Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/01467

 

 

Б.Төгөлдөрийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2020/00087 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 513 дугаар магадлалтай, 

Б.Төгөлдөрийн нэхэмжлэлтэй,

Э.Энхболдод холбогдох  

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 21,556,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Э.Энхболд, түүний өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ нарын хамтран гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Адъяахүү, хариуцагч Э.Энхболд, түүний өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Төгөлдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Адъяахүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Төгөлдөр нь 2019.01.12-ны өдөр Э.Энхболдоос 2015 онд үйлдвэрлэгдсэн, 2018.11 дүгээр сард Австралиас орж ирсэн, 38.000 км гүйлттэй гэх Тоёото клугер маркийн автомашиныг 73,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Авахдаа өөрийн Кроун маркийн машиныг 23,000,000 төгрөгөөр тооцож, Хас банкнаас 50,000,000 төгрөг зээлж авсан. Гэтэл Э.Энхболд нь ашиглалтын шаардлага хангахгүй, техникийн бүрэн бус тээврийн хэрэгсэл худалдсан нь ашиглалтын явцад мэдэгдсэн. Гүйлт 78.000 км байсныг 32.000 км болгож санаатайгаар ухраасан, 2018.08.03-ны өдөр орж ирсэн гэсэн боловч 11 дүгээр сард орж ирсэн, машины салон дуу чимээ ихтэй, урд таван бул дуугарсан, урд хоёр суудлын бүс 2016 онд үйлдвэрлэгдсэн машины бүстэй, хойд суудлынх нь 2014 онд үйлдвэрлэгдсэн өөр машины суудалтай, урд хүрдний аппарат гажиж дуу орсон, хамгаалалт нь унасан, урд крыло, урд хаалга, урд хойд хаалга, баруун хаалга будагтай байсан. Ингээд Таван богд ХХК-ийн оношилгооны төвд оношлуулахад маш ноцтой тээврийн осолд орсон болох нь тогтоогдсон. Урд, доод булнууд эвдрэлтэй, баруун бул хятад булаар сольсон, бүх ослын дэрийг ажиллагаагүй болсон, дээрх мэдээллийг мэдээлэх үүрэгтэй гэрлүүдийг унтрааж хүний амь насанд аюултай үйлдлийг хийсэн байсан. Агааржуулагч А/С мөргөлтөөс үүдэлтэй механик гэмтэлтэй, ажилладаггүй, шил арчигч шингэний сав мөргөлтөөс үүдэлтэй гэмтэлтэй, урд суудлууд хөдөлгөөнтэй, бүх суудлууд өөрчлөлттэй, эсхүл эвдрэлтэй, дугуйн боолт дутуу, баруун болон хойд хаалгуудыг сольсон, аккумльятор сольсон гэх дүгнэлтүүд гарсан. Энэ машины гэмтэл сүүлд мэдэгдсэн учраас Э.Энхболд руу ярьж буцаая гэхэд эхэндээ зөвшөөрч байсан ч сүүлдээ утсаа авахаа больсон. Ингээд 2019.06.27-ны өдөр Г.Баяррагчаа гэдэг хүнд 55,000,000 төгрөгөөр зарахад тэрээр эргээд 2019.07.03-ны өдөр энэ машин эвдрэлтэй байна гэж буцаасан. Энэ машины талаар судлахад Австралийн Засгийн газар, Австралийн Санхүүгийн Аюулгүй байдлын удирдах газрын серийн дугаар хайлтын гэрчилгээнд тусгагдсан дүгнэлтээр ашиглаж болохгүй, сэргээн засварлах боломжгүй гэмтэлтэй, замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон буюу сэлбэгээр хэрэглэх машин байсан. Э.Энхболдын гэрийн гадаа Б.Төгөлдөр өмгөөлөгчийн хамт машинаа буцааж ав, цаашаа хүнд зарсан чинь хэл ам болоод байна гэж хэлэхэд өө тийм үү, би яаж ийж байгаад буцааж авъя гэж хэлээд, хэлсэн үгэндээ хүрч машиныг Г.Баяррагчаагаас буцааж авсан. Буцааж авсан үндэслэл нь машины биет байдлын доголдол буюу эвдрэл гэмтэл байсан. Хүнд осолд орсны улмаас үүссэн гэмтлийг өнгөлөн далдлалтын хэлбэрээр зассан, үүнийгээ хариуцагч зөвшөөрсөн учраас машинаа буцааж авсан. Иймд хариуцагч нь биет байдлын доголдолтой, эвдрэл гэмтэлтэй машин зарсан учир Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар 73,000,000 төгрөгөөс буцаан авсан 55,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 18,000,000 төгрөг болон авто машин худалдаж авахад гарсан зардал болох банкнаас авсан зээлийн шимтгэл 500,000 төгрөг, даатгал, татвар, оношилгооны зардалд 816,000 төгрөг, банкнаас авсан зээлийн хүү 4,240,000 төгрөг, нийт 23,556,000 төгрөгийг нэхэмжилсэн. Автомашинаа 23,000,000 төгрөгт биш 21,000,000 төгрөгт тооцож өгсөн тул тус шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 2,000,000 төгрөгөөр багасгаж байна гэжээ. 

