ажил хийж байхад нэхэмжлэгч Г.Б нөхөн сэргээлт хийгдэж байгаа талбайд олборлолт явуулах ийм бололцоогоор хариуцагч хангана гэж амлалт өгч 13.000.000 төгрөг шилжүүлсэн яриа хэлцэл явагдсан. 13.000.000 төгрөг нь нөхөн сэргээлтийн ажлын явцад ашигт малтмал олборлуулах бололцоогоор хангана гэж амлалт өгсөн учраас шилжүүлсэн, ашиг биш, нөхөн сэргээлтийн талбайн овоолсон шороог ухуулна. Ашигт малтмал олборуулна, би бас өөрөө ухна манай найзууд аймаг удирдаж байна гэж итгүүлээд 13.000.000 төгрөг авсан асуудал байгаа. 13.000.000 төгрөг өгсөн зорилго нь нөхөн сэргээлтийн талбайд ашигт малтмал олборлох бололцоогоор хангана гэсэн болзлын үүднээс буюу овоолсон шороог ухуулна гэж авсан. Тэгээд 13.000.000 төгрөг надаас ингэж залилж авсан гэдэг асуудлыг Говь-Алтай аймгийн Прокурорын газарт гомдол гаргаад гомдлыг нь эрүүгийн хэрэг үүсгэж шалгаад гэмт хэргийн шинжгүй гээд хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан байдаг. Тухайн нөхөн сэргээлт хийх явцад Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчны газар хяналт тавиад олборлолт явуулах бололцоо олдоогүй, тийм ажил хийгээгүй учраас 13.000.000 төгрөг залилуулчихлаа гэдэг гомдлыг гаргасан. Анхнаасаа энэ хоёр хүний хоорондох яриа хэлцэл нь хууль бус байсан. Хууль бусаар хөрөнгө шилжүүлсэн учраас тэрийгээ буцааж авья гэсэн шаардлага гаргаж байгаа гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Байгаль орчны газар байгаль орчны байцаагчаар 8 жил ажилссан, Г.Б гэдэг хүн нөхөн сэргээлтийн тендер авах гэсэн юм гэж манайд Э гэдэг хүнтэй нэг орой орж ирсэн. Би Ховдын багшийн дээд сургуулийг төгсөхөд Г.Б тракторын жолооч байсан тул таньдаг, харин түүний эхнэр, хүүхдийг танихгүй. Б Говь-Алтай аймагт Байгаль орчноос Шаварын голын нөхөн сэргээлт авах гэж байна. Нөхөн сэргээлт авахад туслаад өгөөч гэхэд нь тэгье гэж л хэлсэн. Тэр үед сонгуульд оролцох гээд Байгаль орчны газраас ажлаасаа гарсан байсан. Түүнээс биш энэ өмгөөлөгчийнх нь яриад байгаа шиг нөхөн сэргээлт хийх газарт хууль бусаар олборлолт явуулахаар туслана гэж намайг хэрэгтэн болгох гээд байна. Би тендерт нь туслаад өгье гэсэн болохоос өмгөөлөгчийнх нь хэлж байгаагаар алтыг ухаад өг хууль бусаар алт олборол би тэрийг чинь даая гэсэн аман гэрээ юу ч байхгүй. Г.Б намайг одоо надаар алт ухуулсангүй гэж байгаа. Би Байгаль орчинд ажиллаж байхдаа хууль бусаар алт олборлож байсан нинжа нартай тэмцэж байсан болохоос нөхөн сэргээлт хийлгэх гэж байгаа шаварын гол дээр очоод алтыг нь ухуулъя, чи манай нутгийн алтыг ух гэж хэлээгүй.

Мөн Г.Б нь Есөнбулаг сумын Шаврын голын 10 га газрын нөхөн сэргээлтийн ажлын гэрээ байгуулах үед Гтэй таарч энэ тендерт хамтарч ажилласан гэж буруу ташаа бичжээ. Үнэн нь уг гэрээг 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан. Харин 2014 оны 1-р сард Говь-Алтай аймгийн иргэн Э гэгчээр манай гэрийг заалган ирж надтай анх уулзаж байсан. Түүний гол зорилго бол энд таних хүнгүй болохоор миний нэр төрийг ашиглан манай аймагт нөхөн сэргээлтийн тендер авах бүх ажлыг хариуцуулах, авсны дараа мөнгө өгөх битгий хэл, хэл ам хийгээд өнгөрүүлэх бодолтой байсан юм билээ. Ингэж уулзсанаас хойш тендерийн ажилд оролцох, тендэрт ялах хүртэл өөрийн танил тал найз нөхөд бүхий л талаар хөөцөлдсөн. Хэрвээ би уг ажилд оролцоогүй бол Б уг тендерийг авах боломжгүй байсан талаараа ойлгож, ярьж байсан. Энэ хугацаанд хүү Б.Ц нь манай гэрт байж тендерийн бүхий л ажилд оролцож байсан ба үйл явцыг мэдэж байсан. 13.000.000 төгрөг гэж яриад байна. Надад 11.000.000 төгрөгийн баримт байгаа. тендерийн бүх бичиг баримтыг нь хөөцөлдөж, нөхөн сэргээлт авах гэж байгаа компанийн хүмүүстэй нь уулзаж зармыг нь татгалзуулж, заримтай нь хамтарч хийе гэж ярилцсан. Г.Б тэр орой манайд ирээд дараа нь хоёр удаа ирсэн. Эхнэрийг нь нэг удаа харсан. Миний данс руу шилжүүлсэн 11.000.000 төгрөгийг Г.Бийн хүү нь яаж зарцуулна гэсэн тэрний дагуу хүүгийнх нь өмнөөс зарцуулсан. Мөн техник трактор олж өгөөч гэсний дагуу би жижиг оврын хоёр трактор олж өгсөн. Нэг тракторын нь авахад Б өөрөө ирж авалцсан. Тэрний мөнгийг миний данс руу хийсэн мөнгөнөөс бэлнээр авч өгсөн энэ үед Б хамт байсан. Б Монгол хүн байна, муухай шүү дээ. Манай хүүхэд залуу хүн шүү найдваргүй гэх зүйл яриад л миний данс руу мөнгөө шилжүүлж байсан, эхнэр бид хоёр хүүхдийг нь өөрийн хүүхэд шиг санаад буудалд байгаад байхаар нь гэртээ авчирж байлгаад нөгөө мөнгөнөөс нь буудлын мөнгийг нь төлсөн, дараа нь өөрийн эзэмшлийн оюутанд хөлсөлдөг байрандаа энэ хэдэн хүмүүсийг байлгаж нөхөн сэргээлтийн ажлыг нь хийлгээд явуулсан. Тэр мөнгийг би зарцуулаагүй би данснаасаа авч өгөөд Г.Бийн хүү бүгдийг нь өөрөө зарцуулдаг байсан. Бийн өөрийнх нь хүсэлтээр тендер авахад хүмүүст урамшуулал өгөх, хүмүүсийг хоолонд оруулах, Б.Цын буудлын мөнгийг төлөхөд, өөрсдийнх нь хүсэлтээр М гэдэг хүнээс ковш авахаар болж өдрийн хөлс, жолоочийн хөлсийг 4 сая төгрөгөөр тохиролцсон ба мөнгийг бэлнээр би аваачиж өгсөн. АЗЗА-аас хутгадаг, түрдэг трактор авахаар болж түүний хөлс, шатахуунд 3 сая төгрөг өгсөн. Эдгээр байдлыг цагдаагаас шалгуулж дээрх хүмүүсээс байцаалт авсан, ийм маягаар түүний хэлснээр мөнгийг зарцуулсныг Б мэдсээр байж мөнгө нэхэмжлээд байгаад үнэхээр дургүй хүрч байна.

