Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 1218

 

 М.С, П.С, Б.Э нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

   прокурор Н.Энхболд,

хохирогч З.Н,

шүүгдэгч М.С, П.С, Б.Э нарын өмгөөлөгч Х.Шинэцэцэг,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 2019/ШЦТ/681 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч З.Н-н гаргасан давж заалдах гомдлоор М.С, П.С, Б.Э нарт холбогдох эрүүгийн 1805 03749 0841 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Ц овгийн М-н С, 19... оны ... дугаар сарын ..-ны өдөр ............. хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “И....” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, хүүхдүүдийн хамт .............. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .........../;

2. С овгийн П-н С, 19... оны .. дүгээр сарын ...-ны өдөр .............. төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторч мэргэжилтэй, “Х х” ХХК-д операторч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ................ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............./;

3. Б овгийн Б-н Э, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр .......... төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эмэг эх, ах, хүүхдүүдийн хамт ............... оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ........../;

Б.Э нь М.С-тай бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр ............дугаар байрны 39 тоот хаягтай 83.68 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны ........ дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг барьцаалан З.Н-с 40.000.000 төгрөгийг зээлж авсан боловч хуурамч бичиг баримт барьцаалж залилсан,

П.С нь М.С-тай бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр ............дугаар байрны 1004 тоот хаягт байрлах 72 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны ........... дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг барьцаалан, иргэн З.Н-с 35.000.000 төгрөгийг 10 сарын хугацаатай зээлж авсан боловч хуурамч бичиг баримт барьцаалж залилсан,

М.С нь ганцаараа 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ард” кино театрын орчим иргэн Ч.Э-с “Чех улсын визэнд орох гэж байна, банкны баталгаа хэрэгтэй байна” гэж 37.000.000 төгрөгийг дансаар авч залилсан,

Мөн Б.Э-тай бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр .......... тоот хаягтай, 83.68 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны Ү-2206012367, 000581604 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хуурамчаар үйлдэн, уг хуурамч гэрчилгээг барьцаалан З.Н-с зээлэх нэрийдлээр 40.000.000 төгрөгийг залилсан,

П.С-той бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр ..............тоот хаягт байрлах 72 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны ..............  дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хуурамчаар үйлдэн, уг хуурамч гэрчилгээг барьцаалан иргэн З.Н-с зээлэх нэрийдлээр 35.000.000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: М.С-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, П.С, Б.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос эрүүгийн 1805 0374 90841 дугаартай хэрэгт шүүгдэгч М.С-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож,

Б овгийн Б-н Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, С овгийн П-н С-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Ц овгийн М-н С-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч П.С-д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч М.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Э-т оногдуулсан 1.000.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд, шүүгдэгч П.С-д оногдуулсан 1.000.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд, шүүгдэгч М.С-т оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Б.Э, П.С, М.С нарт сануулж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч З.Н нь олох байсан ашиг, эд хөрөнгөөс хүртэх байсан үр шимийг Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хохирогч З.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Миний бие энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор тогтоогдсон бөгөөд энэ гэмт хэргийн улмаас надад учирсан нийт хохирол 127.470.000 төгрөгийг холбогдогч Б.Э, М.С, П.С нараас гаргуулахаар нэхэмжилж, өөрт байсан холбогдох баримтуудыг гаргаж өгсөн боловч шүүхийн шийтгэх тогтоолоор холбогдогч Б.Э, М.С, П.С нараас хохирол төлбөрт үндсэн зээл 75.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогч надад олгосноор миний олох байсан орлого, үр шимийг бодит хохиролд тооцохгүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Түүнээс гадна холбогдогч Б.Э, М.С, П.С нарыг гэмт хэргийн хохирлыг төлсөн гэж үзэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар ял, шийтгэл оноохдоо хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзсэн. Мөн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзсэнд гомдолтой байна. Учир нь, М.С, Б.Э, П.С нар нь 2 удаагийн үйлдлээр 75.000.000 төгрөг залилан авч, надад Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх хэсэгт заасан их хэмжээний шууд хохирол учруулсан.

Өөрөөр хэлбэл, Б.Э, П.С, М.С нар нь З.Н намайг залилан мэхлэх үйлдлийг хоёр удаагийн үргэлжилсэн шинжтэй үйлдлээр үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг гэмт хэрэг гэж үзэх үндэслэлтэй тул, тэдэнд оногдуулсан торгох ялыг хөнгөдсөн гэж үзэж байна. Миний олох байсан орлого, үр шимийг надад учирсан бодит хохирол биш гэж үзэж байгаад гомдолтой байна.

Мөн М.С-т холбогдох хуурамч бичиг баримт үйлдэж, ашиглах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ямар ч үндэслэлгүй зөвхөн М.С-н хуурамч мэдүүлэгт тулгуурлан шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймээс дээрх шүүхийн шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянаж М.С-т холбогдох хуурамч бичиг баримт үйлдэж, ашиглах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шийдвэрийг цуцлан уг үйлдэлд нь тохирох шийтгэлийг оноож, Б.Э, П.С, М.С нарт оноосон торгох ялыг дахин шалгаж, хохирогч З.Н надад төлөгдөөгүй хохирол болох 52.470.000 төгрөгийг нөхөн төлүүлж намайг хохиролгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.С, П.С, Б.Э нарын өмгөөлөгч Х.Шинэцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Зээлийн гэрээ байгуулсан үйлдэл нь гэмт хэрэг болсон учраас уг гэрээ нь хууль зөрчсөн буюу хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Ийм учраас хохирогч нь хүү, алданги авах эрхээ алдаж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирлын хэмжээг 75.000.000 төгрөг гэж тогтоосон. Шүүгдэгч нар уг хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Анхан шатны шүүх шүүгдэгч нарын хувийн байдал болон гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, М.С, П.С, Б.Э нарт торгох ял оногдуулсан, мөн хохирогч нь хүү, алдангитай холбоотой нэхэмжлэлээ иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

   Прокурор Н.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Прокуророос М.С-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг анхан шатны шүүх залилах гэмт хэргийн шинжид хамаарч байна гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүх хохирогч З.Н-д учирсан бодит хохирлыг тогтоож, шүүгдэгч нар хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Мөн анхан шатны шүүх З.Н-г энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон. Иймд хохирогч З.Н-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв. 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч М.С, П.С, Б.Э нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос М.С-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, П.С, Б.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, П.С нарт тус бүр 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч М.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохироогүй талаар хохирогчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн тухай ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заажээ.

Гэтэл М.С, П.С, Б.Э нарын үйлдлийн улмаас хохирогч З.Н, Ч.Э нарт нийтдээ 112.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учирсан байхад шүүх энэ нөхцөл байдлыг ял оногдуулахдаа харгалзан үзээгүй байна.

Түүнчлэн, прокуророос М.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг  анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдалд бодитой, үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр М.С-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн М.С, П.С, Б.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ торгох ялыг сонгож ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогч З.Н-н гаргасан давж заалдах гомдлоос “... ял шийтгэл хөнгөдсөн ...” гэсэн хэсгийг хүлээн авч, М.С, П.С, Б.Э нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин хохирогч З.Н-н гаргасан давж заалдах гомдлоос “... хохирол, төлбөрийг буруу тооцсон” гэсэн хэсэгт хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хохирлын илтэд хэмжээнээс зөрүүтэй буюу “1.000.000 нэгж” алдаатай бичсэнийг тэмдэглэвэл зохино.