Хариуцагч Э.Энхболд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий автомашин шинэ биш, 2015 онд үйлдвэрлэгдсэн 30.000 гаруй км явсан. Автомашиныг 67,320,000 төгрөгөөр зарж, үүнээс 3,000,000 төгрөгийг Б.Төгөлдөр буцааж авсан. Нийт машины зарагдсан үнэ 64,320,000 төгрөг, үүнээс 18,000,000 төгрөгт нь машин бартердаж, үлдэгдлийг нь банкны зээлээр худалдаж авсан. Энэ машины эвдрэл гэмтлийн талаар Б.Төгөлдөр Э.Энхболдод огт ярьж байгаагүй. Харин нэг зүйлийг нь солиод өг гэсэн тул түүнийг нь сольж өгөхөөр ярилцсан. Мөн Б.Төгөлдөр өндөр хүүтэй банкны зээл авсан хэцүү байна, 55,000,000 төгрөгөөр буцаагаад авчих гэсэн зүйл ярьж, тухайн үед Э.Энхболд мөнгөгүй байна гэх хариултыг өгсөн байдаг. Энэ маргаан 1999 онд батлагдсан Авто тээврийн тухай хуулиар шийдэгдэнэ. Монгол Улсад Авто тээврийн тухай хуулиар авто тээврийн үзлэг, оношилгоо, авто тээврийн стандартыг зохицуулдаг. Худалдах-худалдан авах гэрээгээр эд хөрөнгийн тавигдах шаардлага нь зориулалтын дагуу ашиглах боломжтой хөрөнгийг биет байдлын доголдолгүй хөрөнгө гэж үздэг. Э.Энхболд зориулалтын дагуу ашиглах боломжтой эд хөрөнгийг Б.Төгөлдөрт шилжүүлэх үүрэгтэй. Энэ машин авто тээврийн үзлэг оношилгоогоор 2 удаа орчихсон. Авто тээврийн хуулийн 18 дугаар зүйлд зааснаар Авто тээврийн стандартыг Монгол Улс өөрөө тогтоодог, гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч Австралийн стандартыг яриад, үүнийхээ дагуу биет байдлын доголдол гэж яриад байгаа нь үндэслэлгүй. Авто тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.17-д тээврийн хяналтын үзлэг гэж авто тээврийн хэрэгслийн техникийн байдлыг тусгай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж ашиглан оношлогчийн мэргэжлийн ур чадвар, дадлага туршлагад тулгуурлан стандартыг хангаж байгаа эсэхэд үзлэг оношилгоо хийж, хангаж, үнэлэх үйл ажиллагаа гэж заасан. Монгол Улсын байгууллага энэ тээврийн хэрэгслийг Монгол улсын стандартыг хангаж байгаа эсэхийг 2 удаа үзэж тогтоосон. Энэ машиныг Б.Төгөлдөр худалдаж авснаас хойш 2019.06 дугаар сар хүртэл унаж байгаад Г.Баяррагчаад зарсан. Унаж байх хугацаандаа 2019.05.03-ны өдөр дахин үзлэгт оруулахад Монгол улсын стандартыг мөн хангасан. Тэгэхээр Иргэний хуульд заасан биет байдлын доголдолгүй гэдэг нь тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн интернетээс хуулбарлаж өгсөн баримт Монгол Улсын стандарт биш, бас хаанаас хэвлэж гаргаж ирсэн болохыг мэдэхгүй тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн Иргэний хуулийн 256 дугаар зүйлийг үндэслэн шаардаж байгаа боловч Б.Төгөлдөр болон Э.Энхболд нарын хоорондын харилцаа биш, Э.Энхболдоос Б.Төгөлдөр худалдаж аваад Г.Баяррагчаад зарсан зэрэг тусдаа бие даасан хэлцлүүд явагдаж байна. Тэгэхээр Б.Төгөлдөр болон Э.Энхболдын хооронд худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн, төлбөр тооцоогоо аваад дууссан. Э.Энхболд Г.Баяррагчаагаас машиныг худалдаж аваад мөнгийг шилжүүлсэн тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй гэжээ.  