Гэтэл нөхөн сэргээлтийн ажил хийхээс гадна овоолсон шороо ухуулах, алтны үйлдвэрлэл явуулахаар хятадууд авчирсан байсанд би дургүйцэж анхнаасаа хятадууд ажиллуулна гэж тохироогүй, та нар хууль бус үйл ажиллагаа явуулж байна гэж удаа дараа хэлж хяналт шалгалтад баригдвал би хариуцахгүй гэж анхааруулсан. Эндээс эхэлж зөрчилдөж эхэлсэн. Хяналт шалгалтын явцад үйлдвэрлэл явуулж, хууль бусаар хятадууд ажиллуулж байсан нь баригдаад цаашид шорооноос ашиг олох боломжоо алдаад ирэхээрээ над руу дайрч эхэлсэн. Зохих газруудаас тэднийг ямар ч үйлдвэрлэл явуулах боломжгүйгээр тендерийн ажлыг гүйцэтгүүлсэн. Үүнээс хойш бүтэн 5 жил өнгөрсөн байхад ямар учраас хүний нэр төрд халдаж мөнгө нэхэмжлэх болов? Мөнгөө алдсан гэж үзсэн юм бол өнгөрсөн 15, 16 онуудад юу хийж чимээгүй явав гэх мэтээр гайхах зүйл багагүй байна. Г.Б надад 2 сая төгрөгийг бэлнээр өгч байгаагүй гэдгийг хэлмээр байна.

Г.Бийн нэхэмжлэлийн эсрэг хандах зүйл буюу надад учруулсан хохирлыг дурдахад би энэ хугацаанд Бтой таараагүй байсан бол өөрийн хүч хөдөлмөрт тохирсон орлого олох, ахуй амьдралдаа зарцуулах байсан. Миний нэр төрийг гутаан залилан хийсэн гэж цагдаагийн газарт шалгуулсан. Миний эзэмшлийн оюутануудад хөлсөлдөг байсан Оргил 13-1-10 тоот байрыг Бийн хүү Ц эхнэр 2 хүүхэд, ажилчдын хамт 6-10 сар хүртэл суусан боловч нэг ч төгрөг өгөөгүй, эд хогшил эвдлэн сүйтгэж бохирдуулсан, нөхөн сэргээлтийн ажил явуулах үедээ 2 ор, хөлдөөгч зэргийг авч ашиглаж байгаад өгөлгүй алга болсон гэх мэтээр хөрөнгө мөнгөөр үнэлбэл багагүй хохирол учруулаад явсан. Б надад ямар хохирол учруулснаа бодохгүйгээр өөрийн ашгийг эн тэргүүнд тавьдаг нь илт харагдаж байна. Би Бийг дуудан ирүүлж тендрийн ажилд татан оруулаагүй, түүнээс мөнгө зээлж болон залилж аваагүй ба бид хоёрын хооронд хүчин төгөлдөр бус хэлцэл хийгдсэн зүйл байхгүй бөгөөд надад шилжүүлсэн 11 сая төгрөгөөр Б нь өөрийнхөө ажлыг хөөцөлдүүлэх, нөхөн сэргээлтийн ажилд шаардлагатай тоног төхөөрөмж түрээслэн авахад зарцуулчихаад эцэст нь өөрсдийн санасан хэмжээнд ашиг олж чадаагүйдээ миний нэр төрийг гутаан доромжилж буйд асар их гомдолтой байна. Би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын хооронд тодорхой эрх, үүргийг үүсгэсэн, энэхүү шаардах эрх, хүлээх үүргийн агуулгыг тодорхойлсон, шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл болж буй харилцаа нь маргаантай эрх зүйн харилцаа гэж үзэх бөгөөд аливаа нэхэмжлэлийн шаардлага тодорхой үндэслэлтэй байдаг ба энэхүү үндэслэл нь маргаантай харилцааг тодорхойлох учиртай.

Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Г.Гэд холбогдуулан 13.000.000 төгрөгийг гаргуулахаар шаардсан шаардлагын үндэслэлээ нөхөн сэргээлтийн талбайд хууль бусаар олборлолт явуулахад туслахаар амалсан гэж,

13.000.000 төгрөгийг шилжүүлсэн хоёр хүний хооронд хийгдсэн хэлцэл нь хууль зөрчсөн, хуульд нийцээгүй учраас хэлцлийн үр дагаврыг ариулгуулах гэж,

үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үндэслэлээ тодорхойлсон тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд дэмжиж гаргасан /1-р хх-1-2, шүүх хуралдааны тэмдэглэл 4-6/.

