| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 105/2019/0891/Э |
| Дугаар | 2019/ДШМ/1246 |
| Огноо | 2019-12-17 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | С.Оюунжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2019/ДШМ/1246
С.Бт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Д.Мягмаржав, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Оюунжаргал,
шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1601 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Бийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1903002210183 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Халбин овгийн Сүхбаатарын Б, 1986 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бүжигчин мэргэжилтэй, Хилийн цэргийн 029 дүгээр ангийн хөгжимчин ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дорноговь аймгийн Эрдэнэ сум, 5 дугаар баг, Улаан-Уул, Ухаа чулуу 1 дүгээр гудамж, 5 дугаар байрны 5 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, 47 дугаар гудамжны 1021 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:СФ86040501/;
С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 2.67 хувийн согтолттой үедээ Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Очир-Ундрах” дэлгүүрийн баруун замд 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдөр 14 цаг 53 минутын орчимд Ш.Батжаргалын эзэмшлийн “Тоёота Приус” загварын 39-72 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ...согтууруулах ундаа, ... хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Уыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: С.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Халбин овгийн Сүхбаатарын Бийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч С.Бт тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаатай хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч С.Бт оногдуулсан 1 жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №746280 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих байгууллагад шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг сидийг хэрэг хадгалах хугацаа дуустал нь хэрэгт хавсаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Бээс нийт 5.300.000 төгрөгийг гаргуулж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Баатархайрханы 2 хэсэг 144 тоотод оршин суух Батсүхийн Сайнжаргалд олгож, насанд хүрээгүй хохирогч С.Уын хууль ёсны төлөөлөгч Б.Сайнжаргал нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлаа иргэний журмаар жич С.Бээс нэхэмжлэх эрхтэй болохыг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч С.Б гаргасан давж заалдах гомдолдоо “...Би хийсэн гэмт хэрэгтээ маш ихээр гэмшиж байна. Хохирогчид учруулсан хохирлын төлбөрийг бүрэн барагдуулсан. Би 2018 оны 10 дугаар сард Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт 2 жилийн хугацаанд эмчлүүлэн байнгын хяналтад байсан. Эмчлүүлэх хугацаанд биеийн байдал улам дордож, энэ оны 12 дугаар сард цус алдахаас сэргийлж, улаан хоолойн судас боолгох мэс ажилбарт орох төлөвлөгөөнд багтсан. Энэ хагалгааг хийлгэсний дараа Хавдар судлалын үндэсний төв эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах төлөвлөгөөт хагалгаанд орохоор батлагдсан байгаа тул миний биеийн байдлыг харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн ял өгөхийг эрхэм шүүгч та бүхнээс хичээнгүйлэн, чин сэтгэлээсээ гуйж байна. ...” гэжээ.
Шүүгдэгч С.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...” гэв.