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Баяррагчаа шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2019.06 дугаар сард фэйсбүүкийн зарын дагуу мэдээлэл авч, уг машиныг сонирхож үзэхэд машины хойно тачигнасан чимээ гарч, мөн кондишн нь халуунаар үлээж байсан. Үүнийг Б.Төгөлдөрт хэлэхэд хойно сул зүйл дуугарч байгаа байх гээд кондишнийг оролдож байгаад халуунаар үлээж байна, зүгээрээ гэсэн худал тайлбар өгсөн. Маргааш нь бид дахин уулзалдахад манай машинд ямар нэгэн асуудал огт байхгүй. Бид саяхан Дархан руу шороон замаар яваад ирсэн. Банкны асуудалтай, хямдхан зарж байгаа гэж тайлбарлаж байсан. Ингээд бид 55,000,000 төгрөгөөр худалдаж авах ажиллагаа хийж, төлбөрийг төлөн машины эзэмшигчийн нэрийг миний нэр дээр шилжүүлсэн. Үүний маргааш бид Говьсүмбэр аймаг руу Налайхын шороон замаар зорчин явахад тоос шороо арын хаалгаар орж, арын хаалга онголзож, кондишн халуунаар үлээж, машины урд доод хэсэгт дуу гарч байсан. Бид Чойроос цааш шороон замаар зорчих байсан боловч уг асуудлаас болж Улаанбаатар руу буцаж, шөнөдөө Б.Төгөлдөртэй холбогдож асуудлыг тайлбарлахад тийм зүйл байхгүй, зүв зүгээр машин гэж тайлбар өгсөн. Бид ярилцсаны эцэст маргааш нь уулзалдаж, уг асуудлуудыг өөрт нь харуулахад надад буцааж өгөх мөнгө байхгүй, банканд бүх мөнгөө өгсөн, та хоёр машинаа засуулчих, тэгээд дараа нь гарсан төлбөрийг хувааж, талыг нь өгье гэсэн. Ингээд бид машины арын хаалганы дуу чимээг өөрсдийн зардлаар засуулсан. Гэвч кондишний асуудлыг олон газарт үзүүлсэн боловч засуулж чадаагүй. Ингээд Таван богд моторсд оношилгоо хийлгэхэд мөргөлдсөн, аюулгүйн дэрүүд ажилласан гэх дүгнэлт гарсан. Б.Төгөлдөрт үзүүлж бид ийм бүрэн бус тээврийн хэрэгсэл авахгүй, буцаана гэх шаардлага тавьсан. Б.Төгөлдөр өөрт нь зарсан хүнтэй холбогдож хохиролгүй болгож өгнө гэсэн. Хэсэг хугацаа өнгөрсний дараа Э.Энхболд гэж хүн бидний хохирлыг барагдуулна гэж гарч ирж, 55,000,000 төгрөгийг нөхөр бид хоёрт шилжүүлж дууссаны дараа бид тээврийн хэрэгслийг Э.Энхболдын нэр рүү шилжүүлж, уг асуудал дуусгавар болсон. Би эдгээр хүмүүсийг хэнийг ч хохироогоогүй, мөн хэнд ч гомдолгүй учир уг асуудлыг миний оролцоогүй шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2020/00087 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Энхболдоос 21,056,000 төгрөгийг гаргуулан Б.Төгөлдөрт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275,730 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 263,230 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 513 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2020/00087 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...хариуцагч Э.Энхболдоос 21,056,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Төгөлдөрт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож гэснийг ...хариуцагч Э.Энхболдоос 16,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Төгөлдөрт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,556,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дах заалтын хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 263,230 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож гэснийг хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 237,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.  