Нэхэмжлэгч Г.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө төлөөлж оролцох бүрэн эрхийг 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн итгэмжлэлээр Б.М-д гурван жилийн хугацаатай олгосон /хх-104-105/ байх тул Б.М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч тул түүнд 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 14 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хуульд заасан зохих журмын дагуу 99433778 дугаарын утсаар мэдэгдсэн /2-р хх-78/ боловч шүүхэд ирж хэргийн материалтай танилцаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны баримтууд болон хариуцагчийн гаргасан тайлбар, баримтуудыг шүүгчийн туслахаас мэйлээр авч танилцсан, холбогдох баримтуудыг мэйлээр авч гарын үсэг зурж буцаан хүргүүлсэн талаар шүүх хуралдаанд тайлбарласан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар “...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох...” нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй.

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч онлайнаар шүүх хуралд оролцох хүсэлтээ шүүхийн мэйл хаягаар ирүүлснээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ыг онлайнаар шүүх хуралдаанд оролцуулсан /2-р хх-79/.                                                                                          

Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор 2014-05-15-ны өдөр Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар, “Мөнхбаян-Эрдэнэ” ХХК-ний хооронд байгуулсан Есөнбулаг сумын нутагт хууль бусаар ашигт малтмал олборлогч иргэдийн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орж орхигдсон газарт нөхөн сэргээлт хийж гүйцэтгэх ажлын гэрээ /1-р хх-4-6/, 2014-09-23-ны өдрийн эвдэрсэн газрыг нөхөн сэргээсэн тухай акт /1-р хх-7-8/, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014-09-24-ний өдрийн 08-04-018/03/153 дугаартай нөхөн сэргээлт хийсэн тухай дүгнэлт /1-р хх-9-10/, 2017-09-07-ны өдрийг Говь-Алтай аймгийн прокурорт гаргасан гомдлын хуулбар /1-р хх-11-12/, 2018-03-13-ны өдрийн Говь-Алтай аймгийн прокурорт гаргасан гомдлын хуулбар /1-р хх-13/, 2017-09-22-ний өдрийн 64 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоолын хуулбар /1-р хх-14/, 2018-11-22-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай мөрдөгчийн санал /1-р хх-15/, 2018-12-07-ны өдрийн 19/А дугаартай Говь-Алтай аймгийн прокурорын газрын прокурорын хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолын хуулбар /1-р хх-16-21/, 2019-01-11-ний өдрийн 04 дугаартай Говь-Алтай аймгийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас /1-р хх-22-23/ зэрэг баримтуудыг нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” тул нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх учиртай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой тусгасан байхыг шаарддаг нь шүүх хөндлөнгийн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимтай холбоотой бөгөөд нэхэмжлэгчийн хүсээгүй зүйлийг шүүх шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар байхгүй юм.

Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг тул мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар “зохигч гагцхүү бодит үнэнд нийцсэн тайлбар гаргах, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй” болно.

Хэргийн үйл баримтаар нэхэмжлэгч Г.Бийн эхнэр нь М.Ц болох нь, “Мөнхбаян-Эрдэнэ” ХХК-ний захирал болох нь, Говь-Алтай аймагт явагдах нөхөн сэргээлтийн ажил хийх тендерт дээрх “Мөнхбаян-Эрдэнэ” ХХК оролцож шалгарсан болох нь, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн нутаг Шаврын голын зүрх толгойн урд салаа болон хойт сайр нэртэй газруудад нөхөн сэргээлтийн ажил хийгдсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар, “Мөнхбаян-Эрдэнэ” ХХК-ний хооронд байгуулсан Есөнбулаг сумын нутагт хууль бусаар ашигт малтмал олборлогч иргэдийн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орж орхигдсон газарт нөхөн сэргээлт хийж гүйцэтгэх ажлын гэрээ /1-р хх-4-6/, эвдэрсэн газрыг нөхөн сэргээсэн тухай акт /1-р хх-7-8/, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014-09-24-ний өдрийн 08-04-018/03/153 дугаартай дүгнэлт /1-р хх-9-10/, 2014-04-03-ны өдрийн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл /1-р хх-214-215/, 2014-04-10-ны өдрийн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл /1-р хх-216-217/, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2014-04-15-ны өдрийн 1/569 дугаартай албан бичиг /1-р хх-221/, гэрээ байгуулах эрх олгох тухай санал /1-р хх-229/ зэргээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч Г.Б нь эхнэр М.Ц-н Ховд аймагт үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийг Говь-Алтай аймагт зарлагдсан нөхөн сэргээлтийн тендерт оролцож шалгарсан тул нөхөн сэргээлтийн ажлын гэрээ байгуулах үедээ урьдны танил улсын начин Г.Гтэй таарч компаний нөхөн сэргээлтийн ажилд орохыг хүссэн. Ингэхдээ Г.Г нь нөхөн сэргээх талбайн овоолсон шороог ухуулж, ашигт малтмал олборлуулах боломжоор хангана, би өөрөө ч бас ухна асуудалгүй гэж итгүүлэн 13 сая төгрөг авсан талаар нэхэмжлэлдээ,