Шүүгдэгч С.Бийн өмгөөлөгч У.Сайнбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.Бийн хувьд хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж харамсдаг. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан ба энэ талаарх баримтыг авчирсан байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс нэхэмжилсэн хохирлоо бүрэн авсан. Одоо С.Бт гомдолгүй, түүнд оноосон хорих ялыг хөнгөрүүлж тэнсэж өгөөч гэсэн санал хүсэлтийг ирүүлсэн байгаа. Тэрээр шүүх хуралдаанд биечлэн оролцоно гэсэн боловч ирж амжаагүй байна. С.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон ба уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан болгоомжгүй үйлдэгддэг гэмт хэрэг юм. Шүүгдэгч нь өнөөг хүртэл хохирогчид учирсан хохирлын төлбөрийг төлж ирсэн ба анхан шатны шүүх хуралдаан хүртэл нэхэмжилсэн хохирлын ихэнхийг төлж барагдуулсан. Сүүлийн шүүх хуралдаанаас өмнө 3.300.000 төгрөгийг төлсөн боловч шүүх хуралдаанд нотлох баримтаа авч ирээгүйгээс болж нотолж чадаагүй. Энэ бүгдээс дүгнэхэд, хохирогчийн хохирсон асуудлыг цаг тухай бүрт нь шийдэж, түүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, эмчилгээ хийлгэх нөхцөл боломжоор хангаж, хохирлыг тодорхой хэмжээнд барагдуулж байсан болно. Энэ нь шүүгдэгч С.Бийн хийсэн үйлдэлдээ гэмшиж, үйлдсэн гэмт хэрэгтээ дүгнэлт хийсэн нөхцөл байдлыг илэрхийлж байна гэж үзэж байна. Түүнчлэн, шүүгдэгч С.Бийн эрүүл мэндийн хувьд B, D вирусийн шалтгаантай элэгний хатуурал, улаан хоолойн ходоодны судасны үрэвсэл, дэлүүний томролын 3 дугаар зэрэгтэй гэсэн өвчний оноштой байгаа. Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт судас боолгох хагалгаанд орох ёстой байсан боловч шүүх хурлын дараа орохоор болж хойшлуулсан. Цаашид ийм байх нь эрсдэлтэй бөгөөд элэг солиулах хагалгаанд орох шаардлагатай. Одоо биеийн байдал нь хүндэвтэр байгаа. Биеэр нь тууралт гарч, хавагналт өгсөн байдалтай, байнгын эмчилгээ хийлгэх шаардлагатай байх тул эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэв.
Прокурор С.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Учир нь, С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ явган хүний замаар явж байсан явган зорчигчийг араас нь очиж мөргөсөн. Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 2.67 хувийн согтолттой үедээ Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Очир-Ундрах” дэлгүүрийн баруун замд 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдөр 14 цаг 53 минутын орчимд Ш.Батжаргалын эзэмшлийн “Тоёота Приус” загварын 39-72 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ...согтууруулах ундаа, ... хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Уыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь:
насанд хүрээгүй хохирогч С.Уын “...2019 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 14 цагийн орчим ... явган хүний замаар алхаж байсан. ...Гэнэт араас нэг машин замын хажуу руу орж ирээд миний араас мөргөсөн. Би араасаа шууд газар унасан. ...Миний хоёр хөлний араас л мөргөсөн. ...Миний хамар, хамрын доод яс хугарсан. Үүдэн нэг шүд хугарч, нэг шүд унасан. Миний нуруу өвдөж байна. ...” /хх 20/,
насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сайнжаргалын “...2019 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 14 цагийн орчим ... ослын газар ... очиход охины минь амнаас цус гарчихсан суугаад байж байсан. Мөргөсөн жолооч нь нэг эмэгтэй утсаар яриад согтуу байдалтай байсан. Тэгээд охиноо ... эмнэлэгт үзүүлэхэд хамарных нь баруун яс хугарч, хамар мурийсан, нүүрний хоншоорын яс хугарсан байсан. ...” /хх 17-18/,
гэрч А.Батмөнхийн “...Осол гарах үеэр С.Б хөдөөнөөс биеэ үзүүлэхээр ирээд, манайд түр байсан юм. Харин миний зүгээс согтуу жолоодож явахыг нь зөвшөөрсөн зүйлгүй. Эрүүлдээ бол унаад л явдаг. ...” /хх 36-37/,
иргэний хариуцагч Ш.Батжаргалын “...Ах Батмөнхийн найз С.Б уг нь машиныг унаж яваад зам тээврийн осол гаргасан гэдгийг ах Батмөнхөөс сүүлд сонссон. ...39-72 УНГ улсын дугаартай “Тоёота Приус” загварын тээврийн хэрэгслийг С.Бт унах эрх олгоогүй. ...Би иргэн С.Уад учирсан хохирлыг хариуцахгүй. ...” /хх 71-72/,