Хариуцагч Э.Энхболд, түүний өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ нар хяналтын журмаар хамтран гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх ...Э.Энхболд зориулалтын дагуу ашиглах боломжтой автомашиныг хүлээлгэн өгсөн гэх тайлбараа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй... гэж дүгнэсэн. Э.Энхболд нь зориулалтын дагуу ашиглах боломжтой, Монгол Улсын тээврийн хэрэгслийн стандартыг хангасан автомашиныг худалдсан нь дараах баримтаар нотлогдож байхад шүүх хариуцагчийн гаргаж өгсөн баримтыг үнэлээгүй. Э.Энхболд, Б.Төгөлдөр нар маргаан бүхий автомашины наймааг 2019.01.11-ний өдөр хийж, тус өдөр улсын үзлэг оношилгоонд оруулж, автомашиныг хүлээлгэж өгсөн байдаг. Энэ нь Тоёота клугер маркийн УБГ-2289 улсын дугаартай автомашины гэрчилгээний хуулбараар нотлогдоно. Мөн хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нгүүхийн шүүгчийн Нотлох баримт гаргуулах тухай 2019 оны 11 сарын 20-ны өдрийн 183/Ш32019/13666 дугаартай захирамжийн дагуу Автотээврийн үндэсний төвөөс 2019.12.09-ний өдөр 3/3750 дугаартай албан бичиг ирсэн ба түүний хавсралт Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас-нд зааснаар тухайн маргаан бүхий Тоёота клугер маркийн УБГ-2289 улсын дугаартай автомашин нь Монгол Улсын стандартыг хангасан нь тодорхой харагддаг. Хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудасны Үзлэгийн дүн гэсэн хэсгийн тэнцсэн эсэх гэсэн хэсэгт тийм тэмдэгтэй байна. Мөн тус үзлэгийн хуудасны хамгийн доод талын хэсэгт + тэмдэгтэй бол стандарт хангасан, 0 тэмдэглэгээтэй бол стандарт хангаагүй гэсэн тайлал байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүхийн шүүгч нь энэ үзлэгийн хуудсанд байгаа тайллыг тайлж уншиж чадаагүй, стандарт хангаагүй гэсэн тэмдэглэл байна гэж будлисан. Бусад шүүгч нарт буруу ойлголт өгсөн. Нэхэмжлэгч Б.Төгөлдөр нь өөрөө тухайн автомашиныг 2019.05.03-ны өдөр улсын үзлэг оношилгоонд оруулж шалгуулан Монгол Улсын тээврийн хэрэгслийн үзлэгт оношилгоонд тэнцсэн тухай тэмдэглэгээ даруулсан байдаг. Энэ нь мөн Тоёота клугер маркийн УБГ-2289 улсын дугаартай автомашины гэрчилгээний хуулбараар нотлогдоно. Гуравдагч этгээд Г.Баяррагчаагийн тайлбарт ...Б.Төгөлдөр нь манай машинд ямар нэг асуудал байхгүй, бид банкны асуудалтай хямдхан зарж байгаа юм гэж надад хэлсэн ... гэсэн тайлбар байдаг. Гэтэл хоёр шатны шүүх хариуцагчийн гаргаж өгсөн баримтад үнэлэлт өгөөгүй атлаа нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтыг илүүд үнэлж, хариуцагчийг зориулалтын дагуу ашиглах боломжтэй тээврийн хэрэгсэл худалдсанаа нотлоогүй байна гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хууль буюу Автотээврийн тухай хуулийн 3.1.17,17.4, 18.1 дэх хэсгүүдийг хэрэглээгүй, тээврийн хэрэгсэлтэй холбоотой маргааныг шийдвэрлэж байгаа атлаа Автотээврийн тухай хуулийг хэрэглэсэнгүй. Автотээврийн тухай хуулийн 3.1.17 дах заалтад техникийн хяналтын үзлэг гэж автотээврийн хэрэгслийн техникийн байдлыг тусгай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж ашиглан, оношлогчийн мэргэжлийн ур чадвар, дадлага туршлагад тулгуурлан, стандартын шаардлагыг хангаж байгаа эсэхэд үзлэг хийж шалгах, тодорхойлох, үнэлэх үйл ажиллагааг хэлнэ гэжээ. Автотээврийн тухай хуулийн 18.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улс нь тээврийн хэрэгсэлд тавих өөрийн гэсэн стандарттай билээ. Тухайн маргааны зүйл болох Тоёота клугер маркийн автомашин нь Монгол Улсын техникийн хяналтын үзлэгээр 2 удаа буюу 2019.01.11-ний өдөр, 2019.05.03-ны өдөр тус тус орж тэнцсэн байдаг. Өөрөөр хэлбэл Монгол Улсын тээврийн хэрэгслийн стандартыг бүрэн хангасан байна. Мөн Э.Энхболд нь тухайн үед ямар нэг доголдолгүй автомашиныг Б.Төгөлдөрт хүлээлгэж өгсөн, Б.Төгөлдөр нь 2, 3 удаа үзэж байгаад авсан талаар тайлбар гаргадаг. Э.Энхболд нь гаалиар орж ирсэн, улсын дугаар аваагүй автомашиныг Б.Төгөлдорт худалдсан. Автотээврийн тухай хуулийн 17.4. дэх хэсэгт зааснаар ашиглагдаж байгаад импортоор орж ирсэн тээврийн хэрэгслийг техникийн оношилгоонд оруулж, стандартын шаардлага хангуулсны дараа улсын бүртгэлд бүртгэж, дугаар олгодог. Энэ хуулийн зохицуулалтын дагуу маргааны зүйл болох Тоёото клугер маркын автомашиныг 2019.01.11-ний өдөр Б.Төгөлдөр болон Э.Энхболд нар хамтдаа явж улсын үзлэг оношилгоонд оруулж улмаар 22-89 УБВ гэсэн дугаарыг авсан байдаг. Гэтэл анхан шатны шүүх зөвхөн нэхэмжлэгчийн тайлбар болон Г.Баяррагчаагийн тайлбараар тээврийн хэрэгслийг доголдолтой гэж үзсэнд гомдолтой байна. Шүүх тээврийн хэрэгсэл, түүний стандарттай холбоотой харилцааг зохицуулсан гол хууль болох Автотээврийн тухай хуулийн 3.1.17, 17.4, 18.1 дэх хэсгүүдийг хэрэглээгүй.