2017-10-02-ны өдөр Ховд аймаг дахь цагдаагийн газарт ...би 1985, 1986 оны үед Ховд аймгийн багшийн сургуульд ажиллаж байсан, Г сурч байхад таньдаг болсон. Түүнээс хойш таарахгүй байж байгаад 2014 оны 02 дугаар сард байх Говь-Алтай аймгийн төвд явж Гтэй таархад та надад боломжтой бол мөнгө зээлээч гэж хэлэхээр нь урьд нь таньдаг юм чинь гээд 3 сая төгрөг бэлнээр өгсөн, ...нөхөн сэргээлт хийхээр тендер зарлагдаж Мөнхбаян-Эрдэнэ компани шалгарсан тул би ажлаа эхлэх гээд байж байтал Г таарч таниас авсан 3 сая төгрөгийг өгч чадахгүй юм байна, тантай хамтарч ажиллья, ...нөхөн сэргээлтийн ажлыг чинь хууль бусаар хийлгээд өгье надад одоо 15 сая төгрөг өгчих гэж хэлэхээр нь би итгээд 4 удаагийн үйлдлээр 11 сая төгрөгийг сүүлд 2 сая төгрөг гээд нийт 13 сая төгрөг шилжүүлж өгсөн. Түүнээс хойш ажлаа хийх гээд техникээ угсараад ажлаа хийх гэтэл Говь-Алтай аймгийн цагдаа, мэргэжлийн хяналт, байгаль орчны газраас болохгүй гээд хэлсэн чинь Гээс асуусан чинь за байж байгаараа гээд сүүлдээ утсаа авахгүй алга болсон. ...4 удаагийн үйлдлээр Гийн данс руу шилжүүлсэн, харин нэг удаа 2 сая төгрөг бэлнээр өгч байсан, нийлээд 13 сая төгрөг болж байна. Г авсан мөнгөнөөсөө эргэж төлсөн нэг ч мөнгө байхгүй, Гээс нэхэж байгаагүй, хүний ийм их мөнгө авсан хүн нэг өдөр өгөх байлгүй гэж бодоод өдий хүрсэн, Гээс мөнгө авах талаар хууль хяналтын байгууллагад хандаагүй, 13 сая төгрөгөө нэхэмжилж байна гэж хохирогчоор өгсөн мэдүүлэг /1-р хх-200-201/ зэрэгт зөрүүтэй байдлаар тайлбарлажээ.

Гэтэл хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Говь-Алтай аймагт зарлагдсан нөхөн сэргээлт хийх, ажлыг гүйцэтгэх үнийн санал ирүүлэх тухай урилга нь 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гарч /1-р хх-209/, үнэлгээний хорооны 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хурлаар “Мөнхбаян-Эрдэнэ” ХХК шалгарч /1-р хх-217-218/, Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар, “Мөнхбаян-Эрдэнэ” ХХК-ний хооронд Есөнбулаг сумын нутагт хууль бусаар ашигт малтмал олборлогч иргэдийн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орж орхигдсон газарт нөхөн сэргээлт хийж гүйцэтгэх ажлын гэрээ 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан /1-р хх-4-6/ байна.

Хариуцагч Г.Гийн эзэмшлийн Хаан банкны 5331018121 тоот дансанд 2014-02-14-ний өдөр Ц-с 3.000.000 төгрөг /1-р хх-102/, 2014-04-18-ны өдөр О-с 2.500.000 төгрөг /1-р хх-100/, 2014-05-19-ний өдөр О-с 500.000 төгрөг /1-р хх-101/, 2014-06-13-ны өдөр Ц-с 5.000.000 төгрөгийг /1-р хх-103/ тус тус нийт 11.000.000 төгрөгийг шилжүүлсэн байх тул нэхэмжлэгч Г.Бийн дээр гаргасан нөхөн сэргээлтийн ажлын гэрээ байгуулахаар Говь-Алтай аймагт ирсэн байхдаа хариуцагч Г.Гтэй таарсан гэх,

2014 оны 02 дугаар сард байх Говь-Алтай аймгийн төвд явж байгаад Гтэй таарч мөнгө зээлээч гэхэд нь урьд таньдаг гээд 3 сая төгрөг бэлнээр өгсөн гэх,

нөхөн сэргээлт хийх тендерт Мөнхбаян-Эрдэнэ компани шалгарч ажлаа эхлэх гэж байхад Г ирж таниас авсан 3 сая төгрөгийг өгч чадахгүй юм байна, хамтарч ажиллья, ...нөхөн сэргээлтийн ажлыг чинь хууль бусаар хийлгээд өгье гэж 4 удаагийн үйлдлээр 11 сая төгрөгийг сүүлд 2 сая төгрөг гээд нийт 13 сая төгрөг шилжүүлсэн гэх тайлбар, мэдүүлэг нь үндэслэлгүй байна.

Харин хариуцагчийн дээрх дансанд шилжүүлсэн мөнгөөр “Мөнхбаян-Эрдэнэ” ХХК нь тус аймагт зарлагдсан нөхөн сэргээлтийн ажлын тендерт оролцох, материал бүрдүүлэх ажиллагаа 2014 оны 02 дугаар сараас эхэлсэн, уг ажиллагааг хариуцагч Г.Г Говь-Алтай аймагт хариуцан ажилласан гэх тайлбар үндэслэлтэй гэж үзэхээр байна.

Учир нь Л.Т 2018-01-10-ны өдөр Говь-Алтай аймаг дахь цагдаагийг газарт ...2014 оны 5 сарын үед Г утсаар яриад уулзая гээд уулзахад гурван хүнтэй Улаанбаатар хотын дугаартай машинтай ирж уулзсан, нөхөн сэргээлтийн тендерийн талаар асууж туслаач гэхэд би тендерийн хороонд ажиллахаа больсон, туслалцаа үзүүлэх боломжгүй талаар хэлсэн, харин тендерт оролцохдоо ямар материал бүрдүүлэх болон ямар шат дамжлага дамждаг юу юу бүрдүүлэх талаар өөрийн мэдэх зүйлийг хэлж зөвлөгөө өгсөн, тухайн хүмүүсийг Г дагуулж явсан, тухайн хүмүүс Гийг дагуулаад байгаль орчны газраар нэлээн олон хоног явсан. Би бодохдоо нөхөн сэргээлт нэрийн доор хууль бусаар олборлолт хийх гэж байгаа хүмүүс байна гэж ойлгосон. Гийг дагуулаад туслалцаа аваад яваад байсан, нөхөн сэргээлт авах тендерийн ажилд нь Говь-Алтай аймагт бол Гийг тусалсан гэж бодож байна, ховдын хүн нь надтай уулзаж байхдаа тендерийн ажилд туслаад өгвөл зүгээр байхгүй, хөлс мөнгө өгөх яриа цухуйлгаад байсан ...гэх мэдүүлэг /1-р хх-129-130/,