шүүгдэгч С.Бийн яллагдагчаар өгсөн “...Найз Батмөнхийн гэрт ... 0.5 литрийн хэмжээтэй 2 лааз пиво уусан. ... Батмөнхийн дүүгийнх нь эзэмшлийн 39-72 УНГ улсын дугаартай “Тоёота Приус” загварын тээврийн хэрэгслийг жолоодон урдаас хойш чиглэлтэй 40 км цагийн хурдтай явж байгаад замын хажууд ... зогсож байсан эмэгтэй хүүхдийг машиныхаа жолооч талын урд буферээр ... зүүн гуя орчмыг мөргөөд унагасан. ...Машинаа зогсоогоод нөгөө охин дээр очиход охины амнаас цус гоожиж байхаар нь босгож дэлгүүрээс салфетка авч цусыг нь арчсан. ....” гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3097 дугаартай “...С.Уын биед дээд эрүүний түүшин сэртэн ба хамар ясны хугарал, зүүн дээд 1 дүгээр шүдний булгарал, баруун дээд 1 дүгээр шүдний талласан хугарал, буйланд цус хуралт, хамарт цус хуралт, зулгаралт, дээд уруул, баруун ташаа, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” /хх 45/ гэх дүгнэлт,
Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 145 дугаартай “Тоёота Приус” загварын 39-72 УНГ улсын дугаартай хэрэгслийг жолоодож явсан С.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ... согтууруулах ундаа, ... хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Явган зорчигч С.Уа нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна” /хх 46-47/ гэх магадлагаа,
жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “...Сүхбаатарын Бийг драйгер багаж ашиглан шалгахад 2.67 хувийн тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо. ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 15/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх 3/, ослын хэмжилтийн бүдүүвч /хх 4/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /5-6/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-10/, сиди бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 69/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч С.Бийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч С.Бийн тус үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч С.Бийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаатай хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч С.Бт оногдуулсан 1 жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Бээс нийт 5.300.000 төгрөгийг гаргуулж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сайнжаргалд олгож, энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.
Шүүгдэгч С.Б “...Би хийсэн гэмт хэрэгтээ маш ихээр гэмшиж байна. Хохирогчид учруулсан хохирлын төлбөрийг бүрэн барагдуулсан. Би 2018 оны 10 дугаар сард Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт 2 жилийн хугацаанд эмчлүүлэн байнгын хяналтад байсан. Эмчлүүлэх хугацаанд биеийн байдал улам дордож, энэ оны 12 дугаар сард цус алдахаас сэргийлж, улаан хоолойн судас боолгох мэс ажилбарт орох төлөвлөгөөнд багтсан. Энэ хагалгааг хийлгэсний дараа Хавдар судлалын үндэсний төв
эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах төлөвлөгөөт хагалгаанд орохоор батлагдсан байгаа тул миний биеийн байдлыг харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн ял өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Шүүгдэгч С.Бийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заасан “...тэнсэж, үүрэг хүлээлгэх...” асуудлыг ямар гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хэрхэн хэрэглэх талаар тусгайлан зохицуулсан.
Шүүгдэгч С.Бийн бусдад учруулсан гэм хорыг арилгасан, хохирол нөхөн төлсөнг болон насанд хүрээгүй хохирогч С.Уын хууль ёсны төлөөлөгч Б.Сайнжаргалын “...С.Бт гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй тул түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэн тэнсэж өгнө үү. ...” гэсэн хүсэлт зэргийг харгалзан анхан шатны шүүхээс С.Бт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус түүнд хүлээлгэхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1601 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч С.Бт тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаатай хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар С.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус С.Бт хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. ...” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.
3. С.Б нь 57 /тавин долоо/ хоног цагдан хоригдсон, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад заасан 5.300.000 төгрөгийг насанд хүрээгүй хохирогч С.Уын хууль ёсны төлөөлөгч Б.Сайнжаргалд төлсөн болохыг тус тус дурдсугай.
4. Шүүгдэгч С.Бийг нэн даруй суллаж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