Анхан шатны шүүх автомашин худалдах-худалдан авах гэрээний үнийн дүнг буруу тогтоосон. Нэхэмжлэгч нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 22-89 УБВ улсын дугаартай автомашиныг 73,000,000 төгрөгөөр худалдаж авсан гэдэг. Давж заалдах шатны шүүхэд бичгээр өгсөн тайлбартаа автомашины үнэ 71,000,000 төгрөг гэж, давж заалдах шатны шүүх хуралдаанд 68,000,000 төгрөг гэж 3 өөр үнэ хэлдэг. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх 71,000,000 төгрөгөөр гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн. Анх тус автомашиныг Э.Энхболд нь 67,320,000 төгрөгөөр Б.Нямдагва гэх хүнд худалдахаар тохирсон байдаг. Харин Б.Нямдагва нь тухайн автомашин дээр 680,000 төгрөгийн ашиг нэмж нийт 68,000,000 төгрөгөөр цааш нь Б.Төгөлдөрт худалдсан. Ингээд Б.Нямдагавын дансанд 68,000,000 төгрөг шилжиж орсон байдаг. Б.Нямдагва нь өөрийн дансанд орж ирсэн 68,000,000 төгрөгөөс өөрийн ашгийг авч, үлдэгдэл 67,320,000 төгрөгийг Э.Энхболдод шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл би Б.Нямдагвад автомашиныг 67,320,000 төгрөгөөр зарсан. Б.Нямдагва нь машиныг Б.Төгөлдөрт 68,000,000 төгрөгөөр зарж, мөнгийг хүлээн авсан байхад намайг Б.Төгөлдөрт автомашиныг 71,000,000 төгрөгөөр зарсан гэж шүүх дүгнэсэн нь ойлгомжгүй. Мөн Б.Төгөлдөр нь тус автомашиныг цааш нь 55,000,000 төгрөгөөр Г.Баяррагчаад зарсан байдаг. Гэтэл шүүх Б.Нямдагвын олсон ашиг, Б.Төгөлдөрийн автомашины наймааны алдагдлыг надаас гаргуулсанд гомдолтой байна.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Анхан шатны шүүх Австралийн санхүүгийн аюулгүй байдлын удирдах газрын хувийн өмчийн аюулгүй байдлын бүртгэлийн серийн дугаар хайлтын гэрчилгээ гэх цаасан баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгожээ. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон баримт нь бичмэл баримт биш, тус баримтыг нэхэмжлэгч Б.Төгөлдөр интернэтээс шууд хэвлэж авсан гэж нэхэмжлэл дээрээ бичсэн байдаг. Б.Төгөлдөрийн интернэтээс татаж авсан баримтын эх сурвалж тодорхойгүйгээс гадна Б.Төгөлдөр нь тухайн баримтыг санаатайгаар худал орчуулж шүүхэд гаргаж өгсөн. Анхан шатны шүүх хариуцагч Э.Энхболдын гаргаж өгсөн баримт, Автотээврийн үндэсний төвийн 2019.12.09-ний өдрийн албан бичиг, тээврийн хэрэгсэлд Монгол Улсын стандартыг хангасан тухай 2019.01.11, 2019.05.03-ны өдрүүдийн тэмдэглэгээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Автотээврийн үндэсний төвөөс ирүүлсэн Тээврийн хэрэгслийн техникийн хяналтьн дүгнэлтийн хуудас зэрэг олон чухал баримтыг үнэлээгүй атлаа нэхэмжлэгч Б.