Д.М 2018-05-11-ний өдөр Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газарт ...байгаль орчин аялал жуулчлалын газрын газар, газрын хэвлий ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлтийн ажил хариуцсан мэргэжилтэн гээд ...Мөнхбаян-Эрдэнэ компани нөхөн сэргээлтийн ажлын төлөвлөгөөг батлуулан үйл ажиллагаа эхэлхэд ямар нэгэн техник хэрэгсэл байгаагүй, техник хэрэгслээ олох гэж байна гээд яваад байсан, нэлээн хэсэг хугацаа өнгөрсөн, уг нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгүүлж, гүйцэтгэлийн хэрэгжилтийг тайлагнаж ажиллах үүргийг манай байгууллага авч ажилласан, 2014-06-13-ны өдөр газрын хил заагийг тэмдэгжүүлэн, техник хэрэгслээ олж үйл ажиллагааг эхэлсэн, 2014-06-19-нд хяналт шалгалтаар очиход гэрээний заалтаа зөрчиж, шимт хөрс хуулалт хийлгүйгээр паажуур төхөөрөмж ашиглаж олборлолт явуулж эхэлсэн байсныг газар нь таслан зогсоож байсан, 2014-06-24-нд дахин хяналт шалгалт хийхээр очиход хуурай аргаар алт олборлодог паажуур гэх техник хэрэгслийг нөхөн сэргээлт хийдэг талбайгаас гаргаагүй, эвдэрсэн гэх тайлбар хэлсэн, 2014-07-18-нд Мөнхбаян-Эрдэнэ компани нөхөн сэргээлтийн ажилд хятад иргэдийг ажилуулж байгаа талаар аман мэдээлэл ирсний дагуу шалгалт хийсэн, ...паажуураа нөхөн сэргээлтийн талбайгаас гаргаагүй байхад шаардлага тавиад буцсан, 2014-07-21-нд очиход хоёр ширхэг паажуураарр хуурай аргаар хууль зөрчиж алт олборлож байсан, ...удаа дараа шалгалт хийхэд байнга зөрчил илэрч байсан, тендерт шалгарч гэрээ байгуулсан урьдчилгаа мөнгийг шилжүүлсэн байсан тул арга буюу гэрээг цуцлалгүйгээр ажлыг нь хийлгэж дуусгаад хоёр тийшээ салж байсан. миний мэдэж байгаагаар нэг тркатор нь аймгийн хот тохижуулахын трактор гэж байсан, бас нэг трактор нь хаанаас ирж ажиллаж байсан талаар мэдэхгүй, 2 трактор, 2 паажуур төхөөрөмж байсан, Г ажил дээр ирж энэ хүмүүсийн ажлыг хөөцөлдөөд явж надад бол харагдаагүй, энэ тэр яриа тухайн үед яригдаж байсан, цаагуураа ямар байсныг мэдэхгүй ...гэх мэдүүлэг /1-р хх-151-152/,

Э.Н 2018-06-25-ны өдөр Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газарт ...намайг хяналт шалгалтаар хоёр удаа очиход Г ах тухайн компаний үйл ажиллагаанд ямар нэг байдлаар дэмжлэг үзүүлж байгаа бололтой тухайн газарт байдаг байсан, уулзаад асуухад энэ компаний захиралтай найз нөхөд гэл үү дээ, ...миний үзэж харснаар бол туслаж байгаа байдалтай байсан ...гэх мэдүүлэг /1-р хх-163-164/ нотлох баримтаар авагдсан байна.

Мөн хариуцагч Г.Гийн дансанд нэхэмжлэгчийн хүүхэд гэх Ц, О нараас мөнгө шилжүүлсэн, уг мөнгийг тендерт оролцох, хүмүүсийг хоолонд оруулах, нөхөн сэргээлтийн талбайд техник, тоног төхөөрөмж түрээслэн ашиглахад, нэхэмжлэгчийн хүүхэд болох Ц буудалд байрласан зардалд зарцуулсан талаар хариуцагч тайлбарлаж, шүүх хуралдаанд оролцсон гэрч Ц.М өөрийн ковш тракторыг ашиглуулан хөлсөнд 4 сая төгрөгийг Г болон Ховдоос ирсэн гэх хүнээс машинд сууж байхдаа авсан талаар өгсөн мэдүүлэгт нэхэмжлэгч тал үгүйсгэж маргаагүй.

Говь-Алтай аймагт зарлагдсан нөхөн сэргээлтийн ажлын тендерт “Мөнхбаян-Эрдэнэ” ХХК оролцсон байх бөгөөд нэхэмжлэгч Г.Б нь тухайн компанийг төлөөлөх эрхтэй болох нь эсхүл үүсгэн байгуулсан талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, Г.Б нь эхнэрийнхээ үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийг нөхөн сэргээлтийн ажил хийх явцад тухайн талбайд хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулахаар хариуцагч Г.Гтэй тохиролцсон, хууль бусаар ашигт малтмал олборлох боломжийг хангахаар амалсан учраас Г.Гэд мөнгө шилжүүлсэн нь хууль зөрчсөн хэлцэл тул хүчин төгөлдөр бус гэж шаардлагын үндэслэлийг тайлбарласан.

Тэгвэл хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндэслэл, үр дагаврын талаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлд тодорхойлсон бөгөөд хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцлийг хүчин төгөлдөр бус байхаар заажээ. Хууль зөрчсөн гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг ойлгоно.

Г.Бийг хууль бусаар ашигт малтмал олборлох нөхцөл боломжийг хангах үүргийг хариуцагч Г.Г хүлээсэн гэж үзвэл Г.Бийн хамаарал бүхий хуулийн этгээд нөхөн сэргээлтийн тендерт оролцоогүй, оролцох эсэх нь тодорхойгүй, тухайн нөхөн сэргээлтийн талаарх тендерийн урилга гараагүй байхад буюу 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ямар үндэслэлээр хариуцагчид 3.000.000 төгрөгийг Ц шилжүүлсэн болох нь, Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар нь “Мөнхбаян-Эрдэнэ” ХХК-тай 2014-05-15-ны өдөр ажлын гэрээ байгуулсан байхад 2014-04-18-ны өдөр ямар үндэслэлээр О-с хариуцагчид 2.500.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь ойлгомжгүй, тодорхойгүй байна.

Өөрөөр хэлбэл нөхөн сэргээлтийн ажлын тендер зарлагдаагүй, Мөнхбаян-Эрдэнэ ХХК нь нөхөн сэргээлтийн ажлын гэрээ хийгдээгүй байхад нэхэмжлэгчийн хүүхдүүд гэх Ц, О нараас хариуцагч Г.Гийн дансанд мөнгө шилжүүлсэнийг ямар зорилгоор хэрхэн юунд зарцуулахаар шилжүүлсэн гэх үйл баримтаа нэхэмжлэгч Г.Б өөрөө нотлоогүй,

Б.О нь 2017-12-08-ны өдөр Ховд аймаг дахь цагдаагийн газарт өгсөн мэдүүлэгтээ ...аав над руу залгаж Гийн данс руу мөнгө шилжүүл гэж хэлэхэд 2014-04-18-нд 2.500.000 төгрөгийг, 2014-05-19-нд 500.000 төгрөгийг шилжүүлсэн, ямар учраас аав Гийн данс руу мөнгө  шилжүүлэх болсон талаар мэдэхгүй, тухайн мөнгийг Г юунд хэрхэн зарцуулсан болон аав нөхөн сэргээлтийн тендерийн ажилд зарцуулсан талаар мэдэхгүй... гэж /1-р хх-137-138/,

Б.Ц нь 2017-12-07-ны өдөр Ховд аймаг дахь цагдаагийн газарт өгсөн мэдүүлэгтээ ...Г гэх хүнтэй аав 2014 оны 6 сард танилцуулж байсан, тендерт аав, ээж хоёр оролцсон байх, би сүүлд аавын ажилд туслахаар 2014 оны 6 дугаар сард Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын шаврын гол гэх газарт нөхөн сэргээлтийн ажил хийж гүйцэтгэсэн. Г тухайн нөхөн сэргээлтийн газарт асуудалгүй газар ухуулж, алт олборлуулна гэж байна гэж аав над руу утсаар ярьж 2014-02-14-нд 3 сая төгрөг, 2014-06-13-нд 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн, Гэд шилжүүлсэн 11.000.000 төгрөгнөөс тендерийн болон нөхөн сэргээлтийн ажилд зарцуулсан зүйл байхгүй, нөхөн сэргээлтийн зардлыг өөрсдөөсөө гаргасан, ...Говь-Алтай аймагт нөхөн сэргээлтийн тендерт оролцож авсан, уг тендерийг Г хүнтэй ярьж байж авч өгсөн гэж ярьж байхыг аавын ярианаас ойлгосон. Нөхөн сэргээлтийн ажил хийхэд ашигласан машин техникийг Ховд аймгаас нэг ковш, ачааны маяты маркийн тээврийн хэрэгсэл, гэр түрээслэсэн байсан, ямар үнээр хэнээс түрээслэсэн талаар аав сайн мэднэ... гэх /1-р хх-139-141, 142-144/ мэдүүлгийг тус тус өгсөн байна.

Г.Бийн дээр дурдсан хохирогчоор өгсөн мэдүүлэг, шүүхэд гаргасан тайлбар зэргээс үзэхэд хариуцагч Гэд эхлээд 3.000.000 төгрөгийг бэлэн өгч зээлдүүлсэн, дараа нь 4 удаагийн үйлдлээр 11.000.000 төгрөгийг шилжүүлж, 2.000.000 төгрөгийг мөн бэлнээр өгсөн, нэг ч төгрөг буцаан аваагүй тул 13.000.000 төгрөгийг нэхэмжилсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хохирогчоор өгсөн мэдүүлэгт дурдсанаар хариуцагчид 3.000.000 + 11.000.000 + 2.000.000 төгрөг гэж тооцвол нийтдээ 16.000.000 төгрөг болж байх бөгөөд дээрх мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй бол яагаад 13.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь, түүний нэхэмжлэлд дурдсан хууль бусаар ашигт малтмал олборлуулах боломжоор хангана гэж итгүүлэн 13.000.000 төгрөг авсан гэх тайлбар, мэдүүлэгүүд нь өөр хоорондоо зөрүүтэй байна.

Харин нэхэмжлэгч, хариуцагч нарыг уулзуулсан гэх гэрч Л.Э нь 2018-01-09-ний өдөр Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газарт ...Б 2014 оны өвөл 1 сар гарч байсан санагдаж байна, манай аймагт нөхөн сэргээлтийн ажил сонирхож ирсэн гээд гадуур явж шаргын нөхөн сэргээлт улсын начин Гийн нэр дээр байдаг талаар дуулсан байсан. Тэгж анх Г начингийн гэрийг сураглаж бид хоёр Г начны гэрт очсон. Тэнд очоод шарга сумын нөхөн сэргээлтийн ажлыг хариуцдаг, нөхөн сэргээлт дээр ажиллах талаар ярилцсан, мөнгө төгрөг дээрээ хоёулаа тохирч болох байхаа гээд салцгаасан. Түүнээс хойш дахиж энэ хоёр хүнтэй уулзаагүй, юу болсон талаар мэдэхгүй, гэтэл оны өмнө Б манайд ирээд хоноод явахдаа Гэд 10 гаран сая төгрөг өгсөн эргүүлж авч чадахгүй, ирж мэдүүлэг өгсөн талаараа ярьж байсан. Энэ хоёр хүн миний хажууд ганц удаа л уулзсан, шаврын гол, шарга сумын нутагт аль алинд нь нөхөн сэргээлт хийх талаар яриад байсан. 2014 оны 8 сард Б над руу залгаж нөхөн сэргээлт авсан шаврын гол гэх газарт байгаа гэж хэлэхээр нь нэг удаа очсон, ингэж очиход Бийн эхнэр хүүхэд ирчихсэн байсан. Хаанаас техник хэрэгсэл оруулж ирсэн талаар сонирхоогүй, нэг ковш, трактор энэ тэр харагдаж байсан. Энэ хоёр хүн миний хажууд уулзахдаа өр авлагын талаар яриагүй, удаан уулзаагүй байж байгаад тэр үед л уулзсан юм шиг байдалтай байсан ...гэх мэдүүлэг /1-р хх-125-126/,