Төгөлдөрийн интэрнэтээс хэвлэж гаргаж өгсөн баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Анхан шатны шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд шүүхийн шийдвэрийг гардуулаагүй. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2020/0087 дугаартай шийдвэрийг гуравдагч этгээд Г.Баяррагчаад гардуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Анхан болон давж заалдах шатны шүүх дараах маш чухал нотлох баримтыг үнэлж дүгнээгүй, мөн Б.Төгөлдөр нь 6 сарын хугацаанд эдэлж хэрэглэсэн автомашинаа 55,000,000 төгрөгөөр үнэлж, бусдад зарсаны зөрүүг Э.Энхболдоос гаргуулсан. 2019.01.11-нд автомашиныг худалдаж авсаныхаа дараа 2019.06.26-ны өдөр буюу автомашиныг худалдаж авсан өдрөөс хойш 6 сарын дараа нэхэмжлэгч Б.Төгөлдөр нь Э.Энхболд руу залгаж, мессеж бичиж, банкны зээл хэцүүдээд байна, буцаагаад заръя, та бэлэн 55,000,000 төгрөгөөр буцаагаад авчих, банкинд 43,000,000 төгрөг үлдсэн байгаа гэсэн байдаг. Анхан шатны шүүх дээрх Б.Төгөлдөр болон Э.Энхболд нарын гар утасны мессежид үзлэг хийж дээрх баримт нотлох баримтаар хэрэгт авагдсан байдаг боловч шүүх энэ баримтыг мөн адил үнэлээгүй. Э.Энхболд машиныг авах боломжгүй гэсэн тул Б.Төгөлдөр нь тухайн автомашиныг Г.Баяррагчаа гэх өөр хүнд 2019.06.27-ны өдөр 55,000,000 төгрөгөөр худалдаж, Г.Баяррагчаагаас 55,000,000 төгрөг авсан байдаг. Б.Төгөлдөр нь худалдан авсан машинаа 6 сарын дараа гуравдагч этгээд Г.Баяррагчаад худалдсан үйлдлийг Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасан гомдлын шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэх ямар ч үндэслэлгүй юм.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын үндэслэл болох баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, илтэд эргэлзээтэй байна. Анхан шатны шүүх Австралийн санхүүгийн аюулгүй байдлын удирдах газрын хувийн өмчийн аюулгүй байдлын бүртгэлийн серийн дугаар хайлтын гэрчилгээ гэх цаасан баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон. Тус баримтыг эх сурвалж тодорхойгүй бөгөөд цахим байдлаар байгаа баримтын эх сурвалжийг тодруулж, үзлэг хийгээгүй. Мөн тус баримтыг 2019.07.03-ны Канбераагийн мэдээллийн баазад байгаа мэдээлэлд үндэслэсэн болно гэжээ. Гэтэл дээрх автомашин нь 2018.11 сард Монгол Улсад орж ирсэн. Монгол Улсад 2018.11 дүгээр сард орж ирсэн автомашиныг хэзээ хэрхэн 2019.07.03-ны өдөр ямар мэдээлэлд үндэслэн гэрчилгээ гаргасан нь ойлгомжгүй. Түүний зэрэгцээ нэмэмжлэгч тухайн баримтыг илтэд зөрүүлж худлаа орчуулсан, он, сарын хувьд илэрхий эргэлзээтэй байхад шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн үнэлж чадаагүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ: 