Ц.М нь 2018-05-03-ны өдөр Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газарт ...2014 оны 6 сарын үед өмнө таних Г ирж тракторыг газар шорооны ажилд ажиллуулах гэсэн юм хэдэн төгрөгөөр тохирох талаар асуухад шатахууныг өөрсдөө хийгээд жолоочийн цалин өгнө гээд нийтдээ 4 сая төгрөгөөр миний ковшийг Г авч ажиллуулсан, надад хэлэхдээ нөхөн сэргээлтийн ажилд хэд хоног ажиллуулах талаар хэлсэн, хамт Ховдоос ирсэн гээд нэг хүн явж байсан, тэр хүнийг манай багш гээд хэлж байсан. би нэр усыг нь мэдэхгүй, өмнө зүс харж байгаагүй хүн байсан ...гэх мэдүүлэг /1-р хх-160-161/,

2019-10-18-ны өдрийн шүүх хуралдаанд ...Г гуйсан учир ковшийг зун өгч явуулсан, цаг хугацааг нь сайн санахгүй байна, хөлсөнд нь 4 сая төгрөг авсан, надаас авч явсан техникээ эвдлээд авчирж өгсөн, Г анх ирж уулзахдаа өөрөөсөө ахмад настай хүнтэй явж байсан, Гээс өгсөн 4 сая төгрөгийг жолоочийн цалин, шатахуун хувийн хэрэглээнд ашигласан, надад энэ мөнгийг бэлнээр өгсөн ...гэх мэдүүлэг /2-р хх-шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр талуудын хооронд хамтран ажиллах эсхүл Мөнхбаян-Эрдэнэ компанийг тендерт оролцох, материал бүрдүүлэх, тендерт ялах даалгаварыг хариуцагч Г.Г гүйцэтгэхээр тохиролцсон гэх хариуцагчийн үндэслэл тайлбарыг нэхэмжлэгч тал үгүйсгэж, маргаагүй бөгөөд нэхэмжлэгч Г.Б нь шүүхэд 2019-04-03-ны өдөр гаргасан тайлбартаа ...мөнхбаатар гэх хүнийг танихгүй, би Говь-Алтай аймгийн хот тохижуулахын дарга гэх хүнтэй уулзаж албаны ковшийг нь 3 хоног ажиллуулахаар бэлнээр 300.000 төгрөг өгсөн, уг ковш нь хүчин чадал муу байсан тул өдөртөө буцсан, би АЗЗА компаний шанагтай орос тракторын жолоочтой уулзаж, тохирч түлшний савийг нь дүүргээд талбайд очиход шороо ухаж хүчрэхгүй өдөртөө буцсан талаар /1-р хх-97-99/ дурдсан дээрх тайлбар, мэдүүлэг зэргээр зохигчдын хооронд хэлцэл хийгдсэн болох нь нотлогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар зохигчдын тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаарах тул хариуцагчийн шилжүүлсэн мөнгийг нөхөн сэргээлтийн ажлын тендерт оролцох, бичиг баримт бүрдүүлэх, хүмүүстэй уулзах, хоолонд орох, нөхөн сэргээлтийн ажлын техник, тоног төхөөрөмж түрээслэх, нэхэмжлэгчийн хүү Ц буудлын тооцоог хийхэд Г.Бийн хүсэлтийн дагуу түүний хүү Ц хамтаар захиран зарцуулсан тухай тайлбарыг үгүйсгэсэн, татгалзсан үндэслэл тайлбараа буюу тендерийн материал бүрдүүлж, хүлээлгэн өгөх ажлыг “Мөнхбаян-Эрдэнэ” ХХК гүйцэтгэсэн, нөхөн сэргээлтийн техник, тоног төхөөрөмжийг өөрсдийн зардлаар авчирч хөлс төлсөн талаарх болон хүү Ц нь Говь-Алтай аймагт буудалд байрлаагүй гэх тайлбар, татгалзлаа нэхэмжлэгч тал нотлоогүй гэж үзэхээр байна.

Учир нь нэхэмжлэгч өөрөө хариуцагчаа сонгож шаардлагын үндэслэлээ тодорхойлдог бөгөөд түүний сонгосон хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэж, татгалзаж байгаа тохиолдолд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгждэг тул нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар ...шаардлагын үндэслэлээ нотлосон баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй оролцоно.

Өөрөөр хэлбэл Г.Б Говь-Алтай аймгаас өөрөө трактор болон ковш олсон болон тухайн техник хэрэгслийн жолооч нартай харилцан тохиролцсон, ямар эх үүсвэрээр буюу хэнээс эсхүл өөрийн ямар данснаас хэдэн төгрөг гаргаж түрээслэн ажиллуулсан техник, хэрэгслийн жолооч нарт шилжүүлсэн эсхүл бэлэн өгсөн болохоо нөхөн сэргээлтийн ажилд Ховд аймгаас техник тоног төхөөрөмж түрээслэн ашигласан болон хөлс, төлбөрийг хэрхэн яаж төлсөн талаарх баримтыг гаргаагүй, тухайн тохиролцсон, ярилцсан гэх этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авахуулахаар хүсэлт гаргаагүй болно.

Шүүхээр хянан хэлэлцэгдэж буй асуудлыг тодорхой болгох буюу ямар нэг эрх зүйн үр дагаврыг бий болгох боломжтой мэдээлэл нь гэрчийн мэдүүлгийн агуулга байдаг тул хуульд маргаантай үйл баримтын талаар ач холбогдолтой байдлыг мэдэж байгаа этгээдээс буюу гэрчээс хэргийн оролцогчийн хүсэлтээр мэдүүлэг авахаар заасан бөгөөд зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлаа нотлохоор гэрчийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эрхтэй.

Нэхэмжлэгч тал шаардлагын нөгөө үндэслэлээ хариуцагч Г.Г үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж тайлбарласан. Иргэний хуулийн 492 дугаар зүйлд бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийн талаар зохицуулсан бөгөөд 492.1-д бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхийг мөн хуулийн 492.1.1, 492.1.2-т тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаар хөрөнгөө буцаан шаардах эрхийн үндэслэлийг хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон, үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай гэсэн хоёр тохиолдлын аль үндэслэлээр шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч тал тодорхойлсон нь тодорхойгүй, хөрөнгө олж авсан этгээд гэж маргааны зүйл болох эд хөрөнгө буюу мөнгө эзэмшилд нь байгаа этгээдийг ойлгох бол үүрэг гүйцэтгэгч этгээд гэж уг эд хөрөнгийг шилжүүлсэн этгээд байх бөгөөд хөрөнгө олж авсан болон үүрэг гүйцэтгэгч этгээдүүдийн хооронд гэрээний болон хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй байхыг үүрэг үүсээгүй гэж хэлнэ.

Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хөрөнгөө шилжүүлсэн гэдгийг хөрөнгийн эзэмшигч өөрийн хөрөнгийг мэдэж, эсхүл андуурч сайн дураар, нөгөө этгээдэд шилжүүлэн өгөх үүрэгтэй гэж ойлгон тухайн эд хөрөнгийг биет байдлаар эзэмших эрхийн хамт шилжүүлсэн байхыг ойлгохоор байх бөгөөд нэхэмжлэгч Г.Б, түүний хүүхдүүд болох Цэрэнжамц, Олонбаярт дээрх нөхцөл байдлын алин нь үүссэн болох нь эсхүл хариуцагч Г.Г хэрхэн яаж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зэрэг үйл баримт тогтоогдохгүй байна.

Харин анхнаасаа зорилгодоо хүрэх боломжгүй байсныг хөрөнгө шилжүүлсэн этгээд мэдэж байсан бол шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардаж болохгүй талаар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.4-т заасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Г.Гийн өмнө хүлээсэн үүрэггүй болохоо мэдэж байсан боловч хууль бусаар буюу нөхөн сэргээлтийн ажил хийх явцад ашигт малтмалыг хууль бусаар олборлох үйлдэл хийхэд туслана гэж найдаж мөнгө шилжүүлсэн боловч үр дагаварт хүрч чадаагүй тохиолдолд ийнхүү шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардаж болохгүй талаар мөн хуульчилсан.

Хэн нэгэн этгээд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байдаг ба иргэн Г.Б, М.Ц нар 2017-09-07, 2018-03-13-ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор хууль цаазын итгэмжит зөвлөхөд гомдол гаргасан талаарх баримт авагдсан байх боловч тухайн гомдлыг хэзээ хүлээн авсан талаарх бүртгэл байхгүй /1-р хх-11-13/, Г.Г гэх хүнд 2014 онд 13 сая төгрөгөө залилуулсан гэх гомдолд 2017-09-22-ны өдөр хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн /1-р хх-14/ байх боловч 2018-12-07-ны өдөр Говь-Алтай аймгийн прокурорын газар 19/А дугаартай прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлийн хэргийг хаасан /1-р хх-16-21/, Говь-Алтай аймгийн прокурорын газрын гомдол шийдвэрлэсэн мэдэгдэх хуудас 2019-01-11-ний өдөр гарснаар /1-р хх-22-23/ нэхэмжлэгч 2019-01-25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна /1-р хх-2/.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т “шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаарлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж заасан ба шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхлэн тоолохоор мөн хуулийн 76.4-т заасан.

Зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч Г.Б нь эхнэр М.Ц-н эрхлэн үйл ажиллагаа явуулдаг “Мөнхбаян-Эрдэнэ” ХХК-ийг Говь-Алтай аймагт зарлагдсан нөхөн сэргээлтийн тендерт оролцуулах, тендерийн бичиг баримтыг бүрдүүлэх болон уг тендерт шалгарах зорилгоор хариуцагч Г.Гтэй холбогдон дээрх тендерт оролцох, ялалт байгуулах буюу шалгарах, шалгарсан тохиолдолд тухайн нөхөн сэргээлтийн талбайд хууль бусаар ашигт малтмал олборлох талаар харилцан ярилцаж тохиролцсон буюу хамтран ажиллахаар тохиролцсон гэж үзвэл Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний гол нөхцлийн талаар талуудын хооронд тохиролцоо хийгдээгүй байна.

Иймд хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргээс дүгнэхэд Г.Б, Г.Г нарын хооронд хууль бусаар ашигт малтмал олборлох, ингэж ажиллах боломжийг хариуцагч хангахаар амалсан, үүрэг хүлээсэн гэх байдал,

хөрөнгө олж авсан гэх хариуцагч Г.Г болон мөнгөө шилжүүлсэн Б.О, Б.Ц, Г.Б нарын хооронд үүрэг үүсээгүй, дээрх этгээдүүд хөрөнгө буюу мөнгөө өөрөө мэдэж эсхүл андуурч сайн дураар, Г.Гэд шилжүүлэн өгөх үүрэгтэй гэж ойлгон шилжүүлсэн гэх үйл баримтууд нотлогдон тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн 2014-02-14, 2014-04-18, 2014-05-19, 2014-06-13-ны өдрүүдэд хариуцагч Г.Гэд мөнгө шилжүүлсэн Цэрэнжамц, Олонбаяр нараас нэхэмжлэгч Г.Бид дээрх төлбөрийг шаардах эрх олгосон болох нь, нэхэмжлэгч Г.Б нь 2.000.000 төгрөгийг бэлнээр Г.Гэд өгсөн болох нь мөн хэргийн үйл баримтаар нотлогдоогүй болохыг, хариуцагч нь өөрийн дансанд 11.000.000 төгрөг орсон болохыг уг мөнгийг Г.Б болон түүний хүү Цэрэнжамц нарын хүсэлтээр өөрийн данснаас бэлнээр гарган тендерт оролцох үйл ажиллагаанд зарцуулсан талаар хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасныг нэхэмжлэгч тал үгүйсгэж няцаагаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 222.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч талын хүсэлтээр авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 133/ШЗ2019/00238 дугаартай захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөрмөгц дуусгавар болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Г-д холбогдуулан гаргасан нөхөн сэргээлтийн талбайд хууль бусаар олборлолт явуулахад туслахаар амалж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул шилжүүлсэн 13.000.000 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн Б.Б-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 133/ШЗ2019/00238 дугаартай захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөрмөгц дуусгавар болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                     Д.ЯНЖИНДУЛАМ