Б.Төгөлдөр нь Э.Энхболдод холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсанаас гэрээний үнийн үлдэгдэл төлбөр болон гэрээнээс учирсан хохиролд нийт 23,556,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч мэтгэлцжээ. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 21,056,000 төгрөгийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх 16,000,000 төгрөг болгон өөрчлөлт оруулжээ.  

Хяналтын шатны шүүхэд хариуцагч Э.Энхболд, түүний өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ нарын хамтран гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

1. Б.Төгөлдөр нь Э.Энхболдоос 2019.01.10-ны өдөр Тоёото клүгер маркийн 2289 УБВ улсын дугаартай автомашиныг 71,000,000 төгрөгөөр худалдан авсан нь зохигчийн гаргасан тайлбар, Авто тээврийн үндэсний төвийн 2019.09.30-ны өдрийн Тээврийн хэрэгслийн лавлагаа, Хас банкны дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдсон байна. 

Автомашин худалдах-худалдан авах гэрээг талууд амаар байгуулсан нь хууль зөрчөөгүй, гэрээ хүчин төгөлдөр байна.  

Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ. 

2. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэж заажээ. 

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар, Австралийн Засгийн газар, Австралийн санхүүгийн аюулгүй байдлын удирдах газрын Хувийн өмчийн аюулгүй байдлын бүртгэлийн Серийн дугаарын хайлтын 2019.07.03-ны өдрийн гэрчилгээ, харилцан бичсэн зурвас зэрэг баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, Э.Энхболд Б.Төгөлдөрт худалдсан автомашин биет байдлын хувьд доголдолтой хөрөнгө байсан гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна. 

Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй гэсний дагуу нэхэмжлэгч гэрээг цуцлах, түүнээс үүсэх хохирлыг шаардах эрхтэй.  

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Б.Төгөлдөр гуравдагч этгээд Г.Баяррагчаад маргааны зүйл болж буй автомашиныг дамжуулан 55,000,000 төгрөгөөр худалдсан, Г.Баяррагчаа уг автомашиныг биет байдлын доголдолтой байсан гэсэн үндэслэлээр худалдагч Э.Энхболдод хүлээлгэн өгсөн, Э.Энхболд автомашины үнэ 55,000,000 түүнд буцаан өгсөн үйл баримт тогтоогджээ. Энэ талаар хэн аль нь маргаагүй.

Дээрх үйл баримтаас дүгнэвэл Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д заасан үндэслэл, журмын дагуу гэрээнээс татгалзах тухай саналаа Б.Төгөлдөр Э.Энхболдод мэдэгдсэн байх бөгөөд хариуцагч автомашины үнэ 55,000,000 төгрөгийг гуравдагч этгээдэд буцаан өгч, өөрийн нэр дээр шилжүүлэн авснаар гэрээнээс татгалзсан нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авснаа тодорхой үйлдлээр илэрхийлсэн байна.  

Шүүх хариуцагчаас автомашины үнийн үлдэгдэл төлбөр 16,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан шаардлага, агуулгатай нийцсэн гэж үзнэ.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. 

Нэхэмжлэгчийн гаргасан Австралийн Засгийн газар, Австралийн санхүүгийн аюулгүй байдлын удирдах газрын Хувийн өмчийн аюулгүй байдлын бүртгэлийн Серийн дугаарын хайлтын гэрчилгээг хариуцагч баримтаар үгүйсгээгүй, шүүхээс хариуцагчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, хүлээх үүргийг танилцуулсан байхад Серийн дугаарын хайлтын гэрчилгээний эх сурвалжид үзлэг хийх хүсэлт гаргасан тухай баримт хэрэгт авагдаагүй байна.  

4. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан 5,556,000 төгрөгийн хохирол арилгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу үүнд эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй болно. 

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой заасан байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Э.Энхболд, түүний өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ нарын хамтран гаргасан гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 513 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Э.Энхболд, түүний өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ нарын хамтран гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

  

                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              П.ЗОЛЗАЯА 

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН              Г.АЛТАНЧИМЭГ

                                                         ШҮҮГЧИД              Г.БАНЗРАГЧ 

                                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                                        Х.ЭРДЭНЭСУВД